Mонгол, Mексикийн харилцаа

Шадар сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн V чуулганд оролцож байна
2017.05.22. Мексик Улс. Канкун хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V чуулган 2017 оны 05 дугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна. Тус дэлхийн хөтөлбөрийн V чуулган нь 2015 онд дэлхий дахинд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгээс хойш зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Чуулганд Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч, хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрик Пена Нието оролцох юм. Харин Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн тавдугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм. Чуулганы тэргүүлэх ач холбогдол нь Засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий дахинд батлагдсан гэрээ хэлэлцээр, хөтөлбөр үйл ажиллагаа, тухайлбал 2005 онд батлагдсан Хёогогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд стратегийн зөвлөмж, чиглэл гаргахад оршиж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Байгууллага хоорондын тусгай хороог 2000-2005 онд байгуулан гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх зорилго тавьж ажилласан ба 2005 онд Япон Улсын Кобе хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал”-ын үеэр дээрх хороог өргөжүүлж Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулах тухай саналыг гаргасан. Бага хурлаас хойш нэг жилийн дараа буюу 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хөтөлбөр үйл ажиллагааг зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх, стратегийн чиглэлүүдийг боловсруулж, гишүүн улс орнуудад зөвлөмж гаргах, түншлэл хамтын ажиллагааг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулсан. Уг платформын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн чуулга уулзалтыг 2007 2009, 2011, 2013 онуудад Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулсан бол 2015 онд Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн чуулган Япон Улсын Сендай хотноо зохион байгуулагдаж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Харин 2017 оны ээлжит V дугаар чуулганыг Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаагийн чуулганыг “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдамжийн дэлхийн болон бүсийн платформын талаарх 28, 49 дүгээр заалтыг үндэслэн 1. Сендайн хүрээ хөтөлбөрийн тэргүүлэх 4 үндсэн чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн хэрэгжилтийг дүгнэх, 2. Олон улсын түншлэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 3. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг хангуулах гэсэн үндсэн зорилтын хүрээнд зохион байгуулна. Чуулганы үр дүн нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгуулахад чухал хувь нэмэр болох юм гэжээ.
Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт санал нэгджээ
2019.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв. Монгол Улсыг 2016-2020 онд хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаад талархаад, цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Олон Улсын Парламентын холбооны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв. Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их хурал хооронд идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй хийж, маш сайн тунхаг бичиг гаргалаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газрын түвшинд хүлээн авч буйд талархал илэрхийлье гэсэн юм. Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Мексикийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньяфиел Сото Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Карлос Пеньяфиел Сото харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.