Монгол, Катарын харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа
2017.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ. Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ. Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа
2018.03.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав. Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов. Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэжээ.
