Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас…
УИХ саяхан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг баталсан. Манай улсын банк болон барилгын салбар хүндрэлд орчихоод байгаа билээ. Банкны салбар хүндхэн байгаагийн нэг тод жишээ бол, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ буурч байгаа явдал юм. Өнгөрсөн оны зургадугаар сард арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 426 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол, энэ оны зургадугаар сард 323 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байлаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэсэээ 24 хувиар буураад байгаа нь энэ юм. Үүнээс гадна, арилжааны банкуудын нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байна. Төвбанкнаас явуулсан судалгаагаар өнгөрсөн зургадугаар сарын эцсээр арилжааны банкуудын нийт актив 3.9 триллион төгрөгөөр хэмжигдэж байлаа. Үүний 2.4 триллион төгрөг нь иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээл юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын нийт активийн 63 орчим хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эзэлж байна. Энэ нь араасаа ихээхэн эрсдэлийг дагуулж байгаа юм.
Нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байдаг. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлт удаашарлтай байгаа нь банкны салбар ихээхэн эрсдэлтэй байгааг илтгэж буй юм. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар зах зээлд гаргасан нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэсээ ердөө 0.02 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Зээлийн эргэн төлөлт ийнхүү бага хувьтай яваа нь нэг талаас аж, ахуйн нэгжүүд банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаатай холбоотой. Нөгөө талаас арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд урт хугацаатай зээл ихээр гаргасантай холбоотой юм. Ер нь өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд 240 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны зээл гаргажээ. Орон сууцны зээлийг доод тал нь 10 жилийн хугацаатай олгодог. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлд гаргасан 240 орчим тэрбум төгрөг төлөгдөж дуустал дор хаяж 10 жил болно гэсэн үг. Энэ нь зээлийн эргэн төлөлт удаашралтай байх бас нэг шалтгаан болж байгаа юм. Зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаагаас арилжааны банкууд өнөөдөр зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэргүй болчихоод байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Үүнтэй холбоотойгоор барилгын компаниуд хүндрэлд орчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкууд зээлээ хязгаарлсантай холбоотойгоор барилгын компаниуд орон сууцаа барьж дуусгах хөрөнгийн үүсвэргүй болсон. Мөн иргэдэд орон сууцны зээл барагтаа олдохгүй байгаа тул, банкны зээлээр орон сууц худалдан авагдчын тоо эрс багассан. Эдгээрээс шалтгаалж барилгын салбар зогсонги байдалд орж, хаа сайгүй баригдаж дуусаагүй орон сууц сүндэрлэж байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Ер нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420 гаруй барилгын ажил зогчихоод байна. Эдгээрийг барьж дуусгахад дор хаяж 530 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Банкууд өнөөдөр хүндэрчихсэн байгаа тул, барилгын салбарыг аврахын тулд гар сунгаж чадахгүй байна. Тэгвэл барилгын салбараа яаж аврах вэ. Банкны салбараа мөн сайжруулах хэрэгтэй байдаг. Энэ хоёр салбарыг аврах нэг хэрэгсэл бол ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргах явдал гэж сүүлийн үед эдийн засагчид хэлж, ярих боллоо. Банкууд орон сууцны зээл гаргахдаа барьцаа авч үлддэг.
Тэр барьцаа хөрөнгөөр баталгаа хийж, үнэт цаас гарган хөрөнгийн зах зээлд гаргахыг ипотекийн үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр арилжааны банкуудын барьцаанд байгаа орон сууцаар баталгаа гаргаж, үнэт цаас хөрөнгийн зах зээлд арилжаалбал, банкууд зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэртэй болно. Банкууд зээл гаргаад эхэлбэл, барилгын салбар бас муугүй сэргэнэ гэж эдийн засагчид хэлж ярих болсон. Үнэхээр тэгэх бололцоо байгаа эсэхийг Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Энхбаяр: Ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргах нь банк болон барилгын салбарыг хүндрэлээс гаргах нэг алхам мөн. Гэхдээ, ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргахын тулд хууль эрхзүйн орчинг нь боловсронуй болгох хэрэгтэй. Үүнээс гадна, монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайн байх ёстой. Тэр цагт ипотекийн үнэт цаасыг гаргах боломжтой гэж хэлж байна. Тэгвэл, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Болбаатар: Ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргаж чадвал банк болон баригын салбар сайжирахад багагүй хэмжээний нөлөө үзүүлнэ гэв. Тэгвэл зарим эдийн засагчид орон сууцаар баталгаажсан ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргасан ч, түүнийг нь монголчууд худалдан авч дийлэхгүй. Тиймээс банк болон барилгын салбар ипотекийн үнэт цаасны ачаар тэгтлээ хөл дээрээ босчихгүй гэж үзэж байгаа юм.
Үүнд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Болбаатар: Одоохондоо манай арилжааны банкууд хөрөнгө оруулах чадвартай байгаа. Цаашид ипотекийн үнэт цаасны хууль, эрхзүйн орчин сайн байвал гаднын банк, санхүүгийн байгууллагууд ипотекийн үнэт цаасыг худалдан авах байх гэсэн хариулт өгсөн юм. Ер нь УИХ-ын энэ намрын чуулганаар ипотеийн үнэт цаасны тухай хууль хэлэлцэгдэх төлөвтэй байгаа. Хэрэв, УИХ энэ хуулийг баталбал манай улс орон сууцаар баталгаажсан ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гарган арилжаалах эрхзүйн үндэс бүрдэх юм. Энэ нь нэг талаас сайн хэрэг ч, аливаа зүйл араасаа эрсдэл дагуулж байдаг. Америийн эдийн засаг моргейжийн буюу ипотекийн зээлийг их хэмжээгээр гаргаснаас болж, банк санхүү нь хүндэрч, эцэстээ дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг эхлүүлсэн билээ. Хэрэв манай улс орон сууцаар баталгаажсан ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргавал, эрсдэл бий болов уу. Үүнд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Болбаатар: Америк иргэддээ орон сууцны зээл олгохдоо ямар ч урьдчилгаа мөнгө аваагүй. Харин манай улс орон сууцны зээл гаргахдаа дор хаяж 30 хувийн урьдчилгаа авдаг. Тиймээс ямар ч асуудалгүй гэсэн тайлбарыг өгөв.