2 сар 10, 2025

Mонгол, Австралийн харилцаа

Австрали буюу өмнөдийн газар нутаг

Австрали гэдэг нь латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай аж. Эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг аж. Сэр Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817.04.04-ний өдөр гаргасан бол, түүнийг санал гаргаснаас хойш 1817.12.12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна. Австрали тивийг 1606 онд Голландын далайн аялагчид анх илрүүлсэн ч, Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британичууд эзэлж бүрэн захирах болжээ. Улмаар 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж бүрэн хяналтаа тогтоожээ. Үүнээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс тэнд анх хүн суурьшиж эхэлсөн бөгөөд уугуул австраличуудыг Абориген гэх бөгөөд 250 гаруй овог, аймаг байдаг аж. 1901.01.01-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн Хамтын Нөхөрлөлийн Улсаа зарлан тунхаглажээ. Австрали улс нь үндсэн хуульт хаант засаглалтай. Нийт 7,692,208 км2 нутаг дэвсгэртэй бөгөөд зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн амьдардаг байнаа. Нийслэл нь Канберра бол, хамгийн том хот нь Сидней юм. Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-т, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 9-т, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 2-т эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл, улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Мөн НҮБ, Их-20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ. Австрали далайн орнуудын бүс нутагтаа хамгийн том нь бөгөөд дэлхийн зургаа дахь том орон юм.

Mонгол, Австралийн улс төрийн харилцаа

2025.01.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Австрали улс Монгол улстай 1972.09.15-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн бол, Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны сүүлчээр нээжээ. Монгол Улсаас Австралид суух Элчин сайд Д.Даваасүрэн 2021.11.30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан бол, Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кэти Смит 2022.06.27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Талууд Монгол, Австралийн хооронд Ажиллах болон амрах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт 2022.03.31-нд Канберра хотноо гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу Ажиллах болон амрах визийн хөтөлбөр 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас 100 залуу Австрали Улсад 1 жилийн хугацаатай ажиллах, 4 хүртэлх сарын хугацаанд суралцах эрхтэй болсон гэх мэдээлэл байна. 2022 оны байдлаар Австрали Улсад 11000 монгол иргэн амьдардаг бол, Монголд 512 Австрали иргэн тогтмол оршин сууж амьдардаг гэх судалгаа гарчээ. Тэгвэл богино хугацааны томилолтоор ирж очиж буй Австрали иргэдийн тоо 1000-аас буурдаггүй байна. Австралийн талаас Монголд айлчилсан улстөрийн өндөр, дээд албан туршаалтнуудаас дурдвал:

  • 1994 онд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйдэн,
  • 2005 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Дэвид Хоукер,
  • 2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Харри Женкинс,
  • 2007 онд Гадаад хэргийн сайд Александр Даунэр,
  • 2012 онд Гадаад хэргийн сайд Боб Карр,
  • 2018 онд Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ГХХЯ-ны Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд К.Фиэрраванти-Уэлс оролцжээ.

Австрали, Монгол улс нь батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарт бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлаар хамтран ажилладаг. Олон улсад энхийг сахиулах, аюулгүй байдал хангах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл байсаар ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Австрали, Монгол улсын цэргийн албан хаагчид мөр зэрэгцэн алба хаасаар ирсэн. Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг Хааны эрэлд энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилтад Австрали улс оролцдог байна.

Австрали, Монголын эдийн засгийн харилцаа

2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар (AusTrade) Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Австралийн 60 орчим аж ахуйн нэгж, тэр дундаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 12 компани Mонгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дотор уул уурхайн салбарт ажилладаг Австралийн томоохон компани болох оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто, Жэйд газ, Эликсир Энержи, Аспайр Майнинг, Монаделфус, Тийс, Уорли, Ножа Пауэр зэрэг компаниудыг дурдаж болно. Мөн уул уурхайн Тиэс компани, хуулийн байгууллага болох Минтер Эллисон, санхүүгийн компаниуд болох Си Пи Эс Секюритис болон Гаррисон Капитал зэрэг олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг гэх судалгаа байдаг аж. 2008 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Discover Mongolia уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Австралийн Би-Эйч-Пи Биллитон, Рио Тинто компаниуд ивээн тэтгэж хамтран зохион байгуулжээ.Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 04 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэ дагуу уг ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2007 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг Канберра хотноо 2009 оны 09 дүгээр сард хийсэн. Монгол-Австралийн хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар, чиглэлийн нэг нь уул уурхайн салбар бөгөөд 2006, 2008, 2009, 2010 онд Монголын төлөөлөгчид Австралийн уул уурхайн хөгжлийн туршлагатай танилцаж байв. Хоёр улсын худалдааны эргэлт:

  • Экспорт: 2015 – 2,9 сая, 2016 – 1,2 сая, 2017 –3,4 сая, 2018- 1,27 сая, 2019 – 39,48 сая, 2020 – 1.08 саяам.доллар, 2021 673 мянган ам.доллар, 2022 оны эцсээр манай экспорт 1023.3 мянган ам.долларт хүрэв. Үүнээс гол бүтээгдэхүүн: гянт болдын хүдэр, баяжмал, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машины эд анги байжээ.       
  • Импорт: 2015 – 11,7 сая, 2016 – 21,9 сая, 2017 – 36,5 сая, 2018 – 49,9 сая, 2019 – 53,72 сая, 2020 – 44,89 сая ам.доллар. 2021 онд 48,5 сая ам.доллар, 2022 – 51.6 сая ам.долларт хүрэв. Үүнээс нол бүтээгдэхүүн: өргөгч кран, өргөгч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, дамжуулагч бул, муруй тэнхлэг, эд анги, суудлын автомашин зэрэг байсан тухай Гадаад харилцааны яамнас гаргасан судалгаанд дурджээ.

Австрали-Монголын боловсролын харилцаа

Австрали Улс 1994 оноос хойш Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож ирсэн бөгөөд нийт 650 гаруй монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд Австралид боловсрол эзэмшжээ. Австралийн Засгийн газраас олгодог тэтгэлэг 2014-2015 онд царцсан байсныг 2016-2017 оны санхүүгийн жилд сэргээсэн байна. Харин Монгол Улсын Төрийн сангийн тэтгэлгээр Өмнөд Уэльсийн Их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн Их сургууль, Канберрагийн Их сургууль зэрэг 15 их дээд сургуульд нийт 200 орчим хүн суралцсан байна. Түүнчлэн Монголын оюутнууд Австралийн их, дээд сургуулиудад хувийн зардлаар суралцдаг байна. Элчин сайдын яамнаас гаргасан судалгаагаар Баруун Австрали мужид – 8 оюутан (Күртний Технологийн Их сургууль, Баруун Австралийн Их сургууль, Мэрдокийн Их сургууль), Куинсланд мужид – 9 оюутан (Куинсландын Их сургууль, Гриффитийн Их сургууль), Виктори мужид – 7 оюутан (Викторигийн Их сургууль, Мельбурний Их сургууль, Свинборний Технологийн Их сургууль), Шинэ Өмнөд Уэльс мужид – 20 оюутан (Сиднейн Их сургууль, Австралийн Худалдааны Их сургууль, Сиднейн Технологийн Их сургууль, Макуарийн Их сургууль, Меркүри коллеж, Оксфорд коллеж, Мартины коллеж), Өмнөд Австрали мужид – 1 оюутан (Флиндерсийн Их сургууль), Канберрагийн Их сургуульд 4 оюутан тус тус суралцаж байна. Монгол Улс 2014 оноос эхлэн Австралийн Засгийн газраас зарласан Шинэ Коломбо хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд анхны Австрали оюутан Монголд 2015 оны 7 дугаар сараас суралцаж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн Үндэсний их сургууль, Эдит Кованы их сургууль, Нью Кастлийн их сургуулийн 48 оюутан Монголд богино хугацааны сургалтад хамрагдсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа

2018.01.23. Mонгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ; Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлагатай. Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго. Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ; Монгол Улсын Ерөнхий сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүлээн авч, санхүүжилтын зардлыг бууруулах арга замууд, эрчим хүчний шийдэл болон бусад дэд бүтцийн асуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ханбогдод төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийг дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж,  өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээсэн. Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.02.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцов. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглэв. Цаашид улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв гэжээ.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

2020.01.03. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв. Энэ тусламж Mонгол Улс Австрали Улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас эд материалын их хохирол учраад байгаа ажээ.Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг хүлээн авч уулзлаа

2021.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг хүлээн авч уулзлаа. Сангийн сайдаас Австрали Улсын Засгийн газарт манай улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй хөгжлийн тусламж, мөнгө угаахтай тэмцэх, саарал жагсаалтаас гарах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн. Элчин сайд Сангийн сайдаар томилогдсонд талархал илэрхийлж, Австрали Улсын уул уурхай, Баялгийн сангийн үйл ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Талууд хоёр орны Засгийн газрын Ковид 19 цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Австралийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.06.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн Өргөтгөсөн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

Австралид суух элчинд итгэмжлэх жуухыг нь гардуулав

2021.10.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, ажлын амжилт хүсэв. Тэрбээр үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж хэрэгжүүлэхийг Элчин сайдад захилаа. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг сануулав. Тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь монгол хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг хэллээ. Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхааруулав гэжээ.

Австралийн элчин сайд Кейти смитийг хүлээн авч уулзлаа

2023.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сангийн сайд  Б.Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

  • Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
  • Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.
  • Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.
  • Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.   

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ. Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

Австралийн амбан захирагч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.16. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирал Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойг тохиолдуулан Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Австрали Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд бид иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд манай хоёр улсын харилцаа жилээс жилд улам бэхжиж ирсэн билээ. Хоёр улсын найрсаг харилцаа ирж буй он жилүүдэд өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэжээ.

Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Дэвид Хөрли Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр Австралийн Холбооны Улсын төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргээд, Австралийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлгийн 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Цаашид Австрали, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв гэжээ.

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилна

2024.10.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

2024.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо. Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав. Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.