12 сар 19, 2024

У.Хүрэлсүх: 138 мянган ажлын байр шинээр бий болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, үүрэг, чиглэл өглөө. Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг байна. Засгийн газар мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц бодлогын хүрээнд Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг үнэ төлбөргүй болгож, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Ажлын байрны олдоц, тэтгэлэг зэрэгтэй холбоотойгоор залуусын суралцах сонирхол эрс нэмэгдсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын байрны ажлын явц, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын цахимжуулалттай танилцлаа. Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж, салбарын сайд нь бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар танилцуулжээ. Тус нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсаны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эцэг, эхийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг мөн нэвтрүүлж эхэлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яамныханд хандаж уян хатан, шуурхай, ажил хэрэгч, санаачилгатай байж, нийтийн эрх ашгийг дээдлэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг захив.

Ирэх дөрвөн жилд зам тээвэр, төмөр зам, барилга, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд 138 мянган ажлын байр шинээр бий болох учир үүнд онцгой анхаарч ажиллахыг мөн чиглэл болголоо.

Translate