12 сар 26, 2024

Ажилгүйдэл 6.4 хувь боллоо…

Манай улс хүн амаа эдийн засгийн идэвхитэй, идэвхигүй гэж хоёр ангилдаг. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар 2014 оны гуравдугаар улиралд эдийн засгийн идэвхгүй хүн ам өнгөрсөн жилийнхээс 20 мянгаар буурч, 700 мянгад хүрчээ. Тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь эрэгтэйчүүд юм. Нийт эдийн засгийн идэвхигүй хүн амын 32 хувь нь суралцагч, 30 хувь нь ахмад настан, 10 хувь нь хүүхэд асардаг, 8 хувь гэрийн ажилтай, 8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн судалгаа гараад байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн ам 1 сая 226 мянгаар хэмжигдэж байна. Тэдний 52 хувь нь эрэгтэйчүүд бол, 48 хувь нь эмэгтэйчүүд юм. Бүс нутгаар нь авч үзвэл, 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм. Нийт эдийн засгийн идэвхтэй хүн амаас тайлант хугацаанд 1 сая 148 мянга нь ажилтай байгаа гэсэн судалгаа гарсан бол, үлдэх 78 мянга нь ажилгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл 6.4 хувьтай гарсан нь өнгөрсөн улирлынхаас 2 пунктээр буурсан үзүүлэлт боллоо. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн 48 мянган иргэн байгаагаас 34 мянга нь эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх ажилгүй иргэд байгаа юм. Бусад нь ажлаа сайжруулахаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан хүмүүс гэж Үндэсний статистикийн хорооныхон тайлбарлалаа. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн нийт ажилгүй иргэдийн 40 хувийг бүрэн дунд боловсролтой, 47 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна. Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд улсын хэмжээнд 80 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажилласан байдаг. Гэсэн ч тайлант онд ердөө 16 мянган иргэн ажлын байртай болж, цаана нь 261 мянган иргэн ажилгүй хэвээр байна гэсэн судалгаа гарч байсан юм.