12 сар 19, 2024

Шинэ жил гэр бүлийн баяр…

Дэлхийн ихэнх улс оронд шинэ жил гэр бүлийн баярт тооцогддог байна. Тухайлбал, болгарчууд шинэ оныг заавал гэр бүлийнхэнтэйгээ угтах ёстой гэж үздэг. Шинэ он гарахын өмнө гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн сүлд модныхоо дэргэд дуулж, хөгжимдөж, гэр бүлийнхээ гишүүдийг баярлуулдаг уламжлалтай. Түүнийг дуулж, хөгжимдөж дууссаны дараа өвөө, эмээ нь шинэ оны бэлгээ задалдаг. Тэгвэл болгарчууд он солигдох мөчид дотны хүнээ үнсэж шинэ оныг угтдаг нь гэр бүлийн гишүүдэд хамгийн хүндтэй бэлэг болдог байна. Үүний дараа гэрийн эзэгтэй баярын бялуугаа хуваана. Сонирхолтой нь баярын бялуунд зоосон мөнгө, сарнайн дэлбээ хийдэг ажээ. Баярын бялуунд зоосон мөнгө таарвал баяжина, харин сарнайн дэлбээ таарвал ганц бие хүмүүс ирж байгаа шинэ ондоо хайр дурлалтайгаа учирна гэж бэлгэшээдэг байна.

Германчууд шинэ оныг мөн л гэр бүлийн баяр гэж үздэг. Шинэ оноор гэр бүлийн гишүүд бүгдээрээ баярын ширээний ард цугласан байх ёстой. Шинэ оны өмнө бэлэг солилцох ёслол гэр бүлийн гишүүдийн дунд болдог бөгөөд үүнийг германчууд бешерунг гэж нэрлэдэг гэнэ. Германчууд болон Австраличууд шинэ жилээр шаазан болон шилэн эдлэл бэлэглэдэг байх юм. Энэ нь шинэ ондоо бүх зүйл цэвэр тунгалаг байхын бэлгэдэл болдог байна. Италичууд хуучин оноо үдэхдээ цонхоороо бүхий л хуучин эд зүйлсээ шиддэг уламжлалтай байж. Шинэ оноор бүх зүйл шинэ байх ёстой гэж үздэг учраас, хуучин эд зүйлсээ хаяж гэрийн тавилга эд хогшлоо шинэчилдэг байх юм. Дэлхийн ихэнх улс орны бяцхан үрс өвлийн өвгөн ирж бэлэг өгөхийг хүлээдэг бол, итали хүүхдүүд цасан охин ирж бэлэг өгөхийг хүлээдэг байна. Энэ цасан охиноо Ла Бефана гэж нэрлэдэг байх юм.

Энэтхэгчүүд шинэ оноор өөрсдийгөө цэцгээр, тэр дундаа улаан, цагаан өнгийн сарнайгаар гоёдог байна. Тус улсын хүүхдүүд нүдээ нээлгүйгээр сүлд модныхоо дэргэд очиж бэлгээ задалдаг бол, япончууд шинэ оны өмнө баярын захидал илгээдэг байна. Хамгийн сонирхолтой нь баярын захидал ямарваа нэг амьтны зурагтай байх ёстой. Гэхдээ тухайн айл гэрийн амьдралтай салшгүй холбоотой амьтан байх ёстой гэнэ. Үүний сацуу япончууд бие биедээ тоглоом, бэлэг дурсгалын зүйлс ихээр бэлэглэдэг байна. Япончуудын хувьд шинэ жилийг угтсан хамгийн гоёмсог чимэглэл бол кадомацу юм. Кадомацуг нарс модоор хийдэг бөгөөд хулс, сүрэл, салаа мөчир, жүржээр чимэглэж, хаалганы дэргэд байрлуулдаг байна.

Францчууд шинэ жилээр бусад ард түмний адил бэлэг өгөх өвөрмөц онцлогтой. Эмэгтэй хүнд зөвхөн эр нөхөр нь үнэртэй ус бэлэглэж болдог байна. Гэр бүлтэй эмэгтэйд нөхрөөс нь өөр хүн үнэртэй ус бэлэглэхийг францчууд цээрлэдэг байх юм. Тэгвэл шотландчууд шинэ оны үдэш найзууддаа бялуу, вино бэлэглэдэг байна. Энэ нь ирэх ондоо идээ ундаагаар элбэг, дэлбэг байхын бэлгэддэг байна. Сонирхолтой нь Шотланд, Эстони, Австралид шинэ оноор гудамжинд яндан хөөлөгчтэй тааралдвал аз жаргал ирэхийн дохио гэж үздэг байна. Нүүрс дулаан байхын бэлгэдэл учраас тэр юм. Харин шведүүд гэрэл гэгээ найз нөхдийн бат бөхийн баталгаа гэж үздэг учраас лаа бэлэглэдэг байна.

Испаничуудын хувьд шинэ жил олон нийтийн баярт тооцогддог байна. Шинэ оноор испаничууд, тэр дундаа хайртай хосууд төв талбайдаа зассан гацуур мод руу яаран гүйлддэг. Олон мянган хүн цугласан гацуур модны дэргэд шинэ он гарахын өмнө испаничууд усан үзэм идэх дуртай. Харин гэртээ шинэ оноо тэмдэглэж байгаа айлууд баярын ширээгээ усан үзмээр чимэглэдэг байх юм. Испаничуудын хувьд усан үзэм шинэ оны нэгээхэн хэсэг бөгөөд хүсэл нь биелнэ гэж бэлгэшээдэг байх юм. Хамгийн өвөрмөц бэлгийг гренландчууд бие биедээ өгдөг байх юм. Цасны хүн гэгддэг эскимочууд бие биедээ засвар чимэглэл хийгээгүй цагаан баавгайн хэлбэр дүрстэй мөс өгдөг байна. Гренланд мөнхийн хүйтэн байдаг цас мөсний орон билээ. Тиймээс хайлах аюулгүй тул мөсөн баавгай эскимочуудад мөнхийн бэлэг болж чаддаг байна.

Translate