12 сар 19, 2024

CRIRSCO-д элсэв

Ашигт малтмалын нөөц тайлагнах олон улсын стандартын хороо болох “CRIRSCO”-д манай улс 2014 онд гишүүнээр элссэн. Тус байгууллагаас Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт /МГУУМИ/-ийг олон улсад үйл ажиллагаа явуулахыг тухайн үед хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тиймээс энэ институтийн Ашигт малтмалын нөөцийн хороо “CRIRSCO”-той хамтран Геологи хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэй тайлагнах – МНТ журмыг тухайн үед боловсруулж байлаа. Уг журмыг тус байгууллагын гишүүн орон болох Австрали, Канад, Өмнөд Африк, АНУ, Чили, ОХУ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс Уул уурхайн сайд 2014 оны аравдугаар сарын 14-ний өдөр 218 тоот тушаал гаргаж уг журмыг дагаж мөрдөхөөр болж байлаа. Энэ дагуу уг журмыг биржэд нэвтрүүлэхээр Монголын хөрөнгийн бирж, Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан удаатай. Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниудаас 40 орчим нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий.

Биржэд бүртгэлтэй эдгээр уул уурхайн компаниуд “CRIRSCO”-оор хүлээн зөвшөөрөгдсөн “МНТ журам”-ын дагуу ордынхоо нөөцийг тайлагнах бололцоо энэ үед бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөцийн үнэлгээний үндэсний стандартыг Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниуд нэвтрүүлэх бололцоо тухайн үед тавигдсан гэж ойлгож болно. Ингэхдээ Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтээр нөөцийн ангилал, стандартаа гаргуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ёстой гэлцдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон компани дэлхийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгосон байдаг. Тухайлбал, Turquoise Hill Resources, Mongolian Mining Corporation, Petro Matad Limited зэрэг 50 гаруй компани “CRISCO”-оор хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөцийн үнэлгээний стандартыг дагуу Австрали, Англи, Америк, Лондон, Хонг-Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргаж, санхүүжилт босгосон байдаг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй уул уурхайн компаниуд тэдний нэгэн адил хөрөнгө босгохын тулд “МНТ журам”-ын дагуу нөөцөө тайлагнавал, гадаадын биржүүдэд хүлээн зөвшөөрөгдөж давхар бүртгэлээр санхүүжилт босгох боломжтой гэж үзэж байсан юм.

Translate