12 сар 19, 2024

Сангийн сайд хуулийн төсөл өргөн барилаа…

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сард батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд оршиж байгаа юм. Нэмэлт өөрчлөлтөөр 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэр авч ашиглах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд:

1. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; 

2. КОВИД-19 цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Энэхүү хөтөлбөрөөр 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн 2 хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөлийг хэрэгжүүлэх аж.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь байх аж. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

Translate