Mонгол, Шинэ Зеландын харилцаа

Оцон шувуутай ойр орших Шинэ Зеланд улс
Шинэ Зеланд баруун өмнөд номхон далайд орших хоёр том арал болон олон тооны жижиг арлаас бүрдсэн улс. Нийт 268 021 км² газар нутагтай улс бөгөөд нийслэл нь Веллингтон юм. 2003 оны байдлаар 5,1 сая орчим хүн амтай дийлэнх нь европ гаралтай оршин суугчид бол, цөөнх нь уугуул иргэд болох Маори үндэстэн гэх судалгаа гарчээ. Шинэ Зеландын арлуудыг Голландын далайчин Абел Тасман нээсэн бөгөөд тэнд хөл тавьсан анхны европ хүн байв. Тэрбээр, шинээр нээсэн арлуудаа Staten Landt хэмээх нэр өгсөн бол, хожим Голландын зураг зүйч Жоан Блэу Nova Zeelandia буюу Шинэ Зеланд хэмээн нэр өгчээ. Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасманы тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог байна. Тус улс газарзүйн өвөрмөц тогтоцтой бөгөөд Австралийн цаана, Антарктидийн наана оршдог гэж ойлгож болох талтай. Өөрөөр хэлбэл, өмнөд туйлтай хамгийн ойр оршиж буй улс бол Шинэ Зеланд юм. Дийлэнх хүмүүс цагаан баавгай, оцон шувуу хоёр нэг дор зэрэгцэн оршдог гэж боддог ч үнэндээ үгүй юм. Цагаан баавгай хойд туйлд амьдардаг бол, оцон шувуу өмнөд туйлд нутагладаг онцлогтой. Тиймээс оцон шувууг хамгийн ойроос үзэж болох тохиромжтой улс бол Шинэ Зеланд гэж тодорхойлж болохоор байна. Оцон шувуу нисч чаддаггүй бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөдөг. Бүх зүйлийн оцон шувуу нь дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст буюу антарктидад амьдардаг ч, Галапагос оцон шувуу нь эквадорын дэргэд нутагладаг аж. Ингэхдээ том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр нутагладаг бол, жижиг зүйлүүд нь дулаан бүсээр нутагладаг байна. Оцон шувууны хамгийн том зүйл нь император бөгөөд нас бие гүйцсэн нь дунджаар 1.1 метр өндөр, 35 килограмм жинтэй байдаг. Харин хамгийн жижиг зүйл нь цэнхэр оцон шувуу бөгөөд 40 см өндөр, 1 килограмм жинтэй гэнэ. Балар эртний зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөртэй, хүнд жинтэй байжээ. Үүний нэг нотолгоо бол, АНУ-ын эрдэмтэд Шинэ Зеландын эргээс манай гараг дээр 50 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн том оцон шувууны чулуужсан үлдэгдлийг олсон явдал аж. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл Journal of Paleontology сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд Шинэ Зеландаас олдсон чулуужсан олдворууд нь оцон шувууны сүрэг гайхалтай олон янз байсныг харуулдаг байна. Энэхүү оцон шувууг Kumimanu fordycein хэмээх шинэ төрөл зүйлд оруулсан бөгөөд оцон шувуудын төрлөөс хамгийн том нь гэж эрдэмтэд өгүүлсэн байдаг. Олдсон оцон шувуудаас хамгийн том нь буюу 154 килограмм жинтэй байсан учраас тэр юм. Судлаачид оцон шувууны байршлын газрын зургийг дараах байдлаар гаргажээ.

Монгол Улсын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй оролцоо
2025.01.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсхийгээд дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад уригдаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурал зөвлөгөөнд оролцоод ирдэг билээ. Яагаад өнөөдөр хүн бүр энэ сэдвийг ярьж, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна вэ. Үүний нэг шалтгаан нь дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж антарктид тивийн мөс хайлж буйгаас дэлхий нийтээрээ нэг л өдөр усанд автаж болзошгүй байдал үүсээд байна гэж боддог. Тийшээ судлагаа хийхээр явсан монгол судлаач нүдээр үзэж, биеэр туулахдаа тэндэхийн мөс хайлаад урсч буйг хараад санаа зовниж буйгаа бичсэн нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Цэнхэр гарагийн өмнөд хязгаар Антарктидад зорчсон нь аян замын тэмдэглэлийг уншсан хэнд ч тийм сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Тиймээс антарктидаар судалгаа хийж, аялаад ирсэн монгол судлаачын тэмдэглэлийг олж уншсанаа онцлохүй байхын арга байсангүй. Үүгээрээ Антарктидад хүрэх зам тэмдэглэлээ хэвлүүлжээ. Тийшээ сурахаар, ажиллахаар, аялахаар яваа хэнбугай ч үүнийг уншихад илүүдэхгүй биз ээ. Ямар ч байсан түүний судалгаа, аялал, тэмдэглэлийг уншаад Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн хувь нэмрээ оруулж буйг харж болохоор байлаа. Тиймээс түүний аян замын тэмдэглээс дор хүргэe.

Цагаан тивийн сонин хачин
2023.07.21. Монгол Улс Улаанбаатар хот. Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрч, аялал жуулчлалын хөтөлбөр төрөл бүрээр хөгжиж буй ч Антарктидад хөл тавина гэдэг хэн хүнд олдох боломж биш билээ. Газар зүй, цаг агаарын тун ч хатуу нөхцөлд орших өмнөд хязгаарт техник технологи, аюулгүй байдал, макро түвшний олон шийдвэрүүдээс шалтгаалан жилд ойролцоогоор 50 мянга гаруй хүн л зорчдог гэх тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл мөсөн туйлд зочлох боломж ердөө 0.00000000625 буюу 160 сая хүн тутмын нэгд л уг газрыг нүдээр үзэж, биеэр мэдрэх аз тохиодог ажээ. Цагаан тивд хөл тавих ховорхон боломжийг атгаж, хоёр сар орчмын хугацаанд судалгааны ажил хийгээд ирсэн Н.Ялалт нь хүрээлэн буй орчны химич, дэлхий судлал-геохимийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд өдгөө БНСУ-д докторын хөтөлбөрт суралцаж байгаа ажээ. Бакалаврын оюутан байх үеэсээ хүрээлэн буй орчны бохирдлын асуудал тэр дундаа усны бохирдлын чиглэлээр судалгааны багт ажиллаж, байгаль орчны үнэлгээний компанид мэргэжилтнээр ажиллаж байсан нь түүний цаашдын судалгааны ажлын эхлэлийг тавьсан гэх. БНСУ-д очсон цагаасаа л магистр, докторын судалгааны ажлаараа дэлхийн уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн талаарх судалгааг лавшруулан хийсээр байгааг нь тодотгууштай. Товчхондоо судалгааны ажил, мэргэшин суралцаж буй мэргэжлийн онцлог нь Антарктидад хөл тавих замыг түүнд нээж өгчээ гэж Антрактидад хүрэх зам тэмдэглэлийн зохиогчийнх тухай өгүүлсэн байна.

Байгаль орчны түүхийг уснаас
Антарктидын мөсөн бүрхүүл дээр өрөмдлөг хийж авдаг мөсөн цооногийн дээж дээр ажиллах нь өнө удаан жил (Олон улсын хамтарсан төсөл дээр гэхэд 800 мянган жил хүртэлх настай мөсөн цооног бий гэнэ.) давхарга үүсгэн хуримтлагдсан эртний цас/усны дээж дээр шинжилгээ хийж, улмаар өнгөрсөн зуун, мянган, эрин дэх агаарын температурын өөрчлөлт, түүний найрлагын талаар мэдээлэл авах боломжийг олгодог аж. Түүний явсан Антарктидын судалгааны экспедицийн хувьд сүүлийн жилүүдэд хамгийн эрчтэй хайлж, массын алдагдалд өртөж, улмаар далайн усны түвшинд нөлөөлөх эрсдэл бүхий Баруун Антарктидын мөсөн хэсэгт хүрч очих зорилготой байв. Улмаар уг тивийг агаараас тандан судлахаас гадна мөсөн дээр ажиглалтын багаж суурилуулан цооног өрөмдөж, автоматжуулсан шумбагч багажаар мөсөн мөргөцгийн доод хэсгийн далайн усанд физик хэмжилтүүд хийх, усны дээж авах, далайн усны массын төрлүүдийг изотоп, хими, микробиологийн шинжилгээгээр тодорхойлох, далайн гүний хурдсын өрөмдлөг хийх зэрэг цогц аргаар судлан, өмнөд тивийн масс хайлалт нь дэлхийн далайн усны түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодруулах, шинжлэх, түүнд шаардлагатай судалгааны дээжүүдийг цуглуулах даалгавартай байсан гэж зохиогч аяллын болон судалгааны зорилгоо тодорхойлсон байна.

Аварга Араон гэж юу вэ
Тэмдэглэлд гарах гол дүрүүдийн нэг нь яах аргагүй Араон байв. Төсөөлөхөд төсөөлөл минь хүртэл жижиг мэт санагдах аварга том онгоцыг бусад төрлийн нүсэр усан онгоцнуудаас ялгаруулах зүйл олон бий. Өөрөөр хэлбэл Араон бол БНСУ-ын хойд болон өмнөд туйлын судалгаандаа ашигладаг зориулалтын хурц хошуугаар тоноглогдсон мөс зүсэгч хөлөг онгоц юм. 111м урт, 38.25м өндөр, нийт 7507 тонн овор жинтэй, 3070 тонн ачааны даацтай. Судалгааны зориулалтаар тоноглогдсон буюу том өргөгч кранууд, далайн гүний хэмжилтүүдэд ашиглагдах зангуу олс бэхэлгээтэй, гол тавцангаас доош хоёр давхар, дээш зургаан давхар бүхий нүсэр бүтэцтэй гэх. Гаднах төмөр хийц нь жирийн ган хийцээс 1.5 дахин бат бөх, хошуу нь 1 мeтр хүртэлх зузаан мөсийг зүсэх хүчин чадалтайгаас гадна хоёр ч нисдэг тэрэг багтах агуулахтай гэхээр нүдэндээ харж үзээгүй уншигч бидэнд тун соньхон. Үүгээр ч дуусахгүй, хөлдөөх агуулах, –86 градус хүртэл хөлдөөх гүн хөлдөөгч, хөргөгчнүүд хүртэл тэнд бий. Судлаачдад зориулсан өрөөнүүд, судалгааны лабораторууд, хэрэгцээтэй зүйлсээр бүрэн тоноглогдсон онгоцны зургуудыг үзэхэд урамтай гэж зохиогч Араоныхаа тухай өгүүлжээ.

Антарктидийн тухай хэр мэдэх вэ
Дэлхийн бөмбөрцгийн хамгийн өмнөд хэсэг буюу өмнөд хязгаарын мөсөн тив Антарктид. Бидний оршин буй дэлхий дээрх хамгийн онгон дагшин, хүний хөлд өртөөгүй (судалгааны суурин баазууд болон аялагч нарыг эс тооцвол), аль нэг улс оронд өмчлөгдөөгүй, хамгийн алслагдсан, хамгийн хүйтэн, хамгийн их салхитай газар бол Антарктид билээ. Аль байршилд хүрэхээсээ хамаарч зөвхөн усан онгоцоор очих боломжтой бөгөөд зарим байршилд нь агаарын замаар олон дамжин ниссээр хүрэх боломжтой. Гэхдээ зөвхөн өмнөд туйлын зуны улирал буюу 11-2 дугаар сарын хооронд л энэ тийш зорчих юм. Учир нь 3-10 дугаар сарын хооронд Антарктидад туйлын өвлийн улирал үргэлжилж, хоногийн 24 цагийн турш харанхуй бүрхэх бөгөөд энэ үеэр температур огцом унан, улмаар далайн мөс зузаардаг тул ямар ч усан онгоц очих боломжгүй болдог байна. Дэлхийн хамгийн хүйтэн газар болон Антарктидад хамгийн хүйтэн хэм буюу –89 градус бүртгэгдсэн байдаг. Хойд туйлтай харьцуулахад далайн түвшнээс дээш илүү өндөрт өргөгдсөн ба илүү хүчтэй салхитайгаараа ялгаатай. Ойролцоогоор 14 сая.км2 үргэлжлэх (Монгол улсын газар нутгийн хэмжээнээс бараг ес дахин том) өргөн уудам талбайтай ба газар нутгийнх нь 96 хувь нь тэр чигээрээ мөсөөр хучигджээ. Мөсний зузаан дунджаар 1826м, хамгийн ихдээ 4800м хүрдэг буюу ойролцоогоор 1455 орчим давхар барилгатай дүйцэхүйц зузаан хүртэл тохиолддог гэх. Өмнөд далайгаар хүрээлэгдсэн тул бөмбөрцгийн өмнөд хэсгийн эх газруудаас бүрэн тусгаарлагдсан ба уг асар их хэмжээний мөсөн бүрхүүлийн зузаан нь уг тивийг дунджаараа манай гаргийн хамгийн өндөрлөг газар болгодог байна. Дашрамд дурдахад, Антарктидтай ойр Шинэ Зеланд улс гайхалтай байгальтай учраас Бөгжний эзэн, Хоббит киноны зураг авалтыг Шинэ Зеландд хийжээ. Мөн тус киноны найруулагч Шинэ Зеландад төрж өссөн байна.

Яагаад Антарктидийг сонирхох ёстой вэ
Антарктидад манай гаргийн нийт мөсний массын 88 хувь, цэвэр усны нөөцийн 75 хувь нь мөсөн хэлбэрээр хадгалагдаж буй. Энэ их тоон утгууд, асар их нөөц, Антарктид тивийн өөрчлөлт нь дэлхийн агаар, усан мандал цаашлаад хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, цаашид хэрхэн нөлөөлж болох талаар судлах шаардлагыг үүсгэж байдаг. Яахын аргагүй олон нийтийн анхаарлаа хандуулах сэдвийн нэг мөн юм. Товчхондоо Антарктид тив дэлхийн цаг уур, уур амьсгалын системд хүчтэй нөлөөтэй. Антарктид дахь байгаль, цаг уурын өөрчлөлт нь хүн ам суурьшсан, суурьшаагүйгээс үл хамааран дэлхийн бүхий л хэсэгт нөлөөлнө гэсэн үг. Харамсалтай нь энэ тив уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлын нөлөөнд өртөж, аль хэдийн мөсний массаа алдах болсныг дурын судалгааны үр дүнгээс хялбархан харж болно. Өнгөрсөн 25 жилийн (1992-2017) хугацаанд ойролцоогоор гурван триллион тонн (3,000,000,000,000 тн) мөс алдсан гэх тооцоо ч бий. Хэрвээ энэ эрчээрээ Антарктидын мөсөн бүрхүүл бүхлээрээ хайлж, далайд нийлвэл усны түвшин 57.9±0.9 м-ээр ихсэж, одоогийн олон хот сууринг усанд автуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд өмнөд туйлд дулаарал ажиглагдаж, ирээдүйд ч улам дулаарахыг таамагласан тооцооллууд гарсаар байна. Эндээс дэлхийн дулаарлаас шалтгаалж Антарктикийн мөс хайлсаар байвал, дэлхийн нийт усанд автана гэсэн миний бодол, судлаачийн дүгнэлт хоёр яг таг таарч буйг дүгнэж хэлэхэд таатай байна. Ийнхүү зохиогч номынхоо тухай өгүүлсэн бол, аян замын тэмдэглэл нь илүү сонирхолтой бөгөөд тэнд хэрхэн аж төрж байснаа тэмдэглэжээ. Түүнийг ойлгоход надад их хялбар санагдлаа. А.Энхтуул миний тухайд хойд мөсөн далайн наах нь Санкт-Пeтeрбург хотод суралцаж баклавр хамгаалж явахдаа байгалийн гамшгаас учирч буй хор хөнөөлийн тухай бишгүйдээ мэдээ хичээл дээр сонсч явлаа. Хойд мөсөн далайн уур амьсгал өвөлдөө ямар хүйтэн гэж санана, харин зундаа цагаан шөнөөр нойргүй болчихдог байснаа санаад зарим нэг төсөөтэй зүйл байгааг анзаарав. Төсөөтэй зүйл нь энэ болов ч, уг судлаачаас ялгарах зүйл надад бий. Балтийн тэнгисээс урсан гарах Нeва мөрний дээгүүр алхаж, Эрмитажын музeйд очин тэнд хадгалаатай Монголынхоо түүх соёлтой танилцахын сацуу, Мeндeлeeвийн музeй дэргэдүүр гарч төв сургуулийн урт коридороор алхан, ховор ном зохиол амтархан уншиж, факультeт дээр өдөр бүр олон улсын сэтгүүлзүйгээр хичээллэж явсан нь саяхан билээ. Түүний аяллын тэмдэглэл сэтгүүлзүйн бичвэрийн нэг төрөл учраас мэргэжлийн зүгээс миний анхаарлыг татахын сацуу судалгааны сэдэв нь мөн анхаарал татлаа. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад байсхийгээд уригдаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж хэдий хэмжээний гамшиг нүүрлэж, хохирол учирч талаар илтгэл тавьдаг учраас дээрх судлаачийн зохиол болон тэмдэглэлийг онцолсон нь ийм учиртай. Дээр нь уг судлаач Шинэ Зеландаас Антарктид орсон нь хоёр орны харилцаа сайн байгааг харуулаад зогсохгүй, монголчуудад антрактид хүрэх замыг засаад ирсэн, миний тухайд сэтгүүлзүйн жанр болох хяслын тэмдэглэлээр дамжуулж ямар шинэ соргог мэдээлэл дамжуулсан нь сонирхол татав, харин тухайн судлаачийн хувьд ямар нэг нээлт хийх итгэл найдвар өвөрлөж тэр холын замыг туулсан байж таарна.
Цэнхэр гаригийн өмнөд хязгаар Антарктидад зорчсон нь
2022.04.08. Харилцаа холбоо, тээвэр логистик хөгжсөн өнөө үед цүнхээ аваад таван тивээр аялах нь хэцүү зүйл биш болсон хэдий ч дэлхийн хязгаар болох мөсөөр хучигдсан өмнөд, хойд хоёр тивд хөл тавина гэдэг хэн бүрийн биелүүлж чадах хүсэл биш хэвээрээ л буй. Тэгвэл цагаан тивд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй судлаач Н.Ялалт зургаан орны хамтарсан судалгааны экспедицийн багт багтсанаар өмнөд туйлд хөл тавьсан гарын арван хуруунд багтах монгол хүмүүсийн нэг болсон билээ. Антарктидийн мөсөн дээр 2022 оны нэгдүгээр сарын 23-ны 00:22 цагт хөл тавив. Цаг хугацаа орон зайн хувьд өөр гараг дээр байгаа мэт санагдах нь танил бус мэдрэмж байлаа. Тэнгэрийн хаяа даган, үүлсийн доор үзэгдэх мөсөн бүрхүүлүүд далайн ус, нарны өнгөтэй хослох нь хачин үзэсгэлэнтэй. Яг л зүүд шиг… Өмнөд далайн хүчтэй урсгалд дайвалзан явсаар мөсөн тивд хүрч, дэлхийн нэгэн хязгаарт хөл тавьсан өөртөө итгэж ядан, гайхсан, айсан олон мэдрэмжид автан, жингүйдэж зогссон үе эгээ л өчигдөр мэт. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг Антарктид хэмээх энэ хол газар байгаадаа итгэж ядан, сэтгэл дотор хачирхалтай мэдрэмж эрхгүй төрнө. Зүрхний цохилт хурдсаж, уртаар ойр ойрхон гүнзгий амьсгаа авах гэх мэтээр цаг тутамд л тайвшрахыг хичээж явлаа. Магад энд тархи толгой яг л байгалийнхаа жам ёсоор төвлөрөн ажиллаж байгаа тул мэдэрч байгаа зүйлс нь тийм хүчтэй байсан болов уу. Учир нь урьд өмнө нь хэзээ ч харж, мэдэрч, сонсож байгаагүй онгон дагшин байгалийн өнгө үзэмж, агаар, салхины чимээг сонордон амтлах боломж энэ байлаа. Урт хугацаа, хол замд түм буман бодолд автаж, тоолж барахын аргагүй баялаг зүйлс мэдэрснээ энэхүү тэмдэглэлдээ сорчлон оруулж, бусадтай хуваалцахыг хүссэн юм. Миний хувьд 2014 онд МУИС-ийг “Хүрээлэн буй орчны химич мэргэжил”-ээр төгсөж, 2017 оноос дэлхий судлал-геохимийн чиглэлээр БНСУ-ын “Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль”-д магистраа хамгаалаад үргэлжлэн 2020 оноос докторын хөтөлбөрт суралцаж буй. Өмнө нь зөвхөн алсын зайнаас судалж, судалгааны өгүүллүүдээс уншиж, гэрэл зургаас харж төсөөлөхөөс цаашгүй байсан надад Антарктид тив, Росс тэнгис (Ross Sea), Амундзсен тэнгис (Amundsen Sea), далайн мөс (sea ice), мөсөн уулстай (iceberg) өөрийн биеэр танилцаж, судлах завшаан тохиолдсон нь гайхалтай. 2021 оны өвөл буюу арванхоёрдугаар сарын 19-нд гэрээс гаран, нийт 42,408.716 км зам туулан 2022 оны хавар буюу гуравдугаар сарын 06-нд эргэн ирсэн гурван сарын аяллын адал явдлаа дор хүүрнэе гэж зохиогч онцолсон байна.
Цагаан тивийг зорих зам
2022.01.23. Антарктид хүрэх замд 30 насны төрсөн өдөр тохиов. Бүгд Найрамдах Солонгос Улс, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Франц зэрэг олон улсын судлаачдаас бүрдсэн Антарктидийн судалгааны том экспедицэд сургуулиа төлөөлөн (төслөө төлөөлөн) ажиллах боломж олдсон нь амьдралын минь шинэ арван эхэлж буй энэ л чухал үетэй давхацсан нь цаанаа л утга агуулгатай мэт. Учир нь гэвэл, Антарктидад ирэх боломж тийм ч их биш, ойролцоогоор 0.000001 хувийн л магадлалтай байдаг гэнэ лээ. Сөүлийн цастай хүйтэн өвөл хэдхэн цагийн (23 цаг 50 минутын дараа) дараа +25 градустай Шинэ Зеландын Крайстчөрч (Christchurch) хотын зуны улирлаар солигдож, үүнээс цааш далайд гарснаар бүрхэг, нартай, салхитай, бороотой, цас мөндөртэй олон төрлийн цаг уурын нөхцөлтэй таарч явлаа. Шөнийн цаг тул орчин тойронд сааралтсан бүрсгэр өнгө ноёлж байсан ч мөсөн тив рүү дөхөх тусам тэр харанхуй бүр мөсөн алга болов. (Антарктидад нар хамгийн өндөр цэгт манддаг 10-3 дугаар сарын хугацаанд “өдөр” үргэлжилсээр байх ба бусад саруудад харанхуй нөмөрч, цаг агаар эрс хүйтэрдэг.) Энэ урт аяллын гол зорилго нь, сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хайлж, массын алдагдалд өртөөд байгаа Антарктидын мөсөн (Thwaites Glacier, Pine Island Glacier, Dotson ice shelf) хэсэгт хүрч, тухайн газар нутгийн агаар, газар, далайг цогц аргаар судлан, өмнөд тивийн масс хайлалт нь дэлхийн далайн усны түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодруулах явдал юм. Бөмбөрцгийн хойд хэсэгт байрлах БНСУ-ын Сөүл хотоос өмнөдийг чиглэн дагуу агаараар 13,413 км зам туулж Шинэ Зеланд улсын өмнөд арлын Крайстчөрч хотод буув. Крайстчөрч хотын Литтлетон боомтоос “АРАОН” (БНСУ-ын Туйлын Судалгааны Хүрээлэнгийн Антарктид болон Арктикийн судалгаанд ашигладаг хөлөг онгоц) мөс зүсэгч хөлөг онгоцонд Антарктидийн судалгааны багийн 43 гишүүд дунд монгол иргэншилтэй ганцхан судлаач нь болон суусан нь энэ. Ингээд бид “АРАОН” онгоцоор хил хязгаар нь үл үзэгдэх асар уудам далайд гарлаа. Мөсөн тив рүү ойртох тусам агаарын температур буурсаар, хөвж буй мөс үзэгдэж эхлэн, улмаар бүр битүү мөсөөр бүрхсэн хэсэгт оров. Мөсөн цөл гэмээр энэ газарт хөлөг онгоц мөсөн уулсыг дундуур нь гатлан өнгөрөв. Харж байгаа зүйлсээ хэрхэн хүлээн авахаа ч үл мэдэн гайхширна. Ингэж байтал бие биедээ ойртсон өндөр, нам, урт, богино хөвж яваа мөс тааралдах нь улам ихэслээ. Анх харж байгаа надад сонирхолтой санагдах ч “мөсөн тив зах, ирмэгээсээ бутарч, задгай далайд салан хөвж яваа нь энэ шүү дээ” гэдэг бодол байгаль орчны тогтвортой байдал талаасаа гуниг төрүүлэх аж. Далай дээр хөвж байгаа байдал, цэлийсэн тэнгэр, далайн ус… Хэзээ ч харсан анхных мэт сүрдмээр сонин санагдах нь хэвээр. Оцон шувуу, далайн хав, халим, шувууд гээд сонин содон амьтадтай хэд хэдэн удаа таарав. Нэг хэсэг газарт халим харсан бөгөөд дурандаа буулгах гэж мунгинах хэдхэн хоромд хөдөлгөөнөөс нь үүссэн долгион л үлдэж байлаа. Энэ тохиолдолд халимны зургийг дарах гэж цаг алдах биш харин нүдээрээ сайтар харж, толгойдоо тогтоож авдаг юм гэнэ. Тэнгэр цэлмэг, салхи багатай тогтуун байж, мөсөн тив өөрийн өнгө үзэмжээ харуулж байгаад талархаад ханашгүй. “АРАОН” хөлөг онгоцноос ч өндөр, том хэмжээтэй урт мөсөн уулс хажуугаар өнгөрнө. Цаашлаад “Мөсөн уулсын хаант улс” гэж хэтрүүлэн нэрийдмээр асар том мөснүүд наана цаанаа орж бөөгнөрсөн хэсэг газрыг өнгөрч явлаа. “Нүд баясна” гэдэг нь л энэ байх. Цэлийсэн том далай дээгүүрээ цагаан бүрхүүлтэй болжээ. Цагаан, хөх, цэнхэр, саарал өнгөөр хүрээлэгдсэн орчинд явсаар. Хүйтэн салхитай өдөр. Хэдхэн минут зогсоход гар бээрч, даарсандаа улайчихна. Салхи ихтэй үед хийсэх шахам тул юмнаас сайн барьж явахгүй л бол болохгүй. Цаг агаар муу тохиолдолд аюулгүй байдлын үүднээс онгоцны задгай тавцан дээр гарах, ер нь л гадаа гарах хориотой. Нарны шил, нарны тос, дулаан малгай, бээлий, хальтрахгүй гутал, салхи, ус нэвтэрдэггүй хувцас хэрэглэлтэй дотно нөхөрлөж явлаа. Далайн усанд унана гэдэг үхэлтэй шууд нүүр тулж байгаагаас ялгаагүй гэнэ. Учир нь гэвэл, уснаас татаж, гаргаж авч болох ч аврагдахаасаа өмнө хөлдсөн байдаг аж. Эсвэл бүр татаж авах ч боломжгүй болдгийг анхааруулж байлаа. Давалгааны улмаас далайн ус онгоцны тавцан дээр урсаж хөлдөнө. Хөлдүү мөсөн дээр хальтрахаас эхлээд хүчтэй салхинд хэд хэдэн удаа хийссэнээ бодоход усруу унах нь тийм ч холын аюул биш бололтой. Далайн мөс хөлөг онгоцыг маань зуурах боловч “АРАОН” хурц хошуу, нүсэр жингээрээ далайн мөсийг хагалан урагшилсаар байв. Аль ч тийшээ харсан цагаан өнгө нүд гялбуулна. Усан онгоцны нүсэр хөдөлгүүрийн дуу энэ цагаан мөсөн ертөнцөд хамгийн их чимээ гаргах бөгөөд үүнийг эс тооцвол Антарктид тэр чигээрээ амар амгалан гэмээр. Ийнхүү бид мөсөн тивд амжилттай хүрэв.
Антарктид дахь адал явдал
50 см орчим өндөртэй жижигхэн бондгор амьтад (оцон шувуу) байдгаараа нүдээ бүлтийлгэн “Энэ хэд чинь хаанаас гараад ирэв?, юу вэ?” гэх шиг л биднийг гайхан харж, яахаа мэдэхгүй балмагдан зогсоно. Үнэндээ тэр үед би ч тэднээс нэг их ялгагдах юмгүй балмагдсан байдалтай явлаа. Улаан цагаан өнгө хосолсон манай хөлөг онгоц болон улаан хувцсаар жигдэрсэн судалгааны багийнхныг хараад энэ хоёр оцон шувуу юу бодож байгаа бол гэдгийг төсөөлөхөд л тун сонирхолтой. Далайн давалгаа, салхи огтхон ч байхгүй гэж болмоор нам гүм байдал үүсэв. Далайд гарснаас хойш байгаль дэлхий биднийг ингэж тайвнаар хүлээн авсан удаагүй шахам, дандаа л хоёр тийш савлуулж байсан тул нэг л хачирхалтай, сүрдэм мэдрэмж төрнө. Нарны хурц гэрэлд мөс цагаан биш мөнгөлөг цагаан өнгөтэй үзэгдэх бөгөөд далайн усанд тусах дүрс нь огтхон ч сарнихгүйгээр үл барам бодитоосоо ч илүү мөнгөлөг саарал харагдах аж. Урт нарийссан цайвар үүл, мөс хоёрыг ялгаж харахын тулд хоёр нүдээ байн байн анивчин, хэрэндээ чармайна. Харж байгаа үзэмжээ яг тэр л хэвээр нь бусадтай хуваалцахыг хүсэх ч, харамсалтай нь жинхэнэ амьд, сүр хүчит төрхийг нь бодитоор харж байж л мэдэрч болохуйц ажээ. Уулга алдаж, удаан ажиглан зогсохоос аргагүй, үгээр илэрхийлж, бичих боломжгүй мэт гайхамшигтай өнгө үзэмж нүдний өмнө улам тодорсоор. Сүрлэг том, анир чимээгүй байдал, хүйтэн салхи, сэрүүн температур нь мөсөн тивийг тайван унтаж байгаа мэт санагдуулах ч сайтар ажиглавал захын ирмэг хэсгүүдээсээ эмтрэн хагарч, далайн гадаргуу дээр хөвж буй жижиг том мөс үзэсгэлэнт тивээс үүрд салж байгаа нь харагдана. Мөсөн тивийг сэрээчихгүй юмсан. Энэ хэвээр нь урт удаан хадгалж, хамгаалах сан.
Судалгааны явц ба хүндрэл бэрхшээлүүд
Судалгааны ажил хэрхэн явагдах бол? Алдаа гарах болов уу? Хэрхэн илүү сайн хийх вэ? гэх мэт санаа зоволт, гэр бүлээсээ хол, өвдөх эрхгүй нөхцөл, далайн өвчинд өндийж ч чадахгүй өнгөрүүлсэн өдрүүд. Нэмээд ковид19-аас өөрийгөө хамгаалан, судалгааны ажил цуцлагдан буцахаас айж сандчих сэтгэл зүй гээд амаргүй зүйлс олон байв. Судалгааны цэгүүд өөр хоорондоо ойрхон үед унтах завсар гарахгүй л байлаа. Байнга гэгээтэй байх тул хоногийн 24 цаг дахь нойр, хоолны цикл үндсэндээ алдагдав. Саяхан л оцон шувуу, мөс, цас барьж үзээд, догдлол дүүрэн зураг даруулж байсан бол одоо тэр үе дутуу нойр, толгойн өвдөлт, хоолны дуршилгүй байдал, дотор муухайралтаар солигджээ. Байрлал, гадаад орчин, сэтгэл зүйн хувьд нэг төлвөөс нөгөөрүү огцом шилжиж байв. Нойр, хоолондоо сайн байж л ажлаа амжилттай хийх тул судалгааны цэг хооронд зорчих богино хугацаанд амжиж идэж, унтах ёстой болно. Яг л утсаа цэнэглэж байж хэрэглэдэг шиг биеэ цэнэглэж байгаа мэт санагддаг. Олон өдөр дараалан ингэж ажиллахаар яг л робот эсвэл ямар нэг төхөөрөмж шиг эв хавгүй мэдрэмж авах тул унтаж чадахгүй хий хөрвөөн хэвтсээр босох үе төсөөлснөөс ч олон. Мөсөн тив хүйтэн харанхуй өвлийн улиралдаа бэлдэж байгаа гэлтэй өдөр ирэх бүр цэлмэг өдрүүдийн тоо цөөхөн болж байгаа санагдана (Өмнөд туйлд гуравдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүл хүртэл шөнө үргэлжилнэ). Давхар бидэнд ч бас явах цаг дөхөж буйг сануулж байгаа гэлтэй. Яг л өөр ертөнц, өөр гарагийн орон зайд шумбаж ороод буцан явах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Баяртай хэзээ ч мартахгүй Антарктид
Мөрөөдлийн Антарктид ард хоцорч, нар, сарны туяа бидний буцах замыг гэрэлтүүлэн чиглүүлэх өдөр иржээ. Ийнхүү шөнийн харанхуй эргэн ирэв. Умард зүгийг зорин “АРАОН” буцаж байна. Хэм хэмжээг тааруулан, хэт нэг туйл руу хазайлгүйгээр, утга учиртай амьдрах талаар эргэцүүлсэн, өөрийгөө таньж мэдэрсэн цаг хугацаа байлаа. Залуухан судлаач эмэгтэй, багаа төлөөлөн ганцаараа явж байгаа гэх мэт дутуу үнэлсэн, болгоомжилсон, санаа зовсон сэтгэлийг бяцхан ч гэсэн гэрэлтүүлсэн гэж бодож байна. Жижиг ч гэлээ удаан хугацаанд асан гэрэлтэж болохоо ч мэдрэв. “АРАОН” дээр байгаа хүмүүстэй англи, солонгосоор хоршуулан ярьж байсан нь олон судлаачидтай танилцах, яриа өрнүүлж, тав тухтай оршиход давуу тал болж байсныг дурдах хэрэгтэй. Хэрэндээ л монгол хүн хэмээх хүндтэй нэр дор хичээсээр ирэв. Боломж бүх хүнд байдаг. Хаанаас, ямар гараанаас эхэлсэн эсэх нь ялгаатай байж болох ч хүрэх газар, хийх зүйлс, мэдрэх мэдрэмжинд хязгаар үгүйг ойлгож авлаа. Судалгааны ажил амжилттай дууссаныг илтгэн судалгааны багийнхан нийтээрээ зургаа даруулах бөгөөд бид хамтдаа “АРАОН” онгоцоор нийт 15,432.716 км далайн замыг туулжээ. Монгол улсын далбаа Амундзсен тэнгис ба түүнтэй хиллэх Антарктидийн мөсийг тойрон анх удаа мандаж байна. Хичнээн сайхан байсан гэж санана. “Хангалттай сайн байлаа, хангалттай сэтгэл ханамжтай судалгааны ажил бас аялал байлаа” гэж өөртөө бахархалтайяа хэлмээр байна. Төсөөлж байсанаас олон хүмүүстэй танилцаж, олон зүйл сурсан аялал байлаа. Дахин хэзээ ирэх нь тодорхойгүй, ер нь дахин ирэх боломжгүй ч байж мэдэх энэ л үзэсгэлэнт тивээс авсан мэдрэмжүүд, хором мөч бүрийг насан туршдаа нандигнан дурсаж явах болно. Судалгаагаа хийх боломж олгон биднийг хүлээн авсан цэнхэр гарагийн өмнөд хязгаар Антарктид, сүрлэг мөсөн далайд талархаж байна. Энэ дэлхийд нарийн утга учир, хайраар холбогдсон гэр бүлийнхэндээ мөн талархъя. Антарктид хүрэх аяллыг хамтдаа бүтээлцсэн судалгааны багийн гишүүд, “АРАОН” онгоцны ажилчид, тусалж дэмжсэн, заавар зөвлөгөө өгсөн багш нар, лабораторийн багийнхан, ажлын хамт олон, найзууд хэн бүгдэд баярлаж байна. Байгальд ойр байх, байгалиас авах эрч хүч, аялалд дурлах, шинэ зүйлс мэдрэх, хүссэн зорьсон зүйлдээ хоёргүй сэтгэлээр тууштай хөдөлмөрлөхийн чухлыг дамжуулан хүргэхийг хүссэн урт бичвэрийг минь энэ хүртэл уншсан танд ч мөн баярлалаа. Хүндэтгэсэн, Дэлхий судлал-геохимийн магистр, БНСУ-ын “Ихуа” эмэгтэйчүүдийн их сургуулийн докторант, геохимийн лабораторийн судлаач Н.Ялалт гэжээ. Түүний аян замын тэмдэглэлээс сэтгүүлч А.Энхтуул миний дэвшүүлсэн оцон шувуу зөвхөн урд мөсөн далайд бий гэдэг нь батлагдав. Яагаад гэхээр хойд мөсөн далайд цагаан баавгай л бий. Үүнийг юунаас мэдэж болох вэ гэхээр тус улсын уран зураг, хүмүүсийнх нь нэршил гэхчлэн олон зүйлээс мэдэж болно. Мөн Антарктид хүрэхэд хамгийн ойр газар бол Шинэ Зeланд, тэндээс л явах бололцоотой гэдгийг батлав. Цаашлаад дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, урд мөсөн далайн мөс хайлж буй нь байгалийн гамшиг гарахад нөлөөлж буй хүчин зүйл мөн гэж миний дэвшүүлснийг түүний судалгаа бататгав. Түүний тэмдэглэлээс энэ мэт олон сонирхолтой мэдээлэл авахаас гадна, тийш зүглэх нь эрсдэл ихтэйг судлаач мөн онцолсныг анхаарах нь зөв болов уу.
Шинэ Зеландын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.16. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975.04.08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Үргэлжлэл бий…