2 сар 10, 2025

Монгол, Өмнөд Суданы харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

2019.03.14. Өмнөд Судан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

2019.03.13. Өмнөд Судан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд 2018 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв. Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийллээ. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэлжээ.

У.Хүрэлсүх: Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй

2020.09.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Тэрээр “Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг бодлогод тусгасан байгаа. Дэлхийн  улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд  мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна. Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна.  Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг “Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчдад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна гэжээ.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав

2021.12.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дүрвэгсдийн аюулгүй байдал, тус улсын болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагналаа. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид болон гэр бүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 20 мянга гаруй, түүний дотор 872 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа  

2024.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлов. Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1,000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаан тэмдэглэлээ. Энхийг сахиулагч дайчдын үйл хэрэг бол Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулж буй жинтэй хувь нэмэр, Зэвсэгт хүчний түүхэнд тодоос тод гэрэлтэн үлдэх гавьяа зүтгэл хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөөх үйлсэд ямагт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ бодлого, үйл ажиллагааны гол арга хэмжээ, үр дүн нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дахь Монгол Улсын оролцоо юм гэлээ. Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон ажиллаж байгааг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголоо. Ийнхүү монгол цэргийн нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад төр, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэв. Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг хань, гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Хариулт үлдээнэ үү