12 сар 27, 2024

Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө…

Улаанбаатар хотыг 650-750 мянган хүн амтай байхаар тооцоолж, цахилгаан дулааны хангамжийг түүнд нь тааруулж хуучин нийгмийн үед барьж байгуулсан. Тэгвэл 1990 он гарсаар орон нутгаас хотод шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, нийслэлийн хүн ам сая хол давсан билээ. Энэ нь цахилгаан дулаан хүрэлцэхгүйд хүргэж байгаа шалтгааны нэг. Харин нөгөөх асуудал нь байж болох бүхий л газарт шинэ орон сууц сүндэрлэж иргэдийн хэрэглэдэг цахилгаан дулаанаас хумслах болсонтой холбоотой. Улаанбаатар хотын иргэдийн дулаан, цахилгааны хэрэглээ жилд 3-7 хувиар өсдөг. Жил ирэх тусам эрчим хүч, дулааны хэрэглээ өсч байсантай холбоотойгоор 2, 3, 4 цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Эрдэнэтийн цахилгаан станц ачааллаа дийлэхгүйд хүрч байлаа. Энэ маягаар явбал дээрх цахилгаан станцууд 2013 он хүртэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой ч, дулааны хэрэглээг хангаж дийлэхгүйд хүрнэ гэсэн судалгаа гарч байсан юм. Тиймээс эрчим хүч, дулааны нэмэлт эх үүсвэр буюу 5-р цахилгаан станцыг барьж байгуулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс олон жилийн өмнөөс анхааруулсаар ирсэн. Энэ талаар тэр үеийн Эрчим хүчний яамны газрын дарга Чимиддорж: Ер нь бол цахилгаан болон дулааны хэрэглээ их эрчимтэй өсч байгаа. Хэрэглээний өсөлтийн хувь хуучин 3,5 хувь байсан бол, одоо бол 5 орчим хувь байна. Улаанбаатарын тухайд 6 хувийн хэрэглээний өсөлт байх жишээтэй. Хэрэглээ өсч байгаатай холбоотойгоор суурь эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй болох ийм хандлага байгаа. Тиймээс Улаанбаатар хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болчихсон ийм байдалтай байгаа. 2010-2011 онд шинэ цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас 5-р цахилгаан станцыг барьж байгуулах нээлттэй тендерийг Түлш, эрчим хүчний яам зарласан байгаа. Одоо бол дөнгөж тендерээ зарлачихаад сонирхогч компаниуд тендерийн материал бүрдүүлээд байж байгаа. 5-р цахилгаан станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барих ёстой. Тийм учраас бид ирээдүйд, ойрын хэдэн жил шаардагдаж байгаа тэр хэмжээ, тийм хүчин чадлыг сонгох шаардлагатай байгаа юм. 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих шаардлагатай юм байна гэсэн үндсэн чиглэл байгаа. 2008 оны арванхоёрдугаар сарын 1-нд тендерийн материал сонирхогч компаниудаас хүлээн авах хугацаа дуусна. Тэгээд тендер шалгаруулалт эхэлнэ хэмээн 2008 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр ярилцлага өгч байсан юм.

Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангадаг гурван цахилгаан станц ид хүйтний улиралд буюу 12, 1, 2-р саруудад бүрэн хүчин чадлаараа ажиллаж иржээ. Харин бусад үед сул зогсолт хийх нь элбэг байсан аж. Тухайлбал, II-р цахилгаан станц 5-9 сар хүртэл бүрэн зогсдог. Харин дулааны III-р цахилгаан станцын тус бүр нь 25 мегаваттын эрчим хүч гаргах хүчин чадалтай найман трубогенератороос 5-9 дүгээр саруудад ердөө хоёр нь ажиллаж иржээ. Тиймээс эдгээрийг бүрэн ачааллаар нь ажиллуулвал ойрын хэдэн жилдээ цахилгаан, дулаанаар нийслэл дутахгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байсан юм. Харин холбогдох албаныхан дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд хотын баруун дүүрэгт байрлалтай учраас хотын зүүн хэсэгт сүлжээний усны даралт болон эрчим хүч хүрэлцэхгүй байдал гардаг. Тиймээс хотын зүүн хэсгийг цахилгаан, дулаанаар хангаж чадахгүйд хүрэх талаар анхааруулж байсан удаатай. Тиймээс хот төлөвлөлтөд нийслэлийн зүүн хэсэгт дулааны станц барихаар тусгаж өгчээ. Тухайлбал, Хужирбулан, Улиастай, Хонхор, Налайхыг эрчим хүчээр хангахуйц 300 мегаватын хүчин чадал бүхий станц барихаар төлөвлөсөн юм. Цахилгаан станцыг барьж байгуулах техник, эдийн засгийн судалгааны ажлыг БНСУ-ын Ханшин ДНП групп манай мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн байдаг. Тухайн үед цахилгаан станц барьж байгуулах компанийг сонгон шалгаруулах дутуу байлаа. Цахилгаан станцыг гадаадынхан барих байх гэсэн хариултыг Эрчим хүчний яамныхан өгч байсан удаатай. Энэ нь манай улсад цахилгаан станц барьж байгуулах хөрөнгө бүхий томоохон компани байхгүйтэй холбоотой. Цахилгаан станц барихад ойролцоогоор 4-5 жилийн хугацаа шаардагддаг гэх судалгаа бий. Гэхдээ манайхан гаднын туршлагатай компаниар хоёр жилийн хугацаанд 300 сая ам.доллараар бариулахаар төлөвлөж байсан юм. Нэг килловат цахилгаан үйлдвэрлэх бодит зардал 1000 америк доллар байдаг. Үүгээр тооцвол 300 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц барихад 300 сая ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарч байсан юм. Гэхдээ орчин үеийн экологийн тэнцвэрт байдлыг хангаж чадахуйц станц барихад үүнээс хоёр дахин илүү хөрөнгө, мөнгө шаардлагатай. Мэдээж хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод ингэх бололцоо хомс байсан нь мэдээж. Утаанаасаа салж ядаж байгаа Улаанбаатар хот дахиад нүүрсээр галладаг дулааны станц барих нь ойлгомжтой байсан гэсэн үг. Ингэхдээ ямар ордын нүүрсийг түшиглэж уг станцыг барих вэ гэдэг анхаарал татсан асуудлын нэг байлаа. 

Үүнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн Дулааны цахилгаан станцын тэнхимийн эрхлэгч Батмөнх: Дулааны цахилгаан станц бол манай эрчим хүчний гол үүсвэр. Манайх нүүрсээр баялаг. Нүүрсэнд тулгуурлаж эрчим хүчээ гаргаж авч байгаа. Тиймээс дулааны цахилгаан станцыг барьж байгуулах асуудал бол ямар орд газрын нүүрс түлэх үү. Түүндээ тааруулсан урьдчилсан сайн тооцоотой тохирох станц барьж байгуулах ёстой. Түрүү түрүүчийн станцуудыг Шарын голын нүүрс түлэхээр тооцоолж барьсан хэмээн ярьж байсан юм. 2009 онд цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлвэл, 2011 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байлаа. Хэдийгээр Эрчим хүчний яамныхан хоёр жилийн дотор цахилгаан станцтай болно гэж төлөвлөж байсан ч, 2010 оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар энэ ажил эхлээгүй байсан юм. Хожим бүр Эрчим хүчний яамны газрын дарга Цэрэнпүрэв: Эрчим хүч, дулааны нэмэлт эх үүсвэр болох V цахилгаан станцыг III цахилгаан станцын суурин дээр барих төлөвтэй байгаа. Өмнө нь тавдугаар цахилгаан станцыг Улиастайн аманд барихаар төлөвлөж байсан талаар 2011 оны гуравдугаар сарын 30-ны өдөр цухас дурдсан нь нэгийг бодогдуулах биз ээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм. Харин хожим дулааны V станцыг Амгаланд барихаар эргэлт буцалтгүй шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцыг барьж байгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацитай Амгалан дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж байгуулах концессын гэрээг 2013 оны дөрөвдүгээр сард үзэглэжээ. Улмаар барилга угсралтын ажил 2013 оны наймдугаар сарын 21-ний өдөр албан ёсоор эхэлсэн байна. Удалгүй 2015 оны есдүгээр сарын 27-ны өдрийн Эрчим хүчний яамны ажлын хэсгийн хурлын шийдвэрээр зуухны туршилт тохируулгыг хийж, анхны галлагааг эхлүүлсэн гэдэг. Харин 2016 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр станцын нээлт болж үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн юм. Ингэж л манай улсад дулааны тав дахь эх үүсвэр бий болсон түүхтэй. Үүнийг Амгалангийн дулааны станц гэдгээр нь андахгүй. Засгийн газрын 2015 оны 371 тоот тогтоолоор Амгалан дулааны станц ХХК-ийг Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэж байсан юм.

Тэгвэл уг станцын өргөтгөлийн 85 хувийн санхүүжилтийг Хөгжлийн банк олгохоор шийдвэрлээд багагүй хугацааг ардаа орхиж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалан дулааны станцыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт 2022.06.16-ны өдөр болсон байдаг. Тус цахилгаан станцын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 66,6 тэрбум төгрөг бөгөөд төслийн санхүүжилтийн 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгох юм. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул: Энэ төслийн санхүүжилтийн эх үүсвэр бэлэн, эхний ээлжид гүүрэн санхүүжилт хийж, энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Манай банк Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих хүрээнд улс орны амин чухал асуудалтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрт оролцоно гэсэн чиг шугам баримталж байна. Ингэхдээ банкны эх үүсвэртэй уялдуулж, санхүүгийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ гэсэн тайлбар тухайн үед өгч байлаа. Дээрх төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны 10 дугаар сард бүрэн барьж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр 1.1 сая гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 12000 айл өрх төвлөрсөн дулааны системд нэмэгдэж холбогдох, 7 сургууль, 7 цэцэрлэг дулаанд холбогдох боломж бүрдэх, 40+ жижиг халаалтын зуухыг зогсоох, барилга угсралтын ажлын хүрээнд 200 ажлын байр, байнгын ажлын байр 20 бий болохын зэрэгцээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах юм байна.