12 сар 22, 2024

Соегенг Рахарджо: Эцсийн бүтээгдэхүүн экспортлох хууль 5 тэрбум ам.долларын алдагдал авчирсан

Нэрт эдийн засагч Голдман Сакс 2001 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн орны нэрний эхний үсгээр “BRIС” гэсэн товчлол гаргаж, хөгжиж буй дөрвөн орон гэж томъёолсон байдаг. Тэгвэл тэрбээр, 2011 онд хөгжиж буй зах зээлд Турк, Индонези, Мексик, Өмнөд Солонгос зэрэг орнуудыг багтааж, мөн л тухайн орнуудын нэрний эхний үсгүүдийг “TIMS” гэж товчилсон байдаг. 10 жилийн хугацаанд “TIMS-ын орнуудын хөгжил “BRIС”-тэй зэрэгцэж чадсан гэсэн үг л дээ. Эндээс Индонези чухам яаж хөгжиж буй орны жагсаалтад ийм хурдан багтав гэдэг асуулт гарна. Их-20 доторх хамгийн хурдан өсч байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засгийн араас Индонези гуравт бичигдэж чадсан. Тэр ч бүү хэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлөөрөө 2010 онд тэргүүлж, хамгийн өндөр өсөлттэй, гол тоглогчдын нэг болсон удаатай. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах оновчтой бодлого үргэлжлүүлэн явуулсаар байгаа нь “БРИК”-ийн орнуудтай хөгжлөөрөө зэрэгцэхэд хүргэжээ. “Их- 20”, “TIMS”, “АСЕАН”-ы онуудад багтаж чадсан энэ оронтой манай улс 1956 арванхоёрдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Цаашдаа тус улстай харилцаагаа бататгаж, худалдаагаа өргөжүүлж, энэ орны хөгжлөөс суралцах зүйл манайд их бий. Тиймээс Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Соегенг Рахарджод манай улсад ирэх үеэр ярилцсан юм.

– Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч өнгөрсөн онд манай улс руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурлаа. Индонези хөрөнгө оруулагчдыг татаж чаддаг хууль эрхзүйн орчинтой гэж үздэг юм билээ. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу?
– Манай улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, дүрэмдээ далайцтай нэг өөрчлөлт оруулсан юм. Энэ нь манай улс руу чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болсон гэж ойлгож болно. Ямар өөрчлөлт вэ гэхээр, гадаадын хөрөнгө оруулагчдыг үйлдвэрээ бариад, бүтээгдэхүүн гаргах хүртэл  бид татвараас чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид үйлдвэрээ барих хугацаанд манайд ямар ч татвар төлөхгүй. Үйлдвэрлэл явагдаад эхлэхээр татвар төлнө гэсэн үг л дээ. Ийм хөнгөлөлт, чөлөөлөлт бий болгосноор манай руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал огцом нэмэгдсэн гэж ойлгож болох талтай. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал хувь нь манай газрын тос, байгалийн хий, нүүрс гэсэн  уул уурхайн салбар руу чиглэж байхад, үлдэх хувь нь аж үйлдвэрийн салбар руу орж байна.

– Хэрэв танай улсад хөрөнгө оруулсан бол, давхар АСЕАН-ы орнуудад татварын хөнгөлөлт эдлэх бололцоотой болно гэсэн мэдээлэл байгаа?
– Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн АСЕАН-ын орнууд 2015 оноос нийтлэг нэг хуультай болох гэж байна. Тодруулбал, манай улсад хөрөнгө оруулалт хийгээд татвар төлөхгүй бол, АСЕАН-ын бусад зургаан оронд татвар төлөхгүй гэсэн нэгдсэн эрх зүйн орчинтой болж байгаа юм. Монголын нэг компани Индонезид хөрөнгө оруулалт хийвэл АСЕАН-ын бусад оронд ч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй болно гэсэн үг л дээ. Манай улс хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг буюу 240 сая хүнтэй. Үүнээс нийт ажиллах хүчний 11 хувь нь өнөөдөр ажилгүй байна. Энэ бол ердөө 10-12 сая хүний л асуудал. Энэ хүмүүсээ ажилтай, орлоготой болгохын тулд шинэ бодлого боловсруулаад, хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хүн бүр өөрөө өөрийгөө ажилтай, орлоготой болгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр манай улсын 45 сая хүн дундаж орлоготойд тооцогдож байгаа ч, 10 жилийн дараа энэ тоо гурав дахин өсч 135 саяд хүрнэ гэсэн судалгаа бий. Энэ бол хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах том зах зээл шүү дээ.

– “Индонези үйлдвэрлэгч, экспортлогч орон. Ер нь экспортоос жилд хэдий хэмжээний орлого олдог юм бол?
– Манай улс жилдээ экспортоос 200 тэрбум ам.долларын орлого олдог. Манай улсын экспорт жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашид экспортоо нэмэгдүүлэхийн тулд, барууны орнуудтай нилээн идэвхитэй ажиллаж байна. Ер нь энэ жилийн тухайд, экспортоос 210 тэрбум ам.доллараас доошгүй орлого олно гэж төлөвлөж байгаа. Үүний 70 хувийг аж үйлдвэрийн салбараас олохоор төлөвлөсөн. Үлдэх орлогыг уул уурхайн салбараас төвлөрүүлнэ.

– “Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, экспортын 80 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь, улсын төсвийн 23 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг. Тиймээс ч, дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унамагц манай эдийн засагт байнга савлагаа үүсдэг. Танайд ямар байдаг вэ?
– 1980-аад он хүртэл манай улсын эдийн засаг ч мөн уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай байлаа. Манайхан энэ үеэс аж үйлдвэрийн салбараа цогцоор нь хөгжүүлж, хөл дээр нь босгосон. Тиймээс одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бидний санааг зовоох гол асуудал биш болж хувирсан. Одоо манай улсын экспортын 70 орчим хувийг аж үйлдвэрийн салбарын экспорт дангаараа эзэлж байна. Тиймээс  бид дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүниий үнээс хамааралгүй болж чадсан гэсэн үг л дээ.

“Индонези улс өнгөрсөн жил 420 гаруй сая тонн нүүрс олборлож Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг орнуудад нийлүүлсэн. Нүүрсний олборлолт болон экспортоороо танай улс Австралийн дараа бичигдэж байна. Энэ төрлийн түүхий эдийн экспортоос жилдээ хэдий хэмжээний орлого олдог вэ?
– Манай улсын экспортын 70 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж байгаа гэж би түрүүн хэлсэн. Үлдэх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүн дотор газрын тос, байгалийн хий манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогддог. Харин үүний араас нүүрс ордог. Бид жилийн орлогынхоо  10 орчим хувийг буюу 200-300 сая ам.долларыг л нүүрснээс олдог. /Нүүрс экспортлогч компаниудаасаа бага татвар авдаг учраас ийм хэмжээний мөнгө төсөвтөө төвлөрүүлдэг/. Энэ бол газрын тос болон байгалийн хийн орлогоос бага л даа. Саяхан манай улс шинэ хууль гаргаж, эрдэс баялгийг боловсруулахгүйгээр экспортонд гаргахыг хориглосон. Нэг ёсондоо, баягалийн баялгаа бүгдийг нь боловсруулж экспортод гаргах зохицуулалтыг хууль, эрхзүйн орчиндоо оруулж, мөрдөж эхлээд байна.

– Энэ зохицуулалтаас болж танай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурч байгаа шүү дээ. Тухайлбал, танай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оныхоосоо 5 хувиар буурна гэсэн судалгаа байгаа. Энэ хуулиас болж хэдий хэмжээний орлогоо алдах вэ. Тооцоо судалгаа байгаа байх?
–  Байгалийн баялгийг өртөг шингээхгүй экспортод гаргахаар олборлогч компаниуд ганцаараа орлого олж, ашиг хүртээд байгаа зүйл ажиглагдсан. Индонези улсын байгалийн баялаг бүх ард түмэнд хүртээлтэй байх ёстой гэсэн заалт манай үндсэн хуульд ч, бусад хууль, дүрэм, журам, тогтоомжид ч тусгагдсан байдаг. Энэ дагуу ард түмэнд байгалийн баялгаас хүртээх нэг хэлбэр бол, түүхийгээр нь бус, боловсруулж гаргах явдал. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бодлогын үр дүнд бид байгалийн баялгаа зохистой ашиглах, үүнээс илүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, орлого олж иргэд ч үүнээс хүртээд явах бололцоотой болж байгаа. Шинээр гаргасан энэ хуулиас болж бид таван тэрбум ам. долларын орлогоо алдах тооцоо гарсан. Гэхдээ, энэ бол ердөө хоёроос гурван жилийн асуудал. Харин үүний дараа манай орлого, ашиг нэмэгдээд явна.

– “Индонези улс уул уурхайгаас олдог орлогоо иргэддээ илүү хүртээмжтэй ашигтай байлгахын тулд үүнээс өөр ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
-Индонезийн бүх компаниуд өөрийнхөө орлого болон ашгийнхаа тодорхой хэсгийг  нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ нь төсөвт төвлөрүүлж байгаа татвараас тусдаа зүйл. Хүлээсэн үүрэг болон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд манай компаниуд, хариуцаж авсан дүүргийнхээ хүн амд ашиг болон орлогынхоо тодорхой хувийг зарцуулаад явдаг гэсэн үг л дээ.  Манай улс бол ардчилсан орон. Бид ард түмэнд бүх зүйл хүртээлтэй байх ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Манай хөгжлийн бүх бодлого үүнд чиглэгдсэн байдаг.

– Ингэхэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоход мэдээж бэлтгэл хэрэгтэй. Хуулийн ийм өөрчлөлт хийхийн тулд аж үйлдвэрийн салбараа хэрхэн анхаарсан бэ?
– Тийм ээ. Бэлтгэл заавал хэрэгтэй. Бид ийм хуулийн орчинтой болох тухайгаа 2004 онд зарласан. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнөөс компаниудад бэлтгэлээ хангах хугацаа олгосон. Бид одоо хэн нэгэнтэй хэлэлцээ хийгээд сууж байх шаардлагагүй. 10 жилийн өмнөөс бэлтгэх хугацааг нь өгөөд, энэ хооронд олборлогч компаниуд бэлтгэлээ хангасан байх ёстой байсан. Үүнийгээ ч хийсэн.

– Танай улсын экспортын дийлэнхийг аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг гэлээ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ч анхаарч байгаа юм байна. Тэгвэл импортын тухайд ямар байдаг вэ. Гадны орнуудаас голчлон ямар түүхий эд авдаг вэ?
– Манай аж үйлдвэрийн салбарын ихэнхийг гадны хөрөнгө оруулалттай томоохон корпорациуд эзэлж байна. Тиймээс тэдний үйлдвэрлэлийн орц, эд анги, сэлбэгийг ихэвчлэн импортолж байна. Жишээ нь “Тоёота”-гийн Индонези дэх салбарт автомашин үйлдвэрлэж байна. Үүний эд анги, сэлбэг хэрэгсэл бүгдийг гаднаас импортолж оруулж ирдэг. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн импортолдог. Ер нь манай улсын гадаад худалдааны гол түншлэгч орон бол БНХАУ байдаг. Өнгөрсөн жил Хятад -Индонезийн худалдааны эргэлт 67 тэрбум ам.долларт хүрсэн байх жишээтэй.

– “Манай хоёр орон 2011 онд гурван сая ам.доллар, 2012 онд найман сая ам.долларын худалдаа хийсэн байдаг шүү дээ. Одоо ямар байгаа вэ. Индонези манайхаас юу импортолж авах боломжтой вэ. Бас манай руу юу экспортлох боломжтой бол?
 -Өнгөрсөн жил манай хоёр орны худалдааны эргэлт 10 сая доллараар хэмжигдэж байсан. Энэ нь өмнөх жилүүдийнхээсээ өссөн үзүүлэлт. Цааш цаашдаа хоёр орны гадаад худалдааг нэмэгдүүлэх боломж их бий гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайдын хувьд, Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн хүмүүстэй хамтран их зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж, ойлгож байгаа. Энэ бол миний хийх ёстой ажил, бас үүрэг. Улс төрийн яриа хэлэлцээрийн түвшинд гарсан үр дүнг эдийн засаг, худалдааны салбар руу хөрвүүлэх нь миний үүрэг.  

-Хэдийгээр танай улсын экспортын дийлэнх хувийг аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг ч, Индонези улс уул уурхайн салбартаа бас л тэргүүлэгч орон. Бидэнд танайхаас суралцах зүйл их байна?
– Тийм ээ. Индонези бол уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай оронд тооцогддог. Тиймээс ч цаашдаа Монгол улсын уул уурхайн салбарт туршлага солилцох, чадавхийг сайжруулах, харилцан хөрөнгө оруулалт хийх тал дээр хамтарч ажиллаж болох юм гэж харж байна. БНИУ-аас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул С.Эрдэнэтэй  энэ талаар нилээд хамтарч ажиллана. Бид ойрын үед хамтраад манай улсад Монгол- Индонезийн хамтарсан бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар ярилцаж байна. Үүгээр Индонезийн компаниудад монголын уул уурхайн салбарт ийм боломж байна. Ийм хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсэн таниулах, танилцуулах арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Үүний дараа Индонезийн компаниудыг монголд авчрах нь оновчтой гэж үзэж байгаа. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхын тулд алхам алхмаар ургашаа ахих болно.

– Манайд Индонезийн Элчин сайдын яам байдаггүй. Танай элчин сайдууд Бээжингээс манай хэргийг хавсарч хийдэг байгаа. Тиймээс таныг ирсэн дээр цөөн асуултад хариулт авч амжлаа. Бидний асуултад сонирхолтой хариулт өгсөн танд баярлалаа?

-Баярлалаа.