1 сар 24, 2025

Mонгол, Энэтхэгийн хaрилцaa

2021.03.02. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ялангуяа түүхий тос дамжуулах хоолойн асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөлтийн шатнаас барилга-угсралтын шатанд шилжиж байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай урагшлуулахад Энэтхэгийн талаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Энэтхэгийн элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2020.09.22. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлыг даван туулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

2021.09.01.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ. Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ гэжээ. 

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

2022.09.06. Монгол Улс. Улаанбаатао хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэтхэгийн Ерөнхийлөгч баярын захидал ирүүлэв

2022.07.15. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их дүйчэн өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2023.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн Эрүүл мэндийг хүн бүрд аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг ДЭМБ дэмжиж буй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа хамтын зорилтуудын хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн стратегийн баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.

ДЭМБ-ын Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж, цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн Эрүүл мэндийг хүн бүрд аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус онцлов. Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав. Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн Оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов. Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв. Тэрбээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв,  Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Энэтхэгийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд Оюун санааны хөрш Энэтхэг Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2024.07.13. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму мэндчилгээ ирүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монгол Улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариулт үлдээнэ үү