12 сар 21, 2024

Инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэхийг шаардлаа…

Энэ оны хоёрдугаар улиралд иргэд 854 мянган төгрөгийн дундаж цалин авдаг гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Иргэдийн дундаж цалинг үйл ажиллагаа явуулж байгаа нийт 35 мянган аж ахуйн нэгжээс судалгаа авч боловсруулжээ. 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын цалин 1,1 сая төгрөг байгаа бол, 1-9 хүнтэй байгууллагын цалин дунджаар 575 мянган төгрөг байгаа юм. Салбараар нь авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхайн салбарынхан авч байгаа бол, зочид буудал зоогийн газрын ажилчид хамгийн бага цалинг авдаг гэх судалгаа гарчээ. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цалин, тэтгэвэр нэмэхийг шаардаж жагслаа. Тэд Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа учраас тайван жагсаал хийж байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэдийн орлого нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Тухайлбал, өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсч, 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55,8 хувиар, 2 өрөө байрны төлбөр 56,4 хувиар, 3 өрөө байрны зардал 86,1 хувиар тус тус нэмэгдсэн. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн гэх судалгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэлж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажилчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмж худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм.

Өмнө нь гол төлөв эмч, багш нар жагсч төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаарддаг байсан. Тэгвэл энэ удаад МҮЭХ-ны бүх шатныхан оролцсон байна. Нийт 11 мянга орчим хүн жагсаалд оролцохоор бүртгүүлсэн ч, хараахан энэ тоонд хүрсэнгүй. Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн МҮЭХ-ныхон Засгийн газраас үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой түвшинд байлгах, гадаад зах зээлийн үнийн хямдралтай уялдуулан дотоодод бензин, түлш, шатахууны үнийг бууруулах, ажлын байр шинээр бий болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээл эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Тэд цалинг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах ёстой гэж УИХ-д мэдэгдэл, Засгийн газарт шаардлага ийнхүү хүргүүллээ.

Мэдэгдэлд:

1.  Эдийн засгийн хямралын нөхцөлд үйлдвэрлэлийг дэмжих замаар  ажлын байрыг хадгалах, хамгаалах, нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх ажил үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлах, дотоодын зах зээл дээрх бензин шатахууны үнийг дэлхийн үнэ ханштай уялдуулан бууруулж, үнийг тогтвортой байлгах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, хяналт тавьж ажиллах; 

2. Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн зохих хөшүүргүүдээр дэмжиж үйлдвэрлэлийг тогтворжуулж нийт эрэлтийг сэргээх бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн уналт, ажилгүйдэл, иргэдийн орлогын хомсдолыг арилгах бодлого чиглэлээр Засгийн газрыг хангаж ажиллах;

3. 2015 оны төсөвт тодотгол хийх, 2016 оны улсын төсвийг батлахдаа нэн тэргүүнд төрийн үрэлгэн зардлыг бууруулах бодлого баримталж, чөлөөлөгдсөн боломжит эх үүсвэрийг нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлыг нэмэгдүүлэх, дутуу олгогдсон санхүүжилтийг бүрэн тусгах;

4. Монгол банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хариуцлага тооцох;

5. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

6. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлууд туссан ба мэдэгдлийн хариуг 2015 оны 10 сарын 15-ны дотор авна гэжээ.

Шаардлагад:

1. Эдийн засгийн хямралыг нийгэмд хохирол багатай даван туулах асуудлаар нийгмийн зөвшлийн талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах; 

2. Иргэдийн цалин орлого, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, сэргээх арга хэмжээг яаралтай авах, үүний тулд гурван талт хэлэлцээрийн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тухай 3.2 дахь заалт, хэлэлцээрийн 3.4 дэх заалтын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан төрийн албан хаагчдын цалинг 5 дугаар сарын 01-ээс үе шаттай ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг 2015 оны аравдугаар сарын 01-ний дотор тус тус хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх заалтыг хэрэгжүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлэх;

4. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх болон үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх;

5. Иргэд хэрэглэгчдийн зарлагыг бууруулах үүднээс дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах арга хэмжээг авах;

6. 2016 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах бодлогын асуудалд онцгойлон анхаарч төрийн үрэлгэн зардлыг бууруулан улмаар чөлөөлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрийг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд тусгах чиглэл баримтлах, эдгээр асуудлаар гурван талт нэмэлт хэлэлцээр байгуулах;

7. Засгийн газарт өөрчлөлт орох бүрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зөрчиж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь үндэслэлгүй халж сольж төрийн байгууллагуудын залгамж, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдлыг таслан зогсоох асуудлыг тус тус шаарджээ.