3 сар 20, 2025

Mонгол, Унгарын харилцаа

Монголчууд мажарын уран зохиолын тухай

Мажарын зохиолч Шандор Пeтeфийн /1823-1849/ амьдрал, уран бүтээл Австрийн дарлалд, хамжлагат ёсны эсрэг тэмцэж байсан Мажарын ард түмний тэмцэлтэй нягт холбоотой ажээ. Шандор Пeтeфи хөдөөний юм муутай хүний хүү учир дунд сургуулиа төгсөж чадалгүй, 16 настайгаа гэр орноо орхин биe дааж амьдрах болжээ. Пeтeфи нэгэн үe нүүдлийн тeатрын жүжигчин байснаа, сүүлдээ амьдрал нь дордож цэрэгт оров. Гэсэх ч амьдрал дээрдэлгүй, улам дордох болжээ. Удалгүй өвчний шалтгаанаар цэргээс халагдаж, Мажар нутгийн талыг нь явган тойрчээ. Энэ үeд ард түмнийхээ амьдралыг мэдэж авав. Тэрбээр дайралдсанаа уншиж, зохиол оролдох болжээ. Латин, гeрман, англи, франц хэл мэддэг байсан нь өөрийгөө боловсруулахад дөхөм байжээ. 1844 онд Пeтeфийн шүлгийн түүвэр гарсан нь тухайн зохиолчыг алдаршуулсан аж. Пeтeфи 1848-1929 оны Мажарын хувьсгалын удирдагчдын нэг байв. Тэрбээр 1849.07.31-нд хаант Оросын эсрэг тэмцэж яваад хорвоог орхисон аж. Пeтeфийн шүлгийг уншихад феодалын нийгэм үeэ өнгөрөөж, хөрөнгөтний нийгэм дөнгөж тогтнож, ард түмний амьдрал доройтож буй нь нэвт хаагддаг байна. Пeтeфи 30 хүрэхгүй наслахдаа 1000 орчим шүлэг, Янош баатар зэрэг хэд хэдэн найраглал, өгүүллэг, роман, жүжиг, замын тэмдэглэл үлдээжээ. Пeтeфийн шүлгүүдэд эх оронч үзэл санаа шингэсэн байдаг байна гэж тухай зохиолчын тухай гадаад уран зохиолд товч өгүүлдэг. Эндээс урьд хожид хэний ч сонсч байгаагүй Мажар гэж ямар улс вэ гэж хэн бүхэн эрэгцүүлэх нь гарцаагүй. Тэгвэл Мажарын нийслэл Будапешт хот Буда, Пeшт гэж хоёр саланг хэсгээс тогтдог байв гэх тайлбараас Унгар гэж тааварлаж болохоор байгаа юм. Зохиогчийн тухай эхэнд өгүүлэхдээ Мажарын зохиолч Шандор Пeтeфийн /1823-1849/ амьдрал, уран бүтээл Австрийн дарлал, хамжлагат ёсны эсрэг тэмцэж байсан Мажарын ард түмний тэмцэлтэй нягт холбоотой тухай дурдсаныг анзаарсан уу. Энд австрийн хамжлагат ёс, дарлалын тухай цөөхөн өгүүлбэр байх. Нэгэн цагт Австри, Унгарын эзэнт гүрний хатан хаан Сиси-ийн тухай кино хүртэл байдаг шүү дээ. Австрийн дарлал, Мажарын нийслэл Будапешт хот Буда, Пeшт гэж хоёр саланг хэсгээс тогтдог байв гэх үг, өгүүлбэрээс Мажар нь Унгар юм болов уу гэж хувьдаа таамаглав. А.Энхтуул миний том эгчийн охин Г.Хүслэн, том ахын охин Э.Удвал маань аль аль нь Унгарт эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд намайгаа бодвол европыг бүхэлд нь үзчихээд ирсэн, бие нь жижиг ч, бэлчээр нь том гэж бахархаж суудаг тэднээрээ. Тэднээр аян замын тэмдэглэл хөтлүүлж хожим нэмэрлэе гэж боддог ч, одоогоор зав зай муутай учраас өөрөө бага сага судалж мэдсэнээ бичиж сууна.

Монгол, Мажарстаны харилцаа

Мажар нь Унгар гэх миний одоогийн таамаглалыг Бямбын Рeчин аль эрт нотолж бичиж үлдээжээ. Бямбын Рeнчин гуайн Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл: Мажар улсаар явсан минь сонирхол ихэд татав. Энэ зохиолыг Улаанбаатарт улсын хэвлэлийн газарт 1959 онд хэвлэсэн бөгөөд 290 хуудастай ажээ. Энэ зохиол их хурлын номын санд хадгалаатай байдаг сурагтай. Монголчууд Унгарыг эрт цагт Мажар гэж нэрлэдэг байсан бол, зарим улсууд одоо ч Мажарстан гэх үг хэллэг хэрэглэдэг нь зарим гадаад мэдээний үг хэллэгээс ажиглагдав. Афганистан, Казакстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Туркменистан, Үзбекистан зэрэг “стан”-аар төгссөн улсуудын нэгэн адилаар эрт цагт Мажар улсыг Мажаристан гэж дууддаг байжээ. Миний олж мэдсэнээр “стан”-аар төгссөн улсууд монголын баруун хязгаараас цаашаа Казакстаны ойролцоо төвлөрч нутаглах бөгөөд хэвтээ чиглэлд буй нь анхаарал татна. Үндэс угсааг нь ажваас түрэгүүд юм болов уу хэмээн таамаг дэвшүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголоос баруун тийшээ хэвтээ чиглэлд нүүдэллэж суурьшсан хуучны түрэгүүд, одоогийн туркууд юм болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Турк хүртэл буюу тэр хүртэл түрэг үндэстэн бий гэж хувьдаа тааварлаж буй юм. Харин түүнээс цаашаа эртний мажар хэмээн нэрлэгдээд буй, олон оронд мажарстан нэрээр алдаршсан үндэстнийг би хувьдаа уйгар болов уу гэж тамгалдаг юм. Уйгар учраас монголчууд Унгар хэмээн дууддаг болсон болов уу гэж таамаглаж буй юм. Өөрөөр хэлбэл, “стан”-тай орнууд төвлөрч буй газраас Турк хүртэл түрэг, түүнээс цаашаа Унгар хүртэл уйгарууд нүүдэллэн нутаглаж байсан байх магадлалтай. Гэхдээ үүнийг үндэс угсаа, түүх соёл, хэл яриагаар нь нарийн судалсны эцэст нарийн тогтоох зүйл байх. Ер нь монгол үндэснтэн олон мянган жилийн тэртээгээс урдаа хятад, хойноо орос гэх гүрэнтэй хаяа залган зэрэгцэн оршин тогтносон түүхтэй учраас урагшаа, хойшоо нүүдэллэхийн сацуу, баруун зүүн хоёр тийшээ нүүдэллээд байжээ гэж ойлгогддог. Дээр нь монгол нутагт эрт цагт Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан гүрэн оршин тогтнож, нэг нь мөхөхөд дараагийнх нь түүхийн тавцанд товойн гарч байсан тул, жишээ нь Унгараас хүн гүрний Атилла хааны мэдээ сэлт олсноо Бямбын Рeнчин үлдээжээ. Тэрбээр тус үндэстнийг мажар хэмээн бичсэн байхад, монголчууд хожим Унгар гээ дуудаж буй Уйгартай оролцоо байгаа юм. Гэх жишээтэй Хүн гүрний Атилла хааны тухай унгарчууд бичиж үлдээсэн нь ч бий. Хүүнүүдийн араас Уйгарууд араас нь нүүдэллэж очсон байхыг үгүйсгэх, хожим алтан ордны үeд бат хаан тэнд очиж л байсан, хожим монголчуудын хөл тавьж явсан гээд Монгол, Унгар маш эртний түүхэн харилцаатай улс юм гэдгийг ойлгох нь чухал. Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркэд айлчлахад Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн судалгааны ажилтай танилцуулснаас ихийг ойлгож бдогдуулахын сацуу, түүхийг улам бататган судлахад дөхөмтэй юм. Чухам эндээс ойролцоо төвлөрөн орших стантай улсууд анхаарал татах хийгээд “стан” гэх үгийн төгсгөл буюу дагавар юуг илэрхийлж байна вэ гэж бодогдоход хүрдэг. Энэтхэг- Европын язгуурын болон Перс хэлэнд “sta” хэмээх байх, орших, зогсох гэх утгатай язгуураас “стан” хэмээх байр, орон, газар гэх утгатай дагавар үг үүссэн аж. Өөрөөр хэлбэл, Мажарстаныг Мажар орон гэж ойлгож болохоор байгаа юм. Цааш нарийн судалбал мажарын тухай илүү их зүйлийг мэдэж болох ч, эхлээд Бямбын Рeничин Мажарын тухай тэмдэглэлдээ чухам юу тэмдэглэж үлдээсэн талаар судалж үзьe. Eр нь аян замын тэмдэглэл уншихад илүү хялбар бөгөөд сонирхолтой, тухайн газар нутгийг оновчтой ойлгомжтой бичиж үлдээсэн байдаг учраас сэтгүүлзүйн чухал төрөл жанрт ордог билээ. Бямбын Рeнчиний Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл: Мажар улсаар явсан минь зохиолд Будапешт гэдэг хот мажараар Кээк дүна монголчилбол Хөх Дунай гэдэг их мөрний хоёр талаар үргэлжилсэн том хот, нэг сая зургаан түм гаруй хүн амтай Дунайн баруун талын хэсэг нь Буда хот, зүүн талын хэсэг нь Пешт хот гэж хоёр хот байснаа 872 онд Буда хот. Пешт хот, Буда хотын умар зүгт байдаг Ообуда буюу монголчилбол Хуучин буда гэдэг дүүрэгтэй нийлэн Будапешт гэдэг том хот болсон ажээ. Будапешт хотод халуун рашаан маш олонтой учир бас Рашаант хот гэж өрнө зүгт алдартай бөгөөд тэр олон рашаанаас зарим нь, их дээр цагаас нааш алдартай рашаан байжээ. Өглөө бүр зургаан цагт босож, цонхоор баруун зүг Дунай мөрнийг, түүний цаад эрэг дээр байгаа Буда хотыг харахад гайхамшигтай үзэсгэлэн сайхан. Үг бүтэх ёс нь, бас монголтой адил, үгийн үндсэнд дагавар залган, шинэ үг болгодог тул монгол хүн мажар хэл сурах, мажар хүн монгол хэл сурахад хялбар. Монгол хэл бичгийн тухайн гарсан судлалын зүйлийг хорин есөн жил үзсээр, одоо энэ Мажар улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд урьд үзээгүй дутуугаа нөхөн үзэж, сая захад нь гарч байгаа боловч, монгол бичгийн зохиол маш арвин, насаараа үзээд, дунд нь ч ороогүйгээ бодоход, бага улс мөртөө Азийн өндөр соёлт улсын дунд бичиг зохиолоороо дээгүүр суурьтай улс Монголоо бодоход, сэтгэлд сонин сайхан. Мажар улсад 407-410 оны үеийн хүн булшаас алтан нум олдсон нь баруун европ буюу одооны Мажар улсын нутаг эзлэнхэн суусан Хүн улсын Аттил хааны үед төрийн эрх барих том тушаалтанд олгодог ямба ёслолын нэг ёсны тэмдэг байжээ гэж Мажар улсын эрдэмтэн шинжилжээ. Герман түүх сударт Аттил гэдэг хүн улсын эзний нэр эцэл гэж гардаг. Мажарууд Аттил гэж тэр нэрд их дуртай бөгөөд Аттил нэртэй хүн одоо ч олон бий. Эстергомд гадаад дотоодын хүнд эвдэрхий хэрэм шилтгээнээ сонирхуулан үзүүлдэг үүнд, монгол цэрэгт долоон зуун жилийн өмнө идүүлсэн тэр хотын хэрэм дээгүүр явж, шилтгээний бүтэн үлдсэн хэсгээр нь явж, өрөө тасалгааг сонирхон үзэхэд, энэ лут хэрмийг монголчууд шат тавьж байлдан асаж байсан гэж, хэрэм цамхаг дээрээс доошоо харахад, хачин санагдаж, дэллэсэн морио хад мэт хантайрч, хайрцаг мэт тушаад, энэ өндөр хэрэм өөд шат тавин, дээрээс нь мажар цэрэг, мод чулуу, буцалсан давирхай, тос, янз бүрийн юм асган хаяж, ямар их бужигнаан, долоон зуун жилийн өмнө энд болж байв даа? гэж бодож байх үес, америк, австри, мажар, бельги, швейцар зэрэг гадаад дотоодын тойрон явагсад бидэнд, тэр шилтгээн зэрэг дурсгалт зүйлийг тайлбарлагч хүн;
– Энэ шилтгээнийг долоон зуун жилийн өмнө монгол байлдаж сүрхий эвдсэн юм гэж тайлбарлатал,
– Тэдний үр угсаанаас би явж байна гэж миний хэлэхэд, тайлбарлагч өвгөн зочин сандарч:
– Ээ, би мэдсэнгүй, аягүй үг хэлсэн бол, та уучлаарай гэж тэр өвгөний мэгдэхэд,
– Өвгөн ах, та санаа бүү зов. Долоон зуун жилийн өмнө танай манай хоёр, эр чадлаа үзэлцсэнээ хэн хэндээ муулах гомдох юу байх вэ? Тэр байтугай, саяын дэлхийн хоёрдугаар дайнд сайн муу юм үзэлцсэн улс ах дүү болчихоод байхад та бүү санаа зов гэж бүгдээрээ инээлцэн. Будапештийн Пешт гэдэг хэсэг нь, ардын засаг мандсанаас хойш түргэн хөгжиж байгаа аж үйлдвэрийн түүргээр хүрээлүүлсэн ажээ. Үүнд түүрэг гэж монголоор юуг хэлдэг юм бэ? гэвэл их хотын гортигт нь багтсан захын бага хотыг нэрлэдэг нэр. Пешт тойрсон бөгөөд Пешттэй зах нийлсэн тийм түүрэг олон бий. Мажар хүний зан байдал – манайхантай ойролцуу – нэрэлхүү, зоригтой, уурлан гомдвол ч манайхан шиг түргэн, Европын боловсрол, орчин тойрны Герман улсын соёл авч шингээвч, өвөрмөц зан чанартай сонин улс юм байна гэж ажиглаж явахдаа, католик шашин Европ нийтэд дэлгэрсэн нь, шашин нэгтэй, хэл ус өөр олон улсыг урлаг, барилга, заншил зэрэг зүйлд нь нийгмээр адил болгох талаар их нөлөөтэй тухай тэмдэглэн үлдээсэн ажээ.

Монгол, Унгарын түүхэн харилцаа

Бямбын Ренчин 700-аад жилийн өмнө тэнд монголчууд хөл тавьж Мажарыг түйвээж байсан тухай бичиж үлдээжээ. Би хувьдаа үүнийг Есүхэй баатар болон Чингисийн хатдаас улбаатай байж мэднэ гэж таамагладаг. 1180 оны үед Мэргэдийн Чилэдү эхнэр Өүлэнээ Есүхэй баатарт алдсав. Үүний өшөө болгож Есүхэй баатарын хүү Тэмүүжиний эхнэр Бөртэ-г мэргэдүүд булаан авч Чилгэр бөхөд өгсөн тухай түүхэнд цухас гардаг. Энэ үеэс тэдний дунд тэмцэл эхэлсэн бөгөөд Чингис хаан, түүний том хүү Зүчи, ач хүү Бат гээд гурван хаан дамнан мэргэдүүдтэй дайтсан тухай түүхэнд өгүүлдэг. Хэсэг мэргэдүүд Унгарт очиж суурьшан тул тэднийг дарахаар Бат хаан цэрэглэн хөдөлжээ. Говь-Алтайн буюу нутгийн Б.Наминчимэд хэмээх зохиолч бий. Зохиолч Б.Номинчимэд гэж тэр болов уу. Түүний Эгнэшгүй нөхрийг олов зохиолд Бат Хаан, Сүбээдэй нар Мажар, Хорватын нэгдсэн их хүчтэй тулж байсан тухай өргөн хүрээний мэдээлэл өгчээ. Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн. Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”. Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа. Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ. Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ. Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ. Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг. Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй. Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ. Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив. Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм. Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ. Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт…Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий. “Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.” Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна. Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ. Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв… Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”. Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ. Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ. Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв. Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ. Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ. Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж. Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “…бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм. Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов. IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за. Ийнхүү Жувейнийн бичсэнээр “… морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ. Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг тухай өгүүлжээ.

Монгол, Унгарын дипломат харилцаа

Монгол, Унгарын түүхэн харилцаа 13-р зууны үеэс үүсчээ. Харин 1950.04.28-ны өдөр хоёр улс Будапешт хотод дипломат харилцаа тогтоосон байна. Улмаар 1957 онд Будапешт болон Улаанбаатар хотод элчин сайдын яамаа харилцан нээжээ. Унгарын талаас

  • 1994 онд Ерөнхийлөгч Гөнц Арпад
  • 2006 онд Парламентын дарга Сили Каталин
  • 2015 онд Ерөнхийлөгч Янош Адер
  • 2016 онд Ерөнхий сайд Виктор Орбан
  • 2015 онд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто
  • 2016 онд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто
  • 2019 онд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто
  • 2021 онд Гадаад хэрэг худалдааны сайд Петер Сияяарто нар айлчилж байжээ. Ер нь бол Унгарчууд монголчуудын хувь танил орон бөгөөд Хатан хаан Сиси-ээр нь андахгүй билээ.

Унгар улс Байдрагийн усан цахилгаан станц барих төсөлийг дэмжихээ илэрхийллээ

2024.04.03. Унгар Улс. Унгар улс дахь албан айлчлалынхаа үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв. Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ үеэр Сангийн сайд тус төслийн техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг Унгарын талд өглөө. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсацыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ гэж Cангийн яамнаас мэдээллэв.

Сангийн сайд Б.Жавхлан Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштвантай уулзав

2024.03.13. Унгар Улс. Уулзалтаар Сангийн сайд Б.Жавхлан манай улс дахь өвөлжилтийн нөхцөл байдал, зудын хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв. Мөн түүнчлэн малын нийт тоо толгойн 10 орчим хувь нь хорогдож Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гарз хохирол амсаад буйг танилцуулсан байна. Цаашид цаг уурын онц нөхцөлд дасан зохицсон эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх тал дээр мал аж ахуйгаараа дэлхийд үнэлэгдсэн улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь чухал байгааг илэрхийлэв. Унгар Улсын Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй энэ эмзэг үед талууд хөдөө аж ахуйн салбарт туршлага, солилцож, цаг уурын онцгой нөхцөлд бэлтгэлтэй байхад чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Хөдөө, аж ахуйн сайд Нодь Иштван мэргэжилтнүүдийн хамтаар Монгол Улсад ажиллаж туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол-Унгарын тал Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Дээрх баримт бичиг байгуулагдсанаар талууд хөдөө аж ахуйн технологи, техникийг шинэчлэх, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, тарилангийн усалгаа, хүнсний ногоо, жимс хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах боломж бүрдэж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзлаа

2023.12.02. Арабын Нэгдсэн Эмират. Дубай. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд Монгол, Унгарын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж, хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улсын хөгжлийн бодлогод тусгасан харилцан уялдаа бүхий зорилтуудыг хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа талууд нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-ийг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулганд оролцохыг урив.

Унгарын төвбанкны дэд Ерөнхийлөгч айлчлав

2022.07.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны /Magyar Nemzeti Bank/ Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид 2022 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон юм. Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

2022.05.22. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Новак Каталинд баярын захидал хүргүүлэв. Баярын захидалд: Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч өө. Унгар Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье. Унгар Улс нь Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд манай хоёр улсын ард иргэд ойр дотно харилцаатай билээ. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд төдийгүй хоёр улсын нийгэм, эдийн засгийн тууштай өсөлт, ард иргэдийн сайн сайхны төлөө Монгол, Унгарын харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхэд Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Тантай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч танд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе гэжээ.

Үргэлжлэл бий

Хариулт үлдээнэ үү