Дэлхийн банк, Валютын сангийн уулзалт боллоо…
ОУВС, Дэлхийн банк гишүүн орнуудынхаа нөхцөл байдал болон дэлхийн эдийн засаг, тулгамдсан асуудлуудын талаар жил бүр хоёр удаа өргөн хүрээний төлөөлөгчид оролцсон уулзалт хийдэг билээ. ОУВС, Дэлхийн Банкны 2021 оны хаврын уулзалт энэ сарын 5-11-ны өдрүүдэд болж, цахимаар зохион байгуулагдлаа. Сангийн сайд Б.Жавхлан ОУВС, Дэлхийн банкан дахь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх гол төлөөлөгчийн хувиар оролцлоо. Хаврын уулзалтын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн дэд захирал ноён Мицүхиро Фүрүсава, Дэлхийн банкны Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква, Дэлхийн банкны группт Монгол Улсыг төлөөлөх үүрэг бүхий захирал ноён Нэйжэл Рэй, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жиоф Готлиб болон ажлын хэсгийн бусад гишүүдтэй цахимаар уулзаж ярилцсан юм. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого болох Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын Засгийн газар иргэдээ Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамруулахаар ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ ажлын байр хамгаалахад анхаарч байгааг дурдав. Мөн Олон улсын байгууллагуудаас гишүүн орнуудын вакцинжуулалтад зориулан олгож буй санхүүгийн дэмжлэгийн зарим шаардлагаа эргэн харах, илүү уян хатан болгох нь ялангуяа хөгжиж буй орнуудад ихээхэн дэмжлэг болохыг Сангийн сайд Б.Жавхлан хүслээ. ОУВС, Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үр дүнтэй шуурхай байгааг дурдаж, шаардлагатай үед хөл хорио тогтоож, иргэдээ шинжилгээнд хамруулж, вакцинжуулалт бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй хурдтай байгааг сайшаасан байна. Түүнчлэн ирэх жилүүдэд хамтран ажиллах түншлэлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.