Монгол, Австрийн харилцаа

Монгол, Австрийн харилцаа
2025.05.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Австрийн хооронд 1963 оны 07 сарын 01-нд дипломат харилцаа тогтоосон. Манай улс Вена хотод 2003 онд ЭСЯ-аа нээсэн бол, Австри манай улсыг Бээжин дэх Элчин сайдын яамнаасаа хавсран суудаг байна. Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 01 дүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьсан бол, Элчин сайд Андреас Рийхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид 2023 оны 03 дугаар сард Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагдсан байна. Тус улстай манай улс найрсаг харилцаатай. Харилцан айлчлалуудаас дурдвал:
Монголын талаас
- Ерөнхийлөгч: 2003, 2014 он
- УИХ-ын дарга: 1995, 1996, 2005, 2021
- Ерөнхий сайд: 2007, 2010 он
- Гадаад харилцааны сайд: 1992, 2011, 2013 /ажлын айлчлал/, 2017 он
Австрийн талаас
- Үндэсний Зөвлөлийн дарга: 2002 он
- Гадаад хэргийн сайд 1982 он
- ГХЯ-ны Дэд сайд 2017 он

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана. Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ
2025.05.25.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад хүмүүс угтлаа. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.
Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.
Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
1. “МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
Талууд НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг бататгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдолтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх нийтлэг үүрэг, амлалтаа нотоллоо.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ тунхаглалаа.
2. “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ.
3.“ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
4. “ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах эрх зүйн орчин бүрдэж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны дагуу болгох хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
5. “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”-д
монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.
6. “ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИ, УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,
Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна.
Судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
7. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,
Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, салбарын хүний нөөц чадавхажна.
8. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2025-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОТОКОЛ”-д
монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,
Эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлэх бөгөөд хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.
9. “МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас Консерваторын захирал Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, австрийн талаас Венийн хөгжим, тайзны урлагийн их сургуулийн ректор Улрике Зих,
Монгол-Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах, австрийн хөгжим судлалын эрдэмтэн судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлнэ. Шинэ заах арга зүй, урлан тоглолтын шинэ хандлагуудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИРАН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа.
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Хоёр улсын төрийн тэргүүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэхүү айлчлал нь Австри Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд манай хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэе.
Австри Улс нэгэн жарны тэртээ манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон өрнөдийн анхдагч улс орны нэг бөгөөд бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилан нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улс Австри Улсыг манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг.
Энэхүү төрийн айлчлалаар бид Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 гаруй жилийн ололт, амжилтыг бататган бэхжүүлж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Монголын талаас “Хархорум”, “Хүннү” хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус суваг, цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтэц зэрэг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавилаа.
Бидний яриа хэлэлцээний дүнд “Монгол, Австрийн Хамтарсан тунхаглал” гаргалаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Мөн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах чухал эрх зүйн нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн Инновац, технологи, эрчим хүч, ашигт малтмал, эдийн засгийн хамтын ажиллагаа, Шинжлэх ухаан, хөгжмийн урлагийн салбарын хамтын ажиллагаа, Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичгүүд байгууллаа.
Мөн Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцлоо.
Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, тээврийг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой юм.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжин хөгжиж ирсэн бөгөөд Австри Улсын Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хорт хавдрын эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг зэрэг манай улсын эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, хүн ардад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монголчууд бид Австри Улсыг сонгодог хөгжмийн өлгий нутаг, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн суут хөгжмийн зохиолч Моцарт, Шуберт, эцэг, хүү Штраус зэрэг алдартнаар мэдэх бөгөөд, энэхүү төрийн айлчлалын хүрээнд соёл, урлаг, хөгжмийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, багш, оюутан, судлаач нарыг харилцан солилцож, хамтран ажиллах болсонд баяртай байна.
Аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож, хоёр орны их сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Австри Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Манай хоёр улс газарзүйн байршлын онцлог байдал, цаг агаар, байгалийн тогтоц, гадаад бодлогын байр суурь зэрэг олон зүйлээрээ ижил төстэй билээ.
Нэн ялангуяа байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дээдлэх, далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудал зэрэг бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар манай хоёр улс ижил төстэй байр суурь баримталдаг бөгөөд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээ харилцан нотоллоо.
Ирэх 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад бид хамтран ажиллахаар боллоо.
Айлчлалын хүрээнд зохион байгуулах “Монгол, Австрийн бизнес форум” нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг улам ойртуулж, эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.
Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг Монгол, Австрийн нийтлэг үнэт зүйл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхнийг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ВАН ДЕР БЕЛЛЕН:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Монгол Улсад айлчлал хийхийг урьсанд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад ийнхүү төрийн айлчлал хийж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.
Энэхүү айлчлал нь Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.
Түүнчлэн 30 гаруй жилийн тэртээ ардчилал, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн Монгол Улсын замналыг манай улс үнэлэн сайшааж буйн нотолгоо юм.
Үзэсгэлэнт Монгол Улс газарзүйн хувьд биднээс алс хол, геополитикийн эрс ондоо, амаргүй нөхцөл байдалд байдаг хэдий ч Австри, Монгол Улс улс төр, нийгэм, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтолцооны нийтлэг үнэт зүйл, үзэл санаатай билээ.
Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Дэлхийн олон цэгт нөхцөл байдал хурцдаж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн, тэмцэл өрнөж, энгийн ард иргэдэд хохирол, зовлон учруулж байна.
Европт оршиж буйн хувьд ОХУ-ын Украины эсрэг хийж буй түрэмгий дайн бидний санааг хамгийн ихээр зовниож байна. Энэ нь нэг талаас аюулгүй байдалд, нөгөө талаас эрх чөлөө, ардчилал болон хүний эрх зэрэг бидний үнэт зүйлт тогтолцоонд заналхийлж байна.
Үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх, ардчиллын суурь зарчимд тулгуурласан тогтолцоо тууштай оршин тогтнох баталгаа үгүй бөгөөд энэ нь асар их үнэ цэнтэйг бид бүхэн өөрийн улсын түүхээс сайн мэдэх билээ.
Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаар биш харин анд нөхөд, үзэл санаа нэгтэй түншүүдтэй хүч чармайлтаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна.
Учир нь, гагцхүү хамтдаа байж, тухайлбал, худалдааны ойр дотно түншлэл, дипломат нягт харилцаа, бат бэх суурь үнэт зүйлс зэргээр хүчээ нэгтгэснээр бид илүү хүчирхэг байж чадна.
Дэлхий дахинаа нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна. Эдгээр нь үнэт зүйлээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах хүч чармайлтаа нэмэгдүүлэх, олон улсын худалдааны эргэлтийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг бүх талын асуудалд хамааралтай юм.
Үүнтэй холбогдуулан НҮБ болон Вена хотноо төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд явуулж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Тухайлбал, Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь идэвхтэй оролцоо нь онцгой үлгэр дуурайлал болж байна.
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бид олон жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Бид хоёр талын хамтын ажиллагааг ч мөн эрчимтэй өргөжүүлж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр олон чухал хэлэлцээр, тунхаглалд гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм. Миний бие үүнд маш их баяртай байна.
Шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааны талаар мөн дурдахыг хүсэж байна. Эдгээр салбарын идэвхтэй, баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батжин бэхэжнэ гэдэгт итгэж байна.
Бидний энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдгээр салбарын өндөр түвшний төлөөлөгчид бидэнтэй хамт Монгол Улсад ирээд байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх онцгой чухал боломжийг бүрдүүлж байна.
Хурдацтай урагшилж буй өнөө цаг үед хамтдаа уулзаж, ярилцахын үнэ цэнийг чамлан орхигдуулж болохгүй гэж би боддог. Соёл, шинжлэх ухааны салбарын онцлог нь улс орнуудыг улам бүр ойртуулдгийг бид мэдэх бөгөөд үр шимийг нь мөн хүртэж байдаг.
Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй санал санаачилга дэвшүүлж, яриа хэлцэл өрнүүлэхийг Та бүхэнд уриалж байна.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихийг бүтээж, ололт амжилтаар дүүрэн байжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улс илүү их амжилтад хүрэх арвин их нөөц, бололцоотой. Үүнд би итгэл төгс байна.
Монгол Улсын энэхүү амжилтын замналд Австри Улс түнш улсын хувьд хамтдаа алхаж, худалдааны түнш, олон улсын харилцаан дахь хамтрагч, мөн судалгаа, шинжлэх ухааны салбарыг дэмжигч байж, бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал үүнд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Эрхэм хүндэт, Ерөнхийлөгч өө, бид бүхнийг найрсаг дотноор хүлээж авч, нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа.

Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов
2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австри улсаас Монгол улсад анхны төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов. Хүндэт зочид, төлөөлөгчид музейн Эртний Төрт Улс, Их Монгол Улсын танхим, Мөнгөн мод танхимуудаар зочилж, Австрийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа “Төмөр Хутлуг хааны зарлиг бичиг”-ийн “А” хуулбарыг дэлгэн үзүүлж тайлбар хийсэн байна. Чингис хаан Үндэсний музейн хадгалагддаг хуулбарт Зарлиг бичгийг Алтан ордны хаан Төмөр Хутлугаас зарлиг бичгийг эзэмшигч Мухаммедийг алба татвараас чөлөөлж, “таркан буюу дархан” цол олгохоор 1397 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Судак хотноо үйлдэж гаргасан хэмээн судлаачид тодорхойлсон аж. Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхоод, музейн Хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлгүүд хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодотгов. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хангасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа гэжээ.

Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд Дугуй ширээний бизнес уулзалт зохион байгуулж байна. Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцоллоо. Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцоллоо. Цаашид Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа. Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны “Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урилаа. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцож байна. Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн хүслээ
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хо. МҮХАҮТ, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан “Монгол Австрийн бизнес уулзалт”-ыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцолсон бол Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдгийг онцлов. Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.

Монголын эдийн засгийн орчин, зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бодит боломжийг нээн харуулах чухал боломж бүрдэж байна
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Австрийн бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од оролцон үг хэллээ. Тэрээр, өнөөдрийн уулзалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хийсэн яриа хэлэлцээ, уулзалтууд нь Австрийн тал Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх чин хүсэл, тууштай, нээлттэй байр суурьтай байгааг бидэнд тодорхой харууллаа. МҮХАҮТ-ын зүгээс Европын Холбооны гишүүн, өндөр хөгжилтэй орон болох Австрийн шилдэг туршлага, дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нутагшуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв. Бизнес уулзалтад Монголын талаас 80 орчим томоохон аж ахуйн нэгж, Австрийн талаас 7 салбарын 22 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцон В2В уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

В2В уулзалт болов
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Австрийн бизнес уулзалтын дараа В2В уулзалт болж Австри улсаас Эрүүл мэндийн салбарт дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх өндөр технологийн эмчилгээг шинээр нэвтрүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 10 гаруй компани оролцож, эмнэлгийн багц тоног төхөөрөмж авах шаардлага тулгараад буй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд болон шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж сонирхож, одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлж өргөтгөл хийх зорилготой байгууллага, эмнэлгүүдийг сонирхож байгаагаа онцолж байлаа. Мөн тросоор хөдөлгөөн хийх систем, төмөр зам, барилга болон үйлдвэрлэлийн салбарт зориулсан тросолон шийдлүүд, инженерчлэл, хүнсний үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн болон махны салбарын төлөөллүүд оролцон хөдөө аж ахуйн салбар дахь хувийн хэвшлүүд болон хөрөнгө оруулагчдын төслүүдийг сонирхож байгаагаа хэлэв.Монголын талаас МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүн, Алтанжолоо групп, Монгол Эм Импекс концерн, ХХБ зэрэг компаниуд танилцуулга, илтгэл тавьж, 60 гаруй ААН-ийн төлөөллүүд оролцон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.

Монгол, Австрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин, олон салбарт бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Санхүүгийн хамтын ажиллагааны 3 удаагийн хэлэлцээрийн хүрээнд нийт 120 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 16 төсөл амжилттай хэрэгжсэн. 2024 оны байдлаар Монгол Улс дэлхийн 163 улстай худалдаа хийж, 27.4 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй, 4.2 тэрбум ам.долларын эерэг тэнцэлтэй ажилласан. Австри Улс 2024 онд Монголын бараа бүтээгдэхүүнийг 5.03 сая ам.доллараар импортолж, харин Монгол Улс Австриас 34.5 сая ам.долларын өргөн хүрээний бүтээгдэхүүн импортлосон нь хоёр орны худалдааны харилцаа улам төрөлжиж, чанаржиж байгааг харуулж байна.

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
2025.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа. Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
2025.05.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Хэлэлцээний үеэр ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аялал жуулчлал, технологи, оюутан солилцоо зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Австрийн Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийсэн айлчлалын хүрээнд талууд “Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал” гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо. Айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдлээ. Өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.Уул уурхай, инновац, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, хөгжим, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо.Талууд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, ногоон бизнес, төмөр зам, барилгын салбарт хамтрахаар тохиролцож, Австриас хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдлээ. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад төлөөлөгч үдлээ.
