12 сар 20, 2024

Экспортыг дэмжих зөвлөл хуралдав

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж “Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр ярилцлаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Манай улсын малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсон ч, мах экспортлогч орон болж чадахгүй байгаа юм. Ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэгдүүлэх цаашлаад АСЕАН, Ойрхи Дорнодын орнууд руу экспортлоход өндөр ач холбогдол өгч ажиллах нь чухал байна. Монгол махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн нэрээр дэлхийд гаргах, экспортыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлого “нэг цонхны” зарчмаар уялдаа зохицуулалттай ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Жижиг ашиг сонирхолд хөтлөгдсөн үйлдэл, үйл ажиллагаа экспортын чадамж нөөцтэй бараа бүтээгдэхүүний нэр хүнд, эдийн засагт өгөх үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав. Хуралдаанд махны экспортын асуудлаар ХХААХҮЯ, МХЕГ, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тулгамдсан асуудлыг хэлэлцээд шийдвэрлэх цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллахаар тогтжээ. Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийг Ерөнхий сайдын захирамжаар 2019 онд байгуулсан. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд ажиллаж байгаа юм.

Монгол-Сингапурын бизнес вебинар

Мөн энэ өдөр ГХЯ-нд “Монгол-Сингапурын бизнес вебинар” боллоо. Энэ арга хэмжээг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад cуугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран зохион байгууллаа. Энэ үеэр Монгол, Сингапурын 100 гаруй аж ахуйн нэгж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийлээ. Энэ үеэр Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар Үндэсний хөгжлийн газар, ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв илтгэл тавив. Сингапур Улстай уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нягт манай улс хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2019 оны байдлаар 177 орчим сая америк доллар, хөрөнгө оруулалт 156 орчим сая америк долларт хүрсэн байна.

Translate