Mонгол, ИБУИНХУ-ын харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт
2019.03.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхижиж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд хэд хэдэн харилцан айлчлал хэрэгжсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон худалдааны элч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно гэлээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ф.Малон: Тэрбум мод хөтөлбөр цагаа олсон алхам юм
2021.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Их Британийн Глазгоу хотыг зорьсон. Тэрбээр эх орноосоо мордохын өмнө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид гуравдагч хөрш Британи Улстай харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Харин Британийн Элчин сайд Ф.Малон: Монгол, Британийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон чухал алхам хэмээн онцолсон юм. Дэлхийн нийтийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Британийн Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд Ф.Малон тэмдэглэсэн. Мөн Британийн Глазгоу хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Глазгоу хотыг зорив
2021.10.31. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Энэ үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ
2021.11.01. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Борис Жонсонтой уулзав
2021.11.01. Их Британи. Глазгоу хот. Энэ өдөр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP-26 уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ноён хурлын дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна. Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө Монгол Улс-Ногоон хөгжил сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа, Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна. Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм. Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захиралтай уулзлаа.
2021.11.02. Шотланд улс. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захиралтай уулзлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек бараалхлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, техник, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Уур амьсгалын ногоон сантай Монгол Улс 2010 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Cүүлийн 10 жилд Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэнд тус сангийн удирдлагад талархал илэрхийлж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тодотгов. Тухайлбал, улам бүр хүрээгээ тэлж буй экосистемийн доройтол, цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг сааруулахад чухал ач холбогдол бүхий тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байгаа талаараа хэллээ. Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг баримталж ажиллана гэдгээ дурдав. Энэ хүрээнд Уур амьсгалын ногоон сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, энэ талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек: Тус сан нь Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлд тодорхой санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кортней Раттрейтэй уулзлаа
2011.11.03. Их Британи. Глазгоу хот. онгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейд шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад анхаарал хандуулж буйн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх Замын зураглалын хэрэгжилтийг чухалчилж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцууллаа. Түүнчлэн Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, судалгааны төвийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тэмдэглэв. ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Дээд төлөөлөгч Кортней Раттрей өндрөөр үнэлж, дээд төлөөлөгчийн газраас тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа идэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг Дээд төлөөлөгч онцлов. Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Дэлхийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
2021.11.03. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группын хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн Монгол Улс нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. Дэлхийн банк группын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа
2021.11.04. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт нь Монгол Улсад хурцаар тулгамдсан асуудал болоод буйг тодотгож, үүнтэй тэмцэх, сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах зэрэг санаачилга, шийдвэр гаргаад буйг хэллээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний механизмууд Монгол Улсын санаачилгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцид 1996 онд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд тус тус баталсан билээ. Энэ чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд дэмжиж, хамтран ажиллахаар боллоо
2021.11.04. Их Британи. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзлаа. Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд талархан хүлээж авч, хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Энэ талаар ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ‘Ерөнхийлөгч хийх ажлаа эх орондоо эхлүүлээд ирсэн учир дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд таатай хүлээж авлаа. Ажлын эхлэл бол тухайн ажлын тал нь гэдэг шиг бид нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх ажлаа хийж дууслаа. Дэлхийн улс орон, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтарч, тэдний дэмжлэгийг авах бүрэн боломжийг бүрдүүллээ’’ гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарик бараалхсан. Тус сан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс тодорхой санал, санаачилга гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсноо Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилга дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрей онцолжээ. Дэлхийн банк групп Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Д.Энхжаргал III Чарльз Лондон хотноо Бакенхэм ордонд уулзав
2022.02.01. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцуулан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльз Лондон хотноо Бакенхэм ордондоо Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны үүсгэн байгуулагч, Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан, Мянганы сорилтын сангийн захирал Данзанбалжирийн Энхжаргалтай уулзжээ. Английн хаантай уулзсан арга хэмжээ анх удаагийнх биш аж. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоог анх үүсгэн байгуулагдахад тухайн үеийн Ханхүү Чарльз өөрийн зурсан, гарын үсгээр баталгаажуулсан зургаар хандив өргөснийг нь дуудлага худалдаагаар 10000 паундаар зарсан гэдэг. Үүнийгээ Эрүүл мэндийн яаманд хандивлаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн аянд 10000 паундын дэмжлэг үзүүлсэн тухайгаа өөрийнхөө цахим хуудаст жиргэсэн нь бий.

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгийн эзэд гадаадад суралцахаар мордов
2022.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил эхний ээлжид 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.

Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны ойг шуудангийн маркийн нээлтээр эхлүүллээ
2023.01.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болов. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон “Их Британи, Монгол Улс нь марк болон шуудангийн үйлчилгээний өнө удаан жилийн уламжлалтай ард түмэн билээ. Их Британи Улс нь анхны шуудангийн маркийг 1840 онд гаргаж, улмаар Британийн эзэнт гүрний шуудан өртөөний найдвартай сүлжээг бий болгосон юм. Монгол Улс анхны үндэсний маркийг 1924 онд гүйлгээнд гаргасан хэдий ч Чингис хаан дэлхийн анхны шуудан өртөөг Монголын эзэнт гүрний үед байгуулсан түүхтэй. Энэхүү дурсгалын маркны нээлт нь дипломат харилцааны ойг тэмдэглэн үлдээх чухал арга хэмжээ болж байна. Монгол шуудан компанийн бүтээсэн энэхүү марк нь өвөрмөц шийдэлтэй, гайхалтай бүтээл болсонд өөрийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. Нэгэн жарны ой гэдэг бол аливаа харилцаанд чухал, тэр тусмаа хоёр орны харилцаанд нэн чухал. Британи Улс анх барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүгээрээ ч байнга бахархаж ирсэн юм гэв. Уг маркт Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 оны бат бэхийн бэлгэдэл “Элдэв-Очир”, Англид хэвлэгдсэн дэлхийн шуудангийн анхны марк 1840 оны “Хар Пенни” болон Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн лого зэргийг тус тус дүрслэн харуулжээ. Хэлхээний чимэглэл хэсэгт Монгол, Британийн төрийн далбаа, Отгонтэнгэр хайрхан, шуудан өртөөний гэрүүд, нүүдэллэж буй гэр тэрэг, гэрэгэ барьсан буухиа шуудангийн элч, Английн далайн шуудан тээврийн далбаат онгоц, дундад зууны үеийн шуудангийн байр, дөрвөлсөн морьтой шуудангийн сүйх тэрэг зэргийг тус тус зохиомжилжээ. Марк нь нийт 20 мянган ширхэг хэвлэгдсэн байна. Монгол маркийн түүхэнд Британийн холбогдол бүхий сэдвээр Хөл бөмбөгийн ДАШТ /1966, 1978, 1982, 1998, 2022/, Нийслэлийн түүх /1978/, Төмөр зам /1979, 1992, 1997, 2000/, Далбаат хөлөг онгоц /1981/, Унадаг дугуйн түүх /1982/, Тракторын хөгжил /1982/, Агаарын бөмбөлөг /1982/, Нохой /1984, 1991/, Автомашин /1986/, Сүүлт од /1986/, Дэлхийн маркийн үзэсгэлэн “Лондон” /1980, 1990/, Дэлхийн Скаутын холбоо /1992/, Диана гүнжийн дурсгал /1997, 2008/, Мянганы нээлтүүд /2000/, Хүн төрөлхтөний түүх /2002/, Хатан хаан Элизабет II /2008/, Хун тайжийн хурим /2011/, Олимпын тоглолт Лондон /2012/, “Битлз” хамтлаг /2013/, Дэлхийн нэрт эрдэмтэд /2014/ зэрэг олон марк шуудангийн гүйлгээнд гарч байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно
2023.05.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно. Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ. Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно. Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна
2023.05.06. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна. Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд эртний уламжлалын дагуу залж буй нь Хатан хаан хоёрдугаар Элизабетын 70 жилийн засаглалын дараах шинэ эринийг эхлүүлж, ирээдүйг бэлэгдэж буйг Букингемийн ордноос мэдэгдсэн юм. Хаан сэнтийд залах төрийн ёслолд Хааны гэр бүл, гадаадын улс орны төр, засгийн тэргүүн зэрэг 2000 орчим дээд, өндөр хэмжээний зочид оролцов. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1969 онд Лондонд Элчин сайдын яамаа нээсэн бол Британи Улс 1964 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Хаан жүжиг тоглох Колизей театрт зочлов
2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Монгол хаан жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцав. Тэрээр Монгол хаан жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ. Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт Тоска, Айда, Набукко дуурь, Хунт нуур, Жизель балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британи улсад сурч буй монгол оюутнуудтай уулзлаа
2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Британи Улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт шалгаран Британи Улсад суралцаж буй оюутнууд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдгээ илэрхийлэв. Оюутан залуусын төлөөлөл “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгаран дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж буйдаа баяртай байгаагаа хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй залуус нэгэн зорилгын дор нэгдэж, тулгарч буй сорилтуудыг хамтдаа туулж, хичээн суралцаж байгаа гэлээ. Суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлдээ шамдахаас гадна хувь хүний хөгжилд анхаарч, арвин туршлага хуримтлуулж, эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа оюутан залуус онцолж байв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хилийн чанадад суралцаж буй монгол залуус бие биенээ дэмжиж, хамтдаа хичээн суралцах нь чухал гэдгийг хэлж, Монгол Улсын төр, засгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнийхээ хөгжилд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ дагуу 2021 оноос эхлэн жил бүр 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав-
2023.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буйг Ерөнхийлөгч онцлоод, Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монголын төр, засаг болон найрсаг, зочломтой ард түмэнд Элчин сайд Филип Малон талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ойрын 10-15 жилийн дотор хөгжин дэвжсэн орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэв. Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн намтай Санамж бичиг байгууллаа
2023.10.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ оны 06-р сард Монгол Ардын Нам Германы Социал Демократ нам “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан анхны Ази тивийн улс төрийн хүчин болсон. Тэгвэл 2023 оны 09-р сарын 29-нд Монгол Ардын Нам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн Намтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдал нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажиллаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн нам, Монгол Ардын Нам нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нийтлэг үнэт зүйл, зарчимд суурилсан харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагааны суурийг бий болгосон. Энэхүү санамж бичиг нь нийгмийн ардчиллын нийтлэг үзэл санааг ахиулахад түлхэц өгөх үүрэг гүйцэтгэх юм. Санамж бичиг байгуулагдсанаар хоёр нам дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд: Хоёр намын харилцаагаа улам өргөжүүлэх, стратегич, зөвлөхүүдийн хооронд туршлага солилцох, Намын бодлого, бүтээн байгуулалтын талаар мэдээлэлээ хуваалцахад хамтран ажиллаж байхаар боллоо. Энэ үеэр Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Давид Эванс хэлсэн үгэндээ “Олон улсын дэвшилтэт бодлогын хамтын нийгэмлэгүүдийн хүчээр дэлхий дахинд тулгарч буй аюул заналхийллийг даван туулж, иргэдийн маань аюулгүй ирээдүйг бий болгож чадна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь бидний хамтын харилцааг бэхжүүлж, дэвшилтэт социал демократ бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам боллоо гэжээ.

Чарльз хаан мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав
2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал, санаачилгыг дэмжихээ нотлов. Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2010-2015 онд Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа болж байгаа юм. Айлчлалын үеэр “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д Дэвид Камерон нар гарын үсэг зурсан байна. Мөн ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох яам, агентлагын удирдлагууд гарын үсэг зуржээ.
