Монгол Улс, Дэлхийн банкны харилцаа

Дэлхийн банк манай улсын өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ
2009.07.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн банк манай улсын өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Манай улсын өмнөд бүсэд уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Тодруулбал, Тавантолгой, Ухаа худаг, Баруун наран, Цагаан толгой, Нарийн сухайт, Овоот толгой, Сүмбэр, Шивээ-овоо, Оюутолгой, Цагаансуваргын ордууд тус бүс нутагт оршдог. Эдийн засгийн үр ашиг бүхий уул уурхайн ордуудын хөгжлийг дэмжих үүднээс өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн тайлбарыг Дэлхийн банкныхан өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх салбаруудыг дэмжихэд бэлэн байгаагаа Дэлхийн банкныхан хэлж байна. Гэхдээ, Монголын Засгийн газар өмнөд бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийг эх үүсвэрийг Дэлхийн банкнаас хүссэн тохиолдолд туслалцаа үзүүлэх боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Товчхондоо манай талаас хүсэлт гаргавал тус банк туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Ийнхүү Дэлхийн банк өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд зогсохгүй, тус бүс нутгийн дэд бүтцийн стратеги төлөвлөгөөг гаргасан байна. Тавантолгой, Нарийн сухайт, Оюу-толгой, Цагаан суваргын уурхай жилд таван тэрбум ам.долларын нүүрс, зэсийн борлуулалт хийх боломжтой. Гэхдээ дэд бүтцийг шийдвэрлээгүй цагт энэ хэмжээний бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс ач холбогдол бүхий ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд дэд бүтцээ шийдвэрлэх хэрэгтэйг дэлхийн банкныхан зөвлөж байгаа юм. Тиймдээ ч, дэд бүтцийг шийдвэрлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байгааг тэд нарийвчлан гаргажээ. Тухайлбал, төмөр зам, цахилгаан, эрчим хүч, усны эх үүсвэр зэргийг бий болгоход 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм байна. Үүний 1 тэрбум 150 сая ам.доллараар төмөр зам барина. Энэ хөрөнгөөр Тавантолгойн ордоос хэд хэдэн чиглэлийн төмөр зам тавьж болох хувилбар гаргасан байна. Тодруулбал, Тавантолгойгоос Гашуунсухайтаар дамжуулж Хятадын Баотау боомт хүртэл төмөр зам тавихад хүрэлцэнэ. Мөн Тавантолгойн ордоос Замын-Үүдийн боомтыг дамжуулж Датун Кинхуандоа боомт руу төмөр зам тавих. Үүний сацуу Тавантолгойгоос Цагаан суваргын ордыг дамжуулан Сайншанд, Чойбалсан хотоор дайрсан төмөр замыг оросын Владивосток руу тавих. Таван-толгойгоос Айраг, Чойбалсангаар дамжуулан Владивосток руу төмөр зам тавих, мөн Тавантолгой–Айраг-Улаанбаатар-Улаан-Үүд-Владивосток чиглэлд төмөр зам тавих. Үүнээс гадна, Тавантолгой-Улаанбаатар-Улаан-Үүд-Владивосток чиглэлд төмөр зам тавих зургаан хувилбар гаргажээ. Тавантолгой жилд 20 сая тонн нүүрс хятадын Хуанхуа боомт руу гаргана. Үүнээс орж ирэх орлого 6.2 тэрбум ам.доллар байна. Харин оросын Владивосток руу нүүрс гаргавал жилд 1.5 тэрбум америк долларын орлого олно гэж тооцоолжээ. Тиймээс ч, хоёр боомт руу зургаан чиглэлээр төмөр зам тавих боломжтой гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргаад байна. Харин Оюутолгойн үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан эрчим хүчийг хятадаас авах нь хамгийн хямд тусна гэж Дэлхийн банкныхан үзжээ. Нөгөө талаас өмнөд бүсэд дор хаяж нэг цахилгаан станц нэмж байгуулах шаардлагатай гэж тус банк үзсэн байна. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хугацаа 2005 онд дууссан. Дарханы дулааны цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2013 онд дуусна. Тэр үед Оюутолгой зэрэг өмнөд бүсэд байршиж байгаа уул, уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад эрчим хүч дутагдана. Хэдийгээр Засгийн газар 5 дугаар цахилгаан станц, Шивээ-Овоог түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа ч, энэ нь өмнөд бүсийн уул, уурхайн ордуудыг эрчим хүчээр хангаж чадахгүй. Тиймээс өмнөд бүсэд нэмж нэг цахилгаан станц барих шаардлагатай. Үүнд, 2 тэрбум 711 сая ам.доллар шаардлагатай байгааг дэлхийн банкныхан онцолж байгаа юм. Өмнөд бүсийн уул, уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад ус хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Зарим нэг байгууллагууд өмнөд бүсийн уул, уурхайн ордуудад шаардлагатай усыг Хэрлэн голоос татъя гэсэн санал гаргаж байсан удаатай. Тэгвэл дэлхийн банкныхан Хэрлэн голоос өмнөд бүс руу хоолойгоор ус татахад зардал өндөр гарна. Тухайлбал, 500 сая ам.доллар шаардагдаж байгаа. Харин газрын гүний ус ашиглаж эхлэхэд нийт 260 сая ам. доллар шаардагдаж байгаа. Уул уурхайн компаниудад хоногт 350 мянган метр куб ус шаардлагатай болно. Харин тус бүс нутгийн газрын гүний ус өдөрт 500 мянган метр куб байгаа ажээ. Тиймээс газрын гүний ус ашиглах нь зүйтэй гэсэн саналыг дэлхийн банкныхан гаргажээ. Дэлхийн банкнаас гаргасан өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх судалгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед ингэж тайлбарлаж байна. Монгол улсын өмнөд хэсэгт уул уурхайн хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэхэд нэлээд хэдэн жил шаардлагатай. Тус бүс нутгийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацааг тодорхойлж, олон түмний санаа бодлыг сонсон, хэлэлцэх хэрэгтэйг Засгийн газарт зөвлөж байна. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам усны нөөц байхгүй бол эдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй.
Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ
2017.04.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Цаашид ОУСК-аас шинээр “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Харин Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад хэлэхдээ “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх” төслийн зорилго нь: Шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хилийн худалдааны зардлыг бууруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Тус төслийн хүрээнд дараах бүрэлдэхүүн ажлуудад төвлөрч ажиллана гэв. Үүнд:
- Импортлогч улс орнуудын тарифын болон тарифын бус, түүнчлэн холбогдох зохицуулалтын саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн институц, дадлыг бий болгох замаар зах зээлд (ялангуяа хөрш зэргэлдээ улс орон болон Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэж буй улс орнуудын хувьд) нэвтрэх чадамжийг дээшлүүлэх;
- Худалдааны хууль эрх зүйн зохицуулалтын уялдааг хангаж хялбарчлах, хилийн хяналт болон түүний үйл явцтай холбоотой хүндрэл, чирэгдлийг бууруулах, худалдааны нэгдсэн порталыг байгуулах замаар худалдааг хөнгөвчлөх, ложистикийг сайжруулах;
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний брэнд тэмдэг, гэрчилгээг олгох, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх, хамрагдахад бизнес эрхлэгчдийн чадамжийг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн чадамжийг бэхжүүлэх зэрэг болно гэв.
Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2017.10.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.10.30/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ. Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв. Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан захирал ноён Мартин Райзэрыг хүлээн авч уулзав
2019.04.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан захирал ноён Мартин Райзэр, Дэлхийн Банкнаас Монгол улсад суух Суурин төлөөлөгч ноён Андрэй Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч ноён Рупат Алимарданов, Дэлхийн банкны эдийн засагч Жан Паскал нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа эдийн засгийг тогтворжуулах Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын талаар болон Монгол улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Дэлхийн банкны орон хариуцсан захирал ноён М.Райзер цаашид Монгол улсыг хариуцан ажиллахаар томилогдсон явдалдаа баяртай байгаагаа илэрхийлээд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн сахилга хариуцлага, ил тод байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлээд Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны шинэ стратегийн баримт бичгийг боловсруулахдаа Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилт баталлаа
2021.02.11. АНУ. Вашингтон хот. Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм. Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа юм. Өнөөдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Андрей Михнев: Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүргийг гүйцэтгэнэ гэж тэмдэглээд, Өнөөдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь КОВИД-19-ийн эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ. Олон талуудын хүчин чармайлтаар хэрэгжиж буй ACT-A, COVAX зэрэг хөтөлбөрүүдийн санаачлагчдын нэг болох Дэлхийн Банк нь вакциныг өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхийг дэмжих тал дээр идэвхтэй ажилласаар байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байна.. 2020 оны 4-р сард батлагдсан Mонгол улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг гурав дахь шатлалын гурван төв эмнэлэг болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, оношилгооны чадавхийг дэмжиж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг Дэлхийн Банк Группын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ: Хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилт, мөн мэдлэгийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох Дэлхийн Банк нь КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хөгжиж буй орнуудад үүссэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ноцтой үр дагавруудыг бууруулахаар өргөн хүрээтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цар тахлын эсрэг вакцин, оношлуур, эм хэрэгслийг худалдан авах, түгээх болон дархлаажуулалтын үндэсний тогтолцоог бэхжүүлэх тал дээр бага, дунд орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэхээр 12 тэрбум ам. долларын санхүүгийн дэмжлэгийг батлаад байна. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Дэлхийн Банк Группын өргөн хүрээтэй үйл ажиллагаа, тухайлбал дэлхийн 100 гаруй оронд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын хамгийн эмзэг хэсгийг хамгаалах, нөлөөлөлд өртсөн иргэдийн ажлын байр, амьжиргааг хадгалан хамгаалах зэрэг чиглэлээрх дэмжлэг, үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжиж байна гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.
Дэлхийн банк, Валютын сангийн уулзалт боллоо
2021.04.24. Монгол Улс. Улаанбаатар хот. ОУВС, Дэлхийн банк гишүүн орнуудынхаа нөхцөл байдал болон дэлхийн эдийн засаг, тулгамдсан асуудлуудын талаар жил бүр хоёр удаа өргөн хүрээний төлөөлөгчид оролцсон уулзалт хийдэг билээ. ОУВС, Дэлхийн Банкны 2021 оны хаврын уулзалт энэ сарын 5-11-ны өдрүүдэд болж, цахимаар зохион байгуулагдлаа. Сангийн сайд Б.Жавхлан ОУВС, Дэлхийн банкан дахь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх гол төлөөлөгчийн хувиар оролцлоо. Хаврын уулзалтын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн дэд захирал ноён Мицүхиро Фүрүсава, Дэлхийн банкны Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква, Дэлхийн банкны группт Монгол Улсыг төлөөлөх үүрэг бүхий захирал ноён Нэйжэл Рэй, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жиоф Готлиб болон ажлын хэсгийн бусад гишүүдтэй цахимаар уулзаж ярилцсан юм. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого болох Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын Засгийн газар иргэдээ Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамруулахаар ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ ажлын байр хамгаалахад анхаарч байгааг дурдав. Мөн Олон улсын байгууллагуудаас гишүүн орнуудын вакцинжуулалтад зориулан олгож буй санхүүгийн дэмжлэгийн зарим шаардлагаа эргэн харах, илүү уян хатан болгох нь ялангуяа хөгжиж буй орнуудад ихээхэн дэмжлэг болохыг Сангийн сайд Б.Жавхлан хүслээ. ОУВС, Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үр дүнтэй шуурхай байгааг дурдаж, шаардлагатай үед хөл хорио тогтоож, иргэдээ шинжилгээнд хамруулж, вакцинжуулалт бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй хурдтай байгааг сайшаасан байна. Түүнчлэн ирэх жилүүдэд хамтран ажиллах түншлэлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группийн төлөөлөл бараалхлаа
2021.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк групп (ДБГ)-ийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төр, засаг хүн амаа дархлаажуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн банк групп болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн баярын мэнд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт нийгэм, эдийн засгийн шилжилтээс эхлэн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирснийг онцлов. Зөвхөн цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн банк групп 120 гаруй сая ам.долларын санхүүжилт, үүний 50.7 сая ам.долларыг дархлаажуулалтад зориулж олгосонд талархал илэрхийллээ. Талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт түүн дотроо цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байгааг онцоллоо.

Дэлхийн банкныхан Санхүүгийн зохицуулах хороонд зочлов
2022.07.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Хассан Заман, ахлах эдийн засагч Диаз Санчес болон бусад нэр бүхий төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзлаа. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын итгэлт түнш байсанд талархлаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үзүүлсэн арга зүйн туслалцаа, тухайлбал тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, Хорооны зохицуулалтын шинэ салбарын эрсдэлийг тооцоход ихээхэн үр дүнтэй байгааг онцоллоо. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн нээлттэй компани болохтой холбоотой зохицуулалт болон виртуал хөрөнгийн зохицуулалт, санхүүгийн салбарт учирч байгаа эрсдэлийн талаар танилцуулга хийж, энэ талаар харилцан санал солилцлоо. Цаашид Хорооны зохицуулалтын хүрээ улам өргөжиж, санхүүгийн салбарт технологи эрчимтэй нэвтэрч буй энэ үед зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, Хорооны мэдээллийн технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтээ Хорооны дарга Д.Баярсайхан илэрхийллээ.

Дэлхийн банк Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
2021.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группын хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн Монгол Улс нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. Дэлхийн банк группын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлнэ
2022.12.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны Орон хариуцсан захирал, хатагтай Мара Варвик болон тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2023 оны жилийн төсөв, төсвийн шинэчлэл, хүүхдийн мөнгө, гадаад валютын нөөц, нүүрсний экспорт болон Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл, Ухаалаг засаг-2 төсөлийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлснээр махны төрөлжсөн логистикийг хөгжүүлж, авто замын сүлжээний бэлэн байдлыг сайжруулан, логистикийн тогтолцоог бүрдүүлснээр эцсийн хэрэглэгчид шинэ, сайн чанарын мах, махан бүтээгдэхүүнээр хангаж, мах, махан бүтээгдэхүүний өрсөлдөхийг чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчид очих махны өртгийг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын макро эдийн засгийн хүрээнд нүүрсний экспортын хэмжээ 2022.11.30-ны байдлаар 27.0 сая тонн байгаа бөгөөд энэ оны төгсгөлд 28.0 сая тоннд хүрэхээр, мөн гадаад валютын нөөц 2022.11.30-ны байдлаар 2,935.1 сая ам.доллар байгаа тухай товч мэдээллийг өглөө. Түүнчлэн Чингис бондын 1,500.0 сая ам.долларын өрийг 2022 оны 12 дугаар сарын эхээр бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан гадаад валютын нөөц тодорхой дүнгээр буурсан ч тогтворжиж байгаа тухай мэдэгдэв. Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкнаас Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацаатай хөтөлбөртэй уялдуулахыг хүсээд хүний хөгжлийг дэмжсэн тэр дундаа хөдөө, орон нутагт амьдарч буй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд ямагт бэлэн гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа
2023.06.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Гадаад харилцааны сайдын санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлж, чуулга уулзалт үр дүнтэй болж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Цар тахлын дараа эдийн засаг, худалдааг сэргээх, идэвхжүүлэх нь улс орон бүрийн чухал зорилт болж буй бөгөөд Монгол Улс Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй нь үүний нэгэн илрэл хэмээн онцоллоо. Чуулга уулзалтын үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Олон улсын худалдааны төвийн “SheTrades” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүлж байгаад баяртай байгаагаа хэлэв. Энэхүү санаачилгын хүрээнд Монголын эмэгтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бусад олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдтэй холбоо тогтоох, харилцан туршлага хуваалцах боломж нээгдэх юм. Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулж, ногоон болон цахим худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хөндөж буй нь өндөр ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ. Олон улсын худалдааны төв нь Монгол Улсын Үндэсний экспортын стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны бодлогын хэрэгжилтэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Гүйцэтгэх захирал Памела Хамилтон илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төв нь худалдааг дэмжих, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Монгол Улсад чухал ажлуудыг хэрэгжүүлж ирсэн ойрын түнш байгууллага гэдгийг тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.
