12 сар 19, 2024

Засгийн газрын хуралдаан

ЗБүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх нэмэлт цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Гэхдээ цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхүүдэд энэ заалт хамаарахгүй. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.  

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс өгнө

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.  Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байна. Гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж Улсын онцгой комисс үзжээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байна.

2021 оноос цэцэрлэгүүд дэргэдээ ясли ажиллуулна

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал /1,8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлэх/ ажиллаж байна.  

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа

Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Товч мэдээ

–       2020 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар хот хоорондын нийтийн тээврээр 50,258, хувийн автомашинаар 16,703, нисэх онгоцоор 1012, нийт 67,973 хүн Улаанбаатар хотоос гарсан байна. Энэ нь шинжилгээ өгсөн иргэдийн 57,7 хувь юм. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон нутгаас 9,640 хүн Улаанбаатар хотод иржээ.

–       Цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав. Жагсаалтад мах, улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, хүнсний будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, савласан ус, ариун цэврийн цаас, хүүхдийн сүүн тэжээл, живх, гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис, шүдний оо, шүдэнз, бүх төрлийн зай, цэнэглэгч, мал, амьтны тэжээл, өвс зэрэг 27 төрлийн бараа, бүтээгдэхүүн багтжээ. 

–        “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив. Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт эмчилгээ, лаборатори, шүд, эрүү, нүүр, ерөнхий мэс засал, гэмтэл, бичил мэс заслын багаж, тоног төхөөрөмж суурилуулна. Найман сая еврогийн хүүгүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 14 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм.

–       Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг баталлаа.

–       Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов. Сургууль нь уран зураг, зураасан зураг, уран баримал, хувцас дизайн, фото арт гэсэн үндсэн таван хөтөлбөрийн хүрээнд 14 мэргэжлээр сургалт явуулж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Translate