2 сар 10, 2025

Mонгол, Канадын хaрилцaa

Канадын элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

2020.09.23. Улаанбаатар хот. Монгол улс. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж  байгаад баяртай байна. Монгол Улсын хувьд Канад Улс нь гуравдагч хөршийн хэмжээнд чухал байр суурьтай орон. Манай улсад уул уурхайн менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх зэрэг төслүүдийг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаад талархалтай ханддаг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа. Иймд цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн төлөө байх болно гэлээ. Байгаль цаг уурын хувьд ижил төстэй, мөн томоохон хүнс үйлдвэрлэгч Канад Улстай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, энэ чиглэлээр туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах бололцоог эрэлхийлж ажиллахыг онцлов. Элчин сайд К.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас гурав дахь хөршийн бодлогыг дэмжиж буйд талархаж байна гэлээ.  Мөн шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг онцлоод,  хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэн саналыг дэмжиж ажиллахаа нотлов. 2019 онд манай улсад хийгдсэн Канадын хөрөнгө оруулалт 1,9 тэрбум ам.доллар байсан нь мөн оны нийт хөрөнгө оруулалтын 65 орчим хувьтай тэнцэж байна.  Тус улсын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар  2016-2023 онд Монголд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий 6 төсөл хэрэгжиж байна.

2021.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын есдүгээр хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар нээж үг хэлэв. Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгаа сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар тохиролцов. Манай талаас зам тээвэр, барилгын салбарт Канад Улсын стандартуудыг нэвтрүүлэх саналыг тавьж ярилцлаа. Манай улсад хэрэгжүүлж буй Канадын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлсэн ба Канадын талаас манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн. Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг тохиролцсоноо зарласан. Канад нь манай улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохиох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2021.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канад Улсын Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзав. Элчин сайд К.Ивкоф Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Канадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү найрсаг харилцаагаа бататган бэхжүүлж, Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Ерөнхийлөгчийн хувиар бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр Канадын хөгжлийн хөтөлбөрийн төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан нотоллоо. Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Талууд цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах, Канадын туршлага, техник, технологи, инновацыг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Канадын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

2022.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй гуравдагч хөрш Канад Улстай Өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр  харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Сенатын танхимын дарга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр айлчилж байгаа нь харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх зорилтыг урагшлуулах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэртэйг онцлов. Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв. Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдав. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, энхийг сахиулах, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон Ерөнхийлөгчийн илгээлт – 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Канадын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал гуравдагч хөрш Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарын харилцааг  өргөжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Элчин сайд С.Шуфани Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.