12 сар 23, 2024

Б.Лхагвасүрэн: Төвбанкнаас Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн

Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг УИХ 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцах, хадгаламж эзэмшигчдийг төрөөс хохиролгүй болгож ирсэн. Тухайлбал, Анод банк татан буугдахад төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргасан бол, Зоосыг хүндрэхэд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, дээрх хоёр банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байлаа. Цаашид ийм байдлаар явах бололцоогүй учир Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр дуусмагц, араас нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг гаргасан. Шинэ хуулийн онцлог нь арилжааны банкууд Хадгаламжийн даатгалын санд улирал тутам хураамж төлж, иргэд аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийг өөрийн хөрөнгөөр даатгахад оршиж байгаа. Энэ болон бусад асуудлаар Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнтэй ярилцсан юм.

– Хадгаламжийн даатгалын сангийн эхлэлтийн хөрөнгө 100 тэрбум төгрөгийг Сангийн яам болон Төвбанк гаргах ёстой. Энэ хоёр байгууллагын нэг нь мөнгөө дутуу байршуулсан гэж сонссон?
–  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. Мөн өдөр энэ хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас гаргасан юм. Энэ тогтоолд, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн тал хувийг нь Засгийн газар, үлдэх хэсгийг нь Монголбанк гаргаж, Хадгаламжийн даатгалын корпорацийн дансанд төвлөрүүлнэ гэж тусгаж өгсөн. Манай даатгалын корпораци өнгөрсөн оны зургаадугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ цагаас холбогдох байгууллагууд манай данс руу сангийн эхлэлтийн хөрөнгийг шилжүүлж эхэлсэн. Монголбанк өнгөрсөн оны долоодугаар сард 50 тэрбум төгрөг манай руу шилжүүлсэн бол, Сангийн яам өнгөрсөн оны сүүлчээр 35 тэрбум төгрөг манай дансанд байршуулсан. Сангийн яам үлдэх 15 тэрбум төгрөгөө энэ жил манай дансанд хийх байх. Үүнийг 2014 оны төсөвт суулгачихсан учраас, энэ жилдээ багтаад манай руу ороод ирэх байх гэж найдаж байна.

– Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийг улирал тутам өөрийн хөрөнгөөр даатгахаар хуульчилсан. Банкууд улиралд хэдэн хувийн хураамж, шимтгэл даатгалын санд төвлөрүүлж байгаа вэ?
– Арилжааны банкууд өөрийнхөө харилцах болон хадгаламжийн үлдэгдлээс жилд дээд тал нь 0,5 хувийн шимтгэл төлөхөөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд тусгасан. Үүнийг арилжааны банкууд дөрвөн улиралд хуваан төлөх ёстой юм. Үүгээр тооцвол, арилжааны банкууд улиралд 0,125 хувийн хураамж төлнө гэсэн үг л дээ.  Энэ бол хуулиар зааж өгсөн хураамжийн дээд хязгаар. Хураамжийн хэмжээ үүн дотор хэдэн ч хувь байж болно гэсэн үг л дээ. Хэдэн хувь байхыг манай Үндэсний хороо тогтоодог. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар системийн таваас дээш хувийг эзэлдэг  банкуудыг нөлөө бүхийд тооцдог. Системийн хэмжээнд нийт активын таваас дээш хувийг эзэлж байгаа банкуудад өнөөдөр Худалдаа хөгжил, Хаан, Хас, Голомт багтаж байна. Мөн Төрийн банк өнгөрсөн оны долоодугаар сард Хадгаламжтай нэгдэж нөлөө бүхий банкуудын тоонд багтсан. Манай Үндэсний хороо нөлөө бүхий банкуудаас авах хураамжийг хэмжээг жилийн 0,3 хувь байхаар тогтоосон. Харин бусад банкуудаас авах хураамжийн хэмжээг 0,4 хувь байхаар тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, нөлөө бүхий банкуудаас улиралд 0,075 хувь, бусад банкуудаас 0,1 хувийн хураамж авахаар тогтоож өгсөн. Энэ хураамжийн хувь хэмжээг өнгөрсөн оноос хойш мөрдөж байна.

-Монголбанк болон Сангийн яам эхлэлтийн хөрөнгө гэж 85 тэрбум төгрөг даатгалын санд байршуулсан байна. Арилжааны банкуудын жилийн 0,3-0,4 хувийн хураамжаас даатгалын санд одоогийн байдлаар хэдий хэмжээний хуримтлал үүсгэв?
– Өнгөрсөн оны эцэст арилжааны банкуудын харилцах болон хадгаламж ес гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Үндэсний хорооноос тогтоосон жилийн 0,3-0,4 хувийн хураамжаар тооцвол, арилжааны банкуудаас өнгөрсөн онд 17 тэрбум төгрөг даатгалын санд төвлөрүүлсэн байгаа. Үүн дээр төсөв болон төвбанкнаас эхлэлтийн хөрөнгө болгож өгсөн 85 тэрбум төгрөгөө нэмж тооцвол, манай даатгалын сангийн нөөц өнгөрсөн оны эцэст 102 тэрбум төгрөгт хүрсэн. Арилжааны банкуудаас энэ оны эхний улиралд авсан хураамжаа нэмж тооцвол, арай ахуй тоо гарна. Одоогоор нэгдүгээр улирлын дүн мэдээ хараахан нэгтгэгдээгүй байна. Үндэсний хорооноос өнгөрсөн жил тогтоосон 0,3-0,4 хувийн хураамжийн хувь хэмжээ одоогоор мөрдөж байгаа ч, цаашид эрсдэлд суурилсан хураамжийн хувь хэмжээг нэвтрүүлнэ. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд, эрсдэлд суурилсан хураамж авахаар тусгасан байдаг болохоор тэр юм. Одоогоор эрсдэлд суурилсан хураамжийн аргачлалыг боловсруулж  Сангийн сайд болон Төвбанкны ерөнхийлөгчөөр батлуулсан байгаа. Үүнийг нэвтрүүлбэл, эрсдэлтэй банк өндөр хураамж төлнө. Эрсдэлгүй нь бага хураамж төлөөд явах юм.

-Төвбанкны шийдвэрээр арилжааны ямарваа нэг банк татан буугдвал, хадгаламжийн даатгалын сангаас 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламжийг хохиролгүй болгохоор хуульчилсан. Нийт харилцах, хадгаламжийн хэдэн хувь нь даатгагдсан бэ?
-Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулсан үндсэн зорилго нь санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад оршиж байгаа. Банк татан буугдсан үед 20 хүртэлх сая төгрөгийн хохирлыг сангаас нөхөж олгох юм л даа. Энэ тоог бид зүгээр нэг санаанаасаа зохиогоогүй. Олон улсын туршлагаас судалж тооцож байж гаргаж ирсэн тоо. Дэлхий дээр манайхтай ижил төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллага их байдаг. Олон улсын хадгаламжийн даатгалын корпорацийн туршлагыг судлахад, нөхөн олгох хохирлын хэмжээ нийт хадгаламж эзэмшигчдийн 90 хувийг хамарсан байдаг. Мөн их хэмжээний мөнгө гаргахгүйн тулд, нийт хадгаламжийн 30-40 хувь байвал тохиромжтой гэж үздэг юм билээ. Манай улсын хувьд 20 хүртэлх сая төгрөгөө банкинд байршуулсан хүмүүс нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг эзэлдэг. Энэ нь нийт харилцах, хадгаламжийн дүнгийн 34 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс л, банк татан буугдсан үед 20 хүртэлх сая төгрөгийн хохирлыг даатгалын сангаас гаргаж өгөхөөр хуульчилсан байх.

– Ямарваа нэг банк татан буугдлаа гэхэд, жижиг хадгаламж эзэмшигчид 20 хүртэлх сая төгрөгийг хадгаламжийнхаа хохирлыг буцаагаад авчихна. Харин том хадгаламж эзэмшигчид эрсдэлд орж болзошгүй харагдаад байна?
-Хуульд зааснаар гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжийн бүх төрлийн хадгаламж, харилцахыг даатгалд хамруулж байгаа. Банк татан буугдлаа гэхэд хуулийн дагуу тэд мэдээж 20 хүртэл сая төгрөгийн хохирлоо хадгаламжийн даатгалын сангаас авах эрхтэй. Үүнээс дээш хадгаламжийнхаа хохирлыг авахгүй гэсэн үг биш л дээ. Тухайлбал, татан буугдсан банкинд 100 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэхэд, 20 хүртэлх сая төгрөгийн хохирлоо манайхаас авна. Үлдэх 80 сая төгрөгийн хохирлоо татан буугдсан банкны чанаргүй зээлийн барагдуулалтаас аваад явах юм. Банк татан буугдахад, төвбанкнаас эрх хүлээн авагч томилдог. Эрх хүлээн авагч хэдий хэмжээний хохирол барагдуулна. Тэр хэмжээгээр 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжийнхаа хохирлыг барагдуулах боломжтой гэж ойлгож болно. Нөгөө талаас том хадгаламж эзэмшигчид бусдыгаа бодвол, мэдээлэл сайтайгаас гадна эрсдэл удирдах чадвар нь өндөр байдаг. Тухайлбал, арилжааны банк сонгохдоо илүү найдвартайг нь сонгох жишээтэй. Тиймээс том хадгаламж эзэмшигчид хуулийн гадна үлдэж, илүү их эрсдэлд орох нь гэж айж тэвдэх зүйлгүй.

– Хадгаламж банк татан буугдахад, тус банкны харилцах болон хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Тэр ч утгаараа, даатгалын сангаас нэг ч төгрөгийн хохирлыг харилцагч, хадгаламж эзэмшигчдэд гаргаж өгөх шаардлага үүсээгүй. Гэхдээ Хадгаламжийг Төрийн банкинд нэгтгэх үед танай байгууллага 204 тэрбум төгрөгийн эрсдэлийг нуруун дээрээ үүрч гарсан гэж сонссон?
– Өнгөрсөн оны долоодугаар сард Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэн шүү дээ. Ингэхдээ Хадгаламж банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн. Харин чанаргүй зээл эрх хүлээн авагч дээр хоцорсон. Тухайн үед Хадгаламж банк 190 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй байсан бол, дүрмийн сан нь 80 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Актив пассивын энэ зөрүүг санхүүжүүлэх шаардлага тухайн үед гарсан. Нөгөө талаас Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхэд, өөрийн хөрөнгийн дутагдал үүссэн. Үүнийг бас нөхөх ёстой болсон. Тухайн үед манай байгууллага дөнгөж байгуулагдаад удаагүй, нөөц сангаа бүрдүүлж амжаагүй байсан учраас төвбанкнаас 204 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж, Төрийн банкинд хоёр зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, төвбанкнаас зээлсэн мөнгөнийхөө 119 тэрбумаар нь актив, пассивын зөрүүг санхүүжүүлсэн. Үлдэх 85 тэрбумыг нь өөрийн хөрөнгийн дутагдалд зориулж Төрийн банкны дүрмийн санд оруулсан юм.

– Хадгаламжийн даатгалын корпораци төвбанкнаас зээлсэн мөнгөө хэрхэн буцааж төлөх вэ?
– Төвбанкнаас авсан зээлээ хэрхэн төлөх вэ гэхээр, 85 тэрбум төгрөгөөс эхлэн  тайлбарлах нь зүйтэй байх. Төрийн банкийг хувьчлах үед энэ банкны дүрмийн санд оруулсан 85 тэрбум төгрөгөө манай корпораци буцаан авч, төвбанкинд өгөх бололцоотой. Төвбанкнаас зээлж актив, пассивын зөрүүд оруулсан 119 тэрбум төгрөгийг ч, мөн барагдуулах бололцоотой. Хадгаламж банкинд өнгөрсөн оны долоодугаар сарын 22-ны өдөр эрх хүлээн авагч томилогдсон байгаа. Эрх хүлээн авагч энэ өдрөөс хойш өнгөрсөн оны эцэс хүртэл тодорхой хэмжээний муу өр авлага барагдуулсан байсан. Үүнээсээ 2,6 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд манай данс руу шилжүүлсэн байгаа. Энэ жилийн хувьд 30-40 тэрбум төгрөгийн муу өр авлага барагдуулах боломжтой гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Хадгаламж банкны эрх хүлээн авагч найдваргүй 190 тэрбум төгрөгийн муу өр авлагыг барагдуулж, үүний 119 тэрбум төгрөгийг манай руу шилжүүлэх ёстой юм. Үүгээр бид төвбанкнаас авсан зээлээ барагдуулаад явна.

-Хадгаламж банкны муу өр авлагыг эрх хүлээн авагч барагдуулаад танайд шилжүүлнэ. Тэр мөнгөөрөө танайх Монголбанкнаас авсан зээлээ төлөөд явах юм байна гэж ойлголоо. Ер нь Хадгаламж банкны 190 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг барагдуулах бололцоо бий болов уу?
 -Хадгаламж банкны эрх хүлээн авагч дээр 190 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаагийн 60-70 тэрбум нь Олон овоот төсөлд олгосон зээл гэж ойлгож болно. Харин үлдэх зээл нь Жаст группийн бусад охин компаниудтай холбоотой. Тухайлбал, Мах маркет, Жаст ойл зэрэг компаниудаас авах авлага бий. Үйл ажиллагаа нь явж байгаа газруудад олгосон зээл учраас, өр авлага төлөгдчих болов уу гэсэн найдлага байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд махны үйлдвэрүүдийг худалдах зарууд тавигдаж байна. Дуудлага худалдаагаар энэ үйлдвэрүүдийг  худалдвал, үүнээс орж ирэх орлогоор манайх төвбанкнаас авсан зээлээ хаагаад явах юм.