11 сар 17, 2024

Оюу Толгойн асуудлаар мэдээлэл сонсов…

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Түр хорооны хуралдаанаар Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов. Засгийн газрын мэдээллийг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд хэрэгжүүлэх ажлын хувьд, Ажлын хэсгээс санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах. Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулах, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулах. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулж, зөвлөхүүд санал, дүгнэлт гаргах, яриа хэлэлцээнд зөвлөгөө өгөх ажил багтсан.

Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна. Маргааны хувьд, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Оюу толгой ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд Оюу толгой ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн Оюу толгой ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар Түр хорооны хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврууд хийгдсэн болохыг сайшааж, зарим зүйлд тодруулга авав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркын тал шалгаж байгаа. Мөн Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв. Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Түр хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.