12 сар 21, 2024

Э.Эрдэнэсан: Гадаад худалдаа ашигтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн есдүгээр сарын судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсантай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. 

– Гадаад худалдаа өнгөрсөн оны эхний есөн сард 1.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны мөн үед 684 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд юу голлон нөлөөлөв?

– Манай улс энэ оны эхний есөн сард 142 оронтой 6.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Үүний 3.5 тэрбум ам.доллар нь экспорт бол 2.9 тэрбум ам.доллар нь импорт гэсэн судалгаа гарлаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буурсан бол импорт 29 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гадаад худалдааны тэнцэл 684 сая ам.долларын ашигтай гарахад нөлөөллөө.

– Импортын бууралт экспортынхоос давсан учраас гадаад худалдаа ашигтай гарсан гэж тайлбарлаж байна. Импорт болон экспорт юунаас шалтгаалж буурав?

– Монголд үйлдвэрлэдэггүй машин тоног төхөөрөмж, эрдэс бүтээгдэхүүний импорт багассан нь нийт импорт 29 хувиар буурахад нөлөөллөө. Ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн болох бензин, дизелийн түлшний импорт буурч байгаа нь голлон нөлөөлж байна. Харин нөгөө талд төмрийн хүдэр болон нүүрсний экспорт буурч байгаа нь нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буурахад нөлөөллөө.

Манай улсын экспортын дийлэнх буюу 90 орчим хувийн уул уурхайн түүхий эд эзэлдэг. Энэ дотор алт, зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ болон үнийн дүн ямар байгаа вэ?

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг аваад үзвэл эхний гурван улиралд 7.6 тонн алт, 1.1 сая тонн зэсийн баяжмал, 3.4 сая тонн төмрийн хүдэр, 10 сая тонн нүүрс, 5.9 сая баррель газрын тос экспортолсон үзүүлэлттэй байна. Алт, зэс, газрын тосны экспорт өссөн бол төмрийн хүдэр, нүүрсний экспорт буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт өссөн ч, гадаад зах зээлд үнэ нь буурсан гэдгийг анхаарах хэрэгтэй.

– Гадаад худалдаа 684 сая ам.долларын ашигтай гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь долларын ханшид ямар өөрчлөлт үзүүлж байна?

– Гадаад худалдаа 684 сая ам.долларын ашигтай гарна гэдэг бол долларын ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэвч төв банкнаас гаргадаг төлбөрийн тэнцлээс харахад манай улс руу орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн саруудад суларсан. Төгрөгийн бусад валюттай харьцах ханш суларч байгаа. Зөвхөн төгрөгийн рубльтэй харьцах ханш чангарч байгаа үзүүлэлттэй байна.

– Долларын ханш өсөх нь гадаад валютын хадгаламжид мөн нөлөөллөө үзүүлдэг. Хадгаламжийн тухайд өсч байна уу. Үүн дотор долларын хадгаламжид ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

– Өнгөрсөн оны есдүгээр сард арилжааны банкуудын хадгаламж 7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Үүний 5.2 их наяд нь төгрөгийнх, 1.8 их наядтай тэнцэх нь валютын хадгаламж байсан. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар хадгаламж 7.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 5.2 их наяд нь төгрөгийнх бол 2.1 их наяд нь валютынх юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хадгаламж нийт дүнгээрээ өссөн. Үүн дотор төгрөгийн хадгаламж хэвэндээ байгаа бол валютынх өссөн үзүүлэлттэй байна.