Б.Жавхлан: Монголбанкны бодлогын шийдвэрийг манаж ажилладаг

2012.02.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлангийн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Улстөрийн тойм сонинд өгсөн ярилцлагыг онцлов.
-Ам.долларын ханш, шатахууны үнэ нэг л орой огцом нэмэгдсэн. Үүнтэй
холбогдуулан Монголбанкийг ихээхэн шүүмжилж буй. Буруутгаж буй гол
үндэслэлүүдийн нэг нь валютын огцом хөдөлгөөнийг төв банк хяналтандаа
байлгаж чадаагүй. Нөгөө нь “Валютын ханшийг огцом өсгөсөн нь цаанаа
шалтгаантай байжээ. Тэрхүү шалтгаан нь Монголбанк 2010 онд алдагдалтай
ажилласан. Ингээд ханшийн огцом өсөлтийг ашиглаж сая тэр алдагдлаа нөхсөн хэмээн буруутгаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би сүүлчийнхээс нь эхэлж тайлбарлая. Энэ бол зөвхөн Монголын төв банкинд учирдаг
“зовлон” биш. Аливаа улсын төв банк гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлснээр
үндэсний валют нь чангарч байдаг. Үүнээс болж алдагдал хүлээдэг. Гэхдээ энэ нь үйл
ажиллагааны зардал бус шаардлагатай үед нөөцөө нэмсний төлөө гарч буй бодлогын
зардал юм. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлээс дотоод руу орох урсгал нэмэгдэх үед Төв
банк нь гадаад валютын төлбөрийн чадвараа нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр хөрөнгө
оруулагч нарын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд гарч буй бодлогын зардал гэж ойлгох нь
зүйтэй. 2010 онд манайх руу валютын орох урсгал огцом нэмэгдсэн, үүнтэй зэрэгцээд Төв
банк валютын нөөцөө хоёр дахин нэмэх боломж гарсан. Харин энэ үед ханш 1200-д хүрч,
Төв банкны тэнцэл дээр ханшийн алдагдал хуримтлагдсан. Тэгвэл 2011 онд, ялангуяа
сүүлийн хагаст төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж цэвэр орох
урсгал 2.5 тэрбумаас 0.5 болтлоо тав дахин буурсан. Валютын эрэлт огцом өсч сүүлийн
найман сарын дотор ам.долларын ханш 13 хувиар суларсан, харин үүний тусгал нь
Төвбанкны тэнцэл дээр бодит бус орлого болж ирдэг.
-Нэгэн эдийн засагч “Төв банк энэ алдагдлаа ард түмний халааснаас авч нөхөх
ёсгүй” гэж шүүмжилсэн шүү дээ. Бодлогын зардлаас үүдсэн алдагдлаа нөхөх өөр
боломж байхгүй гэж үү?
-Яг ч тийм биш. Төв банк бол төсвийн байгууллага биш. Бие даасан хуулиар
байгуулагдсан УИХ-ын харьяа статус бүхий бодлогын институт, төсвөөс нэг төгрөгний ч
санхүүжилт авдаггүй. Ашгийн бус байгууллага биш учраас ашиг, алдагдлын төлөө үйл
ажиллагаагаа чиглүүлдэггүй. Бидний зорилго бол мөнгө, санхүүгийн зохистой орчин,
банкны системийн найдвартай байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг
хангах явдал. Түүнээс биш Төв банк ашгийн төлөө байгууллага биш.
-Тэгэхээр цаашид ийм алдагдал гарах л болно гэсэн үг үү. Шийдэх ямар нэг арга зам
байхгүй юү?
-Шийдэх арга зам байлгүй яах вэ. Гэхдээ Монголбанк ийм хэмжээний бодлогын зардал
гаргалаа, алдагдалд орлоо гээд санаа зовох зүйл байхгүй, ашиг орлого оллоо гээд ч
баярлаад байх юмгүй. Төв банк үүнийгээ тэнцэл дээр хуримтлуулаад бүртгээд явж байхад
улсын төсөв дээр ямар ч сөрөг дарамт ирэхгүй. Мөн Төв банк үйл ажиллагаагаа хэвийн
үргэлжлүүлээд явна. Дэлхийн зарим төв банкууд үүнийг шийдэхдээ Засгийн газраасаа
хугацаагүй бонд гаргаад төв банкныхаа тэнцлийг цэвэрлэчихдэг. Буцаж хэзээ ч төлөх
шаардлагаүй, нэхэх ч хэрэггүй. Ийм л зарчмаар ажилладаг.
-Манайд ийм боломж бий юү?
Өнгөрсөн онд УИХ-д бид энэ асуудлыг тавьж байсан. Үүний дагуу “Монголбанкны ашиг,
алдагдлыг яаж бүртгэж байх вэ” гэдэг талаар судалж шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн
Р.Будаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд бид саналаа өгсөн.
-Ямар санал?
-Монголбанкнаас гарч буй бодлогын холбогдолтой орлого, зарлагыг үйл ажиллагааны
зардалд тусгахгүйгээр хуримтлуулах зарчмаар бид балансандаа бүртгээд явж байя.
Харин Төв банкийг үүгээр дүгнэх биш, үндсэн бодлогын арга хэмжээнүүд нь байгаа онож
байгаа эсэхийг хараач ээ. Ингэхгүй бол Төв банк нь ашиг, алдагдлаасаа болгоомжлоод
бодлогын шийдвэрт сөрөг нөлөө гарч болзошгүй юм” гэсэн саналаа хэлсэн. Энэ бол
Монголбанкны бодлогын дархлаа, бие даасан хараат бус байдлыг цаашид хадгалах нэг
гол углуурга нь юм шүү дээ.
-Олон жил ингэж алдагдалтай явж ирэв үү. Одоо л гэнэт алдагдалд орчихоод байгаа
юм уу?
-Тухайлбал 2009 он хүртэл Төв банкны тэнцэл жил бүр ашигтай гарч байсан. Яагаад гэвэл
ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш аажмаар суларч ирсэн. Нөөц нэмэгдэж
байсан гэхдээ 2010 оных шиг огцом биш. Үүний ня-бо тусгал нь тэнцэл дээр бодит бус
орлого болж буудаг. Тэгэхээр энэ бол баярлах зүйл биш байгаа биз. Харин 2010 онд
валютын нөөцөө огцом нэмэх боломж гарсан, Төв банк энэ боломжийг алдаагүй, харин
үүний үр дүн нь тэнцэл дэх ханшийн бодит бус алдагдал нэмэгдсэн юм. Тухайлбал 2011
онд дээр тайлбарласнаар гадаад худалдааны сөрөг зөрүүнээс яг эсрэг хөдөлгөөн гарлаа.
Үнэнийг хэлэхэд төв банкны балансны дүн хувийн секторт эсрэгээрээ тусдаг. Өөрөөр
хэлбэл урвуу хамааралтай байдаг. Төв банк ашигтай ажилласан бол хувийн сектор
алдагдалтай. Хувийн сектор ашигтай ажилласан бол Төв банк алдагдалтай болчихдог.
Гэхдээ валютын урсгал банкуудаар дамждаг учраас банкууд ханшийн өөрчлөлтөөс
өөрсдийгөө хамгаалах арга хэрэгслүүд дээрээ сайн ажилладаг. Тиймээс шок нь банкууд
дээр тусахаасаа илүү хэрэглэгч дээр оччихоод байдаг нь гол сул тал юм. Харин сүүлийн
үед иргэд ч гэсэн валютын ханшийн өөрчлөлтөөс хамгаалах арга хэрэгсэлд суралцаж
байгаа нь сайн хэрэг.
-Шатахууны үнэ нэмэгдсэнийг валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж
байгаа тэр хүмүүст Монголбанк тийм ч ойлгомжтой, ард түмэн итгэхүйц тайлбар
өгөөгүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Бид удаа дараа мэдэгдэл гаргасан. Валютын ханшийн өөрчлөлт нь зөвхөн нефтийн
бүтээгдэхүүнд биш бүхий л гадаад худалдааны өртөгт нөлөөлнө. Харин ийм л учраас Төв
банк ханшийн огцом хэлбэлзлийг арилгах хэмжээ авсаар ирсэн. Найман сарын хугацаанд
ханш 13 хувиар суларна гэдэг нь валютын орох урсгал тав дахин буурсантай харьцуулбал
үүнээс ч илүү байж болох шокийг сааруулж чадсан гэж үзэж байна. Манай нийт импортын
13 хувийг эзэлдэг нефтийн бүтээгдэхүүний хувьд ханш нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн,
гэхдээ нэг өдрийн дотор 17-20 хувиар үнээ нэмэх шалтгаан нь 100 хувь валютын ханш
байсан гэвэл үгүй юм. Харин шийдвэр гаргах шалтаг болсныг үгүйсгэхгүй. Үүний цаад
шалтгааныг ойлгох гэж оролдъё л доо. Манай хойд хилээс нэг хоноод очиж авдаг байсан
“Роснефть”-ийн баазаас Монголын хоёрхон импортлогч л шатахуунаа авдаг болсон. Бусад
нь 4-5 хоногийн хугацаанд явж байж Москвагаас авах болсон. Тээврийн зардал энэ
хэмжээгээр нэмэгдэнэ. Энд өрсөлдөөний асуудал байгаа биз. Мөн бусад шалтгаанаар
хилийн үнэ сүүлийн 10 сарын хугацаанд огцом нэмэгдсэн байна лээ. Ингээд олон
нөлөөллийг тооцоод үзхээр ханшийн нөлөөлөл нь 25-30 орчим хувь байгаа юм. Хэрэв
2012 оны нэгдүгээр сарын 6-11-нд болсон ханшийн өөрчлөлтийн үеэр манай шатахуун
импортлогчид 1450 төгрөгөөр ядаж ганцхан ам.доллар худалдаж аваад,түүнийгээ
шатахууны төлбөрт шилжүүлсэн баримтаа авчирвал Монголбанкны удирдлагууд ямар ч
хариуцлага хүлээхэд бэлэн.
-Үнэхээр итгэлтэй байгаа юм байна. Харин шатахууны үнэ яагаад тэгж өсөв гэдэг
шалтаг, шалтгааны талаар эдийн засагчийн хувьд таамаглалаа хэлж болно биз дээ?
-Итгэлтэй байлгүй яахав. Тэр өдрүүдэд ам.долларын ханш дээд тал нь 1450-1470
төгрөгийн хооронд хүрсэн. Гэхдээ албан ханш бус “Найман шарга” захын самбар дээрх
ханш шүү дээ. Ер нь шатахууны үнэ нэг өдрийн дотор 17 хувиар өснө гэдэг бол гүн шок.
Валютын ханш сүүлийн найман сарын дотор 13 хувь өссөн. Тэгэхээр цаад дийлэнх
шалтгаан бол өөр байсан гэж боддог. Түрүүн хэлснээр наад зах нь хилийн үнэ,
тээвэрлэлтийн зардал гээд олон шалтгаан бий. Ямар нэг зүйл хуримтлагдаж байгаад
тэсэрсэн. Түүнд нь валютын ханшийн өөрчлөлт шалтаг болсон л гэж би хэлмээр байна.
-Үүнтэй холбогдуулан УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Миний
санаж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг
Монголбанкны удирдлагатай хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан
юм билээ. Мөн УИХ дахь АН-ын бүлэг “Л.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй” хэмээн
мэдэгдэл хийсэн. Энэ тохиолдолд хоёр дэд нь Ерөнхийлөгчөө хамгаалах уу,
баяртай гээд гаргаж өгөх үү?
-Монголбанкны удирдлагууд хамтын шийдвэр гаргаж чаддаг. Тэр тусмаа гурван
ерөнхийлөгч ойлголцож, нэгдсэн шийдвэр гаргаж чаддаг. Мэдээж санал зөрөх зүйл
гаралгүй яах вэ. Гэхдээ нэгэнт гаргасан шийдвэр дээрээ нэг байр суурьтай байж,
шийдвэрээ хамгаалж чаддаг. Тэгэхээр энэ бол Ерөнхийлөгчөө хамгаалах гэхээс илүү Төв
банкны бодлогын шийдвэрийг манаж байгаа хэрэг юм.
-Улстөрчид халамжийн бодлогыг хавтгайруулж байгаатай холбоотойгоор яриагаа
үргэлжлүүлмээр байна. УИХ та нарыг сонгодог болохоор эсэргүүцсэн хариу өгч
болохгүй байна уу. Яагаад халалт үүсгэх, инфляци өсөхүйц шийдвэр гаргаад байхад
нь дуугүй л гайг нь цэвэрлэж байдаг юм бэ?
-Бид зөндөө л эсэргүүцдэг шүү дээ. Төсвийг танах шаардлагыг ч тавьсан. Үр дүнд нь УИХ
төсвөө танаж баталсан. Гэхдээ хөрөнгө оруулалтаа багасгасан болохоос халамжийн
төсөвөө хасаагүй л дээ. Ийм шаардлагыг бол цаашид ч тавих л болно. Огцорсон ч
хамаагүй.
-Огцрох гэснээс та залуу банкирын хувьд ямар шалгуураар Монголбанкны тэргүүн
дэд ерөнхийлөгчөөр томилогдсоноо хэлж байгаагүй юм байна. Мөн саяхан таныг
“У.Хүрэлсүхийн” хүн гэх юм билээ. Та Ардын намын генсектэй хэр дотно найз вэ?
-Томилогдсоны тухайд гэвэл сургууль төгссөнөөсөө хойш энэ байгууллагад ажил
амьдралынхаа гарааг эхэлж, Төв банкинд хүмүүжсэн. Хашиж байсан алба, ажил
мэргэжилдээ хандах хандлага маань илүү нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
У.Хүрэлсүх гэж хүнтэй өвөр түрийдээ орж өсөөгүй, сургуульд хамт сурч байсангүй. Улс
төрд орсон ч, эс орсон ч төрийн өндөр албан тушаалтныг тэрний, энэний хүн гэдэг шүү
дээ. Тэгээд л тэгж ярьж, бичдэг байх. Одоогоор би нам бус, нөгөө талаар урьд нэг намын
залуус байсны хувьд ганц У.Хүрэлсүх гэж хүн ч биш, надад нөхөрлөж явдаг олон хүн бий.
Гэхдээ миний хувийн бодол гэвэл, аливаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн
шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын дугаарлалтаа л зөв харах хэрэгтэй юм гэж боддог.
Төв банкны Ерөнхийлөгчийн хувьд энэ банкны системд эргэлдэж байгаа 2.7 сая хүний
хөрөнгө найдвартай байгаа эсэх, бидний үйл ажиллагаа нийт монголчуудын эрх ашиг, улс
орны хөгжилд хэрхэн нэмэр болж байна вэ гэдгийг л бодож шийдвэрээ гаргадаг. Тэрнээс
биш улс төрөөс хараат биш байна гэхээр улстөрчдийг огт танихгүй, хараад зугтаад байх
ёстой гэж бодохгүй байна. Товчхондоо улс төрийн зорилтууд дөрвөн жилийн хугацаатай,
сонгуулийн ялалтын төлөө байдаг бол Төв банкны хувьд зарим тохиолдолд улс төрийн
зорилготой богино хугацааны мөчлөгүүдийг сөрөх явдал гардаг. Үүгээрээ хараат бус байх
төдийгүй Төв банкны байр суурийг хамгаалагч байх учиртай гэж боддог.
-УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат хэвлэлд өгсөн
ярилцлагадаа “Монголбанкныхан бодлогын хүүтэй хөөцөлдөж байхаар ханшаа
хянасан нь дээр” гэсэн байна. Та үүнд хариулт болгож юу хэлмээр байна вэ?
-Миний хувьд арай өөр бодолтой байна. Инфляци, ханш, санхүүгийн тогтвортой байдал.
Энэ гурвыг “чөтгөрийн гурвалжин” гэж ч хэлдэг. Яагаад тэгж нэрлэсэн бэ гэхээр нэг зэрэг
нэг тийш нь эргүүлж болдогүй. Гэхдээ аль нэгийг нь хаяж болно гэсэн үг бас биш.
Валютын нөөц, ханшаараа хэт оролдвол бид санхүүгийн тогтвортой байдал талдаа эмзэг
болж ирнэ. Зөвхөн инфляциа онилсон бодлого урт хугацаанд үргэлжлүүлбэл эдийн
засгийн тэлэлт, улс орны хөгжил доголдоно. Тиймээс зөвхөн ханшаа анхаарах гэсэн
өрөөсгөл бодлого баримталж болохгүй.
-Эдийн засагт халалт үүсгэх олон шийдвэр улстөрчдөөс гарах сезон эхэлчихээд
байна. Монголбанк энэ дарамтыг яаж зохицуулж, эдийн засгаа, иргэдээ аврах вэ?
-Эдийн засгийн халалт бол бидний хүсдэг мөнгөний орчин биш. Үүний эсрэг бодлогын
арга хэрэгслээ явуулж байгаа. Харамсалтай нь эдийн засагт сөрөг нөлөө учруулж
болзошгүй улс төрийн шийдвэрүүдэд Төв банкны зүгээс тэр бүр нөлөө үзүүлж чадахгүй
байна. Сонгуулийн жил шууд хөрөнгө оруулалтууд багасдаг, сонгуулийн ялалтын төлөө
улс төрийн хүчнүүд ямар ч шийдвэр гаргаж болзошгүй эрсдлүүд байна. Монгол улс банк
төвтэй санхүүгийн системтэй улс, энэ ч утгаараа банкны системийн тогтвортой
найдвартай байдал руу чиглэсэн олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна, цаашдаа ч
үргэлжлэх болно. Эдийн засаг халалтын хувьд 2008 оны хямралаас банкууд нэлээд
сургамж авсан байна. Банкууд хөрөнгө оруулалт, зээлдээ болгоомжтой, хашир хандах
болсон байна.
-Хямрал гэснээс Европын хямралын шок манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Манай экспортын гол зах бол урд хөрш маань, харин Хятадын экспортын хамгийн том
зах зээл нь Америк биш Европ болчихлоо. Бидний болгоомжлох зүйл бол ерөөсөө л энэ.
Өнгөрсөн оны сүүлийн хагас, одоо ч үргэлжилж буй Евро бүсийн санхүү, төсвийн хямрал,
тодорхойгүй байдал нь Хятадын эдийн засагт нөлөөлж байна. Хэрэв экспорт нь унавал
дотоодын үйлдвэрлэл нь унана инфляцид нь нөлөөлнө. Ингэснээр манай экспортын гол
бүтээгдэхүүн, нүүрс, зэсийн үнэд нөлөөлнө мөн бид урдаас инфляци нь шингэсэн өртөг
бүхий бараа бүтээгдэхүүн импортолно. Манайд нөлөөлөх гол суваг нь энэ. Гэхдээ
сүүлийн 14 хоногт зах зээлийн ханшийг харахад нүүрс, алт, зэсийн үнэ бага боловч өсөх
хандлагатай байна. Энэ бол сайн дохио. Хятадын эдийн засгийн дархлаа сайжирч,
эсэргүүцэх чадвар нь өндөр болж ирж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хятад
улс өөрийн эдийн засгаа гадаад худалдаа, экспортоос хэт хамааралтай бус дотоодын
хэрэглээ, аж үйлдвэр дээр суурилсан эдийн засгийн бүтэц рүү шилжихээ зарласан. Энэ нь
урт хугацаанд манай улсын хөгжлийн гол хөшүүрэг ч болох байх.
-Танайхаас гаргасан мэдэгдэлд гадаад худалдааны алдагдал 25 хувьд хүрлээ гэсэн
байсан. Энэ айх зүйл биш үү?
-Энэ бол айх зүйл биш. 2011 гэвэл экспорт өссөн гэхдээ 2010 оныхоос бага хувиар,
импорт бүр их өссөн. Уул уурхайн том төслүүд маань бүтээн байгуулалтын шатандаа явж
байна. Энэ үед биет хөрөнгө оруулалтууд асар ихээр нэмэгдэж байна л даа, барилга
байгууламж барих, их хэмжээний хүнд техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл авах
болсон байна. Үүний төлбөрт валютын гарах урсгал нэмэгдсэн. Харин тодорхой хугацааны
дараа эдгээр нь бүтээгдэхүүн, нэмүү өртөг үйлдвэрлэж эхэлнэ. Гадаад худалдаа
тэнцвэржинэ. Тэр үед алдагдлаа нөхнө. Түүнээс биш манай улсаас хөрөнгө гадагшилж
байна гэж ойлгож болохгүй.
-Алт тушаалтаас 18 килограмм алт дутсан хэрэг дуулиан дэгдээж, танай банк
хохирогчийн үүднээс хуулийн байгууллагад хандаад байгаа. Энэ чухам юу болов?
-Сүүлийн 10 гаруй жилд Засгийн газар, Төв банк алт олборлолт, тушаалт, алт
цэвэршүүлэлтийн бодлогоо либерал болгож ирсэн. Харин одоо энэ үйл явцыг эргэж харах цаг нь болжээ гэдгийг дээрх явдал харуулж байна. Сүүлийн жилүүдэд Сорьцын хяналтын
албаар баталгаажуулан Төв банкинд тушаасан алтыг гадаадад цэвэршүүлэхэд хасах
зөрүү хэд хэдэн удаа гарсан. Ингээд хаа нэг газраа, санаатай санаандгүй алдаа байж
болзошгүй байсан учраас бид “Үүний учрыг олж өгөөч” гэж хуулийн байгууллагад хандсан.
Үүний дагуу хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Хуулийн
байгууллага нь өөрийн эрх үүргийнхээ хүрээнд албан үүргээ гүйцэтгэж байхад
хөндлөнгөөс эцсийн дүгнэлт өгөх боломжгүй. Харин бидний зүгээс цаашдаа ийм байдлыг
давтахгүйн тулд өөрсдөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ авч байна.
-Гадаад валютын нөөцөөс хөгжлийн банкинд шаардлагатай санхүүжилтийг гаргаж
өгье гэсэн саналыг зарим эдийн засагч, банкирууд санал болгодог. Тийм боломж
бий юү?
-Би ингэж ярьж буй зарим хүний өмнөөс санаа зовдог юм. Валютын нөөц бол тухайн
улсын төлбөрийн чадварыг олон улсын зах зээл дээр харуулж байдаг хамгийн гол
үзүүлэлт. Аливаа улсын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо хамгийн эхлээд гадаад валютын
нөөцийн хэмжээг, нөөцөндөө яаж менежмэнт хийж байгааг хардаг. Нөгөөтэйгүүр хуулиар
бидэнд олгосон эрх, үүрэг, зарчим бий. Юуны өмнө Монголбанк Монгол Улсын валютын
нөөцийг найдвартай байлгах ёстой. Хоёрдугаарт, тэр нөөц нь хөрвөх чадвартай байх
ёстой. Евро, ам.доллар, алт аль ч хэлбэрээр байж болно. Энэ хоёр зарчим биелж байгаа
тохиолдолд илүү ашигтай байлгах боломжийг хайж болох юм. Энэхүү гурван зарчмын
дарааллыг яаж баримталж байна вэ гэдгээрээ орон орны төв банкууд ялгардаг. Тухайлбал 2008 он хүртэл валютын нөөцийн талаар идэвхтэй бодлого явуулдаг олон орон
байсан. Ялангуяа Азийн банкууд. Харин Европын орнууд, тэр дундаа Германы төв банк
энэ талаар маш консерватив бодлого баримталдаг. Бүх нөөцөө хамгийн найдвартай, AAA
зэрэглэлтэй банкинд байршуулдаг. Тийм ч учраас 2009 оны хямралын үеэр Европын орнуудаас Герман улс хамгийн бага алдагдалтайгаар давсан. Одоо манай нөөц бүгд AAA
зэрэглэлтэй банкинд байршиж байгаа. Мэдээж хүү нь бага. Гэхдээ маш найдвартай. Цаашид бид нөөцийн менежментийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бэлтгэж байна.
-Та Хөгжлийн банкны санхүүжилтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Хэдийгээр
танай мэдлийн байгууллага биш боловч мэргэжлийн хүний хувьд хөрөнгө
хуримтлуулах эх үүсвэр, арга замын талаар ямар бодолтой явдагаа хуваалцаж
болно биз дээ?
-Бид Хөгжлийн банкийг Монголбанкнаас тусгай зөвшөөрөл аваад, арилжааны банкуудтай
зэрэгцэн ажиллаад явна гэсэн байр суурьтай байсан. Мөн шаардлагатай бол дүрмийн
санд бүрдүүлэх мөнгийг зээлээд аваад явж болно шүү дээ. Бид дэмжих үедээ дэмжээд,
хяналтаа тавиад явж болохоор байсан. Гэтэл тухайн үед Засгийн газартай санал
зөрөлдөөд дэмжигдээгүй.
-Засгийн газар яагаад үүнийг дэмжээгүй юм бэ?
-Засгийн газартай яагаад санал зөрөлдсөн бэ гэхээр тэд “Энэ тохиолдолд Хөгжлийн
банкны санхүүжилт олон талын хязгаарлалтад орчихно. Тиймээс Хөгжлийн банк өөрийн
гэсэн хуультай тусдаа институци байх ёстой” гэж үзсэн. Одоо тэгэхээр Хөгжлийн банкийг бид хянахгүй, зээл өгөх ч боломжгүй. Одоо бидэнд Хөгжлийн банкийг зөвхөн бодлогоор л
дэмжих арга зам байна.
-Яаж?
-Тухайлбал Хөгжлийн банкны бонд гаргаад дотоодын зах зээл дээр борлуулахад
арилжааны банкууд л авна. Өөр хэн ч авч чадахгүй шүү дээ. Арилжааны банкууд бонд
худалдаж авахаар Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлтийн хоригтой тулгардаг
байсан. Бид тэр хоригийг нь цуцалсан. Өөрөөр хэлбэл “Та нар Хөгжлийн банкны бондыг
хэчнээнийг ч авч болно. Бид тэр бондыг төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай, бэлэн
мөнгөтэй тэнцэх актив гэж үзнэ” гэдгээ зарлачихсан. Хөгжлийн банк байгуулагдаад
хэдхэн сар болж байна. Энэ хугацаанд олон зуун сая ам.долларын санхүүжилт олно гэдэг
маш хэцүү. Харин ч тэд шуурхай ажиллаад бондоо Хөрөнгийн бирж дээр арилжих бус,
шууд тохиролцоод худалдах шатандаа хүрчихээд байна. Гэтэл нөгөө талаас
санхүүжүүлэх төслүүд нь тодорхойгүй, маш ерөнхий зураглал төдий байсан юм билээ.
Одооноос л төслүүд нь бэлэн болж байна. Ирэх гуравдугаар сард багтаагаад
санхүүжилтүүд нь эхлэх байх.
-Валютын ханшийн хувьд та бүхэнд ямар болгоомжлолтой байна вэ?
-Уг нь янз бүрийн нөхцөл байдал давхцаагүйсэн бол ханш өндөр байсандаа зүгээр байсан
юм. Бидний одоогийн айдас бол төгрөгийн ханшийн сулралт биш, харин эсрэгээрээ 2013-
14 оноос гол экспортууд эхэлж, төсвийн тогтвортой байдлын хууль жинхэнэ утгаараа
ажиллаж эхлэхээр төгрөгийн ханшийн огцом чангаралтын дарамт өндөр байхаар
урьдчилсан судалгаа харуулж байгаа. Өөрөөр хэлбэл дунд болон урт хугацаанд төгрөгийн
ханш сулрахгүй, харин эсрэгээр чангарах хүлээлт өндөр байгаа. Бидний хамгийн
болгоомжилж буй зүйл бол энэ. Ам.доллар 1250 төгрөг байхад үндэсний үйлдвэрлэгчид
хүнд цохилт болж байсан. Тэдний төлөөлөлтэй уулзахад “Ам.долларын ханш 1200 төгрөг
болоод ирэхэд л борлуулалтанд сөргөөр өнлөөлж бидний ашиг тэгтэй тэнцэж байна. Түүнээс буурвал хаалгаа барихад хүрнэ гэцгээж байсан. Товчхондоо ам.долларын ханш
суларснаар импортыг дэмжиж, Эрээний бараанууд л хямд өртөгтэй орж ирэх боломжтой
болно гэсэн үг. Гэтэл манай Ажил олгогч эздийн холбооныхон “Ам.долларын ханшийг 1200 төгрөгөөс доош байлга” гэсэн зүйл дуугарч байсан. Тэд хаанахын ажил олгогч эзэд
вэ. Үндэсний ажил олгогч эзэд юм бол ам.долларын ханшийн уналтаас үүдэлтэй шок
үндэсний үйлдвэрлэгч нарт яаж хүнд тусдагийг мэддэг л баймаар. Цаашдаа Засгийн газар
алсыг харсан эдийн засгийн бодлого явуулж, эдийн засгийн төрөлжилт, бараа,
бүтээгдэхүүний дэд бүтцээс хамааралтай суурь зардлууд болох цахилгаан, дулаан,
шатахуун зэргийн өртгүүдийг хямдруулж өгөхгүй бол үйлдвэрлэгчид маш хүнд байдалд
орно. Бидний хамгийн их болгоомжилж байгаа зүйл бол энэ.
-Санхүүгийн зах зээл дэх төрөлжилт хомс байгаагаас болоод үндэсний
үйлдвэрлэгчид маш амархан шоконд ороод байна уу гэж бодогдох юм. Та энэ
талаар ямар бодолтой байдаг вэ?
-Санал нэг байна. Тухайлбал зах зээлд шилжээд 20 жил болоход банкнаас бусад
санхүүгийн системийн төрөлжилт тавхан хувьтай байна. Банк 95 хувь, Хөрөнгийн бирж
хоёр хувь, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын жижиг сан, хадгаламж зээлийн хоршоонууд нийлээд дөнгөж гуравхан хувийг эзэлдэг.
Гэтэл 95 хувийг эзэлж байгаа банкуудын бенчмарк нь маш энгийн. Эх үүсвэр нь ерөөсөө л
хадгаламж. Хадгаламж бол өөрөө өндөр өртөгтэй мөнгө. Ийм өндөр өртөгтэй мөнгийг
зээлээр олгож байгаа болохоор хүү буурах боломж тун бага. Энэ нөхцөл байдал үндэсний
үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байна. Манайд бол банкнаас зээл авах гэж байсан хүн
бирж рүү очоод мөнгө босгох боломж тун бага. Бусад улс орны санхүүгийн төрөлжилтийг
аваад үзэхэд АНУ-д 60 хувь, Европт түүнээс илүү хувийг банк, үлдсэн хувийг даатгалын
байгууллага, хөрөнгө оруулалтын сан зэрэг хөрөнгийн зах зээлийн хоёрдогч эх үүсвэрүүд
эзэлдэг.
-Монголбанкны өнөөгийн удирдлагууд макро зохистой бодлогын шалгуур
үзүүлэлтийг мөнгөний бодлогыг тогтвортой байлгах арга хэрэгсэл болгохоор зорьж
байгаа нь харьцангуй шинэ технологи гэж хэлж болох юм. Зохистой бодлогын
шалгуур үзүүлэлтээ боловсруулж байна гэсээр нэлээд удлаа. Хэзээ үр дүнгээ өгч
эхлэх бол?
-Энэ нь шинээр боловсруулах зүйл биш юм. Харин урьд нь хоёр тусдаа чиглэлээр
хэрэглэдэг байсан бодлогын арга хэрэгслийг одоо хослуулж хэрэглэх хэлбэр юм. Дэлхийн
эдийн засгийн интеграцчлал, эдийн засгийн өсөлтийн чиг хандлага сүүлийн жилүүдэд
Азид төвлөрч байна. Азийн зарим орны жишээнээс харахад эдийн засгийн өсөлтийн
зэрэгцээ инфляцийн дарамт байнга өндөр байна. Энэ тохиолдолд төв банкны мөнгөний
бодлогын гол арга хэрэгсэл бодлогын хүүгээр инфляцийг тогтворжуулах, бууруулах
аргагүй болж байна. Сүүлийн хоёр жилийн инфляцийн бүтцийг та бол сайн мэдэж байгаа.
Мах, шатахууны үнэ, зуднаас болж инфляци өсөж байсан. Гэтэл мах болон бодлогын хүүг
шууд уях боломжгүй шүү дээ. Тэгэхээр урьдын адил инфляцийг зөвхөн мөнгөний
бодлогын хүүгээр удирдах боломжгүй болоод ирлээ. Энэ нөхцөл байдал зөвхөн манай
улсын бус дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Макро зохистой
бодлогын шалгуур үзүүлэлт гэдэг нь банкны системийн төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийг тогтвортой байлгах, болзошгүй эрсдлүүдийг сөрөх дархлааг сайжруулах
хэрэгслүүд байдаг. Тодруулбал, бодлогын хүү олон нийт рүү чиглэж хүлээлтийг удирддаг
бол зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд нь шууд банк руу чиглэсэн байдаг. Бид энэ
хэрэгслүүдийг мөнгөний бодлогын хэрэгсэлтэй хослуулж явъя гэсэн байр суурьтай байгаа.
Үүнийг улс орон бүр өөрийн онцлогт тохируулж хэрэглэхийг хичээж байна.
-Манай улсын хувьд ямар онцлогтой яаж тохируулж хэрэглэх боломжтой байна вэ?
-Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны
шалгуур үзүүлэлт хоёрт гол анхаарлаа хандуулж байна. Жишээ нь төлбөр түргэн
гүйцэтгэх чадварын үзүүлэлт одоогоор 25 хувь байгаа. Жилийн өмнө 18 хувь байсан.
Өөрөөр хэлбэл та хүнээс 100 төгрөгний хадгаламж авсан бол 25 хувийг нь заавал бэлэн
мөнгөөр байлгах ёстой гэсэн үг. Үлдсэн 75 хувийг нь зээлд зарцуулах, бусад хэлбэрээр
өөрийн мэдлээр зарцуулж болно. Өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур
үзүүлэлт 12 хувьтай байгаа. Бид үүнийг “Нэг жил хагасын хугацаанд 14 хувь болго” гэсэн
шаардлага тавьж байна. Хадгаламж аваад зээл олгохдоо үүнийхээ дор хаяж 14 хувийг нь
өөрийн хөрөнгөөрөө нөхнө гэсэн логик юм. Товчхондоо танай банкинд хэрэглэгч итгээд
мөнгөө хадгалуулж байгаа бол танай банк санхүүгийн хувьд итгэлийг нь даах чадвар
өндөртэй байх ёстой гэсэн санаа юм.
-Үүнийг мөнгөний бодлоготой яаж уялдуулах вэ?
-Тухайлбал төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг 25-30 хувь болгосон
тохиолдолд банкуудын төлбөрийн чадварын үзүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ, тэр
хэмжээгээр эдийн засгийн хэт халалтыг хумих мөнгөний бодлогын давхар нөлөөлөл
ажиллана. Энэ мэтчилэн хооронд нь уялдуулах боломжтой. Гэхдээ үүнийг маш
болгоомжтой хийх хэрэгтэй. Мөнгөний бодлогын хэрэгсэл бол сар болгон тухайн үеийн
эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөөд байх боломжтой. Гэтэл санхүүгийн
зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд гэх бодлогын хэрэгсэл нь илүү захиргаадалтын
шинжтэй, банкуудын хувьд дасан зохицох хугацаа шаарддаг. Хэрэв дээр дурьдсан 25
хувийг бэлэн мөнгөөр байлгахгүй бол маш олон торгуулийн хязгаарлалтанд орох
жишээтэй. Мөн тус банк нь шалгуур үзүүлэлтээ хангаагүй гэсэн нэг мессеж тарахад л
тухайн банкинд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлдөг аюултай. Тиймээс энэ
шаардлагыг банкуудад тавихдаа богино хугацаанд шахах боломжгүй. Бид гурван сарын
өмнөөс банкууддаа сануулж байгаа.
-Тэгээд үр дүн нь ямар байна?
-Үр дүн байлгүй яах вэ. Манай банкууд хугацаандаа нөөцөө нэмэгдүүлж чадаж байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь нэмэгдэж, ингэснээр болзошгүй эрсдлийг сөрөх
чадвартай, дархлаатай болж байна.
-Та бүхний өндөр шалгуурт нийцэх гээд гадаад эх үүсвэрээс эрсдэлтэй байдлаар
хөрөнгөө нэмэгдүүлчих вий гэсэн эмзэглэл төрж байна. Тийм эрсдэл бий юү?
-Банкууд дотроос гадаад активтаа гадаадаас бонд худалдаж авсан банк бараг байхгүй
дээ. Харин эсрэгээр манайхаас гадаад зах дээр гарч байна. Сүүлийн үед улам идэвхжиж
байгаа. Нөгөөтэйгүүр төлбөрийн чадварын үзүүлэлт 25 хувийн нөөцөд зөвхөн Төв
банкинд байршуулсан хөрөнгийг тооцдог байсан бол одоо Засгийн газрын бонд, Хөгжлийн
банкны бондыг бэлэн мөнгөтэй адилтгаж үздэг болсон. Тэгэхээр бид нэг талаар
банкуудын төлбөрийн чадварыг өндөржүүлэхийн зэрэгцээ, нөгөө талаар хөрөнгийн зах
зээлийг дэмжиж байгаа хэрэг юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.