12 сар 6, 2024

Монгол, Францын харилцаа

Монгол, Францын түүхэн харилцаа

Виллиам де Рубрук нь Монгол улсын түүх соёлтой танилцахаар ирсэн анхны европ аялагчдын нэг гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Түүний аяллын газрын зургийг харахад Монгол руу ирэх маршрутаа сайтар тунгаасан нэгэн болох нь илт. Тэрбээр урт аялалд гарахын өмнө өмнөх аялагчдаас туршлага судалж, ном зохиол уншиж, ирж очих маршрутаа сайтар базаажээ. Үүний эцэст аяллаа Acre /одоогийн Израйлаас/-аас эхлүүлсэн байна. Улмаар Газар дундын тэнгис гаталж, Константиполь /одоогийн Турк/-д очжээ. Цааш Хар тэнгис гаталж, Каспийн тэнгист цутгах Волга /Ижил/ мөрний хөвөөнд орших Алтан ордны улсын нийслэл Сарай хотод очсон байна. Чингис хааны том хүү Зүчийн тухай монголчууд андахгүй. Тэгвэл Зүчийн хүү Батын тухай оросууд андахгүй билээ. Оросын түүхэнд Бат хааны байгуулсан Алтан ордны улсын тухай бишгүйдээ нэг гардаг учраас тэр юм. Рубрук ийнхүү Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Алтан ордны улсад саатсан байна. Алтан ордны улсын нийслэл Сарай хотыг 1250-аад оны эхээр Бат хаан байгуулсан талаар Рубрук 1254 он хавьцаа Дорнын орнууд руу хийсэн аялал тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Алтан ордны улсын нийслэл Сарай хотын туурь Ижил мөрний хөвөөнөөс, Астрахань хотоос 130 километрийн зайтай оршдог учраас Рубрук үүгээр аялсан нь нотлогддог ажээ. Тэрбээр цааш хуурай замаар аялсаар Хархорумд очсон байна. Харин буцахдаа хуурай замаар аялсаар Каспийн тэнгисийг гаталж, Израилд эргэн очжээ. Тэрбээр монгол руу аялахдаа Газар дундын тэнгис, Хар далайг гаталсан бол, буцахдаа Каспийн тэнгисийг гаталсан байгаа юм. Эндээс тэрбээр яагаад хуурай газраар аялж, Хар-Хорумд ирээгүй вэ гэдэг асуулт гардаг. Тухайн үед загалмайтнууд лалуудтай шашны дайн хийж байсан учраас түүний тухайд хуурай замаар аялах нь аюултайд тооцогдож байжээ. Мөн лалуудтай хийж буй дайнд тусламж эрэхээр Монголын эзэнт гүрэнд аялагч нэрээр Францын элч морилсон гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бий. Тиймээс гурван тэнгис гаталсан урт аяллыг хийхэд хүрчээ. Гэхдээ Францын элч яагаад Израилаас ирсэн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл анхаарал татдаг. Ямар ч байсан Мөнх хааны хүрээнд хагас жил орчим саатсан тэрбээр тусламж авч чадаагүй байна. Гэхдээ нутагтаа эргэн очсоны дараа монголчуудын ахуй амьдралын талаар Дорно этгээдэд зорчсон нь тэмдэглэлээ бичиж үлдээжээ. Зохиогчийн нэрийг улс бүр янз бүрээр бичсэн байдаг. Харин монголчууд Виллиам де Рубрук гэдгээр нь андахгүй билээ. Виллиам де Рубрук Хархорум хотын Мөнгөн модны тухай өөрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн хүн гэдэг. Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ хэмээн бичиж үлдээсэн байна. Виллиам де Рубрукийн бичиж үлдээснээс Хархорум хотын Мөнгөн модыг хожим дүрсэлж зурсан гэх нь бий. Монголчуудын гүйлгээнд хэрэглэдэг 5000-тын дэвсгэрт дээрээс Мөнгөн модыг харж болно. Мөн Зайсан толгойн бэлд Мөнгөн модыг хожим дуурайлган сүндэрлүүлснээс ойлголт авч болох юм. Ийнхүү Монгол Улс, өнөөгийн Бүгд Найрамдах Франц улстай Мөнх хааны үеэс түүх, соёл, гадаад харилцаа, аялал жуулчлалын хамтын ажиллагаатай явж ирсэн байгаа юм. Тэгвэл 1965.04.27-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улстай албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байна.

Хархорум хотын өмнө оршиж байсан Виллиам де Рубрукын бичиж үлдээсэн
Мөнгөн мод…

Монгол, Францын дипломат харилцаа

1965.04.27-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа албан ёсоор тогтоосон байна. Энэ үеэс тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж иржээ. Энэ үеэс хойш байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс дурдвал:  

  • 1965.03.30-ны өдөр Дипломат төлөөлөгчийг харилцан солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр бйгуулсан. Энэхүү гэрээ нь Францын гадаад хэргийн сайд Монголын гадаад хэргийн сайдтай шуудангаар солилцон 1965.06.23 ны өдөр хүчин төгөлдөр болсон
  • 1991.11.08-ны өдөр Хөрөнгө оруулагч нарыг харилцан дэмжиж, хамгаалах тухай гэрээ үзэглэсэн. Энэхүү гэрээ 1993.12.22-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 1996.04.18-ны өдөр Найрамдал, хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан. Уг гэрээ 1997.11.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 1996.04.18-ны өдөр Давхар татвар төлөх, мөн орлого, хөрөнгө гадагш гарах болон хуурамч татварын баримт бүрдүүлэхээс сэргийлэх асуудлын тухай гэрээнд хоёр улс гарын үсэг зурсан. Уг гэрээ 1998.12.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон
  • 2002 онд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хүнсний тусламж олгох тухай хэлэлцээр
  • 2005.02.21-ний өдөр Аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан
  • 2005.05.25-ны өдөр Соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав. Уг гэрээ 1968.01.31-ний өдрийн Бүгд Найрамдах Франц улс, БНМАУ-ын хооронд байгуулсан соёлын гэрээг шинэчлэн байгуулснаараа онцлог
  • 2007 оны 2-р сард Франц Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийх үеэр Франц, Монголын хооронд эдийн засаг, худалдааны хэд хэдэн гэрээ байгуулагджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан агаарын замын гэрээ, Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан үйлдвэрлэл, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны гэрээ, Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан байгаль орчин, усны салбарт санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг, Парисын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хийгджээ.
  • 2010.10.14-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анне – Мари Идрак Монгол улсад айлчлах үеэр Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Байгалийн гамшиг тохиолдох үед иргэний хамгаалалтын талаар санамж бичиг, Ус цэвэршүүлэх асуудлаар санамж бичиг байгуулсан байна
  • 2011 онд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр
  • 2013 онд Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • 2019 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр
  • 2020 онд Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр тус тус байгуулжээ.

Монгол, Францын эдийн засгийн харилцаа

Эдийн засгийн салбарт тус улстай харилцаа, хамтын ажиллагаа тэлж байгаа нь Францын төрийн зүтгэлтэн, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Кристин Лагардын үүрэг оролцоо өндөр байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, түүнийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүнээр ажиллаж байхад Монгол Улс Стэнд бай хөтөлбөрт хамрагдсан байдаг. Тиймээс ОУВС-ын тэргүүнээр Кристин Лагард ажиллаж байхад Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх энэ асуудлаар уулзаж, ажил төрлийн яриа өрнүүлж байсан юм. Тэдний эхний уулзалт Боаогийн чуулга уулзалтын үеэр болж байв. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэн ОУВС-д талархал илэрхийлээд Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж буйг онцолж байв. Харин Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал асан Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр ОУВС-гийн ажлын хэсэг Монголд очиж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд Улсад айлчлахыг урьсан байдаг. Ийнхүү тэдний эхний уулзалт өндөрлөсөн юм. Харин тэдний хоёр дахь уулзалт, ажил төрлийн яриа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр өрнөсөн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ гэжээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кристин Лагардыг манай улсад тааламжтай үеэдээ айлчлахыг урьсан ч, тэрбээр амжилгүй ажлаа өгснийг эргэн сануулахад илүүдэхгүй. Хэдийгээр тийм ч, Бүгд Найрамд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж буй нь Монгол, Францын харилцаа тасралтгүй өргөжин тэлж буйн нотолгоо болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн асан Кристин Лагард…

Монгол, Францын аялал жуулчлал

2023.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Франы Улс нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг. Гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй буюу 674,843 километр квадрат талбайтай. Тус улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 43-р байрт бичигддэг байна. Тус улс жилд 80 гаруй сая жуулчин хүлээн авдаг байна. Аялал жуулчлалын салбар тус улсын гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг аж. Эйфилийн цамхаг /Effel turm/: 324 метр өндөртэй, 10100 тонн цул төмрөөс бүрдсэн уг цамхагийг уран барималч, инженер Густава Эйфел 1889 онд бүтээжээ. Эйфилийн цамхагаас Парис хот бүхэлдээ харагддаг бөгөөд дэлхийн долоон гайхамшигийн тоонд багтдаг учраас жуулчдын зорин очих дуртай газруудын эхэнд багтана. Луврын музей /Louvre Museum/: Парис хотод байрлах Луврийн музей нь 2014 онд нийтдээ 9.3 сая жуулчин хүлээж авсан нь Швед улсын нийт хүн амаас их тоо аж. Чухам яагаад уг музей жуулчдын анхаарлыг татдаг нь сонирхол татам. Италийн зураач Леонардо Да Ванчигийн зурсан Мона Лиза хэмээх алдартай бүтээл нь Луврын музейд хадгалагдаж, жуулчдын төдийгүй, уран бүтээлчдийн анхаарлыг татдаг учраас тэр биз. Парисийн дарь эхийн сүм /Notre dame/: Парисийн дарь эхийн сүм хэмээх кино болон зохиолоор нь Notre dame-ийн монголчууд андахгүй ээ. Парисын дарь эхийн сүм урлагийн гайхамшигт бүтээл ажээ. Барилгын гадна талын ханан дээрх санваартнуудын товойлгон сийлсэн хөрөг өнгөц харахад адилхан мэт боловч бүгд өөр гэгээнтнийх гэдэг. Францын сор болсон эдгээр урлагийн бүтээлийг үзэхээр дэлхийн олон сая жуулчин францыг зорьдогийн дотор монгол жуулчид багтана. Монгол Улсын аялал, жуулчлалын хэд хэдэн компани Франц улс руу аялуулдаг байна. 

Дэлхийн хүнтэй дэлхийн хэвлэлд

Францын хэвлэлийн агентлаг 1835 онд байгуулагдсан ч, 1944 оны есдүгээр сараас Францын хэвлэлийн агентлаг болох Agence France Press /AFP/ нэрээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тус агентлагийн төв байр Парис хотноо байрладаг бөгөөд дэлхийн 151 гаруй оронд салбартай. Олон улсын мэдээллээ Франц, Англи, Испани, Португали, Герман, Араб зэрэг улс үндэстнүүдийн түгээмэл хэрэглэдэг зургаан хэлээр гаргадаг байна. Тиймээс AFP өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагийн тоонд зүй ёсоор ордог юм. Бүр 1935 оноос Эйфлийн цамхагт дамжуулах антенн байрлуулж телевизийн хөтөлбөр байнгын дамжуулж эхэлсэн бол, 1964 оноос хоёрдугаар хэсэг нь ашиглалтад орж, 1972 оноос телевизийн хөтөлбөрөө өнгөтөөр дамжуулж эхэлсэн гэдэг. 1984 оноос тус мэдээллийн агентлагийн хөгжлийн 4-р шат эхэлсэн гэж үздэг. Тус мэдээллийн агентлаг 2018 онд 2400 ажилтантай байжээ. Ту аeнтлаг дэлхийн шилдэг таван мэдээлийн агентлагийн тоонд багтдаг. Эндээс тус агентлагийн тухай андахгүй мэдэх билээ. Тэгвэл Францын AFP буюу Франц Пресс Агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сурвалжлан дэлхий дахинд дараах байдлаар https://youtu.be/PBjA5g0MeyM ийнхүү түгээсэн байдаг. Тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад дахь төрийн айлчлалыг гадаадад сурвалжилж, манай улсыг дэлхий дахинд таниулахад түлхэц үзүүлж ирсэн хэвлэл мэдээллийн агентлаг билээ. Тухайлбал, Үзбекистан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жин Пин нартай уулзалт хийснийг AFP https://youtu.be/BGXm_uH4JjA ийнхүү түргэн шуурхай, цаг алдалгүй сурвалжилж, Монголын болон дэлхийн үзэгчдийг мэдээллээр хангаж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Тэгвэл 2023.05.21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлалыг сурвалжлахаар Францын 8 хэвлэлийн байгууллага ирэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023.05.21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалыг Францын AFP агентлаг дэлхий дахинд дараах байдлаар https://youtu.be/__WzJAiKal8, https://youtu.be/F3iOVvyzgOg сурвалжлан дамжуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн үр дүнг Францын AFP дамжуулав

Францын элчин итгэмжлэх жуухаа өргөн барив

2021.11.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн францын тал монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол,Францын улстөрийн харилцаа

2023.05.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023.05.21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцоно. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгнө. Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам айлчлалын талаар албан ёсны мэдээ 2023.05.16-нд мөн гаргажээ. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 5-р сарын 21, 22-нд Төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь Францын Төрийн Тэргүүний Монголд хийж буй анхны түүхэн айлчлал болж буй. Тус айлчлалаар ардчиллын чухал нийтлэг үнэт зүйлстэйн дээр хүний эрх, эрх зүйт төрийг дээдэлж, олон тулгуурт үзлийн суурь зарчмууд болон НҮБ-ын дүрмийг сахин хамгаалдаг манай хоёр улсын Төрийн Тэргүүнүүд яриа хэлэлцээ хийж олон улсын байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зэрэг дэлхий нийтийг хамарсан сэдвээр ярилцана. Мөн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа иргэний аюулгүй байдал, сансар, соёл, боловсрол, хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, спортын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн солилцоог сурталчлах асуудлыг мөн чухалчлан ярилцана. 2023 онд хоёр улсын харилцаанд чухал үйл явдлууд тохиож буй. Тухайлбал: Франц Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд 2023.04.7-9-ний хооронд Монгол Улсад айлчилсан, Каннын кино наадамд монгол кино шалгарсан, Монголд франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх намар Франц Улсад айлчилж, Нанть хотноо толилуулах Чингис хааны тухай томоохон үзэсгэлэнг нээнэ. Мөн ирэх жил болон Парисын олимпын наадамд Монголын баг тамирчид чухал байр суурьнаас оролцоно гэж Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны албаны ёсны мэдээнд онцолжээ. 

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон
Монгол Улсад хүрэлцэн ирэв…
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг угтан авав

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав. Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Чингис Хаан нисэн онгоцны буудлаас ирэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Түүнийг угтах ёслол төвталбайд 19:30 минутаас эхэлсэн юм. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн монголын болон францын талын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нартай мэндчилэв. Үүний дараа Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын зурав. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 1965.04.27-ны өдөр дипломат харилцаа тогтоосныг дээр дурдсан. Монгол Улс анх 1946 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэх өргөдөл гаргахад Франц Улс дэмжиж байсан түүхтэй ажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023.05.21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа. Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов. Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов. Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив. Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ. Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов. Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улс санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв. Төрийн тэргүүн нар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Солонгосын хойг дахь дээрх асуудлын ач холбогдлыг онцлов. Үүнтэй холбогдуулан Франц Улс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн мөрдөхийг БНАСАУ-д уриалж, Зүүн Хойд Ази дахь яриа хэлэлцээг дэмжих чиглэлээрх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны орон зайг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж, энх тайван аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. 

Үүнд:

  1. Хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, иргэний хамгаалалт болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт бэхжүүлнэ.
  2. Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалт, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжинэ.
  3. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, феминист дипломат үйл ажиллагаа болон олон улсын байгууллагын сонгууль зэрэг асуудлаар тогтмол зөвлөлдөнө.
  4. Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны Хааны эрэлд сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
  5. Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
  6. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Францын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжинэ.
  7. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан Монгол, Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
  8. Энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  9. Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
  10. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
  11. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сард Франц Улсын Клэрмон-Фэрран хотод болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцсоныг сайшааж, мал аж ахуй, бүтээгдэхүүний гарал үүсэл, газар зүйн заалт, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  12. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд Бадрах Энержи ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
  13. Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
  14. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлнэ. Чингэхдээ хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч болон энхийн зорилготой цацраг идэвхт ашигт малтмалын салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн илгээлт-2100 санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжинэ.
  15. Соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлнэ. Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэх Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч дэмжинэ.  Үзэсгэлэнг Монгол Улс болон бусад улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
  16. Кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах чиглэлээр ажиллана.
  17. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
  18. Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мэдээлэл хийв

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх талаар ярилцсанаа онцлов.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нотлов.

Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

Талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Сансар судлалын салбарт хамтран ажиллана

Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг францын тал дэмжиж байгаагаа мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талууд Хамтарсан тунхаглал гаргав. Энэ тунхаглал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Чингис хаан музейд зочлов

2023.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Чингис хаан музейд зочлов. Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй. Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар Чингис хаан музейн сан хөмрөгт байдаг юм. 2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн. Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна. Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм гэжээ. 

Францын гадаад хэргийн сайд бараалхав

2023.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Өнгөрсөн 5  дугаар сард Монгол Улсад хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ хуудсаар баяжуулж, Стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг онцлов. Мөн Ерөнхийлөгч Э.Макронд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ. Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна Ерөнхийлөгч Э.Макроны мэндчилгээг уламжилж, ирэх 10 дугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгааг хэлэв. БНФУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улстай урт хугацаанд өргөн хүрээнд нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ

2023.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол, Францын харилцаанд ахиц гарч, тус улсын Ерөнхийлөгч саяхан манай улсад айлчлаад буцсаныг дээр дурдсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна.  Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2023.10.10. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын Орли олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүмүүс угтан авав. Энэ сарын 10-14-ний өдрүүдэд үргэлжлэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей нар тус тус бараалхана. Монгол, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд уг айлчлал нь хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичгийг байгуулах зорилготой. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн бараалхав

2023.10.11. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго 2023.10.11-ний өдөр бараалхав. Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлж буй бэрхшээлийг шийдсэн туршлагаасаа хуваалцахын чухлыг онцолж, энэ чиглэлээрх хоёр нийслэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго хоёр хотын хооронд соёл, спортын харилцааг дэмжин ажиллахаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар наадам Парис – 2024-ийг зохион байгуулах хүндтэй үүргээ нэр төртэйгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хотын дарга Анн Идалго-д амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй бараалхав

2023.10.11. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй 2023.10.11-ний өдөр бараалхав. Талууд Монгол Улс, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаанд боловсролыг түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх зэрэг үйлсэд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов. Уулзалтын үеэр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн сертификатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гардуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхлаа

2023.10.12. Франц улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше 2023.10.11-ний өдөр бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон Парламентын сонгуульд ялалт байгуулан Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жерар Ларшед баяр хүргэж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов. Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүслээ. Хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээв.

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

2023.10.12. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023.10.11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзлээ. Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог байв. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийгээд байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ. Морин хуурын чуулга нь 2023.10.14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа мөн тоглох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ

2023.10.12. Франц Улс. Парис хот.Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга ноён Клод Имовен, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Монгол-Франц хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой өнөөдрийн бизнесийн форумд хүрэлцэн ирсэн Монгол, Францын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ удаагийн бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллагууд, Монгол, Францын худалдааны танхимууд болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийг туулжээ. Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдрийн байдлаар Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Хатагтай ноёд оо. Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна. Монгол Улс нийгэм, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн олон чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах болон дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор Тэрбум мод болон Хүнсний хангамж, аюулгүй байдал гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна. Мөн цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байна. Монгол Улсын хэрэгжүүлж буй дээрх эдийн засгийн бодлого, санал санаачилга болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэж бид үзэж байна. Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад өнөөдрийн форумын гол зорилго оршиж байгаа юм. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд манай улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарч ажиллана гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Мөн манай улсын татварын орчин тогтвортой, татварын хувь, хэмжээ бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэдгийг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн Монгол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр, 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжтой. Үүний зэрэгцээ Монгол Улс Замын-Үүд болон Алтанбулаг зэрэг хэд хэдэн чөлөөт бүсийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улс Франц Улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэн хөгжүүлэх суурь эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн бөгөөд 1991 онд Монгол Улс, Франц Улсын хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, 1996 оны Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ зэрэг баримт бичгүүдийг байгуулсан. Мөн 2013 онд Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ. Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн Франц Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Францын хөрөнгө оруулагчдын итгэлийг бататган бэхжүүлж, бодит үр дүн гаргахын зэрэгцээ манай хоёр улсын хооронд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хичээн ажиллах болно гэдгийг Та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд өнөөдрийн бизнесийн форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Энэ дашрамд Монгол Улс ирэх гурван жилийг Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд Та бүхнийг мөнх тэнгэрийн орон, Их эзэнт гүрний өлгий нутаг, манай сайхан эх оронд зочлон ирэхийг урьж байна. Өнөөдрийн бизнесийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Монгол, Францын ард түмний ган бат найрамдал улам цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо

2023.10.13. Франц улс. Парис хот. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордон (Инвалидын ордон)-д албан ёсоор угтлаа. Ёслолын үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв. Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу хөдлөв. Энэ үед 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явлаа. Инвалидын ордон нь Францын XIV Луй хааны 1670 оны зарлигаар дайнд оролцож, эрэлхэг гавьяа байгуулсан цэрэг дайчдад зориулсан бөгөөд ордонд цэргийн түүхийн музей, Наполеон Бонапарт болон Францын цэргийн түүхэнд гавьяа байгуулсан эрэлхэг жанжнуудын бунхан байрладаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа

2023.10.13. Франц Улс. Парис хот.Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм. Ордны Мюратын танхимд Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн Лхагва гаригт хийдэг бол, жил бүрийн 7 дугаар сарын 14-ний өдөр буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Элизейн ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.

Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ

2023.10.13. Франц Улс. Парис хот. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ. Төрийн тэргүүн нарын хэлэлцээний өмнө болсон уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнө эртний түүхт, өв соёлын өлгий болсон үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Эммануэл Макрон Танд болон францын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эртний түүхт Монгол, Франц хоёр орны түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буюу 1253 онд IX Людовик хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж, Чингис хааны ач Мөнх хаанд бараалхан түүний ордонд амьдарч байсан түүхтэй. Мөн тэрбээр Монголын Эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн тухай гайхамшигт түүхийг бичиж үлдээсэн байдаг. Түүнээс хойш Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын Гоо Филипп хаантай харилцаж байсан захидлууд өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь түүхийн чухал эх сурвалж болдог бөгөөд Монгол, Франц хоёр орны харилцаа тухайн үед ямар түвшинд хүрсэн байсныг гэрчлэн харуулдаг. Түүнчлэн Францын уран дархан Гийом дө Бушегийн урласан алдарт мөнгөн мод Монголын Эзэн хааны ордонд сүндэрлэж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын нэгэн гайхамшиг болон шагшигдаж байсан түүхтэй. Тэгвэл Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ. Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, хоёр улс түншлэлийн түвшингээ ахиулан, онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан билээ. Тэгвэл өнөөдөр танай сайхан оронд хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, Монгол, Францын хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацаар дэлхийд тэргүүлэгч улсын нэг болох Франц Улстай харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал түлхэц үзүүлж байна. Мөн Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бидний өнө эртний түүх, өв соёлын нандин харилцаа манай хоёр орны ард иргэдийг оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд ямагт холбож ирсэн билээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бидний ивээл дор энэ удаа зохион байгуулагдаж буй Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь түүхэн үзэсгэлэн Нант хотын Үндэсний түүхийн музейд маргааш нээлтээ хийх гэж байгаа нь үүний нэг тод жишээ болж байна. Энэхүү үзэсгэлэн нь монголчууд бидний түүх, соёл, өв уламжлал болон манай хоёр улсын түүхэн харилцааг Франц Улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой чухал ач холбогдолтой юм. Мөн Франц улсын баялаг их түүхийн өлгий болох Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулгын найрал хөгжим анх удаа эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар франц анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна. Энэхүү түүх соёлын арга хэмжээг талархан дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Франц Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, түүнээс үүдэлтэй хүнсний хомсдол зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр нэн чухал юм. Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Франц Улсын Ойн дээд хэмжээний уулзалтаас гарсан санаачилгуудтай уялдуулж, хамтран ажиллахаар тохирсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Цаашид манай хоёр улс НҮБ болон олон улсын түвшинд эх дэлхий, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийн төлөө үр дүнтэй, нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Энэ дашрамд хүн төрөлхтний энхтайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпын 33-р их наадам Парис-2024-ыг ирэх онд эх орондоо хүлээн авах Франц Улс, францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа үеийн үед батжин бэхжиж, өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа” гэлээ. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гэрээ, хэлэлцээрүүдийг шинээр байгуулснаар хамтын ажиллагаа идэвжинэ гэдгийг хэллээ. Түүнчлэн сансрын холбоо, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарыг онцлон дурдаж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Франц Улсад суралцах эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээн авсан тухай дурдав. Эдгээр оюутнууд Франц, Монголын найрамдалт харилцаанд шинэ өнгө аяс нэмж, үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа

2023.12.31. Франц улс. Парис хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
  3. Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд францын талаас Орано групп ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас Эрдэнэс Монгол ХХК-ийн ерөнхий захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын Thales Alenia Space компанийн хоорондын Харилцан ойлголцлын тухай санамж бичигт францын талаас Thales Alenia Space компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар гарын үсэг зурав.
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
  6. Бүгд Найрамдах Франц Улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

2023.10.13. Франц Улс. Парис хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Монгол, Францын хооронд энэ онд Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалыг харилцан хийж байгаа нь хоёр улсын онцгой эрхт түншлэлийг бататгах, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж, стратегийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгааг талууд онцлов. Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны энэ оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Монгол, Францын хамтарсан тунхаглалд тусгагдсан зорилтууд, ялангуяа хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, гамшгийн менежмент, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаа Төрийн тэргүүн нар нотоллоо. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын чухлыг онцолж, эдгээр чиглэлээрх хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүн гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон францын ард түмэнд Парис – 2024 зуны олимпын 33 дугаар наадмыг зохион байгуулахад нь амжилт хүсэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2023.10.14. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо. 
Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн нь монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг онцлов. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополын Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцов. Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэн нь Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаанд үргэлжилнэ гэжээ.

Парис-2024 зуны олимпын нээлтэд оролцоно

2024.07.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024.07.26-ны өдөр болох Парис-2024 зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно. Зуны олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ. Монгол Улс 1964 оноос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

2024.07.27. Франц Улс. Парис хот. Зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцохоор Парис хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргийн хамт Елисейн ордонд угтлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв. Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов. Энэ удаагийн зуны Олимп нь 2024.07.26-ны өдрөөс 2024.08.11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна. Харин ирэх 2024.08.28-ны өдрөөс 2024.09.08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзлаа

2024.07.27. Франц Улс. Парис хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой 2024.07.27-ны өдөр Парис хотноо тусгайлсан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2024.07.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан Төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын төр, засаг болон монголын найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд, харилцаа, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Найрамдал медалиар шагнав.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.09.19. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Өнө эртний түүхтэй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, харилцааны түвшин стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 07 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, иргэд хоорондын харилцаа, нэн ялангуяа боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлов. Элчин сайд Коринн Пэрера Да Силва Франц, Монголын харилцааны түүхэнд хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшинд, идэвхтэй хөгжиж буйг онцлоод, үргэлжлүүлэн бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОНТОЙ УУЛЗЛАА

2024.12.04.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.

Хариулт үлдээнэ үү

Translate