12 сар 21, 2024

Б.Мөнхдөл: Оюутолгой хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн луужин нь юм

Энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоосоо 61 хувиар буюу 844 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлвэл, энэ салбарт жилдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт байсан юм. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тиймээс хөрөнгө оруулалтыг даллах эцсийн найдлага оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх явдал гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс оюутолгойтой холбоотой зарим асуудлаар Ковер Монголиа Б.Мөнхдөлтэй 2014.09.26-ны өдөр ярилцсан юм.

-Оюутолгой төсөл хөрөнгө оруулагчдын хувьд зүг чиг заадаг луужин гэж ярих боллоо. Ер нь оюутолгойн төсөл хэр ахицтай байгаа, хөрөнгө оруулагчид манайд хэр итгэж байгааг тус ордын 66 хувийг эзэмшдэг Туркойз хилл компанийн хувьцааны ханш харуулдаг шүү дээ?
– Манай засгийн газар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд хөрөнгө оруулагч талтай байгуулсан. Энэ гэрээг өөрчилнө гэсэн асуудлууд их гардаг. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн маргаан одоо болтол эцэслээгүй байна. Энэ байдал биднийг гадаад зах зээлд муухайгаар харагдуулаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихаад эргэж буцдаг юм байна гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Тиймээс л гадаад хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн луужин нь яах аргагүй оюутолгой төсөл болчихоод байгаа юм. Оюутолгой төсөл ахицтай байх тусам хөрөнгө оруулагчид манайд итгэнэ. Ахицгүй байх тусам хөрөнгө оруулагчдын итгэл алдраад байгаа тал сүүлийн хэдэн жил харагдлаа. Дээр нь монголд хийгдсэн, цаашид хийгдэх хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөл бол Оюутолгой. Эрдэнэтийг хэд дахин давсан өгөөж манай эдийн засагт үзүүлнэ.

– Туркойз хилл компанийн хувьцааны ханш сүүлийн үед ямар байна?
– Манай татварын байгууллагаас оюутолгой компанид 130 орчим сая ам.долларын татварын акт тавьсныг оюутолгой компани хүлээн зөвшөөрөөгүй учраас гомдол гаргаж байсныг бүгд мэдэж байгаа байх. Татварын маргаан таслах зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд есдүгээр сарын 10-нд шийдвэрээ гаргасан юм билээ. Харин тэр орой оюутолгойн татварын маргаан бүрэн шийдэгдсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархсан шүү дээ. Энэ мэдээлэл гарсан даруй оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг Туркойз хилл компанийн хувьцааны ханш өссөн. Есдүгээр сарын 11-нд тус компанийн хувьцааны эрэлт 11 сая ширхэгт хүрч, ханш хэдэн өдөр дараалан өсөхөд түлхэц үзүүлсэн гэж хэлж болно. Ер нь тус компанийн хувьцааны ханш дөрөв хоногийн дотор 20 орчим хувиар өссөн л дөө. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр эргэн унах хандлага ажиглагдаж байна.

– Шалтгааныг нь юу гэж харж байна?
– Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа есдүгээр сарын 15-нд нээгдэхэд тус компанийн хувьцаа 4,11 ам.долларт хүрсэн. Гэвч энэ өдөр Туркойз хилл компаниас татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг Оюутолгой компани авлаа. Энэ шийдвэрийг орчуулна, нягтална гэж мэдэгдсэн нь хувьцааны ханш эргэн унахад нөлөөлсөн гэж ойлгосон. Туркойз хилл компанийн хувьцааны дундаж арилжаа өдөрт 3,1 сая ширхэг байдаг судалгаа бий. Гэтэл тэр өдөр хувьцааны нийлүүлэлт 13 сая ширхэгт хүрсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулагчид илүү өөдрөг зүйл хүлээж байсан ч, хүссэн мэдээлэл нь гараагүй учраас их хэмжээний хувьцаа зарагдсан гэсэн үг. Ойлгомжгүй байдал үргэлжилж байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжилж хүлээлтийн байдалд орсон гэсэн үг л дээ.

– Туркойз хилл компани маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар дахин шинэ мэдээлэл энэ долоо хоногт гаргасан. Энэ нь ханшид хэрхэн нөлөөлөв?
– Тийм. Өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 22-нд татварын акттай холбоотой асуудлаар дахин шинэ мэдээ гаргасан. Ингэхдээ, татварын актыг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тус компани татварын актын хэмжээ буурсныг баталгаажуулсан ч, татварын албанаас дахин тодруулах зүйл бий гэж мэдэгдсэн байгаа. Үүний араас залгуулаад оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Оюутолгой компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн тухайгаа зарласан. Оюутолгойн компанийн ТУЗ ирэх сарын 2-нд хуралдаж ТЭЗҮ-г хэлэлцэх тов гаргасан байна. Оюутолгой компанийн удирдлагууд ТЭЗҮ-г батлаад, үүнийг ТУЗ-аар хэлэлцээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд нэлээд хугацаа орж магадгүй гэж хөрөнгө оруулагчид харж байна. Энэ мэт тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.

– Далд уурхайд санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагын баталгаа дуусахаас өмнө ТЭЗҮ-г батлаж амжихгүй нь тодорхой байна. Банкууд баталгааны хугацаагаа дахин сунгах болов уу?
-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.доллар зээлэх баталгаа есдүгээр сарын 30-нд дуусна. Үүнээс өмнө ТЭЗҮ-гээ батлаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхгүй бол банкууд зээл өгөхгүй юм шиг ойлгож болохгүй. Банкуудын хувьд зээлийн баталгааны хугацааг дахин сунгах боломжтой гэж ойлгож байгаа. Гэхдээ бид тайван суугаад байж болохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх тусам манай эдийн засагт хөрөнгө оруулалт орж, тэр хэрээр ажлын байр бий болно. Сүүлийн хоёр жил гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын  урсгал монголоос гадагшилсан таагүй үзүүлэлттэй байлаа. Тиймээс ч Монголын талаас есдүгээр сарын 30-ны дотор амжуулах гэж яарч байгаа байх. Харин төслийг удирдаж байгаа Рио Тинтогийн хувьд яарахгүй байх шиг санагддаг.

– Яагаад тэр вэ?
– Оюутолгой 94 жил үргэлжлэх том төсөл гэж далд уурхайн ТЭЗҮ-д тусгасан байсан. Тэгэхээр энэ хугацаанд оюутолгой төсөл тасралтгүй үргэлжлэх нь Рио Тинтогийн хувьд чухал. УИХ-ын сонгууль хоёр жилйин дараа эхлэх гэж байна. Дараа дараагийн засгийн газрын үед оюутолгой төслийг зогсоочих эрсдэл гарч магадгүй. Энэ эрсдэлээс Рио Тинто болгоомжилж байж магадгүй юм. Тиймээс оюутолгой төслийн бүтээн байгуулалт хагас жил, нэг жил хойшлох Рио Тинтогийн хувьд бас асуудал биш. Оюутолгой төслийг 94 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад Рио Тинто гол анхаарлаа хандуулах байх. Ер нь Рио Тинто компани өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд нэлээд хэдэн зогссон байсан төслүүдээ хаялаа. Хамгийн сүүлийн жишээ бол, Мозанбек улсад 1 тэрбум ам.доллараар худалдаж авсан нүүрсний ордоо 93 сая ам.доллараар худалдлаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эцэст нь аргаа бараад зарж эрсдэлээс болгоомжилж байх шиг байна. Засгийн газрын бодлого, шийдвэрийн  залгамж халаа байдаг бол ийм болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөхгүй шүү дээ.

-Өмнө нь тус компани татварын маргааныг шийдвэрлэх хүртэл ТЭЗҮ-гээ батлахгүй гэж байсан. Гэтэл саяхан 30 сая ам.долларын татварын актыг дахин нягтална гэж мэдэгдчихээд, араас нь ТЭЗҮ-гээ танилцууллаа. Эндээс оюутолгойн хувь нийлүүлэгчид ойлголцоход ойрхон байх шиг?
– Туркойз хилл компанийн зүгээс татварын маргаан шийдэж байж ТЭЗҮ-гээ батална. Харин манай талаас ТЭЗҮ-гээ баталчихаад төслийн санхүүжилтээ ярина гэсэн байр сууринаас хандаж байсан. Гэтэл саяхан татварын албатай дахин ажиллах асуудал байгаа гэж мэдэгдсэн ч Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд техник эдийн засгийн үндэслэлээ өргөн барьсан нь нааштайгаар шийдэгдэж байгаагийн дохио өгч байна. Ер нь хэсэг ойлголцож чадахгүй байсан оюутолгойн хувь нийлүүлэгчид бие биерүүгээ ойртож, хэн хэндээ буулт хийж байна. Ойлголцолд хүрэхэд ойрхож байна гэж харж байна. Би түрүүн хэлсэн. ТЭЗҮ-г Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага батлаад, ТУЗ нь хуралдаад зөвшөөрвөл, дараа нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөн барих асуудал одоо үлдэж байна.

– Далд уурхайг ашиглалтанд оруулснаар оюутолгой төсөл 94 жил үргэлжилнэ гэж ойлгосон?
– Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хоёр хувилбараар гаргасан байсан. Одоо байгаа бүтээн байгуулалтын ажил дээрээ үндэслээд ил уурхай болон далд уурхайн нэгдүгээр босоо амыг барьчихсан байгаа. Тэнд байгаа бололцоогоороо гэсэн олборлолтын нэг хувилбар гаргасан байсан. Нөгөө хувилбарын тухайд ордынхоо хэмжээнд ашиглах техник эдийн засгийн үндэслэл гаргасан. Эхнийх нь 41 жилийн хугацаанд олборлолт хийх хувилбар. Нөгөөх нь 94 жилийн хугацаанд олборлолт хийх тооцоолол юм. Энэ хоёрын үнэлгээ нь хоорондоо мэдээж өөр. Ер нь одоогийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтын  ажилд 500 сая ам.доллар зарцуулаад байгаа юм билээ. Үүн дээр нэмээд 4,9 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан байсан.

– Өнгөрсөн жил гаргасан техникийн тайлантай харьцуулахад зардал бага зэрэг өсчээ?
-Тийм. Тус компани өнгөрсөн жилийн гуравдугаар сард оюутолгойн  техникийн тайланг гаргаж байсан. Энэ тайланд далд уурхайд 5,1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тусгасан байсан. Тэгвэл саяхан олон нийтэд танилцуулсан, хараахан батлагдаагүй байгаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй байгаа ТЭЗҮ-д далд уурхайд нийтдээ 5,4 тэрбум ам.доллар зарцуулна гэж тусгасан байсан. Өнгөрсөн жилийн техникийн тайланд тусгасантай харьцуулахад далд уурхайн зардал 300 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт далд уурхайд шаардагдах 5,4 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар нь өнгөрсөн хугацаанд зарцуулагдсан. Нэмж 4,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаа юм. Туркойз хилл компани энэ хэмжээний санхүүжилтийг босгох шаардлага үүсч байна гэсэн үг л дээ.

-Оюутолгойн ордод өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайланг шинэчилсэн. Үүнийг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Ашигт малтмалын газар бүртгэж авах байх. Магадгүй нөөц нэмэгдэхээр зардал дагаад өсөх үү?
-Өнгөрсөн жилтэй  харьцуулахад нөхцөл байдал өөр болсон байх л даа. Гэхдээ техникийн тайлан бүрэн ТЭЗҮ биш байсан учраас, тэрнээс илүү зардал нэмэгдсэн байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Тоотой зууралдах хэрэггүй. Бага зэрэг нэмэгдсэн нь байх асуудал. Туркойз хилл компани төсөөлөлтэй ерөнхийдөө ойролцоо тоо гарлаа гэж мэдэгдэлдээ дурдсан байсан. Нөөц нэмэгдэнэ гэдэг чинь нэмж олборлох шаардлагатай учраас зардалд өөрчлөлт орсон байх. Үүнээс гадна, оюутолгойн мөнгөн дүнгээр тавьсан үнэлгээг бодит байдалд нийцүүлж бага зэрэг бууруулсан байсан.