Mонгол, Шведийн харилцаа

Шведийн Социал Демократ Намын удирдлагуудтай уулзлаа
2022.08.30. Монгол Ардын намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн Шведийн Социал Демократ намын Гадаад харилцааны нарийн бичгийн дарга ноён Йохан Хасселтай уулзлаа. Уулзалт 2022 оны 06-р сарын 20-ны өдөр Шведийн Социал Демократ Намын Төв байранд боллоо.
Талууд олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан албан айлчлалууд хийхээр тохиролцсон ба хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Шведийн Социал Демократ намын үүсгэн байгуулагч ардчилал, хүний эрх, энхтайван, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Шведийн Ерөнхий сайд асан Олоф Палме нэрэмжит олон улсын төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анна Сундструм, Гадаад харилцааны газрын дарга ноён Микаел Фагэрбэрг нартай уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Ардын намын 30 дугаар Их хурлаар шинэчлэн батлагдсан намын мөрийн хөтөлбөр болон эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа тодотгож буйгаа танилцуулж, намын дэвшүүлсэн дэвшилтэт бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо гэжээ.

Шведийн Хаан мэндчилгээ ирүүлэв
2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Шведийн Хаант Улсын Хаан Карл XVI Густаф Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Шведийн Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв
2022.07.16. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пер Августссон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Пер Августссон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
