Монгол, Филиппины харилцаа

Sheraton Mонголд
2022.12.03. Mонгол Улс. Улаанбаатар хот. Sheraton зочид буудал монголд нээгдэхээр болжээ. Өдийд барилга нь баригдаад захиалгаа авч буй юм байна. Дэлхийд нэр хүндтэй уг зочид буудал монгол улсад баригдаж байгаа нь жуулчид хүлээн авах газар нэгээр нэмэгдэж буй нь таатай хэрэг юм гэж олзуурхав. Тиймээс Sheraton зочид буудлыг онцлон бичихийг зорив. Багаасаа л уг зочид буудлыг гадарлана. Б.Аюуш аав маань азийн таван бар улсаар томилолтоор яваад ирэв. Тэндээс ирэхдээ Японы Токио хотын The New Otani, Филипины Манила хотын Sheraton зочид буудлын зурагтай ил захидал бичдэг открыттой ирэв. Томилолтоор явахдаа байрлаж байсан газрынх нь танилцуулгын открыт юм байлгүй дээ. Тэрхүү открыт дээрх зургийг хожим интернетээс хайж үзсэн ч, Филиппин улсын Манила хотын Sheraton зочид буудал яг тэр төрхөөрөө олдсонгүй. Надад байгаа открыт дээрх зураг дээр Century Park Sheraton Manila-ийн гадна талд олон орны туг намирч байх. Австрали, Герман, Япон, Солонгос, Америк гэхчлэн олон орны туг намирч байгаагаас олон орны зочид төлөөлөгчид хүлээн авдаг нь илт. Яг тэр төрхөөр нь интернетээс зургийг нь хайгаад олсонгүй. Арай дөхүүг нь оллоо. Арга ч үгүй биз. 30 орчим жилийн өмнөх Sheraton яг тэр төрхөөрөө өнөөдөр байж байна гэж юу байх вэ. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Москва хотод Higher school of economics-д суралцаж байгаад, 2018 оны сүүлчээр ирж явахдаа, нисэх онгоцны буудал хүрэх зуур андуураагүй бол Sheraton зочид буудлын салбар байхыг харлаа. Манила хот дахь Sheraton зочид буудлын салбар Москвад байдаг юм байна даа гэсэн бодол төрөөд өнгөрөв. Монгол хөгжлөөс бас яаж дутах вэ. Sheraton нэртэй зочид буудал монголд баригдаж байгаа зурагт хуудастай таарсан учраас ийн хэлэв. Олон улсын таван одтой зочид буудлын салбар монголд баригдаж байгаа нь жуулчдад нэн таатай санагдах биз. Дотроо мэдээж худалдаа үйлчилгээний төвтэй байж таарах байх. Үүгээр нь дуртаяа үйлчлүүлэх дотоодын худалдан авагчдын тоо ч их байна байх.

Бүгд Найрамдах Филиппин Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиов
2023.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол улс Филиппин Улстай 1973.10.11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023.10.11-ний өдөр тохиосон юм. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. нар 2023.10.11-ний өдөр баярын захидал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол-Филиппиний уламжлалт найрсаг харилцаа хамтын хүчин чармайлтаар тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд Филиппиний тал соёлын солилцоо, эдийн засгийн түншлэл болон дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэн урагшлуулснаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэсэн байна.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин сайд Хаймэ А.Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А. Флоркруз Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хаймэ А.Флоркруз харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
