5 сар 23, 2025

Монгол, Оросын харилцаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

2025.05.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

2025.05.07. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно. Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

2025.05.08. ОХУ. Москва хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ. Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв. Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов. Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025.05.09. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм. Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль,  хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ. Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм. Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж,  ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

2025.05.09. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаагчдыг Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцахыг захилаа. Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад жил бүр 80-130 хүртэл цэргийн алба хаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна. Ерөнхийлөгч мөн сонсогч нарын хамт Москва хотын “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Д.Сүхбаатар 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энэ байшинд БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсоны дурсгалд зориулан энэ самбарыг суурилуулсан юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

2025.05.10. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо. 28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа. Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ. Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.