Монгол, Азийн харилцаа

Азийн хөгжлийн банк 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ
2016.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Япон Улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк манай улсад нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 270 гаруй зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Үүний бодит жишээ нь Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг нөхөхөд 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн явдал юм гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Тэгвэл Япон Улс нь 1990 оноос хойш манай нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуй, санхүү зэрэг олон салбарт 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкаар дамжуулж ядуурлыг бууруулах, инноваци, дэвшилтэт технологийг дэмжих зорилгоор 60 гаруй сая ам.долларын 33 төслийг хэрэгжүүлж, 5 төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Азийн хөгжлийн банк болон Япон Улс монголчуудын хувьд хамгийн том хоёр хандивлагч бөгөөд Монгол Улсын хөгжлийг анхнаас нь тууштай дэмжиж, туслаж ирснийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглээд талархал илэрхийлэв. Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутагт байрлаж байгаа улс орнуудын ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 67 гишүүн оронтой юм гэжээ.

Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна
2017.06.09. Монгол Улс. Улаанбаатар хот. “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм. Чуулга уулзалтын нээлтэд үг хэлсэн Шадар сайд У.Хүрэлсүх: JCI Ази номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахын төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшил, цаг зав, эд хөрөнгөө зориулж эх орныхоо сайн сайхныг анд нөхөд, зочиддоо бахархалтайгаар үзүүлэхийн төлөө олон жилийн турш зүтгэж ирсэн “JCI Монгол” байгууллагын удирдлагууд болон нийт сенаторууд гишүүд, дэмжигчиддээ МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээсэн юм. “Жей Си Ай-AСПАК-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвийн дор үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар есөн төрлийн асуудлаар форум хийх аж. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбогдох сэдэв байгаа юм. Тухайлбал Монгол Улсад бизнес эрхлэх боломж болоцооны талаар болон Улаанбаатар хотын ногоон хөгжлийн талаар хэлэлцэх ажээ.

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ
2017.10.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов. Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв. Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм гэжээ.

ЛореттаХибер Жерарде: Азийн сайд нар Улаанбаатарт чуулахдаа ололтоо бататгах, дутагдлаа засахын төлөө ажиллана
2018.01.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд боллоо. Тус хуралдаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде Азийн сайд нарын хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, өөрсдийн манлайллаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо. Лоретта Хибер Жерарде өргөтгөсөн хуралдаанд тавьсан илтгэлдээ олон улсын мянга мянган зочин төлөөлөгч Улаанбаатар хотноо хуран чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажилд амжилт хүсээд, Монгол Улс НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах Сэндайн хүрээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа улс орнуудад үлгэр жишээ болж байгааг онцлов. “Монгол Улс ард иргэдээ гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хот нэгдсэн төдийгүй одоо 19 аймгийн төв уг хөтөлбөрт орохоор бэлтгэж байгаа бөгөөд Монгол Улс дэлхийд анх удаа бүх хотоо “Аюулгүй хот” хөтөлбөрт хамруулсан орон болох гэж байна” гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде хэллээ. Тэрбээр аливаа улсын Засгийн газрын эхний үүрэг нь ард иргэдээ хамгаалах, тэр дундаа гамшгаас урьдчилан сэргийлэхэд оршдог гээд Улаанбаатарт болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Засгийн газрууд ололтоо бататгах, алдаа дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр ажиллана хэмээжээ.

Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулган эхэллээ
2019.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлэв. Манай улсад зочилж “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс нь олон улсын худалдаа, эдийн засгийн асуудлаарх бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдааны саадыг арилгах, харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулах зорилгоор “Азийн худалдааг дэмжих форум”-ыг эх орондоо зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ удаагийн форум “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” гэсэн сэдвийн дор болж байгаа нь манай улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм. Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн асуудал, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Монгол Улсад 2018 оны байдлаар бүртгэлтэй 78585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Улсын хэмжээнд энэ салбарт 78,3 хувь буюу нэг сая орчим хүн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас эдгээр бизнес эрхлэгчиддээ зарим тусгай сан болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монгол Улс гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно. Энэ хүрээнд форумын хэлэлцүүлгийн үеэр олон улс болон бүс нутгийн бодлогыг уялдуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой, ач холбогдол бүхий арга хэмжээ, төслийн талаар Та бүхнээс тодорхой бүтээлч санал, санаачилгуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэт зочид оо. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлэх, таниулахад нь бүх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ дахин илэрхийлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав
2021.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Азийн хөгжлийн банк (AХБ)-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс болон АХБ хамтарч ажилласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд АХБ санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт гээд олон салбарт нийт гурван тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Зөвхөн цар тахалтай тэмцэхэд зориулж 360 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь энэ амаргүй үед чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.Цаашид ногоон, хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоох, түүн дотроо дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ. Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн батлах 2021-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан шинэчлэлүүд уялдаж байгааг онцоллоо. Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, байгалийн хийн хоолой гээд улс орны тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэстэн дамнасан компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, мэдлэг, чадвартай ажиллах хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх талаар санал солилцов.АХБ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа Суурин төлөөлөгч Павит Рамачандран илэрхийлж, ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан нь байгаль орчныг хамгаалах ажилд эрс өөрчлөлт авчирсныг АХБ-ны Суурин төлөөлөгч тэмдэглэлээ.

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа
2021.11.02. Шотланд улс. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа. ИБУИНХУ-ын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж эхлээд 30 жил болсныг цохон тэмдэглэж, ойн баярын мэндийг хүргэв. Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монгол Улсад эрчимжүүлж, цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж буй талаараа дурдав. Түүнчлэн ногоон хөгжилд чиглэсэн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АХБ нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон гэдгийг ерөнхийлөгч Масагүцү Асакава тодотгов. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлого, санал, санаачилгыг дэмжин ажиллана гэлээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АХБ-ны хамтын ажиллагаа, түүний тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны удирдлагыг хүлээн авч уулзав
2022.03.10. Сангийн яам. Монгол улс. Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийн явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцлаа. Мөн Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа тухай ярилцав. Энэ жил Монгол Улс Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. Азийн хөгжлийн банк нь 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банкны жилийн уулзалтыг даргалав
2022.10.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны долоо дахь удаагийн жилийн уулзалт цахимаар зохион байгуулагдаж, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан даргалагчаар оролцлоо. Энэ жилийн уулзалтын Захирлуудын зөвлөлийн хуралд Монгол Улс анх удаа даргалагч орноор сонгогдон оролцсон бөгөөд тус банкны үүсгэн байгуулагч анхны 50 орны нэг юм. АДБХОБ нь Ази бүсийн улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, зөв зохистой хуваарилж бүс нутгийн хөгжилд түлхэц болохуйц хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Азийн олон улсын томоохон санхүүгийн байгууллага юм. Долоо дахь удаагийн жилийн уулзалтад гишүүн 41 орны Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгчид, бусад 93 орны төлөөлөгчид ажиглагчийн байр сууринаас оролцож макро эдийн засгийн өнөөгийн байдал болон цар тахлын дараах тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов.

Сангийн сайд Б.Жавхлан Тереза Ко-г хүлээн авч уулзав
2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон тус банкны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2022-2023 онд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд боловсрол, санхүү, гааль, байгаль орчин, авто зам, эрчим хүчний салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдах бөгөөд Боомт, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах юм. Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, 2023 оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл өгч дэлхий нийтэд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлт нөхцөлийг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.

2023.05.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал хатагтай Тереза Хо-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт орох төслүүд, тэдгээрийн явц болон 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн зүүн азийн газрын захирал Тереза Хо Азийн хөгжлийн банк Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа
2023.03.02.Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны төлөөлөгчид Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банк (АХБ)-нд албан айлчлал хийж, тус банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава, дэд ерөнхийлөгч Ахмед Саеид болон холбогдох газрын захирлуудтай уулзлаа. Энэ үеэр Сангийн сайд Монгол Улсын 2022 оны төсөв, санхүүгийн гүйцэтгэл, тэр дундаа эдийн засаг, төсөвт гарсан эерэг өөрчлөлтүүд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн реформуудын талаар АХБ-ны удирдлагуудад танилцуулсан юм. Мөн 2023 оны макро эдийн засгийн төлөв, энэ онд амжилттай хэрэгжүүлсэн гадаад бондын өрийн зохицуулалт /Сенчири-2/ -ын талаар мэдээлэл өгч, тус банктай хамтран хэрэгжүүлж буй 2021-2024 оны стратегийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Цаашид шинээр боловсруулах дараагийн дөрвөн жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, энэ чиглэлээр төсөл, арга хэмжээний тоог нэмэгдүүлэн АХБ-ны хувийн хэвшилд олгох санхүүжилтийн хэмжээг тэлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар хоёр тал зөвшилцлөө. Тус банкны удирдлагууд болон ажлын хэсгүүд ойрын хугацаанд Монгол Улсад ажлын айлчлалууд хийж, уулзалтын үеэр яригдсан асуудлуудаар судалгааны ажлууд эхлүүлэхээр болсон юм.
