ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
УИХ-аар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт өнгөрсөн сарын 13-ны өдөр баталж, 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн ч, 25-ны өдөр хориг тавьсан юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Болдын Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй. Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг 20 хувь хэмнэнэ гэхээр улс, орон нутаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын гээд бүх төсвийг эхнээс нь хэлэлцэх, хөндөх шаардлага үүснэ. Үүнийг ондоо багтаж хэлэлцэх боломж байхгүй гэдгийг тодотгосон юм. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: өнөөдөр амаргүй нөхцөл байдал нүүрлэсэн учир дундын шийдэл гаргах нь зүйтэй. Төсвийн орлого тасарч, зарлага нэмэгдэхэд хуулийн дагуу төсвийн тодотгол хий гэдгийг УИХ Засгийн газраас шаардах болно. Энэ үед та бүхний гаргаж байгаа зөв зүйтэй саналыг тусгаж болно. Харин ганцхан сарын дотор дахин төсвийн төсөл боловсруулж, батлуулах боломжгүй, баталж чадахгүй бол төрийн үйлчилгээ бүхэлдээ тэг зогсолт хийх болно гэдгийг онцолсон юм. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Болдын Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.