Dailypost.mn: Эмхэтгэл
Монголын эдийн засаг: Уламжлал ба орчин үе
1 БҮЛЭГ. Монголбанк ба Сангийн яамны үүсэл хөгжил…………..………..
1.1 100 жилийн тэртээх сангийн яам ба сайд……..…………………..….…
1.2 Богдын засгийн газрын санхүү……………………..…………..….…………
1.3 Монголд зөвлөхөөр С.А.Козин ирэв…………………………..………….…
1.4 Монгол улсад банкны салбар үүссэн нь……………….………..…..……
1.5 Зоосон, цаасан, цахим мөнгө…………………………………………………….……
2. БҮЛЭГ Сангийн яам ба төсөв……………………………………………………………………
2.1 Төсвийн шинэчлэл ба үнийн өсөлтийн татвар……………..
2.2 68 хувийн татвартай болсон нь……………………………………………..
2.3 Зэсийн үнэ унаж 68 хувийн татвар буурав…………………………….
2.4 68 хувийн татварыг хүчингүй болгов………………………….…………
2.5 Тогтворжуулалтын сан мэндлэв…………………………………………….
2.6 Зэсийн баяжмал ба цэвэршүүлэх үйлдвэр……………………………..
2.7 Алт ба цэвэршүүлэх үйлдвэр…………………………………………….……
3.БҮЛЭГ.Дэлхийн банк ба санхүүгийн хямрал……………………………..
3.1. АНУ-ын санхүүгийн хямрал………………………………………………….
3.2. Европын санхүүгийн хямрал………………………………………………..
3.3. Грекийн санхүүгийн хямрал……………………………………………….
3.4. Азийн санхүүгийн хямрал…………………………………………………….
3.5. Зүүн ази, номхон далайн бүсийн орнуудын санхүүгийн хямрал
3.6. Хятадын санхүүгийн хямрал………………………………………………..
3.7. Монголын санхүүгийн хямрал………………………………………………
3.8. Монголын эдийн засгийн бодлогын чуулга чуулзалт……….
3.9. Санхүүгийн хямрал ба хандивлагчид……………………………………
3.10. Хямралаас гарах төлөвлөгөөг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэв………………………………………………………………………………………..
3.11.Монгол улс санхүүгийн хямралаас гарахад юуг анхаарах ёстой байсан бэ……………………………………………………………………………………………………….
3.12. Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой талаар илэрхийлэв…………………………………………………………………
3.13. Дэлхийн банкнаас монголын эдийн засагт хийсэн ээлжит судалгаанууд………………………………………………………………………………………………….
3.14. Дэлхий нийт санхүүгийн хямралаас хэрхэн гарсан бэ………………..
4 БҮЛЭГ. Монголбанк ба арилжааны банкууд
4.1 Банк санхүүгийн доголдол ба шинэчлэл……………………
4.2 Халагтай хадгаламж зээлийн хоршоод…………………………….
4.3 Банкуудын дампуурал давтагдав……………………………………….
4.4 Анод банк татан буугдлаа……………………………………………………
4.5 Зоос банк татан буугдлаа……………………………………………………
4.6 Биржэд хувьцаа гаргасан банкууд дампуурав………………………
4.7 Хадгаламж банк татан буугдав……………………………………………
4.8 Олон овоот олныг төөрөгдүүлэв…………………………………………
4.9 Кредит свиз Голомтын хувь нийлүүлэгч болсонгүй……………
4.10 Транс банкны хувьцааг худалдсан нь…………………………………
4.11 Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршуулав………………………………………………………………………………
4.12 Банкны шинэчлэл хэрхэн өрнөх вэ……………………………………
4.13 Арилжааны банкуудын нууц эзэд………………………………………
4.14 Хадгаламжийн даатгалтай болов………………………………………
4.15 Арилжааны банкуудын хадгаламжийн ба зээлийн хүү…..…
4.16 Арилжааны банкуудын дүрмийн сан 100 тэрбум төгрөг болно……………………………………………………………………………….…
5 БҮЛЭГ. Хөгжлийн банк байгуулагдаж дэлхийн зах зээлд бонд гаргав…………………………………………………………………………………………
5.1 Чингис бонд гадаад зах зээлд арилжив………………………………..
5.2. Самурай бонд босгов…………………………………………………………..
5.3 Номад бонд дэлхийн зах зээлд арилжаалав…………………..……
5.4 Мазаалай бондын төлбөрийг барагдуулав…………………………
5.5 Чингис болон Гэрэгэ бондын төлбөрийг бага хүүтэйгээр дахин санхүүжүүлэв……………………………………………………………………………
6 БҮЛЭГ: Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил………….
6.1 Хөрөнгийн бирж 30 нас хүрэв………………………………………………
6.2 Лодонгийн хөрөнгийн биржтэй хамтрав…………………………
6.3 Д.Энхзул: 14.2 сая ам.долларын гэрээ байгуулсан…………………
6.4 Миллениум айти арилжааны систем нэвтрүүлэв………………
6.5 FTSE групптэй хамтран ажиллахаар болов…………………………
6.6 Сангийн яамны мэдэлд хөрөнгийн бирж очив……………………
6.7 TDB capital брокерийн эрх авсан нь………………………………………
6.8 Арилжааны банкууд андеррайтер хийвэл……………………………
6.9 Эрсдэлээс хамгаалах жор………………………………………………………
7 БҮЛЭГ. Аж үйлдвэрлэлийн салбар ……………………………………….
7.1 Жижиг, дунд үйлдвэр хөгжив……………………………………………
7.2 Ноолуурын зах зээл……………………………………………………………
7.3 Арьс ширний зах зээл………………………………………………………..
7.4 Атрын дөрөвдүгээр аян………………………………………………..……
7.5 Сүүний урамшуулал олгов………………………………………………
8 БҮЛЭГ: Стратегийн ач холбогдол бүхий ордууд……………………………
9.БҮЛЭГ. Сайншандын аж үйлдвэрийн арк
9.1 Сайншандын аж үйлдвэрийн паркт 200 мянган ажлын байр бий болгохоор тооцож байжээ.
9.2 Коксын үйлдвэр цаасан дээр сүндэрлэв
9.3 Нэг тонн нүүрс олборлоход, нэг шоо метр хий алддаг
9.4 Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах боломжтой
10 БҮЛЭГ. Газрын тосны үйлдвэр ба хийн хоолойн төсөл
10.1 Зүүнбаянд газрын тосны орд илрүүлж дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэв
10.2 Газрын тосны хайгуулын ажлыг дахин сэргээж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
10.3 Петро чайна дачин тамсаг, Доншен газрын тос монгол компаниуд хэрхэн нефть хайж эхэлсэн бэ
10.4. Монгол улсад 332 сая тонн газрын тосны баталгаат нөөц тогтоогдов
10.5 Зүүнбаян болон Тамсагийн сав газраас нефть экспортолж эхлэв
10.6 Хөх хотын боловсруулах үйлдвэрээс Монгол-93 шатахуун импортлов
10.7 Импортлогчдын алдагдлыг улсын төсвөөс төлж байжээ
10.8 Солонгосын Эс Кей зэрэг бусад эх үүсвэрээс шатахуун импортолж эхлэв
10.9 Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэв
10.10 Дарханд газрын тосны үйлдвэр барихаар төлөвлөж байсан нь
10.11 Энэтхэг улстай хамтран газрын тосны үйлдвэр барьж эхлэв
10.12 Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 багц ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орно
10.13 Г.Ёндон: Шатахууны үнийг тогтвортой байлгаж, нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байна
10.14 Орчин цагийн торгоны зам ба хийн хоолой
11 БҮЛЭГ: Дэлхийн хөрөнгийн зах зээлд гарсан компаниуд……….
11.1 Дэлхийн зах зээлээс хэрхэн хувьцаа авдаг вэ………………………
11.2 MEC Хөшөөтөд хөл тавив……………………………………………………
11.3 MMC IPO хийв……………………………………………………………………
11.4 Соут гоби ресурсийн оролдлого ба бүтэлгүйтэл……………..…
11.5 Харанга ресурсес төмрийн хүдрийн хайгуул эхлүүлэв……
12 БҮЛЭГ. Гадаад харилцаа ба эдийн засгийн хамтын ажиллагаа………………………………………………………………………………..
12.1 Монгол болон БНСУ-ын гадаад харилцаа……………………….…
12.2 Монгол болон БНХАУ-ын харилцаа………………………………….
12.3 Монгол болон Японы харилцаа……………………………..………
12.4 Монгол ба Америкийн харилцаа………………………..……………
12.5 Монгол ба Оросын харилцаа……………………………………………
12.6 Монгол ба Казахстаны харилцаа……………………………………
12.7 Монгол ба Туркийн харилцаа…………………………………………
12.8 Монгол ба Европын холбоо……………………………………………..
13. БҮЛЭГ. Дэлхийн валютуудын ханш………………………………………..
13.1. Хятадын юанийн ханш яагаад сул байж ирсэн бэ…………….
13.2. Хятад АСЕАН-тай юаниар худалдаа хийхээр болсон нь бусад валютад хэрхэн нөлөөлсөн бэ…………………………………………………………
13.3. Хятадын экспорт, импорт, инфляциас юанийн ханш хэрхэхийг таамаглаж болно………………………………………………………………………………..
13.4. Хямралаас хойш хятадын юанийн ханш хоёр дахин өсөв…..
13.5. Оросын газрын тосны борлуулалтын орлого рублийн ханшид нөлөөлөх нь бий…………………………………………………………………………………………
13.6. Европын холбоонд Эстони улс нэгдэхээр болсон нь еврогийн ханш өсөхөд нөлөөлжээ……………………………………………………………………….
13.7. Хирохиса Фүжи: Долларын ханшийн сулралт иений ханш өсөхөд нөлөөллөө…………………………………………………………………………………………………
13.8. Америкийн өр дээд хязгаараа давж долларын ханш дэлхийн зах зээлд уруудав………………………………………………………………………………………..
13.9. Америк долларын ханш унаж, дэлхийн зарим улсууд уг валютаар гадаад худалдаа хийхээс татгалзав………………………………………………………………..
13.10. Рубин: 2009 оны сүүлчээр долларын ханш бууж магадгүй……………
13.11.Америк доллар талер гэх үгнээс үүсчээ………………………………………………
13.12.Валютын эрэлт, нийлүүлэлт ямар үед өсч, буурдаг вэ……………………
13.13. Б.Жавхлан: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг авч үзвэл урт хугацаанд ам.долларын ханш буурах үндэслэлгүй………………………………….
13.14. Ам.долларын ханшид гадаад хүчин зүйл нөлөөлөх нь бий………….
13.15.Үндэсний статистикийн хороо ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ……………………………………………………………………………………
13.16. Сангийн яам ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ…………………………………………………………………………………………………………………………..
13.17. Монголбанк ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ……………………………………………………………………………………………………………………….
13.18.Валют арилжааны төвүүд ам.долларын ханшийн талаар ямар дүгнэлт хийсэн бэ……………………………………………………………………………………………
13.19.Валют арилжааны төв буюу ченж хэрэгтэй юу………………………………
13.20.Валют арилжааны төвүүдийг цэгцлэв……………………………………………..
13.21.Валютын зохицуулалтын тухай хууль……………………………………………..
13.22. Гадаад валютаар төлбөр тооцоо хийсэн газрууд……………………………
13.23. Америк долларын албан ханш төсөвт тусгасан үнээсээ буурвал экспортлогчдод алдагдалтай…………………………………………………………………………
13.24. Америк долларын албан ханш төсөвт тусгасан үнээсээ өсвөл экспортлогчдод ашигтай…………………………………………………………………………..
13.25.Ам.долларын ханш өсч, буурах нь импортлогчдод хэрхэн тусдаг вэ………………………………………………………………………………………………………………………
13.26.Хямралын үед валютын нөөц яагаад буурсан бэ…………………………..
13.27.Хямралын үед гадаад валютын нөөц огцом буурав………………………
13.28.Хямралаас хойш валютын нөөц 10 дахин нэмэгдэв………………………
13.29.Гадаад валютын нөөцийг өсгөхийн тулд ямар бодлого явуулсан бэ…………………………………………………………………………………………………………………………
13.30.Валютын нөөцийг ямар валютаар бүрдүүлдэг вэ…………………………..
13.31.Хямралын үед ам.долларын ханш хаврын тэнгэр шиг зангаа хувиргав…………………………………………………………………………………………………………
13.32. Стратегийн ордууд ашиглалтад орвол долларын нийлүүлэлт нэмэгдэхээр байв………………………………………………………………………………………
13.33. Монголбанк гадаад валютыг банк хоорондын захад дуудлага худалдаагаар арилждаг болов……………………………………………………………..
1 БҮЛЭГ. Монголбанк ба Сангийн яамны үүсэл хөгжил
1.1 100 жилийн тэртээх сангийн яам ба сайд
Одоогоос нэгэн зууны тэртээ билгийн тооллын цагаагчин гахай жилийн өвөл, аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Энэ өдөр наймдугаар Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч Богд хаанаар өргөмжилж, Богдын засгийн газрыг таван яамтайгаар байгуулсан юм. Тухайлбал, сангийн яам, цэргийн яам, гадаад хэргийн яам, дотоод хэргийн яам, шүүх яамыг богдын засгийн газрын дэргэд байгуулсан түүхтэй. Монгол улсын ууган яамдын нэг болох сангийн яам тухайн үед Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд анхны сайдаар нь Түшээт хан аймгийн засаг ноён Гадинбалын Чагдаржав томилогдож байлаа. Тэрбээр 1870 онд Түшээт хан аймгийн Говь түшээт ханы Чин вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн байна. Тэрбээр, 27 насандаа эцгээсээ угсаа залгамжлан засаг түшээ гүн болсон бол, 30 насандаа, Түшээт хан аймгийн дэд дарга, 39 насандаа аймгийнхаа засаг дарга болсон байна. Гадинбалын Чагдаржав нь монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлагчдын нэг юм. Тиймээс ч, монгол улсыг сэргээн тогтооход, хүчин зүтгэсэн түүний хөдөлмөрийг үнэлж, Богд хаан Жавзандамба анхны сангийн сайд Чагдаржавт үе улиран түшээт цол, төрийн жүн ван, чин ван хэргэмийг олгож байжээ. Ганинбалын Чагдаржав сангийн сайдын албыг хашихдаа, Манжид албан гувчуур төлөх явдлыг бүр мөсөн таслан зогсоосноос гадна, монгол улсын сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулсан түүхэн хүн юм. Харин дэд сайдуудаар Сэцэн хан аймгийн засаг ноён бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэн, Засагт хан аймгийн засаг ноён сартуул сэцэн ван Насанбуянжаргалын Жалчингомбоцэдэн нар томилогдож, сангийн яамны түшмэлээр зайсан лам Лувсанбалдан, түшмэлээр Нэринванчиг нар томилогдож байжээ. Тэд, монгол улсын санхүү төсвийн бүх хэргийг захирч, улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлж байснаас гадна, олон төрлийн татварыг санаачилсан түүхэн хүмүүс юм. Тухайлбал, 1911 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр, гадаадын иргэдээс газрын түрээсийн татвар авч эхэлсэн байна. Ингэхдээ гадаадын иргэд монгол улсын нутаг дэвсгэрээр мал тууварлавал бэлчээрийн түрээсийн татвар төлж эхэлжээ. Нэг тэмээнээс лан мөнгө, үхэр адуунаас таван цэн алт, хонь ямаанаас хоёр цэн алтны татвар жилд хоёр удаа авч байсан байх жишээтэй. Үүнээс гадна гадаадын иргэд монгол улсын нутаг дэвсгэрээс өвс хадвал жилд 2 цэн алтны газрын түрээсийн татвар мөн авч байсан байна. Харин гадаадын иргэд тариалангийн талбай түрээслүүлэх бол, тухайн газрын үржил шим, хөрс, зам суурины ойр холыг харгалзан үзэж, талбайгаа дээд, дунд, доод зэрэгт ангилж шатлалтайгаар татвар ногдуулж байж. Тухайлбал, дээд зэргийн талбайгаас жилд 3 цэн алт, дунд зэргийн талбайгаас жилд 2.5 цэн алт, доод зэргийн талбайгаас жилд 2 цэн алтны татвар авч байжээ. Үүн дээр тариалангийн талбай эзэмшүүлсний төлбөрт нэг цэн алт давхар авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хэдийгээр сангийн яамыг байгуулж, сангийн сайдаар ахлуулсан албан тушаалтнууд газрын түрээсийн татварыг бий болгосон ч тухайн үед улсын сан хөмрөг хүндхэн байж. Тиймээс төсвийн хөрөнгийн нэмэгдүүлэх зорилгоор экспорт, импортын бараанаас гаалийн татвар авч эхэлсэн байна. Энэ дагуу, Богд хаант засгийн газар 1912 онд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулж, яамны харъяа хороодыг Нийслэл хүрээ, Миймаа хот, Улиастай, Хиагтад нээсэн байна. Энэ үеэс эхлэн гаднаас оруулж ирсэн бараа, гадагшаа гаргаж буй таваараас гаалийн татвар авч эхэлжээ. Ер нь тухайн үед импортоор оруулж ирсэн цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнд 5 хувийн татвар, архинд 10 хувийн татвар ногдуулж байсан байна. Харин Монголоос экспортолсон мал, ноос, арьс, шир, бугын эвэр, хүдрийн заар, мөөг, мод, хунчир, бохир алт, эрдэнийн чулуу зэрэгт 5 хувийн татвар ногдуулдаг байж. Үүнээс гадна монгол иргэдийн худалдан борлуулсан бүтээгдэхүүнд таван хувийн татвар ногдуулж эхэлсэн байна. Энэ татварыг тухайн үед дотоод гаалийн татвар гэж нэрлэдэг байжээ. Ийнхүү гаалийн яамыг байгуулж экспорт, импорт, дотоод гаалийн татвар авч эхэлсэн ч, улсын сан хөмрөг санасан хэмжээнд хүрээгүй тул төсвийн хөрөнгийн хэмнэх зорилгоор гаалийн яамны орон тоог цөөлж сангийн яаманд нэгтгэжээ. Энэ цагаас сангийн яам гааль хураах, гадаад хүү, дотоод хүү гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Гааль хураах хэлтэс нь экспорт, импорт, дотоод гаалийн татварыг хураан авч орлогоо дотоод хүүгийн хэлтэст хүлээлгэн өгдөг байж. Гадаад хүүгийн хэлтэс нь газрын түрээсийн татварыг хураан авч түүнийгээ дотоод хүүгийн хэлтэст хүлээлгэн өгдөг байсан байна. Харин Дотоод хүүгийн хэлтэс нь гаалийн болон түрээсийн татварын орлогыг цалин, хөлс олгоход зарцуулж байснаас гадна, бараа бүтээгдэхүүн худалдан авч, ханган нийлүүлэх үүрэгтэй байжээ. Тухайн үед яамдын тэргүүн сайдууд 290 лан мөнгө, дэд сайдууд 180 лан мөнгөний цалин авдаг байсан байна. Сангийн яамны дотоод хүүгийн хэлтэс бүх яамдын ажилчдын цалинг энэ мэт бодож олгохоос гадна, яамыг нүүрс лаа зэргээр хангах ажил хийдэг байжээ. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Сангийн яам Гаалийн яамтай нэгдсэнээсээ хойш орон тоо нь эрс өссөн. Бусад яамдаа бодвол хамгийн их ажилтантай нь тухайн үед Сангийн яам байлаа. Сангийн яамны дотоод хүү, гадаад хүү, гааль хураах хэлтсийг эрхэлсэн түшмэл, дэс түшмэл гэсэн гурван хүн удирддаг байсан бөгөөд тэдний доор 80 орчим хүн ажиллаж байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна.
1.2 Богдын засгийн газрын санхүү
Сангийн болон Гадаад яам хамтарч 1911 оны сүүлчээр алтны гаалийн татварыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь монгол улсын нутаг дэвсгэрээс олборлож, худалдан борлуулсан алтны үнийн дүнд жилд 2 хувийн татвар ногдуулдаг байсныг халж, сард 16.5 хувийн татвар авдаг болов. Ийнхүү төрөл бүрийн татвар нэвтрүүлсэн ч тухайн үед улсын сан хөмрөг хүндхэн, орлого зарим үед тооцоолж байсан хэмжээнд хүрдэггүй байж. Тухайн үед хүн амын дийлэнх нь татвараас чөлөөлөгддөг байсан учраас хүндхэн санхүүтэй байсан нь мэдээж. Тэр үеийн засаг ноёд, хутагт хувилгаад, 25-аас доош бодтой хошууны захирагч, туслагч, залан, занги бүгд алба гувчуураас чөлөөлөгддөг байсан тул төсвийн орлогыг бүрдүүлэхээр мөнхийн хөрш оросоос зээл хүссэн байх юм. Тус улс манай саналыг хүлээн авч 1912 оны тавдугаар сард 100 мянган рублийг 10 жилийн хугацаатай олгожээ. Энэ нь манай эдийн засагт нэмэр болсон ч, цэрэг иргэний зардалд үүнээс их хөрөнгө шаардагдаж байсан нь нууц биш. Тиймээс 1913 нэгдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд Т.Намнансүрэн, сангийн сайд Г.Чагдаржав нар оросын консул Коростовецтой гэрээ байгуулж, 2 сая рублийг 20 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцов. Үүнээс зургаан сарын дараа Манай засгийн газар Оросын консулаар дамжуулан хойд хөршөөс дахиад зээл хүслээ. Энэ хүсэлтийг нөгөө тал хүлээн авсан ч, оронд нь нэг болзол тавьсан нь Монгол улсад Оросын санхүүгийн зөвлөхийг урьж ажиллуулах байлаа. Богдын засгийн газар үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэн бүх аймгуудаас татвар авч, төсвийн орлогоо дотоодоосоо бүрдүүлэх гэж оролдсон гэгддэг. Ингэхдээ, Түшээт хан аймгаас 246 мянган лан, Сайн ноён хан аймгаас 82 мянган лан мөнгөний татвар авахаар төлөвлөжээ. Тухайн үед нийт аймгуудаас 700 мянган лан мөнгө /1 лан ойролцоогоор37 грамм/- ний татвар хураахаар төлөвлөсөн ч, ердөө 25 хувийг нь улсын сан хөмрөгт төвлөрүүлж чадсан байна. Энэ нь санхүүгийн бүх хэрэгцээг хангахад хүрэлцээгүй учир Богдын засгийн газар зээлийн эрэлд дахиад мордлоо. Ингэхдээ монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Дайчин улсын банкны салбараас зээл хүссэн гэгддэг. Гэвч тус банкныхан оросын нэгэн адил манай талд өөрсдийн болзлоо тавих нь тэр. Энэ банкинд монгол улсын дундаж өрхийн өр мянган лан мөнгөөр хэмжигдэж байсан гэх. Энэ өрийг барагдуулж байж Богдын засгийн газар зээл авах боломжтой гэсэн болзлыг тус банк тавьсан байгаа юм. Богдын засгийн газар иргэдийн энэ өрийг ямар нэгэн аргаар төлүүлэх арга хэмжээ авахыг даалгаж, Сангийн яам иргэдээс өрөө төлөхийг шаардсан байна. Үүний үр дүнд дээрх банкинд төлөх монголчуудын нийт өрийн 25 хувийг 1913 оны эцэст барагдуулсан ч, тусыг эс оллоо. Дайчин улсын банкны салбар Богдын засгийн газарт мөнгө зээлсэнгүй. Ийнхүү манай улс энд тэндээс зээл хүссэн ч бүтэл муутай байсан тул Оросоос авах зээлээ 3 сая рубльд хүргэх санал тавьжээ. Хойд хөрш эхний ээлжинд 2 сая рублийн зээл олгох ба дөрөвний нэгийг Монголд байгуулах цэргийн сургуулийн зардалд, үлдэх мөнгийг нь төсвийнхөө зардалд зарцуулж болно. Зээлийг 30 жилийн хугацаанд барагдуулах ёстой ч, оросын зөвлөхийг авч ажиллуулаагүй цагт зээл олгох бололцоогүй гэсэн болзол дахин тавьжээ. Ингээд Богдын засгийн газарт С.А.Козин санхүүгийн зөвлөхөөр ажиллахаар болж, манай улс хойд хөршөөс хүссэн зээлээ авах бололцоо бүрдсэн юм.
1.3 Монголд зөвлөхөөр С.А.Козин ирэв
Богдын Засгийн газар оросоос удаа дараа зээл хүссэний эцэст хойд хөршөөс 3 сая рублийн зээл авахаар болжээ. Оросууд тухайн үед манай улсад зүгээр ч нэг мөнгө зээлсэнгүй. Богдын засгийн газарт зээлсэн 3 сая рублийг зөв зохистой захиран зарцуулах төлөөлөгч болох С.А.Козинг Монгол Улс руу давхар илгээсэн юм. Ингээд Богдын засгийн газар 1913 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр С.А.Козинтой гэрээ байгуулсан байна. Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд С.А.Козин 1914 оны тавдугаар сарын 13-нд манай улсад ирж, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Оросоос ирсэн эдийн засгийн зөвлөхийн хийх ёстой гол ажил бол, Монгол Улсын сан хөмрөгийн хөрөнгийг захиран зарцуулахад зөвлөгөө өгч, татвар хураамжийг хэмжээг тодорхойлох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа олж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Сангийн яамтай хамтран ажиллах явдал байлаа. С.А.Козин хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын иргэдийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай биеэр танилцаж, ашигт малтмалын ордуудыг нээж, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхийн тулд ургамлын бүтэц, газрын үржил шимийг судлах шаардлага тулгарч байжээ. Тиймээс тэрбээр ирсэн даруйдаа манай улсын санхүүгийн байдал, орлогын гол эх үүсвэрүүдийг судалж эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх гарц хайж эхэлсэн байна. Манай улс уул уурхайн баялаг ихтэйгээс гадна, малын тоо толгой их учир эдгээрийг оросын зах зээлд нийлүүлэх боломжтойг тэрээр олж харжээ. Тиймээс Монгол улс зээлээ эргүүлэн төлөх нөөц бололцоотой тул зээл олгох боломжтой гэсэн ноот бичгийг өөрийн улсдаа илгээсэн байх юм. Ингээд 1914 оны есдүгээр сарын 30-нд хойд хөрш манай улсад 3 сая рублийн зээлийг 30 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргажээ. Ингэхдээ, эхний 1 сая рублийг тэр даруй олгосон бол, үлдэх мөнгийг зургаан сарын зайтай 500 мянган рублиэр таслан олгосон байна. Энэ мөнгийг улсын төсөв, санхүүд зарцуулахаас гадна тариалан, мал аж ахуйг сайжруулах, уурхайн баялаг ашиглах, оросын сургагч нарын сургалтын зардал, иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулахаар тохирчээ. Зээлийг 30 жилийн дотор барагдуулах ёстой бөгөөд эцсийн зээл олгосон өдрөөс эхлэн жил тутам 100 мянган рублийг төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү хойд хөршөөс урт хугацаатай зээл авахад С.А.Козины оролцоо туслалцаа их байсан юм. Тэрээр 1915 онд улсын орлого зарлагын данс үйлдэж, нэгдсэн төсөв зохиох, тайлан гаргах журам боловсруулсан бол, 1916 онд Санхүүгийн зөвлөх газрыг байгуулж хойд хөршөөс эдийн засагч, инженер, хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн 25 хүн авчирж ажиллуулжээ. Тус газар манай улсын санхүү, төсөвт тулгамдаж байгаа гол хүндрэлүүдийг тухайн үед хэрхэн тодорхойлж байсан нь их сонин. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэд орон нутгийн эрх баригчидтай үгсэж татвараа бараг төлдөггүй. Мөн гадаадын иргэд зөвшөөрөлгүй талбайд бэлчээр болон тариалангийн газар ашиглахын зэрэгцээ ашигт малтмал олборлож татвар төлдөггүй зэрэг олон хүндрэлийг олж харсан байна. Үүнийг татвар хураах нэгдсэн журам байдаггүйгээс гадна, түрээсийн хураамжид хяналт тавьдаггүйтэй холбон тайлбарлажээ. Тиймээс ч, татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж тэд Богдын засгийн газарт зөвлөж байлаа. Ингэхийн тулд, гадаад хүүгийн хэлтэс, дотоод хүүгийн хэлтэс, гааль хураах хэлтэстэйгээр анх байгуулагдсан Сангийн яаманд улсын ашиг орлогыг бадруулах хэлтэс байгуулахыг зөвлөсөн байна. Энэ хэлтэс байгуулагдсан даруйдаа, Сангийн яамны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, данс тооцоо тайлан тэнцлийг тодорхой журамтай болгож, монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй эрхлэгчдийн орлогод хяналт тавьж, тэднээс авах татварын хувь хэмжээг тодорхойлж эхэлжээ.
1.4 Монгол улсад банкны салбар үүссэн нь
Монгол улсад 19-р зууны эхээр өөрийн гэсэн банк байсангүй. Зөвхөн гадаадын банкны салбарууд үйл ажиллагаа явуулж байжээ. Монгол улсад хамгийн анх үйл ажиллагаа явуулж байсан банк бол Дайчин улсын банк юм. Манж дайчин улсын сангийн яам монгол иргэд болон худалдаачдад өндөр хүүтэй зээл олгож, дундаас нь ашиг олох зорилгоор 1906 онд банкныхаа салбарыг Миймаа болон Улиастайд нээсэн гэдэг. Энэ үеэс хойш монгол иргэд тус банкнаас нэлээд хэмжээний мөнгө зээлсэн байна. Сангийн яамнаас 1911 онд гаргасан мэдээнээс харахад, монгол улсын иргэд Дайчин улсын банкинд 800 мянган лан мөнгөний зээлтэй байжээ. Үүнийгээ цагтаа төлдөг монгол иргэд тухайн үед цөөхөн байсан байна. Тиймээс монголчуудын энэ өрийг барагдуулбал Богдын засгийн газарт зээл олгох боломжтой гэсэн болзлыг Дайчин улсын банк тавьж байжээ. Манжийн дарлалаас ангижраад байсан Богдын засгийн газарт тухайн үед улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх хөрөнгө, мөнгө ихээр шаардагдаж байсан нь мэдээж. Тиймээс Дайчин улсын банкинд өгөх ёстой монголчуудын өрийг ямар нэг аргаар төлүүлэхийг Богд хаан Сангийн яаманд даалгаж байжээ. Сангийн яамныхан энэ дагуу 1911 оны эцсээр монголчуудын нийт өрийн 25 хувийг Дайчин улсын банкинд төлүүлж чаджээ. Гэвч энэ нь тусыг олсонгүй. Дайчин улсын банк Монголын засгийн газарт өгсөн амлалтаасаа ухарч, мөнгө зээлээгүй байна. Тиймээс Монгол Улсад Дайчин улсын банкийг ажиллуулахгүй байх шийдвэрийг Богдын Засгийн газар гаргасан байна. Ингэж л хятадын банкны салбар монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон юм. Гэвч үүний дараа оросын банкны салбар монгол улсад нээгдсэн байна. Энэ нь монголыг гарын таван хуруу шигээ мэддэг оросын иргэн Юферовтой нягт холбогддог. Тэрээр 1912 онд Англи, Францтай хамтран Монголд хувийн банк байгуулах саналыг Богдын засгийн газарт уламжилж зөвшөөрөл авчээ. Гэвч тэрбээр Монголын Засгийн газраас авсан банк байгуулах зөвшөөрлөө цааш нь дамлаж Оросын Засгийн газарт худалдсан аж. Удалгүй 1913 онд оросууд манай улсад хандаж, Юферовт олгосон банк байгуулах эрхийг бид худалдаж авахаар боллоо. Монгол улсад банк байгуулж болох эсэхийг даруй мэдэгдэнэ үү. Юферовын Богдын засгийн газартай байгуулсан банк байгуулах гэрээг Оросын засгийн газар зөрчихгүй хэмээн албан бичиг ирүүлжээ.
Үүнийг Монголын Засгийн газар хүлээн авахыг хүсээгүй ч арга буюу зөвшөөрсөн юм. Манж дайчин улсын банк Монголд дахин үйл ажиллагаагаа сэргээхийг эрмэлзэж байсан учир оросын болзлыг хүлээн авахаас өөр аргагүйд хүрсэн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Ингээд 1915 онд Монгол-Оросын Засгийн газар тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд оросууд Монгол улсын сангийн банкийг байгуулж, монголчуудын албан хэрэгцээнд зориулж 6 хувийн хүүтэй мөнгө зээлнэ. Мөн банкны жил тутам олсон ашгийн 14 хувийг Монголын Засгийн газарт өгнө гэж тусгажээ. Гэвч оросууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал 1917 он хүртэл банкныхаа орлого, зарлагын тайланг Сангийн яаманд ирүүлээгүй гэх. Банкныхаа ашгийн 14 хувийг монголын талд өгөөгүй байна. Тэр ч байтугай Монголын Засгийн газрын хэрэгцээнд шаардлагатай зээлийг олгоогүй байгаа юм. Монгол Улсын засгийн газар 1915 онд 200 мянган рубль, 1917 онд 300 мянган рубль, 1918 онд 200 мянган рублийн зээлийг Сангийн банкнаас хүссэн ч авч чадаагүй аж. Оросын банк Засгийн газарт бага хүүтэй зээл олгох бус, монгол худалдаачдад өндөр хүүтэй зээл олгож, ашиг олох зорилгоор байгуулагдсаныг холбогдох албан тушаалтнууд тухайн үед анзаарч, гадаадын банкны эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, монгол улсын сангийн банкны үйл ажиллагааг бүр мөсөн хориглох санал боловсруулж, 1918 онд улсын дээд болон доод хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн байна. Энэ даруй оросын банкны удирдлагууд Засгийн газарт нэгэн захидал ирүүлжээ. Энэ захидалд европт дэгдсэн дайнаас болж тус банкны хөрөнгө мөнгө хямралд орж анх тохиролцсон гэрээгээ зөрчсөн. Монгол улсын сангийн банк 1915-1918 оны хооронд 19,4 сая рублийн гүйлгээ хийсэн. Үүнийхээ цэвэр ашгаас Монголын талд 14 хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн санал тусгасан байна. Энэ саналыг манай тал хүлээн авалгүй Сибирийн худалдааны харъяа Монгол улсын сангийн банкны үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон байна.
Ингээд санхүүгийн бэрхшээлээ шийдэхийн тулд Манж дайчин улсын банкны эрхийг сэргээхээр болж 1918 оны аравдугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм. Энэ гэрээнд монголчууд тус банкинд мөнгө хадгалуулах бол гурван хувийн хүү төлнө. Монголын засгийн газар 8 хувийн хүүтэй зээл авна. Монголчуудын өмнө аваад төлөөгүй өрийг гурван жилийн дотор барагдуулна гэж тусгажээ. Дайчин улсын банкныхан монгол улсад үйл ажиллагаа эргэн сэргээсэн нь нэг талаас ашиг олох, нөгөө талаас өмнөх өрөө барагдуулахад оршиж байсан гэж түүхчид үздэг юм.
Харин 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банкийг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголбанкны суурийг оросуудтай хамтарч тавьсан гэсэн үг юм. Энэ банкийг 1954 онд оросууд манай улсад 100 хувь хүлээлгэн өгсөн аж. Монголбанк 1980-аад оны сүүлч хүртэл мөнгөний шинэчлэл явуулах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргах, үнийн хөдөлгөөний зохицуулах, иргэд болон худалдаачдад зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байлаа. Харин 1990-ээд оны эхээр Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоотой болсон юм. Өөрөөр хэлбэл, төвбанк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалт тогтолцоотой болсон юм. 2012 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар Монголбанк аймгуудад 17 салбартайгаар, Лондон хотод 1 төлөөлөгчийн газартайгаар, арилжааны 14 гаруй банкны үйл ажиллагааг хянаж байлаа. Харин арилжааны 14 банк 436 салбараараа дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлж байсан юм.
1.5 Зоосон, цаасан, цахим мөнгө
-Барааг бараагаар солих бартерийн харилцаа үүссэн нь-
Чулуун зэвсгийн үед хүн төрөлхтөн байгалийн бэлэн бүтээгдэхүүн, ан амьтнаар хооллодог байлаа. Он тоолол улиран өнгөрөхийн хэрээр тэд энэ сэтгэхүйгээсээ ангижирч хэрэгцээт зүйлээ өөрсдөө бүтээхийг эрмэлздэг болжээ. Хэдэн зууны дараа нэг хэсэг нь газар тариалан эрхэлж, нөгөө хэсэг нь зэрлэг амьтан гаршуулан маллаж бие биеэсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Хүн төрөлхтөн энэ үеэс өөрсдийн бүтээсэн зүйлээ хэрэгцээт зүйлээрээ сольдог бартерийн харилцаанд шилжсэн байна. Энэ нь мөнгө үүсэх эхлэл болсон гэж Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюун үздэг юм. Гэвч барааг бараагаар солих бартерийн харилцаа цаг хугацаа их шаардаж байснаас гадна, тийм ч оновчтой хувилбар байсангүй. Тариачин буудайгаа малаар солих малчин олох хэрэг гарах нь дамжиггүй. Энэ нь ихээхэн цаг хугацаа шаарддаг байжээ. Тиймээс хүн төрөлхтөн энэ болхи аргаас татгалзаж, зарим тодорхой нэр төрлийн бараагаар хэрэгцээт зүйлээ худалдан авдаг болжээ. Тухайлбал, эртний соёлт улсууд буудай, зэс, төмөр, мал, малын арьс шир зэргээр хэрэгцээт бараагаа худалдан авдаг байжээ. Гэвч энэ нь бас л төгс хувилбар байгаагүй тул хүн төрөлхтөн зоосон мөнгө цутгаж гүйлгээнд хэрэглэх болсон байна. Зоосон мөнгө гүйлгээнд гаргаж нийтээр хэрэглэх болсноор арилжаа наймаа цаг алдалгүй түргэн шуурхай хийгддэг болов. Зоосон мөнгийг хятадын нутаг дэвсгэрт амьдарч байсан лоулангчууд анх гүйлгээнд гаргасан гэж үздэг ч, зарим түүхэн сударт МЭӨ 643-630 онуудад бага азид оршин тогтнож байсан Лидийн хаант улс анхны зоосон мөнгийг цутгаж гүйлгээнд гаргасан гэж тэмдэглэсэн байх юм. Гэвч МЭӨ 7 зуунд тус улсыг Персийн хаан Их Кар эзэлсэн тэр цагаас зоосон мөнгө цутгахаа больсон гэдэг. Дэлхийн улс орнуудад зоосон мөнгө үүссэн түүхээс дурдахад энэ. Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга Болдбаатар: Мөнгө нь нэг төрлийн бараа. Энэ бараагаар төлбөр гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа мөнгө нь үнэ цэнээ алдахгүй байх ёстой хэмээн тайлбарладаг билээ.
-Анхны цаасан мөнгийг гүйлгээнд нэвтрүүлэв-
Бидний өвөг дээдэс ч мөн эртний соёлт улсуудын нэгэн адил зоосон мөнгө цутгаж гүйлгээнд хэрэглэж байсан баримт цөөнгүй бий. Тухайлбал, Хүннүгийн үеэс монголчууд зоосон мөнгө хэрэглэж байжээ. Энэ уламжлал Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан гүрний үед үргэлжилж зоосон мөнгөөр таваар мөнгөний гүйлгээг хөгжлийн өндөр түвшинд хийж иржээ. Тухайлбал, Зүүн үзүүрт хутган мөнгө, Өлгий мөнгө, Их хааны нэвтрэх эрдэнэ зэргийг энд нэрлэж болох аж. Үүнээс гадна, 1206 онд Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос гүйлгээнд гаргаж байсан гэдэг. Ер нь эртний зоосыг алт, мөнгөөр цутгадаг байсан нь түүхэн олдворуудаас харагддаг. Энэ нь алт, мөнгөний физик шинж чанартай нь холбоотой гэж эрдэмтэд үздэг юм. Алт мөнгө исэлддэггүй, зэвэрдэггүй, өнгөө алддаггүй, байгальд ховор тохиолддог, амархан хуваагддаг учир гол төлөв эдгээр металлаар зоос цутгаж гүйлгээнд хэрэглэдэг байжээ. Гэхдээ зоосон мөнгийг хол газар дайн байлдаан, худалдаа наймаа хийхээр авч явахад хүнд тул хөнгөн, авсаархан, хялбар байдлыг бодолцож Чингис хаан 1227 онд ардаа алт, мөнгөн баталгаатай цаасан мөнгө анх удаа хэвлүүлж гүйлгээнд гаргасан түүхэн хүн болохыг Монголбанкны Мөнгөн тэмтэгдийн хэлтсийн захирал Халтар гуай хуучилж байсан удаатай. Энэ нь дэлхийн мөнгөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал байлаа. Чингисээс хойш түүний үе залгамжлагчид болох Өгөөдэй хаан 1236 онд төрөл бүрийн хэмжээ жинтэй зоосон мөнгийг нэгтгэн, ижил хэмжээ жинтэй зоосон мөнгө гаргаж мөнгөний шинэтгэл явуулж байжээ. Үүний дараа 1254 онд Мөнх хаан цаасан болон зоосон мөнгө их хэмжээгээр гарган Мөнгөний хэрэг эрхлэх газар байгуулж байсан байна. Хубилай хаан 1260 онд аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, Хархоринд Мөнгө тушаах банк байгуулж байжээ. Түүний гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэртийг Хубилай хааны мөнгөн дэвсгэрт гэж нэрлэдэг байсан бөгөөд алт, мөнгөн баталгаатай гаргаж байсан гэдэг. Зарим эх сурвалжид Хубилай хааны мөнгөн дэвсгэрт хэлхээгээр хэмжигддэг байж. 1 хэлхээ нь 1 лан мөнгөтэй. 10 хэлхээ нь 1 лан шижир алттай тэнцдэг байжээ. Үүнийг оросын эрдэмтэн Козлов 1907 онд одоогийн Өвөр монголын нутгаас олж ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитаж музейд тавигдсан гэх нь бий. Хубилай хаанаас хойш 1294 онд Өлзийт хаан Иран дахь Монголын хаант улсдаа цаасан мөнгө гүйлгээнд гаргаж байжээ. Энэ нь ойрхи дорнод болон европт цаасан мөнгө бий болох үндэс болсон гэж судлаачид үздэг юм. Үүнээс хойш 1309 онд Хайсан хааны үед, 1330 онд Тогоон төмөр хааны үед тус тус цаасан мөнгө гүйлгээнд гарч байжээ. Энэ мэтчилэн 1227-1330 оны хооронд монголчууд 100 гаруй жилийн хугацаанд 40 гаруй төрлийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргаж хэрэглэж байсан гэдэг. Ер нь монголын эзэнт гүрний хаанчлалын үед алт, мөнгө, металл болон цаасан тэмдэгтийг 100 гаруй удаа гүйлгээнд гаргаж хэрэглэсэн байна.
-Бага болзоотыг гүйлгээнээс халж Данзангийн доллар хэрэглэх болов-
Монголчууд цаасан болон зоосон мөнгийг ийнхүү эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ч, харамсалтай нь мөнгөн гүйлгээний энэ баялаг уламжлал Монгол орон манжид эзлэгдсэн он жилүүдэд буюу 17-19 зууны үед тасалдсан юм. Энэ үед мөнгөний үүргийг мал, малын гаралтай түүхий эд, арьс шир, хадаг, цай зэрэг гүйцэтгэж байлаа. Үүнээс гадна, монголчууд оросын рубль, хятадын янчаныг гүйлгээнд ихээр хэрэглэдэг байжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг юм. Аль ч улс өөрийн гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтгүйгээр санхүү эдийн засгийн хувьд биеэ дааж чаддаггүй. Тиймээс ч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа үндэсний мөнгөн тэмдэгтэй болох шийдвэрийг Богдын засгийн газар гаргасан байна. Ингээд 1921.04.20-ны өдөр 250 мянган мексик доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Малаар баталгаажуулж, модоор барлаж, богино хугацаанд гаргасан энэ дэвсгэртийг Бага болзоот гэж нэрийддэг. Модон барыг Монгол улсын эрдэнийн хаш тамгыг сийлсэн уран сийлбэрч Лувсангомбо хийсэн гэж түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Энэ нь улс орны эдийн засаг сэргэхэд түлхэц үзүүлсэн түүхэн үйл явдал болсон юм. Бага болзоотыг 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гаргасан гэдэг. 10-тын дэвсгэрт хонины, 25-тын дэвсгэрт үхрийн, 50-тын дэвсгэрт адууны, 100-тын дэвсгэрт тэмээний зурагтай байжээ. Бага болзоотыг 1921.04.20-ны өдрөөс зургаан сарын хугацаанд 6 хувийн хүүтэй гүйлгээнд хэрэглэхээр төлөвлөж байжээ. Зарим хэвлэлд 1921.05.27-ны өдрөөс 1921.11.20-ны өдөр хүртэл хэрэглэхээр төлөвлөсөн ч, дараагийн мөнгөн тэмдэгт гарах хүртэл буюу 1923 оны хоёрдугаар сар хүртэл хэрэглэсэн гэж тайлбарлах нь бий. Тэгвэл бусад түүхэн сурвалжуудад 1922 онд Бага болзоотыг гүйлгээнээс халж, Сангийн яам шинэ мөнгөн дэвсгэртийг Орост захиалгаар хийлгэсэн тухай өгүүлжээ. Энэ мөнгөн дэвсгэртийг Данзангийн доллар гэж нэрийддэг. Мөнгөн дэвсгэртийн доод буланд Сангийн яамны тэргүүн сайд Данзангийн гарын үсэг байдаг болохоор ингэж нэрлэсэн түүхтэй. Тухайн үед 3.5 сая доллартай тэнцэх хэмжээний 50-тын цент, 1, 3, 5, 10, 25-тын долларыг орост захиалгаар хийлгэжээ. Гэвч Данзангийн долларыг манай улс богино хугацаанд хэрэглэж 1924 оноос гүйлгээнээс татсан байна. Сангийн яамны тэргүүн сайд Данзан тухайн үед улс төрийн хэрэгт холбогдсон тул 1924 онд Монгол-Оросын хамтарсан Худалдаа аж, үйлдвэрийн банк шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулах тухай санал Засгийн газарт оруулсан байна. Энэ санал засгийн газраар дэмжигдэж, шинэ мөнгөн тэмдэгтийг Орост захиалгаар хийлгэж, 1925 оноос эхлэн гүйлгээнд хэрэглэх болжээ.
-Дүгрэг хэмээх үгнээс гаралтай төгрөг гүйлгээнд нэвтрэв-
1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу өнөөгийн Монголбанк байгуулагдлаа. Тус банк шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулах тухай санал оруулахад Засгийн газар дэмжиж 1925 оны хоёрдугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэлт явуулах тогтоол гаргажээ. Ингэхдээ үндэсний мөнгөний нэгжийг төгрөг хэмээгээд, үүнийг гаргах эрхийг Монголбанкинд олгосон байна. Зоосон мөнгө дүгрэг хэлбэртэй байдаг учраас мөнгөний нэгжийг төгрөг хэмээн нэрийджээ. Төвбанк 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд 200 мянган төгрөгтэй тэнцэх 1, 2, 5, 10, 20, 25, 50, 100-тын дэвсгэрт гүйлгээнд гаргасан байна. Ингэхдээ, 25 хувь нь үнэт металл болон гадаадын тогтвортой валютаар, 75 хувь нь түргэн борлогдох бараагаар баталгаажсан төгрөгийг гүйлгээнд гаргажээ. Мөн 10, 15, 50-тын мөнгө болон 1 төгрөгийн зоос гаргасан байна. Эдгээрийг 18 грамм цэвэр цагаан мөнгөөр цутган гүйлгээнд гаргасан байгаа юм. Монгол улсын зах зээлд 1925 оны байдлаар 20 гаруй сая янчан эргэлдэж байсан тоо баримт бий. Тухайн үед хятадын янчан монгол төгрөгөөс илүү ханштай байсан учир энэ дэвсгэртийг монголчууд хэрэглэхийг илүүд үздэг байсан тухай зарим түүхэн зохиолд өгүүлсэн байх юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байх тэр үед төгрөг, янчан ийнхүү зах зээлд зэрэгцэн хэрэглэгдэж байв. Анх 1 төгрөг 0,88 янчантай тэнцэж байсан бол, 1926 оны сүүлчээр 1 янчантай тэнцэх болсон байна. Ийнхүү төгрөг зах зээлд амжилттай нэвтэрч, ханш нь чангарч, хүн амын төгрөгт итгэх итгэж сэргэж эхэлмэгц 1927 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын төлбөр тооцоо болон мөнгөн гүйлгээг төгрөгөөр тооцож, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээ авч эхэлсэн нь дотоодын зах зээлээс хятадын янчаныг бүр мөсөн шахахад нөлөөлсөн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний шинэчлэлтийн бодлого явуулж, хятадын янчан болон гадаадын бусад валютыг дотоодын зах зээлээс шахаж, монгол улс санхүү эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнож, үндэсний мөнгөн тэмдэгт бэхжиж чадсан гэж ойлгож болох юм.
-Төгрөгийг алтан баталгаанд оруулав-
Гэвч тухайн үед дэлхийн зах зээлд цагаан мөнгөний нөөц эрэлтээс давж ханш нь унах болсон байна. Энэ нь цагаан мөнгөнд суурилсан төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүй байсан учраас Монголбанкинд хуримтлагдсан алт болон валютын нөөцөд түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулах шийдвэрийг Улсын бага хурал 1927 онд гаргажээ. Ингэхдээ төгрөгийг үе шаттайгаар алтан баталгаанд оруулсан байна. Тухайлбал, 1927 оны нэгдүгээр сард дотоодын зах зээлд эргэлдэж байсан төгрөгийн 17 хувийг алтаар баталгаажуулсан бол, 1928 оны нэгдүгээр сард 40 хувийг, 1928 оны долдугаар сард 64 хувийг алтаар баталгаажуулсан байна. Ийнхүү 1928 оны наймдугаар сарын 1-нд төгрөгийг албан ёсны алтан баталгаанд оруулж, нэг төгрөгийг 51.8 америк центийн албан ханшаар зарлажээ. Үүгээр 1925 онд эхлүүлсэн мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ дуусч, төгрөг нь монгол улсын бат бөх үндэсний валют болж чадсан юм. Монгол Улс 1925 онд төгрөгийг анх гүйлгээнд гаргасан бол, улсын банкны сан хөмрөгийг сэлбэж арвижуулах зорилгоор 1939, 1941, 1955 онуудад төгрөгийг дахин шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргасан байна. Улс орны эдийн засаг, аж ахуйн салбарын хөгжлийн дүнд хүн амын мөнгөн орлого өсч, бараа эргэлт нэмэгдсэн тул 1940 онд гүйлгээн дэх бэлэн мөнгөний хэмжээг 53.9 сая төгрөгт хүргэсэн гэлцдэг. Тэгвэл хуучны 1925, 1927, 1935 оны дэвсгэртийг 1966 онд гүйлгээнээс татаж, оронд нь БНМАУ-ын сүлдтэй шинээр хэвлүүлсэн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан байна. Энэ ажлыг 1967 оны дөрөвдүгээр сарын 1-нээр дуусгавар болгосон бол, 1968 онд багтаан 1925, 1927, 1935 онд үйлдвэрлэсэн бутархай мөнгөнүүдийг гүйлгээнээс татаж дуусчээ. 1966 онд гүйлгээнд оруулсан БНМАУ-ын сүлдтэй дэвсгэртийг манай улс 1993 он хүртэл хэрэглэсэн юм. Манай улс 1992 онд шинэ үндсэн хуультай болж, БНМАУ гэсэн нэрээ өөрчилснөөр зайлшгүй мөнгөн тэмдэгтээ дахин солих шаардлага тулгарсан гэдэг. Мөн 1990 оны долдугаар сарын нэгнээс эхлэн төгрөгийн америк доллартай харьцах суурь ханшийг мөрдөж эхэлсэн юм. Улмаар 1992 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс нэг америк долларыг 40 төгрөгтэй тэнцэх ханш мөрдөхөөр болов. 1993 оноос америк доллар 150 төгрөгтэй тэнцэх ханш мөрдөхөөр тогтов.
-Монгол Улсын шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал-
Монголбанк 1993 онд шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав. Тухайн үед монгол улсын шинэ мөнгөн тэмдэгт нь 8 төрлийн дэвсгэртээс бүрдэж байв. Ингэхдээ 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлүүлж гүйлгээнд гаргажээ. Шинэ мөнгөн тэмдэгтийн 500, 1000-тын дэвсгэртийн нүүрэн талд эзэн Богд Чингис хааны хөрөг зургийг байрлуулсан бол, ард талд нь эзэн хааны үеийн Их нүүдэл түүхэн зураг байрлуулжээ. Харин 1-тээс бусад үлдэх дэвсгэртийн нүүрэн талд 1921 оны ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг байрлуулсан бол, ар талд нь адуу бэлчээрлэсэн хөдөө нутаг, дуниартсан хөндий, ногоон ой, мөнх цаст сарьдагуудтай байгалийн зураг хэвлэжээ. Бүх дэвсгэртийн нүүрэн талын баруун гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж, түүнтэй давхцуулан Монгол Улс гэсэн үгийг эвхэмэл үгээр бичиж, зүүн гар талд нь төрийн соёмбыг байрлуулж, Чингис хааны зарлигийг пайзын дэвсгэрт бүрийн ар, өвөр талд давхацуулан байрлуулсан байна. Харин нэг төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд арслангийн дүрс, ар талд төрийн соёмбыг үндсэн зураг чимэг болгон дүрсэлсэн өмөрмөц хийцтэй тухай Монгол Улсын төвбанкныхан өгүүлдэг. Дээрх шинэ мөнгөн тэмдэгтийг Монголбанк болон Томас Де Ла Рүе компанийн хоорондын хамтын ажиллагааны үндсэн дээр бүтээсэн бөгөөд энэхүү компани нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас үйлдвэрлэх талаар дэлхийд дээгүүр байранд ордог хувийн компани бөгөөд Их Британи, Мальт, Хонг-Конг, Сингапур болон Шриланкад хэвлэх салбар үйлдвэртэй гэдэг. Томас Де Ла Рүе компани нь мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх захиалгыг анх Маурит улсаас 1860 онд авч үйлдвэрлэснээс хойш 100 гаруй орны мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн алдартай алдартай пүүс аж. 1993 онд шинээр хэвлүүлсэн дээрх мөнгөн дэвсгэртүүд нь хуурамчаар үйлдэхээс хамгаалсан 10 гаруй тусгай хийцтэй аж.
- Дэвсгэрт бүрийг гэрлийн эсрэг харахад үргэлжилсэн шулуун шугам буюу металл утас үзэгдэнэ
- Дэвсгэрт бүрт Чингис хааны дүрстэй усан хээ харагдана
- Дэвсгэрт бүрт байгаа Чингис хааны зарлигийн пайзны оосорын нүхний ар, өвөр талын зураг яг давхцаж байна
- Дэвсгэрт бүр хоёр өөрийн дугаартай
- Дэвсгэртүүдийг гэрлийн дагуу хазайлгаж харахад тухайн дэвсгэртийн үнэ тодорч үзэгдэнэ
- Дэвсгэрт бүрийн зарим зураг, бичиг хийцийг товгор хэвлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул хуруугаар тэмтрэхэд мэдрэгддэг аж.
Манай улс 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлүүлж гүйлгээнд гаргасан бол, 1997 онд 5000, 10000-тын дэвсгэрт, 2006 онд 20000-тын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргасан юм. Эдгээр дэвсгэртийг өнөөдрийн хүртэл гүйлгээнд хэрэглэж байна. 1993 онд хэвлэгдсэн мөнгөн дэвсгэртүүд дээрх нууцлалтай бол, шинэ 20000 дэвсгэртийн нууцлалын талаар тэр үеийн Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга Д.Болдбаатар: Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт дээр цонх гэсэн нууцлалын хэсэг нэмэгдсэн тухай ийнхүү өгүүлж байна.Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга Д.Болдбаатар
-П.Сүхбаатар: 28 мянган боодол нэгтийн дэвсгэрт хил дээрээс хураагдсан-
2014.01.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Нэгтийн дэвсгэрт гүйлгээнээс гарсан гэх мэдээлэл цацагдсан ч супер маркетууд тус дэвсгэртийг мөнгөний хариултад өгч байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
– Нэгтийн дэвсгэрт гүйлгээнээс гарсан гэж хэсэг шуугилаа. Үүнд төвбанк ямар тайлбар хийх үү?
-Ашиг олох зорилгоор жижиг дэвсгэртүүд урд хөрш рүү гаргаж худалдахыг завдсан тохиолдол гарсан. Өнгөрсөн онд л гэхэд ийм тохиолдол 2-3 удаа гарсан. Үүнийг хил гаалийнхан илрүүлэн саатуулж, одоо холбогдох хууль хяналтынхан шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор жижиг дэвсгэрт гүйлгээнээс гарчихаж гэсэн хардлага нийгэмд төрсөн юм шиг байгаа юм. Тиймээс ч, нэгт болон тавтын дэвсгэртүүд гүйлгээнээс хасагдлаа гэж хэсэг шуугилаа. Үнэндээ жижиг дэвсгэртүүд гүйлгээнээс гараагүй, албан ёсоор хэрэглэгдэж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.
– Бутархай мөнгөн дэвсгэрт хятад руу гаргаж худалдахыг завдсан хэд хэдэн тохиолдол илэрсэн гэж байна. Хуурамч мөнгө үйлдэх зорилгоор уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
– Монгол улсын эрүүгийн тухай хуульд Үндэсний валют болон алтаар баталгаажсан мөнгөн дэвсгэртийг хил, гаалиар их хэмжээгээр гаргаж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр энэ үйлдэл нь өөрөө хууль бус гэсэн үг. Энэ тохиолдолд эзэн холбогдогчдод нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Ер нь жижиг дэвсгэртийг зөвхөн урд хилээр гаргахыг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байгаа юм. Өөр хаашаа ч биш. Бид хувьдаа, хятадууд манай жижиг дэвсгэртээр үнэт цаас хийгээд байна уу, эсвэл дахин боловсруулж мөнгөний цаас болгоход ашиглаад байна уу гэж таамаглаж байгаа. Яг юунд хэрэглээд байгааг нь эцэслэн тогтоогоогүй байна. Ямар шалтгааны улмаас урагш нь гаргаж худалдахыг завдав гэдгийг холбогдох албаныхан тогтоох байх.
– Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний мөнгөн дэвсгэрт хил дээр хураагдсан юм бол?
– Мөнгөн дүнгээрээ бол бага. 28 мянган боодол нэгтийн дэвсгэрт буюу 700 орчим мянган төгрөг хураагдсан байдаг. Мөнгөн дүн нь бага мэт боловч, үүнийг хэвлүүлэх болон нууцлал хийлгэхэд манай улсын гаргаж байгаа зардал харьцангуй өндөр. Өндөр зардлаар үйлдвэрлүүлсэн мөнгөн тэмдэгтээ, урд хөрш рүү хямдхан гаргаад алдчихмааргүй байна. Үүнд хязгаарлалт хийх бодлого хэрэгтэй л байна.
– Жижиг дэвсгэртүүд хууль бусаар хятад руу ачигдаад байгаа болохоор төвбанк энэ төрлийн мөнгийг гүйлгээнд гаргадаггүй юм уу. Том, жижиг гэлтгүй бүх худалдааны төвүүд жижиг дэвсгэрт хариулж өгөхгүй юм. Тэр тусмаа 1-тын болон 5-тын дэвсгэрт?
– Манайд нөөц бол хангалттай бий. Төвбанкнаас арилжааны банкуудад жижиг буюу бутархай дэвсгэрт байнга нийлүүлж байгаа. Арилжааны банкуудаас томоохон худалдааны төвүүд тогтмол жижиг дэвсгэрт авдаг гэх судалгаа гарсан. Тухайлбал, Номин, Скай зэрэг их дэлгүүрүүд тогтмол авдаг юм билээ. Мөн өөр бусад худалдааны байгууллагууд ч бас авч байгаа. Өөрөөр хэлбэл бид арилжааны банкуудаар дамжуулан бутархай буюу жижиг дэвсгэртийг байнга гүйлгээнд гаргадаг.
– Худалдаа, үйлчилгээний газрууд жижиг дэвсгэрт хариултад өгөхгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг бэ?
– Худалдаа, үйлчилгээний байгууллагууд бутархай мөнгө аваад үүнийгээ хэрэглэчдийн хариултад өгдөг эсэхийг бид хянах боломжгүй л дээ. Энэ асуудал өөрөө хэрэглэгчийн эрх ашигт хамаарна. Тэгэхээр Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар хяналт тавих ёстой. Нэг дэлгүүрээр өдөрт олон мянган хүн үйлчлүүлдэг. Жишээлбэл, нэг хүний хариултад 1, 5 төгрөг өгөхгүй байлаа гэхэд нийлбэр тоо нь нилээд их гарах байх. Энэ нь тухайн байгууллагын орлого болоод байна уу. Эсвэл кассирийн халаасанд ороод байна уу гэдгийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага шалгаж тогтоож ёстой гэж бодож байна. Ер нь ч тэгээд иргэд жижиг дэвсгэртийн хариултаа нэхэж авдаггүй болохоор өгдөггүй юм болов уу. Тийм болохоор иргэд жижиг дэвсгэртийн хариултаа нэхэж авч байх хэрэгтэй. Тэгээд ирэхээр худалдаа, үйлчилгээний төвүүд жижиг дэвсгэртийг харьцдаг арилжааны банкаараа дамжуулан авч хэвших байх. Төвбанкны тухайд жижиг дэвсгэртийг арилжааны банкуудад байнга нийлүүлж байгаа. Нийлүүлэх ч ёстой.
– Мөнгөн дэвсгэрт хийлгэхэд өндөр зардал гардаг гэж хэллээ. Ганцхан ширхэг дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд ямар зардал гарах уу?
– Манай улс мөнгөн тэмдэгт үйлдвэрлүүлэх төлбөрөө еврогоор хийдэг. Дэвсгэрт бүр хэмжээ, нууцлал зэргээсээ хамаарч төлбөр нь өөр өөр байдаг. Тухайлбал, нэгтийн дэвсгэртийг үйлдвэрлүүлэхэд 12 еврогийн зардал гарна. Бусад дэвсгэртийг үйлдвэрлүүлэхэд зардал нь дээшээ өсөөд явах жишээтэй. Ер нь 12-60 еврогийн ханшаар нэг ширхэг дэвсгэртийг манай улс гадаадад захиалгаар хийлгэж байна. Сүүлийн үед валютын ханш өсч байгаа болохоор цаасан мөнгө хэвлүүлэх зардал ч мөн нэмэгдээд байгаа.
– Тухайлбал нэг ширхэг 20 мянгатын дэсвгэрт хэвлүүлэхэд хэдэн еврогийн зардал гарах вэ?
– Үнэтэй шүү дээ. Хийлгүүлэх, ачих, гаалийн зардал гээд үйлдвэрлэлийн шатнаас манайд ирэх бүх зардлыг тооцвол 20 мянгатын дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд 60 еврогийн зардал гардаг. Зөвхөн нэг ширхэг 20 мянгатын дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд ийм зардал гардаг гэсэн үг л дээ.
-Өндөр үнээр хэвлүүлсэн төгрөгийн насжилт, эдэлгээ нь ямар байдаг юм бол. Хамгийн их хуучирч муудаж, шинээр гүйлгээнд гаргадаг дэвсгэртийн тухайд?
– Гүйлгээн дэх төгрөгийн эдэлгээний хувьд 1-2 жил байдаг. Заримдаа 2.5 жил байх тохиолдол ч бий. Бүх төрлийн дэвсгэрт энэ хугацаанд хуучирч муудаж байна. Хуучирч муудсаныг нь гүйлгээнээс татаж, оронд шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргадаг. Сүүлийн үед манай томоохон мөнгөн дэвсгэртүүдийн цаасны чанар харьцангүй сайжирч байгаа. Үүнийгээ дагаад томоохон дэвсгэртүүдийн эдэлгээ ч сайжирч байна гэж ойлгож болно. Цаашид бид илүү чанартай цаасан дээр хийлгэх боломжийн талаар судалж байна.
– Төгрөгийн насжилт 1-2 жил байдаг гэлээ. Үүнийг солиход өндөр үнээр мөнгө хэвлүүлдэг байх нь. Ер нь шинээр мөнгө хийлгэхэд гардаг жилийн зардал хэд вэ?
– Энэ төрлийн нарийвчилсан судалгаа манайд тогтмол гардаг. Гэхдээ энэ асуудал бол улсын нууц зэрэглэлтэй учраас тодорхой мэдээлэл өгч, ярих боломжгүй. Ер нь хэрэглэгчид төгрөгийг хэрхэн цэвэр нямбай хэрэглэхээс цаасан мөнгөний насжилт шалтгаалдаг. Тиймээс хэрэглэгчид үндэсний мөнгөн тэмдэгттэй зөв соёлтой харьцаж, халаасандаа хэд нугалж хийх бус, хэтэвч хэрэглээд хэвшчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл төгрөгийн насжилт уртсах давуу талтай. Үүнийгээ дагаад цаасан мөнгө хэвлүүлэхэд гарах зардал ч багасна.
– Иргэд хуучирч муудсан мөнгийг аль ч банкинд очоод солиулах эрхтэй байдаг шүү дээ. Энэ талаар?
– Иргэд хуучирч муудсан, үнгэгдсэн, шатсан, гуравны хоёр нь үлдсэн зэрэг үндэсний мөнгөн тэмдэгтийг арилжааны аль ч банкинд аваачаад солиулж болно. Арилжааны банкууд хуучирч муудсан мөнгийг дараа нь манайд өгч, оронд нь шинэ дэвсгэрт сольж авдаг юм. Ийм замаар хуучирсан дэвсгэртийг татаж, оронд нь шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргадаг. Гэвч арилжааны банкууд хуучин дэвсгэрт сольж өгөхгүй байна гэсэн гомдол хаяа ирдэг л дээ. Магадгүй тэд ачаалал ихтэй байдаг учраас хаяа сольж өгдөггүй байх. Хэрэв тэд сольж өгөхгүй бол төвбанкинд ирээд солиулж болно. Ер нь манайх өдөрт 20 -30 хүнд хуучирсан мөнгөн тэмдэгт сольж өгдөг.
– Тэгвэл валютын тухайд ямар байдаг вэ. Хуучирч муудсан валют танайхаар солиулж болох уу?
– Манайх валют солихгүй ээ. Иргэд шатсан, үнгэгдсэн валют соиулах хүсэлт илэрхийлсэн тохиолдолд манайх зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, солиулах шаардлагатай валютыг АНУ руу явуулахад л тусалдаг. Гэхдээ гарах бүх зардлыг тухайн хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцах ёстой.
-Нарантуул худалдааны төв шатах үед, тэнд их хэмжээний гадаад валют шатсан гэж хууль хяналтынхан хэлж байсан. Энэ асуудал юу болсон юм бол?
-Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Сингапур руу шатсан долларыг явуулсан байгаа. Сольж өгөх үү, үгүй юу гэдгийг тэд нар тэндээ шийднэ. Хэрэв тэд сольж өгнө гэж шийдвэл, тухайн хүсэлт гаргасан иргэн үүнийг шийдвэрлэхэд гарсан бүх зардлыг өөрөө хариуцах ёстой. Монгол төгрөгийн эдэлгээний тухай сурвалжлага
-Парисын хэлэлцээр ба алтан стандарт–
Монголчуудаас гадна эртний соёлт улсууд алт, мөнгөн зоосыг ихэд хэрэглэдэг байсныг түүх гэрчилнэ. Гэвч алт, мөнгөн зоосыг авч явахад хүнд тул хүн төрөлхтөн нэгэн санаа сэдсэн нь цаасан мөнгө үйлдвэрлэж гүйлгээнд хэрэглэх явдал байлаа. Ингэхдээ цаасан дэвсгэртийг ардаа алтан баталгаатай гаргаж хэрэглэж эхэлсэн юм. Гэхдээ, цаасан мөнгөний цаадах баталгаа нь улс орнуудад харилцан адилгүй байсан тул алтан стандартад шилжсэн байна. Парист 1867 онд улс орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн улсууд мөнгөн дэвсгэртээ алтан баталгаанд оруулах шийдвэрт хүрчээ. Парисын хэлэлцээрээр алтыг дэлхийн мөнгөний нэгдсэн хэлбэр гэж хүлээн зөвшөөрч, алтан баталгаанд албан ёсоор шилжих шийдвэр гарсан гэсэн үг юм. Парисын хэлэлцээрээр валют бүрийг алтан агуулгатай байлгах. Валютуудын алтан агуулгатай уялдан тэдгээрийн алтан харьцааг тогтоох. Валютууд алт руу чөлөөтэй хөрвөх зэрэг чухал асуудлыг хэлэлцэн тохиролцсон юм. Үүний дараа дэлхийн дийлэнх улс алтан стандартад шилжсэн гэдэг. Ингэхдээ өөрийн орны алтны нөөцдөө тулгуурлан, түүнтэй тэнцэх хэмжээний цаасан дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэх болжээ. Энэ цагаас эхлэн алтны нөөц ихтэй орны мөнгөн тэмдэгтийн ханш чанга, нөөц багатай орнуудынх сул явж ирсэн гэхэд болно. Алтан стандартын гол онцлог энэ. Ийнхүү улс орнууд алтаар баталгаажсан цаасан мөнгийг гүйлгээнд хэрэглэж, алтны нөөцөөсөө хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтоож байлаа. Харин энэ тогтолцоог 1973 онд АНУ-ын Бреттон Вудс хотноо зохиогдсон хөгжингүй орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар алтан стандартыг халж, долларын эрин үеийг эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ стандартыг халсан нь нэг талаас газар нутаг, алтны төлөөх улс орнууд өөр хоорондоо дайтаж байсантай холбоотой байж мэдэх юм. Бреттон Вүүдсийн системээр засгийн газрууд алтаа АНУ-ын төрийн санд худалдах боломжийг олгосон байна. Энэ үеэс америк доллар алтыг илэрхийлэх болж, бүх улсын валют доллартай харьцаж эхэлсэн байна. Ингэхдээ аль ч орны валют долларын эсрэг хэдэн хувиар өсч, уруудаж болохыг тогтоож өгчээ. Ер нь нэг хувиар өсч, уруудаж болно гэж тогтоож өгсөн гэлцдэг. Хэрэв аливаа орны валют долларын эсрэг огцом өсч буурвал, тухайн орны төвбанк интервенци хийх замаар үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой барина гэж Бреттон Вудсийн хэлэлцээрээр тохиролцсон байлаа. Энэ маягаар алтан стандарт халагдаж, долларын эрин үе эхэлж, дэлхийн улс орнууд мөнгөн тэмдэгтийн ханшаа уг валютын ханштай ойролцоо түвшинд барихыг эрмэлзэж байлаа. Гэвч энэ тогтолцоог 1976 онд Ямайкийн Кингстон хотноо зохиогдсон олон улсын валютын системийн хурлаар өөрчилсөн болохыг Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн багш Тэгшжаргал хэлдэг билээ. 1976 онд Ямайкийн Кингстон хотноо зохиогдсон олон улсын валютын системийн хурлаар ганц доллар гэлтгүй, голлох валютын стандартад шилжих шийдвэр гарсан байна. Ингэснээр хэд хэдэн тэргүүлэх валютад суурилж, олон улсын төлбөр тооцоог чөлөөтэй хөвөгч валютаар хийдэг болжээ. Энэ цагаас дэлхийн дийлэнх улс орон зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч валютын ханшийг чөлөөтэй тогтоодог болсон байна. Энэ нь дэлхий дахинд өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Манай улс 1990 оноос хойш валютын ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтоож ирснийг Монголбанкны Валют эдийн засгийн судалгааны газрын Хэлтсийн захирлын албыг хашиж явсан С.Болд хэлдэг. Нэг ёсондоо дэлхийн дийлэнх улсад мөрдөгдөж буй валютын ханшийн тогтолцоог баримталж ирсэн гэж ойлгож болох юм.
-Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхим нээлээ-
Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Банкны ажилтны өдрийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхим нээсэн билээ. Мөнгөн тэмдэгтийн танхимд Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 килограмм хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм. Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олон нийтэд харуулах энэхүү танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж Холограмм угтагч, хөтөч, 6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент, интерактив самбар болон АR дэлгэцэнд суурилсан Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн зэргийг нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэнэ. Төлбөрийн хэрэгслийн түүхийг нэг дороос үзэх боломжтой энэхүү танхимд иргэд Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсаны дараа зочилж мэдээлэл авах боломжтойг Монголбанкны Эрдэнэсийн сангийнхан мэдэгдэж байгаа юм. Мөн 1990 онд Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм, 1991 онд Банкны тухай хууль батлагдсанаар Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдсан билээ. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй 9496-1924-1991-2021 дугаар бүхий ₮-Карт дурсгалын зоос худалдаанд гаргажээ.
-Дурсгалын зоосны каталоги гарлаа-
Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргаад байна. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран Монгол Улсын дурсгалын зоос каталогийг эмхтгэн гаргажээ. Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын бүх зоосыг огнооны дарааллаар, олон улсын зоосны эмхэтгэлийн үндсэн зарчмын дагуу эрэмбэлэн дугаарлаж, зоосны мэдээллийн хамт оруулснаараа онцлогтой юм. Мөн дийлэнх зоосны зургийг бодит хэмжээгээр, харин жижиг зоосыг бодит хэмжээнээс 2 дахин томруулсан, цөөн тооны зоосыг бодит хэмжээнээс багасган тус тус тэмдэглэгээ хийхийн сацуу олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн зооснуудыг тодотгожээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Аливаа дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгагдах ба нэрлэсэн үнэ, банкны бэлгэдэл тэмдгийг агуулахаас гадна банк санхүүгийн бие даасан байдлыг харуулж, улс орныг сурталчлах өвөрмөц илэрхийлэл болдог хэмээн катаолгийн өмнөх үгэнд дурьдсан байна. Монголбанк нь түүхэн тэмдэглэлт ой, соёлын өв, спортын амжилт, түүхэн хүмүүс, онцлог үйл явдал зэрэгт зориулан олон төрлийн дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металл, никель зэс зэрэг өнгөт металаар гаргасаар ирсэн. Техник, технологийн хөгжил өндөр түвшинд хүрч, зоос урлан бүтээгчдийн чадвар хөгжиж байгаа нь эдгээр дурсгалын зоосны загвар, үзэмжид эергээр нөлөөлж, ур хийцээрээ дэлхийн түвшинд үнэлэгддэг болжээ. Тухайлбал 2007 онд гаргасан Нохой зээх дурсгалын зоос 2009 оны шилдэг зоос шагнал /ХБНГУ, Берлин/, 2011 онд гаргасан Шар шувуу зоос 2013 оны хамгийн алдартай зоос шагналыг /ХБНГУ, Берлин/ тус тус хүртсэн байна. 2021 онд Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд Монголбанк Банкны ажилтны өдрийг угтан 6 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхимыг нээсэн билээ. Энэхүү танхимд эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг шинээр дэглэж, нийтэд биетээр болон виртуал хэлбэрээр нээлттэй үзүүлж байна. Мөн тус танхимд санхүүгийн боловсрол олгох контентуудыг үзэж, мэдлэг мэдээлэл авах боломжтой юм.
-Нэг карт – Нэгдсэн сүлжээ бий болов-
2010.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Ийнхүү манай улс дэлхийн бусад улсуудын дил зоосон болон цаасан мөнгө хэрэглэж ирсэн бол, цахим мөнгөний эрин үе ирээд байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн түүхэн үед зоосон мөнгө, цаасан мөнгө, цахим мөнгө гэж хөгжиж байгаа юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө аль ч байгууллагын ажилтан цалингаа төлбөрийн картаар дамжуулан авдаг байлаа. Энэ нь дэвшил ч, харамсалтай нь арилжааны банкуудын төлбөрийн карт өөр банкны АТМ-д уншигддаггүй байсан юм. Тэгвэл 2010 онд энэ хоцрогдсон тогтолцооноос салж, аль ч банкны төлбөрийн картыг аль ч банкны төлбөрийн картын машин уншуулах боломжтой болсон юм. 2010 оны зургаадугаар сардуг сүлжээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банкууд үндсэн гишүүнээр элссэн бол, дэд гишүүдээр Капитал банк, Улаанбаатар хотын банк нэгдэж нээлтээ хийсэн юм. Тэгвэл Монгол Улсын төлбөрийн картын бэлэн бус гүйлгээний 50 орчим хувийг дангаараа эзэлдэг Голомт, сүлжээний дэд гишүүд болох Хас, Төрийн, Капитрон Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээнд 2010 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдсэн байна. Ингэснээр Нэг карт-Нэгдсэн сүлжээ иргэн бүрт хүрэх боломж нээгдсэн юм. Нэг карт-Нэгдсэн сүлжээг бий болгосноор иргэдэд учирдаг бэлэн мөнгөний эрсдэл багасч, банк санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болж бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өснө гэж тооцож байлаа. Энэхүү нэгдсэн сүлжээг байгуулахад ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Хас, Төрийн, Капитрон, Улаанбаатар хотын банкныхан ихээхэн санаачлагатай ажилласан гэдэг. Монголбанкны зүгээс цаашид Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах тал дээр илүүтэй анхаарч, Монгол Улсын үндэсний брэнд төлбөрийн картыг гаргах зорилт тавьж байгаагаа энэ үеэр мэдэгдэж байсан юм.
-ATM, ПОС, цахим худалдааны гүйлгээ түр зогсоно-
2021.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот.Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, программ болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байгаа юм. Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх юм байна. Тиймээс энэ хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг төвбанкнаас мэдэгдэж байна. Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах юм байна.
-Үндэсний брэнд ₮ картыг чип технологид шилжүүлжээ-
2021.11.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк 2012 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг билэгдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮ картыг банкуудтай хамтран гаргах ажлыг амжилттай зохион байгуулж, зах зээлд нэвтрүүлсэн юм. Үүнээс хойш 2021 оны II улирлын байдлаар төлбөрийн картын нийт зах зээлийн 59.4 хувийг ₮ карт эзэлж байна. Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд банкуудтай хамтран соронзон туузтай ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид амжилттай шилжүүллээ. Ингэснээр соронзон туузтай картын мэдээллийг хуулбарлах, дуураймал картаар гүйлгээ хийх эрсдэл буурч, ₮ картын нууцлал, аюулгүй байдал сайжирч, картыг зайнаас уншуулах боломжтой болохын зэрэгцээ карт эзэмшигч төлбөр тооцоогоо чиптэй картаар гүйцэтгэхэд илүү хялбар, хурдан болжээ. Түүнчлэн, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдлаа. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдсэн байна.
-Монголбанк мастеркарт байгууллагатай хамтран ₮ картыг EMV чип технологид амжилттай шилжүүлэв-
2022.02.23. Монгол Улс. Улаанбаатар хот.Монголбанк болон Мастеркарт байгууллага M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан чип технологид шилжүүллээ. Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар М/Чип ₮-картыг арилжааны 11 банк, карт гаргагч финтек компаниудаар дамжуулан карт эзэмшигчид авах боломжтой боллоо. М/Чип технологийг нэвтрүүлснээр үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгасан. Чип технологид суурилсан ₮ карт нь манай улсын банк, санхүүгийн салбар эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл төдийгүй төлбөр тооцооны системд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Мастеркарт байгууллагын Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер энэ үйл явдлыг өндрөөр үнэлж, Энэ бол Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг, тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлсэн төдийгүй цар тахлын үед авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг юм. Иймд, Мастеркарт нь Монголын үндэсний төлбөрийн системийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, чип технологийг нэвтрүүлж, Монгол Улсын төлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаадаа баяртай байна хэмээн дурдсан. ₮ карт нь төлбөрийн картын зах зээлийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 2.6 сая карт эзэмшигч төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдаж байна. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрджээ. Монголбанк нь Maстеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг байгуулсан нь Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал алхам болсон юм. Монголбанк, Мастеркарт байгууллагын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапур зэрэг орнуудын хэрэгжүүлсэн ухаалаг хот, санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах гэх мэт шинэлэг технологийг Монгол Улсад нэвтрүүлэх суурь тавигдаж байна гэж mastercard.com мэдээллэсэн байна.
-Үндэсний төлбөрийн системийн ээлжит хурал боллоо-
2022.06.22. Улаанбаатар хот. Монгол улс. Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна. Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төсөл юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.
-Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр хийх боломж бүрдэнэ-
2022.12.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Төвбанк.Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох BC Card компанийн хооронд 2022.12.13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, ВС card компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэнэ. БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин BC Card компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь судалгаагаар Nilson Report, 2020 Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна. Энэ нэг талын дэвшил. Ийм ажил хийгдэж байгаа дээр зөвхөн надад өөрт санагдсан нэгэн зөвлөмжийг өгөхөд илүүдэхгүй санагдлаа. Гадаадад явахдаа монгол дахь төгрөгийн дансанд суурилсан виза картанд мөнгө хийх бололцоотой байдаг уу гэсэн асуултыг эхлээд тавих нь зүйтэй байх. Үүнийг гадаадад оюутан байхдаа туршиж үзсэн. Болдоггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, монгол улсын арилжааны банкинд нээлгэсэн, төгрөгийн дансанд суурилсан, олон улсын виза картанд, халаасандаа байсан хэд гурван валютыг АТМ дээр хийх гэж оролдоод болоогүй. Хэрэв энэ боломж нээгдвэл, үүнийг солонгост нэвтрүүлж чадвал, адаглаад солонгост сурч ажиллаж амьдарч байгаа монголчууд, монгол улсын арилжааны банкинд нээлгэсэн, төгрөгийн дансанд суурилсан, олон улсын виза болох төлбөрийн карт руугаа мөнгөө хуримтлуулах бололцоо нээгдэх юм билээ гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Үүнийг нэвтрүүлж чадвал тэд эх орон руугаа мөнгө гуйвуулах шаардлагагүй. Монгол Улсынхаа банкинд ажиллаж, хөдөлмөрлөсөн мөнгөө байршуулж, эх орондоо хуримтлалтай. Мөн олон улсын виза картаараа дамжуулаад солнгостоо төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болно гэхчлэн олон давуу тал бий болох юм. Цаашлаад солонгост ажиллаж, амтдарч байгаа хүмүүсийн мөнгө шууд орон руугаа гуйвж орж ирэх, банкинд хадгалагдах зэрэг олон давуу талтай мэт санагдсан гэдгээ нэмэрлэхэд илүүдэхгүй биз ээ.
2 БҮЛЭГ. Төсвийн шинэчлэл ба үнийн өсөлтийн татвар
2.1.68 хувийн татвартай болсон нь
Дэлхийн эдийн засаг хурдацтай өсөж байсантай холбоотойгоор 2005 оноос зэсийн эрэлт огцом нэмэгдэж эхэлсэн юм. Эрэлт нэмэгдвэл үнэ өсдөг зах зээлийн зарчим бий. Энэ дагуу зэсийн үнэ эрэлтээ дагаад огцом өсөж байлаа. Тиймээс манай улс тэр үед дэлхийн зах зээлд экспортолдог зэсийн баяжмалд үнийн өсөлтийн албан татвар ногдуулж төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого явуулсан байдаг. Ингэхдээ 2006 онд Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг парламентаар баталж, Эрдэнэт үйлдвэрийн дэлхийн зах зээлд экспортолсон нэг тонн зэсийн үнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн байна. Тухайн үед тонн зэс 8500 ам.доллар хол давж байсан учир улсын төсөвт нэг тонн зэсээс дор хаяж 3700 ам.долларын цэвэр ашиг орж байжээ. Үүний ачаар хэдэн жил тасралтгүй хасах гарсан улсын төсөв 2006 оноос нэмэх тэмдэгтэй гарах болсон юм. 2006-2010 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмалаас нийт 1,7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тоо баримт бий. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шиг зэсийн үнэ ямагт өндөр байсангүй. АНУ-ын Wall street-ээс эхлэлтэй санхүүгийн хямрал даамжирч 2008-2009 онд дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж хүрээгээ тэлсэн юм. Энэ үед Америк, Япон, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч үйлдвэрлэл нь саарч байлаа. Үүнээс болж гадаад зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч зэсийн үнэ огцом унасан нь дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг тойрохгүй дайраад гарахыг шуудхан илтгэж байсан юм. Манай улс 2008 оны төсөвт нэг тонн зэсийн үнэ дунджаар 7100 ам.доллар байхаар тусгаж, Эрдэнэт үйлдвэрээс үнийн өсөлтийн албан татварт 600-700 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч, энэ нь талаар болж мэдэхээр байдалтай нүүр тулав. Энэ үед Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал: Зэсийн үнэ 6400 ам.доллараас уруудахгүй байхад төсөв алдагдалгүй балансаа барьж чадна. Хэрэв зэсийн үнэ 6000 ам.доллараас уруудвал төсөв алдагдалтай гарна. Харин 3500 ам.доллараас уруудвал Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрдөг гэнэтийн ашгийн албан татвар үгүй болж, сонгуулийн амлалтаас эхтэй хүүхдийн 10 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг олгох хөрөнгийн эх үүсвэргүй болох учраас үр ашиггүй зардлаа танаж төсвийн хэмнэлт хийх шаардлагатай байгааг эртнээс анхааруулж байлаа.
Гэтэл 2009 оны эхээр байдал улам дордож Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс 2700 ам.доллар болтлоо уруудаж, үүнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлого гэвэл ердөө 100 ам.долларт үнийн өсөлтийн 68 хувийн татвар ногдуулахад хүрсэн юм. Өмнө нь тонн зэсээс улсын төсөвт дор хаяж 3700 ам.долларын татвар орж байсантай харьцуулахад энэ нь хэтэрхий чамлахаар үзүүлэлт. Уг нь 2009 оны төсөвт тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 5800 ам.доллар байхаар тусгаж, уг түүхий эдийн үнэ 3400 ам.доллараас уруудаагүй тохиолдолд төсөв ажрахгүй гэж тооцож байлаа. Гэвч энэ нь талаар болж зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 2009 оны сүүлээр өмнөх оноосоо 74 хувиар тасарч улсын төсөв их хэмжээний алдагдал хүлээх нь тэр. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Б.Бадамцэцэг: Төсвийн орлогыг бүрдүүлдэг хувийн жин өндөртэй татварын төрлүүд өмнөх оны түвшинд хүрэхгүй дутуу төвлөрснөөс төсвийн нийт тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлж байна. Энэ бууралтын талаас илүү хувь нь Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын бууралтаас шалтгаалж байгаа гэж бататган хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайн үед Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга н.Баяраа: Эдийн засаг санхүүгийн хямралтай холбоотойгоор дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан. Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс өмнө нь 8000-9000 ам.долларын ханштай байсан бол, 3000 ам.доллар болтлоо буурсан. Зэсийн үнэ 2600 ам.доллараас дээш гарсан нөхцөлд үнийн өсөлтийн 68 хувийн албан татвар ногдож байгаа. Тэгэхээр зэсийн үнэ 3000 ам.доллар байхад үнийн өсөлтийн татвар ногдоно гэсэн ойлголт бараг байхгүй. Харин тавдугаар сараас зэсийн үнэ 5000 ам.доллар болж ялимгүй өссөн нь улсын төсөвт төлөвлөснөөс 13.4 тэрбум төгрөг илүү ороход нөлөөлсөн. Зэсийн үнийн өсөлтийн албан татвараас 10.1 тэрбум төгрөг орох ёстой байсан ч, 23.5 тэрбум төгрөг орсон гэсэн үг. Өнгөрсөн онд зэсийн үнийн өсөлтийн албан татварт 191 тэрбум төгрөг орсонтой харьцуулахад зөвхөн энэ татварын хувь хэмжээ дангаараа 8 дахин буурсан үзүүлэлттэй байна гэсэн тайлбарыг давхар өгч байлаа.
2.2.Зэсийн үнэ унаж 68 хувийн татвар буурав
2008-2009 оны эдийн засгийн хямралын үед гадаад зах зээлд зэсийн үнэ гурав дахин унаж, Эрдэнэтийн зэс үнэгүйдсэн нь эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн нь мэдээж. Тухайлбал, 2007 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай гарсан улсын төсөв, 2008 онд 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, 2009 оны сүүлээр 332 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь тэр. Дайран дээр давс гэгчээр зэсийн үнийн өсөлтөөс орж ирэх татварын орлого буурч байхад төсвийн зарлага өндөр байсан нь байдлыг улам хүндрүүлсэн гэхэд болно. Зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг хадгалах бус, зарцуулж байсан нь төсвийн тогтворгүй байдлыг бий болгосон гэж Сангийн дэд сайд асан Т.Очирхүү тэр үед илэрхийлж байсан юм. Тухайлбал, төсвийн зарлага орлогоосоо 20 пунктээр өндөр үзүүлэлттэй гарч байлаа. Татварын орлого буурсан нь яах ч аргагүй байдал гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байсан бол, зарлага орлогоосоо өндөр байсныг төрийн түшээдийн бодлогогүй алхам гэдэгтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байсан юм. Тиймээс төсвийн орлого буурсан үед зарлагыг дагаад хумих хэрэгтэйг байсан ч, Засгийн газарт тэгэх бодол байсангүй. Ингэж хэлж байгаа нь 2010 оны төсвийн орлогыг 2 их наяд 306 тэрбум, зарлагыг 2 их наяд 664 гаруй тэрбум төгрөг байхаар Засгийн газар тооцож төсвийн төслийг боловсруулсан байдаг. Зарлага өндөр байгаагаас 2010 оны төсөв 359 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байлаа. Орлого бага, зарлага их байсны улмаас 2008 оны эцэст улсын төсөв 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6 шахам хувийг эзэлж, энэ алдагдлын гаднаас зээл тусламж авч дарсан болохыг Сангийн сайдын албыг хашиж явсан С.Баярцогт хэлж байсан удаатай. Гэвч үүнээс сургамж авсангүй. 2010 оны төсвийн зарлагыг орлогоос нь давахаар төлөвлөжээ. Зөрүүд нь гарах алдагдлыг Монгол улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө, гаднаас орж ирэх зээл тусламжаар нөхөхийн зэрэгцээ, Засгийн газрын бонд гаргаж нөхөхөөр төсвийн төсөл боловсруулагчид тооцоолсон байлаа. Ингэхдээ дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 5184 ам.доллар, нэг унци алтны үнэ 900 ам.доллар байхаар тооцож 2010 оны төсвийн төслийг боловсруулсан байлаа.
Ингэснээр зэсийн үнийн өсөлтөөс 208 тэрбум төгрөг, алтны үнийн өсөлтөөс 34 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөв. Өөрөөр хэлбэл, 2010 онд алт зэсийн үнийн өсөлтөөс нийт 242 гаруй тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоолж, үүний 141 тэрбум төгрөгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөж байсан нь нууц биш. Харин үлдэх алдагдлыг хандивлагч орнуудаас орж ирэх 65 сая ам.доллараар нөхнө гэж тооцсон юм. Улсын төсвийн алдагдлын багагүй хувийг ингэж нөхлөө ч, цаана нь 82 тэрбум төгрөг дутах нь ойлгомжтой байлаа. Энэ мөнгийг Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар олно гэж тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл, 2008 онд төсвийн алдагдлаа яаж нөхсөн, тэр аргачлалаараа 2010 оны төсвийн алдагдлыг нөхөхөөр шулуурч байв. Төсвийн алдагдлыг тал хэсгийг Монгол улсын хөгжлүүлэх санд орж ирэх мөнгөөр нөхөх гэж байгаа нь нэг хэрэг ч, гаднаас орж ирэх зээл тусламжаар төсвийнхөө багагүй хувийг нөхнө гэдэг зохисгүй үйлдэл болохыг эдийн засагчид анхааруулсаар л байв. Гаднаас орж ирсэн зээл тусламжийг эргүүлэн төлөх учраас тэр юм. Нэг ёсондоо, өнөөдөр төсвийн алдагдлаа нөхлөө ч, ирээдүйд өртэй байх нь зохисгүй гэж эдийн засагчид тэр үед үзэж байсан юм. Тиймээс ийм ядарсан арга хэрэглэж байхаар, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөж байлаа. Гэвч ингэх бололцоогүй гэсэн тайлбарыг сангийн сайд өгч байсан юм. Улсын төсвийн орлого буурч явсаар цаашлаад гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлж, валютын нөөц хумигдаж долларын ханш огцом өсч байсныг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, валютын нөөц 1 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар болтлоо уруудаж, америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрсэн гашуун түүх бий. Байгаа валютын нөөцөөрөө урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч хөлтэй нь ийш тийш гүйлдэж, хэлтэй нь ийш тийш утас цохиж гарах гарц эрэлхийлсэн он жилүүд өнгөрсөн билээ. Арга ядахдаа хандивлагч орнуудаас зээл авч, Олон улсын валютын сангийн 18 сарын хугацаатай Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж байх вэ дээ. Азаар 2010 оноос анх удаа нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давж, төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх болсон юм. Тухайлбал, нийт экспортын 29.8 хувийг нүүрсний орлого, 27 хувийг зэсийн баяжмалын орлого бүрдүүлж эхлэв. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ жилд нэг удаа байгуулахдаа гол төлөв оны эхэнд үзэглэж үнээ тохирдог байжээ. Тиймээс дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ ялимгүй сэргэсэн ч, гэрээнд заасан үнээр бүтээгдэхүүнээ тухайн үед нийлүүлж байсан учраас үнийн өсөлтийн татвараас дорвитой зүйл орж ирэхгүй байсан гэдэг. Энэ үед нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давахад нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн судалгааны газрын дарга н.Баасанжав учирлаж байсан удаатай. Тухайн үед Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэр ашиглалтад ороогүй байсан учраас зэсийн үнийн өсөлтийн албан татварыг Эрдэнэт үйлдвэр ганцаараа төлдөг байсныг хэн хүнгүй мэднэ. Хэдийгээр татвараа хугацаандаа төлж байсан ч, энэ нь ихээхэн дарамт болж байсныг тус үйлдвэрийнхэн хэлдэг билээ.
2.3.68 хувийн татварыг хүчингүй болгов
Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хэвээрээ ч, үүнийгээ ямар үнэ ханшаар борлуулна, тэр хэмжээгээр орлого нь тодорхойлогдож байжээ. 2008 оны эцэст тус үйлдвэрийн орлого огцом буурч, дагаад үйлдвэрийн ашиг багассан байна. Тус үйлдвэр 2009 оны бизнес төлөвлөгөөндөө 68 хувийн болон бусад татвараа оролцуулж тооцоход зардал нь 4000 ам.доллараар хэмжигдэж байжээ. Үүнийг 2000 онтой харьцуулахад нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 2006 оноос мөрдөгдөж эхэлсэн үнийн өсөлтийн 68 хувийн татвартай холбоотойгоор зардал нь ингэж өссөн гэж ойлгож болно. 2000-2005 онд тус үйлдвэрийн нийт орлогын 13.6-22 хувь нь төсвийн төлбөр, хураамж, ногдол ашигт явдаг байсан бол, үнийн өсөлтийн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр 70 хувьд хүрчээ. Нийт орлогынхоо 70 орчим хувийг үнийн өсөлтийн албан татварт төлөөд болчихдог гэвэл үгүй. Өөр бусад татвараа нэмж тооцвол 82.2 хувийн татварын ачаалал тус үйлдвэрт очиж байжээ. Өөрөөр хэлбэл, татварын ачаалал өмнөхөөсөө дөрөв дахин өссөн гэсэн үг юм. Ингэхдээ зэсийн баяжмал ачсан өдрөөс орлогыг нь татварт суутгаж байсан гэлцдэг. Эрдэнэт үйлдвэр 2006-2010 оны хооронд экспортод гаргасан зэсийн баяжмалд нийт 1.7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай дээр дурдсан. Тэгвэл үүний 870 тэрбум төгрөгийг эхний хоёр жилд нь төлж, Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн тухай татварын албаныхан хэлдэг. Хэрэв энэ татварыг эс тооцвол зэсийн үнэ 3200 ам.доллар байхад тус үйлдвэр алдагдалгүй ажиллах боломжтой байсан тухай тус үйлдвэрийнхэн ярьдаг. Тухайн үед тонн цэвэр зэсийн үнэ 500 ам.доллараар буухад Эрдэнэт үйлдвэрийн орлого 70 тэрбум төгрөгөөр, зардал 50 тэрбум төгрөгөөр, ашиг 20 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байдаг. Монгол Улсын төсвийн хямралд зэсийн үнэ нөлөөлснийг холбогдох албаныхан хэлдэг бол, Эрдэнэт үйлдвэрийнхэн зэсийн үнийн уналт 2008 оны дөрөвдүгээр улиралд гарсан. Харин хямрал үүнээс өмнө эхэлчихсэн байсан. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр энэ хямралыг аль болох хурдан давж, санхүүгийн байдлаа түргэн сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлж байлаа. Ингэхийн тулд Монгол Улсыг хөгжүүлэх санд зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас төвлөрсөн хөрөнгөөр Эрсдэлийн сан байгуулах, Үнийн даатгал бий болгох, 68 хувийн татвар болон нөөц ашиглалтын төлбөр авдаг аргачлалаа өөрчлөх шаардлагатай байгааг учирлаж байсан юм. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээ өндөр байсан нь Эрдэнэт үйлдвэрт ийнхүү дарамт болж байсан бол, дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан нь улсын төсөвт дарамт болж байлаа.
Тиймээс зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн, гэнэтийн ашгийн, 68 хувийн гэж янз бүрээр нэрлэгддэг уг татварыг 2011 оноос хүчингүй болгосон юм. Энэ үеэс уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гадаад зах зээлд экспортолсон зэсийн баяжмалдаа үнийн өсөлтийн албан татвар төлөхөө больсон. Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул: Оронд нь цоо шинэ төрлийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авна. Нэг тонн зэсээс шатлалтайгаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах юм гэж мэдэгдэж байсан нь тод санагдаж байна. Шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд дэлхийн зах зээлд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмал тонн нь 9000 ам.долларын ханштай байвал 15 хувийн татвар, 8000 ам.долларын ханштай байвал 14 хувийн татвар, 7000 ам.долларын ханштай байвал 13 хувийн татвар авахаар тусгасан байлаа. Тодруулбал, уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд дээр 5 + 15 хувь, бусад ашигт малтмал дээр 5 + 5 хувиар тооцон авч байхаар тусгасан юм. Үнийн өсөлтийн албан татварыг халж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авснаар Эрдэнэт үйлдвэрээс авдаг татварын хувь хэмжээ өмнөхөөсөө хоёр дахин буурсан гэлцдэг. Татварын хувь хэмжээгээ ийнхүү бууруулж, 2011 онд дэлхийн зах зээлд нэг тонн зэс 8400 ам.долларын ханштай байхаар тооцож, Эрдэнэт үйлдвэрээс 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авахаар төсөвт тусгаж байсныг эдийн засгийн хүрээнийхэн тод санаж буй нь лавтай. Харамсалтай нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ Лондонгийн металлын захад 2011 оны наймдугаар сарын эхээр нэг тонн нь 9500 ам.доллар, есдүгээр сарын эхээр 9000 ам.доллар, аравдугаар сарын эхээр 6900 ам.доллар болж уруудсан юм. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтвортой байвал 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр Эрдэнэт үйлдвэрээс орж ирнэ. Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тооцоолж байснаас уруудаж орлого тасалдвал, Тогтворжуулалтын санд хуримтлуулсан хөрөнгөө гаргаж төсвийн орлогын тасалдал болон алдагдлаа хаана. Тогтворжуулалтын санд 184 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.
2.4.Тогтворжуулалтын сан мэндлэв
2008-2009 оны дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед хандивлагчид Монгол Улсад зүгээр нэг зээл олгоогүй. Эдийн засгаа эрүүлжүүлэх олон арван зөвлөгөө өгсний нэг нь төсвийн сахилга батаа сайжруулах нөхцөл байлаа. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад олсон орлогоо бүгдийг нь үрэн таран хийлгүй, тодорхой хэсгийг нь хадгалж шаардлагатай үед ашиглахыг зөвлөсөн юм. Дэлхийн банкныхан төсвийн тогтворгүй байдлаас зайлсхийх үүднээс орлогоо хуримтлуулж үүнийгээ төсөв хүндэрсэн үедээ зарцуулж байхыг манай улсад бүр олон жилийн өмнөөс зөвлөж иржээ. Ингэхдээ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлан гаргах хэрэгтэйг зөвлөж байсан ч, үүнийг нь хэрэгжүүлээгүй явснаас болоод эдийн засаг хямарч, төсөв хүндэрсэн тал бий. Дахиад ийм зүйл давтагдаж болзошгүй учраас төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болох хэрэгтэйг Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирлын албыг хашиж явсан Клаус Роланд дахин дахин сануулж байлаа. Тиймээс Засгийн газартөсвийн шинэчлэл хийхээр төлөвлөж, үр ашигтай төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын систем бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа зөв тогтолцоог бий болгох, тогтвортой байдлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэ дагуу манай улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болж, 2011 оноос тогтворжуулалтын санд уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоос хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Ингэхдээ төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх экспортын түүхий эдийг гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр сонгоно гэж хуульчилсан байдаг. Тухайн үед энэ шаардлагыг зэс, нүүрс хангаж байлаа. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний сүүлийн 15 жилийн үнэ дээр, ирэх 3 жилийн таамаг үнийг нэмж тэнцвэржүүлсэн үнэ гаргаж байлаа. Харин зэс, нүүрсний зах зээлийн үнээс тэнцвэржүүлсэн үнийг хасч, үлдэх орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулдаг болсон түүхтэй. Ийнхүү УИХ-аар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Төсвийн тогтворжуулалтын санд анхны жил 184 орчим тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн байдаг.
Тэгвэл 2014 оны төсөвт тогтворжуулалтын санд 29.8 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөж, мөн оны эхний есөн сард дээрх бүтээгдэхүүнээс 44 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тухайн үед төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй гарахад зэсийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Манай улс 2014 оны төсөвт нэг тонн зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 6836 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнэ 6232 ам.доллар байхаар тусгасан байдаг. Харин зэсийн зах зээлийн үнэ төсөвт тусгаснаас давсан учраас энэ төрлийн түүхий эдээс тогтворжуулалтын санд орох орлого нэмэгдсэн юм. Тэгвэл нүүрсний төсөөлөл өөрөөр эргэжээ. Манай улс 2014 оны төсөвтөө боловсруулаагүй нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 81 ам.доллар, коксжих нүүрсний зах зээлийн үнэ 119 ам.доллар байхаар тусгасан байдаг. Гэтэл нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ зах зээлийн үнийнхээ доогуур орчихжээ. Үүнтэй холбоотойгоор нүүрснээс тогтворжуулалтын санд төвлөрөх орлого тасалдсан гэж холбогдох албаныхан тайлбарладаг. Энэ мэтчилэн нүүрсний зах зээлийн үнэ төлөвлөснөөс буурсан ч, зэсийн зах зээлийн үнэ өндөр байсан учир тогтворжуулалтын сангийн орлого азаар тасалдсангүй, төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй гарсан юм. 2011-2014 онд тогтворжуулалтын санд нийт 426 тэрбум төгрөг төвлөрсөн ч, төсвийн тусгай шаардлага үүсээгүй учраас сангийн хөрөнгөөс өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг ашиглаагүй. Энэ мөнгө төвбанкинд хадгалагдаж буйг Сангийн яамныхан тухайн үед хэлж байсан юм. Хэрэв төсвийн тусгай шаардлага үүсвэл сангийн хөрөнгийг төсөв рүү эргүүлэн татаж ашиглах зохицуулалттай юм. Гэхдээ зэс болон нүүрснээс орлого орж ирэхээ больсон цагт л тогтворжуулалтын сангийн хөрөнгийг авч ашиглах хуулийн зохицуулалт үйлчилдэг билээ. Тэр болтол, энэ сангийн хөрөнгийг ашиглах бус, арвижуулах ёстой юм. Ийнхүү 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас манай улс туршлага хуримтлуулж Тогтворжуулалтын сантай болж хоцорсон юм.
2.6 Зэсийн баяжмал ба цэвэршүүлэх үйлдвэр
-Эрдэнэтийг овоог Чехтэй хамтран илрүүлсэн ч, Оростой хамтарч үйлдвэр байгуулав-
Эрдэнэтийн овоо гэхээр хүн бүрийн ой тойнд Эрдэнэтийн орд буух нь дамжиггүй. Үнэхээр ч тийм. 60 гаруй жилийн тэртээ Орхон, Сэлэнгийн сав газарт Монгол-Чехийн геологичид хайгуул хийж, Эрдэнэтийн овоонд зэс, молибдены хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Коминек, Фуриел, Сандуйжав, Мягмар зэрэг Монгол-Чехийн геологичид Эрдэнэтийн овооны ордыг 1964-1968 хооронд ийнхүү илрүүлсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоож өгсөн байна. Энэ даруй Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Монголын тал нэг бол Чехийн, үгүй бол Оросын талтай хамтран үйлдвэр байгуулах нь оновчтой гэж тухайн үед үзэж байлаа. Гэвч Чехийн тал Эрдэнэтийн овооны ордод зэс, молибдены үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай учир оролцох боломжгүй гэдгээ 1974 онд илэрхийлсэн гэдэг. Тиймээс манай улс ОХУ-тай хамтарч Эрдэнэтийн овоонд зэс, молибдены үйлдвэр байгуулж 1978 онд ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая тонн, 1981 онд 16 сая тонн, 1989 онд 20 сая тонн, 2000 онд 24 сая тонн, 2010 онд 31 сая тонн, 2011 онд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. 2013 оны тавдугаар сарын 10-20 хавьцаа найман жилийн өмнө тус үйлдвэрт томилолтоор ажиллахад Эрдэнэт үйлдвэрийнхэн хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байлаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр тэр жил 25 сая тонн хүдэр боловсруулж, үүнээс 500 мянган тонн зэсийн баяжмал, 4 мянган тонн молибдены баяжмал гарган авсан юм.
-Эрдэнэтийн овооны орд 25 километр урт, 3 километр өргөнтэй-
Эрдэнэтийн овооны зэс, молибдены хүдрийн биет нь далайн түвшнөөс дээш 1606 метрийн өндөрт, 25 километрийн урттай, 3 километрийн өргөнтэй зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон бүтэцтэй юм. Хүдрийн энэ биетийг дөрвөн үндсэн хэсэгт буюу төвийн, баруун хойд, зүүн өмнөд, цагаан чулуут гэсэн хэсэгт хуваадаг байх юм. Найман жилийн өмнө очиход тус ордын баруун хойд хэсэгт олборлолт явуулж байлаа. Ингэхдээ далайн түвшнөөс дээш 1280 метрийн өндөрт, 2,5 километрийн урттай, 1,5 километрийн өргөнтэй талбайгаас хүдэр олборлож байсан нь сонирхол татам. Энэ талбайд долоо хоног бүрийн баасан гаригт тэсэлгээ хийдэг байх юм. Харин бусад өдрүүдэд суларсан хүдрийг эксковатороор хутгаж, 130 тонны даацтай белаз машинд ачиж, том бутлуурт хүргэдэг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын инженер н.Энхбат хэлж байлаа. Тэнд нийт 9 эксковатороор хүдэр олборлож, 17 белаз машинд ачиж том бутлуурт буулгаж байхтай таарч явлаа. Нэг белаз машин 15 минутад нэг эргэлт хийж, том бутлуурт хүдэр буулгаад буцдаг аж. Том бутлуур нэг дор 4 белаз машин хүдэр хүлээн авах хүчин чадалтай. Том бутлуур хоногт 60-63 мянган тонн хүдэр хүлээн авч буталдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн бутлуурын нэгдүгээр хэсгийн бутлуурчин н.Дорж-дүгэр хэлж байв. Эрдэнэтийн овооноос олборлосон хүдрийг хүдрийн талбайгаас 100 метрийн зайд орших том бутлуурт эхлээд буталж, дараа нь туузан дамжуулгаар агуулахад буулгадаг байна. Ингэхдээ тус бүр нь цагт 500 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 800 метрийн урттай хоёр туузан дамжуулгаар буталсан хүдрийг агуулахад буулгадаг байна. Үйлдвэрт шаардлагатай хүдрийг агуулахаас туузан дамжуулгаар эхлээд дунд бутлуур руу, дараа нь жижиг бутлуур руу хүргэж дахин буталдаг. Үүний дараа шаардлага хангасан жижиг хэмжээтэй бутлагдсан хүдрийг баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсэг рүү туузан дамжуулгаар дахин оруулж, 9 том терм, 9 жижиг термэнд нунтагладаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн термийн машинист н.Самбуу хэлж байлаа. Нунтагласан хүдрийг шахуургаар баяжуулалтын хэсэг рүү шахаж хөвүүлэн баяжуулах үйл явц эхэлдэг байна. Ингэхдээ зэс болон молибденоо тус бүрт нь хөвүүлэн баяжуулдаг байх юм. Эхлээд молибденоо хөвүүлэн баяжуулдаг бол, дараа нь зэсээ хөвүүлэн баяжуулдаг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагч н.Хонгорзул хэлж байв. Хүдрийн биетийг туузан дамжуулгаар бутлах болон нунтаглах хэсэг рүү тээвэрлэдэг бол, зэс болон молибдены баяжмалаа өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цех рүү өөрөө урсах шугамаар тээвэрлэдэг байна. Тус цехээс эцсийн бүтээгдэхүүн гардаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цехийн ээлжийн мастер н.Өлзий-Хутаг ярьж байсан нь тод санагдаж байна.
-Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 25 хувийг дангаараа хийдэг-
Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас хойш манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байж ирсэн. Манай улсын нийт экспортын 25 хувийг дангаар хийдэг тус үйлдвэр зэс, молибдены баяжмалын экспортоороо дэлхийд эхний 10-т бичигддэг гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 4/1 хийж төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийг зэс, молибденоор хангадаг гол нийлүүлэгчдийн нэг юм. Тус үйлдвэр жилд 29 сая тонн хүдэр олборлож, үүнийхээ 26 сая тонныг нь боловсруулж, 23 хувийн агуулгатай 500 мянган тонн зэсийн баяжмал, 47-49 хувийн агуулгатай 4 мянган тонн молибдены баяжмал гарган авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга н.Баттулга хэлж байлаа. Тус үйлдвэр бүтээгдэхүүн худалдаалах гэрээгээ урт хугацаанд, гол төлөв оны эхэнд байгуулдаг. Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч, үнэ ханшийг нь сар тутам шинэчилдэг гэсэн мэдээлэл бий. Ингэхдээ Лондонгийн металлын захын зэсийн ханшийг суурь үнээ болгодог байгаа юм. Энэ үнээс хайлуулалтын болон цэвэршүүлэлтийн зардал хасагддаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал 23 хувийн агуулгатайг дээр дурдсан. Үүгээр тооцвол, тус үйлдвэрийн жилд үйлдвэрлэдэг 500 мянган тонн баяжмалыг хайлуулж цэвэршүүлэх явцад 23 хувь нь цэвэр зэс, үлдэх хэсэг нь хаягддаг гэсэн үг юм. Тиймээс худалдан авагчид баяжмал дахь зэсийн агуулгыг харгалзаж, баяжмалаас гарах цэвэр зэсэд мөнгө төлдөг байна. Баяжмалын гол худалдан авагч нь Америк, Европ, Япон, Солонгос, Хонконгийн 10 гаруй трейдер буюу худалдааны компани байдаг тухай 8 жилийн өмнө тэнд очиход тус үйлдвэрийнхэн хуучилж байлаа. Тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэхээс 5 хоногийн өмнө манай улс зэсийн баяжмалынхаа урьдчилгаагаа авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч н.Намхайнямбуу хэлж байсан юм. Урьдчилгаагаа авч, бүтээгдэхүүнээ нийлүүлсэний дараа дэлхийн олон орны дээрх трейдер компаниуд манай түүхий эдийг хятадын зах зээлд худалдаалж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүтээгдэхүүнээ худалдааны компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлд экспортолж ирсэн байх нь.
-Эрдэнэт үйлдвэрийн урьдчилгаа ба ногдол ашиг-
Эрдэнэтийн үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүний тоо хэмжээ жил бүр ижил байдаг ч, зэс болон молибдены баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс хамаарч тус үйлдвэрийн орлого харьцангуй өөр өөр байдаг. Үүний нэг тод жишээ бол, 2011 онд тус үйлдвэр 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол, 2012 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан явдал. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тэр мөчид тус үйлдвэр 2011 онд түүхэндээ анх удаа өндөр ашигтай ажилласан ч, зэсийн үнэ буурснаар тус үйлдвэрийн ашиг 2012 онд эргэн буурсан нь эндээс харагдаж байгаа юм. Ашигтай ажиллах бүртээ тус үйлдвэр Монгол-Оросын Засгийн газарт ногдол ашиг олгож ирсэн түүхтэй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл /Совет гэх нь бий/ 2013 оны дөрөвдүгээр сарын 18-нд хуралдаж, 2012 оны ашигт ажиллагаанаас Монгол-Оросын талд 96 сая ам.долларын ногдол ашиг олгох шийдвэр гаргаж байсныг энд дурдаж болно. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг манай улс, 49 хувийг хойд хөрш тэр үед эзэмшдэг байсан учраас Монголын тал 49 сая ам.долларын, Оросын тал 47 сая ам.долларын ногдол ашиг авахаар болов. Үүнийг 2013 оны тавдугаар сард багтаан хоёр орны Засгийн газарт олгохыг Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байдаг. Тэр үед гадаадын трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас урьдчилгаа авч хоёр талын ногдол ашгийг олгоно гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн зөвлөлийн хурлаас дээд тал нь 150 сая ам.доллар зээлэх хязгаар тогтоосон тул худалдааны компаниудаас энэ хэмжээний урьдчилгаа авахаар тохиролцсон байжээ. Ингэхдээ мөн оны тавдугаар сард 50 сая ам.доллар, наймдугаар сард 100 сая ам.доллар урьдчилж авахаар тохиролцсон байна. Үүн дээр өмнө нь аваагүй 30 сая ам.долларын зээлийн эрхээ нэмж хэрэгжүүлнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Үүгээр тооцвол, тул үйлдвэр 2013 онд 180 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг худалдааны түншлэгч компаниудаасаа авахаар байсан юм. Үүнээс 80 сая ам.долларыг тохиролцсон ёсоор мөн оны тавдугаар сард авч үүний 49 сая ам.долларыг ногдол ашигт зориулж Монгол Улсын Засгийн газарт өгнө. Үлдэх мөнгө оросын талд олгох ногдол ашигт хүрэлцэхгүй. Тиймээс 2013 оны наймдугаар сард дараагийн ээлжийн 100 сая ам.долларын урьдчилгаа орж ирмэгц оросын талын ногдол ашиг олгоно гэж тус үйлдвэрийнхэн хэлж байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл 2013 оны тавдугаар сард багтаан хоёр талд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн ч, манай улс хугацаандаа авч, хойд хөрш бага зэрэг хүлээхэд хүрсэн гэсэн үг. Хугацааг ялимгүй хойшлуулах хүсэлтээ Эрдэнэт үйлдвэрийнхэн Төрийн өмчийн хороогоор дамжуулан оросын талд уламжлуулсан гэлцэх нь бий. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн урьдчилгаагаа авч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж иржээ.
-Эрдэнэт үйлдвэрийн авлага ба өрийн харьцаа-
Тус үйлдвэрийнхэн өнгөрсөн хугацаанд техник, технологио сайжруулах, ногдол ашиг тараахад шаардагдах хөрөнгийг трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас хүүтэй авч ирсэн. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн орлогч дарга Жалсафов Түмэн Жаргалович: Эрдэнэт үйлдвэрийн худалдааны компаниудаас авсан урьдчилгаа төлбөрийн өр 2013 оны эхэнд 405 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Үүнээс хойш ачилт хийж, борлуулалт хийсэн болохоор өрийн хэмжээ 2013 оны эхний гурван сарын байдлаар 22 тэрбум төгрөгөөр буурсан. Ингэснээр мөн оны дөрөвдүгээр сард өрийн хэмжээ 382 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид өр хэд болж буурах, өсөхийг хэлэхэд бэрх байна гэсэн тайлбар өгч байлаа. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд түншлэгч компаниудад зэсийн болон молибдены баяжмалаа хэвийн нийлүүлсэн учир дээрх өр 350 тэрбум төгрөг болж буурсан болохыг Эрдэнэт үйлдвэрийнхэн хэлж байлаа. Гэвч Монгол-Оросын талд ногдол ашиг олгоход болон бусад зүйлд зориулж 2013 онд трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас авахаар тохиролцсон 180 сая ам.долларын урьдчилгааг оруулж тооцвол, тус үйлдвэрийн өр өсөх тооцоо тухайн үед гарч байлаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан ч, ашгаа өрөнд өгдөг. Харин ногдол ашгаа урьдчилгаа төлбөр буюу зээл авч олгож ирсэн байгаа юм. Энэ нь санаа зовоосон асуудлыг нэг мөнөөс мөн. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Фоменко Александр Петрович: Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн хэд хэдэн хүнд асуудал бий. Жил бүрийн эхний улиралд санхүү хүнд байдаг. Гэхдээ 2013 оны хувьд эхний улирлыг даван туулж, хүнд байдлаасаа бага ч болтугай гарч чадлаа. Эхний улирлыг бодвол манай санхүүгийн байдал бага зэрэг сайжирч байна. Гэхдээ бидэнд толгой өвтгөх асуудал цөөнгүй бий. Эрдэнэтийн овооны уурхайн удаан ажиллаж гүн рүүгээ орох тусам, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Тиймээс хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Хүдрийн олборлолтыг нэмэгдүүлж байж баяжмалын гарц хэвийн байх юм. Тийм болохоор Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглагч хэсгийн өргөтгөлийг хийх шаардлагатай байгаа. Өөрөө нунтаглагч жилд 4-5 сая тонн хүдэр боловсруулдаг бол, үүнийг 10-12 сая тоннд хүргэх шаардлагатай байна. Тиймээс өөрөө нунтаглагч хэсгийг өргөтгөхөөр 2011 онд техник, тоног төхөөрөмж захиалсан. Зарим тоног төхөөрөмж 2013 онд ирнэ. Үүнд урьдчилгаа өгсөн болохоор тоног төхөөрөмжөө авах зэрэг авлага бий. Нөгөө талд үйлдвэрийн өр бий. Үүгээр тооцвол, үйлдвэрийн өрийн болон авлагын харьцаа хэвийн түвшинд байгаа. 2013 оны сүүлч гэхэд өрийн хэмжээ зохистой харьцаанд хэвийн байх болно хэмээн хуучилж байлаа. Эрдэнэт үйлдвэр 2013 онд зэсийн баяжмалаа тонныг нь 8125 ам.доллараар, молибдены баяжмалаа тонныг нь 11390 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн байлаа. Үүнээс 950 сая ам.долларын орлого олохоор төлөвлөсөн ч, тус үйлдвэрийн зарлага 800 сая ам.доллараар хэмжигдэж байв. Харин цаана үлдэх 150 сая ам.доллар нь Эрдэнэт үйлдвэрийн ашиг болж хоцрох ёстой. Гэвч дэлхийн зах зээлд зэсийн үнэ 6400 ам.доллараас, молибдены үнэ 7157 ам.доллараас доош орвол 2013 онд олохоор төлөвлөсөн 150 сая ам.долларын ашиг талаар болно гэдгийг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр ашигтай ажиллаж, ногдол тараах эсэх нь дэлхийн зах зээл дэх зэс болон молибдены үнээс ихээхэн хамаардаг юм.
-Эрдэнэтийн молибденыг юунд ашигладаг вэ-
Менделеевийн үелэх системийн зургаадугаар бүлэгт бичигддэг молибденийг Шведийн химичид нээсэн гэж үздэг. Тухайлбал, 1778 онд Шеел, 1782 онд Гьелм нар молибденитээс молибденыг гаргаж авах боломжтой гэдгийг нотолсон аж. Харин 1817 онд Шведийн химич Берцелиус молибденитээс анхны молибденыг цэврээр нь буюу металлаар нь гарган авсан түүхэн хүн гэлцэх нь бий. Грек үгнээс гаралтай молибден нь цагаан тугалгатай төстэй учир 18 зууны үед энэ металлыг харандаа хийж, зураг зурахад ашигладаг байсан гэлцдэг. Харин одоо энэ металлыг дэвшилтэд технологид түлхүү ашиглаж байгаа юм. Ингэхээ гол төлөв сансрын хиймэл дагуул, агаарын хөлөг, нисдэг тэрэг, усан онгоц, машины эд анги хийхэд ашигладаг байна. Гэрлийн чийдэн хийхэд ч сүүлийн үед молибденыг ашиглах болсон аж. Мөн энэ металлаар нано технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Молибден хольсон ямар ч металл зэвэрдэггүй, халуунд тэсвэртэй, бат бөх учраас тэр. Мөнгөлөг саарал өнгөтэй, үйлдвэрлэлд нэн чухал, уг түүхий эд харамсалтай нь байгальд ховор тохиолддог байх юм. Үүний нэг тод жишээ бол, дэлхийн молибдены нөөц бусад металлтай харьцуулахад харьцангуй бага байгаа явдал. 2013 оны судалгаагаар дэлхий дээр 8 сая тонн молибдены нөөц тогтоогдоод байгаагийн 39 хувь нь хятадад, 31 хувь нь америкт, 13 хувь нь чилид, 8 хувь нь арменид, 5 хувь нь канадад, 3 хувь нь орост тогтоогдсон аж. Харин үлдэх багахан нөөц нь бусад орнуудад тогтоогдсон гэнэ. Үүнд манай улсыг нэрлэж болно. Манай улсын молибдены нөөц эцэслэн тогтоогдоогүй ч, уг металлын 50 гаруй орд байгааг Ашигт малтмалын газрынхан хэлдэг. Цагаан суварга, Өндөр цагаан, Түргэн гол, Улаан энгэр, Буянт гол, Эрдэнэтийн овоо зэргийг энд нэрлэж болох юм. Эдгээрээс Эрдэнэтийн овооны молибденыг манай улс олборлож, боловсруулж, баяжуулж, экспортолж байгаа юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас Эрдэнэтийн овооноос молибдены баяжмал гарган авч байгаа юм. Тус үйлдвэр анх 4 сая тонн хүдрээс багахан хэмжээний молибден гарган авдаг байсан бол, сүүлийн жилүүдэд 26 сая тонн хүдрээс 6-10 хувийн чийглэгтэй, 47-49 хувийн агуулгатай 4000 тонн молибдены баяжмал гарган авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга н.Батсайхан хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, баяжмалын тал шахуу хувь буюу 2000 тонн нь цэвэр молибдены гарцтай гэсэн үг юм. Дэлхий дахинаа жилд 200 мянган тонн молибден хэрэглэдэг гэх судалгаа бий. Үүгээр тооцвол Эрдэнэт үйлдвэр дэлхийн молибдены хэрэглээний багахан хувийг хангадаг байх нь. Ингэхдээ тус үйлдвэр Америк, Европ, Япон, Солонгос, Хонгконгийн трейдер буюу худалдааны компаниар дамжуулан молибдены баяжмалаа үйлдвэрлэгчдэд нийлүүлж иржээ. 2013 онд нэг тонн молибдены баяжмалаа 11390 ам.доллараар худалдахаар төлөвлөж байсан гэхээр асар үнэтэй түүхий эд болох нь эндээс харагдаж буй юм. Тэгвэл молибдены баяжмалыг бодвол, молибдены исэл илүү үнэтэй байдаг аж. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхэн молибдены баяжмалаас молибдены исэл гаргаж авах үйлдвэрийн хэдэн жилийн өмнө байгуулжээ. Тодруулбал, израилийн Металл тех компанийн 70 хувь, Эрдэнэтийн 30 хувийн оролцоотой Шим технологижи хамтарсан үйлдвэрийг байгуулсан байна. Молибдены баяжмалаа молибдены исэл болгож багагүй ашиг олохоор зорьж Шим технологи хамтарсан үйлдвэр байгуулсан ч, энэ үйлдвэр дампуурлаа зарлахад хүрч, хаалгаа барьсан тухай Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Алтанхуяг хэлж байсан юм.
-Эрдэнтийн овооны овоолгоос катодын зэс үйлдвэрлэдэг-
Эрдэнэтийн овооны хүдрээс зэсийн баяжмал гаргах явцад их хэмжээний исэлдсэн хүдэр ашиглагдахгүй хаягддаг байна. Хэдэн жилийн өмнө тэнд очиход 0.4 хувийн зэсийн дундаж агуулгатай 40 сая тонн исэлдсэн хүдрийн бэлэн овоолго байхтай таарч явлаа. Энэ хүдрийн хаягдлыг дахин боловсруулбал 280 мянган тонн зэс гаргаж авах боломжтой гэж мэргэжилтнүүд нь ярьж байсан юм. Тиймээс исэлдсэн хаягдал хүдрийг дахин боловсруулалтад оруулж жилд 50 мянган тонн катодын цэвэршүүлсэн зэс гаргаж авахаар төлөвлөж байв. Өөрөөр хэлбэл, химийн уусмалаар хаягдал хүдрийг угааж цэвэр зэс гаргаж авахаар төлөвлөж байлаа. Энэ аргаар катодын цэвэршүүлсэн зэс гаргаж авах технологийг манай улс 1995 онд нэвтрүүлж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Монгол-Америкийн хамтарсан Эрдмин үйлдвэрийг байгуулж байжээ. Тус үйлдвэр анх зөвхөн туршилт явуулж эхний жилүүдэд 3000 тонн катодын цэвэр болон цувимал зэс үйлдвэрлэсэн гэдэг. Туршилт амжилттай явагдаж энэ аргаар цэвэр зэс гаргаж авсан ч, дэлхийн зах зээлд нэгэн үе зэсийн үнэ хямдарсан тул тус үйлдвэр ашигтай ажиллаж чадаагүй байна. Тиймээс 10 гаруй жилийн хугацаанд энэ үйлдвэрийн хүчин чадлыг тэлэлгүй тэгсхийгээд орхисон ч, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор Германаас техник, технологи авч ирж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Үр ашгаа дээшлүүлэх зорилгоор техник технологио сайжруулж 2000 оны сүүлийн хагаст үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн билээ. Техник, технологийн шинэчлэл хийснээр тус үйлдвэр жилд 50 мянган тонн цэвэр зэс исэлдсэн хүдрээс гаргаж авах бололцоотой болсон юм. Энэ үеэс Эрдмин үйлдвэр исэлдсэн хүдрээс катодын цэвэр болон цувимал зэс үйлдвэрлээд зогсохгүй барилгын монтажны 6 төрлийн утас үйлдвэрлэж эхэлсэн юм. Тухайлбал, 1.6 мм голчтой 200 метр барилгын дотуур монтажны утас үйлдвэрлэж эхэлсэн юм. Мөн 5000 тонн бүрмэл кабелийн зэс утас, ахуйн хэрэглээний цахилгааны 1,2 мм голчтой кабелийн утас үйлдвэрлэхээр төлөвлөж байсан билээ. Ингэснээр манай улс дотоодынхоо зэс утасны хэрэгцээг бүрэн хангах бололцоотой гэж үзэж байлаа. Эрдмин үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж баяжмалаас цэвэр зэс гаргаж авахаар төлөвлөж байсан ч, энэ үйлдвэрийн сураг алдарч бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болголгүйгээр баяжмал хэлбэрээр экспортолсоор ирсэн юм. Эрдэнэт жилд үйлдвэрлэдэг 500 мянган тонн зэсийн баяжмалаа экспортлоход тээвэрлэлтийн зардал өндөр гарах нь ойлгомжтой. Харин баяжмалаа боловсруулаад экспортлоход жилд 125 мянган тонн зэс тээвэрлэх тооцоо гардаг. Тиймээс 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэр гаргалаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосон байна. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар 1,8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3,9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1,4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ. Парк ашиглалтад орсноор
- Эрдэнэтийн овоо стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх
- Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
- Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх
- Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
- Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
- Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
- Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай юм.
-Эрдэнэтийн овооны нөөц нэмэгджээ-
Дэлхийн зах зээлд зэсийн баяжмал экспортолдог 100 гаруй компани байдаг гэх судалгаа бий. Тэднийг өрсөлдөх чадвараар нь аваад үзвэл Эрдэнэт зэс, молибдены баяжмалын экспортоороо дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрийн тоонд багтдаг. Баяжмалаа борлуулахдаа санхүүгийн хувьд тогтвортой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон худалдааны компаниудтай хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, тус үйлдвэр Самсунг корпораци, Океан Партнерс, Ред Металл, Миллифорд Глобал Корпораци зэрэг компанитай байгуулсан зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хятадын зах зээлд нийлүүлдэг гэх мэдээлэл бий. Ингэхдээ Эрдэнэт төрийн өмчийн үйлдвэрийн газар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ жилд нэг удаа хийдэг. Гол төлөв оны эхэнд зэс нийлүүлэх гэрээгээ хийж үнээ тохирдог гэх мэдээллийг холбогдох албаныхан олон жилийн өмнө өгч байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар 2020 онд 36,9 сая тонн хүдэр олборлож, 32,5 сая тонн хүдэр боловсруулсан байна. Мөн 11,700.0 тонн зэсийн баяжмал, 934.12 тонн молибдены баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, зэсийн үнийн уналтаас шалтгаалсан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын бууралтыг сааруулах арга хэмжээ авч ажиллажээ. Үүний үр дүнд 47.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлсэн бол, үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр 2020 онд зардлаа 33 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Харин худалдан авалтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар 88 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Эрдэнэт үйлдвэр, техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд давсан төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн гэнэ.
Эрдэнэтийн овоо ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулжээ.
Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газрыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжиж, томоохон төслүүдийг боловсруулан үйлдвэрийн хөгжлийг хангах нөөц, баялгийг баталгаажуулсан томоохон ажлыг монгол геологичид удирдан, Австралийн компани гүйцэтгэсэн байна. Хоёр жилийн хугацаанд нийт 40 гаруй мянган тууш метр шалгах өрөмдлөг хийсэн байна. 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи, хайгуулын ажил хийж үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасгаж, Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах боломж нөхцөл бүрджээ. Тодруулбал, Эрдэнэтийн овоо ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн, Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах боломжтой геологийн нөөцөө дэлхийн жишигт нийцсэн олон улсын жорк стандартаар баталгаажуулсан байна. Эрдэнэт үйлдвэрээс гадна, Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын зэсийн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдсэн байдаг. Гашуунсухайт боомтоор 2021.04.16-ны байдлаар зэсийн баяжмал тээврийн 32 автомашин гарч орсон бол, 2021.04.17-ны байдлаар зэсийн баяжмал тээврийн 32 автомашин мөн гарч оржээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын энэ үед зэсийн баяжмалын экспорт хэвийн явагдаж байгаа юм.
-Эрдэнэтийн цэвэр ашгийн хэмжээ 2,5 дахин давж биелжээ-
Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэжээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 2020 онд амжилт бүтээл арвинтай байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон хүндрэлтэй цаг үе тохиосон ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын үйл ажиллагааны үр дүн сайн байлаа. Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөлт үзүүлэлт амжилттай биелсэн гэдгийг онцоллоо. Тодруулбал:
- Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
- 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан,
- Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
- 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
- 2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.
Эрдэнэт үйлдвэр 2021 оны эхний улирлын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн байна. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелжээ. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, 2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ. Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж чадсан гэсэн үг юм. 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан юм.Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, Онцгой дэглэмийн горимоор ажилласан 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чаджээ. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласнаар сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй болжээ.
-Эрдэнэт үйлдвэр цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг даав-
Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсхийн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ, 100 метр квадратаас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэсэн. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 метр квадрат талбайтай байранд амьдардаг бол 20 метр квадрат талбайд ногдох дулааны мөнгөө л өөрсдөө төлж буй юм. Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар гаргахаар болсон. Ингэснээр 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая төгрөгийн, Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ. Харин төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллаа, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөөгүй байхаар шийдвэрлэсэн юм. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө ийм шийдвэр гаргасан болохоо Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед илэрхийлж байсан юм.
2.7 Алт ба цэвэршүүлэх үйлдвэр
УИХ-ын гишүүд алтнаас өндөр татвар авч улсын төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх санааг одоогоос хэдэн жилийн өмнө бодож олов. Үүнийгээ хэрэгжүүлэхээр тэр үеийн хууль тогтоогчид Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг 2006 онд гаргасан юм. Монголбанк Лондонгийн металлын захын үдээс хойшхи алтны үнээс хоёр ам.доллар хасч, үүнийг төгрөгт хөрвүүлж дотоодын зах зээл дэх шар металлын ханшийг тогтоодог. Хууль гарснаар төв банкинд тушаагдсан алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн билээ. Ингэснээр нэг унци алтнаас Монгол Улсыг хөгжүүлэх санд 200 гаруй ам.долларын татвар төвлөрч байлаа. Гэвч үүний нөлөөгөөр манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан гэхэд болно. Хууль гарахаас өмнөх дөрвөн жил манай улс 77 тонн алт үйлдвэрлэсэн бол, хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонныг олборлосон байх жишээтэй. Тухайлбал, манай улсын алт олборлогч 70 гаруй аж ахуйн нэгж жилд 20 тонн алт олборлодог байсан бол, 2006 онд 15 тонн, 2007 онд 10 тонн, 2008 онд 8 тонн, 2010 онд 2 гаруй тонн алт төв банкинд тушаасан байгаа юм. Тухайлбал, 2008 оны төсөвт мөн онд 20 тонн алт олборлож, үүнээс 53,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Гэтэл мөн оны эхний найман сард 8,2 тонныг олборлож 9,3 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байх жишээтэй. Тэр үеийн УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Алт тушаалтын байдал хангалтгүй байна. Энэ нь 68 хувийн татвар төлөхгүй гэсэн зугтаалтын байдал юм. Алтан Дорнод Монгол компани гэхэд 20,4 тэрбум төгрөг төлөөгүй. Үнийн өсөлтийн албан татварын 17 тэрбум төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2,2 тэрбум төгрөг, Нөөц ашигласны 400 сая төгрөг тушаагаагүй. Олон улсын арбитрийн шүүхэд өгсөн байгаа. Энэ компаниас татвараа авахад 26,6 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсыг хөгжүүлэх санд нэмэгдэж төлөгдөх бололцоо бүрдэх юм. Ингэвэл 53,8 тэрбум төгрөгөө төвлөрүүлчих бололцоо бий гэсэн тайлбарыг тухайн үед өгч байлаа. Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн ч, дотоодын зах зээлд олборлолт, тушаалт, борлуулалт буурсантай холбоотойгоор энэ татварын төлөвлөгөө ийнхүү биелэлт муутай явсан нь энэ. Гэнэтийн ашгийн, 68 хувийн, үнийн өсөлтийн гэж янз бүрээр нэрлэгддэг энэ хуулиас болж олборлосон алтаа хууль бусаар хил давуулж татвараас зайлсхийх зэрэг есөн шидийн далд хувилбар гарч байсан учраас энэ металлын тушаалт ингэж буурсан хэрэг.
Алт бол хатуу валютад тооцогддог. Тэр ч утгаараа, алт тушаалт буурмагц валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан нь ойлгомжтой. Энэ нь хууль тогтоогчдыг өөрсдийг нь сөхрүүлж удаа дараа буулт хийхэд хүргэж байлаа. Лондонгийн металлын бирж дээрх алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх хэсэгт татвар ногдуулж байсныг эхлээд болиулж, уг бирж дээрх нэг унци алтны үнээс 850 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод татвар ногдуулж Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болсон юм. Тухайн үед Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга н.Баяраа: Эхний хагас жилийн байдлаар алтны үнийн өсөлтийн албан татвараас 6.1 тэрбум төгрөг орж ирэх ёстой байснаас 3.9 тэрбум төгрөг орсон буюу 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн онтой харьцуулахад алтны үнийн өсөлтийн албан татвар үндсэндээ хоёр дахин буурсан дүнтэй явна. Яагаад гэхээр алтны үнийн өсөлтийн албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар үнийн өсөлтийн албан татвар ногддог орлогын хэмжээ өссөн байгаа. Тухайлбал, өмнө нь нэг унци алтнаас 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулдаг байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор нэг унци алтнаас 850 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж байгаа учраас татвар ногдох орлого буурсан. Мөн өнгөрсөн онд алтны үнийн өсөлтийн татвар дутуу төлөлттэй байсан газрууд хугацаандаа татвараа төлөөгүй байна. Тухайлбал, Алтан Дорнод Монгол 57 тэрбум төгрөгийн өртэй байж байгаа. Олон улсын арбитрийн шүүх дээр байгаа учраас татвар төлөгдөхгүй байж байна. Алтны үнийн өсөлтийн татвараа төлөөгүй нэлээд газрууд бий. Алтан Дорнод Монгол, Жампа, Эрдэс Холдинг, Монгол газар, Эм Жи Эйч зэрэг компаниуд алтны үнийн өсөлтийн албан татвар төлөх ёстой байгаа гэсэн тайлбарыг олон жилийн өмнө өгч байсан юм. Ийнхүү алтны үнийн өсөлтийн албан татварын босгыг 850 ам.доллар болгосон, мөн алтны үнийн өсөлтийн албан татварыг зарим аж ахуйн нэгжүүд төлөхгүй байсан нь улсын төсвийн төлөвлөсөн орлого тасалдахад хүргэж байсан учраас валютын нөөцийг өсгөх бодлого төрөөс дахин явуулсан билээ. Ингэхдээ, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх хуулийг бүр мөсөн хүчингүй болгосон юм.
Харин үүний оронд АШИГТ МАЛТМАЛЫН болон ӨСӨН НЭМЭГДЭХ нөөц ашигласны төлбөр төрсөн тухай тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хэлж байсан билээ. Энэ үеэс алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувийн татвар төлж эхэлсэн бол, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ дэлхийн зах зээл дээрх унци алтны үнээс хамаарч байлаа. Тухайлбал, нэг унци алт 900-1000 ам.долларын ханштай байвал 1 хувь, 1000-1100 ам.долларын ханштай байвал 2 хувь, 1100-1200 ам.долларын ханштай байвал 3 хувь, 1200-1300 ам.долларын ханштай байвал 4 хувь, 1300 ам.доллараас дээш ханштай байвал 5 хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх тогтолцоонд шилжсэн билээ. Алтны үнэ хямд үед үйлдвэрлэгчдийн төлөх татварыг хөнгөлж, өндөр үед татвараа нэмэгдүүлэх зорилгоор ийм шатлалыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгсөн хэрэг. Энэ өөрчлөлтийг хуульд оруулснаас хойш дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1300 ам.доллараас уруудсан удаа дэндүү цөөн. Үүгээр тооцвол алт үйлдвэрлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт гол төлөв 5 хувийн татвар төлж ирсэн гэхэд болно. Үүн дээр өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг нэмж тооцвол 2011 оноос хойш алт олборлогчид дээд тал нь 10 хувийн татвар төлж ирсэн билээ. Үүнийг өмнөх татвартай харьцуулахад тийм ч өндөр тоо биш. Гэтэл алтны татварыг дахин бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг сэргээж, тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх бодлого манай улс дахиад явуулах нь тэр. Тухайлбал алтны татварыг бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг жилд 24 тонноор нэмэгдүүлж, таван жилийн дотор 150 тоннд хүргэх зорилт тавьсан юм. Тэр хэрээр алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх боломжтой гэж бодлого боловсруулагчид үзэж байлаа. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь байсныг 2.5 хувь болгож бууруулсан билээ. Харин өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Үүнийг манай улс таван жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр тухайн үед хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл алтныхан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох АМНАТ-ийн дарамтаас салж аврагдсан юм. Үе үе энэ салбарт бодлогын арга хэмжээ энэ мэт авдаг болоод ч тэр үү…
Дэлхий нийтийг хамарсан цар тахал санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ч, 2008-2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямралтай харьцуулахад хэвийн гэж хэлж болох дүр зураг алтны салбарт ажиглагдлаа. Тэгээд ч аливаа санхүүгийн хямралын үед хамгийн эрсдэл багатайд алт тооцогддог тул худалдан авалт нэмэгдэж үнэ нь өсдөг жамтай. 2020 оны төсвийн төслийн тодотголд төвбанк 24 тонн алт худалдан авахаар тусгаж төлөвлөгөөндөө хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн шар металл худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэсээ 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харин 2021 оны нэгдүгээр сарын байдлаар Монголбанк 1.35 тонн үнэт металл худалдан авсан нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 килограммаар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулахад 2.2 тонноор буурсан үзүүлэлт боллоо. 2021 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 килограмм үнэт металл худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байжээ. Дашрамд дурдахад, Монголбанк алт худалдан авахдаа гурван шаардлага тавьдаг. Эхнийх нь иргэд болон аж ахуйн нэгжийн Монголбанкинд худалдах алт 3 граммаас дээш байх ёстой. 3 граммаас дээш хэмжээний алт худалдах бол үүнийгээ гулдмай болгож, Улсын хяналтын албаар сорьц тавиулсан байх ёстой. Энэ нөхцөлийг хангасан тохиолдолд Монголбанк тухайн өдрийн ханшаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч, төлбөрийг нь бэлнээр бус, харилцах дансанд хийж ирсэн. Ийм шалгуураар төвбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнийг эрчимжүүлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт хүртэл олгосон байдаг. Тодруулбал, төвбанк өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээлийг олгож ирсэн юм.
Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон үргэлжлүүлэхээр болсон билээ. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын орлогын 24 хувийг дангаар бүрдүүлдэг салбар ахицтай яваа гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өссөн байна. Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Энэ нь алт худалдан авалт цаашид нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан ч Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар ярилцсан юм. Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллах хүсэлт тавьсан. Харин арилжааны банкуудын хувьд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир лицензийг эргэн цуцалдаг асуудлыг анхаарч үзэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хүссэн байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар Алт-2 үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж эхэлсэн ч, цар тахлын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас дээрх журамд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон юм.
Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилсөн байна. Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого өснө гэж төвбанк үзэж байна. Алтны татварыг бууруулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж энэ салбарт бодлогын арга хэмжээ үе үе авч буйтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай улсын алт олборлолт нэмэгдсэн ч, үүнийг хайлуулах зуух ачааллаа дийлэхгүйд хүрч байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал алт гулдмайлахад хүндрэл учруулж байсан юм. Үүнээс гадна, экспортод гаргах бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг хэмжих жингийн асуудал хүндрэлтэй байлаа. Тухайлбал, улсын хэмжээнд хүнд даацын авто машины 384 жин ажиллаж байсан ч, эдгээр жинг шалгаж баталгаажуулах эталон хэмжих хэрэгсэл хэдэн жилийн өмнө дутагдалтай байлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хүнд даацын авто машины жинг шалгаж, баталгаажуулах явуулын нэг лаборатори шаардлагатайг Стандартчилал, хэмжил зүйн газрынхан тэр үеийн Шадар сайд У.Хүрэлсүхэд учирлаж байсан удаатай. Тухайн үед аймгуудын Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн байрны засвар үйлчилгээг сайжруулах, хэмжих хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах 4 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулахад анхаарч ажиллахаа тэрбээр мэдэгдэж байсан юм. Тэрбээр хэлснээ хэрэгжүүлж чадсан юм. Ийнхүү У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа эталон тоног төхөөрөмжийн асуудал шийдвэрлэж байсан бол, Ерөнхий сайд байхдаа алт цэвэршүүлэх үйлдвэрийн гэрээ хэлэлцээрийг байгуулж амжсан нь цагаа олсон шийдвэр байсан юм. У.Хүрэлсүх МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Бүгд найрамдах Казакстан улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Нур-Султан хотод Монгол-Казахстаны бизнес форумд оролцсон юм.
Уг форумд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид Алт, мөнгө, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барих, Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих, Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах зэрэг найман гэрээг байгуулсан юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд Эрдэнэс алт ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Сымбат инжиниринг ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өгсөн юм. БНКазУ жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд Тау-Кен Алтын алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэр алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг бөгөөд Тау-Кен Самрук ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Дашрамд дурдахад, алт нь өнгөт металлын төрөлд багтдаг. Зарим тохиолдолд үнэт металл гэх нь бий. МЭӨ 4-5 зууны үеэс хүн төрөлхтөн алтыг бусад металлуудаас ялган авч хэрэглэх болжээ. Алтанд мөнгө, зэс, төмөр зэрэг металлууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Үүнд хэдий хэмжээний цэвэр алт агуулагдаж байгааг сорьцоор илэрхийлдэг билээ. Ингэхдээ 333, 375, 585, 750, 916, 960, 999 сорьцоор алтны агуулгыг илэрхийлдэг. Хэрэв нэг грамм жинтэй 333 сорьцтой алтан эдлэл байвал, үүний 333 хувь нь цэвэр алт, үлдэх хувь нь өөр металл гэсэн үг юм. Ийнхүү үнэт эдлэл дэх алтны агууламжийг сорьцоор илэрхийлэхээс гадна, каратаар мөн хэмждэг. Тухайлбал, азийн орнууд ихэвчлэн каратаар алтны агууламжийг тодорхойлдог байна. Хэрэв 14 карат байвал тэр нь манайхны нэрлэж заншсанаар 585 сорьцтой монетон эдлэл юм. Өнөөдөр алтаар валютын нөөцөө бүрдүүлж, олон улсын төлбөр тооцоо хийхээс гадна, үнэт эдлэл үйлдвэрлэхэд ашиглаж байгаа юм. Дэлхийн зах зээлд шар алтыг бодвол цагаан алтны үнэ өндөр байдаг. Цагаан алтны физик химийн шинж чанар шар алтнаас илүү байдаг болохоор тэр юм.
3.БҮЛЭГ.Дэлхийн банк ба санхүүгийн хямрал
3.1. АНУ-ын санхүүгийн хямрал
2009-03-17. Улаанбаатар. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын тоонд АНУ зүй ёсоор ордог. Гэвч тус улсын эдийн засаг одоогоос хэдэн жилийн өмнө хямралд өртсөн юм. Чухам юунаас болж дэлхийн тэргүүлэх эдийн засаг хямрахад хүрэв. Энэ асуултад 2008 оны аравдугаар сарын 28-ны өдөр тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайд: АНУ-ын санхүүг хямралд оруулахад маш олон тооны хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт: 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагын дараа АНУ-ын нөөцийн банкнаас бага хүүтэй их хэмжээний зээл гаргасан. Хоёрдугаарт: Энэ хүнд байдлаасаа гарч амжаагүй байтал моргейжийн буюу орон сууцны маш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл иргэддээ олгох ажлыг АНУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. АНУ-ын Засгийн газар хүн болгоноо өөрийн орон сууцтай болгох бодлого явуулж, тус улсын банкууд зээлийн нөхцлийг зөөлрүүлж, их хэмжээний найдваргүй зээл олгосон. Гуравдугаарт: Тус улсын иргэдбэлэн мөнгөгүй хэрнээ өөрийн чадавхаасаа давсан тийм амьдралын нөхцөл байдлыг хүсч орон сууцнаас гадна, машин, тавилга гэх мэт үнэтэй зүйлүүдийг зээлээр авч байсан. АНУ-ын эдийн засгийн хямрал эхэндээ Европын орнууд руу хүчтэй чиглэж байсан бол, хожим Азийн орнууд руу чиглэсэн. Энэ нь Азийн хөрөнгийн биржүүдэд компаниудын хувьцааны ханш хэрхэн буурч байгаагаас харагдана. Тухайлбал, Sony корпорацийн хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр нэрлэсэн үнээсээ 70 хувиар доогуур ханшаар худалдаалагдаж байна. Энэ нь тус компанийн бодит хөрөнгө, бодит үнэлгээнээс доогуур ханштай болж байгааг гэрчилж байгаа явдал юм. Азийн орнуудын эдийн засаг хямарч байгаагийн бас нэг илрэл бол долларын ханш хэлбэлзэж эхэлсэн явдал. Азийн эдийн засаг яагаад хямраад байна гэхээр эдгээр улс орнууд Америк руу их хэмжээний экспортын бүтээгдэхүүн гаргадаг. Америк эдийн засгийн хямралд орсноор эдгээр орнуудаас экспортын бүтээгдэхүүн худалдан авах чадваргүй болчихож байгаа юм. Америк руу гаргадаг экспортын хэмжээ багасна гэдэг нь тухайн улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ хумигдаж байна гэж тайлбарлаж байсан билээ. АНУ-ын wall street-ээс эхтэй санхүүгийн хямрал олон тооны хүчин зүйлээс шалтгаалсан болохыг эдийн засагчид ийнхүү хэлдэг.
2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагыг суурь шалтгаан нь болсон гэж үздэг аж. Үүний дараахан тус улсын нөөцийн банкнаас бага хүүтэй их хэмжээний мөнгө гаргажээ. Залгуулаад нөхцөлөө зөөлрүүлж хүн бүрийг орон сууцтай болгох бодлого явуулсан ч, эргээд баталгаагүй моргейжийн зээл болж хувирсан байна. Үүнээс болж тус улсын дийлэнх банкууд хүндэрч зээлээ хаасан нь мөнгөний гачигдалд ороход хүргэв. Энэ нь даамжирч даатгалын болон хөрөнгийн зах зээлд нь уналт ажиглагдаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус улсын санхүүгийн секторууд бүхэлдээ өвчилж, бодит эдийн засаг нь царцахад хүрсэн тал бий. Тиймээс хямралыг намжаахын тулд Америкийн засгийн газраас 700 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг банкууддаа олгохоор шийдвэрлэсэн гэдэг. Энэ нь хямралыг бага ч болтугай зогсоох найдвар болно гэж шинжээчид үзэж байсан юм. Харамсалтай нь хямрал үргэлжилсээр дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн индекс, компаниудын хувьцааны ханш унасаар байв. АНУ-ын төрөөс зохицуулалт хийх гэсэн ч амжилтгүй болсон нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл сул байгаагийн тод илрэл болсон билээ. АНУ болон бусад хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт буурч, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт буурна гэсэн хандлага зах зээлд давамгайлж байсан учраас томоохон биржүүдийн индекс унаж, хувьцааны ханш суларсаар байсан юм. Америкийн эдийн засаг хүнд байсан тул долларын ханш хүртэл ганхаж эхлэв. Тиймээс долларын ханшийн эрсдэлээс сэргийлж хөрөнгө оруулагчид алт ихээр худалдан авч байжээ. Америкийн эдийн засаг тогтворжиж байдал хэвэндээ ортол алтны үнэ өндөр байна гэдгийг тухайн үед шинжээчид тооцоолж байсан юм. Харин бусад түүхий эдийн үнэ унах нөхцөл бүрэлдэж байлаа. Монгол Улсын Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Хятадууд түүхий эдийн их хэмжээний нөөц бэлтгэж байгаа. Нөөц хангалттай түвшинд хүрвэл дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн эрэлт багасч, үнэ буурна гэдгийг мөн онцолж байсан юм. Тиймээс хямрал хэдий хүртэл үргэлжлэх нь хэн хүний санаа чилээх асуудлын нэг болоод байсан цаг үе. Үүнд дийлэнх эдийн засагчид АНУ-ын санхүүгийн хямрал хэдийг хүртэл үргэлжлэхийг тааж хэлэхэд бэрх хэмээн хариулж байв. Харин тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайд: Ойрын хоёр, гурван жилдээ эдийн засгийн хямрал үргэлжлэх байх хэмээн ярьж байсан юм. Энэ нь биеллээ олсон байдаг. 2010 оны есдүгээр сарын 7-ны хавьцаа дэлхийн банкнаас гаргасан судалгаанд америкийн эдийн засаг хүнд хэвээр байна гэж тусгасан нь үүний нэг нотолгоо, бас баталгаа байв.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын эдийн засаг, санхүүгийн хямрал 2008, 2009, 2010, 2011 оныг дамнан үргэлжилсэн юм. Тухайлбал, 2011 оны есдүгээр сарын дундуур америкт ажилгүйдэл 9,1 хувьд хүрсэн байлаа. АНУ 300 гаруй сая хүн амтай гэж тооцвол, тус улсад 30 гаруй сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байсан юм. Ийнхүү хүн амынх нь тодорхой хэсэг орлогогүй болсон нь америкийн эдийн засгийг хойш чангааж байсан нь мэдээж. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний эрэлт буурч, үйлдвэрүүдийнх нь ашиг орлого буурч байсан юм. Үүний бодит жишээг америкийн орон сууцны зах зээлээс харж болохоор байв. Америкийн худалдааны яамнаас гаргасан судалгаагаар орон сууцны борлуулалт 2011 оны есдүгээр сард өмнөх сараасаа 0,7 хувиар буурсан бол, орон сууцны үнэ 1,2 хувиар буурсан байв. Эрэлт буурч, үнэ буурахын хэрээр барилгын компаниудынх нь ашиг орлого буурч байсан нь эндээс илт харагддаг. Ганц барилгын салбарт гэлтгүй бусад салбарт ч бууралт гарч байсан нь мэргэжлийн байгууллагуудаас явуулсан судалгаанаас харагддаг. Институт фор сапли менежмент байгууллагаас явуулсан судалгаагаар америкийн үйлдвэрлэлийн индекс 2011 оны есдүгээр сард өмнөх сараасаа 0,3 нэгжээр буурч, 50,6 нэгж болсон байлаа. Үйлдвэрлэлийн индекс 2009 оны долоодугаар сараас хойш байгаагүй хамгийн доод түвшиндөө хүрсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, америкийн үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн хямралын оргил үеэс ч дордсон юм. Ийнхүү америкт ажилгүйдэл газар авч байсан нь үйлдвэрлэл буурч, бодит эдийн засгийн өсөлт саарах дохиог өгч байсан юм. Америк хэрэглээнд түшиглэсэн эдийн засагтай орон. Сүүлийн 20 жилийн хугацаанд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг шингээж ирсэн ч, хямралын үед тэгэх бололцоогүй болов. АНУ-ын эдийн засаг хямралд өртөж худалдан авах чадваргүй болсон нь Европын улсууд төдийгүй, Азийн орнуудад хүндээр тусч эхэлсэн юм. Америкийн хямрал дэлхийн нөгөө өнцөгт байгаа эдийн засагт яахаараа гэж хэн хүнгүй асууж байлаа. Үүний хариулт нь их энгийн. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай эдийн засаг тул хямрахгүй байхын ч аргагүй. Ийнхүү санхүүгийн хямрал гинжин хэлхээгээр бусад орнуудад мэдрэгдэж эхлэх нь тэр.
3.2. Европын санхүүгийн хямрал
Европын холбоо одоогоос хэдэн жилийн өмнө Австри, Англи, Бельги, Болгари, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксенбург, Мальта, Нидерланд, Польша, Португали, Румын, Словак, Словени, Финлянд, Франц, Унгар, Чех, Швед, Эстони зэрэг 27 орноос бүрдэж байлаа. Эдгээрээс 17 нь нэгдсэн нэг валют болох евро мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн. Тухайлбал, Австри, Бельги, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Кипр, Люксенбург, Мальта, Нидерланд, Португали, Словак, Словени, Финлянд, Франц, Эстони зэрэг 17 орон евро мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн юм. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг дээрх орнуудыг евро бүсийн орон гэж нэрлэдэг. 2012 оны байдлаар евро бүсийн орнуудын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3 хувиас хэтрэх ёсгүй байлаа. Мөн улсынх нь өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас доогуур байх ёстой байсан юм. Гэтэл 2012 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар евро бүсийн орнуудаас Люксенбург, Финлянд, Словени гэсэн гурван орон л төсвийн сахилга зөрчөөгүй явсан нь сайшаалтай. Харин бусад нь тааруухан дүн авахаар байсан юм. Тэднээс Грек, Итали, Ирланд, Испани, Португали улсууд өрийн хэмжээгээрээ бусдаасаа дээгүүрт бичигдэж байсныг нуух юун. Тухайлбал, Грекийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 142 хувьд, Италийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 119 хувьд, Ирландын өр дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 96 хувьд, Португалийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 93 хувьд хүрчихсэн байсан юм. Дээрх улсуудын эдийн засаг зөвхөн 2012 онд ингэтлээ хүндэрчихсэн юм биш. Өмнө нь ийм байдалтай байсан гэдэг. Тиймээс 2011 оны нэгдүгээр сарын 16-ны хавьцаа тэр үеийн Европын холбооны ерөнхийлөгч Херман ван Ромпей Евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр нэгэн чухал мэдэгдэл хийсэн байдаг. Тэрбээр: Бид хамтын хүчээр евро бүсийг хадгалж үлдэх хэрэгтэй байна. Европын холбооны улсууд санхүүгийн хувьд оршин тогтнож чадахгүй бол, Европын холбоо үгүй болно. Тиймээс Европын холбооны эдийн засгийн хямралын хоёр дахь давалгааг хамтдаа анагаах шаардлагатай байна. Ингэхийн тулд Грек, Ирланд, Испани, Португалийн эдийн засгийг хамтын хүчээр аврах шаардлага тулгарч байна. Өнөөдөр Ирланд улсад 60 тэрбум еврогийн дэмжлэг хэрэгтэй байна. Европын холбооны буурай улсуудын тоонд багтдаг Португали улсад санхүү хүндхэн байна. Испанийн эдийн засаг Португалиас арай дээр байгаа ч, энэ улсын эдийн засгийн хэвийн байдалд оруулахад дор хаяж 1 тэрбум еврогийн дэмжлэг хэрэгтэй байна. Дээрх улсууд хэрэв дэмжлэг хүсвэл, Европын холбоо болон Валютын сангийн хамтран байгуулсан сангаас дэмжлэг үзүүлэх болно. Одоогоор тус санд 750 тэрбум евро байршиж байна хэмээн дурдаж байсныг сануулах нь зүйтэй болов уу. Чухам юунаас болж дээрх улсууд өрд орж, өрийн хямралд өртсөн бэ гэдэг асуулт эндээс урган гардаг. Тэгвэл үүнд эдийн засагчид Грекийн хэт үрэлгэн зан энэ улсыг дааж давшгүй өрийн хямралд оруулаад зогсохгүй, евро бүсийн хэд хэдэн орныг хөлдөө чирсэн болохыг хэлдэг. Гэхдээ тэд нэг нь нөгөөгөө буруутгахаас илүүтэй хамтын хүчээр үүнийг даван туулахыг хичээж байсан нь Европын холбооны ерөнхийлөгч Херман ван Ромпейн хэлсэн үгнээс илт харагддаг.
2009 онд америкийн эдийн засаг хямарч, энэ нь эцэстээ дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болж даамжирсан тал бий. 2010 зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар нөхцөл байдал дээрдэж дэлхийн ихэнх улсууд хямралаас гарсан тухайгаа мэдэгдэж байсан ч, европын холбооны зарим улсуудад нөхцөл хүнд байсаар байсныг дээрх тоо баримт тод харуулах биз ээ. Нэг талд ийнхүү хэрхэн өрийн хямралаас гарах тухай ярьж байхад, нөгөө талд евро бүсийн өрийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байсан юм. Европын холбооны улсуудын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөв байдлыг илтгэдэг фурчасинг менежер индекс 50 нэгжээс дээш байвал тухайн салбарт өсөлт гарч буйг илтгэдэг байна. Харин 50 нэгжээс бага гарвал тухайн салбарт бууралт гарч буйг илэрхийлдэг юм. Маркет экономикс байгууллагаас явуулсан судалгаагаар фурчасинг менежер индекс 2011 оны наймдугаар сард 51,1 нэгжтэй гарч байлаа. Энэ нь евро бүсэд эдийн засгийн хямрал нүүрлэх нь гэсэн айдсыг бага зэрэг намжаасан ч, индекс огцом өсөхгүй байсан нь үйлдвэрлэл, үйлчилгээ буурч болзошгүй байсныг давхар анхааруулж байсан юм. Дээр нь европын холбооны орнуудад ажилгүйдэл 10 хувьд хүрээд байсан нь байдлыг хурцатгаж байв. Дэлхийн эдийн засгийн 30 хувийг АНУ, 40 хувийг Европын бүс эзэлдэг. Америк болон евро бүсийн орнуудад ажилгүйдэл нэмэгдэж, үйлдвэрлэл буурч, бодит эдийн засгийн өсөлт ийнхүү саарч болзошгүй байсан нь бусад оронд хүндрэл авч ирж мэдэхээр байлаа. Тэр дундаа үйлдвэрлэл хөгжсөн азийн орнуудыг хөлдөө чирж мэдэхээр байсан юм. Америк болон европын холбооны орнуудын хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурахын хэрээр азийн орнуудаас импортолж авах бараа бүтээгдэхүүн хумигдаж, энэ нь үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай Хятад, Солонгос, Япон улсуудад хүндээр тусч мэдэхээр байсан юм. Хэрэв евро бүсийн өрийн хямрал савнаасаа халивал, дэлхийн эдийн засагт төдийгүй, манай улсын санхүүд хүссэн хүсээгүй хүнд цохилт өгнө гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. 2011 оны есдүгээр сарын 15-нд Монголбанкны Эрсдэлийн удирдлагын газрын албаны дарга Батсайхан: Дэлхийн эдийн засаг цаашид хүндэрвэл манай улсад энэ нь хүссэн хүсээгүй нөлөөлнө. Ингэхдээ гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулга буурч, гадаадын хөрөнгө оруулалт багасч магадгүй. Үүнээс гадна, зэсийн үнийн бууралтаар дамжиж төсөвт дарамт авч ирж болзошгүйг анхаараалж байсан юм.
Ер нь америк болон евро бүсийн эдийн засгийн хүндрэл ази төдийгүй, манай улс руу хүрээгээ тэлбэл дараах 5 нөхцөл байдлаар дамжина гэж эдийн засагчид үзэж байсан юм. Нэгдүгээрт: Хятад экспортынхоо багагүй хэсгийг Европт гаргадаг. Евро бүс санхүүгийн хямралд автах юм бол хятадын экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурна. Хятадын экспортын хэмжээ буурвал Монголоос авах түүхий эд, материалын импорт буурах магадлалтай. Өөрөөр хэлбэл, манайхаас авах зэс, нүүрс зэрэг бусад түүхий эдийн эрэлт буурна гэсэн үг юм. Тэр ч утгаараа евро бүсийн хямрал хятадаар дамжиж манай улсын борлуулалтын орлого багасад нөлөөлж магадгүй гэж таамаглах нэгэн байсан билээ. Хоёрдугаарт: дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзэлдэг евро бүсийн орнуудын дотоодын эрэлт буурна гэдэг нь гадаад зах зээлд түүхий эдийн эрэлт буурахыг илтгэж байлаа. Манай улсын экспортын зэс, өнгөт металл, хар төмөрлөг, нүүрс гээд бүхий л түүхий эдийн эрэлт буурах нөхцөл тавигдах байв. Эрэлт буурч байгааг дагаад үнэ буурах зах зээлийн зарчим үйлчлэх нь гарцаагүй байлаа. Энэ үнийн бууралт монголын эдийн засагт шууд нөлөөлөх магадлалтайг эдийн засагчид анхааруулж байсан юм. Гуравдугаарт: Европоос орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурна гэж шинжээчид үзэж байлаа. Дөрөвдүгээрт: Евро бүсийн өрийн хямралаас болж дэлхийн зах зээлд бараа таваарын эрэлт буурч, үнэ нь тэр хэрээр уруудаж байсан билээ. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын экспортын орлого буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, гадаад валютын нөөц хорогдох эрсдэл байсан юм. Тавдугаарт: Монголын нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн европын зах зээл рүү нэлээд гардаг. Европын худалдан авах чадвар буурвал энэ бүтээгдэхүүний эрэлт буурах магадлал маш өндөр байсан юм. Манай улс 2006 онд европын холбооны улсууд руу бараа бүтээгдэхүүн экспортын ямар ч татваргүйгээр гаргаж эхэлсэн байдаг. Энэ боломж 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон юм. Харин үүнийг сунгаж европын холбооны улсууд руу дахин бараа бүтээгдэхүүн 3 жилийн хугацаатай ямар ч экспортын татваргүйгээр гаргах боломжтой болсон юм. Энэ талаар тэр үеийн Гадаад харилцааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Батжаргал: Европын холбооны улс руу бараа бүтээгдэхүүн татваргүйгээр экспортлох эрх дахин гурван жилийн хугацаагаар сунгагдлаа. 7200 нэрийн барааг импортын тэг татвартайгаар Европын холбооны 27 гишүүн оронд экспортлох хөнгөлөлт 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хөнгөлөлт 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү өнгөрсөн хугацаанд манай аж ахуйн нэгжүүд ноос, ноолууран бүтээгдэхүүн европын холбооны улсууд руу экспортлох боломж дахин нээгдсэн ч, европт санхүүгийн хямрал нүүрлэснээр манай улсаас авах ноос ноолуурын бүтээгдэхүүний импорт буурч болзошгүй нөхцөл байдал үүссэн юм.
3.3. Грекийн санхүүгийн хямрал
Евро бүсийн хямралын гол буруутан нь Грек улс гэлцдэг. Энэ улс евро бүсийн орнуудыг 2008-2009 он хавьцаа хямрал руу дагуулсан гэж ойлгогддог. Энэ нь грек улс евро бүсэд нэгдэж орсон тэр үеэс эхлэлтэй юм. Грекчүүд 2001 онд евро бүсэд элсэхдээ европын холбооноос тавьдаг төсвийн хариуцлагыг хэдийнэ зөрччихсөн байжээ. Тодруулбал, төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас хэтрэх ёсгүй. Улсынх нь өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас доогуур байх ёстой гэсэн евро бүсийн орнуудын мөрддөг алтан дүрмийг зөрчсөн байжээ. Гэвч үүнийгээ томоохон банкуудад их хэмжээний мөнгө төлөх замаар далдалж, санхүүгийн тайлан балансаа ташаа мэдээллэх замаар евро бүсэд элсэн орсон байгаа юм. Энэ нь хэдэн жилийн өмнө нэгэнт нийтэд ил болсон мэдээлэл. Энэ үед Грекийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15,4 хувьд хүрч, өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 127 хувьд хүрчихсэн байлаа. Тус улсын мөнгө олдог гол салбар нь аялал жуулчлал, далайн тээвэр, химийн үйлдвэрлэл юм. 2008 онд тохиосон дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед дээрх салбаруудынх нь орлого хумигдсан байна. Энэ үед тус улс зарлагаа бууруулах бус, эсрэгээр нь нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, төрийн албан хаагчдынхаа цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэвэр тэтгэмж болон халамжийнхаа хэмжээг өсгөсөн байгаа юм. Олсноосоо илүү зардаг нь тус улсын төсвийн алдагдал хэрээс хэтрэхэд нөлөөлжээ. Энэ бүхэн тус улсыг өрийн хямрал рүү түлхсэн гэж ойлгож болно. Тиймээс тус улс 2010 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Европын холбоо болон Олон улсын валютын санд хандаж анхны зээл тусламжаа хүссэн байна. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг Грек улсын эдийн засгийн талаарх таагүй мэдээлэл нь еврогийн ханш ам.долларын эсрэг 15 орчим хувиар унахад нөлөөлсөн байна. Еврогийн ханш үргэлжлэн унавал евро бүсэд аюул авч ирж мэдэхээр байжээ. Тиймээс европын холбоо болон олон улсын валютын сан Грект зээл олгохоор болсон байгаа юм. Гэхдээ Грекийг төсвөө тана гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Энэ дагуу Грекийн засгийн газар төсвөө танах шийдвэр гаргаж, 2010 оны тавдугаар сарын 5-нд тус улсын парламент 4,8 тэрбум еврогийн хэмнэлт хийх эдийн засгийн хамгаалалтын хууль гээчийг баталсан байна. Уг хуулиар сард 3000 еврогоос дээш цалинтай төсвийн албан хаагчдад хагас жил тутам 1000 еврогийн бонус олгодог байсныг зогсоох. Төсвийн албан хаагчдын урамшуулал тэтгэмжийг 8 хувиар хасах. Сард 2500 еврогоос дээш тэтгэвэртэй хүмүүст нэмэлт тэтгэмж олгохгүй байх. Тэтгэврийн нас 61 байсныг 65 болгон өөрчилж, архи, тамхи, шатахууны татварыг 10 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Үүний дараа 2010 оны тавдугаар сарын 9-ний өдөр евро бүсийн орнууд Олон улсын валютын сантай хамтран Грекийн засгийн газарт 110 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байгаа юм.
Ингэснээр тус улсын төсвийн алдагдал хэрээс хэтэрч, Засгийн газар нь 300 тэрбум еврогийн өртэй болжээ. Үүнээс 50 тэрбум еврогийн өрийг ойрын хугацаанд барагдуулах ёстой байсан ч, тус улс санхүүгийн тийм чадамж байсангүй. Тиймээс үүнийг барагдуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэг Европын холбооноос дахиад хүссэн байдаг. Олон улсын валютын сан, Европын холбоо яагаад Грект гар сунгаж байсныг хүн бүр гайхдаг. Энэ нь хариулахад тийм ч хүндрэлтэй асуулт биш юм. Учир нь Грекийн хямрал даамжирвал евро бүсийнх 16 оронд халдварлах байсан учраас тэр. Евро бүсийн орнууд евро гэх нэг мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан нь тэдний хувь заяаг холбож байсан юм. Грекийг оролцуулаад 16 орон еврог өөрийн улсын мөнгөн тэмдэгт хэмээн зарласан учраас өөр хоорондоо хамааралтай санхүүгийн системд нягт холбогдсон байсан гэсэн үг. Тиймээс ч Грек хямарч еврогийн ханшид нөлөөлж эхэлмэгц бусад евро бүсийн орнуудын эдийн засаг санхүүд цохилт өгч байсан гэж ойлгож болох талтай. Тэр тусмаа төсвийн сахилга бат алдагдсан Португали, Ирланд, Итали, Испанид хүндээр тусах байв. Тиймээс бүсийн орнууд Грекийг хямралаас гаргах гэж бүгд дор бүрнээ хичээсэн байдаг. Грек ч ялгаагүй. Тухайлбал, тус улс хямралаас гарахын тулд 2010 оны эцэст төсвийн алдагдлаа 8,7 хувь, 2012 онд гэхэд 3 хувь болгох зорилт тавин ажилладаг байдаг. Үүний тулд дээр дурдсанчлан төрийн албан хаагчдынхаа цалинг хасч, тэтгэвэрт гарах насыг нэмж, татвараа нэмсэн байдаг юм. Үүнийг тус улсын иргэд эсэргүүцэж, ажил хаяж, жагсаал цуглаан дээрээ тулж байсан ч улсаараа хямрах уу, эсвэл хэсэг хугацаанд бүсээ чангалах уу гэдэг хоёрхон сонголт байв. Грекийг хямрах үед евро бүсээс гаргах, эсвэл еврогоос татгалзвал асуудал намжих биш үү хэмээн эргэцүүлэх цөөнгүй хүн байв. Гэвч ингэх бололцоогүй хэмээн ганц хариулт тэднийг угтаж байлаа. Учир нь евро бол тус бүсийг эдийн засгийн хувьд төдийгүй, улстөрийн хувьд холбодог гүүр нь юм. Нэгдсэн нэг мөнгөн тэмдэгт евро нийтээрээ хэрэглэж байсан учраас Европын холбооны нэгдэл оршиж буйн нэг үндэс билээ. Аль нэг улс еврогоос татгалзсанаар европын холбоо эцэстээ тарч бутарч болзошгүй томоохон хор уршиг гарах байв. Тиймээс Европын холбоо Грект өнгөрсөн хугацаанд тусалж ирсэн юм.
3.4. Азийн санхүүгийн хямрал
Ази номхон далайн бүсийн Санхүү Хөгжлийн төвөөс Дэлхийн Банктай хамтран Азийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, авч байгаа арга хэмжээнүүд сэдэвт видео семинарыг 2008 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан юм. Видео семинарт Ханой, Хо Ши Мин, Манила, Коломбо, Токио, Улаанбаатар, Шанхай болон Бээжингийн дэлхийн банкин дахь суурин төлөөлөгчид, тухайн улсын эдийн засагчид, шинжээчид оролцож 10 гаруй жилийн дараа дахин давтагдсан Азийн хямралын талаар ярилцсан юм. Видео семинарын үеэр Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын Хятад, Монголын хариуцсан газрын дарга Девид Доллар 10 жилийн дараа давтагдсан азийн санхүүгийн хямралын шалтгаан, сургамжын талаар илтгэл тавив. Үүний сацуу санхүүгийн хямрал азийн хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байна сэдвээр Азийн санхүүгийн хөгжлийн төвийн орлогч захирал Яанг Жинлинг, Дэлхийн банкны хөгжлийн төв Федерик Макаранс, Вьетнамын Сангийн сайд Ван Тао нар илтгэл тавьсан юм. Вьетнамын Сангийн сайд Ван Тао: Гадаадад ажилладаг манай улсын иргэд жилдээ эх орон руугаа 8 тэрбум ам.доллар гуйвуулдаг байсан бол, энэ нь эрс багассан тухай мэдэгдсэн байдаг. Вьетнамын олон мянган иргэд гадаадад ажилладаг аж. Дэлхийн дахинаа санхүүгийн хямралтай тулгарсан учраас гадаадад ажилладаг тус улсын иргэд эх орон руугаа буцах нь ихэссэн байна. Тиймээс тус улсын гадаадад ажилладаг иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний хэмжээ нь эрс буурсан байгаа юм. Үүнээс гадна, Вьетнамд аялал жуулчлалын салбараас орж ирэх мөнгөний хэмжээ багассан байлаа. Үүний сацуу хөрөнгө оруулалт төлөвлөж байсан хэмжээндээ хүрээгүй зэргийг дурдаж болох юм. 2009 онд тус улс 65 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж төлөвлөж байжээ. Үүний сацуу Вьетнамын хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг үнэт цаасны ханш унаж, зээл олголт багассантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн ханш уруудаж эхэлсэн байгаа юм. Илтгэлээс азийн ихэнх улс энэ мэт нэгэн ижил хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байсан юм. Нэгэнт азийн ихэнх улс орнууд санхүүгийн томоохон бэрхшээлэй тулгараад байсан тул арилжааны банкуудаараа дамжуулан санхүүгийн хямралаас гарах гарцыг эрэхийлж эхэлжээ. Нэг ёсондоо, азийн улсууд банкны сектортоо дэмжлэг үзүүлсэн тухайгаа семинарын үеэр хэлж байсан юм. Энд азийн зарим нэг улсаас жишээ татан хэлэх нь зүйн хэрэг байх. Тухайлбал, Японы эдийн засаг 2008 оны сүүлийн гурван сард 12 орчим хувийн бууралттай гарсан байдаг. Тиймээс Японы Засгийн газар хямралын эсрэг 225 тэрбум америк долларын төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Тухайлбал, 2009 оны гуравдугаар сард тус улсын экспортын хэмжээ өмнөх сарынхаасаа өсч, худалдаалагдахгүй байсан барааны нөөц багассан байгаа юм. Үүний зэрэгцээ японы хөрөнгийн биржийн үндсэн үзүүлэлт болох Никкей-ийн индекс өссөн үзүүлэлт гарч эхлэв. Никкей-ийн индекс 2008 оны сүүлчээр огцом буурсан ч, 2009 оны дундуур 3,6 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Энэ жишгээр азийн орнууд хямралыг даван туулахын тулд дотоодын зах зээлээ дэмжихийн тулд, арилжааны банкууддаа дэмжлэг үзүүлж, мөнгөний хатуу бус зөөлөн бодлого явуулж эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүхий л орнууд нэгэн ижил хүндрэлтэй тулгарч тэрнээсээ гарах нэгэн ижил гарцыг эрэлхийлж байлаа.
Видео семинарын үеэр яригдаж байсан гол асуудлын нэг бол азийн ихэнх улсууд мөнгөний зөөлөн бодлого явуулж эхэлсэн нь санхүүгийн хямралаас гаргах сайн талтай ч, эргээд 10 жилийн дараа дахин санхүүгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байсан нь нууц биш. Үүнд тэр үеийн Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын Хятад, Монголыг хариуцсан газрын дарга Девид Доллар: Өнөөдрийн АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлого нь эргээд 10 жилийн дараа санхүүгийн хямралд хүргэж болзошгүй юм. Уг нь инфляцийг бага хэмжээнд барихын тулд зээл бага багаар олгох нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр инфляийг барихаас илүүтэй дефляцийг барих хамгийн оновчтой шийдвэр болоод байна. Нэг ёсондоо эдийн засгийн өсөлтөө авч үлдэх хамгийн чухал шийдвэр. Тиймээс өнөөдөр АНУ мөнгөний зөөлөн бодлого явуулж, үнэт цаасны хүүгээ бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ дэлхий экспортын дийлэнх хувийг худалдан авдаг байсан. Харин энэ улс өнөөдөр санхүүгийн хямралд өртөөд байна. Тэр ч утгаараа экспортлогч орнуудын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй болмогц дэлхийн бусад орнууд дагаж хямраад байна. АНУ нэгэнт ийм хямралд орсон тул экспортлогч орнууд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хаашаа шингээх вэ гэдгээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Өөрийн улсдаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлдээ шингээх нь эдийн засгийн хямралаас аварахаас гадна, санхүүгийн хямралаас гарах эцсийн боломж гэж дүгнэж хэлмээр байна. Энэ маягаар бүхий л орнууд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн улсын зах зээлд эхлээд борлуул. Энэ нь санхүүгийн хямралаас гарах нэг гарц болно. Урьдчилсан прогнозоор 2009 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиар өсөх таамаглалыг одоогоор дэвшүүлээд байна гэсэн тайлбарыг 2008 оны сүүлчээр видео семинарын үеэр хэлж байсан юм. Ийнхүү 2008-2009 оныг дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай үдсэн билээ. Харин оновчтой бодлогын үр дүнд 2010 оноос байдал дээрдэж эхэлсэн юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж, экспортод тулгуурласан эдийн засагтай азийн үйлдвэрлэгч орнуудын бүтээгдэхүүний худалдан авах улсгүй болмогц тухайн улс нь иргэдийнхээ худалдан авах чадавхийг сайжруулж бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлдээ худалдаалсан нь хямралаас гарахад нөлөөлсөн байгаа юм. Энэ нь дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас тод харагддаг. Дэлхийн банк 2010 оны есдүгээр сарын 7-ны өдөр зүүн азийн орнуудын бүс нутгийн эдийн засгийн талаарх хагас жилийн тойм судалгааг танилцуулахад өмнөхөөсөө харьцангуй сайжирсан үзүүлэлт гарсан нь үүний нотолгой юм. Тухайн үед Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Хятадын эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Энэ нь ашигт малтмалаас хамааралтай эдийн засагтай зүүн азийн орнуудад сайнаар нөлөөлнө гэж хэлж байв. Үүнээс гадна, зүүн азийн орнуудыг чиглэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байжээ. Энэ нь зүүн азийн орнуудын эдийн засаг өсөхөд нөлөөлнө гэж үзэж байлаа. 2009 онд зүүн азийн эдийн засаг 7,3 хувийн өсөлттэй гарсан бол, 2010 онд 8,9 хувийн өсөлттэй гарахаар байснаас үүнийг харж болно. Гэхдээ үүний хажуугаар саар зүйл гарч болзошгүй байлаа. Хямралын үед зүүн азийн олон мянган хүн ажилгүй болсон байдаг. Тэднийг ажлын байртай болгохын тулд багагүй мөнгө шаардагдана. Энэ нь зүүн азийн орнуудын төсвийн алдагдал буурахгүй байх нэг шалтгаан болохоор байсан юм.
3.5. Зүүн ази, номхон далайн бүсийн орнуудын санхүүгийн хямрал
Дэлхийн банк 2008-2009 оны хямралын үед ойр ойрхон бүсийн орнуудынхаа эдийн засаг, санхүүд үнэлэлт дүгнэлт өгч байлаа. Тухайлбал, өмнөх сард нь дээрх видео семинарыг хийсэн бол, дараагийн сард нь зүүн ази, номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Дэлхийн банкнаас зургаан сар тутамд зүүн ази, номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг гаргадаг. Ээлжит тойм судалгаа нь байсан гэж ойлгож болох талтай. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Дэлхийн банк өөрийн гишүүн нийт 188 орноо бүсээр хуваагаад, тус бүрт нь гаргадаг тайлан байгаа. Манай зүүн ази, номхон далайн бүс нутгийн хэмжээнд бол Хятад, Солонгос, Вьетнам, Малайз, Индонези, зүүн Тимор, Камбожи, Лаос, Монгол зэрэг улсууд багтдаг. Хэдийгээр зүүн ази, номхон далайн бүсийн орнууд эдийн засгийн хямралд маш сайн бэлтгэлтэй байсан ч, нэг ч улс орон дэлхий нийтийг хамарсан хямралын гадна үлдэж чадсангүй. Бүгдээрээ их, бага ямар нэгэн байдлаар татагдан орчихоод байна гэсэн дүгнэлт хийсэн. 2008 онд эдийн засгийн өсөлт 8.5 хувьтай байна гэсэн прогнозыг гаргасан. Гэхдээ энэхүү өсөлт нь хөрөнгө оруулалт багассан, орлого багассан, хэрэглээ багассанаас үүдээд 2009 оноос буурах болов уу гэсэн прогнозыг мөн гаргасан байгаа. Ер нь дэлхийн эдийн засгийн тулгуур, гурван гол зах зээл хямарчихлаа. АНУ, Европын холбоо, Японы зах зээл бүгд хямарчихсан байна. Тиймээс дэлхийн хэмжээний эдийн засгийн гол тулгуур нь манай бүс нутаг болж хувираад байгаа юм. Зүүн ази, номхон далайн орнуудын бүс нутгийн хэмжээнд хямралд татагдаад орсон ч гэсэн, ирэх жил дэлхий нийтээр гарах өсөлтийн 3,1 хувийг манай бүс дангаараа бүрдүүлэх ийм өндөр өсөлт гарахаар байгаа. Тиймээс эдийн засгийн гол найдвар гэж хэлж болохоор байгаа гэсэн тайлбар өгч байсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол, Лаос, Камбожи, Папуа, Шинэ Гвиней, Зүүн Тимор болон Номхон далайн арлын жижиг орнууд санхүүгийн давалгаанд өртсөн байгаа юм. Азаар эдгээр улсуудын банкны тогтолцоо дэлхий зах зээлтэй төдийлэн нягт холбоотой бус учраас хямралд бага өртсөн орны тоонд багтсан байна. Гэхдээ эдгээр улсуудад экспортоос орж ирэх орлого буурч, аялал жуулчлал, гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвууллага эрс буурсан байв. Тиймээс зүүн азийн аль ч улс дэлхийн эдийн засгийн хямралын гадна үлдэхгүй гэсэн дүгнэлтийг дэлхийн банкныхан өгсөн юм. Тэр дундаа зүүн азийн бүс нутгийн хувьд дэлхийн санхүүгийн хямралд өртөж болзошгүй эмзэг орнуудын тоонд гадаадын хөрөнгө оруулалтад хэт дулдуйдсан орнууд орж байлаа.
Тиймээс дэлхийн банкныхан зүүн азийн бүсийн орнуудад хандаж, зээлийн дарамт багатай, валютын ихээхэн нөөцтэй байх нь эдийн засгаа аварч гарах эцсийн гарц болно гэдгийг хэлж байсан юм. Дэлхий нийтээрээ хэрэглээ хумигдаж, экспорт буурч, хөрөнгө оруулалт багасч байсантай холбоотойгоор 2009 онд эдийн засгийн өсөлт 6,7 хувь болж саарах төлөвтэй байсан билээ. Үүний зэрэгцээ зүүн азийн орнуудад ядуурлын түвшин 2 хувиар нэмэгдэж, 2009 онд 11 хувьд хүрнэ гэж дэлхийн банкныхан үзэж байлаа. Тиймээс улс орон бүр хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, дэлхийн банктай хамтран хэлэлцэж байв. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Улс орнууд хямралаас гарахын тулд янз янзын арга хэмжээ авч байна. Хятад улсын хувьд 4.7 триллион долларыг баталж байгаа байхгүй юу. Улс орнуудыг ялгаатай гэж хэлэхэд хэцүү байна. Ерөнхийдөө бүгд л нэг чигийн арга хэмжээ авч байна. Зарим нь банкууддаа хөрөнгө оруулат хийж байна. Зарим улс орнууд банкуудаа худалдаж авч байна. Манай монгол улсын хувьд бусад улсуудтай адилхан. Түрүүчээсээ банкуудад байгаа хадгаламжинд баталгаа гаргаад эхэлчихлээ. Энэ бол олон нийтийн сэтгэл зүйд нэлээд эергээр нөлөөлсөн арга хэмжээнүүдэд тооцогдож байна. Цаашилбал, хадгалжмийн даатгалын хууль. Үүнийг бид 3,4 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнөөдөр үүнийг яаравчилж батлах тухай ярьж байгаа нь зөв зүйтэй алхам хэмээн ярьж байсан юм. Дэлхийн хэмжээнд бэлэн мөнгөний хомсдол бий болоод байлаа. Тиймээс дэлхийн банкныхан монгол улсыг байгаа мөнгөн хуримтлалаа хэмнэлттэй зарахыг зөвлөж байсан юм. 2008 оны эхэнд манай улс 1 тэрбум америк долларын нөөцтэй байсан ч, энэ нь удалгүй 640 сая ам.доллар болж буурсан юм. Зэсийн үнэ цаашид унасаар байвал монгол улс 2009 онд гадаад валютын багахан нөөцтэй болж мэдэхээр байжээ. Тиймээс дэлхийн банкныхан манай улсыг онцолж ийм зөвлөгөө өгсөн хэрэг.
3.6. Хятадын санхүүгийн хямрал
2009-03–21. Улаанбаатар. Дэлхийн банкнаас хятадын эдийн засгийн тойм судалгааг улирал тутам гаргадаг билээ. Хятадын эдийн засгийн 2009 оны эхний улирлын тойм судалгааг гарахад, тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. 2008 оны эцэст хятадын эдийн засгийн өсөлт 11 хувь байсан бол, 2009 онд 6,5 хувь болж буурах төлөвтэй байлаа. Хятад экспортод тулгуурласан эдийн засагтай улс. 2008-2009 онд дэлхийн нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй тулгарахад улс орон бүр хямралыг хүндрэл багатай туулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж, дотоодын худалдан авалтаа дэмжиж байсан юм. Энэ нь хятадын экспорт 21 хувиар буурч, аж үйлдвэрийнх нь салбарын орлого багасч, эдийн засгийн өсөлт нь саарахад нөлөөлж байв. Тус улсад эдийн засгийн өсөлт буурч байснаас 2009 оны эхний улиралд 20 сая хүн ажлын байргүй болсон тод жишээ бий. Цаашид ажилгүй болох иргэдийн тоо өснө гэж дэлхийн банкныхан үзэж байлаа. 2009 онд хятадын их дээд сургуулиудыг 7 сая хүн төгсөх судалгаа гарч байв. Харамсалтай нь шинэ боловсон хүчнүүдийг шингээх ажлын байрны зах зээл нь хомсдож байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. Тиймээс хятадын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө авч үлдэх, улмаар ажлын байр хэвээр хадгалах зорилгоор иргэн бүр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдаж авах ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Девид Доллар: Хятад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өмнө нь экспортод гаргадаг байсан. Дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, тус улсын экспортын бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Тиймээс тус улс өмнө нь экспортод гаргадаг байсан бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл рүүгээ чиглүүлж эхлээд байгаа юм. Хятад хүн амын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Нэг ёсондоо тус улсын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах эзэн байгаа гэсэн үг. Хятад өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө худалдаж авах механизм руу шилжсэн нь тус улсын үйлдвэрүүдийг уналтад орохоос сэргийлсэн оновчтой алхам боллоо. Энэ нь тус улсад ажилгүйдэл газар авахгүй байх баталгаа болж байна. Хятадын эдийн засаг 2009 онд 4 хувиар саарах төлөвтэй байгаа учраас тус улс импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого явуулж эхэлсэн. Энэ нь амжилттай хэрэгжвэл тус улсын эдийн засгийн уналт тогтворжино гэж хэлж байсан юм. Хэдийгээр 2008-2009 оны хямралын үед хятадын экспорт буурч эдийн засгийн өсөлт нь саарсан ч, санхүүгийн бусад салбар нь өөр орнуудыг бодвол харьцангуй тогтвортой байсан юм. Тэр дундаа банкны салбар нь өвчлөөгүй байсныг дэлхийн банкныхан онцолдог. 2008 оны арваннэгдүгээр сард Хятадын Засгийн газар банкууддаа 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Үүний үр дүнд хятадын банкууд зах зээл рүүгээ их хэмжээний мөнгө гаргаж чадсан байгаа юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж чадсан оновчтой алхам болсны зэрэгцээ эдийн засгийн бууралтыг сааруулахад ихээхэн дэмжлэг болсон байна. Мөн эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж иргэдийнх нь худалдан авалт нэмэгдэхэд нөлөөлсөн байгаа юм. Тухайн үед хятадын засгийн газар эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд төсвөө танах бус, зардлаа нэмэх бодлого явуулсан байдаг.
3.7. Монголын санхүүгийн хямрал
Манай улс бөмбөрцгөөс тасраад өөр гариг руу нүүгээд явчихгүйгээс цааш дэлхий дахиныг нэрвэсэн хямралын бараан сүүдэр тойроод биш, дайраад гарах нь тэр. Монгол улсын ажиллах хүч төвлөрдөг Япон, Солонгосын үйлдвэрүүд хүндэрмэгц тэдний мөнгөн гуйвуулга багасахад нөлөөлж байлаа. Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэд жилд ар гэр рүүгээ, эх орон руугаа 200 сая ам.доллар гуйвуулдаг байж. Энэ орлого хумигдаж эхэлсэн нь хямрал хүрээгээ тэлж буйг тодоос тод харуулж, манай улс руу чиглэж явааг эртнээс анхааруулсан дохио байлаа. Хямрал эхэндээ гадаадад ажилладаг иргэдэд мэдрэгдсэн бол, эцэстээ төсвийн орлого тасалдаж, долларын орлого хумигдаж, төгрөгийн ханш унаж, валютын ханшийн өсөлтөөр дамжин эдийн засагт хүчтэй цохилт өгсөн юм. Манай улс 2006 онд Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль батлан гаргаж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Энэ хуульд эхэндээ Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 6400 америк доллар, нэг унци алт 500 ам.доллараас дээш үнээр арилжаалагдаж байвал илүү гарсан мөнгийг Монгол улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байлаа. Гэвч АНУ-ын эдийн засгийн хямралаас улбаалж манай улсын гадаад зах зээлд нийлүүлдэг зэсийн үнэ Лондонгийн металлын биржэд 8000 ам.доллараас 2700 ам.доллар болтлоо уруудсан гашуун түүх бий. Зэсийн үнэ уруудсанаар уг түүхий эдээс гэнэтийн ашгийн татварт орж ирэх мөнгө үгүй болов. Алт олборлолт улирлын чанартай байдаг. Алтны улирал дууссан тул ийм металл тушаах аж ахуйн нэгж тухайн үед харамсалтай нь байсангүй. Тиймээс энэ төрлийн металлын үнийн өсөлтөөс Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрөх орлого байсангүй. Орж ирлээ ч алтны үнийн өсөлтөөс тийм их мөнгө орж ирдэггүй байлаа. Монгол улсыг хөгжүүлэх санд жилд алтны үнийн өсөлтөөс 12 тэрбум төгрөг, зэсийн үнийн өсөлтөөс 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг байснаас үүнийг харж болно. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас улбаалж уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого тасарч, Монгол Улсын хөгжүүлэх сангийн хэтэвч нимгэрсэн тал энэ мэт ажиглагдаж эхэлсэн. Энэ талаар Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал Хашчулуун: Зэсийн үнэ унаж байгаа болохоор энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улсын төсөвт орох мөнгө багасч байна. Эрдэнэт үйлдвэр мөн ашиггүй ажиллаад эхэлчихлээ. Үүний сацуу хөрөнгө оруулалт багасч байна гэж бататган хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Үүнээс гадна, дэлхийн хөрөнгийн биржүүд дээр томоохон уул уурхайн компаниудын хувьцаа унахад нөлөөлсөн юм. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын уршгаар манай улсын стратегийн ордуудад хөрөнгө оруулахаар зэхэж байсан компаниудын хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн биржүүдэд унаж, юун хөрөнгө оруулалт манатай асуудалтай тулгарав. Тухайлбал, оюутолгойн ордод хөрөнгө оруулсан хуучны Айвенхоу майнз компанийн хувьцааны ханш 50 гаруй хувиар унаж, 5 канад долларт хүрсэн тал бий. Айвенхоу майнз компанийн зүгээс үүнийг ямар нэг улс төрийн юм уу, эсвэл оюутолгойн төсөлтэй холбогдолтой зүйл биш. Цэвэр олон улсын санхүүгийн зах зээлийн хямралын шалтгааны улмаас хэмээн тайлбарлаж байсан удаатай. Ингэснээр стратегийн ордуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан компаниуд өөрсдөө санхүүгийн хүндрэлтэй тулгарах нь тэр. Үүгээр дамжин уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт үгүй болох магадлал өндөр байсан гэхэд хилсдэхгүй. Цаашлаад 2008-2009 оны азийн санхүүгийн хямралын үед манай улсын арилжааны банкуудын хадгаламж 1 триллион орчим төгрөг байсан бол, нийт зээлийн өрийн үлдэгдэл 3 триллион орчим төгрөгт хүрсэн байлаа. Зээл олголт хадгаламжаасаа давсан тул арилжааны банкууд эргэлтийн хөрөнгөгүйд хүрч, улмаар зээл олголтоо хязгаарлахад хүрсэн юм. Үүнээс улбаалж хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш унаж, шинээр баригдсан орон сууцны эрэлт багасч, улмаар үл хөдлөх хөрөнгийн ханш унасан байдалтай байв. Манай улс тухайн үед банкны салбарт үүссэн нөхцөл байдлаас гарах үүднээс Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 300 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан гэх мэдээлэл гарч байлаа. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан юм. Нэг хэсэг манай улсад инфляцийн түвшин 34 хувьд хүрсэн тул төв банкнаас мөнгөний хатуу бодлого явуулж, бодлогын хүүгээ 10.25 хувьд хүргэсэн тал бий. Харин хямралын үед ази, европын орнуудын адилаар манай төв банк бодлогын хүүгээ бууруулж 9,75 хувь болгосон юм. Монголбанк мөнгөний хатуу бодлогоо зөөлруулж бодлогын хүүгээ 0,5 нэгж хувиар бууруулсан шалтгаанаа тухайн үед гадаад зах зээлд буудай, нефтийн үнэ буурсан. Үүнээс үүсээд байсан инфляцийн дарамт багасч байгаа тул бодлогын хүүгээ бууруулсан хэмээн тайлбарлаж байсан юм. Яг үнэндээ инфляцийг тоогоор барих бус, дефляцийг сааруулах үүднээс дэлхий банкны зөвлөснөөр Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан гэж ярих нь бий. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө манай улсад энэ мэт мэдрэгдээд эхэлчихсэн байсан тул, дэлхийн санхүүгийн хямрал намжихийг хүлээзнэхээс илүүтэй улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч байсан юм.
3.8. Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2008 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт зохион билээ. Чуулга уулзалтад Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Джэймс Адамс, Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Ифу Лин олон улсын эдийн засгийн мэргэжилтэн профессор Ричард Помфрет нар ирж оролцоно хэмээн тухайн үед дуулдаж байлаа. Чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлын тухай Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саейд: Энэ чуулга уулзалтын эхний хэсэгт бид байгалийн баялагаар баян Монгол орны хувьд хөгжлийн ямар замыг сонгох нь зүйтэй вэ гэдэг талаар ярилцана. Хоёр дахь гол ярилцах асуудал бол аливаа улс орон ашигт малтмалаа ашиглахдаа яаж хөрөнгийн хуримтлалтай болох. Үүсгэсэн хуримтлалаа улс орны хөгжилд хэрхэн зарцуулах тухай асуудлыг хөндөнө. Харин гурав дахь асуудал бол Байгалийн баялагтаа түшиглэж хөгжиж ирсэн улс, орнуудын туршлагын талаар хэлэлцэж, тэднээс суралцах явдал юм. Хамгийн сүүлд Монгол улсад тулгараад байгаа эдийн засгийн бэрхшээлтэй зүйлийг хэрхэн яаж шийдэх вэ гэсэн асуудлуудаар ярилцана. Тухайлбал, инфляцийг хэрхэн хязгаарлах, улс орны эдийн засгийн өсөлтийг хэрхэн яаж нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн юм. Чуулга уулзалтын зорилго нь Монголын эдийн засгийн цаашдын зорилт, бодлогыг боловсруулах үүднээс дэлхийн эдийн засагчид илтгэл тавьж, манай удирдах дээд шатны хүмүүстэй санал солилцох явдал байлаа. Тухайлбал:
Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Лин: Дэлхийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд Монгол улс ямар бодлого баримтлах ёстой талаар.
Австрийн эдийн засагч, профессор Ричард Помфрет: Ашигт малтмалын баялаг бүхий орон эдийн засгийн өсөлтийн үед хэрхэн нөөц баялгаа зөв ашиглан хөгжих талаар илтгэл тавих байв.
3.9. Санхүүгийн хямрал ба хандивлагчид
2008-2009 оны хямралын үед энэ тэндээс эрдэмтэн судлаач урьж эдийн засагт илэрсэн өвчний шинжийг эхлээд хэлэлцүүлэв. Тавигдсан илтгэл, хэлэлцэгдсэн асуудлаас манай улсын эдийн засагт голланд өвчний шинж тэмдэг илэрсэн нь илт. Уул уурхайн орлогоо зохисгүй ашигладаг улсуудад тохиолддог, баялгийн хараал хэмээн нэрлэгддэг голланд өвчний шинж тэмдэг манай эдийн засагт илэрсэн гэх дүгнэлт өгсөн юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр үед, хуримтлал үүсгэж чадалгүй хэт их үрэлгэн зарж байсан нь төсвийн хүндрэл бий болгосныг бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор манай улсын төсөв 2008 онд 400 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, 2009 оны төсвөө 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталж байлаа. Эх үүсвэр нь тодорхойгүй тул парламентаар төсөвт тодотгол хийж, үр ашиггүй зардлыг танаж, алдагдлыг бууруулах нь бууруулсан. Ингээд ч 2009 оны төсөвт 145 сая ам.доллар, 2010 оны төсөвт 60 сая ам.доллар дутагдах тооцоо гарав. Юуны түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хоёр жилийн хугацаанд 205 сая ам.долларын эх үүсвэр шаардлагатай болсон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Хандивлагчдын чуулга уулзалт зохиож, донор орнуудаас тусламж гуйж эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулсан юм. 2009 оны эхээр зохиогдсон хандивлагчдын чуулга уулзалтад дэлхийн 80 орны төлөөлөгчид ирсэн ч, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Японы засгийн газраас бусад нь гар сунгасангүй. Японы элчин сайд Хидокоро 50 сая ам.долларын зээл олгох боломжтой гэсэн бол, Дэлхийн банк 60 сая ам.доллар зээлэхээ амласан юм. Дэлхийн банкны захирлуудын хурлаар энэ зээлийг мөн оны долдугаар сард батлуулж, хоёр шатлалтайгаар шилжүүлэхээр болсон юм. Ингэхдээ эхний 40 ам.долларын төсвийн зээлийг 2009 онд, үлдэх 20 сая ам.долларын төсвийн зээлийг 2010 онд шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай тохиролцов. Дэлхийн банкнаас тухайн үед Улаанбаатар хотын цэвэр агаарын төсөл, Ус ба хаягдал усны төсөл, Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба хөдөөгийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байжээ. Нэмж Тавантолгой болон Оюутолгойн ордуудын ойролцоо дэд бүтэц хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байлаа. Эдгээрт зориулж хоёр жилийн хугацаанд нэмж 90 сая ам.долларыг буцалтгүй тусламж олгохоо Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Аршад Саид мэдэгдэж байсан удаатай.
Азийн хөгжлийн банкны тухайд манай улсын төсвийн цоорхойг нөхөхөд зориулж 50 сая ам.долларын зээл олгохоо хандивлагчдын чуулга уулзалтын үеэр мэдэгдэж байв. Үүнээс гадна, 2009-2010 онд 147 сая ам.долларын тусламж нэмж өгөхөөр төлөвлөж байгаагаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Адреан Рутенберг илэрхийлж байлаа. Үүний 74 сая ам.доллар нь буцалтгүй тусламж бол, үлдэх хувийг хоёроос доош хувийн хүүтэйгээр манай улсад зээлэхээр болов. Мөн 15-20 сая долларын техникийн туслалцаа үзүүлж, 2009 онд багтаан шилжүүлэхээ амлаж байлаа. Мөн тус банкныхан манай улсад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх боломжийг хайж, бололцоо гарвал тусламжаа нэмэгдүүлнэ гэдгээ давхар илэрхийлж байсан удаатай. Гагцхүү үүнийг нийгмийн халамжийн зөв тогтолцоо, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлд зарцуулах ёстой. Эдгээр хөтөлбөрийг Дэлхийн банк болон Японы Засгийн газартай хамтарч хэрэгжүүлнэ гэж Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Адреан Рутенберг мэдэгдэж байлаа. Олон улсын валютын сангаас манай улсын санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах, долларын ханшийг тогтворжуулах, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулах зорилгоор 224 сая ам.долларыг мөн зээлэхээр болов. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас амласан зээл тусламж эхнээсээ орж ирж, хандивлагчдын өгсөн мөнгөөр эдийн засагт амь тариа хийж, санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван тууллаа. Дээрх байгууллагуудаас төслийн хүрээнд буцалтгүй олгосон мөнгийг эргүүлэн өгөхгүй ч, төсвийн дэмжлэгт авч ашигласан зээлийг эргүүлэн төлөх ёстой байсан юм. Эдгээрийг хэзээ, яаж, юугаар төлөхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтоос тодруулахад, Олон улсын валютын сангаас амласан 224 сая ам.долларыг хоёроос доош хувийн хүүтэй 4-5 жилийн хугацаатай зээлж байгаа. Эхний хоёр жил үндсэн зээл болон зээлийн хүү төлөх шаардлагагүй гэдгийг Олон Улсын валютын сангийхан мэдэгдсэн. Бусад донор орнуудаас авч байгаа зээл бүгд хөнгөлөлттэй нөхцөлд хамаарч байгаа. Хамгийн бага хүүтэй, хамгийн найдвартай зээл авч байгаа гэсэн тайлбар өгч байсан юм.
3.10. Хямралаас гарах төлөвлөгөөг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэв
Манай улс хямралын эсрэг богино болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан ажилласан байдаг. Богино хугацааны төлөвлөгөө 18 сарын хугацаатай. Олон улсын валютын сангийн манай улсад зээлсэн 224 сая долларын санхүүжилтээр хэрэгжих байлаа. Энэ мөнгө санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах, долларын ханшийг тогтворжуулах, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулах зэрэг ажилд зарцуулагдах ёстой байв. Харин хямралын эсрэг дунд хугацааны хөтөлбөрийг манай улс 1 тэрбум 500 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хөрөнгийн тал хувийг дотоодын эх үүсвэрээс олохоор төлөвлөж байсан бол, үлдсэнийг нь гадаадын зээл тусламжаар олохоор ажиллаж байсан юм. УИХ-ын 22-р тогтоолоор баталгаажсан хямралын эсрэг дунд хугацааны хөтөлбөрийг 2011 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Төсвийн бодлого, нийгмийн хамгаалал, уул уурхай, банкны салбарын хүрээнд уг хөтөлбөр хэрэгжих байлаа. Төсвийн бодлогын хүрээнд: 2010-2011 оны хооронд Төсвийн хариуцлагын тухай хуулийн төсөл, Нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих, төсвийг батлагдсан тоонд барих, техник эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулан батлах, дэд бүтцийн салбарын их засварын ажлыг хийхээр тусгасан байдаг. Аливаа хямралын үед, тэр дундаа эрчим хүчний салбарт хүндрэл, бэрхшээл үүсч магадгүй тул, үүнээс сэргийлж тус салбарт их засварын ажил хийхээр төлөвлөж байсан юм. Нийгмийн хамгааллын хүрээнд амьжиргааны доод түвшинд амьдарч байгаа өрхийг халамжинд хамруулахаар болсон юм. Мөн хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах, амьжиргааны доод түвшинг дахин тогтоох, нийгмийн халамжийн мэдээллийн санг бий болгох, халамжийн хөтөлбөрт хамрагдагсдын амьжиргааны түвшингийн өөрчлөлтийг тодорхойлох ажлуудыг хийхээр тусгаж байлаа. Уул уурхайн салбарын хүрээнд: Оюутолгойн гэрээний дагуу уул уурхайн салбарын бодлогыг тодорхой болгох, хөрөнгө оруулалтын гэрээний загварын төслийг боловсруулах, кадастрын албаны журмыг Засгийг газраар батлуулах, уул уурхайн салбарт ажиллах хүчнийг дадлагажуулах, уул уурхайн компаниудын хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалын салбарт мониторинг, хяналтыг оновчтой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байсан юм. Банкны салбарын хүрээнд: олон улсын аудитийн байгууллагаар Анод банкинд хөндлөнгийн хяналт хийлгэж, бүтцийг өөрчлөх, банкны хяналт шалгалтыг сайжруулах, эрсдлийн удирдлагыг сайжруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх, зээл найдваргүй болсон тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар банкуудад шилжүүлэх, банкийг татан буулгах, худалдан нийлүүлэх зэрэгт хууль эрхзүйн орчинг сайжруулахаар төлөвлөсөн байдаг юм.
Хямралын эсрэг богино болон дунд хугацааны хөтөлбөрийн талаар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Бен Кен Жан: Хямралын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа дунд хугацааны хөтөлбөрийн тухайд сайтар боловсруулсан төлөвлөгөө гэж бодож байна. Харин Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх богино хугацааны төлөвлөгөө бодитой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг Монголын засгийн газар зөвхөн дангаараа хийгээгүй. Манай түншүүдтэй хамтран хийсэн. Тиймээс, Олон улсын валютын сан үүнийг дэмжиж 224 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцоод байна. Энэ сард багтаан 224 сая ам.долларынхаа 100 сая ам.долларыг монгол руу шилжүүлнэ хэмээн хэдэн жилийн өмнө ярьж байв. Тэгвэл Дэлхийн банкны Монголыг хариуцсан мэргэжилтэн Дэвид Доллар: Монголын засгийн газрын өнөөг хүртэл хэрэгжүүлсэн түргэн шуурхай арга хэмжээг маш их дэмжиж байгаа. Өнөөдрийн танилцуулсан хөтөлбөр төлөвлөгөөг маш оновчтой гэж бодож байна. Үүнийг дэмжиж байгаа учраас бид тодорхой амлалтуудыг өгч, хамтарч ажиллахаар болж байгаа хэмээн хэлсэн байдаг. УИХ-аар баталсан хямралын эсрэг дунд болон богино хугацааны төлөвлөгөөнд манай улс 2009 онд эдийн засгийн өсөлтөө 5 хувиас бууруулахгүй, ажилгүйдлийн түвшинг 3,2 хувиас хэтрүүлэхгүй барина гэж тусгасан. Манай улс хямралаас гарах дунд хугацааны төлөвлөгөөндөө уул уурхайн салбарт ажиллах иргэдийг дадлагажуулж, ажлын байртай болгоно гэж мөн тусгасан билээ. Товчхондоо, стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийж, улмаар уул уурхайгаас олох ашгаас эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгоно гэх зэрэг асуудлыг тусгаад байсан юм. Стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн ч, ордуудаас эцсийн бүтээгдэхүүн автал дор хаяж дөрвөн жил хэрэгтэй. Тэр хүртэл уул, уурхайгаас их хэмжээний мөнгө орж ирэхгүй, эдийн засаг өсөхгүй. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх магадлал тун бага байсан юм. Нэг хэсэг манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээс их хэмжээний ашиг олж байсан тул, эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх тал дээр тун хойрго хандсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унамагц манай улсын эдийн засгийн өсөлт тэр хэмжээгээр буурч байлаа. Уул уурхайн салбараас орж ирэх орлого буурсан ч, түүнийг нөхөх эдийн засгийн бусад салбар хөгжөөгүй нь манай улсын эдийн засаг ингэж хямрахад хүрсэн гэж хэлж болно. Гэсэн ч хямралаас гарах төлөвлөгөөндөө үйлдвэрлэл хөгжүүлж, уул уурхайн бусад салбарт ажлын байр олноор нэмэгдүүлэх тухай тусгаагүй байсан нь эргээд эрсдэл дагуулж болзошгүйг эдийн засагчид хэлж байлаа. Эдийн засгийн хямрал эхэндээ санхүүгийн шинжтэйгээр илэрсэн бол, эцэстээ ажилгүйдлийн хямрал болох төлөвтэй байсан учраас энд ажлын байрны тухай онцолсон хэрэг. Олон улсын валютын сангийнхан манай улсын эдийн засгийн өсөлтийг буурна хэмээн таамаглаж хэлсэн нь бий. Эдийн засгийн өсөлт ингэж буурвал тэр хэмжээгээр ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй байсан юм.
3.11.Монгол улс санхүүгийн хямралаас гарахад юуг анхаарах ёстой байсан бэ
Манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс ихээхэн хамааралтай. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан нь манай улсад орж ирэх валютын хэмжээ багасахад хүргэж, улмаар улсын төсөв, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүд өвчилсөн талтай. Дээр нь хямралын үед арилжааны банкууд зээлээ хязгаарласан хэвээр байлаа. Банкууд зээл олгохгүй байсантай холбоотойгоор жижиг, дунд бизнес эрхлэгчид хүнд байдалд орсон гэхэд болно. Тиймээс манай улс эдийн засгаа зогсоочихгүй байх ганц найдвар нь банкууд зээлээ олгож эхлэх явдал байсан гэдэгтэй олон ч хүн санал нэгдэх нь тэр. Гэтэл банкуудад зээлд гаргах мөнгө бараг байсангүй. Тиймээс Монгол улсыг хөгжүүлэх санд байршиж байсан 300 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахаар болсон юм. Гэтэл дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас эрсдэл багатай гарахын тулд үүнээс илүү хөрөнгө, мөнгө шаардагдаж байсныг нуух юун. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасанаас болж манай улсад орж ирэх мөнгөний хэмжээ эрс багасаад байсан учраас шаардлагатай мөнгө олох амаргүй байв. Тиймээс ямар замаар, хаанаас мөнгө олох вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал болж байлаа. Тухайн үед засгийн газрын бонд гаргаж, дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалж, мөнгө босгож болох юм гэж үзэх хүмүүс байсан нь нууц биш. Гэвч энэ нь тийм ч оновчтой алхам байсангүй. Энэ тухай Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд зарна гэж яриад байна. Тэр бол бүтэхгүй. Учир нь Засгийн газрын бондыг тэр болгон хүн авдаггүй. Авахдаа ямар тохиолдолд авдаг вэ гэхээр эдийн засгийн өсөлт маш өндөр, макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш эерэг. Нэг ёсондоо, төсвийн илүүдэлтэй, алдагдал байхгүй, инфляци маш доогуур, мөнгө ихтэй ийм үед авдаг. Манайх шиг төсөв нь 6-7 хувийн алдагдалтай болчихсон, инфляци 20-30 гарсан ийм үед хэн ч авахгүй. Эрсдэл өндөртэй ийм бондыг хэн ч авахгүй. Тиймээс засгийн газрын бондоор хөөцөлдөх ажлыг түр хойшлуулах хэрэгтэй. Бүр боль гэж хэлж байгаа юм биш. Ойрын хэдэн сардаа түр хүлээгээч ээ. Өөр үр дүнтэй аргуудыг хэрэглээч ээ. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас мөнгө авч болох шүү дээ гэсэн тайлбар өгч байсан юм. Дэлхийн банк болон Валютын сан бодлогын зээлээс гадна, дэд бүтцийн хөрөнгө оруулатын зээл өгдөг байгаа юм.Бодлогын зээл нь тухайн улс орны төсөв алдагдалтай гарч байгаа үед дутагдаж байгаа хөрөнгийг зээл хэлбэрээр өгөхийг хэлдэг. Энэ зээл 40 жилийн хугацаатай, жилийн 0,75 хувийн хүүтэй байдаг. Харин дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зээл авахын тулд богино хугацаанд үр ашгаа өгөх, олон улсын банкуудын сонирхлыг татахуйц, сайн төслүүд боловсруулсан байх шаардлагатай байдаг. Тухайн үед манай улсын усан хангамж нэлээд бэрхшээлтэй тулгамдсан асуудлын тоонд багтаж байлаа. Эндээс жишээ татан усан хангамжийн сайн төслүүд боловсруулвал Олон улсын валютын сангаас зээл авах боломжтойг Дэлхийн банкныхан хэлж байсан юм. Энэ нь засгийн газрын бонд гаргаж дэлхийн зах зээлд арилжаалснаас илүү үр дүнтэй гэж тэд үзэж байсан юм. Тэгвэл бодлого боловсруулагчид монгол улсын санхүү, эдийн засгийг хямралаас гаргахын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх гурван гарц бий гэж үзэж байсан юм. Нэгдүгээрт онцгой албан татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт татварын суурийг нэмэгдүүлэх. Гуравдугаарт гэрээ хэлэлцээр нь хийгдээд бэлэн болсон 1 тэрбум америк долларын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байсан юм. Улсын төсвийн тухайд үр ашиггүй зардлаа хэмнэхээс эдийн засгаа эрүүлжүүлэх ёстой болов.
Харин иргэдийн хувьд мөнгөө хэмнэх нь сөрөг үр дагавар авчирах аюултай байлаа. Иргэдийн худалдан авалт буурвал, аж ахуйн нэгжүүд орлогогүй болж, улмаар эдийн засаг зогсонги байдалд орох сөрөг үр дагавар гарах байсан учраас тэр юм. Тиймээс эдийн засагчид иргэд мөнгөө зарцуулдагаараа зарцуулах нь зүйн хэрэг. Харин банкууд зээл тавьж чадахуйц хөрөнгийн эх үүсвэртэй болох нь хямралаас гарах эцсийн найдвар гэж үзэж байсан юм. Нэг ёсондоо, эдийн засгийн хямралаас гарахад иргэд хэмнэх нь ач холбогдолгүй байлаа. Харин худалдан авалтийг дэмжихийн тулд бодит зах зээлээ дэмжиж банкууд зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэртэй болох шаардлагатай тулгарсан юм. Харин төсвийн тухайд дээр дурдсанчлан зардлаа танах ёстой болов. Яагаад гэдэгт Дэлхийн банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Девид Доллар: Монгол өнгөрсөн хугацаанд их хэмжээний мөнгө хуримтлуулж чадаагүй. Хямрал эхлээд удаагүй байхад монголын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрээд байна. Тиймээс Монгол улс зардлаа танах шаардлагатай. Уг нь монгол улсад мөнгө хангалттай байсан бол хямралын энэ үед зарлагаа хумих бус, тэлэх бодлого явуулсан бол хямралд бага өртөх байлаа. Гэвч тэлэх боломжгүй болоод байна. Хятад улс өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан. Энэ хөрөнгөөрөө гурван жилийн төсвийн алдагдлаа тус улс нөхөх бололцоотой. Тиймээс тус улс хямралын үед зардлаа нэмэх бодлого явуулсан. Зардлаа нэмэх тусам мөнгөний эргэлт нэмэгдэж, тэр хэмжээгээр эдийн засаг эрүүлжих учиртай юм хэмээн хариулж байсныг тодотгох нь зүйтэй болов уу. Дэлхийн банкны монгол дахь суурин төлөөлөгчийн газар 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед манай улсын эдийн засгийн тойм судалгааг сар тутам гаргадаг байсан. Харин 2010 оны сүүлчээр монголын эдийн засаг тогтворжиж байна гэж үзэж Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн тойм судалгааг улирлаар гаргадаг болсон юм. Дэлхийн банкнаас гуравдугаар улирлын судалгааг 2010-09-07-ны хавьцаа гаргахад манай улсын эдийн засагт саар зүйл байсан ч, сайн нь давамгайлж байжээ. 2009 оны зуднаар 9,8 сая тоо толгой мал хорогдсоноос болж хөдөө аж ахуйн салбарт бууралт гарсан байна. Гэхдээ аж үйлдвэрийн бусад салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт өсөлт гарсан нь монголын эдийн засаг сэргэж буйг харуулж буй томоохон дохио болж байсан юм. Хятадад зэс, нүүрсний эрэлт их байсантай холбоотойгоор манай улсын уул уурхайн орлого нэмэгдэж эдийн засаг өсөхөд нөлөөлсөн байна. Уул уурхайн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл ч мөн сайжирсан байгаа юм. 2009 оны наймдугаар сард төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10,6 хувьтай тэнцэж байсан. Энэ үетэй харьцуулахад төсвийн алдагдал 0,4 хувиар буурсан байна. Хэрэв гадаадын улс орнуудаас авсан зээлийг хасч тооцвол төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 0,8 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан байна. Энэ нь сүүлийн хоёр жил байгаагүй өндөр үзүүлэлт болсныг дэлхийн банкныхан тухайн үед онцолж байлаа. Төсвийн тэнцэл сайжрах дүр зураг ажиглагдаж байсан ч, харамсалтай нь төсвийн зардал нэмэгдэх хандлагатай байсан нь монгол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг дэлхийн банкныхан хажуугаар нь анхааруулж байсан юм. Тодруулбал, 2010-09-01-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар өсгөсөн. 2011 оноос иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөгийн эх орны хишиг олгохоор болсон нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инцляци хөөрөгдөж болзошгүй гэж дэлхийн банк үзэж байсан нь саяхан. Үүнээс гадна, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 17 хувийг эзэлж байсан нь санаа зовоосон, бас анхаарал хандуулах чухал асуудал болоод байсныг дэлхийн банк онцолж байсан юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байсантай холбоотойгоор үндэсний валютын ханш чангарах нь эдийн засагт ийм сөрөг үр дагавар авч ирдэг байна. Тиймээс дэлхийн банкныхан зүүн азийн орнуудын засгийн газарт хандаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарахаас болгоомжилж хариу арга хэмжээ авахыг зөвлөж байсан юм. Ер нь манай улсын хувийн хэвшил рүү чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, төгрөгийн ханш чангарна гэсэн энэ болгоомжлолоос хэрхэн ангижрах вэ. Энэ асуултад тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж: Төгрөгийн ханш чангарах магадлалтай байгаа учир валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн хариулт өгч байв. Харин тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Судалгаагаар монгол улсын эдийн засаг сайжирч байгаа нь харагдсан. Гэхдээ бидэнд анхаарах хэд хэдэн зүйл байгаа. Бэлэн мөнгө тараах халамжийн бодлого хавтгайрч, цалин тэтгэвэр нэмж байгаатай холбоотойгоор инфляци буурахгүй байх хандлагатай байгаа талаар хэлж байсан юм.
3.12. Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой талаар илэрхийлэв
2009-07-08. Дэлхийн банк манай улсын өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ 2009 оны долоодугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн юм. Дэлхийн банкныхан монгол улсын өмнөд бүсэд уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Тодруулбал, Тавантолгой, Ухаа худаг, Баруун наран, Цагаан толгой, Нарийн сухайт, Овоот толгой, Сүмбэр, Шивээ-овоо, Оюутолгой, Цагаан суваргын ордууд тус бүс нутагт оршдог. Эдийн засгийн үр ашиг бүхий уул уурхайн ордуудын хөгжлийг дэмжих үүднээс өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн тайлбар өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх салбаруудыг дэмжихэд бэлэн байгаагаа хэлж байлаа. Гэхдээ Монголын Засгийн газар өмнөд бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банкнаас хүссэн тохиолдолд туслалцаа үзүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Товчхондоо, манай талаас хүсэлт гаргавал дэлхийн банк тусална гэдгээ илэрхийлж байлаа. Гэхдээ хэдий хэмжээний хөрөнгө мөнгөөр туслах боломжтойгоо тэд хэлээгүй юм. Дэлхийн банк өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд зогсохгүй, тус бүс нутгийн дэд бүтцийн стратеги төлөвлөгөөг гаргасан тухайгаа мэдэгдэж байлаа. Тавантолгой, Нарийн сухайт, Оюутолгой, Цагаан суваргын уурхайнууд жилд 5 тэрбум америк долларын нүүрс, зэсийн борлуулалт хийх боломжтой. Гэхдээ дэд бүтцийг шийдвэрлээгүй цагт энэ хэмжээний бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд дэд бүтцээ шийдвэрлэх хэрэгтэйг дэлхийн банкныхан зөвлөж байсан юм. Тиймээс дэд бүтцийг шийдвэрлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаарадагдаж байгааг тэд нарийвчлан гаргажээ. Тухайлбал, төмөр зам, цахилгаан, эрчим хүч, усны эх үүсвэр зэргийг бий болгоход 5 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа гэх судалгааг гаргаж байсан юм. Үүний 1 тэрбум 150 сая ам.доллараар төмөр зам барина. Энэ хөрөнгөөр тавантолгойн ордоос хэд хэдэн чиглэлийн төмөр зам тавьж болох хувилбар гаргасан байгаа юм. Тавантолгойн ордоос Гашуун сухайтын ордоор дамжуулж хятадын Баотау боомт хүртэл төмөр зам тавихад хүрэлцэнэ. Мөн Тавантолгойн ордоос Замын-Үүдийн боомтыг дамжуулж, Датун, Кинхуандоа боомт руу төмөр зам тавих. Үүний сацуу Тавантолгойгоос Цагаан суваргын ордыг дамжуулан Сайншанд, Чойбалсан хотоор дайрсан төмөр замыг оросын Владивосток хүртэл тавих. Түүнчлэн Тавантолгой-Айраг-Чойбалсан-Владивосток руу төмөр зам тавих. Мөн Тавантолгой-Айраг-Улаанбаатар-Улаанүүд-Владивосток руу төмөр зам тавих. Үүнээс гадна, Тавантолгой, Улаанбаатар, Улаанүүд, Владивостокийн чиглэлд төмөр зам тавих зургаан хувилбар гаргасан байгаа юм.
Тавантолгой жилд 20 сая тонн нүүрс хятадын Хуанхуа боомт руу гаргана. Үүнээс орж ирэх орлого нь 6,2 тэрбум америк доллар байна. Харин оросын Владивосток руу нүүрс гаргавал жилд 1,5 тэрбум америк долларын орлого олно гэж тооцоолсон байгаа юм. Тиймээс дээрх хоёр боомт руу зургаан чиглэлээр төмөр зам тавих боломжтой гэсэн судалгааг дэлхийн банкнаас гаргасан байгаа юм. Эрчим хүчний тухайд, оюутолгой дахь уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан, эрчим хүчийг хангах хамгийн хямд зам нь хятадаас эрчим хүч авах шаардлагатай гэж дэлхийн банк үзсэн байдаг. Нөгөөтэйгүүр өмнөд бүсэд дор хаяж нэг цахилгаан станц нэмж байгуулах шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Учир нь дулааны хоёрдугаар цахилгаан станцын хугацаа 2005 онд дууссан. Дарханы дулааны цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2013 онд дуусна. Тэр үед оюутолгой зэрэг өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад эрчим хүч дутагдана. Засгийн газраас тавдугаар цахилгаан станц, Шивээ овоог түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөж байсан ч, энэ нь өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг эрчим хүчээр хангаж чадахгүй. Тиймээс өмнөд бүсэд нэмж нэг цахилгаан станц барих шаардлагатай. Үүнд, 2 тэрбум 711 сая америк доллар шаардлагатай байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. Өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад ус хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Зарим нэг байгууллагууд өмнөд бүсийн уул уурхайн ордуудад шаардлагатай усыг Хэрлэн голоос татья гэсэн санал гаргасан байдаг. Тэгвэл дэлхийн банкныхан Хэрлэн голоос өмнөд бүс руу хоолоогоор ус татахад зардал өндөр гарна. Тухайлбал, 500 сая ам.доллар шаардагдаж байгаа. Харин газрын гүний ус ашиглаж эхлэхэд нийт 260 сая ам.доллар шаардагдаж байгаа. Уул уурхайн компаниудад өдөрт 350 мянган метр куб ус шаардлагатай болно. Харин тус бүс нутгийн газрын гүний ус хоногт 500 мянган метр куб байх бололцоотой юм. Тиймээс газрын гүний ус ашиглах нь зүйтэй гэсэн саналыг дэлхийн банкнаас гаргаж байсан юм. Дэлхийн банкнаас гаргасан Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх судалгааны талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед:Монгол улсын өмнөд хэсэгт уул уурхайн хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэхэд нилээд хэдэн жил шаардлагатай. Тус бүс нутгийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацааг тодорхойлж, олон түмний санаа бодлыг сонсон, хэлэлцэх хэрэгтэйг Засгийн газарт зөвлөж байна. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам усны нөөц байхгүй бол эдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй хэмээн тухайн үед ярьж байсан юм. Нэг ёсондоо дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд өртөж, дагаад монголын эдийн засаг хямарч байхад үүнээс гарах гарцыг эрэхийлж байх явцад ганц Эрдэнэ үйлдвэрээс хамааралтай байх бус. Өөр бусад стартегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцээ шийдвэрлэх нь чухал хэмээж дээрх судалгааг хийж байсан байгаа юм.
3.13. Дэлхийн банкнаас монголын эдийн засагт хийсэн ээлжит судалгаанууд
2009 оны наймдугаар сард манай улсын эдийн засаг ямаршуухан байсныг Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Эдийн засгийн байдал ямар байна вэ гэхээр төсвийн алдагдлыг 12 сарын гулсмал хэлбэрээр тооцож үзэх юм бол, 2008 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувьтай тэнцэх хэмжээнд бас л өндөр хэвээрээ байна. Дараа нь урсгал дансны алдагдлыг ижил аргачлалаар тооцоход дотоодын нийт бүтээгдэхүүний 15,2 хувьтай тэнцэхээр өндөр байна. Энэ хоёр тоо ерөнхийдөө монгол улсын эдийн засаг хэврэг байгааг харуулж байгаа юм. Саяны хоёр зүйл Засгийн газар тал дээр байгаа. Нөгөөтэйгүүр, хувийн салбар дээр холбож хэлэхэд, санхүү болон банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Хувийн салбарынханд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл маш хүндээр тусч байгаа. Энэ нь юуны үр дагавар вэ гэхээр бодит эдийн засаг удааширч, муудаж эхэлж байгаагийн шинж юм. Тийм учраас импорт буурч байна. Түүнийгээ дагаад бодит эдийн засгийн үйл ажиллагаа суларч байна. Бодит салбарыг базаад авч үзэхэд, барилга, уул уурхай, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн гурван салбарт олгосон зээлийн эргэн төлөлт буюу чанар тааруухан байгаа юм. Манай улсын төсвийн алдагдал 12 сарын нийлбэрээр дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувьд хүрсэн байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Ганц авууштай нь гадаад худалдааны алдагдал буурсан болохыг дэлхийн банкныхан хэлж байгаа юм. 2009 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгт хүрч байсан гадаад худалдааны алдагдал 600 сая төгрөг болжээ. Үүнээс гадна, банкуудын төгрөгийн хадгаламж нэмэгдсэн байна. Энэ нь сайн хэрэг ч, харамсалтай нь банкуудын чанаргүй зээлийн багц нэмэгдсэн хэвээр байсныг хэлж байсан юм. Зээлийн эргэн төлөлт удаашралтай байснаас банкууд зээл гаргахаа зогсоож, үүний оронд төв банкны үнэт цаас худалдаж авахыг илүүд үзэж байжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж дэлхийн банкныхан үзэж байсан юм. Ганц эдийн засгийн өсөлт гэлтгүй импорт буурч, төсвийн орлого үргэлжлэн буурах төлөвтэй байсныг тус банкныхан мөн хэлж байлаа.
Тэгвэл нийт 2009 оны дүнгээрээ монгол улсын эдийн засаг ямаршуухан гарсан бол. Уг судалгааг 2010 оны хоёрдугаар сарын 2-ны хавьцаа тус банкнаас танилцуулж байсан юм. Тэдний хийсэн судалгаагаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн дүнтэй гарсан байгаа юм. 2009 оны эхнээс тасралтгүй бууралттай явсан дотоодын нийт бүтээгдэхүүн оны эцэст өсчээ. Ингэснээр 2009 оны нэгдсэн дүнгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүн 1,2 хувийн өсөлттэй гарсан байгаа юм. Тээвэр, харилцаа холбооны салбарт өсөлт гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүн оны эцэст өсөхөд нөлөөлсөн байгаа юм.
Ийнхүү дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн дүнтэй гарсан бол, гадаад худалдааны алдагдал буурсан таатай мэдээлэл угтлаа. 2008 оны эцэст манай улсын гадаад худалдаа 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол, 2009 оны эцэст 230 сая ам.долларын алдагдалтай гарсан байгаа юм. Үүнээс гадна, төсвийн алдагдал тооцоолж байснаас доогуур гарсан байна. УИХ 2008 оны төсвийг алдагдалтай баталсан. Ингэхдээ төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувьтай байхаар тооцоолж байсан бол, бодит алдагдал үүнээс доогуур буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5,4 хувьтай тэнцсэн байна.
Харин таагүй нь банкны зээлийн хүү өссөн байлаа. 2008 оны арваннэгдүгээр сард арилжааны банкуудын зээлийн хүүгийн түвшин 1 хувь байсан бол, оны эцэст 19 хувь болж өсчээ. Ийнхүү сар гаруйн хугацаанд арилжааны банкуудын зээлийн хүү 2 хувиар өссөн тул, зээл хүсэгчдийн тоо буурсан байна. Хэрэв, арилжааны банкуудын бодит зах зээл рүү гаргах зээл буурвал, тэр хэрээр эдийн засаг удаашрах аюултай байжээ. Тиймээс дэлхийн банкныхан зээл олголтыг сэргээхэд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэйг бодлого боловсруулагчдад тухайн үед сануулж байсан билээ.
3.14. Дэлхий нийт санхүүгийн хямралаас хэрхэн гарсан бэ
2009-03-17. Улаанбаатар. Ийнхүү дэлхий нийтээрээ эдийн засаг хямралтай тулгараад байхад улс орон бүр хямралаас гарах өөрсдийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн юм. Хямралаас гарахад шаардагах хөрөнгийн эх үүсвэрийг дэлхийн улс орнууд янз бүрийн аргаар олж байсан юм. Тухайлбал, Шинэ Зеландын Төвбанк Засгийн газраараа баталгаа гаргуулж 5 жилийн хугацаатай 91 сая ам.долларын бонд гаргасан байдаг. Тэд бондоос орж ирэх мөнгөөр эдийн засгийн гол салбар болох фирмийн аж ахуйг хүндрэлээс гаргахаар ажиллав. Тайваны бодлого боловсруулагчид хүндрэлээс гарахын тулд эдийн засагт үзүүлэх тусламжийн хэмжээгээ 4 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл тэргүүлэх эдийн засаг бүхий Америк, Япон, Хятад хямралын эсрэг ямар арга хэмжээ авсан нь ихээхэн анхаарал татдаг. Энэ тухай тэр үеийн Сангийн яамны Санхүүгийн бодлого зохицуулатын газрын дарга Батбаяр: Улс орон болгон өөрийн улсад тохирсон арга хэмжээ авч байгаа. Америк хямралаас гарах арга хэмжээг хоёр, гурван үе шаттай авч хэрэгжүүлсэн. Банкны салбарын алдагдлыг бууруулах, уналтыг зогсоох, дээрээс нь бодит эдийн засгийн салбарт, АНУ-ын эдийн засагт ач холбогдолтой гэж тооцогддог салбаруудаа дэмжиж байна. Энэ төлөвлөгөө нь хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хэрэгжсэн арга хэмжээнүүд нь уналтыг тодорхой хэмжээгээр сааруулсан. Гэхдээ бүрэн зогсоож чадаагүй. Япон бол дотоодын үйлдвэрлэлээ сэргээхийн тулд, дотоодын хэрэглээгээ нэмэх тодорхой арга хэмжээ авч байгаа. Хүн болгон иргэн болгондоо 120 америк долларын нэг удаагийн буцалтгүй тусламж өгнө. Үүгээрээ хэрэглээгээ дэмжинэ гэсэн бодлого явуулж байна. Сүүлийн үед компаниудын үнэт цаас худалдаж авах, хувийн салбарт олгосон зээлийг Засгийн газар худалдаж авах ажил хийж байна. Хятадын хувьд экспортод түшиглэсэн эдийн засгийн өсөлттэй. Экспортод түшиглэсэн эдийн засаг давамгайлж явж ирсэн. Гадна талын эрэлт унаж байгаатай холбогдуулан хятад эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Үүний тулд 4-5 багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Гол нь ойрын жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд дотоодын бараа бүтээгдэхүүн худалдаж авбал урамшуулал зарлах гэх мэт. Азийн улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ европын орнуудаас ялгаатай. Ерөнхийдөө азийн орнууд хэрэглээ гэхээсээ илүү хадгаламжинд тулгуурласан эдийн засагтай улс орнууд байдаг. Япон, Хятад, Солонгосоос бусад орнууд том эдийн засагтай. Европын холбооны улсууд, Англи эдгээр улсууд болохоор хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай орнууд. Тэр орнуудын хувьд орлогын хуваарилалтыг дахин явуулах. Бага, дунд орлоготой иргэдийг татварын хөнгөлөлтээр дэмжих. Дээр нь тодорхой салбаруудад чиглэсэн хөтөлбөрүүд явуулж байна. Ер нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад гарч байгаа хандлага бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, үүнийгээ татварын болон татварын бус механизмаар дамжуулан хэрэглэх хандлага өндөр болж байгаа. Гэхдээ эргээд экспортод түшиглэсэн эдийн засагтай орнууд хүчтэй өртөж байна. Тухайлбал, Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд Европын холбоо болон Америкийн явуулж байгаа протекшн бодлогыг эсэргүүцэж байгаа юм хэмээн хэдэн жилийн өмнө хуучилж байсан юм. Америк, Англи, Европын холбоо зэрэг улсууд өмнө нь бараа, бүтээгдэхүүн гаднын улсуудаас импортолж авдаг байсан. Харин эдийн засаг, санхүү нь хямраад ирэхийн цагт хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон байгаа юм. Энэ нь азийн үйлдвэрлэгч орнуудад хүндээр тусч байсан нь мэдээж. Япон, Солонгос, Хятадын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт бага байсан учраас тэр юм. Тиймээс Япон дотоодын нийт бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс иргэн бүртээ 12 мянган долларын буцалтгүй тусламж олгох ажлыг эхлүүлжээ. Мөн тус улсын Засгийн газар хүндрэлд ороод байгаа компаниудын үнэт цаас, хувийн салбарт олгосон зээлийг худалдан авч эхэлсэн байгаа юм. Хятадын тухайд эдийн засгийн өсөлтөө авч үлдэхийн тулд дотоодын үйлдвэрлэл болон хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого явуулж байлаа. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа иргэдээ урамшуулах зэрэг арга хэмжээ авч байсан юм.
4 БҮЛЭГ. Монголбанк ба арилжааны банкууд
4.1 Халагтай хадгаламж зээлийн хоршоод
Хоршооны тухай хуульд 1998 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хадгаламж зээлийн байгууллага хоршооны төрөлд багтахаар болсон билээ. Энэ үеэс иргэд хамтран хадгаламж зээлийн хоршоо байгуулж санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Харамсалтай нь хадгаламж зээлийн хоршоо байгуулахад дүрмийн сангийн хэмжээ заагаагүй тул ийм чиглэлийн байгууллага 2000 оноос хойш борооны дараах мөөг шиг олширч, арилжааны банкуудаас өндөр хүү амлан мөнгө татаж эхэлжээ. Тухайн үед арилжааны банкуудын хадгаламжийн хүү сарын 1 хувь байхад, Хадгаламж зээлийн хоршоод 3-4 хувийн хүү амлаж байжээ. Ийнхүү өндөр хүү амласан учир хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулах хүмүүсийн тоо ихэссэн гэдэг. Тиймээс тус салбарыг хянуулахаар 2005 оны арваннэгдүгээр сарын 17-нд Санхүүгийн зохицуулах хороог шинэчлэн байгуулжээ. Харин удалгүй тус хороо чадамжгүй гэх хоршоодыг дампууруулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, 2006 он хавьцаа 22 хадгаламж зээлийн хоршоо дуу дуугаа авалцан, шил шилээ харан дампуурав. Тэдэнд мөнгөө хадгалуулсан 8200 гаруй иргэн 70 орчим тэрбум төгрөгөөрөө хохирсон гашуун түүх бий. УИХ-аас гаргасан ухаалаг бус шийдвэрийн гайгаар буюу парламентын гишүүд Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль батлан гаргахдаа тэдэнд хуулийн цоорхой гаргаж өгсөн нь араасаа ийм асуудал дагуулсан хэрэг. Тухайлбал, банк байгуулахад 8 тэрбум, банк бус санхүүгийн байгууллага байгуулахад 200 сая төгрөгийн дүрмийн сантай байх шаардлагатай. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо байгуулахад дүрмийн сангүйгээр шахуу санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх хуулиар олгосон аж. Тиймээс эрсдэлээ даах дүрмийн сангүй хадгаламж зээлийн хоршоод дампуурч олон мянган иргэн хохирсон гэлцдэг юм. Тэд төрөөс мөнгөө нэхэж, жагсаал цуглаан зохиож, талбай дээр суулт хүртэл хийж байлаа.
Тиймээс хохирлын 50 хувийг төрөөс барагдуулах шийдвэр гарч, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 33 тэрбум төгрөг тухайн үед гаргасан юм. Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраар дамжуулан 2008 оноос олгож эхэлсэн байдаг. Үүгээр 6500 хүний хохирлыг тал хувийг барагдуулсан болохыг албаныхан хэлдэг билээ. Анх 22 хадгаламж зээлийн хоршоо дампуурсан бол, хохирол барагдуулах явцад 29 болж өссөн байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраар дамжуулан олгосон 33 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүйд хүрч, 1700 хүн хохирлынхоо 50 хувийг авч чадаагүй хоцорсон аж. Тиймээс хоцорсон хүмүүсийн хохирлыг барагдуулахын тулд 4 тэрбум төгрөг нэмж төсөвлөж, 2 тэрбумыг нь хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд байршуулжээ. Үүгээр хоцорсон хүмүүсийн хохирлын 50 хувийг олгожээ. Тэр үеийн Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны тэргүүн дэд дарга н.Батсайхан: ердөө 700 гаруй хүн хохирлынхоо тал хувийг аваагүй болохыг хэлж байлаа. Зарим хадгаламж зээлийн хоршоодын хэрэг маргаантай байсан учир хохирогчдын тоонд оруулаагүй аж. Хэрэв тэднийг нэмж тооцвол 830 гаруй хүн хохирлынхоо тал хувийг аваагүй тооцоо тухайн үед гарч байлаа. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар улсын төсвөөс эхлээд гаргасан 33 тэрбум төгрөг, дараа нь гаргасан 2 тэрбум төгрөг, нийт 35 тэрбум төгрөгийг улс эргүүлэн авах ёстой. Гэтэл, Хадгаламж зээлийн хоршоодын барьцаанд байсан эд хөрөнгийг худалдаж ердөө 12.5 тэрбум төгрөгийг улсад буцааж өгсөн. Үлдэх мөнгийг улсад төвлөрүүлэхээр ажиллаж байгаа ч, хүндрэл гарч байсан болохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харьяа Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны тэргүүн дэд дарга н.Батсайхан хэлж байв. Цоорхойтой хууль баталж иргэдийг хохироодог. Тэдний хохирлыг төсвөөс барагдуулдаг ч, үүнийгээ буцааж улсад тушааж чаддаггүйн нэгээхэн жишээ энэ болсон юм.
4.2. Банкуудын дампуурал давтагдав
1990 оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн эхний жилүүдэд банкуудын үйл ажиллагаа доголдож эхлэв. Тухайн үед банкуудын зээлийн хүү өндөр байсан тул олгосон зээл эргэн төлөгдөх нөхцөлгүй болж байлаа. Энэ ч үүднээс 1990-ээд оны дундуур Сэлэнгэ, Хоршоо зэрэг банкууд санхүүгийн хүндрэлд орсон байдаг. Банкны салбарыг эрүүлжүүлэх зорилгоор дээрх хоёр банкийг албан ёсоор татан буулгаж хөрөнгийг нь Ард банкинд байршуулсан түүхтэй. Банкуудын дампуурлаас дурдвал анхных нь энэ. Гэтэл 1996 онд Ард банк гэнэт татан буугдаж хөрөнгийг нь хоёр өөр банкинд хуваан байршуулсан гэдэг. Энэ банкны хадгаламжийн дансны 30 тэрбум төгрөгийг Хадгаламж банкинд байршуулсан бол, харилцах дансыг нь Сэргээн босголт банкинд төвлөрүүлсэн гэх нь бий. Харин Ард банкны найдваргүй зээлийг өр барагдуулах албанд шилжүүлсэн байна. Эдгээрийн араас Даатгал банк татан буугдаж энэ банкны найдвартай хөрөнгийг Сэргээн босголт руу шилжүүлсэн гэх яриа бас бий. Ард болон Даатгал банкны тодорхой хэсгийг Сэргээн босголт руу нэгтгэсэн ч, энэ банк удалгүй хаалгаа барьсан гашуун түүх давтагдав. Гэвч удалгүй төрийн өмчийн Сэргээн босголт банк татан буугдаж суурин дээр нь хувийн хэвшлийн Голомт банк сүндэрлэсэн гэдэг. Гэвч банк санхүүгийн дампуурал үүгээр зогссонгүй. 1990-ээд оны сүүлийн хагаст тохиосон шиг банк санхүүгийн хүндрэл 2000 оны сүүлээр дахин давтагдсан юм.
Банк санхүүгийн хүндрэлийн талаар 2008 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат: Санхүүгийн хямрал манайхын тойроод гарахгүй нь л дээ. Манайхаар дайрч гарч байна. Гэхдээ энэ нь манай банкуудыг шууд нэрвээд гарч байгаа юм биш. Жишээ нь зарим орны банкууд их хүндэрлээ. Засгийн газар нь банкуудынхаа хувьцааг худалдан авч байна шүү дээ. Тухайлбал, Америкт, Европт Засгийн газар нь арилжааны банкнуудынхаа хувьцааг худалдан авч байна. Ямар нөхцөлд худалдан авдаг вэ гэхээр алдагдал нь ихсээд үүнийгээ хаагаад дуусахын үед дүрмийн сан нь хүрэлцэхгүй болно. Тэгэхээр зэрэг Засгийн газар мөнгө хийж байгаа байхгүй юу. Манай нөхцөл бол тэс өөр. Манай нөхцөл бол банкинд алдагдал хийсэн юм байхгүй. Манай нөхцөл юугаараа ялгаатай юм гэхээр арилжааны банкууд маань арай илүү зээл өгчихсөн байгаа. Нөгөө өгсөн зээл нийт актив гэж ярьдаг юм. Иргэдээс авсан хадгаламж хоёрыг харьцуулахаар зээл нь ихэсчихсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг дахиж мөнгө өгөх боломж нь багасаад төлбөр түргэн гүйцэтгэх боломж нь багассан ийм хүндрэл банкууд дээр гарч байгаа. Тэрнээс дүрмийн сан нь идэгдээд алга болсон юм биш. Тэгэхээр зэрэг нэг их хүндээр хүлээж аваад байх шаардлага байхгүй. Засгийн газар банкны салбарыг энэ үед яаж дэмжиж, туслах вэ гэхээр гаднаас мөнгө оруулж ирээд арилжааны банкуудын найдвартай активуудыг худалдаад авчихвал тэд мөнгөтэй болно. Тэгэхээр цаашаа чөлөөтэй бизнесээ хөгжүүлээд явна шүү дээ. Энэ тэнд бөөгнөрчихсөн зүйлийг нь аваад хаячихвал цус гүйнэ дээ. Тийм л маягийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Өнөөдөр манай улсын банкны салбар дампуурах хэмжээнд хүрээгүй хэмээн хуучилж байлаа.
Дэлхийн санхүүгийн хямрал орон сууцны моргейжийн баталгаагүй зээлээс улбаалж АНУ-ын томоохон банкууд дампуурахад хүрсэн. Зарим хүмүүс Америкт болсон зүйл манайд давтагдах вий гэж эмээж байлаа. Банкуудын зээл олголт хадгаламжаасаа давж, эргэн төлөлт удаашралтай байсан учраас тэр. Ер нь ихэнх банкуудын зээл олголт хадгаламжаасаа давсан үзүүлэлттэй байлаа. Зээл эргэн төлөлт бага хувьтай байсан ч, бусад орнуудыг бодвол барьцаа хөрөнгө сайтай тул үүнээс айх аюулгүй, Монгол улсын банкны салбар эрүүл байгаа тухай Олон улсын валютын сангийнхан тэр үед мэдэгдэж байсан юм. Гагцхүү өнгөрсөн хоёр жилд огцом нэмэгдсэн зээлийн өсөлтийг тогтвортой хэмжээнд барих шаардлагатай. Тэр ч утгаараа банкууд зээлээ сааруулж байгаа нь хэвийн үзэгдэл хэмээн тус байгууллага дүгнэж байлаа. Арилжааны банкууд ч хүндрэлээсээ гарахын тулд Япон, Солонгосын хөрөнгө оруулагчдын татах зорилгоор зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн тухай тэр үед хуучилж байсан юм. Тэр үед Япон, Солонгосын банкуудын хадгаламжийн болон зээлийн хүү 0.5-1 хувь байсан бол, манайд 18,6-19,2 хувь байсан юм. Тиймээс дэлхийн эдийн засаг хямарч, хөрөнгө оруулагчид олдохгүй нь гэж эмээж байсан ч, Япон, Солонгосын хөрөнгө оруулагчид манай улсын банкинд өндөр хүүтэй мөнгө хийх сонирхол байгаа гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж, ихэд найдлага тавьж байлаа. Энэ боломжийг ашиглан арилжааны банкууд хүндрэлийг даваад гарна гэж үзэх хүн цөөнгүй байсан ч энэ нь талаар болж Анод, Зоос банк ар араасаа татан буугдсан билээ.
4.3. Анод банк татан буугдав
Банкууд хүндрэх нь гэсэн яриа газар авч үүний тоонд Анод банк багтаж байсан нь нууц биш. Тиймээс тухайн үед тус банкийг зорьж зарим зүйлийг тодруулж амжсан юм. Анод банкны Нөөцийн удирдлагын газрын дарга н.Чинбат: 2008 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Анод банкны актив 326 тэрбум төгрөгт хүрсэн. Активийнхаа хэмжээгээр банкууд дотор 4-рт орж байна. Манай банк хамгийн том хувьцаат банк тул хамгийн их буюу 40 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Манай нийт олгосон зээлийн хэмжээ 178 тэрбум төгрөг, хадгаламж болон харилцах нийлээд 215 тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр ажиллаж байна. Хадгаламжийн хүүгээ өсгөж, зээл олголт дээр хязгаарлалт хийж байгаа дээр тайлбар хийе л дээ. Манай улсыг мөнгөний нийлүүлэлтийн инфляци хөмрөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор 2008 оны эхнээс төвбанк бодлогын хүүгээ өсгөж, банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Манайх өөрийн банкин дахь 165 тэрбум төгрөгийн иргэдийн хадгаламжийг үнэгүйдүүлэхгүй инфляцид идүүлэхгүйн тулд хадгаламжийн хүүгээ тодорхой хувиар нэмсэн. Тодорхой хэмжээний хязгаарлалт шалгууртайгаар эрсдэл багатай салбаруудыг сонгож зээл олгож байна. Зээл зогссоноор банкууд хүндэрч байна гэсэн ийм яриа гарах болсон. Манайх өөртэйгөө холбогдсон мэдээллийг ор үндэсгүй гэж няцааж байна гэсэн тайлбарыг олон жилийн өмнө өгч байлаа. Гэвч удалгүй байдал дордож, Анод банкийг 2010 оны долоодугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 446 тогтоолоор албадан татан буулгасан юм. Энэ банк Зоосын нэгэн адил байгаа хөрөнгөөсөө давсан зээл зах зээлд гаргасан. Цаашлаад нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээл олгосон. Үүний эргэн төлөлт удаашралтай гэсэн шалтгаанаар татан буугдаж тус банкинд эрх хүлээн авагч томилогдсон юм.
Тэр үед Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч н.Насанжаргал: Анод банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгч байгаа. Харилцагчдын мөнгийг олгож эхлээгүй ч удахгүй олгоно гэсэн тайлбар өгч байв. Тухайн үед Анод банк харилцах дансны мөнгийг олгохгүй байсан бол, доллараас бусад валютын хадгаламжийг мөн гаргахгүй байсан тал бий. Энэ нь доллараас бусад гадаад валютын нөөц тус банкинд бага байсантай холбоотой. Харин иргэдийн хадгаламжийг олгож байлаа. Ингэснээр тус банкинд үлдсэн 140 тэрбум төгрөгийн хадгаламжаас 30 орчим хувийг нь иргэд татсан үзүүлэлт удалгүй гарсан юм. Санхүүгийн хүндрэлд орсон арилжааны банкуудад Эрсдэлийн сангийн 300 орчим тэрбум төгрөгийг байршуулахаар болсон ч, энэ хөрөнгөөс хувь хүртэх банкуудын тоонд Анод багтаагүй байдаг. Тиймээс 2008 онд батлагдсан банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд Засгийн газар бонд гаргахаар төлөвлөж ч амжаагүй. Гэхдээ Сангийн яамны хүсэлтээр төвбанк 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг татан буугдсан Анод банкинд өгч, үүгээр тус банкны харилцах болон хадгаламжийн үлдэгдлийг олгосон юм. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанк гаргасан мөнгөө эргүүлэн авахаар ийм зохицуулалтыг тухайн үед хийсэн билээ. Анод банк анх 260 тэрбум төгрөгийн зээл болон авлагатай байсан. Анод банкны эрх хүлээн авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй хамтран үүний 70 тэрбумыг нь барагдуулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2010 оны наймдугаар сарын 24-ны байдлаар 70 тэрбум төгрөгийг барагдуулсан тухай бататган хэлж байлаа.
Анод банкны зээлийн өрийн үлдэгдлээс барагдуулсан дээрх 70 тэрбум төгрөгийг тус банкны зарим харилцах болон хадгаламж эзэмшигчдэд олгож хохиролгүй болгожээ. Дээр нь төв банкнаас 100 гаруй тэрбум төгрөг гаргаж Анод банкны үлдэх харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон байдаг. Ингэснээр Анод банкны дийлэнх харилцагчид мөнгөө авч хохиролгүй болсон болохыг тус банкны эрх хүлээн авагч н.Энхбат хэлдэг юм. Харин Монголбанкнаас гаргасан 100 тэрбум төгрөгийг улсад эргүүлж авах ажил үлдсэн байдаг. Анод банкны зээлийн өрийн үлдэгдлийг барагдуулж Монголбанкнаас гаргасан мөнгийг буцааж төвбанкинд байршуулах ёстой юм. Ямар ч байсан Анод банкинд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон авлага үлдээд байснаас 40 хувийг Анод банкны гурван гол хувь нийлүүлэгчээс, үлдэх 60 хувийг нь 700 орчим зээлдэгчээс гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүнийг барагдуулахад ихээхэн хүндрэлтэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн учирлаж байлаа. Анод банкны 140 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг төлөөгүй хүмүүсийн нэрсийг Анод банкны Эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн н.Зоригтбаатараас тодруулсан ч тухайн үед хэлэхээс зайлсхийж байсан удаатай. Уг нь Банкны тухай хуульд зааснаар зөвхөн хадгаламж эзэмшигчдийн нэрс нууцын зэрэгт багтдаг. Харин банкнаас зээл авсан хүмүүсийн нэрс ил тод байх ёстой юм. Гэтэл Анод банкны томоохон зээлдэгчдийн нэрс ил болсон ч, жижиг зээлдэгчдийн нэрс тодорхойгүй байсан тал бий.
4.4 Зоос банк татан буугдав
Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байлаа. Харамсалтай нь үүний 16 орчим хувь нь найдваргүй зээлийн багцад шилжсэн байсан юм. Өнгөрсөн оны мөн үеэсээ найдваргүй зээлийн хэмжээ 5 хувиар өссөн нь энэ юм. Банкны системд найдваргүй зээл нэмэгдсээр байсан нь энэ салбарын шүдний өвчин болоод зогсохгүй, зарим арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэв. Тухайлбал, найдваргүй зээлээс болж Зоос банк хүндэрсэн юм. Тиймээс Монголбанкны захирлуудын зөвлөл тэр үед хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, Монголбанкны эрх хүлээн авагч Зоос банкинд томилж, Монголбанкны хяналтад Зоос банкийг авсан юм. Тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Зоос банк яагаад ийм байдалд орсон бэ гэхээр 2008 оны дундуур голцуу Монгол газар компани болон түүнтэй холбоотой этгээдүүдэд олгосон 60 орчим тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрч, хүү төлөгдөхөө байж, чанаргүй зээлийн ангилалд орсон. Үүнтэй холбоотойгоор 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт өөрийн хөрөнгийн алдагдлын хэмжээ нь 40 гаруй тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь хасах 7 тэрбум төгрөгт хүрч, санхүүгийн хүндрэлээсээ болж харилцах, хадгаламж эзэмшигчдийн гүйлгээг саатуулахад хүрч, Монголбанкнаас нийт 30 орчим тэрбум төгрөгийн зээл авсан юм. Нэгэнт тус банк ийм байдалд хүрсэн учир Монголбанк хуулиар оногдсон үүргээ биелүүлж, төрийн нэрийн өмнөөс энэ банкийг хяналтад авах үйл ажиллагаа явууллаа. Зоос банкийг хүндрэлээс гаргахын тул Монголбанк, Засгийн газар, Хувьцаа эзэмшигчдийн зүгээс арга хэмжээ авсан. Юуны өмнө Зоос банкинд 2008 оны эцэст, 2009 оны эхээр Монголбанкнаас 17 тэрбум төгрөгийн зээл олгож, санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь зориулж туслалцаа үзүүлсэн. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас арилжааны банкуудад төлбөрийн чадварын хүндрэлийг даван туулахтай холбоотой хөрөнгө байршуулсан. Гурван банкинд байршуулсны нэг нь Зоос юм. Зоос банкинд энэ хөрөнгөөс 15 тэрбум төгрөг байршуулж, 3 тэрбумыг нь төлөөгүй ийм байдалтай байна. Үүнээс гадна, Засгийн газрын хэмжээнд Монголбанкны оролцоотойгоор 2009 онд бодит эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн нэг арга хэмжээ бол алтны урьдчилгаанд нийт 76 сая ам.долларын зээл гаднаас авч, арилжааны банкуудаар дамжуулан алтны компаниудад олгосон. Энэ арга хэмжээнд Зоос банкийг хамруулсан юм. Энэ хүрээнд 15 сая ам.долларын зээлийг тус банкаар дамжуулж алтны компаниудад олгосон. Монголбанкны тухайд тус банкин дээр 2009 оны гуравдугаар сард газар дээр нь ээлжит шалгалт хийсэн. Тэр үеэр эдгээр зээлүүдийн чанар муудаж байгаа нь илэрсэн гэх тайлбар өгч байлаа.
2009 оны эхний улиралд тэрбум төгрөгийн ашигтай ажилласан Зоос банк гэнэт хэцүүдсэн шалтгааныг тэр үеийн төв банкны удирдлага 2009 оны гуравдугаар сард явуулсан шалгалтаар Монгол газар компанийн Зоос банкнаас авсан 60 тэрбум төгрөг найдваргүй зээл болж хувирсантай холбон тайлбарлав. Тиймээс энэ банкийг хөл дээр нь босгохын тулд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 15 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан бол, Монголбанкнаас 30 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн гаднаас авсан зээлийнхээ 15 сая ам.долларыг тус банкинд байршуулж алтны санхүүжилт хийжээ. Нийт 70 гаруй тэрбум төгрөг Зоос банкинд байршуулснаас ердөө 12 тэрбумыг нь буцаан төлжээ. Харин тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 7 тэрбум төгрөг болсон байна. Ийнхүү Зоос банк байгаа хөрөнгөөсөө давсан зээл гаргасан. Нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээл олгосон. Үүний эргэн төлөлт удааширч хэвийн ажиллах чадваргүй болсон тул 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр энэ банкны суурийн дээр Төрийн банк байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Харин маргааш нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 650-р тогтоол гарч, Зоос банкинд эрх хүлээн авагч томилсон гэдэг. Ингэж л, Зоос банкийг албан ёсоор татан буулгаж, үүний суурин дээр өнөөгийн Төрийн банк сүндэрлэсэн түүхтэй. Сангийн дэд сайд асан Т.Очирхүү: банк байгуулах зөвшөөрөл эхлээд Монголбанкнаас авна. Дараа нь бүтцийн өөрчлөлт хийх тухай ярина гэсэн тайлбарыг тэр үед өгч байлаа. Зоос банкийг татан буулгаж найдваргүй зээлийн багцыг Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид үлдээж өр барагдуулах арга хэмжээ авахаар болов. Харин Зоос банкны 75 тэрбум төгрөгийн найдвартай зээл, 30 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийн хамтаар шинээр байгуулах Төрийн банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Сайн зээлийг шинээр байгуулах банкинд байршуулсан ч, энэ банкинд хөрөнгө мөнгө дутна. Тиймээс Засгийн газар бонд гаргаж дутагдаж буй хөрөнгийг нөхнө гэж тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байсан билээ. Ер нь тухайн үед Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээл гээд ойролцоогоор 150 тэрбум төгрөгийг Төрийн банк руу шилжүүлсэн бол, найдваргүй 100 гаруй тэрбум төгрөгт зориулж Засгийн газар бонд гаргаж зөрүүг нь санхүүжүүлсэн байдаг.
2008 онд батлагдсан банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг ийнхүү ямар ч хохиролгүй болгосон билээ. Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар бондын төлбөрөө буцаан авах ёстойгоос гадна, үлдэгдлийг нь банкны хувь нийлүүлэгчдэд өгөх ёстой гэлцэж байлаа. Зоос банкны гол хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголтын банк байсан гэх нь бий. Тэд банкаа хүндрэлээс гаргахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хайсан ч харамсалтай нь олдоогүй байна. Тиймээс эцэстээ Хадгаламж, Монгол шуудан банкинд нэгдэх хүсэлт тавьжээ. 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд Зоос банкны Олон нийттэй харилцах албаны захирал н.Алтанцэцэг: Зоос банкны томоохон хувьцаа эзэмшигчид Хадгаламж, Монгол шуудан банкуудад нэгдэх хүсэлтээ тавьсан гэж бататган мэдэгдэж байсан юм. Үүнээс сар гаруйхны өмнө Монгол шуудан, Хадгаламж банкууд нэгдэж нийт активын хэмжээ нь 400 тэрбум төгрөг болсон байдаг. Тэдэн дээр Зоос банк нэгдвэл нийт активын хэмжээ нь нэмэгдэж, Монголын тоотой хэдэн томоохон банкуудын нэг болох талтайг эдийн засагчид хэлж байлаа. Гэвч Хадгаламж, Монгол шуудан банкны удирдлагууд төрөөс 60 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөн тохиолдолд Зоосыг өөртөө нэгтгэнэ. Үгүй бол нэгтгэхгүй гэдэг санал Засгийн газарт хүргүүлжээ. Уг саналыг Засгийн газар хүлээж аваагүй тул Зоос банкийг Хадгаламж, Монгол шуудан банкинд нэгтгээгүй, суурийн дээр нь ийнхүү Төрийн банк сүндэрлэсэн түүхтэй. Тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн банкны дэд захирал н.Отгонбилэг нар Төрийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг удаа дараа мэдэгдэж байлаа. Зоос банкны суурин дээр байгуулагдсан Төрийн банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах тул харилцах болон хадгаламж эзэмшигчид айх аюулгүй, мөнгөө татахгүй байхыг холбогдох албаныхан учирлаж байсан юм.
4.5 Биржэд хувьцаа гаргасан банкууд дампуурав
Монгол газар компани болон түүний охин компаниуд арилжааны банкуудаас нийт 180 тэрбум төгрөгийн зээл авсан гэх дуулианыг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Үүний 100 тэрбум нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байлаа. Энэ чанаргүй зээлийн 24 тэрбум төгрөгийг ямар банк олгосон нь тодорхойгүй ч, 16 тэрбум төгрөгийг Анод, 60 тэрбум төгрөгийг Зоос банк олгосон нь тодорхой болоод байсан цаг. Анод, Зоос банкны хүндрэл найдваргүй зээлээс улбаатай. Шалтгаан нь адилхан байхад алийг нь төрийн мэдлийн банк болгож, алийг нь айлын шоовдор хүүхэд шиг орхидог юм гэсэн асуулт тухайн үед гарч байлаа. Үүнд төвбанкны удирдлагууд ялгаж салгасан юм байхгүй. Анод банкинд 50 орчим тэрбум төгрөгийн харилцах болон хадгаламж байгаа. Мөн найдвартай зээлүүд бий. Үүнийг шинээр байгуулах Төрийн банк руу шилжүүлж магадгүй гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан юм. Анод болон Зоос банкны ялгаатай тал гэвэл нэг нь татан буугдаж, нөгөөгийнх нь суурин дээр улсын мэдлийн банк байгуулагдсан явдал. Харин ижил тал нь хоёулаа хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан банкууд байлаа. Монголын хөрөнгийн зах зээлд хоёр банк үнэт цаас гаргаж арилжаалсан байдаг. Гэтэл хоёулаа хүндэрсэн нь банкууд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгож, цааш үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байгааг энэ явдал харуулсан билээ. Тухайлбал, Зоос банк одоогоос хэдэн жилийн өмнө хөрөнгийн зах зээлд хөл тавьсан байдаг. Тус банкны хувьцааг тухайн үед 636 гадаад, дотоодын иргэн эзэмшиж байлаа. Ингэхдээ томоохон хөрөнгө оруулагч зургаан хүн нийт хувьцааны 92 хувийг эзэмшиж байсан бол, гадаадын иргэд 5 хувийг, монголын иргэд 2 орчим хувийг эзэмшиж байжээ. Үүн дотор хамгийн их хувьцааг буюу 26 хувийг Европын сэргээн босголт банкныхан эзэмшдэг байсан гэх мэдээлэл бий. Зоос банк татан буугдсантай холбоотойгоор хувьцааг нь хөрөнгийн бирж дээр арилжаалахыг зогсоосон байдаг. Зоос банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулна гэсэн ойлголт байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооныхон тухайн үед хэлж байлаа.
Тиймээс Зоос банк татан буугдахад тус банкны 98 хувийг эзэмшдэг томоохон хувьцаа эзэмшигчид эрсдэлээ өөрсдөө үүрсэн хэмээн ярьдаг. Харин Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зүйл заалт байдаг аж. Тиймээс Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газраас гаргасан 100 тэрбум төгрөгийн эргэн төлбөрийг хийж, үлдэх мөнгөөр тус банкны 2 хувийг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах ажлын явц удааширсантай холбоотойгоор Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлт 2014 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр дөнгөж 38 хувьд хүрэв. Энэ нь Зоос банкны чанаргүй зээлийн дийлэнх хувийг эзэлдэг Олон овоот төсөл зогссонтой холбоотойгоор жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал хэрхэх нь тодорхойгүй болж хоцорсон юм. Тодруулбал, Монгол газар компани олон овоот төсөлдөө зориулж их хэмжээний зээл авсан ч, үүнийгээ төлөхгүй явсаар Зоос банк татан буугдахад хүрсэн билээ. Зоос банкны чанаргүй зээлийн дийлэнх хувийг олон овоот төсөлд олгосон зээл эзэлдэг. Энэ төсөлд анх 58 тэрбум төгрөгийн зээл олгосон бол, хүү торгуультайгаа нийлээд 80 орчим тэрбум төгрөг болсон тухай 2014 оны дөрөвдүгээр сарын 5 хавьцаа Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга н.Ганбат хэлж байлаа. Хожим Жаст групп олон овоотын ордыг авч дээрх чанаргүй зээлийг Монгол газар компанийн өмнөөс барагдуулахаар болсон гэдэг. Гэвч Жастынхан олон овоотын ордод үйл ажиллагаа явуулах хугацаанд, Монгол газар компанийн хэлсэн шиг 20 тонн алтны нөөцтэй бус, 4 тонн алтны нөөцтэй гэгдэх болжээ. Үүнээс болж олон овоот төсөл зогсч, үүссэн хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэг эцэслэгдсэн цагт Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах, Засгийн газар бондын үлдэгдэл 62 тэрбум төгрөгөө авах, тус банкны жижиг хувьцаа эзэмшигчид хэрхэн хохирлоо барагдуулах нь тодорхой болох байсан юм.
Анод банкны тухайд 75,5 хувийг эзэмшдэг томоохон хувьцаа эзэмшигчид Зоосын том хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил эрсдэлээ 100 хувь өөрсдөө хүлээсэн. Харин 24,5 хувийг эзэмшиж байсан 1248 жижиг хувьцаа эзэмшигчдийн 9,2 тэрбум төгрөгийн хохирлыг нөлөө бүхий гурван хувь нийлүүлэгчээс гаргуулах шүүхийн шийдвэр гарсан талаар Санхүүгийн зохицуулах хорооны Эрхзүйн хэлтсийн дарга н.Батбилэг мэдэгдэж байсан удаатай. Гэвч 2014 оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар шүүхийн шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байсан нь саяхан. Энэ нь Анодын жижиг хувьцаа эзэмшигчид шүүхээс гүйцэтгэх хуудас аваагүйтэй холбоотой болохыг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга н.Бум-эрдэнэ хэлж байсан юм. Анод банкны жижиг хувьцаа эзэмшигчид эрх ашгаа хамгаалахаар ажлын хэсэг гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо ч брокер дилерийн компаниудаар дамжуулан хувьцаа эзэмшигчид 580 төгрөгөөр хувьцаагаа худалдах эсэхийг судалж байсан тал бий. Энэ саналыг зарим хувьцаа эзэмшигч хүлээн авсан ч, зарим нь хүлээн аваагүй юм. Хэдийгээр тийм ч, Анод банкны хувьцааны хаалтын ханш болох 580 төгрөгөөр нэгж хувьцааг тооцож жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан билээ.
4.6 Хадгаламж банк татан буугдав
1940 оноос хойш иргэдэд орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж ирсэн хадгаламжийн кассын суурин дээр Хадгаламж банкийг 1996 онд байгуулсан түүхтэй. 100 хувь төрийн өмчит энэ банкийг манай улсын арилжааны банкууд дотроос хамгийн сүүлд хувьчилсан юм. Тодруулбал, 2006 оны дөрөвдүгээр сард Төрийн өмчийн хорооноос Хадгаламж банкийг хувьчлах тендер зарлаж, үүнд ОХУ-ын Братскийн ардын банк, Чингис хаан банк, Монгол даатгал компанийн хамтарсан консерциум ялжээ. Харин тэд энэ эрхээ 2007 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэрэгжүүлж, Хадгаламж банкийг хувьчилж авсан түүхтэй. Гэвч тэд 2007 оны арванхоёрдугаар сарын 4-нд Хадгаламж банкийг хойд хөршийн Коалка группэд худалдсан гэлцдэг юм. Ийнхүү Хадгаламж банк хувьчлагдсан цагаасаа оросын хөрөнгө оруулалттай явж ирсэн бол, 2010 оны дөрөвдүгээр сард Жаст группийн мэдэлд очжээ. Энэ хугацаанд Хадгаламж банк санхүүгийн хүндрэлд орсон гэгдэх Монгол шуудан банкийг өөртөө нэгтгэж, Жаст группийн мэдэлд 100 хувь очсон юм. ОХУ-ын Коалка группээс Хадгаламж банкийг худалдаж авах хэлцлийг Жаст групп 2009 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2010 оны дөрөвдүгээр сард албан ёсоор дуусгасан байна. Ийнхүү хувьчлагдсан цагаасаа хойш хэд хэдэн хүний гар дамжиж явсаар Хадгаламж банк 2013 онд төрийн мэдэлд эргэн ирсэн юм. Ингэхдээ Олон овоотын төслөөс болж Хадгаламж банк Анод, Зоосын нэгэн адил хүндэрч эцэстээ төрийн мэдэлд эргэн ирсэн талаар Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга н.Ганбат хэлдэг юм.
Жастынхан Монгол газар компанийн Голомт, Хадгаламж, Анод, Зоос банкинд төлөх өрийг барагдуулахаар тохиролцсон аж. Харин Монгол газар компаниас оронд нь Олон овоотын төслийг авсан гэж яригдах нь бий. Өөрөөр хэлбэл, Жаст групп Олон овоотын алтны үндсэн ордын үйл ажиллагааг явуулах замаар Монгол газар компанийн банкуудад тавьсан өр зээлийг барагдуулахаар болсон гэх. Тиймээс олон овоотын төсөлд зориулж охин компаниуддаа их хэмжээний зээлийг Хадгаламж банкнаас гаргаж өгчээ. Гэвч олон овоотын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор амласан өр зээлээ барагдуулж чадаагүйн дээр, Хадгаламж банк давхар хүндэрсэн юм. Муу зээлээс болж Хадгаламж банкны санхүүгийн байдал хүндэрсэн учир Монголбанкны захирлуудын зөвлөл 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр хуралдаж Хадгаламж банкийг татан буулгах шийдвэр гаргасан юм.Ийнхүү тус банкийг албан ёсоор татан буулгах шийдвэр гарснаар найдвартай зээл, харилцах, хадгаламжийг нь Төрийн банк руу шилжүүлсэн талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Батсайхан хэлж байсан удаатай. Одоогоос хэдэн жилийн өмнө арилжааны банкуудын ам бүл хоёроор цөөрч Анод болон Зоос банк хаалгаа барьсныг хэн хүнгүй мэднэ6 Байгаа хөрөнгөөсөө давсан зээлийг зах зээлд гаргасан. Цаашлаад нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээлийг олгосон гэх үндэслэлээр дээрх хоёр банкийг татан буулгах шийдвэрийг төвбанкнаас гаргасан юм. Тухайн үед төвбанк өөрөөсөө 160 тэрбум төгрөгийн зээлийг татан буугдсан Анод банкинд олгож, үүний 140 тэрбумаар нь тус банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байлаа.
Харин Зоос банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн хувь заяаг өөрөөр шийдвэрлэж, татан буугдсан энэ банкны суурин дээр Сангийн яамны мэдлийн Төрийн банк байгуулсан түүхтэй. Энэ даруй Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээл болох 150 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдсан Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн Зоос банкны найдваргүй гэгдэх 100 тэрбум төгрөгийн зээлийг нөхөх зорилгоор Засгийн газар үүнтэй тэнцэх хэмжээний бонд гаргаж, Төрийн банкинд санхүүжилт хийсэн юм. Ийнхүү Анодын харилцагчдыг хохиролгүй болгох үүднээс төвбанк өөрөөсөө 160 тэрбум, Төрийн банкийг хөл дээр нь босгох гэж Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд, нийт 260 тэрбум төгрөгийг дээрх хоёр банкны хүндрэлд зориулж төрөөс гаргасан түүхтэй. Энэ мөнгийг Анод болон Зоос банкны найдваргүй зээлийг барагдуулах замаар төрд эргүүлэн төлүүлэх ёстой юм. Гэтэлнайдваргүй зээлийг төлүүлэх явцад Анод болон Зоос банкны барьцаанд байх ёстой Монгол газар компанийн эзэмшил дэх Олон овоотын ордын тусгай зөвшөөрлүүд аль ч банкны барьцаанд байхгүй гэх дуулиант хэрэг мандах нь тэр. Олон овоотын орд гэж нэрлэгддэг уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ Монгол газар компани Зоос банкны барьцаанд тавилгүйгээр 17 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Харин Анод банкны барьцаанд тавьж 60 тэрбум төгрөгийн зээл авсан ч, оронд нь үнэд хүрэхгүй өөр зүйл барьцаалж Олон овоотын тусгай зөвшөөрлүүдээ салгаж авсан нь хожим тодорхой болсон байдаг. Дуулианы эзэн Монгол газар компани Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байсан нь тухайн үед мөн ил болов. Гэвч Олон овоотын тусгай зөвшөөрөл дотоодын аль ч банкны барьцаанд байхгүй Голдман саксын барьцаанд орчихсон байх нь тэр. Монгол газар компанийн найдваргүй зээлийг барагдуулах замаар төрөөс гаргасан 260 тэрбум төгрөгийн тодорхой хувийг барагдуулах ёстой ч, гол барьцаа нь дотоодын банкуудаас мултарч, Голдман саксийн барьцаанд орчихсон байсныг хожим мэдсэн нь энэ юм.
Тиймээс Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг Голдман саксын барьцаанаас салгаж, арилжааны банкуудын дундын барьцаанд эргүүлэн авч, төр өөрийгөө хохиролгүй болгох нь юу юунаас илүү чухлаар тавигдаж байлаа. Энэ үед Монгол газар компанийн гадаад, дотоодын байгууллагуудад тавьсан өрийг Жаст групп худалдаж авах санал гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол газар компанийн гадаад, дотоодын банкуудад тавьсан өрийг төлж оронд нь Олон овоотын ордын эзэмшигч болох хүсэлтийг Жаст группын зүгээс гаргажээ. Ингээд Монгол газар компанийн эзэмшилд байсан Олон овоотын тусгай зөвшөөрлүүд Жаст группын охин компани болох Олон овоот гоулд руу шилжсэн байна. Энэ талаар 2010 он хавьцаа Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга асан.Даваацогт: Ашигт малтмалын тухай хуулийн 51-р зүйлд зааснаар бол тусгай зөвшөөрлийг арилжааны банкуудад барьцаалж, үүнийг нь холбогдох газар бүртгэн авах хуультай. Түүнээс аль нэг дурын байгууллагад барьцаалах хууль эрхзүйн үндэс байхгүй хэмээн хэлж байлаа. Тиймээс энэ зүйл заалтын үндэс болгож Олон овоотын тусгай зөвшөөрлийг Голдман саксад барьцаалах үед Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс барьцаанд тавигдсан гэж бүртгэн авсан нь хууль бус үйлдэл байсан талаар Монгол газар болон Олон овоот гоулд компанийнхан холбогдох газарт гомдол гаргажээ. Үүнийг холбогдох албаныхан шалгаад, Олон овоотын тусгай зөвшөөрлийг арилжааны банкуудад барьцаалж болохоос Голдман сакс-т барьцаалах үндэсгүй гэж үзсэн байна. Тиймээс өмнө нь Монгол газар компанийн нэр дээр байсан тусгай зөвшөөрлүүдийг Олон овоот гоулд компани руу шилжүүлжээ. Ийм замаар Жаст групп Олон овоот гоулд охин компаниараа дамжуулан Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт орших Олон овоотын алтны үндсэн ордыг эзэмшихээр болжээ. Үүний хариуд Монгол газар компанийн Голдман сакс болон Анод, Зоос, Голомт, Хадгаламж банкинд өгөх өрийг төлөхөөр тохиролцсон гэх мэдээлэл бий.
Дуулианы эзэн Монгол газар компани тухайн үед Зоос банкинд 60 тэрбум, Анод банкинд 17 тэрбум, Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байсан гэж албаныхан хэлдэг. Үүнийг төлөх үүргийг Жаст компани нуруун дээрээ үүрч, олон овоотын ордыг эзэмшихээр болсон гэсэн үг. Ийм үүрэг хүлээсэн Жаст групп зээлийн өрөө төлөхгүй байж магадгүй тул Олон овоот гоулд компанийн эзэмшилд ирсэн Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг Голомт, Хадгаламж, Анод, Зоос банкны дундын барьцаанд нөхөн авсан юм талаар 2010 он хавьцаа Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Лхагвасүрэн хэлж байсан юм. Жаст групп Олон овоотын ордын үйл ажиллагааг явуулж дотоодын банкуудад амласан өрөө төлөх үүднээс, олон овоотын төсөлд зориулж 12 охин компанидаа 162 тэрбум төгрөгийн зээлийг Хадгаламж банкнаас гаргаж өгсөн ч, төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ. Монгол газар компани Жаст группэд олон овоотын ордоо өгөхдөө 25 тонн алтны нөөцтэй гэсэн баталгаа тухайн үед гаргаж өгсөн байна. Харин Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл олон овоотын ордыг 18 тонн алтны нөөцтэй гэж бүртгэжээ. Гэтэл Жаст групп өнгөрсөн хугацаанд Олон овоотын ордод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахад, Монгол газар компанийн хэлсэн шиг их хэмжээний нөөц байгаагүй, ердөө 4 тонн алтны нөөцтэй байсан гэж Жаст группын захирал н.Батхүү мэдэгдэж байсан удаатай. Тиймээс олон овоотын ордын үйл ажиллагааг явуулдаг Олон овоот гоулд компани 2012 онд 97 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул, Жаст групп охин компаниудынхаа Хадгаламж банкнаас зээлсэн 162 тэрбум төгрөгийг төлж дийлэхгүйд хүрчээ. Мөн амласан ёсоор бусад банкуудад төлөх өрийг барагдуулж чадаагүй байна. Энэ үйл явдлаас болж Хадгаламж банк татан буугдсан юм. Тухайн үед тус банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн юм. Тэр үед Хадгаламж банкны найдваргүй зээлтэй тэнцэх хэмжээний бондыг Засгийн газар гаргаж, Төрийн банкийг хүндрэлгүй болгох тухай асуудал яригдаж байсан билээ. Ийнхүү олон овоотын төслөөс болж Анод, Зоосын араас Хадгаламж банк хаалгаа барьсан нь энэ билээ. Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойш Олон овоотын төслөөс болж гурван ч банк хаалгаа барьсан юм. Хадгаламж банк 2009 онд хүндрэлд орсон гэгдэх Монгол шуудан банкийг өөртөө нэгтгэсэн тухай дээр өгүүлсэн. Үүнийг оролцуулбал, олон овоотын ордоос болж дөрвөн банк хаалгаа барьсан болж таарах нь. Эдгээрээс Зоос болон Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж, Анод ганцаараа дампуурсан дүр зураг харагддаг. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн банкууд Төрийн банкны халаас руу орсон юм. Харин Төрийн банкны үйл ажиллагаа жигдэрмэгц хувьчилна гэж тухайн үед яригдаж байсан нь нууц биш юм.
4.7 Олон овоот олныг төөрөгдүүлэв
Монгол газар компани Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон овоотын лицензээ Анод, Зоос, Хадгаламж, Голомт банкинд барьцаалж их хэмжээний зээл авснаас гадна, Америкийн Голдман сакс-т барьцаалж амжсан гэдэг. Гадаад, дотоодын банкуудын барьцаанд байж байх ёстой олон овоотын лиценз удалгүй Олон овоот гоулд компанийн эзэмшилд очсон гэх мэдээлэл бас гарч байлаа. Гэтэл 2011 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Олон овоотын лиценз шүүх дээр байгаа. Энэ лицензийг худалдаж байж ирэх оны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлнэ гэж мэдэгдэх нь тэр. Ийнхүү Олон овоотын лицензтэй холбоотой асуудал ар араасаа хөвөрч, олон овоотын лиценз ямар замаар олон банкны барьцаанд тавигдаж, эзэмшил нь өөрчлөгдөөд, эцэстээ шүүхэд очив гэсэн оньсого шиг асуулт үргэлжилж, олныг төөрөгдөлд оруулсан юм. Тэгвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон овоот, Овоот толгой, Толгой, Гоёот улаан, Гоёот хэмээх газруудад олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 13 тусгай зөвшөөрөл байжээ. Ингэхдээ зургаан ашиглалтын, долоон хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ. Эдгээрийг нэгдсэн байдлаар Олон овоотын орд гэж томьёолж ирсэн байна. Монгол газар компани олон овоотын дээрх лицензийг анхнаасаа Зоос банкны барьцаанд огт тавьж байгаагүй болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлдэг. Монгол газар компани Зоос банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл авах нь авсан. Гэхдээ олон овоотын ордоос ондоо газар байрлах 22 хайгуулын лиценз, уул уурхайн тоног төхөөрөмж, тариалангийн газрын гэрчилгээ зэргийг барьцаанд тавьж зээл авчээ. Харин Монгол газар компани Олон овоотын хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг Анод банкинд барьцаалж зээл авсан гэдэг нь баттай юм. Тус компани 2003 он хавьцаа Олон овоотын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Анод банкинд барьцаалж 20 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэхдээ 2007 оны арванхоёрдугаар сард Анод банкны удирдлагууд Олон овоотын лицензүүдийг барьцаанаас чөлөөлсөн байна. Монгол газар компани барьцаагаа өөрчилж оронд нь ондоо ордуудын лицензийг барьцаалах санал Анод банкинд тавьсан гэнэ. Үүнийг үндэслэж Олон овоотын лицензийг барьцаанаас салгаж, оронд нь өөр зүйл барьцаалж байжээ. Өөрөөр хэлбэл, барьцаагаа өөрчилсөн гэсэн үг юм. Монгол газар компани ийм маягаар Олон овоотын ордын лицензээ Анод банкны барьцаанаас салган авчээ.
Гэвч тун удалгүй Монгол газар компани олон овоотын лицензийг америкийн Голдман сакс банкинд бус, түүний толгой Голдман сакс интернэшнл лимитед компанид барьцаалж 50 сая доллар зээлсэн гэх дуулиан дэгдсэн билээ. Ийнхүү олон овоотын тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд хэрхэн барьцаалав гэдгийн учир ийн тайлагдав. Гэхдээ Анод банкны барьцаанаас салгаж Америкийн Голдман сакс-д барьцаалсан гэгдэж буй Олон овоотын лицензийн эзэмшигч нь эхлээд Монгол газар компани байсан бол, удалгүй Олон овоот гоулд компанийн эзэмшилд орчихсон нь хачирхалтай. Энэ талаар тэр үеийн Ашигт малтмалын газрын Статистикийн хэлтсийн дарга Даваацогт: Арилжааны банкуудын барьцаанд тавигдсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бүртгэж авдаг. Монгол газар компани олон овоотын тусгай зөвшөөрлийг АНУ-ын Голдман сакс-т барьцаалах үед Ашигт малтмалын кадастрын хэлтэс олон овоотын тусгай зөвшөөрөл барьцаанд тавигдсан гэж давхар бүртгэсэн ч, энэ нь хууль бус үйлдэл гэж Монгол газар компани болон Олон овоот гоулд компанийнхан үзэж Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байдаг. Үүнийг холбогдох албаныхан шалгаад олон овоотын лицензийг гадаадын байгууллагад барьцаалж, түүнийг нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс барьцаанд бүртгэсэн нь хууль бус үйлдэл болжээ хэмээн үзсэн гэх утгатай тайлбар өгч байсан юм. Энэ дагуу олон овоотын тусгай зөвшөөрлийг барьцаанд тавигдсан гэх бичилтээс хасч, эзэмшлийг нь өөрчилжээ. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 51-р зүйлд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч болно гэж заасан байдаг аж. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэг компаниас нөгөө компанид барьцаалж болохгүй тул Голдман сакс интернэшнэл лимитед компанид барьцаалсан Олон овоотын лицензийг Монгол газар компанийн эзэмшлээс хасч, Олон овоот гоулд компани руу шилжүүлсэн байна.
Ингэх хүсэлтийг ч 2009 оны арваннэгдүгээр сард Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Үүнийг үндэслэж, Ашигт малтмалын газрынхан Монгол газар компанийн мэдэлд байсан Олон овоотын лицезүүдийг Олон овоот гоулд компани руу шилжүүлжээ. Гэтэл Олон овоот гоулд нь Монгол газар болон Жастын хамтарч байгуулсан компани гэх мэдээлэл цацагдаж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Өөрөөр хэлбэл, Монгол газар компани тусгай зөвшөөрлүүдээ нэг халааснаасаа нөгөө халаас руугаа хийчихсэн байх магадлалтай болж хувирсан юм. Монгол газар компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг Олон овоот гоулд компани руу шилжүүлсэн учир АНУ-ын Голдман сакс барих барьцгүй болж, барьцаа хөрөнгөгүй хоцорсон нь мэдээж. Өөрөөр хэлбэл, Голдман сакс мөнгө ч үгүй, барьцаа ч үгүй болж мэдэхээр болов. Алтны ордын лиценз Олон овоот гоулд компанид бүртгэлтэй болсон учир Америкийн Голдман сакс компани арга мухардаж манай улсыг олон улсын арбитрийн шүүхэд өгөх дээрээ тулсан юм. Энэ тухай тэр үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Алтангэрэл дээрх тайлбарыг өгч байсан юм. Олон овоотын лиценз буюу барьцаа нь өөр эзэмшигчтэй болж Америкийн Голдман Сакс барьц алдаж суух зуур тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт энэ ордын лиценз шүүх дээр байгаа. Үүнийг эргэлтэд оруул 2011 оны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлнэ гэж мэдэгдсэн удаатай. Эндээс Голдман сакс компанийн гараас мултарч Олон овоот гоулдын эзэмшилд очсон лиценз үнэхээр шүүх дээр бий юу гэх асуулт урган гарч байлаа. Үүнд тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: Алтны ордын лиценз Олон овоот гоулд компанид байгаа тухай хэлж байсан юм. Хэдийгээр Олон овоот гоулд компанийн эзэмшилд очсон ч, олон овоотын ордын тусгай зөвшөөрлүүдийг арилжааны банкуудын зээлийн барьцаанд хожим эргүүлэн авсан байдаг. Монгол газар компани Зоос банкинд 60 тэрбум, Анод банкинд 17 тэрбум, Голомт банкинд 20 тэрбум, Хадгаламж банкинд 20 тэрбум төгрөгийн өртэй байжээ. Тиймээс дээрх 4 банкны өрийн барьцаанд Олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг нөхөж авсан тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлдэг билээ. Анхнаасаа аль ч банкны барьцаанд байгаагүй олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг арилжааны банкуудын дундын барьцаанд авчирсан нь энэ. Олон овоотыг эргэлтэд оруулах замаар арилжааны банкуудын зээлийн өрийг барагдуулах, Анод болон Зоос банкийг хүндрэхэд төрөөс гаргасан мөнгийг эргүүлэн авах ёстой хэмээн эрх баригчид тухайн үед үзэж байсан юм.
4.8 Кредит свиз Голомтын хувь нийлүүлэгч болсонгүй
Голомт банк 2007 оны тавдугаар сар Щвейцарын Кредит свиз банкнаас 10 сая ам.долларын зээл буюу хоёрдогч өглөг авчээ. Энэ зээлийн гол онцлог нь гэрээнд заасан хугацааны эцэст зээл олгогч тал хоёрдогч өглөгийг тухайн банкны дүрмийн санд оруулж, хувь нийлүүлэгч болж болдог. Өөрөөр хэлбэл, Кредит свиз банк 10 сая ам.долларын хоёрдогч өглөгөө Голомт банкны дүрмийн санд оруулж, тус банкны хувь нийлүүлэгч болох боломжтой байсан гэсэн үг. Гэвч тус банк энэ өглөгөө Голомт банкны дүрмийн санд оруулсангүй, тус банкны хувь нийлүүлэгч болсонгүй. Щвейцарын Кредит свиз банк Голомт банкинд өгсөн зээл буюу хоёрдогч өглөгөө хүүгийн хамт 2012 онд авсан байна. Өөрөөр хэлбэл, Кредит свиз болон Голомт банкны хоорондын өгөө аваа хугацаандаа дууссан байгаа юм. Харин Абу Дабигийн сан 2010 онд Голомт банкинд 25 сая ам.долларын хоёрдогч өглөг өгчээ. Абу Дабигийн сан энэ зээлээ хугацаа нь дуусаагүй байхад буцаан татах сонирхолтой байсан болохыг Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлж байсан удаатай. Тиймээс тус банкныхан гэрээнд заасан хугацааны эцэст хоёрдогч өглөгийг нь өгнө гэж төлөвлөж байжээ. Үүнийг хувь нийлүүлэгчид Голомт банкнаас хөрөнгөө татаж эхэллээ гэж олон улсын болон дотоодын хэвлэлүүдээр мэдээллэсэн аж. Тиймээс манай улсын арилжааны ууган банкуудын нэг болох Голомт банкнаас харилцагчид болон хадгаламж эзэмшигчид нь дайжиж байна гэсэн мэдээлэл нэгэн үе гарсан юм.
Д.Ганбат: Олон овоот төсөлд олгосон зээлээс болж Голомт хүндрэхгүй
Анод, Зоос, Хадгаламж банк татан буугдахад бүх хохирлыг төрөөс гаргасан. Энэ гурван банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төр өөрийгөө хохиролгүй болгох ёстой ч, энэ ажлын явц удаашралтай байсан юм. Үүнээс гадна Голомт банк хүндэрлээ гэсэн яриа газар авсан учраас эдгээр асуудлаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбаттай 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр ярилцсан юм.
– Анод банк татан буугдахад төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж тус банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанкнаас гаргасан мөнгийг эргүүлж авах ёстой. Үүний явц ямар байна?
– Анод банкинд компанийн засаглал ихээхэн доголдсонтой холбоотойгоор 2008 арванхоёрдугаар сард онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг олгох шаардлага тулгарч байлаа. Тиймээс ч, төвбанк тэр үед өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж, Анод банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанкнаас гаргасан энэ мөнгийг эргүүлэн авах ёстой. Эрх хүлээн авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран Анод банкны чанаргүй зээлийг барагдуулаад явж байна. Үүний үр дүнд, төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлэн авсан.
– Төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлж авсан гэхээр, цаана нь 70 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна. Үүнийг төлүүлөх боломж, бололцоо хэр байгаа вэ?
-Анод банк анх 260 тэрбум төгрөгийн зээл болон авлагатай байсан. Үүний 120 тэрбум төгрөгийг нь манай эрх хүлээн авагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран барагдуулаад байна. Энэ мөнгөний 70 тэрбумыг нь төвбанкинд өгсөн. Өөрөөр хэлбэл, Анод банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс төвбанкнаас гаргасан 140 тэрбум төгрөгийн 70 тэрбумыг нь буцаан авсан гэсэн үг. Үлдэх мөнгөө Анод банкны чанаргүй зээлийг барагдуулж байж эргүүлэн авах ёстой. Одоогийн байдлаар Анод банкинд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон авлага байгаа. Үүнийг барагдуулахад хүндрэл гарч байгаа. Тухайлбал, Анод банк барьцаагүй зээл олгосон нь өр барагдуулалтыг удаашруулж байна. Мөн зээлдэгчид хаяг дээрээ байдаггүй нь чанаргүй зээл барагдуулах ажлыг хүндрүүлж байгаа. Мөн уул, уурхайн машин, тоног төхөөрөмжийн чанар муудаж, зарим барьцаа хөрөнгө үнэгүйдэж байна.
– Анод банкны үлдэх чанаргүй зээл болон авлагын тодорхой хувийг банкны хувь нийлүүлэгчид төлөх ёстой байгаа шүү дээ?
– Анод банкны гурван гол хувь нийлүүлэгчээс улсад учруулсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тус банкны үлдээд байгаа 140 тэрбум төгрөгийн авлагын 40 хувийг нь тэднээс авах ёстой байгаа. Одоогоор тэдний зүгээс ямар нэгэн хохирол барагдуулаагүй байна. Харин үлдэх 60 хувийг нь 700 орчим зээлдэгчдээс авах ёстой юм. Үүнд Олон овоот төсөлд олгосон зээл ч хамаарч байгаа. Монгол газар компанийн Олон овоотын төсөлд зориулж авсан зээлийг хожим Жаст групп төлөхөөр болсон шүү дээ. Энэ хүрээнд, Анод банкнаас Олон овоот төсөлд олгосон зээлийн 1 тэрбумыг нь Жаст групп өнгөрсөн хугацаанд барагдуулсан. Одоо тус төсөлтэй холбоотой 15 гаруй тэрбум төгрөгийн зээл Анод банкин дээр байна.
– Анодын араас Зоос банк татан буугдсан байдаг шүү дээ. Тухайн үед Зоос банкны хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд, Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа. Зоос банкны найдваргүй, чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газрын бондын эргэн төлбөрийг хийх ёстой байгаа. Энэ ажил хэдэн хувьтай явна?
– Энэ банк Анодын нэгэн адил зээл олголт дээрээ бас л тодорхой хэмжээний засаглалын алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг этгээдэд хэтэрхий их хэмжээний зээл олгосноос болж тус банк хүндэрсэн. Тиймээс Засгийн газар 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 348 тогтоолоор Зоос банкны суурийн дээр Сангийн яамны мэдлийн Төрийн банк байгуулах шийдвэр гаргаж байлаа. Харин маргааш нь Монголбанкны ерөнхийлөгчийн 650-р тогтоол гарч Зоос банкийг албан ёсоор татан буулгасан юм. Ингээд Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн. Дээр нь хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн үүднээс засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж Төрийн банкинд олгосон байдаг. Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газраас гаргасан бондын эргэн төлбөрийг хийж байна. Одоо 62 тэрбум төгрөгийн бондын төлбөрийн үлдэгдэл байна.
– Зоос банк Анодын нэгэн адил Монгол газар компанийн Олон овоот төсөлд зээл олгосон байдаг. Гэхдээ Анодыг бодвол их хэмжээний зээл олгосон байгаа. Олон овоотын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бондын эргэн төлөлт удаашралтай байгаад байна уу?
– Монгол газар компанийн Олон овоот төсөлд Зоос банкнаас олгосон зээл 60 орчим тэрбум төгрөг байдаг. Хүүг нь нэмж тооцвол 80 орчим тэрбум төгрөг болох байх. Үүнийг барагдуулсан бол, Засгийн газрын бондын эргэн төлбөрийг хийх бүрэн боломжтой байлаа. Гэвч төсөл цааш үргэлжлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр үйл ажиллагаа нь зогсчихсон байж байна. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Уг нь барьцаанд ашигт малтмалын нэлээд хэдэн тусгай зөвшөөрөл бий л дээ. Тэрийг хэрхэн шийдвэрлэж зээлийг нь төлүүлж хохирлоо барагдуулах вэ гэдэг асуудал ер нь жаахан явц муутай байна. Яагаад вэ гэхээр ашиглалт хийгдэж байсан үйлдвэр зогсчихсон. Нөөцийн талаар эх сурвалжууд хоёр, гурван зөрүүтэй тоо хэлээд байдаг боллоо. Зарим нь 18-20 тонн алтны нөөцтэй гэдэг. Зарим нь 4 тонн алтны нөөцтэй гэж мэдэгддэг. Хэрэв үнэхээр 4 тонн нөөцтэй бол үүнийг авахын тулд их өндөр зардал гарах учраас цаашид ажиллахад хүндрэлтэй байх талтай. Ямар ч байсан одоогоор Засгийн газар ажлын хэсэг гаргаад Олон овоотын ордын нөөцийг дахин тогтоох тухай ярьж байгаа юм билээ.
-Хадгаламж банкийг өнгөрсөн оны долдугаар сард Төрийн банкинд нэгтгэсэн. Хадгаламж банк хүндэрсэн нь нөгөөх л Олон овооттой холбоотой гэх. Энэ банкны чанаргүй зээлийн яг хэдэн хувь нь Олон овоотын төсөлд олгогдсон байдаг юм бол?
– Хадгаламж банкинд нийт 180 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байсан. Үүний 60 тэрбум нь Олон овооттой холбоотой гэж ойлгож болно. Үлдэх 120 тэрбум төгрөгийн зээлийн дийлэнхийг Жаст групптэй холбоотой компаниудад олгосон байсан. Мөн Монгол шуудан болон Хадгаламж банкийг нийлүүлэхэд үүссэн авлага байгаа. Үүнээс болоод банк төлбөрийн чадварын эрсдэлд орсон. Тиймээс тус банкны сайн актив болон харилцах, хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн.
-Тухайлбал ямар авлага гэж?
– Монгол шуудан болон Хадгаламж банкийг нэгтгэхэд 50 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байсан. Үүнийг гурван жилийн хугацаанд эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Эс бөгөөс банкны хувь нийлүүлэгч Жаст групп тэр хэмжээгээр хөрөнгө оруулах үүргийг Монголбанкнаас авсан байдаг. Энэ амлалтынхаа хүрээнд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр хийсэн. Ер нь бол 50 орчим хувийг нь төлүүлсэн, үлдсэн 50 хувийг нь чадаагүй. Үүнд зориулж Жаст групп нэмж хөрөнгө оруулах ёстой байсан ч, төвбанкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дээр нь бусад чанаргүй зээлүүдтэй холбоотой эргэн төлөлт хийх, эсвэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд биелүүлж чадахгүй болж эхэлсэн л дээ.
– Хадгаламж банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн байдаг шүү дээ. Актив пассивийн зөрүү 120 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпораци төвбанкнаас арван жилийн хугацаатай зээлж, Төрийн банк руу шилжүүлсэн гэгдэж байгаа?
-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан. Энэ хуулийн дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийн хохирлыг нөхөн олгох ёстой. Тухайн үед тооцоо судалгаа хийгээд үзэхэд 20 хүртэлх сая төгрөгийн нийт хадгаламж 426 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Өөрөөр хэлбэл, банкийг татан буулгавал шууд гарч болох зардал 426 тэрбум төгрөг болох байсан гэсэн үг. Төрийн банк руу хадгаламж, харилцах, найдвартай зээлийг шилжүүлвэл 120 тэрбум төгрөгийн актив пассивын зөрүү гарахаар байсан. Энэ зөрүүг санхүүжүүлээд явах хуулийн гарц байсан л даа тухайн үед. Тиймээс гарч болох зардлыг тооцоод аль болох бага зардал гарах замыг бид сонгосон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч тухайн үед Хадгаламжийн даатгалын корпораци банкуудаас даатгалын шимтгэл, хураамж авч эхлээгүй байсан учраас нөхөн төлбөрт гаргах мөнгийг ямар нэг эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай тулгарсан. Тиймээс ч, Монголбанк системийн тогтвортой байдлыг хангах үүднээс тухайн үед Хадгаламжийн даатгалын корпорацид 10 жилийн хугацаатай 120 тэрбум төгрөг зээлсэн. Үүнийг тус корпоаци цааш нь Төрийн банкинд өгсөн юм.
– Анод, Зоос, Хадгаламж банкуудын олон овоот төсөлд олгосон зээл тэднийг хаалгаа барихад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгвэл энэ ордын тусгай зөвшөөрлүүд Голомт банкны барьцаанд давхар байдаг байх юм. Ингэхдээ, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх мэдээлэл байна?
– Олон овоотын төсөлтэй холбоотой хамгийн том зээлүүд Зоос болон Хадгаламж банкинд байгаа. Би түрүүн дурдсан. Олон овоотын төсөлд зориулж Зоос банк 60 орчим тэрбум, Хадгаламж банк 60 тэрбум төгрөгийн зээл тус тус гаргасан. Харин Анод болон Голомт банкинд арай бага хэмжээний зээлүүд бий. Тухайлбал, Анод банкинд 16 тэрбум төгрөгийн зээл байгааг би түрүүн дурдсан. Хэдийгээр эдгээр банкуудаас ийм хэмжээний зээл авсан ч, барьцаа нь хангалтгүй байсан. Ер нь бол аль ч банкны барьцаанд олон овоотын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд анх байгаагүй. Тиймээс Монголбанкнаас арга хэмжээ авч, дээрх гурван банкны дундын барьцаанд олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авсан юм. Өөрөөр хэлбэл, бүх тусгай зөвшөөрлүүдийг дээрх банкуудын дундын барьцаанд оруулж бүртгүүлсэн юм. Мөн Голомт банкны барьцаанд давхар оруулсан. Өөрөөр хэлбэл, олон овоотын тусгай зөвшөөрлүүд өнөөдөр Анод, Зоос, Хадгаламж, Голомт банкны дундын барьцаанд байгаа. Голомт банкны системийн 21 хувийг эзэлдэг буюу 3,7 их наяд төгрөгийн активтай. Олон овоотын төсөлд олгосон зээлээс болж Голомт банкинд бодитоор учрах эрсдэл бага.
– Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Голомт банк хүндэрчихлээ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ нь хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
– 2013 оны тавдугаар сард Голомт банктай холбоотой мэдээлэл анх цацагдсан л даа. Тухайн үед Бодь интернэшнл компанийн хувь нийлүүлэгчдийн дунд өмчөө хэрхэн хуваах вэ гэдэг маргаан гарсан юм шиг байгаа юм. Голомт банкны 85 хувийг Бодь интернэшнл эзэмшдэг. Тэр ч утгаараа, Бодийн хувь нийлүүлэгчдийн маргаанаас болж Голомт хүндэрсэн гэх мэдээлэл цацагдсан гэж ойлгож байгаа. Монголбанк сар бүр банкуудад хяналт тавьж, жилд хоёроос гурван удаа газар дээр нь очиж шалгалт хийдэг. Төвбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна уу гэдгийг нягталдаг. Манайхаас нөлөө бүхий томоохон банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа 14 хувь байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Голомт банкны тухайд 2013 оны жилийн эцсийн байдлаар өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь үүнээс 1,9 хувиар өндөр буюу 15,9 хувь байсан. Системийн дундаж үзүүлэлт 15,93 хувь байгаа. Тэгэхээр өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь системийн дундаж хэмжээнд байна гэж ойлгож болно. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой гэсэн шалгуурыг манайхаас мөн тавьдаг. Голомтын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 44 хувь байгаа. Банкны системийн хувьд нийт зээлийн 2,51 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа. Голомт банкны тухайд бол чанаргүй зээл 3 хувьтай байгаа. Чанаргүй зээлийн хувийн жин 5 хувиас хэтрээгүй тохиолдолд хэвийн гэж үздэг. Тэгээд ч банкууд чанаргүй зээлийг нөхөх эрсдэлийн сантай байдаг учраас 3 хувь бол асуудалгүй. Эдгээрээс дүгнээд хэлэхэд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа. Голомтын томоохон хувьцаа эзэмшигч болох Бодь интернэшнл компанийн хувь нийлүүлэгчдийн маргаанаас болж Голомт хэцүүдлээ гэх яриа тараад байгаа юм болов уу гэж бодож байна.
– Голомт банкны хувь нийлүүлэгчид хөрөнгөө татлаа гэсэн яриа давхар гарах болов. Энэ банкны дүрмийн сангийн тухайд?
-Голомт банкны 85 хувийг Бодь интернэшнл компани, 10 хувийг Щвейцарын Свисс-МО Инвестмент хөрөнгө оруулалтын сан, 5 хувийг Голландын Трафигура Бэхээр Би.Ви хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг. Голомт банк ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг 2011 онд баталсан байдаг. Энэ хүрээнд тус банкны ажилчид 0,5 хувийг эзэмшиж байна. Ер нь банкны хувьцаагаа бусдад шилжүүлэх тохиолдолд төвбанкинд урьдчилж мэдэгдэх ёстой. Хэлцэл хийгдэхээс өмнө Монголбанкинд мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт бий. Манайд Голомт банкны хувь нийлүүлэгчид болох Бодь интернэшнл, Свисс-МО Инвестмент, Трафигура Бэхээр Би.Ви компаниудаас, мөн тус банкны ажилчид дундаас хувьцаагаа заръя гэсэн хүсэлт ирээгүй. Монголбанкнаас тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байгаа. Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сан нь 42 тэрбум төгрөг байгаа. Харин өөрийн хөрөнгө нь 315 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
– Кредит Суис болон Абу Дабигийн сан Голомт банкинд зээл буюу хоёрдогч өглөг байршуулсан ч, үүнийгээ татна гэсэн мэдээлэл давхар гараад байгаа?
–Кредит суис өмнө нь 10 сая долларын хоёрдогч өглөг Голомт банкинд байршуулсан байсан. Үүний хугацаа дуусмагц 2012 онд хоёрдогч өглөгийн төлбөрийг Кредит Суист буцааж өгсөн юм билээ. Мэдээж хүний мөнгө авч ашигласан юм чинь Голомт банк хүүг нь төлсөн байх. Хэвлэлээр Кредит суис мөнгөө аваагүй юм шиг. Дээр нь 90 сая долларын асуудал байна гэж бичсэн байсан. Ер нь энэ банкинд 90 сая долларын асуудал ерөөсөө байхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна. Абу Дабигийн сангийн хувьд Голомт банкинд 25 сая долларын зээл буюу хоёрдогч өглөгийг таван жилийн хугацаатай байршуулсан байгаа. Хугацаа нь 2015 оны арванхоёрдугаар сард дуусах ёстой ч, Абу Дабигийн сан хугацаанаас нь өмнө мөнгөө авах сонирхолтой байгаа юм билээ. Гол шалтгаан нь нөгөөх хувь нийлүүлэгчдийн маргаантай холбоотойгоор Голомт хугацаанд нь амжиж санхүүгийн тайландаа аудит хийлгээгүй юм билээ. Зарим нь үүгээр хийлгэнэ гэхэд, зарим нь тэрүүгээр хийлгэнэ гээд санхүүгийн тайландаа аудит хийлгэж чадалгүй жаахан хугацаа алдсан гээд байгаа. Тиймээс Абу Дабигийн сан зээлийн хугацаа дуусахаас өмнө мөнгөө авна гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн.
– Абу дабигийн сан Голомтоос мөнгөө нэхэж байна гэсэн энэ мэдээлэл, тус банкны хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татахад хүргэх вий дээ?
– Абу Даби болон Кредит Суисийн талаар мэдээлэл гарсны дагуу өдөр бүр Голомт банкны эх үүсвэр дээр ямар хөдөлгөөн гарч байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Ямар нэг өөрчлөлтгүй хэвийн байна. Харилцах болон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаагүй гэсэн хариултыг өгсөн юм.
Банкны секторт ямар нэг асуудал үүсвэл гал унтраах бололцоотой
Төвбанкнаас тавьж буй зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг Голомт банк хангаж байгааг тэр үеийн Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат ийнхүү хэлж байлаа. Үүнээс гадна, банкны хувь нийлүүлэгчид хувьцаагаа бусдад шилжүүлэх тохиолдолд заавал төвбанкинд мэдэгдэх ёстой байдаг. Тэр үед ийм хүсэлт ирүүлээгүй болохыг төвбанкныхан хэлж байсан юм. Баттай эх сурвалжуудын хэлснээр Голомт банкны санхүүгийн байдал хэвийн ч, хувь нийлүүлэгчид хөрөнгөө хуваах, ашиг орлого дээрээ тохиролцохгүй байгаа гэх мэдээлэл гарч байсан нь нууц биш. Тиймээс зарим хувь нийлүүлэгч нь Голомт банкны байдлыг хүндрүүлэх сонирхлоор цуу тараасан байж болзошгүй гэсэн хардлага байсныг хөндлөнгийн шинжээчид хэлж байсан юм. Эндээс хувь нийлүүлэгчдийн маргаан хадгаламж эзэмигчдийг хохироох ёстой юу гэсэн асуулт гарч байлаа. Хэдийгээр Голомт банк санхүүгийн хувьд хэвийн байсан ч гэсэн нийгэмд газар авсан цуу яриа харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийг тус банкнаас мөнгөө татахад хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Банк гэдэг итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хэрэв хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, банк татан буугдахад хүрвэл харилцагчдын хохирлыг барагдуулах мөнгө Хадгаламжийн даатгалын санд бий юу. Үүнд Хадгаламжийн даатгалын сангийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэн: Хадгаламжийн даатгалын санд төвбанкнаас 50 тэрбум төгрөг, Сангийн яамнаас 35 тэрбум төгрөгийг байршуулсан. Харин банкуудын хувьд 2013 онд нийт хадгаламжийг 17 тэрбум төгрөгөөр даатгуулсан. Үүгээр тооцвол Хадгаламжийн даатгалын санд 102 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Банкны секторт ямар нэг асуудал үүсвэл гал унтраах бололцоотой гэсэн тайлбарыг өгч байсан юм.
4.9 Транс банкны хувьцааг худалдсан нь
1997 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч, санхүүгийн зах зээлд нэгэн шинэ банк мэндэлсэн нь Тээвэр хөгжлийн банк буюу Транс банк байлаа. Тээвэр хөгжил банк төлбөр тооцоо хийх, зээл олгох, хадгаламжийн үйлчилгээ эрхлэх, үнэт зүйл хадгалах, үнэт цаас худалдах болон худалдан авах, гадаад валютын арилжаа явуулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ явуулахаар төвбанкнаас зөвшөөрөл авчээ. Тус банкийг анх 400 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулж байжээ. Тэгвэл санхүүгийн зах зээлд долоон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст дүрмийн сан нь 10 дахин нэмэгдэж, 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч Монголбанкны ерөнхийлөгч 2004 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 8 тэрбум төгрөгт хүргэх 200 тоот тушаал гаргажээ. Тушаал ёсоор бол арилжааны банкууд 2006 оны гуравдугаар сарын 31-ны дотор дүрмийн сангаа 8 тэрбум төгрөгт хүргэх ёстой болов. Тиймээс арилжааны бүхий л банк мөнгөний эрэлд мордож хөрөнгө оруулагч хайж эхэлжээ. Транс банк ч гэсэн тэдний нэгэн адил мөнгөний эрэлд мордож хөрөнгө оруулагч хайж эхэлсэн гэдэг. Тухайн үед Транс банкинд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо гаднын цөөнгүй компани тавьж байсан ч, Щвейцарын хөрөнгө оруулалттай Инфрастракчер компанийг сонгож хамтарч ажиллахаар болсон байна. Щвейцар улс банк санхүүгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг учраас ийм сонголт хийсэн байна. Инфрастракчер компанийн захирал Армин Видеркер Иохан Транс банкийг Щвейцарын дайтай банк болгоно гэж тухайн үед амласан байна. Тиймээс энэ хөрөнгө оруулагчийг эргэлт буцалтгүй сонгож, Транс банкны дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээг 2006 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. Гэрээнд Армин Виедеркер 2006 оны гуравдугаар сарын 31-ний дотор Транс банкны 51 хувийн хувьцааг хүлээн авч, оронд нь тус банкны дүрмийн санг 4 тэрбум 80 сая төгрөгийн нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Армин ч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж Монгол улсад бүртгэлтэй өөрийн 100 хувийн эзэмшлийн Инфрастракчер компаниараа дамжуулан 2006 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Транс банкинд 4 тэрбум 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус банкны 51 хувийг эзэмших болжээ. Гэвч тэрбээр энэ хувьцаагаа өөр компанид шилжүүлсэн байна. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч хэнд юугаа зарах нь өөрсдийнх нь хэрэг боловч, Банкны тухай хуулиар үүнийг хориглодог болохыг Тэр үеийн Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал н.Дэлгэр хэлж байсан юм.
Нэгэн үе банкны хувьцааг компанийн нэр дээр байршуулах нь элбэг байлаа. Компаниа зарах байдлаар банкны хувьцаагаа бусдад шилжүүлэх явдал ч мэр сэр гардаг байжээ. Ингэснээр банкны хувьцаа тухайн компанийнхаа эзэмшилд байгаад байдаг. Гэвч компанийн хөрөнгө оруулагч нь өөрчлөгдөөд байдаг тохиолдолд гарч байжээ. Энэ мэт компанийн эзэн өөрчлөгдөх замаар банкны хувь нийлүүлэгч солигдох нь банкны системд хор уршиг тарьдаг байна. Банкны хөрөнгө оруулагч хадгаламж эзэмшигчийнхээ мөнгийг үрэн таран хийхгүй, найдвартай, баталгаатай байлгах шаардлагатай. Тиймээс банкны тухай хуульд компани худалдах байдлаар банкны хувьцааг шилжүүлдэг байдлыг халсан зүйл заалтыг оруулж өгсөн юм. Тухайлбал, банкны хувь нийлүүлэгч өөрчлөгдөх бол заавал төвбанкинд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой зүйл заалтыг банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн байна. Энэ хууль 2011 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Гэтэл Армин Виедеркер хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Транс банкны 51 хувийг эзэмшдэг Инфрастракчер компаниа Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад худалдсан байна. Инфрастракчер монгол улсад бүртгэлтэй компани бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр улсын бүртэлд анх бүртгүүлсэн байна. Энэ компанийг Щвейцарын иргэн Армин Виедеркер 100 хувь дангаар эзэмшдэг. Харин Транс банкны 51 хувь Инфрастракчер компанийн нэр дээр байжээ. Тэр ч утгаараа Инфрастракчер компаниа Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад зарлаа гэдэг нь Транс банкны 51 хувийг давхар зарчихсан үйлдэл болсон юм. Инфрастракчерийн халхавчин доор Транс банкны 51 хувийг зарчихсан болж таарч байгаа юм. Нэг талаас хууль хэрэгжиж эхэлснээс хойш бусдад компаниа шилжүүлсэн учраас Монгол улсын банкны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсныг холбогдох албаныхан хэлдэг билээ. Нөгөө талаас, Транс банкны монголын талын хувь нийлүүлэгчидтэй анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн үйлдэл болсон юм. Транс банкны 49 хувийг тус банкийг үүсгэн байгуулагч Данзанбалжирийн гэр бүлийнхэн, тэр дундаа гэргий Батхүү нь дийлэнх хувийг эзэмшдэг байжээ. Харин хожим тус банкны 9,8 хувийг Данзанбалжирийн хүү Энхтайван, 9,8 хувийг Данзанбалжирийн охин Энхтуяа, 29,4 хувийг Данзанбалжирийн зээ Оргилмаа нар эзэмших болсон юм. Монголын талын хувь нийлүүлэгчидтэй байгуулсан дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээгээр Армин Лихтенштейнд бүртгэлтэй амьдралын даатгалын Присмалайф компаниас бусад гуравдагч этгээдэд банкны аливаа хувьцааг шууд болон шууд бусаар худалдахыг хориглосон байжээ.
Хэрэв хувьцаагаа зарах тохиолдолд монголын талын хувь нийлүүлэгчдэд 51 хувиа өгч, Транс банкинд анх оруулсан 4 тэрбум 80 сая төгрөгөө буцаан авна гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Транс банкны 51 хувийг монголын талын хувь эзэмшигчдээс өөр бусдад шилжүүлэх эрхгүй гэнэ. Гэтэл Инфрастракчер компаниар дамжуулан Транс банкны хувьцааг хаа хамаагүй Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад зарчихсан аж. Заавал ингэж монгол улсын хуулийг болоод монголын талын хувь нийлүүлэгчтэй байгуулсан гэрээгээ зөрчин байж, Инфрастракчер компаниар дамжуулан Транс банкны хувьцааг Оюуны ундраад шилжүүлэх хэрэг юу байв. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу монголын талын хувь нийлүүлэгчдэд Транс банкны 51 хувийг 4 тэрбум 80 сая төгрөгөөр зарчихаж болоогүй юм байх даа гэсэн асуулт эндээс урган гардаг юм. Энэ асуултад Армин Виедеркерийн өмгөөлөгч н.Батрагчаа:хувьцаагаа худалдах саналаа Транс банкны монголын талын хувь нийлүүлэгчдэд гурван ч удаа илэрхийлсэн гэсэн юм. Ифрастракчер компанийн захирал Армин Виедеркер өөрийн хувьцаагаа худалдах анхны саналаа монголын талын хувь нийлүүлэгчдэд 2010 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүргүүлж, 51 хувь худалдаж авах үнийн саналаа бичгээр ирүүлнэ үү гэжээ. Дараагийн саналаа 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр илгээж, Армин 51 хувиа таван сая ам.доллараар зарна гэсэн болзол тавьсан байна. Харин эцсийн саналаа 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн ч нөгөө тал нь хүлээж аваагүй учраас Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад Инфрастракчер компаниа зарсан гэж мэдэгдсэн юм. Инфрастракчер компани 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагатай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ Армин Инфрастакчер компанийнхаа 100 хувийн хувьцааг Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллагад 4 тэрбум 280 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулжээ. Харин хуулийн этгээдийн лавлагаанаас харахад Инфратсракчер компани 2010 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Оюуны ундраа компанийн эзэмшилд очсон байгаа юм. Инфрастракчер компанийг 100 хувь зарлаа гэдэг нь Транс банкны 51 хувийг давхар зарчихсан гэсэн үг болохыг Монголын талын хөрөнгө оруулагчид нь хэлдэг. Гэтэл Инфрастракчер компанийн захирал Армин Виедеркер: Инфрастракчер компаниа зарсан ч, банкныхаа хувийг зараагүй гэж мэдэгдсэн удаатай.
Щвейцар хөрөнгө оруулагч Армин Транс банкны 51 хувийг эзэмшдэг учир банкныхаа гүйцэтгэх захирлыг томилох эрхийг монголын талын хувь нийлүүлэгчид түүнд олгожээ. Энэ эрхийнхээ хүрээнд тэрбээр 2007 онд оросын иргэн Новожиловыг Транс банкны гүйцэтгэх захирлаар, дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Парашак, Конов нарыг авч ирж ажиллуулсан байна. Транс банкны гүйцэтгэх захирлаар яагаад заавал оросын иргэнийг санал болгосон юм бол. Үүний гол зангилаа нь Щвейцарын иргэн Армин, оросын иргэн Новожилов нар хойд хөршид хамт ажиллаж байсан хамтрагчууд байсан гэнэ. Тэд зүгээр ч нэг монголд ирээгүй гэж холбогдох хүмүүс таамаглаж байлаа. Нэг нь хөрөнгө оруулагч нэрээр, нөгөө нь гүйцэтгэх захирал нэрээр ирсэн ч татвараас зайлсхийх зорилгоор Транс банкаар дамжуулан гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө угаах явдал байсан байх магадлалтайг монголын талын хувь нийлүүлэгчид нь хэлдэг юм. Үүнийг Армин няцаадаг ч, Транс банкинд данстай 40 орчим орос иргэдийн нэр дээр Кипр улсаас байнга бага багаар мөнгө байршдаг байсан болохыг 49 хувийнхан хэлдэг юм. Ингэхдээ тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Парашак, Конов нарын Хонг-Конгод бүртгэлтэй Damasta сapital, Cintizo limited компанийн нэр дээр мөнгө орж ирсэн гэдгийг Транс банкны хуульч Б.Батзаяа тухайн үед мэдэгдэж байлаа. Тэд мөнгөө дансандаа хэд хонуулаад хойд хөрш рүү гуйвуулдаг байжээ. Энэ маягаар 2007-2009 оны хооронд Кипр улсаас гарал үүсэл нь тодорхойгүй 40 орчим сая ам.доллар Транс банкинд орж цэвэршээд, хойд хөрш рүү гуйвсан болохыг тус банкныхан хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, щвейцарын иргэн Армин Виедеркер Кипр улсын 40 сая ам.долларыг цэвэршүүлэхийн тулд Транс банкинд 4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс тухайн үед цөөнгүй байлаа. Тиймээс Монголын талын хувь нийлүүлэгчид хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандсан ч үл тоожээ. Армин, Новожилов нар ажлаа амжуулаад монголоос хэдийнээ гарч одсон байдаг. Инфрастракчер компанийг авах замаар Транс банкны 51 хувийг худалдаж авсан Оюуны ундраа банк бус санхүүгийн байгууллага нь Анод банкинд 700 гаруй сая төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй санхүүгийн чадамжгүй учраас хамтран ажиллахгүй гэж Транс банкны 49 хувийг эзэмшигчид тухайн үед мэдэгдэж байлаа. Тиймээс Арминыг монголд ирж хувь нийлүүлэгчдийн хуралдаа оролцох. Эсвэл түүний эзэмшлийн 51 хувийг Транс банкны монголын талынхан өөрсдөө худалдаж авах арга зам бий гэж үзжээ. Энэ саналаа Монголбанкинд тавьсан ч, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байсан тал бий. Транс банкны санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч, хөрөнгө оруулагч болон удирдлагуудынх нь дунд үл ойлголцол үүсч, 2009 оноос хойш тус банкны хувь нийлүүлэгчид хуралдахаа больж, гүйцэтгэх захиралгүй олон жил явсан юм.
Кипр улсын бохир мөнгийг Транс банкаар дамжуулан орос руу гуйвуулж цэвэршүүлсэн байж болзошгүй хэрэг ийнхүү замхарчээ. Энэ үетэй зэрэгцэн Транс банкны өөрийнх нь мөнгийг угаасан байж болзошгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, Транс банкны гүйцэтгэх захирал Новожилов банкнаасаа 290 сая төгрөг гувчуулсан хэрэг гарчээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд тогтоож Новожиловын хэргийг шүүхээр хэлэлцэхийн өмнө тэрбээр Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор гарч, Монгол улсаас оргон зайлсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдээр гарч байсан юм. Новожилов Транс банкнаас завшсан мөнгөө Щвейцар хөрөнгө оруулагч Арминд өгсөн байх магадлалтай гэж тухайн үед холбогдох хүмүүс үзэж байсан нь нууц биш. Новожилов Транс банкнаас мөнгө завшсаны дараахан, тус банкны Щвейцар хөрөнгө оруулагч Армин өөрийн Инфрастракчер компанийн нэр дээр Дельта сангийн хоёрдугаар давхарын 324 метр квадрат талбай бүхий барилгыг 290 орчим сая төгрөгөөр худалдаж авсан байна. Тиймээс Новожиловын хэрэгт Щвейцар хөрөнгө оруулагч ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй гэж Улсын мөрдөн байцаах газрынхан үзэж, Армины худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Гэвч Щвейцар хөрөнгө оруулагч тийм ч амар хэрэгт унасангүй. Түүний өмгөөлөгч Р.Батрагчаа Нийслэлийн прокуроын газарт гомдол гаргаж Армины нэр дээр Кипр улсын Грийн хостинг сервисес лимитед компани мөнгө гуйвуулсан. Армин түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж баримт дэлгэжээ. Үүнийг холбогдох газар хянаад, эд хөрөнгө битүүмжлэх үндэслэлгүй гэж үзсэн байна. Улсын мөрдөн байцаах газраас гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг ч давхар хүчингүй болгосон аж. Хачирхалтай биш гэж үү… Щвейцар хөрөнгө оруулагч Армин оросын иргэн Парашак, Конов нарыг Транс банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр авч ирж ажиллуулав. Тэдний компанийн нэр дээр Кипр улсаас мөнгө орж ирж, орос руу гарсныг Транс банкны хуулийн хэлтсийнхэн баримт дэлгээд сууж байх. Тэгэж байтал Транс банкны гүйцэтгэх захирал Новожилов банкнаасаа 290 сая төгрөг гувчууллаа. Тун удалгүй түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө Кипр улсын Грийн хостинг сервисес лимитед компаниас Армины нэр дээр гуйвж орж ирлээ гэх. Тиймээс Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Щвейцарын иргэн Армин, оросын иргэн Новожилов нарт холбогдох хэргийг дахин шалгаж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Дорлигжавт 2010 оны гуравдугаар сард албан бичгээр уламжилсан биз. Гэвч эзэн холбогдогчид нь монголоос явчихсан хэдийнээ явчихсан юм. Харин өнөөдөр энэ банк менежментийн шинэ баг бүрдүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэх мэдээлэл бий.
4.10 Капитал банкинд нийгмийн даатгалын шимтгэл байршуулав
-Нийгмийн даатгалын шимтгэл буурах уу-
2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 14 хувь байсныг 19 хувьд хүргэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан тус бүр 7 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсныг тус бүр 9,75 хувьд хүргэжээ. Ингэхдээ 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж 2021 оны долоодугаар сарын 1-нээс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байж. Энэ шалтгаанаа манай улс 2017 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан гэж тайлбарлаж байх юм. Яахаараа ч нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг аж ахуйн нэгж, ажилтанд үүрүүлж байгаа юм бүү мэд. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яасан болоод алдагдал ярьж, шимтгэл өсгөх хууль баталсан нь хачирхалтай. Энэ тухай яривал олон жилийн түүх сөхөх шаардлага гарах нь дамжиггүй. Ямар ч байсан шимтгэлийн хувь хэмжээг хэтэрхий өсгөснөө гэнэт ухаарсан уу. УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Хуулийн төсөл санаачлагчид УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад уламжилсан байх юм. Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан байна. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна. Хуулийн төсөл батлагдсанаар жил тутам ажил олгогч болон ажилтны төлдөг шимтгэлийн ачаалал 190 гаруй тэрбум төгрөгөөр буурах боломжтой гэжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ.
Мөн Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 960 орчим тэрбум төгрөгийг хөнгөлжээ гэсэн байх юм. Хөнгөлөөд байгаа гэх хуулийн төсөл энэ мэт байнга УИХ-ын босгыг давдаг. Олон нийтэд ч хөнгөлөөд байна гэж ойлгуулдаг билээ. Гэтэл бодит байдал дээр ам ажил нь зөрдөг нь маргаангүй үнэн юм. Өөрсдийн хэдэн компаниа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулаад өрөөлийн компаниудыг ялган хуулийн гадуур орхисон зүйл өнгөрсөн хугацаанд бишгүйдээ нэг гарсан. Ялгаагүй аж ахуйн нэгжүүдийг ямрыг нь төрөөс харж үзээд, ямрыг нь ялгаад байдгийг энэ дашрамд та бүхнээс асуух нь зүйн хэрэг биз. Мэргэжилтнүүдээс нь лавлахаар ийм хууль гарсан гэж хууль тогтоогчид руу чихэх аястай. Тиймээс хууль тогтоогч та бүхнээс асууж буй хэрэг юм. Хууль тогтоогчид ажлаа мэддэггүй учраас дутуу дулимаг хуулийн төсөл бариад орохоор нь батлаад гаргадаг уу. Эсвэл мэдсээр байж мэлзэж байгаад өөрсдийн хамаарал бүхий компаниудаа хуулийн хүрээнд хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулж төрөөс тэтгэдэг үү. Өмнөх шигээ алдаа дутагдал өчигдөр өргөн барьсан хуулийн төсөлд бий эсэхийг лавлаж буй хэрэг юм. Хуулийг гууль болгохгүй, аж ахуйн нэгж, ард иргэдээ ялгахгүй байх нь эрхэм гишүүдийн үүрэг билээ. Гэтэл төрийн нэр барьж хуулиар далайлгаж бусдын хөдөлмөрийг мөлжих нь хэрээс хэтэрч буйг өнгөрсөн 5-6 жилийн түүх тод харуулах биз ээ. Нэг бодлын төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон нийт хамарсан нам дамжсан бүлэглэлүүдийн шимэгч хувалзууд гэлтэй. Энэ удаагийн хуулийн төсөлд яг өмнөх зүйл туссан юм биш биз. Ямар аж ахуйн нэгжид давуу байдал бий болгох гэж буйг харж л сууя.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн нь-
Засгийн газар 2001 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Сангийн яамны дэргэдэх Төрийн санд байршуулах шийдвэрийг гаргасан байдаг. Харин төрийн санд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн алдагдал зэргийг санхүүжүүлэхэд зарцуулж ирсэн байгаа юм. Энд нэг жишээ дурдахад, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2008 онд Улсын нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд судалгаа хийхэд Нийгмийн даатгалын сангийн 3 их наяд төгрөгийг улсын төсвийн алдагдалд зарцуулсан гэсэн тоог тооцооллын аргаар гаргаж байжээ. Энэ нь тухайн үеийн манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гээд боддоо. Тиймээс энэ мөнгийг нийгмийн даатгалын санд буцааж байршуулах ёстой гэсэн шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Засгийн газарт удаа дараа тавьжээ. Энэ дагуу Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ 1,7 их наяд төгрөгийг 2015 онд багтаан нийгмийн даатгалын сангийн нэрийн дансанд байршуулна. Харин үлдэх 236.3 гаруй тэрбум төгрөгийг бэлнээр нь нийгмийн даатгалын санд 2013 онд багтаан байршуулахаар болсон аж. Засгийн газар амласан хугацаандаа дээрх мөнгийг бэлнээр нь нийгмийн даатгалын санд байршуулах боломжтой гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү төсвийн алдагдалд зарцуулагдсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөний асуудал шийдэгдэхээр болов. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Нэрийн дансны 1,7 их наяд төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан байршуулахад, үүнийг санхүүгийн хэрэгслүүд ашиглаж арвижуулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа. Тиймээс эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэсний дараа нийгмийн даатгалын сангийн нэрийн дансны 1,7 их наяд төгрөгийг үе шаттайгаар нийгмийн даатгалын санд эргүүлэн байршуулна гэж мэдэгдэж байсан юм. Энэ бол 2008 оноос өмнөх Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудал. Харин энэ үеэс хойш нийгмийн даатгалын сангийн хөрөнгөө яасан бол…
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан нь-
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаасанд байршуулж болохоос гадна арилжааны банкинд тодорхой хүүтэй хадгалуулж болно гэсэн хуулийн заалт бий. Тодруулбал, тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 зүйлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкуудад хүүтэй хадгалуулж болно гээд заачихсан байлаа. Ирээдүйн тэтгэвэр авагчдын мөнгийг өсгөж үржүүлэх зорилгоор ингэж хуульчилсан хэрэг. Энэ дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2005 оноос тодорхой хүүтэйгээр арилжааны банкуудад хадгалуулж ирсэн юм. 2009 оны байдлаар 70,3 тэрбум төгрөг арилжааны 9 банкинд байршиж байсныг сайтар санаж байна. Ингэхдээ Улаанбаатар банкинд 9,2 тэрбум, Хөрөнгө оруулалтын банкинд 3 тэрбум, Капитал банкинд 14 тэрбум, Капитрон банкинд 6 тэрбум, Монгол шуудан банкинд 5,1 тэрбум, Анод банкинд 2 тэрбум, Зоос банкинд 13 тэрбум, Хаан банкинд 15, Хадгаламж банкинд 3 тэрбум төгрөгийг тус тус байршуулсан байлаа. Гэвч тун удалгүй Анод, Зоос банкууд татан буугдаж энэ хоёр банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгө яасан бол гэсэн асуулт гарч байлаа. Үүнд тэр үеийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуримтлалын сангийн удирдлагын хэлтсийн дарга Дуулал: Нийгмийн даатгалын сангийн 10 орчим тэрбум төгрөгийг Зоос банкинд хадгалуулсан байсан. Гэхдээ тус банк дампуурахаас өмнө дээрх мөнгийг хүүтэй нь бүрэн бүтэн эргүүлж авсан. Харин Анод банкинд хадгалуулсан 2 тэрбум төгрөгийг авч чадаагүй хэмээн ярьж байсан юм. Үүнээс хойш олон жилийг ардаа орхижээ. Энэ мөнгийг эргүүлэн авч чадсан эсэхийг тааж хэлэхэд бэрх юм. Иргэд аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалд төлсөн ирээдүйн тэтгэврийнх нь мөнгийг арилжааны банкуудад хүүтэй хадгалуулж өсгөх гэсэн биш ийм эрсдэл гарч байсныг хэлэх гэсэн санаа. Гэтэл үүнээс сургамж авсангүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад үргэлжлүүлэн байршуулсаар байсан юм. Хэрэв арилжааны банкууд Анодын нэгэн адил хүндэрвэл яах вэ. Анодын нэгэн адил хохирлыг нь төрөөс барагдуулах уу. Эсвэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан хүмүүс хариуцлага хүлээх үү гэсэн асуулт гарч байсан нь нууц биш. Дахин банк татан буугдвал иргэдийн ирээдүйн тэтгэвэр эрсдэл учирч болзошгүй учраас тэр. Гэтэл хэлж дуусаагүй юу татан буугдсан Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан талаар сүр дуулийн болж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай.
-Капитал банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгө-
Нийгмийн даатгалын ерөнхий газар 2019 оны 12 сарын 3-ны өдөр энэ талаар мэдэгдэл хүртэл гаргасан байдаг шүү дээ. Уг мэдэгдэлд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд Хамтран ажиллах гэрээ байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум үүнээс хадгаламж нь 105 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190 тэрбум, 2015 онд 238 тэрбум үүнээс хадгаламж нь 185 тэрбум, 2016 онд 224.1 тэрбум үүнээс хадгаламж нь 180 тэрбум, 2017 онд 228.1 тэрбум үүнээс хадгаламж нь 20 тэрбум, 2018 онд 105.3 тэрбум үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан Мөнгөн хадгаламжийн гэрээг сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно. Тодруулбал, Капитал банкинд байсан 79 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй. Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно. Байнгын хорооноос өгсөн чиглэлд: …банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх, …хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах гэж заасан байсан. Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч харилцах дансанд шилжүүлсэн 79 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн. Дээрх 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд удаа дараа төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно гэж мэдэгдэлдээ дурдсаныг юу гэх вэ.
Мөн мэдэгдэлдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай Хамтран ажиллах гэрээ, Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан. Тухайн үед Капитал банкаар 38038 иргэн тэтгэврээ авч, 11 815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт банкаар 1559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3290 хүн тэтгэвэр авч, 1899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2321 иргэн тэтгэвэр авч, 1170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус байсан. Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчдын тооноос хамааруулан Капитал банкинд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусч харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан. Түүнээс биш банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг мэдэгдэж байна гэсэн нь эрх биш уншигч та бүхэнд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах биз ээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Нийгмийн даатгалын сан ажил олгогчдоос 256 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бол, Капитал банкнаас нийт 104 тэрбум төгрөгийн авлагатай, үүнээс 1 тэрбум 500 мянга орчим төгрөгийн төлбөрийг барагдуулсан, одоо 102.6 тэрбум төгрөгийн үлдэгдэл авлагатай байгаа. Капитал банктай холбоотой нийгмийн даатгалын авлагын асуудал эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн процесс үргэлжилж байгаа аж.
4.11 Банкны шинэчлэл хэрхэн өрнөх вэ
Банкны систем хүндрэлд ороод байгааг эдийн засагчид хэлж, ярьж, анхааруулж байна. Банкны систем хүндэрсэн гэж ярих ч чухам яаж хүндрээд байгааг гайхах хүн цөөнгүй. Үүнд товчоор хариулахад арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөхөөсөө буурч байгаа явдал юм. Нийтлэл тавигдсан жилийн өмнөх зургадугаар сард арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 426 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол, дараа оных нь эхний хагас жилд 323 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байжээ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оныхоо мөн үеэс 24 хувиар буураад байсан нь энэ юм. Үүнээс гадна, арилжааны банкуудын нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байна. Төвбанкнаас явуулсан судалгаагаар нийтлэл тавигдсан оны зургадугаар сарын эцсээр арилжааны банкуудын нийт актив 3.9 триллион төгрөгөөр хэмжигдэж байлаа. Үүний 2.4 триллион төгрөг нь иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээл юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын нийт активийн 63 орчим хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эзэлж байжээ. Нийт активын дийлэнх хувийг зээл эзэлж байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон дээрх зээлийн эргэн төлөлт харамсалтай нь хэт удаашралтай байсан юм. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар арилжааны банкуудын зах зээлд гаргасан нийт зээлийн эргэн төлөлт өмнөх оны мөн үеэсээ ердөө 0.02 хувиар буурсан үзүүлэлт тухайн үед гарч байсан юм. Тэдний өмнө гаргасан зээлийн эргэн төлөлт ийнхүү удаашралтай байсан тул арилжааны банкууд нэмж зээл гаргах хөрөнгийн эх үүсвэргүй болчихоод байсан цаг. Үүнээс гадна, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл арилжааны банкуудын зах зээлд гаргасан нийт зээлийн багагүй хувийг эзэлж байжээ. Эдгээр нь банкны системийг хүндрэлд оруулсан гэж ойлгож болно. Монголбанкны Ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат: Банкны системийг хүндрүүлсэн гол буруутнууд нь арилжааны банкуудын төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагууд. Танил тал, найз нөхдөдөө их хэмжээний зээл дур мэдэн олгосон нь банкны салбарт чанаргүй зээл нэмэгдэхэд нөлөөлж, банкны систем хүндэрсэн. Тиймээс цаашид арилжааны банкуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагуудыг нийт хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлагатай ханддаг болгох хэрэгтэй байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж: банкны салбарыг хүндрэлээс гаргах гарц бол жижиг банкуудыг томруулах явдал гэсэн тайлбар тэр үед өгч байсан юм. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын дийлэнх нь жижиг. Тиймээс тэднийг томруулах шаардлагатай. Ингэхдээ нийтлэл гарсан оны дараагийн жилээс тэдний тоог цөөлж банкуудыг нэгтгэх замаар томруулна гэж байсан юм. Ямар ч байсан тэр үед Монгол шуудан болон Хадгаламж банкууд нэгдээд байлаа. Худалдаа хөгжлийн банкны Жижиг дунд байгууллагын банкны захирал н.Өсөхбаяр: арилжааны жижиг банкуудын тоог цөөлж томруулах нь зайлшгүй зүйл. Энэ процесс ганц манайд явагдаж байгаа юм биш. Дэлхийн бүхий л улс оронд байдаг зүйл гэлээ. Харин Хасбанкны гүйцэтгэх дэд захирал асан Төр-од: Банкны системд нүүрлээд байгаа хүндрэлийг арилгахын тулд банкуудын тоог цөөлөхдөө биш юм. Хамгийн гол нь арилжааны банкуудын чанарыг сайжруулах, мөн компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй. Мөн банктай холбоотой хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн тайлбар өгсөн юм. Арилжааны банкууд нэгдсэнээр тэдний активын хэмжээ нэмэгдэнэ. Актив нэмэгдвэл, зээл гаргах боломж бололцоо тэр хэрээр өснө. Тиймээс банкууд нэгдсэнээр банкны системд нүүрлээд байгаа хүндрэлийг даван туулахад амар болно гэж зарим эдийн засагчид үзэж байсан юм. Хэдийгээр тийм сайн талтай ч, өмнө нь олгосон найдваргүй, хугацаа хэтэрсэн зээлээ хэрхэн барагдуулах вэ. Нийт зээлийн эргэн төлөлтөө яаж сайжруулах вэ. Энэ асуудал бүрхэг хэвээр байлаа. Үүнд холбогдох албаныхан тоймтой хариулт өгөхгүй байсаар л. Тиймээс жижиг банкуудыг томруулахын хажуугаар чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад анхаарах хэрэгтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.
4.12 Арилжааны банкуудын нууц эзэд
Арилжааны банкуудын цаад эзэд буюу хөрөнгө оруулагчид үеийн үед нууцлаг байж ирсэн. Энэ нууцыг ил болгохоор Банкны тухай хуульд арилжааны банкуудын хувь нийлүүлэгчид ил тод байна гэсэн заалтыг 2010 оны нэгдүгээр сард оруулсан юм. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийг шинэчилж арилжааны банкууд санхүүгийн тайлан балансаа олон нийтэд мэдээлэх, банкны хувь нийлүүлэгчдээ зарлах, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд олгосон зээлийн мэдээллийг ил болгох ёстой гэсэн хэд хэдэн заалтыг оруулсан юм. Энэ хууль 2010 оны гуравдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн ч, харамсалтай нь дийлэнх арилжааны банкууд хувь нийлүүлэгчид болон санхүүгийн тайлан балансаа зарлахаас зайлсхийж байлаа. Тиймээс төв банк хувь нийлүүлэгчдээ 2010 оны долоодугаар сард багтаан зарлаагүй арилжааны банкуудтай хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ даруй арилжааны банкууд далд эздээ зарлаж эхэлсэн ч, зарим нь хувь нийлүүлэгчдээ зарлахаас зайлсхийсээр байсан юм. Тухайлбал, Улаанбаатар, Капитрон, Кредит, Эрэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд хувь нийлүүлэгчдээ зарлахгүй байсан тал бий. Тиймээс Монголбанк арилжааны банкуудад боломж олгож хувь нийлүүлэгчдээ зарлах хугацааг нэг сараар сунгасан байдаг. Нэг ёсондоо, дээрх арилжааны банкууд хувь нийлүүлэгчдээ 2010 оны наймдугаар сард багтаан зарлах ёстой болсон гэсэн үг юм. Энэ хугацаанд зарлахгүй бол арилжааны банкуудын цаад эздийг төвбанк өөрсдөө зарлана гэж тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан удаатай. Хуулийн хүрээнд хүссэн хүсээгүй ил болох нь тодорхой болсон учраас арилжааны банкууд хувь нийлүүлэгчдээ зарлаж, Банкны тухай хуулийн 38 зүйлийн дээрх заалтуудын хэрэгжилт хангагдсан юм. Өмнө нь нууцлаг байсан ч, хожим ил болсон арилжааны банкуудын хувь нийлүүлэгчид хэн байсан нь хүн бүрийн анхаарлыг татдаг. Тэгвэл арилжааны банкуудын тал нь монгол улсын иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай болохыг тэр үеийн Монголбанкны хяналт, шалгалтын хэлтсийн захирал н.Дэлгэр хэлдэг юм. Харин үлдэх хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалттай явж ирсэн юм.
Тухайлбал, 2006 онд ОХУ-ын Народный братский банк, Оросын хөрөнгө оруулалттай Чингис Хаан банк, Монгол даатгал компанийн хамтарсан консерциум тендерт ялснаар Хадгаламж банкийг хувьчилж авсан түүхтэй. Тийм болохоор Хадгаламж банк дээрх компаниудын мэдэлд байдаг гэж бодох хүмүүс цөөнгүй явлаа. Тэгвэл, Хадгаламж банк өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эзний гар дамжсан байх юм. ОХУ-ын Коалка групп 2007 оны сүүлчээр Хадгаламж банкийг худалдаж авсан ч, 2010 оны дөрөвдүгээр сард тус банкийг Жаст группэд худалдсан гэнэ. Гэхдээ Жаст группэд гадаадын Эмди Секьюритис компани хөрөнгө оруулснаар Хадгаламж банкийг худалдаж авсан гэгддэг юм. Жаст групп нь Жаст Ойл, Жаст Агро, Олон Овоот гоулд, Маркетайл хаус зэрэг охин компаниудтай. Дээрх охин компаниуд болон тэдний толгой компанийн мэдэлд Хадгаламж банк байсан гэж ойлгож болох юм. Хувьчлагдсан цагаасаа хойш хэд хэдэн эзний гар дамжсаны эцэст Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж улсад эргүүлэн авсан тухай өмнө нь өгүүлсэн тул нурших нь илүүц юм. Харин монголчуудын сайн мэдэх Хаан банкны 40.2 хувийг японы Савада холдинг, 35,3 хувийг Таванбогд трейд, 12,8 хувийг азийн Эйч эс интернэшнл холдинг, 9.1 хувийг Дэлхийн банкны дэргэдэх олон улсын санхүүгийн корпораци, үлдэх хувийг тус банкны гүйцэтгэх захирал асан Питтер мороу нарын гадаадын иргэд эзэмшдэг гэх мэдээлэл тухайн үед гарч байлаа. Тус банкны томоохон хувь нийлүүлэгч буюу 53 хувийг эзэмшигч Хидео Савада: Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу 2010 оны долоодугаар сарын сүүлээр ажлаа өгсөн тухай мэдэгдсэн тул түүнийг асан хэмээсэн билээ. Түүний ажлыг Сдандарт Чартеред банкны Ази, Европ, Африкийн салбарт 25 жил удирдах албан тушаал хашсан Саймон Моррис хүлээн авсан байдаг. Хаан банкны активийг 10 их наяд төгрөгт хүргэж азийн зах зээлд гаргах үүднээс чадварлаг туршлагатай банкир Саймон Моррисыг гүйцэтгэх захирлаараа томилсон гэж тэр үед мэдэгдэж байсан юм.
Хаан банк ийнхүү гүйцэтгэх захирлаа өөрчилсөн бол, 2008 онд Анод банк Чикаго, Нью-Йорк, Лос Анжелес, Лондонгийн санхүүгийн зах зээлээс гадна, Солонгосын Шинан банкинд ажиллаж байсан банкир Шин Гын Яаныг гүйцэтгэх захирлаараа томилж байсан удаатай. Тухайн үед Анод банкныхан менежментээ сайжруулж, Япон, Солонгосоос хөрөнгө оруулалт татах зорилгоор солонгосын банкирыг урьж авчирсан ч, энэ зах зээлд тус банк удаан тэсч чадаагүй билээ. Харин Хас банкны 99,9 хувийг Тэнгэр санхүүгийн нэгдэл эзэмшдэг гэх мэдээлэл одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч байлаа. Тухайн үед тус банк гадаадын санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт мөн хийсэн байлаа. Тухайлбал, 2008 онд тус банк Киркизстаны Мол Булак Финанс бичил зээлийн компанид хөрөнгө оруулалт хийж 30.5 хувийг нь эзэмших болжээ. Мол Булак Финанс ашигтай ажиллаж, 2008 онд тус компани 11 сая ам.долларын зээл олгосон бол, 2009 онд 290 сая ам.долларын зээл олгосон байх жишээтэй. Гэвч хойд болон урд хөршид хөрөнгө оруулалт хийх үүднээс Киркизстаны Мол Булак Финансад эзэмшдэг 30,5 хувиа зарсан тухай Хас банкны гүйцэтгэх дэд захирал Төр-од хэлдэг юм. Харин Голомт банк Бодь интернэшнл группын мэдэлд, Капитал банкны 99,9 хувийг Бишрэлт холдинг, үлдэх хувийг Таван-эрдэнэ компани, Кредит банкийг Кипр улсын Бейсик Элемент финанс лимитед компани 100 хувь эзэмшдэг нь тэр үед ил болж байв. Харин Чингис хаан банкны 50 хувийг Миллениум секурейтес компани, тодорхой хувийг Корал сии компани эзэмшдэг гэх мэдээлэл цацагдаж байсан юм. ОХУ-ын иргэн Сергей Громовын хувь оролцоо ч тус банкинд байдаг тухай мэдээлэл гарч байсан нь нууц биш. Эрэл банк УИХ-ын гишүүн асан Эрдэнбатын мэдэлд байдаг бол, Улаанбаатар банкны 79.9 хувийг н.Эрдэнэбилэг, 20 хувийг Улаанбаатар сан эзэмшдэг байсан. Худалдаа хөгжил банкны тухайд 65.8 хувийг Глобал инвестмент энд девелопат лимитед компани, 9.5 хувийг Теасури сток, 6,4 хувийг Ю Эс Глобал зэрэг гадаадын компаниуд эзэмшдэг бол, үлдэх хувийг Цолмон нарын монгол иргэд эзэмшдэг болох нь нийтэд ил болж байсан юм. Капитрон банкны 49 хувийг Мэдрээ, 46.3 хувийг Мөнхсайхан зэрэг монгол иргэд, үлдэх хувийг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байлаа. Тээвэр хөгжлийн банкны тухайд тус банкны дийлэнх хувийг Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргалын гэр бүлийнхэн эзэмшдэг бол, үлдэх хувийг Инфрастракчер компани эзэмшдэг гэх мэдээлэл мөн цацагдаж байсан юм. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 55.6 хувийг н.Дагвадорж, 22,2 хувийг Юу Би дайверсифайд, 18,5 хувийг файрборд глобал мастер фанд, харин үлдэх хувийг файрборд авурора фанд эзэмшдэг гэх мэдээлэл гарч байсан юм. Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрч, Капитал зэрэг зарим банк татан буугдсаныг энд дурдах нь зүйн хэрэг. Зарим банкны хувь нийлүүлэгчдэд мөн өөрчлөлт орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
4.13 Хадгаламжийн даатгалтай болов
-Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуультай болов-
2008-2009 он арилжааны банкуудын хувьд хатуухан жил болж өнгөрсөн билээ. Анод, Зоос банкны хувь нийлүүлэгчид эрх мэдлээ ашиглаж их хэмжээний зээл гаргасан нь дээрх хоёр банк татан буугдах гол шалтгаан болсныг албаныхан учирладаг. Үүнээс гадна, Анод, Зоос банкны санхүүгийн тайлан баланс хаалттай байснаас болж цөөнгүй хадгаламж эзэмшигч хохирсон юм. Анод, Зоос банкны үйл ажиллагаа хүндэрсэн гэх мэдээллийн дараа иргэд, аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл суларч арилжааны банкуудаас хадгаламжаа татаж байсан нь нууц биш. Үүнээс болж арилжааны банкуудаас гадагшлах мөнгөн урсгал огцом нэмэгдэж араас нь бусад банкууд хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байлаа. Тиймээс 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд парламентаар Төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль гаргаж, үүний хүрээнд татан буугдсан банкуудын харилцах болон хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулсан юм. Анод банк татан буугдахад төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргасан бол, Зоосыг хүндрэхэд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж дээрх хоёр банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкин дахь мөнгөн хадгаламж болон харилцах дансны эрсдэлийг төр нуруундаа үүрч хариуцахаар болсон юм. Энэ нь иргэдийн банкинд итгэх итгэл сэргэж хадгаламжийн хэмжээ эргэн өсөхөд нөлөөлсөн байдаг. Тухайлбал, 2008 оны гуравдугаар сараас буурсан банкуудын хадгаламж, 2009 оны нэгдүгээр сараас эргэн сэргэсэн юм. Удалгүй арилжааны банкуудын гадаад валютын хадгаламж 600 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 1,4 их наяд төгрөг болж өссөн юм. Арилжааны банкуудын хадгаламж өмнөх оноосоо хоёр дахин өсч, 2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ. Төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргаснаас хойш арилжааны банкууд өндөр хүү амлан их хэмжээний мөнгөн хөрөнгө иргэд, аж ахуйн нэгжүүдээс татаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн хэрэг.
Гэвч өөрсдийнхөө эрсдэл даах чадвараас давсан мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж байсан нь араасаа багагүй эрсдэл дагуулж мэдэхээр байв. Өндөр хүүтэй хадгаламж татсан банк дампуурвал төрийн нуруун дээр ирэх ачаа дахиад нэмэгдэж таарна. Нөгөө талаас өндөр хүү амлаж хадгаламж татсан болохоор зээлийн хүү буурахгүй байх зэрэг цөөнгүй хүндрэл араасаа дагуулж мэдэхээр болжээ. Тиймээс Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм. Ингэхдээ банк хоорондын зах болон гадаадын банк санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах болон хадгаламжид баталгаа гаргахгүй байх. Мөн тухайн банкинд зээлтэй, эсвэл батлан даалтын өр төлбөртэй этгээдийн харилцах болон хадгаламжийн дансанд баталгаа гаргахгүй байх. Түүнчлэн төвбанкны бодлогын хүүгээс давсан хадгаламжийн хүүд төрөөс баталгаа гаргахгүй байх заалтыг дээрх хуульд шинээр нэмж оруулахаар төлөвлөж байлаа. Үүнээс гадна, хамгийн анхаарал татаж байсан нэг асуудал бол арилжааны банкуудын нийт хадгаламжийн дүнгийн нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг банкны баталгааны санд төвлөрүүлэхээр төлөвлөж байсан юм. Арилжааны банкуудын нийт хадгаламжийн үнийн дүнгийн 1 хувийг иргэдийн хадгаламжаас бус, арилжааны банкуудаас авна гэдгийг тухайн үеийн Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын хэлтсийн захирал н.Батбаатар мэдэгдэж байлаа. Тухайн үед арилжааны банкууд 2 их наяд төгрөгийн хадгаламжтай байсан гэж тооцвол тэднээс 20 тэрбум төгрөг авч Банкны баталгааны санд байршуулахаар төлөвлөж байсан гэсэн үг юм. Хадгаламжийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хөрөнгийг жил бүр тусгай санд байршуулахыг арилжааны банкууд таатай хүлээж аваагүй нь мэдээж. Тэд хадгаламжийн дүнгийн нэг хувийг тусгай санд байршуулж байснаас зээлд гаргаж эргэлдүүлэх нь оновчтой гэж үзэж байв. Гэвч хууль гарахаараа гарч, тэд хүссэн хүсээгүй шимтгэл төлж эхэлсэн билээ.
-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хууль хэрэгжиж эхлэв–
2008-2009 онд тохиосон банк, санхүүгийн хямралын үед арилжааны банкуудын хадгаламж гадагшлах урсгал нэмэгдэж байлаа. Үүний нэг нотолгоо бол 2008 онд арилжааны банкуудын нийт хадгаламж өмнөхөөсөө хоёр дахин буурч, 1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан явдал. Тиймээс банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, банкуудын хадгаламж гадагшлах урсгалыг зогсоох үүднээс Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг 2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан тухай дээр дурдсан. Дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм. Өөрөөр хэлбэл, банкин дахь мөнгөн хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийг төрөөс батлан даах хуулийн хугацаа энэ өдрөөр дуусгавар болсон гэсэн үг. Уг хуулийг дахин нэг жилээр сунгах төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч, олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Шалтгааныг нь тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч н.Золжаргал: Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг нэг жилээр сунгавал, банкуудын харилцах болон хадгаламжийг төрөөс нэг жил дахин батлан даах байлаа. Харин үүний араас банкуудын хадгаламжийн даатгалын тогтолцоо руу шилжүүлнэ гэж тооцож байсан. Үүний оронд, банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг дахин нэг жилээр сунгах төслийг, хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн барих нь зөв гэж үзсэн хэмээн тайлбарласан юм. Энэ дагуу 2012 оны арваннэгдүгээр сарын 11-нд хууль тогтоогчдод хоёр хуулийн төслийг зэрэг өргөн мэдүүлсэн байна. Энэ хоёр хуулийн төсөл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэг зорилготой учир нэгтгэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Засгийн газар энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гэсэн нэрээр дахин зүтгүүлсэн юм.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар хэлэлцэж баталсан юм. Өөрөөр хэлбэл, банкин дахь иргэдийн харилцах болон хадгаламжийн баталгааны хугацаа дууссаны дараа даатгалын тогтолцоонд ийнхүү шилжсэн билээ. Ингэснээр арилжааны банкуудын хадгаламж болон харилцахад төрөөс баталгаа гаргахаа больж, харин даатгалаар бүх эрсдэлийг шийддэг тогтолцоо руу шилжих эрхзүйн орчин бий болсон юм. Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг Хадгаламжийн даатгалын корпораци эрхлэн явуулахаар тухайн үед хуульчилсан. Энэ корпораци руу тусгай зөвшөөрөл бүхий банкуудын нэрсийг төвбанк ирүүлэх ёстой. Улмаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд харилцагчдынхаа өмнөөс 20 хүртэлх сая төгрөгийг нь өөрийн хөрөнгөөр хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулахаар хуульчилсан юм. Ингэхдээ арилжааны банкууд харилцах болон хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг жилийн хугацаанд даатгуулахдаа жилд дээд тал нь 0.5 хувийн шимтгэл, улиралд 0.125 хувийн хураамж төлөхөөр болсон юм. Энэ нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан дээд хязгаар юм. Хураамжийн хэмжээ үүн дотор хэдэн ч хувь байж болох талтай. Энэ хувь хэмжээг Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хороо тогтоодог байна. Тус хороо системийн таваас дээш хувийг эзэлдэг нөлөө бүхий Худалдаа хөгжил, Хаан, Хас, Төрийн, Голомт банкуудаас авах хураамжийг жилийн 0.3 хувь байхаар анх тогтоожээ. Харин үлдэх банкуудаас авах хураамжийн хэмжээг 0.4 хувь байхаар анх тогтоосон байна. Арилжааны банкуудаас авах хураамжийн энэ хувь хэмжээг 2014 он хүртэл дагаж мөрдсөн байдаг. Энэ хүртэл арилжааны банкууд нийт харилцах болон хадгаламжийн дүнгийн 0.3-0.4 хувьтай тэнцэх шимтгэлийг өөрсдөөсөө гаргаж, үйлчлүүлэгчдийнхээ хуримтлалыг даатгуулсан байдаг юм.
Манай улсад ийнхүү хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл өмнөхөөсөө нэмэгдсэн гэж мэргэжлийн хүрээнийхэн үздэг. Тухайн үед улсын хэмжээнд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байлаа. Арилжааны банкуудын хадгаламж 2013 оны эцэст 6.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол, 2014 оны эцэст 7.4 их наяд төгрөг болж өссөн нь үүний нэг тод жишээ юм. Иргэд, аж ахуйн нэгжийн энэ хадгаламжийг арилжааны банкууд өмнөхийн адил өөрийн хөрөнгөөр даатгуулах ёстой. Гэхдээ 2015 оноос даатгалын хураамжид өмнөхөөсөө арай бага шимтгэл төлж эхэлжээ. Хадгаламжийн даатгалын корпорацийн үндэсний хороо 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд нөлөө бүхий банкуудаас жилийн 0.25 хувийн шимтгэл, үлдэх банкуудаас жилийн 0.35 хувийн шимтгэл авах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд үйлчлүүлэгчдийнхээ мөнгөн хөрөнгийг даатгуулахад зориулж, харилцах болон хадгаламжийн дүнгээс 0.25-0.35 хувьтай тэнцэх хөрөнгийг өөрөөсөө гаргаж эхэлсэн билээ. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 онд банк санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор банкуудаас авах даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ийнхүү бууруулсан байгаа юм. Олон улсын хадгаламжийн даатгалын холбоонд 79 байгууллага гишүүнээр элссэн байдаг. Хадгаламжийн даатгалд зориулж арилжааны банкуудаас авдаг тэдний шимтгэл харилцан адилгүй. Тухайлбал, гишүүн орнуудын 15 нь арилжааны банкуудаас 0.1 хувийн шимтгэл авдаг бол, 19 нь 0.2 хувийн шимтгэл, 8 нь 0.3 хувийн шимтгэл, 5 нь 0.4 хувийн шимтгэл, 10 нь 1 хувийн шимтгэл авдаг байна. Харин бусад нь үүнээс дээш шимтгэл авч байгаа юм. Манай улсын даатгалын хураамж харьцангуй бага буюу Колумб, Мексик, Тайвань, Сингапур, Орос, Болгар, Венесуэл, Косово зэрэг орнуудынхаас доогуур байдаг аж.
-Банк татан буугдвал 20 хүртэлх сая төгрөгийн хохирол барагдуулна-
Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд дуусмагц, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. Мөн энэ өдөр уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас гаргажээ. Энэ тогтоолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газар болон Монголбанкнаас гаргуулахаар тусгасан байна. Улмаар хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийн дүрмийг 2013 оны тавдугаар сарын 24-нд баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны зургаадугаар сарын 14-нд бүртгүүлж, 2013 оны наймдугаар сарын 16-нд корпорацийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Хадгаламжийн даатгалын корпораци дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан учир банкуудаас татан төвлөрүүлсэн даатгалын шимтгэл гэхээр зүйл байгаагүй. Тиймээс корпорацийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс эхлэлтийн хөрөнгө болгож Засгийн газар, төвбанк хамтран 100 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын санд байршуулахаар болсон талаар тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хэлж байлаа. Хадгаламжийн даатгалын сангийн эхлэлтийн хөрөнгөд зориулж төвбанк 50 тэрбум төгрөгөө бүрэн шилжүүлсэн бол, Сангийн яам 42 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан нь нууц биш. Хадгаламжийн даатгалын корпораци дээрх эхлэлтийн хөрөнгөөс гадна, арилжааны банкуудын төлсөн даатгалын хураамж, хуульд заасан бусад эх үүсвэрээр Хадгаламжийн даатгалын санг бүрдүүлэх ёстой. Сангийн хөрөнгийг төвбанк болон засгийн газрын үнэт цаасанд байршуулж болохоос гадна, гадаадын өндөр зэрэглэл бүхий банкуудад байршуулах замаар өсгөх боломжтой юм. Энэ хүрээнд арилжааны банкуудаас даатгалын хураамжид зориулж 52 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаас 16 тэрбум төгрөг, бусад орлогоос 4 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын санд анх хуримтлуулж байсан байгаа юм. Сангийн яам болон төвбанкнаас төвлөрүүлсэн эхлэлтийн санхүүжилт, арилжааны банкуудаас авсан даатгалын хураамж, хөрөнгө оруулалтын болон бусад орлогыг ийнхүү Хадгаламжийн даатгалын санд хуримтлуулж эхэлсэн юм. 2015 оны байдлаар эдгээрээс хадгаламжийн даатгалын санд 160 тэрбум төгрөг төвлөрсөн бол, үүнээс хойш энэ тоо хэд дахин өссөн байх нь ойлгомжтой.
Харин шаардлагатай тохиолдолд сангийн хөрөнгийг хуульд заасан хэлбэрээр зарцуулах ёстой юм. Ингэхдээ банк дампуурвал тухайн банкны харилцагчдын даатгагдсан хадгаламжийг нөхөн олгоход зарцуулах ёстой. Гэхдээ төвбанкнаас арилжааны банкийг албадан татан буулгах шийдвэр гарсны дараа хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр авах эрх үүсэх юм. Өөрөөр хэлбэл, төвбанкны шийдвэрээр арилжааны ямар нэг банк татан буугдвал, хадгаламжийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламжийн хохирлыг барагдуулах хуультай юм. Нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын корпорацийн дээд байгууллага болох Үндэсний хорооноос сонгон шалгаруулсан банкуудаар дамжуулан олгох ёстой аж. Ингэхдээ, нэг хадгаламж эзэмшигч нэг банкнаас төгрөг болон валютын харилцах болох хадгаламждаа дээд тал нь 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авах эрхтэй. Харин үүнээс дээш хадгаламжийнхаа хохирлыг татан буугдсан банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс авах бололцоотой юм. Манай улсын нийт хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай гэсэн судалгаа бий. Тэр ч утгаараа дийлэнх харилцах, хадгаламж эзэмшигчид даатгагдсан гэсэн үг. Манай улсын хадгаламж эзэмшигчдийн дийлэнх нь ийнхүү даатгагдсан байгаа нь Канад, Орос, Япон, Америк зэрэг орнуудынхаас өндөр үзүүлэлт болохыг Олон улсын хадгаламжийн даатгалын холбооны судалгаа харуулдаг. Харин нэг харилцагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг буюу ДНБ-ийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байгаа нь Англи, Канад, Австрали, Итали, Франц, Герман зэрэг орнуудтай ойролцоо байгаа юм. Ийнхүү 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хадгаламж эзэмшигчид хуулиар хамгаалагдсан ч, түүнээс дээш хадгаламж даатгагдахгүй орхигдсон сул тал бий. Үүнтэй зэрэгцээд 2012 оны сүүлээр УИХ-аас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 1 хүртэлх жилийн хугацаатай 100 сая төгрөгийн хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авахаар хуульчилсан байдаг. Ийнхүү жижиг хадгаламж эзэмшигчид хуулийн ивээлд орж, харин томоохон хадгаламж эзэмшигчдийн 20-оос дээш сая төгрөг даатгалгүйн дээр, 100 сая төгрөгийн хадгаламжийн хүүгээсээ татвар хүртэл төлөхөөр болсон юм.
4.14 Арилжааны банкуудын хадгаламж ба зээлийн хүү
Инфляци өндөр үед зээлийн хүүг бууруулах ямар ч бололцоогүй болохыг эдийн засагч Б.Түвшинтөгс хэлдэг. Инфляци өссөн үед иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах чадвараа алдаж буй төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулахын оронд түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эсвэл өөр бизнест хөрөнгө оруулах нь эрсдэлгүй гэж үздэг байна. Тиймээс банкнаас хадгаламжаа татах нь хэвийн үзэгдэл гэнэ. 2008 – 2009 онд тохиосон эдийн засгийн хямралын үед инфляци огцом өсч, төрөгийн ханш унасан нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн банкин дахь хадгаламж эрс буурахад нөлөөлсөн нь үүний нэг тод жишээ юм. Энэ үед арилжааны банкуудын зээлд гаргах санхүүгийн эх үүсвэр хумигдсан тул хадгаламж гадагшлах урсгалыг зогсоох шаардлагатай болж байлаа. Тиймээс аргагүйн эрхэнд хадгаламжийн хүүгээ өсгөсөн нь зээлийн хүү дагаад өсөхөд нөлөөлж байжээ. Арилжааны банкууд хадгаламжийн хүүн дээрээ үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн зардал, эрсдэлийн түвшин, өрсөлдөгч банкуудын хүү, цэвэр ашгаа нэмж зээлийн хүүгээ тогтоодог. Үүнийг бүр энгийнээр тайлбарлавал, арилжааны банкууд нэг жилийн хугацаатай хадгаламжид 10 хувийн хүү төлж байгаа бол, түүн дээрээ дээрх хүчин зүйлсийг нэмж нэг жилийн хугацаатай зээлээ 15 орчим хувиар гаргах жишээтэй. Тэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татаж, түүнийгээ арай өндөр хүүтэй зээлд гаргаж дундаас нь ашиг олдог учраас тэр юм. Тэр ч утгаараа, арилжааны банкуудын хадгаламжийн болон зээлийн хүү ямагт хоорондоо уялдаатай явж ирсэн. Хадгаламжийн хүү өсвөл зээлийн хүү дагаад өсдөг гэж ойлгож болно. Гэхдээ эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү буураагүй байхад зээлийн хүү буурах тохиолдол бий. Харилцагчдаа алдахгүй байх үүднээс хадгаламжийн хүүгээ бууруулаагүй ч, банкуудад зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэр хангалттай байгаа тохиолдолд үүнийгээ сул зогсоож байхаар бага хүүтэй зээлд гаргах явдал хаяа гардаг юм. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол юм.
Арилжааны банкууд хадгаламжид өндөр хүү амлах нь харилцагчдад ашигтай ч, хамгийн гол нь зээлийн хүү буурахгүй байх нөхцөлийг бий болгодог. Гэвч бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулаад дундаас нь ашиг олж хөл дээрээ тогтоно гэдэг тэнгисээс сувд, тэнгэрээс од шүүрэхтэй адил. Тиймээс Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн талаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулжээ. Үүгээр дийлэнх нь 6-8 хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаас авч чадвал үйл ажиллагаагаа өргөжүүлж, боломжийн ашиг олох боломжтой гэж хариулсан байна. Гэвч арилжааны банкууд үүнээс өндөр хүүтэй хадгаламж татаж буйг яалтай. Тиймээс төвбанкнаас арилжааны банкуудын хадгаламжийн үйлчилгээнд сонирхолтой судалгаа явуулжээ. Хадгаламжийн хүү яагаад өндөр байдаг вэ гэсэн асуултад дийлэнх нь бусад банкуудын хүүг харгалзан үздэг гэсэн хариулт өгчээ. Эндээс арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурдаггүйн нэг шалтгаан нь харилцагч татахын тулд бие биетэйгээ өрсөлдөж өндөр хүү амладаг болох нь харагдаж байна. Хадгаламж эзэмшигчдээ бусад банкинд алдахгүйн тулд өндөр хүү амладаг уу гэсэн асуултад арилжааны банкуудын дийлэнх нь тийм гэсэн хариулт өгсөн байх юм. Ийнхүү инфляци өсч, хадгаламжийн хүү өндөр үед зээлийн хүү буурахгүй байх гол шалтгаан болж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: арилжааны банкуудын дунд бодит өрсөлдөөн явагдахгүй байгаа учир зээлийн хүү буурахгүй байна. Тиймээс дэлхийн нэр хүндтэй банкуудыг дотоодын зах зээлд монголын банкуудтай өрсөлдүүлж зээлийн хүүг бууруулах боломжтой. Гадаадын томоохон банкуудыг монголын зах зээлд оруулах үүд хаалгыг нээж өгнө гэж олон жилийн өмнө мэдэгдэж байсныг мөн энд дурдах нь зүйтэй болов уу.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж: Банкны салбар гаднынхны гарт орлоо гэдэгтэй санал нийлдэггүй. Тэгээд ч банкны салбарт аюул нүүрлэхээр хэмжээнд гадаадын болон дотоодын банкуудын харьцаа алдагдчихаагүй байгаа. Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдаас татгалзаж боломгүй цаг үе хэмээн хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан нь үеийн үед төвбанкны удирдлагуудын санаа бодол нийлдэг, энэ байгууллага нэг бодлогоор явдаг нь илт. Тэгвэл зарим эдийн засагчид гаднын хөрөнгө оруулалттай банкууд монголчуудыг зээлийн хүүгээр дарамталж байна гэж шүүмжилж байсан удаатай. Тухайлбал, ахмад эдийн засагч Л.Доёд: Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын тав нь гаднын хөрөнгө оруулалттай. Бид банкны салбарт гадаад хөрөнгө оруулагчдыг ихээр оруулсан гэж хэлж болно. Яагаад гэвэл төрийн мэдэлд байсан банкуудыг үндсэн нь гадаадынханд худалдсан. Эхнийх нь Худалдаа хөгжлийн банк, дараагийнх нь Хөдөө аж ахуйн банк, түүний дараагийнх нь Хадгаламж банк. Эдгээрээс гадна гаднын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Голомт, Хас банкууд байна. Энэ банкууд бүгдээрээ монголын санхүүгийн зах зээл, тэр дундаа банкны салбарт голлох байр суурь эзэлдэг. Тиймээс би банкны салбарыг гадаадынхны хяналтад орсон гэж үзэж байгаа юм. Энэ бол үгүйсгэх аргагүй факт. Тэд монголд зээлийн өндөр хүү хэрэглэгчдэд тулгаж байна. Энэ бол бизнес эрхлэгчдийг болон жирийн хэрэглэгчдийг хүнд байдал оруулж өндөр хүүгээр хүүлж байгаа явдал. Дэлхийн жишгээс харахад санхүүгийн хүндрэлтэй тэмцэхийн тулд бүгдээрээ зээлийн хүүгээ бууруулж байхад, Монгол ганцаараа нэмсэн нь хямралыг зөөлрүүлэх биш, харин ч хүндрүүлсэн. Тиймээс гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг цөөлж, үндэсний хэмжээний банкуудтай болвол зээлийн хүүгийн ашгаас олох мөнгө нь монголчуудын халаасанд үлдэх юм гэж хэдэн жилийн өмнө шүүмжилж байлаа.
Тиймээс тэр үед Эдийн засгийн байнгын хороо арилжааны банкуудын зээлийн хүүг сарын 1 хувь, жилийн 12 хувь болгох хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлж байсан ч, дэмжигдээгүй юм. Хэрэв зээлийн хүү буурвал бизнес эрхлэгчдэд сайнаар нөлөөлөх ч, банкуудад ашиггүй тусах байсан учраас тэр. Хэрэв УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналыг УИХ дэмжсэн бол, тухайн үед дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан банкуудыг дампуурал руу хөтлөх байсныг эдийн засагчид хэлдэг. Банкны салбар хүнд байхад зээлийн хүүг хэсэгтээ бууруулах бололцоогүй. Одоогоор зээлийн хүүг буулгах боломжгүй. Банк санхүүгийн систем эрүүлжээд ирвэл зах зээлийнхээ өрсөлдөх зарчмаар зээлийн хүү аяндаа буурна гэсэн тайлбарыг ч тэр үеийн төвбанкны удирдлага өгч байсан удаатай. Тиймээс арилжааны банкуудын зээлийн хүүг хүчээр буулгах оролдлого хийх нь буруу гэдэг хатуухан анхааруулгыг төрийн түшээд эдийн засагчдын зүгээс аваад хоцорсон. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны сүүлээр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн билээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагуудад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. Дашрамд дурдахад, УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28 өдрийн 21 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх дэд арга хэмжээний 2.4.2.-т Банкны санал болгож байгаа зээлийн хугацаа, хүү, шимтгэл, хураамжийг зээлийн төрөл бүрээр харьцуулсан мэдээллийг тогтмол гаргаж, банкны харилцагч, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн цахим хуудсыг боловсруулж олон нийтэд зарлахад бэлэн болжээ. Иргэн, аж ахуйн нэгж www.mongolbank.mn/loanrate цахим холбоосоор орж, бүтээгдэхүүн сонгох цэснээс өөрийн хэрэгцээнд тохирох зээлийг сонгон, банкуудын санал болгож буй зээлийн нөхцөлүүдийг түргэн хугацаанд харьцуулан харах боломжтой болж байгаа юм. Манай арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр, үүнийгээ дагаад зээлийн хүү өндөр байгааг эндээс харж болохоор байна. Гаднаас бага хүүтэй мөнгө зээлж үүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгалуулж дундаас нь ашиг олж болох дүр зураг эндээс давхар ажиглагддаг билээ. Энэ асуултад өмнө нь Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал Болд: Гаднаас бага хүүтэй мөнгө зээлж үүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгалуулсан эсэхийг хянах боломжгүй ч, гадаадын аж ахуйн нэгжийн хадгаламж нэмэгдэж буйг онцолж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
4.15 Арилжааны банкуудын дүрмийн сан 100 тэрбум төгрөг болно
Арилжааны банкны дүрмийн сан гэж тухайн бизнесийг эрхлэхэд зайлшгүй байх ёстой хөрөнгийг хэлдэг. Манай улс дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжиж байх тэр үед 50 сая төгрөгтэй хүн арилжааны банк байгуулж болдог байлаа. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээ тухайн үед 50 сая төгрөг байсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа буюу 1996 онд банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 400 сая төгрөг болгож өөрчилсөн юм. Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг өмнө нь ийнхүү хуулиар тогтоож байсан бол, 1999 онд банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, арилжааны банкуудын дүрмийн санг шинэчлэн тогтоох эрхийг төвбанкны ерөнхийлөгчийн мэдэлд шилжүүлсэн байна. Энэ цагаас эхлэн төвбанкны үе үеийн ерөнхийлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээнд өөрчлөлт оруулж иржээ. Тухайлбал, 2000 онд арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 1 тэрбум төгрөг болгосон бол, 2002 онд 2 тэрбум төгрөг, 2004 онд 4 тэрбум төгрөг, 2006 онд 8 тэрбум төгрөг болгож өөрчилжээ. Удалгүй арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээг дахиад өсгөх шийдвэр гарсан юм. Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 1-нээс банкуудын дүрмийн сангийн хэмжээг хоёр дахин өсгөж, 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг төвбанкны удирдлагууд 2011 онд гаргасан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн: Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээлд гаргаж ашиг олдог арилжааны банкуудын хувь нийлүүлэгчдийг үүрэг хариуцлагатай байлгаж, тэдний хөрөнгийг банк руу нэмж татан төвлөрүүлэх. Нөгөө талаас гадаадын томоохон банкуудад зах зээлээ алдахгүйн тулд дүрмийн санг нэмэгдүүлэх замаар банкуудыг томруулах бодлого төвбанк барьж байгаа тул дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан болохыг тухайн үед хэлж байлаа. Төвбанкнаас тавьсан шаардлагыг тухайн үед 7 арилжааны банк хангаж байсан гэдэг. Шаардлага хангасан арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан шийдвэрт донслох зүйлгүй байсан нь мэдээж. Харин үлдэх банкууд 2013 он гэхэд дүрмийн сангаа нэмэгдүүлж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй болно гэдгийг төвбанкныхан хэлж байсан юм. Энэ нь жижиг банкуудад хүндээр тусч байсан нь ойлгомжтой. Тиймээс жижиг банкуудын байр суурийг харгалзаж үзэж дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан эсэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн: Жижиг банкууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж дүрмийн сангаа нэмэгдүүлж болохоос гадна, өөр хоорондоо нэгдэж нийлэх байдлаар Монголбанкнаас тавьж буй шаардлагыг хангах боломжтой гэсэн тайлбарыг тэр үед өгч байсан юм. Арилжааны банкууд халуун ам бүлээрээ үлдэх үү. Эсвэл долоо нь үлдэж, долоо нь энэ зах зээлээс явах уу гэдэг томоохон сорилттой ийнхүү тулсан он жилүүд өнгөрсөн билээ.
-Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоов-
Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэр гарсан байдаг. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өсгөсөн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэсэн болохыг төвбанкныхан хэлдэг юм. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлснээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэнэ. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ гэж төвбанк үзэж байгаа юм. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Монголбанкны тухай хуулийн 19.1, 28.1.2, Банкны тухай хуулийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоосон нь энэ юм. Энэ шийдвэр нь 2017 оны наймдугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй болохыг төвбанкныхан хэлдэг. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлдэг байна.
Б.Жавхлан: Дүрмийн сан гэдэг бол машинаар зүйрлэвэл даац нь юм
2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр VIP76 цахим сайтын сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Манай эдийн засаг маш хурдтай өсч байгаа. Үүний тусгал нь банкны системд байдаг. Дүрмийн сан гэдэг бол машинаар зүйрлэвэл даац нь юм. Банкны үйл ажиллагаа нь тэлээд байдаг. Ард иргэд итгээд мөнгөн хөрөнгөө хадгалуулдаг. Түүнийг даах чадвараа л нэмэгдүүлэх ёстой. Одоо банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байгаа. Үүнийг 100 тэрбум болгож өсгөх шаардлагыг Төв банкнаас гаргасан. 2021 он гэхэд банкууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох ёстой. Шинээр банк байгуулахаар болбол босго дүрмийн сан нь 100 тэрбум байна. Хэрвээ арилжааны банкууд заасан хугацаанд дүрмийн сангаа 100 тэрбум болгож чадахгүй бол байхгүй болно гэсэн үг. Даацаа нэмж чадаагүй учраас тийм чадваргүй банк байх ёсгүй гээд хаана. Дүрмийн сангийн түүхийг харах юм бол анх 400 сая төгрөг байсан юм. Дараа нь 4, 8, 16, 50 тэрбум төгрөг гээд нэмэгдүүлж ирсэн. Ингэх болгонд банкуудын тоо цөөрч ирсэн юм. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд 10 гаруй банкны үйл ажиллагаа зогссон байдаг. Дампуурсан тохиолдол бүрийг эргээд судлахад төв банк хяналт шалгалтаа буруу хийсэн, түүнээс нь болоод эздэд нь хохирол учирсан гэж шүүхээр тогтоогдсон зүйл байхгүй. Харин банк дампуурснаас болоод хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад татвар төлөгчдийн мөнгө рүү халдсан гашуун түүх бий. Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний төлөө хуулийн өөрчлөлтийг хийж байна хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын дүрмийн сан 100 тэрбум төгрөг болох шийдвэр 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр гарчээ. Харин уг шийдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Шийдвэр эрт гарсан тул арилжааны банкуудад бэлтгэлээ базаах хангалттай хугацаа байсан гэсэн үг. Хэрхэн бэлтгэлээ хангасан нь оны эцэст тодорхой болох юм.
5 БҮЛЭГ. Хөгжлийн банк байгуулагдаж дэлхийн зах зээлд бонд гаргав
-Хөгжлийн банк байгуулагдаж, дэлхийн зах зээлд бонд гаргав-
Манай улсын арилжааны банкууд их хэмжээний үнийн дүн бүхий зээл ер нь гаргадаггүй. Тэд нэг аж ахуйн нэгжид өөрийн хөрөнгийн 20 хувиас дээш хэмжээний зээл олгох ёсгүй байдаг учраас тэр. Тиймээс тэдний нийт зээлийн 99 хувийг 50 хүртэлх сая төгрөгийн зээл, 1 хувийг 500 хүртэлх сая төгрөгийн зээл эзэлдэг байна. Гэтэл томоохон төслүүдэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг арилжааны банкууд зээлэх бололцоогүй учраас улс орны ирээдүйд нэн чухал томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалтай явсаар ирсэн. Тиймээс энэ хүндрэлийг арилгаж томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сард Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан юм. Ингээд тус банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн өмчийн хороонд даалгажээ. Энэ дагуу Төрийн өмчийн хороо 2010-09-02-ны өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах баримт бичиг, удирдлагын гэрээний төсөл, зар мэдээ, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. Бэлтгэл ажил хангагдсан учраас Төрийн өмчийн хороо 2010-09-10-ны өдөр Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлажээ. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага менежментийн хэлтсийн дарга Володя: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад ямар ч хуулийн этгээд материалаа ирүүлээгүй. Гэхдээ тус албан тушаалд гадаад хүн томилж магадгүй гэж тухайн үед ярьж байлаа. Тэгвэл хожим Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Хөгжлийн банкны удирдлагын багаар Солонгосын Ки Ди Би банк ажиллахаар болсон тухай хэлж байсан юм. Ийнхүү удирдлагын багтай болсноор 2011 оны тавдугаар сард албан ёсоор байгуулагдсан Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм6 Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Засгийн газраас санал болгосон томоохон төсөл хөтөлбөрүүдийг тус банк санхүүжүүлэх үүрэгтэй. Хөгжлийн банк 10 жилийн хугацаанд нийт 18 их наяд төгрөгийн хөрөнгө босгож томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой. Тус банкны ойрын 10 жилд босгох хөрөнгийг авто зам, барилга байгууламж зэрэгт зарцуулна гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргаад байна гэсэн тайлбар өгч байлаа. Тодруулбал, нүүрс химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ган болон төмөрлөгийн үйлдвэр зэргийг өөртөө багтаасан аж үйлдвэрийн цогцолборыг барих хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн банк босгох ёстой хэмээн тухайн үед үзэж байсан юм. Үүнээс гадна, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан 5600 километр шинэ төмөр зам барьж байгуулахад шаардлагатай мөнгөний тодорхой хувийг Хөгжлийн банк олох ёстой гэж үзэж байв. Түүнчлэн шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт тусгагдсан хот төлөвлөлтийг сайжруулах, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг Хөгжлийн банк хүлээсэн билээ.
-Хөгжлийн банк дотоодын зах зээлд бонд гаргав-
Хөгжлийн банк үүдээ нээж, өрхөө татсан даруйдаа эхний ээлжийн төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгохоор Засгийн газрын баталгаатай 800 тэрбум төгрөгийн бондыг 2011 онд дотоодын зах зээлд арилжаалахаар зэхэж бэлтгэл ажилдаа оров. Үүний 250 тэрбум төгрөгийн бондыг 5 жилийн хугацаатай, 250 тэрбум төгрөгийн бондыг 10 жилийн хугацаатай гаргахаар тогтсон. Харин үлдэх 300 тэрбум төгрөгийн бондыг 15 жилийн хугацаатай гаргаж дотоодын зах зээлд арилжаалахаар болсон тухайгаа сүр дуулиантай зарлаж байсан юм. Бондын хүү жилийн хичнээн хувь байх нь эхэндээ бүрхэг байсан ч, эцэстээ жилийн 6 хувь дээр тогтсон байдаг. Тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Золжаргал: Хөгжлийн банкнаас гаргах бондыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч худалдаж авах бүрэн боломжтой. Тэр эрэлт нь байгаа гэх тайлбарыг өгч байсан юм. Харин тэр үеийн Сангийн дэд сайд Ганхуяг: Хөгжлийн банкны бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд арилжаалж болно. Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад худалдаж болох хувилбар бий гэсэн тайлбар өгч байлаа. Холбогдох албаныхан ийм тайлбар өгсөн ч, 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондыг дотоодын зах зээлд худалдаж авах арилжааны банк болон аж ахуйн нэгж олдохгүй гэсэн тайлбарыг эдийн засагчдын зүгээс өгч байсан юм. Нэгдүгээрт арилжааны банкууд үүнээс өмнө доод тал нь 11 хувийн хүүтэй Засгийн газрын бонд худалдан авч ирсэн. Өндөр хүү өгөөд сургачихсан учраас 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондыг тэд тоох уу гэдэг бэрхшээлтэй тулгарсан юм. Хоёрдугаарт тухайн үед арилжааны банкуудын хадгаламжийн хүү 15 орчим хувь байсан тул Хөгжлийн банкны 6 хувийн хүүтэй бонд худалдаж авах хөрөнгө оруулагч олдох уу гэсэн асуудал гарч ирсэн юм. Гуравдугаарт тэр үед төвбанкны үнэт цаасны хүү жилийн 11,75 хувь байсан учир арилжааны банкууд 6 хувийн хүүтэй Хөгжлийн банкны бондоос татгалзаж, өндөр хүүтэй Төвбанкны үнэт цаас руу хошуурч байсан юм. Арилжааны банкуудад Хөгжлийн банкны бонд худалдаж авах хангалттай эх үүсвэр байсан ч, тэд энэ бизнест хөл тавьсангүй. Дотоодын хөрөнгө оруулагчид ийнхүү уг бондыг сонирхоогүй учир Хөгжлийн банк эргэлт буцалтгүй гадаад зах зээл рүү тэмүүлэх нь тэр. Тодруулбал, Хөгжлийн банк дотоодын зах зээлд гаргахаар төлөвлөсөн 800 тэрбум төгрөгийн бондоо гадаад зах зээл рүү зүтгүүлсэн юм.
-Хөгжлийн банк гадаад зах зээлд бондоо бүртгүүлэв-
Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондыг гадаад зах зээлд арилжаалах хөрөнгө оруулалтын банкийг 2011-07-09-ний байдлаар сонгон шалгаруулсан байлаа. Тэр үеийн Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Болормаа: Тэднийг дэлхийд нэр хүндтэй 11 хөрөнгө оруулалтын банкнаас сонгож авсан болохыг хэлдэг. Ингэснээр тус банк бондоо 2011 оны аравдугаар сард багтаан дэлхийн зах зээлд арилжаалах боломжтой болов. Ингэхдээ бондоо таван жилийн хугацаатай, бага хүүтэй гаргахаар төлөвлөж байсан юм. Үүнийг арилжаалахад хэзээ нэг өдөр хүүтэй нь эргүүлж төлөх учраас гадаад өр нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс хожим улсын төсөвт дарамт ирнэ гэдгээ тооцвол Хөгжлийн банкны бондыг аль болох бага хүүтэй арилжаалах нь манай улсад ашигтай байсан юм. Бага хүүтэй байх тусмаа томоохон төслүүдээ хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой болох учраас тэр. Тиймээс дэлхийн эдийн засгийн хямрал намжихыг хүлээзнэх хэрэгтэйг эдийн засагчид тэр үед зөвлөж байсан билээ. Тухайлбал, Монголын Олон Улсын хөрөнгийн корпорацын захирал Д.Ачит-Эрдэнэ: Европын холбооны улсуудад хямрал үргэлжилж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд бондын хүү өсч байгаа. Тиймээс европын холбооны улсуудад хямрал намжтал хүлээзнэх хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг тогтворжвол бондын хүү буурна. Тэр үед бага хүүтэй бонд гаргавал манай эдийн засагт үр өгөөжөө өгнө гэж ярьж байлаа. Тиймээс дэлхийн эдийн засаг сайжрахыг хүлээзнэж, 2011 оны турш мөнгөний эрэлд мордсоны эцэст Сингапурын хөрөнгийн биржэд 600 сая ам.долларын бондоо бүртгүүлж чадсан юм. Үүний 20 сая ам.долларын бондыг 2011 оны эцэст 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Уг бондын орлогыг шинээр баригдах 5600 километр төмөр замын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг санхүүжүүлэхэд зарцуулсан юм. Шинэ төмөр замын эцсийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж дуусаагүй байсан учир энэ төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээ түр хойшлуулсан болохыг албаныхан хэлдэг. Харин тус банк техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон авто замын төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх нь оновчтой гэж үзсэн юм. Тиймээс Хөгжлийн банк дараагийн ээлжинд арилжаалах 580 сая ам.долларын бондоо дээрх төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар болов.
Бондын орлогыг ийм төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь хэр оновчтой вэ гэсэн асуултад Олон улсын валютын сангийн Ази номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнетт: Хөгжлийн банкны бондыг гадаадын зах зээлд гаргаснаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагууд байнга тогтоож, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц шинэ бүтээгдэхүүн бий болно. Хөгжлийн банкны бондын орлогыг зам гэх мэт унтаа төсөл хөтөлбөрт зарцуулах нь үр өгөөжгүй. Хөгжлийн банкны бондын эх үүсвэрийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах ёстой гэсэн тайлбар өгч байсан юм. Үйлдвэрийн ашгаар Хөгжлийн банкны бондын хүүг төлөөд явах боломжтой учир Олон улсын валютын сан ийм зөвлөмж өгсөн хэрэг. Гэхдээ бондын орлогыг юунд зарцуулахаа Хөгжлийн банк хэдийнэ шийдчихсэн байлаа. Төслүүдээ санхүүжүүлэх бондыг 2012 оны гуравдугаар сард багтаан арилжаалахаар төлөвлөж, хөрөнгө оруулагчдад танилцуулсан байдаг. Энэ талаар Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив-Пассивийн удирдлагын газрын захирал Батбаатар: 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Хонконгийн хөрөнгө оруулагчдад, 10-ны өдөр Сингапурын хөрөнгө оруулагчдад, 14-ний өдөр Лондонгийн хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Түүнчлэн Франкфуртын болон Америкийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа утсаар танилцуулах ажлыг хийсэн талаар хэлж байсан юм. Улмаар Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондоо 5 жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ бонд манай улсын гадаад зах зээлд гаргасан анхны бонд гэдгээрээ онцлог. Уг бондыг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учраас Засгийн газрын өрд тооцогдож байлаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл хариуцлага нь Засгийн газарт ачаа болж ирэх байсан юм. Бондын төлбөрийг 2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх товтой байсан юм. Хөгжлийн банкны бондоос хойш дэлхийн зах зээлд Чингис, Самурай, Мазаалай, Номад, Гэрэгэ, Хуралдай зэрэг бонд гаргаж арилжаалжээ.
5.1 Чингис бонд гадаад зах зээлд арилжив
Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа дэлхийн зах зээлд 5 тэрбум ам.долларын бондыг хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар гаргаж арилжаалах шийдвэр гаргасан. 2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаргасан Засгийн газрын энэ шийдвэрийг УИХ 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн юм. Гэхдээ эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж арилжаалах эрх олгосон байдаг. Ингээд Засгийн газрын бондыг түүхэндээ анх удаа дэлхийн зах зээлд гаргаж арилжаалах эрхтэй болов. Үүнийг Сингапурын хөрөнгийн биржэд бүртгүүлж, ази болон европын хөрөнгө оруулагчдад арилжсан гэдэг. Ингэхдээ, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй гаргасан бол, 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй гаргасан юм. Зах зээлд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан ч, эрэлт үүнээс 10 дахин их байсан учир Хөгжлийн банкны бондыг бодвол Чингис бондын хүү бага тогтсон гэж албаныхан хэлдэг. Манай улс таван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая 650 мянган ам.доллар төлөх бол, арван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доллар төлөх тооцоо тухайн үед гарч байлаа. Жил бүр ийм хүү төлөхөөс гадна, таван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, арван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд хөрөнгө оруулагчдад төлөх тов тогтсон юм. Үүнээс гадна, 615 сая 625 мянган ам.долларын хүүг давхар төлөх байв. Бондын хүүг манай улс жил бүрийн 6 болон 12 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгө оруулагчдад төлж байхаар тохиролцсон гэдэг.
Тохиролцсон ёсоор 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр бондын анхны хүүгийн төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлсөн бол, 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр бондын хүүгийн дараагийн төлбөрийг барагдуулсан гэх мэдээлэл бий. Ийм өртгөөр олдсон мөнгийг өдөр хоног алдахгүй, үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой ч, бондын орлогын тал хувийг зориулалт бүхий төсөл хөтөлбөрт зарцуулаагүй гэх шүүмжлэл араасаа дагуулж байлаа. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд 2 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. 2013 оны аравдугаар сарын 29-ний байдлаар 930 тэрбум төгрөгийг 9 төсөл хөтөлбөрт зарцуулсан. Тухайлбал, 1800 километр авто зам барихад нийтдээ 570 тэрбум төгрөг зарцуулахаас 855 километр зам, 260 километр далангийн ажилд 300 тэрбум төгрөг зарцуулсан. Нийслэлийн авто замын 30 гаруй уулзварыг шинэчлэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаас 18 уулзварыг ашиглалтад оруулахад 34 тэрбум төгрөг зарцуулсан. Нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх, орон сууцыг шугам сүлжээнд холбох ажилд 120 тэрбум төгрөг зарцуулахаас 70 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт ноос, сүү, арьс, шир, оёдлын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 270 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоос 44 тэрбум төгрөг эзэндээ хүрсэн. Эдгээр дөрвөн төслөөс гадна, Чингис бондын орлогоос 5 төсөлд чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж тухайн үед тайлагнаж байжээ. Бондын орлогыг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон тул 2-3 дахин өсөх боломжтой учир эргэн төлөлтөд санаа зовохгүй байж болно гэж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байсан цаг саяхан.
5.2 Самурай бонд босгов
Чингис бондын хүүгийн төлбөр буюу өрийн тоолуур ажиллаад эхэлчихсэн байхад араас нь нэмж өр тавих тухай асуудал Н.Алтанхуягийн засгийн газрын үед дахиад гарав. Японы зах зээлд 600 сая ам.долларын өртөг бүхий иений бонд гаргах яриа хэлэлцээрийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Япон улсыг зорихдоо хийгээд ирсэн учраас ингэж хэлж буй юм. Энэ нь тухайн үед анхаарал татсан сэдвийн нэг мөнөөс мөн байлаа. Магадгүй энэ асуултын хариулт нь доллар байсан байж мэдэх. 2013 оны эхний гурван улиралд манай улсад ердөө 2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн статистик бий. Хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оноосоо 50 орчим хувиар буурсан нь энэ юм. Манай улсад орж ирдэг байсан хоёр доллар тутмын нэг нь үгүй болсон нь эндээс харагдана. Нөгөө талаас, манай улсын экспортын орлого буурч олж байгаагаасаа их хэмжээний валют импортын бараанд зарцуулж байсантай холбоотойгоор гадаад худалдаа 2 гаруй тэрбум ам.долларын алдагдалтай гарсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж, гадаад худалдаа алдагдалтай гарсан нь манай улс руу чиглэх валютын урсгал царцах гол шалгаан болсон гэдэгтэй эдийн засагчид бүгд санал нэгддэг. Ийнхүү доллар монголоос үргэсэнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд уг валют ховордож, албан ханш нь түүхэндээ анх удаа 1700 төгрөг давсан гашуун түүх бий. Энэ үед сөрөг хүчнийхэн төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэдийн амьдрал дордож байна хэмээн Н.Алтанхуягийг ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээрээ огцрохыг шаардаж байлаа. Ийнхүү ам.долларын ханшийн өсөлт Шинэчлэлийн засгийн газрыг дэнжгэнүүлж мэдэхээр болов. Магадгүй энэ үйл явдалтай холбоотойгоор шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Япон улсыг зорьж, тус улсын зах зээлд 2013 онд багтаан 600 сая ам.доллартай тэнцэх иений бонд арилжаалах яриа хэлэлцээр хийгээд ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Хэрэв үүнийг арилжаалбал тухайн үед ам.долларын ханш ялимгүй буурч, Шинэчлэлийн Засгийн газар бага ч болтугай амсхийх байсан биз. Гэхдээ үүнийг арилжаалбал, Засгийн газрын гадаад бондын өр 2,7 тэрбум ам.долларт хүрэх байлаа. Засгийн газар өмнө нь Хөгжлийн банкны 580 сая ам.долларт баталгаа гаргаж, 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд гаргасан учраас тэр. Энэ бол бондын үндсэн төлбөр. Үүний хажуугаар бондын хүүгийн төлбөрийг давхар барагдуулах ёстой. Үүгээр тооцвол, Засгийн газрын гадаад бондын өр 3 тэрбум ам.доллар хол давах тооцоо гарч байсан юм. Гэвч 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар манай улсын өр 2012 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрэх ёсгүй зохицуулалттай байв. Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, баталгаа, өрийн бичиг, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги торгуулийн нийлбэр гээд манай улсын нийт өр 2013 онд ДНБ-ий 50 хувиас хэтрэх ёсгүй байсан юм. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд төгрөгт хүрч, улсын өр үүний 49,7 хувийг эзэлж байсан буюу 8,4 их наяд төгрөгт хүрсэн судалгаа гаргах нь тэр. 2013 онд хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хүрчихсэн байсан учраас нэмж 600 сая ам.доллартай тэнцэх иений бондыг Японы зах зээлд арилжаалбал Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчиж мэдэхээр болов. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зүтгүүлж, өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч, сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулж бүтэлгүйтсэн тал бий.
Харин 2014 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20,5 их наяд төгрөгт хүрэх тооцоог холбогдох яамныхан хийж, улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэж тооцвол, 1,5 их наяд төгрөгийн зээл авах цоорхой гаргаж шинээр үүсгэх өрийн хэмжээг ийм байхаар тухайн жилийн төсөвт тусгасан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны баталгаатай эхний ээлжийн 290 сая ам.доллартай тэнцэх буюу 30 тэрбум иений Самурай бондыг 10 жилийн хугацаатай, жилийн 1,52 хувийн хүүтэйгээр 2014 оны эхээр арилжаалсан байдаг. Бондын орлого 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны дансанд орж ирсэн байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкны дансанд 230 сая ам.доллартай тэнцэх 24 тэрбум 250 сая иен байршсан гэдэг. Үлдэх 50 сая ам.доллартай тэнцэх 5.7 тэрбум иенийг Японы хамтын ажиллагааны банк Самурай бондод баталгаа гаргасны төлбөрт суутгасан гэгдэж байлаа. Японы хамтын ажиллагааны банк 3A зэрэглэлтэй. Өндөр зэрэглэлтэй банк бондын 90 хувьд баталгаа гаргасан учраас бондын хүү бага тогтох бололцоо бүрдэх нь бүрдсэн. Самурай бондыг жилийн 1,52 хувийн хүүтэй гаргасан ч, 50 сая ам.долларын баталгааны төлбөрийг оролцуулж тооцвол бондын хүү 4,3 хувь хавьцаа тооцоолол гардаг. Бонд худалдаж авсан Японы банкуудад 30 тэрбум иенийг манай улс 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр төлөх ёстой юм. Тиймээс Хөгжлийн банк хүүгийн алдагдалд орохгүйн тулд Самурай бондын орлогыг арилжааны хоёр банкинд байршуулсан гэдэг. Ийнхүү Чингис бондын орлогын араас Самурай бондын орлого арилжааны банкуудад байршиж аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр очсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед гадаад зах зээлд бонд гаргаж улсыг асар их өрд оруулсан түүх гэвэл энэ билээ. АН-ын Засгийн газрын тавьсан өрийг МАН-ын Засгийн газар барагдуулах ажилд сүүлийн таван жил ханцуй шамлан орсон он жилүүд урсан өнгөрлөө.
5.3 Номад бонд дэлхийн зах зээлд арилжив
Манай улс 2010 онд төсвийн сахилга батаа сайжруулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр хэд байхыг хуульчилж өгсөн. Тухайлбал, 2012 онд 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 оноос 40 хувь байхаар тусгаж өгсөн тухай дээр өгүүлсэн. Тэгвэл үүнд өөрчлөлт орж 2020 оны 09 сарын 30-ны байдлаар өрийн хязгаар хуулиараа 75 хувь байгааг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэх нь тэр. Монгол Улсын Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ өнөөгийн үнэ цэнээрээ 2016 онд 78.8 хувьтай байсан бол, 2010 онд 55.6 хувь болж буурсан. Засгийн газрын зүгээс өрийн бүтцэд нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал харьцангуй эерэг байгааг тэрбээр мэдэгдэж байсан юм. Тухайлбал, өмнө нь өрийн ихэнх хэсэг нь хугацаа богино, өндөр хүүтэй арилжааны зээл байсныг менежмент хийсэн байна. Ингэснээр 2016 онд нийт зээлийн 29 хувийг хөнгөлөлттэй зээл эзэлж байсан бол, 2020 онд 53 хувьд хүрчээ. 2016 онд арилжааны зээл 53 хувь байсныг 23 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсөвт ихээхэн дарамт учруулж байсан арилжааны зээлийг өөрчилжээ. Хугацаа 6 жил байсныг 8.6 хувь болгон өөрчилсөн байна. Улсын өрд засгийн газрын зээл, баталгаа, өрийн бичиг, санхүүгийн түрээс орохоос гадна, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг мөн оруулж тооцдог.
Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегид нийцүүлэн олон улсын санхүүгийн зах зээлд жилийн 5.125 хувийн купонтой 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын Номад бонд гаргажээ. Уг бондыг 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр арилжаалж, 2021 оны дөрөвдүгээр сард төлөх Мазаалай бонд, 2022 оны аравдугаар сард төлөх Чингис бондуудын тодорхой хэсгийг буцаан худалдан авсан байна. Дэлхий даяар тархаад буй Ковид-19 цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан цаг үед Засгийн газар 2021 онд эргэн төлөгдөх 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондыг 5.125 хувийн бага хүүтэй шинэ бондоор сольж, жил бүр Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.доллар буюу 76 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бий болгожээ. Ийнхүү өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ авах нь 2021-2022 онуудад эргэн төлөгдөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулж, эргэн төлөлтийн хугацааг 5.5 жилээр хойшлуулснаар Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал болон төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, гадаад ханшид үзүүлэх ачааллуудыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас шинээр гаргасан Номад бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura гэсэн 4 хөрөнгө оруулалтын банк хамтран ажилласан байна.
5.4 Мазаалай бондын төлбөрийг барагдууллаа
Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй Мазаалай бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны гуравдугаар сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлжээ. Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан байна. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Номад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх Мазаалай, 2022 онд эргэн төлөгдөх Чингис бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй Номад бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү бүрэн төлж барагдуулжээ. Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж иржээ. Ингэхдээ жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсэн юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байгааг Сангийн яамныхан хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирсний үр дүнд Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулсан. Засгийн газраас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ. Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам сайжруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарч байгааг Сангийн яамныхан хэлж байгаа юм.
5.5 Чингис болон Гэрэгэ бондын төлбөрийг бага хүүтэйгээр дахин санхүүжүүлэв
Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны зургаадугаар сарын 29-нд Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн оны 9 дүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа Century төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байсан. Энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед бид Century төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдлээ. Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд амжилттай боллоо гэж үздэг. Century төслийн хүрээнд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүллээ. Мөн манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байхад манай улс B үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засгаа аврах зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнгийн илрэл бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна. Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй юм.
6 БҮЛЭГ: Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил
6.1 Хөрөнгийн бирж 30 нас хүрэв
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор Засгийн газар 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 22 дугаар тогтоол гаргаж Монголын хөрөнгийн биржийг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан даруйдаа хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэж, өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг баталгаажуулж, төвлөрсөн хадгаламжид байршуулах ажлын зохион байгуулсан байна. Тухайлбал, анх 269 хүнийг сургаж хөрөнгийн зах зээлд ажиллах эрх олгосон бол, үүний дараа 29 брокер дилерийн компани байгуулагджээ. Эдгээрээр дамжуулан иргэн бүрт олгосон цэнхэр, ягаан тасалбарыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулсан байна. Тодруулбал, улсын үйлдвэрийн 344 газрыг хувьчлахаар анх төлөвлөж байсан ч, 1991-1996 онд нийтдээ 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн байгуулагдаж, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болсон түүхтэй. Харин бага хувьчлалын хүрээнд 1593 дэлгүүр, хоолны газар, ахуйн үйлчилгээний цэг, салбарыг хувьчлахаар төлөвлөж 2451 жижиг аж ахуйн нэгжийг хамруулж, үүний үр дүнд 3176 аж ахуйн нэгж шинээр үүсэн байгуулагдсан байна. Эдгээрийн дотроос 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж, 385 сая шахам төгрөгийн эд хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар хувьд шилжсэн байна. Монголын хөрөнгийн биржийн тухайд 1992 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр анхны арилжаагаа эхлүүлж 475 улсын үйлдвэрийн 96 сая ширхэг хувьцааг 800 мянган иргэнд эзэмшүүлсэн түүхтэй. Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд ингэж хөл тавьсан бол, хоёрдогч зах зээлд 1995 оны наймдугаар сарын 28-ны өдөр шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэд үнэгүй авсан улсын үйлдвэрийн газруудын хувьцааг брокер, дилерийн компаниудаар дамжуулан бэлэн мөнгөөр худалдах боломж энэ өдөр нээгдсэн юм. Хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар 16 хувьцаат компанийн 12.3 сая ширхэг хувьцааг 2.3 сая төгрөгөөр арилжаалсан гэх тоо баримт бий. Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хөл тавьж байхад тус биржийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Тэгвэл 2011оны нэгдүгээр сарын 18-нд буюу 20 жилийн ойн өдөр тус биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 373 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан билээ. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны ханш өссөн нь зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн болохыг холбогдох албаныхан хэлдэг. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын хөрөнгийн биржийн ажилтан албан хаагч, хөрөнгийн зах зээлд оролцогч нийт арилжаа эрхлэгч болон хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, ёслолын арга хэмжээг нээж цан цохисон байдаг. Энэ үеэр тэрбээр: 30 жилийн туршид хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл тасралтгүй хөгжин дэвшиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, тогтмол үйл ажиллагаатай, идэвхтэй арилжаатай, хууль эрх зүйн орчны хувьд боловсронгуй болсны зэрэгцээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дэд бүтэц, технологийн хувьд олон улсын жишигт хүрч чадсан байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл улам идэвхжиж, хөрөнгө оруулагчид арилжаанд цахимаар оролцох боломж бүрдсэнээс гадна гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг Монголдоо давхар арилжих, компаниуд үнэт цаас гаргах буухиа үргэлжилсээр байгааг тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм гэдгийг онцлон хэлсэн байдаг.
Хөрөнгийн зах зээл дэлхий дахинаа үүсч хөгжөөд 500 гаруй жил болж байхад санхүүгийн энэ сектор манай улсад үүсч хөгжөөд ердөө 30 жил болж байгаа юм. Эндээс манай хөрөнгийн зах зээл дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийг бодвол дэндүү залуу, дөнгөж эрийн цээнд хүрч яваа юм. Залуу хүнд сурч мэдэх зүйл цөөнгүй байдгийн адилаар манай хөрөнгийн зах зээлд ч гэсэн сурч мэдэх зүйл их, дутуу дулимаг зүйл цөөнгүй байсныг өнгөрсөн хугацаа харуулсан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад манай улсын хөрөнгийн захын хөгжил харьцангуй сайн, дэлхийн хөгжил рүү дөхөж явааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон хэлсэн нь энэ юм. Үнэт цаасны зах зээл хурдацтай хөгжиж, эрхзүйн орчин нь боловсронгуй болж, үнэт цаас гаргаж хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр эдийн засаг дахь үүрэг оролцоо нь улам сайжирч байгаа. Тиймээс цаашид технологийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийг түргэсгэх нь шаардлагатай байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо Сангийн яам, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийж гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал, үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд нэвтрүүлсэн явдал. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчныг бий болгосноор давхар бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаа хил дамнан амжилттай хөрвүүлэгдсэн. Мөн олон жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчныг бүрдүүлж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулсан байгаа юм. Хэдийгээр хууль эрх зүйн орчин нь бүрдсэн ч өнөөдрийг хүртэл зах зээлд гараагүй байсан хамтын хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан гэгддэг. Монгол Улсын цаашдын хөгжилд хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжилд төрийн бодлого дэмжлэг шаардлагатай байгаа юм.
6.2 Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтрав
Санхүүгийн гурван сектор гурвуулаа зэрэг хөгжсөн орны хөгжил бусад орнуудынхаас илүүтэй байдаг нь дэлхийн туршлагаас харагддаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нь жижиг дунд бизнесийн зээл олгож. Компаниуд нь улс орны хөгжил дэвшилд ахиц авч ирэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх мөнгөө хөрөнгийн зах зээлээс босгож. Харин даатгалын компаниуд нь хадгаламж болон үнэт цаасыг даатгаж байж аливаа улсын эдийн засаг доголдох юмгүй нэгэн зэрэг урагшилдаг гэсэн үг. Гэтэл манай улсад санхүүгийн дээрх гурван сектор нэгэн зэрэг хөгжсөн үү гэвэл үгүй. Санхүүгийн секторын тулгын гурвын чулууны нэг болох даатгалын салбар хөгжөөгүй ч, арилжааны банк боломжийн хэмжээнд хөгжсөн гэдэгтэй бүхий л эдийн засагчид санал нэгддэг. Харин үлдэх санхүүгийн сектор болох хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө шинэ шатанд яваа юм. Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэх зорилгоор 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж байжээ. Тэр цагаас хойш даруй 30 жил өнгөрч байгаа ч, монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил өнгөрсөн хугацаанд дардан байсангүй. Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг компаниуд улирал тутам санхүүгийн тайлан балансаа олон нийтэд зарладаггүй. Хувьцаат компаниудын санхүүгийн тайлан баланс нуугдмал учир тэд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа бодитоор өгдөг эсэх нь эргэлзээтэй. Бүр зарим компаниуд ногдол ашиг олгодоггүй байсан ч тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бол манай хөрөнгийн зах зээлийн бодит өнгө төрх байлаа. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд эхлээд биржээ хөгжүүлэх ёстой. Дагаад хөрөнгийн зах зээлд оролцогч бусад субъектүүд хөгжинө гэж энэ салбарын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд УИХ-аас 2010-2012 онд хувьчлах төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2008 онд баталсан юм. Хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж тухайн үед багтсан байлаа. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийг хувьчлахын өмнө үйл ажиллагааг нь сайжруулж, нэр хүндийг өсгөж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх гадаадын менежментийн баг оруулах хэрэгтэй гэж хамтарсан засгийн газар үзсэн юм. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулах удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг Төрийн өмчийн хороо 2010 оны тавдугаар сарын 21-нд зарласан юм. Олон улсын тендерт гадаад дотоодын хамтарсан 10 гаруй баг саналаа ирүүлжээ. Тухайлбал, Солонгосын хөрөнгийн бирж, Хонконгийн Дэ интл секурайтес консуланс компани, Канадын Компак лимитед компани, Английн Девелопмент партнершийп лимитед компани, Монгол Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум, Японы Фронтиер Интертрейд консерциум, Монголын Тавантолгой транс болон Нортенсекийн хамтарсан консерциум, Английн Лондон сток эксченж, Словени, Герман, Австралийн Экстра маркет девелопмент болон Детче борс группийн хамтарсан консерциум, Энэтхэгийн Финансиал технологи зэрэг арван баг саналаа ирүүлсэн юм.
Урьдчилсан шалгаруулалтад Солонгосын хөрөнгийн бирж, Монгол – Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум, Английн Лондон сток эксченж, Словени, Герман, Австралийн Экстра маркет девелопмент болон Детче борс группийн хамтарсан консерциум тунаж үлдсэн гэдэг. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулахад Солонгосын хөрөнгийн бирж, Монгол – Шведийн хамтарсан Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум тунаж үлдсэн гэх мэдээлэл цацагдаж байсан ч, эцсийн дүндээ тэд тоглоомоос хасагдсан юм. Хэдийгээр тэд бусдаасаа өндөр оноо авсан ч, Солонгосын хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсны дараа хувьчлалд шууд оролцоно гэдгээ илэрхийлсэн тул энэ багийг тендерээс хасжээ. Харин Монгол – Шведийн Насдак болон Мосдакийн хамтарсан консерциум Монголын хөрөнгийн бирж дээр өөрсдийн биеэр ирж ажиллахгүй, холоос удирдаж, зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь сайжруулна гэсэн хүсэлт ирүүлсэн тул тендерээс хасагдсан болохыг тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар мэдэгдэж байлаа. Ийнхүү Монголын талаас тавьсан шаардлагыг хангах баг харамсалтай нь олдсонгүй. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг 2010 оны есдүгээр сард албан ёсоор хаасан байна. Энэ даруй Төрийн өмчийн хорооны үнэлгээний баг дүгнэлтээ гарган Засгийн газарт хүргүүлжээ. Гэхдээ хожим Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах шийдвэр гарсан байна. Манай улс стратегийн 15 ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаа хувьцааг биржээр арилжаалж хөрөнгө босгохоор төлөвлөж байсан тул тус биржийг сонгосон болохыг тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү хэлдэг. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулаад зогсохгүй, монголчуудын оролцоо байх болно гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Лондонгийн хөрөнгийн биржэд дэлхийн нэр хүндтэй уул уурхайн компаниуд хувьцаа гаргаж, хөрөнгө босгодог учир энэ биржтэй хамтарч ажиллахаар болсон нь энэ аж.
Лондонгийн хөрөнгийн биржээс зохиосон Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн хувьцааны хэлтсийн дарга Треси Перс: Дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход монголын аж ахуйн нэгжүүдэд туслахаас гадна, Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирсэн гэдгээ мэдэгдэж байлаа. Лондонгийн хөрөнгийн биржийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Антон: Ирээдүйд ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт гарах тул Монголын хөрөнгийн биржийг сонгож хамтарч ажиллах болсон тухайгаа мөн мэдэгдэж байсан юм. Ингээд Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг 2010 оны арванхоёрдугаар сарын 25-нд байгуулсан юм. Харин Лондонгийн хөрөнгийн биржийнхэн монголд ирж эцсийн шатны мастер сервис агриймент буюу хамтын ажиллагааны гэрээг 2011 оны нэгдүгээр сарын 20-ны дотор байгуулахаар төлөвлөж байсан ч, 2011 оны хоёрдугаар сарын 15-ний өдөр болж хойшлогдсон тал бий. Хугацаа ингэж хойшлогдож явсаар эцсийн шатны мастер сервисийн гэрээг Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр үзэглэсэн болохыг Төрийн өмчийн хороон дахь Монголын хөрөнгийн биржийн бүрэн эрхт төлөөлөгч Чинзориг хэлж байлаа. Эдгээр гэрээ хийгдсэнээр Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн албан ёсны түншлэгч болж, тэд эргэлт буцалтгүй гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон. Энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулж, арилжааны платформыг шинэчилж, өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог стандартуудыг нэвтрүүлж дэлхийн түвшинд хүргэх үүрэг хүлээсэн байдаг. Тухайлбал, дэлхийн стандартад нийцүүлж 2-3 жилийн дотор азидаа томоохонд тооцогдох хөрөнгийн бирж болгох ёстой болов. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, техник технологийг нь хөгжүүлснээр азийн болон дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад дотоодын компаниудын хувьцааг арилжаалж өгөх ёстой болсон юм. Энэ хүрээнд Лондонгийн металлын бирж, Америкийн хөрөнгийн бирж, Энэтхэгийн түүхий эдийн бирж төдийгүй дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болон өөрсдийнхөө хэрэглэгддэг миллениум айти арилжааны платформыг нэвтрүүлсэн юм. Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн Чинзориг: Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, менежмент, тоног төхөөрөмжийг 14,2 сая ам.доллараар сайжруулахаар болсон талаар хэлдэг. Ингэснээр дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компаниудын хувьцаа арилжаалдаг хөрөнгийн бирж болох үүд хаалга нээгдсэн билээ. Дэлхийн хөрөнгө оруулагчид монголоос ирж уул уурхай компаниудын хувьцааг худалдан авах бололцоо энэ үед нээгдсэн гэж ойлгож болох юм.
-Монголын хөрөнгийн бирж хувьчлагдах нь зөв үү-
Монголын хөрөнгийн биржийн техник технологи болон менежментийг сайжруулж, нэр хүндийг нь өсгөж, зах зээлийн үнэлгээ нь нэмэгдсэний дараа хувьчилна гэж өмнө нь яригдаж байсан билээ. Эндээс Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсныхаа дараа өөрсдөө хувьчилж авах уу гэсэн таамаг гарч байсан нь нууц биш. Тэр үеийн Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чинзориг: Хувьчлалд хэн оролцохыг одоогоор хэлэхэд эрт байна. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийнхэн оролцохыг үгүйсгэхгүй хэмээн хэлж байсан удаатай. Ийнхүү Монголын хөрөнгийн биржийг хувьчлах нь тодорхой байсан ч, хэнд хэзээ хувьчлах нь тодорхойгүй байсан юм. Ер нь, гадаадын туршлагатай шинжээчид хөрөнгийн биржээ 100 хувь хувьчилж болохгүй. Хувьчилбал биржийнхээ 51 хувийг төр өөрийн мэдэлд авч үлдэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Харин тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: манайхан хөрөнгийн биржийнхээ 30 хувийг төрийн мэдэлд үлдээж, үлдэх 70 хувийг гадаад дотоодын компаниудад хувьчлах чиглэлтэй байгаа тухай хуучилж байсан удаатай. Хөрөнгийн бирж гэдэг үнэт цаас худалдан авагч, худалдан борлуулагч, брокер дилерийн компаниудыг дунд холбож өгдөг хөрөнгийн зах зээлийн дэлгүүр юм. Манай улс хөрөнгийн зах зээлийн дэлгүүрийнхээ багахан хувийг төрийн мэдэлд авч үлдэхээр ийнхүү төлөвлөж байсан нь саяхан. Үүнд Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү: Монголын хөрөнгийн биржийг хувьчлахдаа тодорхой хувийг нь төрд, тодорхой хувийг нь брокер дилерийн компаниудад, үлдэх хувийг нь гаднынханд эзэмшүүлж болох юм гэж үзэж байгаагаа тухайн үед илэрхийлж байв. Гэхдээ эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулахад анхаарлаа хандуулна. Хувьчлалын асуудлыг цаг нь болохоор ярина гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Ер нь Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шаардлага бий юу. Энэ асуултад тэр үеийн УИХ-ын дарга Дэмбэрэл: Америкчууд Лондонгийн хөрөнгийн биржийг хувьчилж авах гэж нэг хэсэг нэлээд оролдсон ч эцэстээ чадаагүй. Биржээ хувьчлах нь англичуудад ашиггүй байсан учраас тэр. Ер нь хөрөнгийн биржээ хувьчлаад хөгжсөн улс гэж дэлхий дээр ганц ч байхгүй. Тиймээс цаашид хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсны дараа өөрсдөө удирдах нь дээр гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Монголын хөрөнгийн биржийг хувьчилж үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн хүлээх нэгэн байв ч, хөрөнгийн биржээ хувьчлаад хожсон орон байдаггүй болохыг зарим нь хэлж, сануулж, анхааруулж байсан нь энэ юм. Үүний нэг тод жишээ бол хойд хөрш юм. ОХУ 1990 оны эхээр хөрөнгийн биржээ хувьчилсан нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан гэдэг. Тиймээс асар өндөр үнээр эргүүлэн худалдаж авсан түүх бий. Тиймээс УИХ-ын дарга Дэмбэрэл Хөрөнгийн биржээ хувьчлах шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь ийм учиртай.
Хөрөнгийн биржээ хувьчиллаа гэхэд энэ нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд ихээхэн шалтгаалахаас гадна, хувьчлал буруу явагдвал монгол улсын эдийн засаг хөгжих үү, эсвэл ухрах уу дээрээ тулах юм. Тиймээс ч, хожим хэзээ нэг өдөр яригдаж мэдэх хөрөнгийн биржийн хувьчлалын асуудлыг онцлон бичсэн нь энэ билээ. Дашрамд дурдахад, Лондонгийн хөрөнгийн бирж /LSE/ 1801 онд албан ёсоор байгуулагдсан. Хааны санхүүгийн зөвлөх Томас Грешем 1571 онд хувийнхаа мөнгөөр Эзэн хааны бирж байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн гэх нь бий. Лондонгийн хөрөнгийн биржийн хөгжил кофены дэлгүүрээс эхлэлтэй гэж ярих нь ч бий. Английн иргэн Жонатан 1698 онд кофены дэлгүүр анх нээжээ. Дэлгүүртээ кофе зарахаас гадна, бусад хүмүүсийн барааг зарж өгдөг байжээ. Хамгийн сонирхолтой нь зарж буй барааныхаа үнийг дэлгүүрийнхээ гадаах самбарт бичиж үнэ хаялцуулдаг байсан явдал. Бараа нийлүүлж байгаа тал, худалдан авагч хоёр үнэ тохиролцвол тухайн бүтээгдэхүүнийг худалддаг байжээ. Ийнхүү Жонатан кофены дэлгүүрээрээ дамжуулан худалдан авагч, үйлдвэрлэгч хоёрыг холбож дундаас нь ашиг олдог байсан гэдэг. Энэ нь түүнд ашиг орлогын үүдийг нээж өгсөн тул үйл ажиллагаагаа өргөжүүлж кофены дэлгүүрийнхээ тоог өсгөжээ. Хожим кофены дэлгүүрээ нэгтгэж Лондон сток эксченж гэж нэрлэсэн байна. Ингэж л Лондонгийн хөрөнгийн бирж үүссэн түүхтэй. Лондонгийн хөрөнгийн бирж урьдын кофены дэлгүүртэй адилхан үйл ажиллагаагаа өнөөдөр явуулдаг. Гагцхүү электрон хэлбэрт шилжсэн нь өмнөхөөсөө ялгарах онцлог нь гэж судлаачид үздэг. Өмнө нь кофены дэлгүүрийн гадна самбарт үнэ ханш хаялцуулдаг байсан бол, одоо дэлхийн өнцөг буланд хүрч, худалдан авагч үйлдвэрлэгч хоёрыг холбож өөрийн биржэд цахимаар үнэ ханш хаялцуулж байгаа нь өмнөхөөсөө ялгарах онцлог гэж судлаачид ярьдаг юм. Лондонгийн хөрөнгийн биржэд 70 орчим орны 2600 гаруй компани хувьцаагаа арилжаалдаг. Английн Лондон хотноо төвтэй тус бирж хэдэн жилийн өмнө манай хөрөнгийн зах зээлд хөл тавьж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах удирдлагын багаар ажилласан юм. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулсан Лондонгийн хөрөнгийн бирж өнөөдөр хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагааг явуулдаг. Хэдэн жилийн өмнө гол хөрөнгө оруулагчид нь Саудын арабт суудаг гэх мэдээлэл гарч байлаа. Ер нь арабчууд Лондонгийн хөрөнгийн биржийн 35 хүртэлх хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий.
-Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролетийн илгээлт-
Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойгоор Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет илгээлт ирүүлсэн байдаг. Хэдийгээр илгээлт ирүүлээд арав гаруй жил өнгөрсөн ч, илгээлтэд дурдсан тоо баримт сонирхол татам юм. Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет: Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан та бүхэнд Лондонгийн хөрөнгийн биржийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, халуун мэндчилгээ дэвшүүлье. Орчин үеийн хөрөнгийн зах зээлийг бий болгосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт урт удаан хугацаанд үргэлжилж, өргөн хүрээг хамрах болно гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой байдлын тулгын чулуу нь хөрөнгийн зах зээл болохыг олж мэдсэнээр 1990-ээд оны эхэн үед хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэлхийн аль ч орноос илүүтэйгээр бүх иргэдээ хувьцаа эзэмшигч болгосон Монгол улсын хөрөнгийн зах зээлийн 20 жилийн түүхээс дэлхийн бусад улс орнууд суралцаж болох юм. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө дараагийн үе шатанд орохоор төлөвлөж байгаа билээ. Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг өсч, дэлхийд тэргүүлэх өсөлттэй орнуудын тоонд багтах огцом өөрчлөлтийн үетэй энэхүү тэмдэглэлт ой давхцаж байна. Амжилтад хүрэх урт замыг туулахад Лондон өөрийн хувь нэмрээ оруулах боломж гарч байгаад баяртай байна. Бид эдийн засгийн өсөлт, шинэчлэлийг авч ирж чадах дэлхийн хэмжээний хөрөнгийн зах зээлийг бүтээн байгуулахад нь Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад холбогдох байгууллагуудын итгэлт түнш байх болно. Лондонгийн хөрөнгийн бирж олон жил дэлхийн хэмжээнд, түүний дотор Азид үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ирээдүйд ихийг бүтээх хүсэл тэмүүлэл бүхий санхүүгийн төвүүдэд өөрийн давуу тал, өргөн боломжуудыг санал болгодог. Өнөөдөр манай биржид дэлхийн 70 шахам орны 2600 гаруй компани, үүний тодор Монголын Petro matad компани бүртгэгдсэн байна. Petro matad компани нь гадаад, дотоодын хөрөнгийн захаас эх үүсвэр татах боломж бүхий давхар бүртгэлтэй Монголын олон арван компаниудын анхных болсон гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хөрөнгийн зах болох Лондон нь өрнө, дорнын хоорондох өөрийн байр сууриа ашиглан гадаадын компаниудын ашиг сонирхлыг олон улсын хөрөнгө санхүүгийн өргөн боломжтой уялдуулж чадах онцлог чадвартай юм. Бидэнд бүх салбарын хөрөнгө оруулалтын боломж, ялангуяа Монголын эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхай, түүхий эдийн секторт хуримтлуулсан арвин баялаг туршлага бий.
Энэхүү нэгдмэл хамтын системийн гол цөмд Лондонгийн хөрөнгийн бирж өөрөө оршиж байгаа юм. Бид энэхүү тэргүүлэгч байр сууриа нөр их хүчин чармайлтаар олж авсан билээ. Үүний нэг тод илрэл нь дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлоход улам ихээр оролцож буй Азийн бүс нутагт бий болох ашиг өгөөжийг хүлээн зөвшөөрч, Millennium IT-г худалдаж авсан явдал юм. Millennium IT-г эзэмшсэнээр манай бирж дэлхийн хамгийн хурдтай арилжааны платформтой болсон бөгөөд энэ нь түргэн шуурхай, үр ашигтай, өртөг багатай, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ явуулахад тус дөхөм болж чадна. Үйл ажиллагаа нь бүрэн тогтворжсон Millennium IT манай группт нэгдсэн бөгөөд дэлхийн олон улс орны, тухайлбал Лондонгийн металлын бирж, ICAP, Энэтхэгийн түүхий эдийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж группын Turquoisse / Лондонгийн хөрөнгийн биржийн Пан – Европын хувьцааны арилжааны платформ/, Египтийн хөрөнгийн бирж болон санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашигладаг юм. Лондонгийн хөрөнгийн бирж ч мөн Millennium IT-ын арилжааны платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Итали дахь бизнесийн үйл ажиллагааныхаа явцад бий болгосон клиринг, төлбөр тооцооны чиглэлийн туршлага нь манай бас нэгэн бахархал билээ. Бидний Монгол Улстай хамтран ажиллах түншлэл нь хөрөнгийн зах зээл, түүний дэд бүтцийн хөгжлийг дэмжих өргөн цар хүрээний цогц шийдлийг агуулж байгаа болно. Бид хувьцаа болон бондын арилжаа, тэдгээрийн төлбөр тооцоо, хяналтын системийг нийлүүлж, өөрсдийн практик туршлагаа нэвтрүүлэх болно. Мөн хөрөнгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүнд, тухайлбал үүсмэл үнэт цаас, ETF, түүхий эдийн арилжааг бий болгоход туслах болно. Бидний эцсийн зорилго бол Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн биржийн зүгээс хэрэгжүүлж буй хөрөнгийн зах зээлийн иж бүрэн шинэчлэлийн үйл ажиллагаанд менежментийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Монголын хөгжлийн шинэ үе эхэлж буй энэ цаг үед манай байгууллага та бүхний хамтрагч түншээр сонгогдсондоо баяртай байна. Лондонгийн хөрөнгийн биржийн нэрийн өмнөөс Монголын хөрөнгийн биржийн 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, орчин үеийн хүчирхэг хөрөнгийн зах зээлийг бий болгосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт урт удаан хугацаанд үргэлжилж, өргөн цар хүрээг хамрах болно гэдэгт итгэж буйгаа уламжилъя хэмээн илгээлтдээ дурдсаныг эргэн сануулахад эрх биш нэгийг бодогдуулах биз ээ.
6.3 Д.Энхзул: 14,2 сая ам.долларын гэрээ байгуулсан
Монголын хөрөнгийн бирж 2011 оны дөрөвүгээр сарын 7-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй мастер сервисийн гэрээ байгуулж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд хоёр тал биржийн засаглал, биржийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх, боловсон хүчний чадвахижуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд, Монголын хөрөнгийн биржэд арилжааны миллениум айти систем суурилуулж, Т+3 төлбөрийн шинэ хэрэгслийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Ийнхүү Монголын хөрөнгийн захын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор мастер сервисийн гэрээ байгуулж, Лондонгийн хөрөнгийн биржээс үйлчилгээ авсан ч, төлбөрөө төлөхгүй явсаар өдийг хүрчээ. Энэ асуудлаар Хөрөнгийн биржийн Санхүү захиргаа хариуцсан дэд захирал Д. Энхзултай 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр ярилцаж байсан юм.
– Лондонгийн хөрөнгийн биржээс авах үйлчилгээний төлбөрт 14 сая ам.доллар төлнө гэж яригдаж байсан. Үүнийг хаанаас яаж төлөхөөр гэрээнд тусгасан бэ?
– Анх гэрээний нийт зардлыг 14,2 сая доллар болно гэж Засгийн газрын 2011 оны 16 дугаар тэмдэглэлээр тогтоосон. Үүнийг төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржээс авсан ажил үйлчилгээний зардлыг төлөхөөр хоёр тал тохиролцож гэрээ байгуулсан юм. Энэ дагуу 5,2 сая ам.доллар буюу 7,4 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржид эхний жилийн төлбөрөө төлж барагдуулсан. Монголын хөрөнгийн биржийн зүгээс гэрээний төслийн үлдсэн санхүүжилтийг төсөвт суулгахаар асуудлыг холбогдох байгууллагуудад тавьсаар ирсэн боловч шийдэгдэлгүй өдийг хүрсэн тул Лондонгийн хөрөнгийн биржид 2012 оны сүүлийн хагас жилээс хойших төлбөрийг төлж чадаагүй байна.
– Зарим төлбөрийг арилжааны банкуудаас зээлж төлсөн гэх яриа бий. Үүнийг оролцуулаад одоогийн байдлаар хэдийг нь төлөв?
– Улсын төсвийн санхүүжилтээр 2011 оны төлбөрийг барагдуулсан. Үүнээс хойш санхүүжилт шийдэгдээгүй учраас арилжааны банкуудтай хамтын санхүүжилтийн гэрээ байгуулж 1,6 сая ам.долларын зээл авч, Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх 2012 оны эхний хагас жилийн төлбөрийг барагдуулсан байгаа.
– Өнгөрсөн жилийн эхний хагасаас хойш Лондонгийн хөрөнгийн биржэд төлбөрөө төлөөгүй гэхээр, Монголын хөрөнгийн бирж чамгүй өрд орж ээ?
– Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн төлбөр 1,5 сая ам.доллар, энэ оны төлбөр мөн 1,5 сая орчим ам.доллар байгаа. Нийлээд 3 сая ам.долларыг Лондонгийн хөрөнгийн биржэд даруй төлөх ёстой. Мөн 2012 оны эхний хагас жилд арилжааны банкуудаас авсан зээлээ Монголын хөрөнгийн бирж буцааж төлөх ёстой. Үүнээс гадна гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварт 1,4 сая ам.долларыг төлөх ёстой юм. Эдгээрийг тооцвол, Монголын хөрөнгийн бирж 6 сая ам.долларын өртэй болчихоод байна. Энэ санхүүжилтийг шийдвэрлэж байж хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хууль дүрмийг өөрчлөх гээд шинэчлэлийн ажил амжилттай хэрэгжинэ.
– Арилжааны банкуудаас зээл авч зарим төлбөрөө барагдуулсан гэлээ. Хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай зээл юм бол?
– Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн биржийн зүгээс хамтын санхүүжилтийн гэрээний шугамаар арилжааны зургаан банктай гэрээ байгуулсан. Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжил, Улаанбаатар, Төрийн банкнаас 1,6 сая ам.долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй авсан. Санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор энэ зээлийг авсан болохоор хөнгөлөлттэйгөөр таван жилийн дотор төлж барагдуулах нөхцөлтэй авсан.
– Зээл гэхээр хүүгийн дарамтад давхар орж байгаа байх. Одоогоор зээлийн хүү хэд болоод байна?
– Банкуудаас авсан зээлийн үндсэн хэмжээ 1,68 сая ам.доллар. Үүнээс одоогийн байдлаар хүүгийн хэмжээ 250 мянган доллар орчим болж байна. Тэгэхээр ойролцоогоор 1.9 сая ам.долларыг банкуудад эргэн төлөх шаардлагатай байгаа гэсэн үг.
– Өдрөөс өдөрт хүү бодогдож байгаа болохоор төлөхөөр яаравчилж байгаа хэрэг үү?
– Банкуудаас авсан зээлээ төлөхгүй удах тусам хүү нэмэгдээд байгаа. Энэ хэрээр төслийн үндсэн зардлыг нэмэгдүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгээд ч зээлийг төсвөөс барагдуулж болох ч, хүүгийн төлбөрийг төсвөөс барагдуулна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор хөнгөлөлттэй зээл ч гэсэн, хүүгийн дарамтад орохгүйн тулд банкуудаас авсан зээлийг яаравчлан төлөх шаардлагатай байгаа. Харамсалтай нь банкуудаас авсан зээл, Лондонгийн хөрөнгийн биржид төлөх төлбөр, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх санхүүжилтийг төсөвт тусгуулж чадалгүй өдийг хүрсэн. Ирэх оны төсвийн төсөлд ч энэ санхүүжилтийг суулгуулж чадаагүй байна. Тэгэхээр өр төлбөрийн санхүүжилт 2015 онтой залгаж магадгүй.
– Анх гэрээний нийт өртөг 14,2 сая ам.доллар байхаар тусгагдсан гэлээ. Төлөөгүй үлдсэн нь 7,4 сая доллар төлөх юм шиг ойлгогдож байна. Гэтэл та үүнээс бага тоо яриад байх юм?
– 14,2 сая ам.долларыг гэрээний санхүүжилтийн хязгаар гэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар бид нийт хийгдсэн ажлуудыг төсөвлөөд үзвэл 6,9 сая доллар байгаа. Цаашид хийх ажлуудаа тооцоод үзэхээр 3 орчим сая ам.доллар болох юм. Үүн дээр арилжааны банкуудад төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдсэн өртгийн албан татвар бас нэмэгдэнэ. Цаана нь үлдэж байгаа мөнгө бол хэмнэлт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид 14 гаруй сая ам.доллараар хэрэгжих төслийг арай бага зардлаар хэрэгжүүлж, хэмнэлт гаргах боломжтой гэсэн үг.
– Лондонгийн хөрөнгийн биржэд өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас хойш төлбөр төлсөнгүй. Үүнд хамтрагч байгууллага алданги тооцож байгаа юу?
– Лондонгийн хөрөнгийн биржийнхэн 2012 оны сүүлийн хагас жилийн төлбөр болох 1,5 сая долларын өрөө түргэн төлөхийг шаардаж байгаа. Төлөх хугацаа нь бүтэн жилээр хойшлоод байгаа энэ үед төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тул хүү алданги тооцох эрхзүйн үндэс бий, гэрээндээ ч тэгж заасан. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийнхэн манайд уян хатан хандаж байгаа. Ер нь бол урт хугацааны стратеги хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх үүднээс хүү алданги тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мэдээж цаашид төлбөрөө хийх, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тал дээр зайлшгүй шийдвэртэй алхам манай талаас хийх шаардлагатай байна.
– Одоогоор Лондонгийн хөрөнгийн биржийнхэн хамтын ажиллагаагаа бодоод уян хатан хандаж байгаа ч, төлбөрийг нь 2015 оны төсөвт суулгах хүртэл хүлээх болов уу?
– Мэдээж боломжгүй. Лондонгийн хөрөнгийн бирж өөрөө хувьцаат компани учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ил тод ажлаа тайлагнах ёстой. Лондонгийн хөрөнгийн биржийн манайтай хамтарч ажиллаж байгаа талууд уян хатан хандахыг хүссэн ч хувьцаа эзэмшигчид, аудитын хороо нь зөвшөөрөхгүй. Тийм болохоор ойрын хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх төлбөрийг төсөвт суулгаж өгөхгүй бол арилжааны банкуудаас дахиж зээл авахаас өөр аргагүйд хүрнэ.
– Зээл авах талаар арилжааны банкуудтай ярилцаж үзсэн үү. Арилжааны банкуудын зүгээс ямар хариу өгч байна?
– Ярилцаж үзсэн. Арилжааны банкууд төсөвт суусан баталгаа шаардсан. 2015 он хүртэл төсөвт суух магадлал бараг байхгүй учраас зээл авахад хүндрэл үүсээд байна. Ер нь бол энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж гарц хайх цаг нь болсон. Томоохон гэрээнүүдтэй харьцуулахад 1,5 сая долларыг эхний ээлжинд төлнө гэдэг тийм ч өндөр тоо биш. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийн сонирхолтой ийм цаг үед олон улсын түвшинд Монгол улс 1,5 сая доллар төлж чадахгүй байна гэх яриа үүсвэл манай улсын нэр хүнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай.
6.4 Миллениум айти арилжааны систем нэвтрүүлэв
Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд хийгдэх зүйлүүдийг нарийвчлан тусгасан ажлын мастер гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд үзэглэж байлаа. Энэ хүрээнд хоёр тал биржийн засаглал, биржийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн билээ. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн хуучин системийг халж, оронд нь Лондонгийн хөрөнгийн биржэд ашиглагддаг миллениум айти системийг суурилуулсан юм. Үүнтэй холбогдуулан Монголын хөрөнгийн бирж Т+3 гэсэн төлбөрийн шинэ хэрэгслийг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Үүнээс өмнө харилцагчид хувьцаа худалдан авах мөнгөө дансандаа урьдчилан байршуулдаг байлаа. Ингэхдээ дурын арилжааны банкаар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвийн данс руу мөнгөө гуйвуулдаг байсан юм. Энэ дансаар дамжиж харилцагчдын гуйвуулсан мөнгө хувьцааны дансанд нь байршдаг байлаа. Үүний дараа харилцагчид брокерийн компанидаа хувьцаа авах захиалга өгнө. Үүний үндсэн дээр брокерийн компаниуд хөрөнгийн биржийн арилжаанд оролцож харилцагчдынхаа захиалгыг биелүүлдэг байжээ.
Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоог нэг хоногийн дотор гүйцэтгэх буюу Т+1 тогтолцоо манай улсад мөрдөгдөж байсныг болиулж, оронд нь миллениум айти систем ашиглалтад орж Т+3 төлбөрийн хэрэгсэл зах зээлд нэвтэрсэн юм. Ингэснээр хувьцааны данс, мөнгөө байршуулах данс гэсэн хоёр тусдаа данстай болсон болохыг тэр үеийн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Бүрэнжаргал хэлдэг. Т+3 төлбөрийн хэрэгслийн гол онцлог нь харилцагч 1000 төгрөгөөр хувьцаа авлаа гэхэд, гурван хоногийн дотор хувьцааных нь ханш 500 төгрөг болох магадлалтай. Энэ нь хөрөнгө оруулагчид ашиггүй учраас хувьцааны төлбөрөө гурван хоногийн дотор клиринг банкин дахь дансандаа байршуулахгүй байх эрсдэлтэй байжээ. Харин энэ бүх эрсдэлийг брокерийн компаниуд үүрч ирсэн байна. Өөрөөр хэлбэл, брокерийн компаниудын барьцаа болон баталгаанд байршуулсан мөнгийг харилцагчийн төлөөгүй хувьцааны төлбөрт авах зохицуулалттай байжээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг брокерийн компаниуд арилжааны үнийн дүнгээс 1,5-3 хувийн шимтгэл авч ирсэн. Үүний 0,8 хувийг Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо авдаг байсан юм. Үлдсэнээр нь брокерийн компаниуд ажилчдаа цалинжуулж, үйл ажиллагаагаа явуулдаг.
Ашиг гэхээр зүйлгүй атлаа брокерийн компаниуд харилцагчийн өмнөөс бүх эрсдэлийг үүрэх боломжгүй учраас Т+3 тогтолцоог халах санал байнга гаргаж ирсэн. Тиймээс төлбөрийг энэ тогтолцоог 2015 оны хоёрдугаар сарын 16-наас халж, хуучин тогтолцоо руугаа эргэн орсон талаар тэр үеийн Санхүүгийн зохицуулах хорооны Мэргэжлийн оролцогчдын хэлтсийн дарга Аюур хэлж байсан удаатай. Т+3 төлбөрийн тогтолцоог нэвтрүүлээд хоёр жил бололгүй, Т+1 тогтолцоо руу эргэн шилжсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоог гурван хоногийн дотор гүйцэтгэдэг байсныг болиулж, эргэн нэг хоногт гүйцэтгэхээр болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид авсан хувьцаагаа маргааш нь худалдах эрхзүйн орчин эргэн бүрдсэн. Мөн хувьцаа худалдсан төлбөрөө маргааш нь авах боломжтой болсон юм. Хэдийгээр ийм өөрчлөлт орсон ч, хувьцаа болон мөнгөө байршуулдаг хоёр данс тусдаа үлдсэн. Тодруулбал, хувьцаа худалдаж авах төлбөрөө Худалдаа хөгжил, Хаан, Хас, Голомт зэрэг клиринг банкуудад нээлгэсэн дансандаа байршуулах нь хэвээр үлджээ. Харин дансандаа байршсан энэ мөнгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд энэ нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд нээлгэсэн дансанд хэвээр байршихаар болжээ. Гагцхүү төлбөр тооцоог гурван хоногт гүйцэтгэдэг байсныг болиулж, нэг хоног болгон өөрчилсөн түүхтэй. Тэгвэл хожим үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог Т+2 зарчмаар явуулж байгаа юм.
6.5 FTSE групптэй хамтран ажиллахаар болов
Гадаадын хөрөнгийн биржүүд гол төлөв 500, 225, 200 гаруй томоохон компаниудаа индекстээ багтаадаг. Энэ компаниудын хувьцааны ханш өсч, буурахаас хамаарч тухайн хөрөнгийн захын өөрчлөлт тодорхойлогдож байдаг. Манай улсын тухайд хөрөнгийн биржэд бүртгэлтэй 75 хувьцаат компанийг индекстээ багтааж, ТОП-75 индексээр хөрөнгийн захын өөрчлөлтийг өмнө нь харуулдаг байсан. Тэгвэл, 2000 оноос индекст багтдаг компаниудын тоог цөөлж, зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхиэр тэргүүлсэн 20 компанийг индекст багтаадаг болсон юм. Ингэхдээ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээг харгалзаж индекст оруулдаг болсон. Зах зээлийн үнэлгээ гаргахдаа тухайн компанийн хувьцааны хаалтын ханшийг нийт хувьцаагаар үржүүлдэг. Харин арилжааны өдрийн дундаж гүйлгээг гаргахдаа тухайн үнэт цаасны сүүлийн хагас жилийн арилжааны дүнг арилжаа явагдсан өдөрт хуваадаг юм. Ийм шалгуураар хувьцаат компаниудыг ТОП-20 индекст багтааж, үнэт цаасны зах зээлийн хөдөлгөөнийг харуулж ирсэн билээ. Тэгвэл 2015 оны хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн MSE ALL нэгдсэн индексийг давхар тооцож гаргадаг болсон юм. Хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор олон нийтэд нээлттэй арилжигдаж байгаа 221 хувьцаат компанийг хамруулсан MSE ALL хувьцааны нэгдсэн индексийг тооцож гаргадаг болсон гэсэн үг юм. Үүнээс гадна Лондонгийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле: FTSE Mongolia индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон тухай өмнө нь мэдэгдэж байсан удаатай.
Их Британийн FTSE групп хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэлээр тэргүүлэгч байгууллага. Тус групп олон орны бирж дээрх хувьцааны индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж, зах зээлд мэдээлдэдэг. Энэ групптэй хамтран ажиллах гэрээг манай улс 2013 оны аравдугаар сарын 18-нд байгуулжээ. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан ажлын мастер гэрээний дагуу уг индексийг оруулж ирэхээр талууд тохиролцсон учраас, FTSE-г оруулж ирэхээр ийнхүү гэрээ байгуулсан байна. FTSE Mongolia индексийг оруулж ирснээр монголын зах зээл дэлхий дахинд нээлттэй харагдах боломжтой. Тодруулбал, FTSE индекс европчуудад илүү танигдсан. Энэ индексийг дэлхий дээр 3.5 их наяд долларын санхүүгийн хөрөнгө оруулалт дагадаг гэх судалгаа бий. Энэ индексийг оруулж ирснээр европ руу хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай улс руу анхаарлаа хандуулж, дээрх хөрөнгийн тодорхой хувь буюу 1-1,5 тэрбум доллар орж ирэх бололцоотой гэж мэргэжилтнүүд тооцоолсон юм. Нөгөө талаас энэ индексийг дагаж хөрөнгө оруулалт хийдэг компаниуд тухайн биржийн хувьцааг авах ёстой болдог байна. Энэ хэрээр дотоодын компаниуд бирж дээр хувьцаагаа гаргаж, хямд эх үүсвэртэй санхүүжилт босгох хандлага нэмэгдэнэ. Энэ нь арилжааны идэвх сэргэж, үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэхэд нөлөөлнө гэж судлаачид үзсэн юм.
6.6 Сангийн яамны мэдэлд хөрөнгийн бирж очив
Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ хүрээнд хийгдэх зүйлүүдийг нарийвчлан тусгасан ажлын мастер гэрээг Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд үзэглэсэн юм. Уг гэрээнд хөрөнгийн зах зээлийг зохицуулсан хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгохоос гадна, энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар тусгасан байдаг. Мөн хөрөнгийн биржийн арилжааны системийг дэлхийн жишигт хүргэх заалт ч багтсан байлаа. Энэ дагуу Лондонгийн хөрөнгийн биржийнхэн өөрсдийн ашигладаг миллениум айти системийг Монголын хөрөнгийн биржэд суурилуулж өгсөн. Лондонгийн хөрөнгийн биржээс авсан эдгээр үйлчилгээний төлбөрт манай улс 14,2 сая ам.долларыг гэрээний дагуу төлөх ёстой байжээ. Эхний жилийн 5,2 сая ам.долларын төлбөрийг 2011 оны төсөвт тусгах замаар шийдвэрлэсэн бол, 2012 оны эхний хагас жилийн 1,6 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкуудаас зээлж барагдуулсан байна. Ийнхүү өнгөрсөн хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржэд 6,8 сая ам.доллар төлсөн ч, үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт суулгалгүй явж ирсэн. Тиймээс үлдэгдэл 8,7 сая ам.долларын өрийн эх үүсвэрийг 2015 оны төсөвт тусгах замаар шийдвэрлэхээр Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны 152-р тогтоолд тусгасан байдаг юм.
Мөн Лондонгийн хөрөнгийн биржэд нэн даруй төлөх 1,5 сая ам.долларыг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх тухай тусгасан байдаг. Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 10-нд гаргасан Монголын хөрөнгийн биржийн талаар авах зарим арга хэмжээний тухай 152-р тогтоолд чухал заалт тусгагдсан нь Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчийн хорооны мэдлээс гарч Сангийн яамны мэдэлд очсон юм. Нэгэнтээ хувьцаа эзэмшигч нь болсон учраас Монголын хөрөнгийн биржийн Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх өрийг Сангийн яам үүрч, үүнийг төсөвт суулгах замаар шийдвэрлэхээр болов. Монголын хөрөнгийн биржээс гадна, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам мөн болсон юм. Тодруулбал, Засгийн газар 2014 оны есдүгээр сарын 18-нд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай 292 тоот тогтоол гаргасан юм. Сангийн яам тухайн үед Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс Хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг тусгаарлан, түүнийг шинээр үүсгэн байгуулагдах төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлнэ гэж байсан. Үлдсэн хэсгийг нь 292-р тогтоолын дагуу Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөр компани болгон өөрчилж, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржэд 100 хувь эзэмшүүлэхээр болсон юм.
Өөрөөр хэлбэл, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг хоёр хувааж нэгийг нь Монголын хөрөнгийн биржэд эзэмшүүлсэн бол, нөгөөг нь Сангийн яамны дэргэд байгуулах шийдвэр гарсан юм. Монголын хөрөнгийн бирж 1996-1999 оны хооронд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа болон ногдол ашгийн 1 тэрбум гаруй төгрөгийг эрсдэлд оруулж, үйл ажиллагааны доголдолд орсон гэх дүгнэлт гарч байсан удаатай. Энэ дүгнэлтэд үндэслэж хууль тогтоогчид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг бие даалгахаар болж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байсан юм. Тэр дагуу Засгийн газар 2003 онд 72 дугаар тогтоол гаргаж Монголын хөрөнгийн биржийн бүтцээс Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааг салгасан байдаг. Энэ даруй Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан байгаа юм. Хэдхэн жилийн өмнө салгасан хоёр байгууллага хувьцаа эзэмшигчээрээ дамжин үйл ажиллагаа нь холилдох вий гэсэн болгоомжлол хөрөнгийн захад тухайн үед гарч байсан нь нууц биш. Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам болж, хөрөнгийн захад хөндлөнгөөс оролцох болсон учраас тэр юм.
6.7 TDB capital брокерийн эрх авсан нь
Худалдаа хөгжлийн банкны охин компани болох Ти Ди Би Капитал хязгаарлагдмал хариуцлагатай компани 2011 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан байдаг. Брокерийн үйлчилгээ явуулах эрхийг хуулийн дагуу авсан гэх тайлбарыг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Орхон тухайн үед өгч байлаа. Харин Худалдаа хөгжлийн банкны охин компанид брокерийн эрх олгосон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд гомдол гаргаж байсан юм. Энэ гомдлыг хяналтын зөвлөл хэлэлцээд Санхүүгийн зохицуулах хорооноос 2011 онд гаргасан 73 тогтоолын нэг дэх хэсгээс брокер гэсэн үгийг хасах шийдвэр гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкинд олгосон брокерийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Гэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг болоод өнгөрсөн байдаг нь ихээхэн хачирхалтай бөгөөд араасаа багагүй хардлага төрүүлсэн юм. Ингэж хэлж байгаа нь санхүүгийн зохицуулах хороо 73 тогтоолоосоо брокер гэдэг үгийг хассан ч, оронд нь брокер гэдэг үгний хуулийн тайлбарыг орлуулчихсан явдал. Тэр үед мөрдөгдөж байсан Үнэт цаасны тухай хуульд брокерийн үйлчилгээ гэж бусдын нэрийн өмнөөс үнэт цаас зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг хэлнэ гэж томьёолсон байдаг аж.
Санхүүгийн зохицуулах хороо 73 тогтоолоосоо брокер гэдэг үгийг авсан ч, оронд дээрх томьёоллыг оруулсан гэсэн үг юм. Ийнхүү дээрх шалтгаанаас үүдэлтэйгээр арилжааны банкууд болон үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хооронд хэдэн жилийн өмнө ширүүхэн маргаан өрнөсөн билээ. Харин Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтан Дүгэржав: Банкны тухай хуулийн 6.2.7-д арилжааны банк, түүний хараат болон охин компани харилцагчдын нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээг эрхэлж болно гэж заасан байдаг. Үүнийг брокерийн үйлчилгээ гэж үзэн Худалдаа хөгжлийн банкинд брокерийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгосон хэмээн тайлбарлаж байлаа. Харин Нортенсек брокерийн компанийн захирал Өлзийбаяр: Бусдын нэрийн өмнөөс хөрөнгө оруулалтын бусад үйлчилгээ эрхлэх нь брокерийн үйлчилгээ биш юм хэмээн няцааж байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ, брокер гэдэг хоёр тусдаа ойлголт болохыг хэлж байсан юм. Эдийн засгийн хоёр өөр хэллэгийг нэг зүйл хэмээн тайлбарлаж, Худалдаа хөгжлийн банкны охин компани болох Ти Ди Би Капитал хөрөнгийн зах зээлд хөл тавьсан нь энэ салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан брокерийн компаниуд төдийгүй, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулсан нь энэ билээ.
6.8 Арилжааны банкууд андеррайтер хийвэл
Андеррайтер гэж үнэт цаас гаргагчаас бүх хувьцааг нь буюу тодорхой хэсгийг худалдан авч, ашиг олох зорилгоор түүнийг бусдад худалдах, арилжих үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хэлдэг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө манай улсад 46 брокер, дилерийн компани ажиллаж байснаас 4 нь андеррайтер хийх эрх Санхүүгийн зохицуулах хорооноос авч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Ийнхүү хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан бол, энэ салбарт арилжааны банкууд хүч түрэн орж ирж болзошгүй дүр зураг 10 гаруй жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн юм. 2011 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аар батлагдсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад арилжааны банкууд Андеррайтер хийж болно гэж тусгаж өгсөн учраас тэр юм. Энэ нь арилжааны банкуудын үйлчилгээ нэгээр нэмэгдэж, андеррайтер хийх хууль эрхзүйн орчныг бий болгож өгсөн юм. Тухайн үед ийм үйлчилгээ явуулах эрх авах хүсэлтээ дөрвөн ч арилжааны банк Санхүүгийн зохицуулах хороонд илэрхийлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Арилжааны банкууд иргэдээс хадгаламж татаж, үүнийгээ өндөр хүүтэй зээлж дундаас нь ашиг олдог. Мөн гадаад төлбөр тооцоо хийхээс гадна, гадаад валют худалдан авах, худалдах зэрэг үйл ажиллагаа эрхлэлдэг. Харин брокер, дилерийн компаниуд аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж өгч, үйл ажиллагаанд нь шаардлагатай мөнгө босгодог. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдээс хувьцаа худалдан авах болон худалдах санал авч, хөрөнгийн биржийн арилжаанд оролцох үүрэгтэй. Мөн тусгай зөвшөөрөлтэй бол андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг билээ.
Ийнхүү тусдаа үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн хоёр секторын ажил өөр хоорондоо холилдож болзошгүй хууль эрхзүйн орчныг 10 гаруй жилийн өмнө бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирэх бололцоог бий болгох нь тэр. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бус. Хөл дээрээ босох гэж яваа хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болж мэднэ гэж судлаачид үзэж байлаа. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад арилжааны банкууд үнэт цаас худалдан авч, худалдаж болно гэсэн зүйл заалт оруулж өгсөн. Хэрэв арилжааны банкууд үнэт цаас гаргагч аж, ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авах бол хэний мөнгөөр худалдаж авах вэ. Өөрсдийн гэхээсээ илүүтэй харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хувьцаа худалдан авч таарна. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд үнэт цаас гаргасан компани дампуурвал яах вэ. Хувьцаа худалдаж авсан арилжааны банк эрсдэлээ хүлээж таарна. Эндээс хадгаламж эзэмшигчдийн мөнгө салхинд хийсэж мэдэхээр дүр зураг ажиглагдах болов. Хэрэв ийм тохиолдол гарвал хадгаламж эзэмшигчдийг хэрхэн хохиролгүй болгохыг Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад харамсалтай нь тусгаж өгөөгүй гэдэг. Үүнээс гадна, арилжааны банкууд хувьцаа ихээр худалдаж авлаа гэхэд, тэдний бодит зах зээл рүү гаргах мөнгөний хэмжээ буурч таарна. Цаашлаад арилжааны банкууд дампуурвал хөрөнгийн зах зээлийг давхар уналтад оруулж болзошгүй юм. Санхүүгийн секторуудын үйл ажиллагаа хоорондоо холилдож болдоггүйн гол утга учир энэ билээ.
6.9 Эрсдэлээс хамгаалах жор
Манай улсын хөрөнгийн зах зээлд хоёр төлийн үнэт цаас арилжаалагдаж ирсэн. Нэг нь хувьцаа бол, нөгөө нь бонд гэж ойлгож болно. Бонд хувьцааг бодвол эрсдэл багатай бүтээгдэхүүнд тооцогддог. Бонд гаргагч нь үндсэн төлбөрөө хүүгийн хамт тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулагчид эргүүлэн төлөх баталгаа гаргаж өгдөг учраас тэр юм. Харин хувьцааны ханш хөрөнгийн биржэд хэд дахин өсч болохоос гадна, хэд дахин унах магадлалтай байдаг. Тиймээс хувьцаа өгөөж өндөртэй ч, түүнийгээ дагаад эрсдэл өндөртэй үнэт цаасны ангилалд багтдаг юм. Тухайлбал, 100 төгрөгөөр худалдан авсан хувьцааны ханш 90 төгрөг болоход хөрөнгө оруулагч дундаас нь 10 төгрөгийн алдагдал хүлээнэ. Үүнийг эрсдэл хэмээн нэрлэж буй. Тиймээс хөрөнгө оруулагчид хувьцаанаас ашиг олохын тулд, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чаддаг байх нь чухал юм. Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж хөрөнгө оруулагч танд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс хувьцаа худалдан авахын өмнө гадаад болон дотоод хүчин зүйлийг сайтар судалсан байх ёстой. Гадаад хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд наад захын эдийн засаг, улс төрийн өргөн хүрээний мэдлэгтэй байх шаардлагатай. Харин дотоод хүчин зүйлийн эрсдэлд өртөхгүйн тулд хувьцааг нь авах гэж буй компаниа сайтар судалж зөв сонголт хийх нь оновчтой. Монголын хөрөнгийн биржэд уул уурхай, барилга, хүнд болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй компани байдаг гэх судалгаа бий. Энэ олон салбарын, энэ олон компаниас сонголт хийнэ гэдэг амаргүй. Тиймээс хөрөнгө оруулагч мэддэг салбараас ямар ирээдүйтэй компани вэ гэдгийг тунгаан бодож шийдвэрээ гаргах ёстойг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Үүний дараа тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг харьцуулан судлах шаардлагатай. Тухайлбал, компаниудын өнгөрсөн түүх, үйл ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, зах зээлд эзлэх байр суурь, ногдол ашиг тогтмол тараадаг эсэхийг нь харьцуулан судлах шаардлагатай юм.
Мөн компанийг удирдаж буй хүмүүс туршлагатай, чадварлаг эсэхийг харьцуулан судлах шаардлагатай юм. Энэ бүхний дараагаар өөрийн сонгосон компаниудын хувьцааны ханшийн түүхийг судлах ёстой юм. Үүний эцэст боломжийн гэж үзсэн хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Хөрөнгийн зах зээлд үйлчилдэг бичигдээгүй хууль бол нэг компанийн хувьцаа авахаас илүүтэй боломжийн гэж үзсэн олон компанийн хувьцааг сонгох нь эрсдэл багатай байдаг. Ингэхдээ доод тал нь гурав, дээд тал нь найман өөр компанийн хувьцааг худалдан авахыг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Энэ нь хөрөнгө оруулагч таныг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл юм. Нэг компанийн хувьцааны ханш уналаа гэхэд, нөгөө компаниудын хувьцааны ханш өсөлттэй байвал эрсдэлд өртөх нь бага гэж үздэг учраас тэр юм. Хөрөнгийн зах зээлд мэргэшсэн зарим нэг хүмүүс хувьцааных нь ханш буурах тусам нэмж худалдаж авах замаар алдагдлаа бууруулдаг. Хувьцааныхаа тоо ширхэгээ ингэж өсгөснөөр хувьцааны ханш өсвөл ашиг нэмэгдэх ч, буурвал алдагдал нэмэгдэх эрсдэлтэйг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс хөрөнгийн захаас гэнэтхэн их хэмжээний ашиг олохоороо эрсдэлээс айх нь багасч, шунах нь ихэсдэг тал ажиглагддаг. Хувьцааных нь ханш өссөн үед үүнийгээ зарж бодит ашгаа авахын оронд, илүү их өсгөж хэт их ашиг авахыг эрмэлзэх зуур хормын төдийд хувьцааны ханш унах тохиолдол элбэг. Хэрэв иргэн та ямарваа нэг компанид хөрөнгө оруулах гэж байгаа бол бүх мөнгөөрөө дэнчин бүү тавь гэсэн хөрөнгийн зах зээлийн бичигдээгүй хууль байдгийг санах хэрэгтэй. Хэрэв энэ зах зээлд хөл тавих гэж буй бол энэ мэт дээрх эрсдэлийг зайлшгүй анхаарах ёстой болдог юм. Дэлхийн олон оронд хувьцааны сагсыг даатгасан байдаг ч, манайд ийм үйлчилгээ хараахан нэвтрээгүй. Өөрөөр хэлбэл, өөртөө найдаж оновчтой хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй гэсэн үг юм.
7 БҮЛЭГ. Аж үйлдвэрлэлийн салбар
7.1 Жижиг, дунд үйлдвэр хөгжив
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай болов-
Манай улсад 1990 оноос өмнө үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжсөн байлаа. Оёдлын, гутлын, нэхмэлийн, савхи болон нэхий боловсруулах гээд бүхий л чиглэлийн үйлдвэрүүд манай улсад байгаагүй биш байсан. Харамсалтай нь ардчилсан нийгэмтэй золгох тэр мөчид үйлдвэрлэлийн салбар хувьчлалын шуурганаар уналтад орсон юм. Ингэснээр монголчууд хэрэгцээт барааныхаа дийлэнхийг гаднаас импортлон авдаг болов. Байгалийн баялагаа гадаад зах зээлд арилжаалж манай улс бага зэрэг долларын хуримтлалтай болох нь болдог. Гэвч үүнийгээ зөв зохистой ашиглаж чадахгүй импортын бараагаар сольж орхидог нь дэндүү харамсалтай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд импортын бараанд арай хийн цуглуулсан доллараа зөрүүлэн өгсөөр ирсэн нь үүний нэг тод жишээ юм. Хэрэв дотооддоо үйлдвэрлэж, үүнийгээ өөрсдөө хэрэглэж, үлдсэнийг нь экспортолдог байсан бол, манай улсын валют өөр орны халаас руу энэ мэт урсахгүй байх байсан биз. Дотооддоо үйлдвэрлэдэггүйн гайгаар манай улсын эдийн засаг урагш бус, хойш ухрах эхлэл ийн тавигдсан билээ. Тиймээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараагаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх нь өгсөн. Гэвч жижиг дунд үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байлаа. Тиймээс 1992-1993 онд Монгол, Америкийн Засгийн газар хооронд байгуулсан АНУ-аас Монгол улсад хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зарцуулах шийдвэрлэсэн юм. Энэ дагуу 1993 онд хуучны Худалдаа үйлдвэрийн яаманд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг байгуулж, тусламжийн шар тос болон цөцгийн тосны борлуулалтаас 1,5 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлсэн байна. Гэвч зээл дамжуулан олгосон банкууд татан буугдсанаар уг сангийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэх мэдээлэл бий. Үүний дараа 2000 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрийн сангаас жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр болж, дээрх сангийн үйл ажиллагааг сэргээжээ. Харин 2009 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Гэхдээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн эхлэлтийн хөрөнгийг улсын төсвөөс тухайн үед гаргаж өгсөн байна.
Ингэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах бололцоотой болсон юм. Ер нь 2009-2014 оны хооронд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 300 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тухайлбал, 2009 онд 30,8 тэрбум төгрөг, 2010 онд 29,5 тэрбум төгрөг, 2011 онд Засгийн газрын бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг олгосон юм. Тэгвэл 2012 онд 25,5 тэрбум төгрөг, 2013 онд 72,7 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлдвэрлэгчдэд олгожээ. Харин 2014 онд ийм нөхцөл бүхий зээл жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгохгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Шалтгаан нь энэ сангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоход зориулж нэг ч төгрөг тэр жил төсөвлөөгүйтэй холбоотой юм. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж 2011 онд гаргасан Засгийн газрын 150 тэрбум төгрөгийн бондын эргэн төлбөрийг 2014 онд хийх ёстой байлаа. Хэдийгээр тийм ч Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд хаягласан нэг их наяд төгрөгийнхөө 100 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсон юм. Үүнтэй холбогдуулж 2014 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлдвэрлэгчдэд зориулж нэг ч төгрөгийн зээл олгохгүй байхаар тогтсон талаар тэр үеийн Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билгүүн хэлж байсан билээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд 1 их наяд төгрөгийн зээл олгох шийдвэрийг шинэчлэлийн Засгийн газар 2014 онд гаргасан байдаг. Үүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг багтаахаар болж, тэдэнд 5 жилийн хугацаатай 7 хувийн зээл олгохоос гадна, эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлсөн юм. Энэ зээлд хамрагдахаар 888 төсөл шалгарснаас 579 нь хоёр хүртэлх тэрбум төгрөгийн, 309 нь хоёроос дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн байдаг. Хоёроос дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжүүдэд 900 тэрбум төгрөгийн зээл олгохоор тогтож, санхүүжилтийг нь Хөгжлийн банк болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон юм.
-2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарлав-
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд банк, санхүү, даатгал, уул уурхайн чиглэлийн компаниуд ордоггүй. Үүнээс бусад чиглэлийн 199 хүртэлх ажилтантай, 1,5 хүртэлх тэрбум төгрөгийн орлоготой иргэн, аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хэмээдэг. Энэ үзүүлэлтээр 2014 оны байдлаар нийт татвар төлөгч 73 мянган иргэн, аж ахуйн нэгжээс 88 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн ангилалд багтаж байлаа. Тэд 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэсэн гэх тоо баримтыг холбогдох газраас өгдөг. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт үйлдвэрлэлийн 20 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хэмээх их айл бүтээдэг гэж ойлгож болно. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тэдэнт хамгийн их тулгардаг бэрхшээл бол зээл юм. Тиймээс 2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарлаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тунхагласан байдаг. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 2009 онд төсвөөс 30,8 тэрбум төгрөг гаргаж байлаа. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: 2009 онд 4800 гаруй төсөл 85 тэрбум төгрөгийн зээл хүссэн байдаг. 30,8 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцээгүй учраас 1500 гаруй төсөлд зээл олгож, 3000 гаруй төсөлд зээл олгоогүй. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд нийт 30.8 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөснөөс 10,2 тэрбум төгрөгийг аймгийн болон бүс нутгийн чанартай 44 аж ахуйн нэгжид олгосон. Ингэхдээ нэг зээлдэгчид 100 саяас 1 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай хэлж байсан юм. Тодруулбал, төсөвлөсөн мөнгө хүрэлцээгүй учраас төслөө ирүүлсэн зээлдэгчдийн 3/1 нь зээлд хамрагдсан байна. Ингэхдээ 10 гаруй тэрбумыг нь томоохон зээлдэгчдэд, 9 тэрбумыг нь нийслэлийн бизнес эрхлэгчдэд, 11 тэрбум төгрөгийг нь орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгожээ. Тухайн үед Улаанбаатар, Сэлэнгэ, Булган аймагт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олголт эхэн үедээ маш бага хувьтай байсан билээ. Тухайлбал, тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дэд дарга Баярмагнай: Булган аймагт жижиг, дунд бизнес хөгжүүлэх зорилгоор 862 сая төгрөг байршуулсан. Гэтэл зээл олголт ердөө 22 хувьтай явааг онцолж байсан юм. Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга: Булган аймаг Хас банктай гэрээ байгуулсан. Энэ банкаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олгож байгаа. Харамсалтай нь Хас банк өндөр шалгуур тавьж зээл олгохгүй байгаа учраас энэ аймагт жижиг дунд үйлдвэрийн зээл олголт бага хувьтай байгааг онцолж байсан удаатай. Энэ аймагт жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээл удаашралтай байгаа шалтгааныг Булган аймгийн Хас банкны 31-р тооцооны төвийн захирал Мөнхболд: иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө зээлийн материалаа ирүүлэхгүй байгаа. Ирүүлсэн ч шаардлага хангах зээлийн төсөл ирэхгүй байгаа. Олгосон зээлийнхээ эрсдэлийг дааж байгаа учир хатуу шаардлага тавьж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Арилжааны банкууд төрөөс олгосон дэмжлэгийг буцааж төлүүлэх хариуцлага үүрч байсан тул барьцаа хөрөнгөтэй иргэдэд түлхүү зээл олгожээ. Үүнээс шалтгаалж барьцаа хөрөнгөгүй жижиг дунд бизнес эрхлэгчид зээлд хамрагдаж чадаагүй гэх яриа ийнхүү гарч байсан юм. Харин үүнийг тэр үеийн УИХ-ын гишүүн Цэнгэл: 2009 оны есдүгээр сарын 1-ний дотор жилийн 12 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан. Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид зээлээ авч он дуусахад хэдийнэ үр дүнг нь гаргачихсан байх ёстой байсан хэмээн ихээхэн шүүмжилж байлаа. Тэрбээр, Булган аймагт жижиг дунд бизнес хөгжүүлэх зорилгоор мөнгө байршуулсан болохоос, Хас банкинд хадгалуулах гэж байршуулаагүй. Тиймээс 2009 оны есдүгээр сарын 15-ны дотор зээлээ олгохгүй бол, тус аймагт байршуулсан мөнгийг эргүүлж татах хүртэл асуудал ярина хэмээж байлаа. Жижиг дунд бизнесийн зээлийг Зоос, Монгол шуудан, Капитрон, Улаанбаатар, Хас зэрэг арилжааны 5 банкаар дамжуулан олгосон байдаг. Ингэхдээ Жижиг дунд үйлдвэрийн газраас 30,8 тэрбум төгрөгийг хүүгүй арилжааны банкуудад байршуулсан юм. Арилжааны банкууд үүнийг 12 хувийн хүүтэй зээлд гаргасан гэдэг. Нэгэнт банкуудад хүүгүй байршуулсан мөнгө, бизнес эрхлэгчдэд 12 хувийн хүүтэй болж очиж байсан тул, энэ хүүг бууруулах хэрэгтэйг бизнес эрхлэгчид хэлж байсан ч, ингэх бололцоогүйг албаныхан учирлаж байсан нь саяхан. Нийслэл болон орон нутагт ойролцоо хэмжээний зээл олгосон учраас ижил хэмжээний ажлын байр бий болох учиртай. Гэтэл нийслэлд 885 ажлын байр, орон нутагт 3537 ажлын байр бий болсон гэх судалгаа хожим гарсан байдаг юм. Тиймээс нийслэлд яагаад бага ажлын байр бий болов гэдэг асуулт дагалдаад гарч ирэх нь тэр. Үүнд тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газрын Санхүү хөрөнгө оруулалт, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Батмагнай: Улаанбаатар хотод нийт хичнээн ажлын байр бий болсон судалгаа бүрэн гараагүй байна гэсэн тайлбарыг өгч байсан билээ.
-2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлав-
Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж яваа бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газар 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан байдаг. Бизнесийн орчны шинэтлгэлийн жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих албаны гишүүн, тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Бизнесийн орчны шинэтлгэлийн жилийн хүрээнд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах таатай боломж олгож, тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг цөөлөх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод болгож, хүнд сурталыг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн талаар хэлж байв. Энэ хүрээнд 2010 онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өмнөхийн адил 30,8 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөсөн юм. Тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Бадарч: 2010 онд олгохоор төсөвлөсөн 30,8 тэрбум төгрөгийн 6,5 тэрбум төгрөгийг зээлийн баталгааны сан болон санхүүгийн түрээсийн үйлчилгээнд зарцуулна гэсэн тайлбар өгч байлаа. Харин тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газрын Санхүү, хөрөнгө оруулалт, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Батмагнай: Барьцаа хөрөнгөгүй зээлдэгчид баталгаа гаргуулан авч 1,5 тэрбум төгрөгийн зээл авах бололцоотой гэж тодотгон хэлсэн байдаг. Харин үлдэх мөнгийг нь зээлд гаргахаар төлөвлөсөн юм. Ингэхдээ 9 тэрбум төгрөгийг бүс нутгийн үйлдвэрлэл дэмжихэд, 5 тэрбумыг нь хотын бизнес эрхлэгчдэд, 10,5 тэрбумыг орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээлэхээр төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, нэг аймагт 500 сая төгрөг зарцуулагдах тооцоо тухайн үед гарч байсан билээ. Үүгээр тооцвол, орон нутгийн үйлдвэрлэгчдэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл, нийслэлийн үйлдвэрлэгчдэд 100 хүртэлх сая төгрөгийн зээл олдохоор байв. Өөрөөр хэлбэл, нэг аймагт 10, нийслэлийн хэмжээнд 50 бизнес эрхлэгч уг зээлд хамрагдах бололцоотой судалгаа гарч байсан юм. Тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Золжаргал: Аймаг, нийслэлийн засаг даргын дэргэд төсөл сонгон шалгаруулах дэд комисс байгуулсан. Нийслэл, хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид энэ коммист зээл хүссэн төслөө 2010 оны гуравдугаар сарын 15-ны дотор өгөх ёстой. Комисс төсөлтэй танилцаж шаардлага хангасан болон хангаагүй төсөлд 10 хоногийн дотор хариу өгнө. Шаардлага хангасан төслийг цааш арилжааны банкууд руу явуулна. Тухайн банк зээлийн эрсдлийг судалж үзээд зээл олгох эсэхийг 14 хоногийн дотор шийдвэрлэх юм гэсэн тайлбарыг өгч байсан билээ. 2010 оны тухайд Хас, Хадгаламж, Хаан, Төрийн гэсэн 4 арилжааны банкаар дамжуулан уг зээлийг олгохоор тогтсон байдаг. Жилийн 12 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай уг зээлийг 2010 оны дөрөвдүгээр сарын 15-наас олгож эхэлсэн бол, 2010 оны тавдугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгосон юм. Ингэхдээ эхний жил үндсэн зээл төлөхгүй, дараагийн жилээс үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөл тавьсан байдаг. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: Тухайн бизнесээ нэгээс доошгүй жил эрхэлсэн. Татварын болон банкны өргүй байх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах холбогдох зөвшөөрлийг авсан байх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах мэргэжлийн боловсон хүчинтэй байх, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ судалсан байх зэрэг шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон болохыг хэлдэг билээ.
-Зээлийн батлан даалтын сантай болов-
Жил ирэх тусам жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдэж байсан ч, дийлэнх нь энэ зээлд хамрагдаж чаддаггүй байлаа. 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийн газарт 4800 гаруй төсөл ирснээс гуравны нэг нь зээлд хамрагдсан байх жишээтэй. Үүнийг холбогдох албаныхан төсөл ирүүлсэн бизнес эрхлэгчдийн дийлэнх нь барьцаа хөрөнгөгүй байсан учир зээлд хамрагдаж чадаагүй гэж тайлбарлаж байсан юм. Тиймээс энэ бэрхшээлийг арилгах үүднээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 2009 онд олгохоор төлөвлөсөн 30.8 тэрбум төгрөгийн 1,5 тэрбумыг нь зээлийн баталгаанд зориулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ, нийслэл болон орон нутагт хуваарилсан мөнгөний 10 хувьтай тэнцэх мөнгөнд баталгаа гаргахаар яригдаж байсан ч, хойшилсон юм. Зээлийн баталгааны сангийн тухай хууль байхгүйгээс болоод хойшлогдсон гэдэг. Тиймээс Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран зээлийн баталгааны сангийн тухай хуулийг боловсруулж эхэлсэн юм. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкуудын холбоо хамтран зээлийн баталгааны сангийн тухай хуультай уралдан, зээлийн баталгааны сан дэлхийн улс орнуудад ямар байдгийг судалж туршлага судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд зээлийн баталгааны сан байгуулахад юу шаардлагатай, юуг анхаарах хэрэгтэй, олон улсад ямар байдгийг судалсан юм. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Ухнаагийн Отгонбаяр: Хөдөө, аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд гол төлөв зээлийн баталгаа гаргаж өгөх хэрэгтэйг Румыний Зээлийн батлан даалтын байгууллагын гишүүн Вивиане Василе зөвлөж байсан. Тус улсад төрийн болон хувийн хэвшлийн зээлийн баталгааны сан байдаг. БНСУ-ын зээлийн баталгааны сан мөн төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой болохыг Солонгосын Батлан даалтын байгууллагын мэргэжилтэн Элли Чон мэдэгдсэн талаар хуучилж байсан юм. Дэлхийн улс орнуудын зээлийн баталгааны сан төрийн оролцоотой байдаг. Тиймээс монголчууд мөн төрийн оролцоотой зээлийн баталгааны сан байгуулах нь зөв гэж үзэж байсан юм. Төрийн оролцоотой гэдэг нь улсын төсвөөс багагүй мөнгө гаргаж, зээл авч буй иргэдэд тэрхүү сангаас баталгаа гаргана гэсэн үг юм. Хэрэв зээл авсан иргэд зээлээ эргүүлэн төлөхгүй бол, эрсдэлийг нь хэн хариуцах вэ гэсэн асуулт тухайн үед гарч байлаа. Үүнд тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Ухнаагийн Отгонбаяр: Баталгааны сан өөрсдөө эрсдэлээ хүлээх ёстой гэсэн хариулт өгч байсныг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй биз ээ. Гэхдээ Зээлийн баталгааны санг төр болон хувийн хэвшлийн оролцоотой байгууллаа гэхэд эрсдэлээ хуваалцах хэрэгтэй гэж үзэх хүмүүс байх нь байсан. Удалгүй хуультай болж Зээлийн батлан даалтын сан 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 6,3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан судалгаа бий. Тэр үеийн Зээлийн батлан даалтын сангийн зөвлөх Балгансүрэн: Цаашид 100 хүртэлх тэрбум төгрөгийн баталгаа гаргах бололцоотой гэх тайлбарыг өгч байсан юм.
-Сум хөгжүүлэх сан байгуулав-
Хамтарсан засгийн газар 2011 оны дөрвдүгээр сарын 27-ны өдөр 134-р тогтоол гаргаж Сум хөгжүүлэх сан байгуулж байлаа. Суманд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр шинээр бий болгох зорилгоор энэ санг байгуулсан юм. Сум хөгжүүлэх санд анх улсын төсвөөс 24 тэрбум төгрөг байршуулж, 1 суманд хүн амын тооноос хамаарч 50-265 сая төгрөгийн зээлийг, 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тогтсон байдаг. Энэ зээлийг тухайн суманд бүртгэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд авах боломжтой байлаа. Гэхдээ ямар нэгэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлагыг тэдэнд тавьж байсан юм. Энэ болзлыг хангасан, зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаандаа төлөх чадвартай иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн төслөө сумын засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсэгт хүргүүлж байлаа. Шаардлага хангасан төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжтэй сумын засаг дарга гэрээ байгуулж, сумдуудад нээсэн төрийн сангийн тусгай дансаар дамжуулан зээл олгохоор тогтсон байдаг. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: 2011 оны эхний хагас жилийн байдлаар 329 сумаас 240 сумын үйлдвэрлэл эрхлэгчид сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдсан болохыг хэлж байлаа. Сумын засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсгийнхэн сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажилласан байдаг. Тиймээс барьцаа хөрөнгөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох хүндрэлтэй байсан талаар зарим аймгийн засаг удирдлагууд хэлдэг. Харин тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттулга: Сум хөгжүүлэх сангаар дамжуулан олгосон 3 хувийн хүүтэй зээлд ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардаагүй гэсэн тайлбар өгч байлаа. Жижиг дунд үйлдвэрийн газар мөн ийм тайлбар өгч байсан юм. Гэвч зээлийн эргэн төлөлтийг аймгийн засаг дарга нар өөрсдөө хариуцах учир зарим нь барьцаа хөрөнгөгүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй байсан гэх шүүмжлэл гарч байсан нь нууц биш. Энэ нь зарим аймагт сум хөгжүүлэх сангийн зээл олголт удаашрах нэг шалтгаан болсон юм. 2011 оны долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар сум хөгжүүлэх сангийн зээл олголтын явц аймагт бүрт харилцан адилгүй байлаа. Зарим аймгуудад 30 хувьтай байхад, зарим аймагт 90 хувьтай байсан юм. Ингэснээр улсын хэмжээнд сум хөгжүүлэх сангийн зээл олголт 71 хувьтай гарсан юм. Энэ зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж 2000 гаруй ажлын байр хадгалж, 5000 гаруй ажлын байр шинээр бий болгосон гэх мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас өгдөг. Сум хөгжүүлэх сангаас эхний гурван жил 72 тэрбум төгрөгийн зээл олгосон бол, 2014 онд 12 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөж байсан юм.
-Засгийн газрын 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумыг нь жижиг дунд үйлдвэрлэлд зарцуулав-
Монгол Улсын Засгийн газар 2011 онд 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болсон юм. Тэр үеийн Сангийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Үүний 72 тэрбум төгрөгийг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын дагуу Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан 4000 айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн. Харин 150 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд, үлдэх 150 тэрбум төгрөгийг ноос ноолуурын үйлдвэрүүдэд 5-10 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлэхээр тогтсон тухай хэлж байсан юм. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 36 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан байдаг. Ингэхдээ, тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 360 мянган ширхэг үнэт цаасыг арилжаалсан юм. Үүний 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 1 жилийн хугацаатай 7,3 хувийн хүүтэй. 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 1,5 жилийн хугацаатай 7,75 хувийн хүүтэй. Үлдэх 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Ингэхдээ 1-1,5 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацааны эцэст. Харин хоёр жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг эхний жилийн эцэст болон хугацааны эцэст тус тус олгох нөхцөлтэй байжээ. Засгийн газар ийнхүү 2011 оны зургаадугаар сард 36 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан бол, үлдэх 36 тэрбум төгрөгийн бондыг 2011 оны долоодугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан байдаг. Ингэхдээ өмнөхийн адил 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 360 мянган ширхэг үнэт цаасыг арилжаалсан юм. Үүнээс 160 мянган ширхэг үнэт цаасыг 2 жилийн хугацаатай 7,5 хувийн хүүтэй. 100 мянган ширхэг үнэт цаасыг 3 жилийн хугацаатай 7,8 хувийн хүүтэй. 50 мянган ширхэг үнэт цаасыг 5 жилийн хугацаатай 8,5 хувийн хүүтэй. Үлдэх 50 мянган ширхэг үнэт цаасыг 7 жилийн хугацаатай 9 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Засгийн газрын дээрх үнэт цаасны хүүг жил бүрийн эцэст төлөх нөхцөлтэй байснаас гадна, хүүгийн орлого татвараас чөлөөлөгдөж байжээ. Ийнхүү 2011 онд Засгийн газраас нийт 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үе шаттайгаар арилжаалсан байдаг. Тэр үеийн Монголын Хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Одбаяр: Засгийн газрын бондыг 2011-09-24-ний байдлаар бүгдийг нь арилжаалж амжаагүй байна гэсэн тайлбар өгч байлаа. Тодруулбал, 2011 оны есдүгээр сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 180 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжаалжээ. Үлдэх бондыг 2011 оны аравдугаар сард багтаан арилжаалж дуусгах боломжтойг холбогдох албаныхан хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үед Засгийн газрын 372 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж дуусна гэсэн хүлээлттэй байсан юм.
7.2 Ноолуурын зах зээл
-Ноолуурын үнэ уруудаж, улс төрчид ханш өсгөх амлалт өгөв-
Одоогоос хэдэн жилийн өмнө малчдын ноолуурыг худалдаж авах хятад наймаачид, монгол ченжүүд хаа сайгүй байлаа. Эрэлт их байсан тул ноолуур үнэтэй түүхий эдийн тоонд зүй ёсоор ордог байсан цаг. Харин 2008 оноос нөхцөл байдал ондоогоор эргэж ноолуур худалдаж авах гадаад, дотоодын худалдаачид эрс цөөрсөн юм. Шалтгаан нь их энгийн. Хятадууд 2007 онд Хубай мужид ноолуурын чиглэлийн ямаа өсгөж, цасан цагаан өнгөтэй, нарийн ширхэгтэй, алмазан ноолуурыг гаргаж авсан гэдэг. Нэгэнт өөрсдөө чанартай, бас хангалттай хэмжээний түүхий эдтэй болсон тул урд хөршийн наймаачид монголчуудын ноолуурыг аваад байх шаардлагагүй болжээ. Авсан ч үнэ унагаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд килограмм нь 40 мянган төгрөгийн үнэтэй байсан ноолуурын үнэ хоёр дахин буурч 20 мянган төгрөгийн ханштай болох нь тэр. Энэ үед судлаач Батбаяр: Нэг хэсэг ноолуурын үнэ 40 мянган төгрөгт хүрсэн. Хятадын ноолуурын үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ их хэмжээний ноос хольж, дэлхийн зах зээлд хямдаар худалдаалж байсан. Ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хямдаар худалдаалагдаж эхэлсэн тул эрэлт нь огцом нэмэгдсэн юм. Энэ нь нэг хэсэг ноолуурын үнэ өсөхөд хүргэсэн. Харин хятадын үйлдвэрлэсэн хольцтой ноолуурыг сүүлийн үед худалдаж авах хүн цөөрөөд байна. Үүнээс үүдээд ноолуур ханш 20 ам.доллар руу дөхөж ирээд байна. Үүнийг манай малчид ноолуурын үнэ буурч байна гэж ойлгоод байгаа. Үнэндээ ноолуурын үнэ буураад байгаа хэрэг биш. Бодит өртөгтөө дөхөж ирээд байгаа нь энэ юм гэсэн тайлбарыг өгч байлаа. Нөгөө талаас Гоёо компанийн ерөнхий захирлын албыг хашиж явсан Энхамгалан: Дэлхийн эдийн засгийн хямрал ноолуурын үнэ унахад хүргэсэн болохыг хэлж байлаа. Тэгвэл тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлт бодлогын газрын Хөнгөн үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Рэгзэдмаа: Ноолуурын үнэ таван жилийн хугацаатай хэлбэлздэг. Ноолуурын үнийн зах зээлийг ерөнхийдөө Хятад тодорхойлж байдаг. Ноолуурын үнэ унаад байгаа нь манай дотоод эрэлттэй холбоотой биш. Энэ нь олон улсын хэмжээнд бараа ихэссэн. Олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүний нөөц ихэссэн учраас цаашид ноолуурын үнэ тогтвортой хэмжээнд байна гэсэн тайлбар өгч байсан юм. Ноолуурын үнэ циклээр өсч буурдаг. 2008-2009 онд ноолуурын үнэ буурдаг цикл тохиожээ. Энэ нь дор хаяж таван жил үргэлжлэх байх гэсэн тайлбарыг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан юм. Ингэснээр 2008 онд түүхий эдийн Эмээлт захад өмнөх оны самнасан хуучин ноолуур киллограмм нь 20 мянган төгрөг, шинээр самнасан ноолуур килограмм нь 24 мянган төгрөгийн ханштай болоод байв. Ноолуур малчдын амжиргааны нэг эх үүсвэр. Ноолуурын үнэ ингэж хямдарсан нь малчдад хүндээр тусч байсан нь мэдээж. Тиймээс тэд ноолуурын үнэ өсөхийг тэсэн ядан хүлээж суусан биз. Харин ноолуурын үнэ буурдаг цикл ирсэн тул тэд таван жил ноолуурын үнэ өсөхийг хүлээж суух хэрэгтэй болох нь тэр. Үүнийг далимдуулан улс төрчид ноолуурын үнийг өсгөнө гэж сонгуулиар шоудаад амжсан. Тухайлбал, 2008 оны парламентийн ээлжит сонгуулиар улс төрчид малчдад ноолуурын үнийг тэнгэрт гартал нь өсгөж өгнө гэж амлах нь тэр. Амласнаа хэрэгжүүлэхээр зарим улс төрчид нэг киллограмм ноолуур дотоодын зах зээлд 30 мянган төгрөгөөс доош орвол, Засгийн газар үүнийг нь 30 мянган төгрөгөөр худалдаж авах утгатай хуулийн төсөл санаалчилсан юм. Гэсэн ч энэ хуулийн төсөл УИХ-ын босго даваагүй билээ. Тиймээс малчдад тал алдахгүйн тулд улс төрчид нэг ямаанд 5000 мянган төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж, баталж, хэрэгжүүлсэн юм. Улс төрчид амлалтаа ингэж л хэрэгжүүлсэн. Харин ноолуурын үнэ өссөнгүй. Гэвч үүнээс улс төрчид сургамж авсангүй. Ноолуурын үнийг өсгөх удаах амлалт ерөнхийлөгчийн сонгуулийн үер дахин гарах нь тэр. Тэр үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Амарсанаа: Килограмм түүхий ноолуурт ногдуулдаг 4000 төгрөгийн гаалийн татварыг тэглэх хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан талаар ярьж байсан юм. Хэрэв ноолуурт ногдуулдаг гаалийн татварыг тэглэвэл, уг түүхий эдийн үнэ өснө. Гэхдээ ноолуурын үнэ тэнгэрт гартлаа өсөхгүй байх гэж тэд үзэж байлаа. Энэ нь ч биеллээ олсон. 2008 онд 20 мянган төгрөг байсан киллограмм ноолуур 2009 онд 26 мянган төгрөг болж ялимгүй өссөн юм.
-Үйлдвэрлэгчид түүхий эдгүй хоцорч, ноолуурын экпортын татварыг сэргээхийг шаардав-
Манай улс дэлхийн ноолуурын хэрэгцээний 30 орчим хувийг дангаар хангадаг. Ноолуураар баян улс атлаа энэ чиглэлийн үйлдвэрүүд нь түүхий эдгүй хоцорч байсан гашуун сургамж бий. Үйлдвэрлэгчид нь хөрөнгө мөнгөгүйн улмаас 2010-2011 онуудад түүхий эд бэлтгэж чадалгүй хоцорч байсан юм. Түүхий ноолууранд ногдуулдаг экспортын татварыг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэглэсэн нь малчдын ноолуурын үнэ өсөхөд нөлөөлсөн ч, дотоодын үйлдвэрүүд түүхий эдгүй хоцороход хүргэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, ноолуур ямар ч татваргүй болсон учир хятадууд малчдын түүхий эдийг худалдаж авах нь ихэссэн аж. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ноолуурын үнэ өсч, үйлдвэрлэгчид хөрөнгө мөнгөгүй учир жил дарааллан түүхий эдгүй хоцорчээ. Энэ тухай тэр үеийн Гаалийн төв лабраторийн ахлах байцаагч Цэрэнчимэд: Ноолуурын татварыг тэглэнгүүт малчид ноолуураа урд хөршид өгөх боллоо. Манай үйлдвэрлэгчид түүхий эд нь үргэлж хажууд нь хямд байх юм шиг санасан нь хожмийн алдаа боллоо. Тэд өнөөдөр түүхий эдгүй болсон тул ноолууранд ногдуулдаг байсан экспортын татварыг буцааж сэргээж өгөхийг хүсч байна гэсэн тайлбар өгч байх нь тэр. Тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Золжаргал: Үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг шийдэх арга зам хайж байна. Жил дараалан түүхий эдгүй хоцорч байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үүнийг монголбанкинд худалдаж, бондын орлогыг таван жилийн хугацаатай, тодорхой хувийн хүүтэй үйлдвэрлэгчдэд зээлэхээр төлөвлөж байгаа. Мөн ноолуурын татварыг сэргээх хүсэлтээ УИХ-д өргөн барина гэж ярьж байсан юм. Хэрэв ноолууранд ногдуулдаг экспортын татварыг сэргээвэл малдчдад хэрхэн тусах бол. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Амаржаргал: Ноолууранд ногдуулдаг экспортын татварыг сэргээвэл түүхий эдийн үнэ буцаад буурна. Бидний түүхий эдийг үйлдвэрлэгчид хямд авч байвал тэдэнд ашигтай. Тиймээс ноолуурын үнийг буулгах гэж хуучин татварыг сэргээе гэцгээж байгаа юм. Гаалийн татварыг сэргээе гэж байгаа бол эхлээд малчдын ноолуурыг урд хөршийн наймаачдаас өндөр үнээр авдаг болох хэрэгтэй гэж үзэл бодлоо хуваалцаж байв. Харамсалтай нь ингэх бололцоогүйг үйлдвэрлэгчид учирлаж байлаа. Хятадын засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд урт хугацаатай зээл олгодог. Харин манай улс үйлдвэрлэгчдээ дэмждэггүй, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгодоггүй. Тиймээс малчдын ноолуурыг үнэтэй авч чадахгүй гэсэн тайлбарыг үйлдвэрлэгчдийн зүгээс өгч байсныг нуух юун. Хэрэв манай улс үйлдвэрлэгчдээ дэмжиж хөрөнгө мөнгөөр туславал, малчдын бэлтгэж байгаа ноолуурыг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлоход валютын нөөцөө арвижуулаад зогсохгүй, урд хөршийн зах зээлийн үнээс хамаарахгүйгээр дотоодод ноолуурын үнийг өсгөх бололцоотой болох байлаа. Магадгүй ийм учраас үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газар 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноос ноолуурын үйлдвэрүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үүнээс хойш үе үеийн Засгийн газар ноос, ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдээ тасралтгүй дэмжиж бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулахад анхаарч ирсэн юм.
-Засгийн газар 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноос ноолуурын үйлдвэрүүдээ дэмжив-
Тухайлбал, Засгийн газар 2011 онд 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үүний 150 тэрбум төгрөгийг нь ноос, ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 100 тэрбум төгрөгийн бондын орлогыг ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихэд зарцуулахаар болж, мөн оны төсөвт тусгайлан суулгаж өгсөн байдаг. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: УИХ-аар 2011 оны төсвийг танахгүй бол, тэр дундаа ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор төсөвт суулгасан 100 тэрбум төгрөгийг бууруулахгүй бол үйлдвэрлэгчид мөнгөтэй залгаж, ирэх хавраас түүхий эд нөөцлөх боломжтой болно хэмээн хэлж байсан юм. Улмаар ноолуурын үйлдвэрүүдэд хаягласан бондыг 2011 оны хавраас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн байдаг. Харин босгосон хөрөнгөө 2011 оны сүүлээр Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Улаанбаатар, Чингис хаан, Төрийн банкаар дамжуулан ноолуурын үйлдвэрүүдэд зээлж эхэлсэн юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 36 ноолуур боловсруулах үйлдвэрт 97 тэрбум 798 сая төгрөгийн зээлийг дээрх банкуудаар дамжуулан 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлсэн байлаа. Ийнхүү бондын орлогын ихэнх нь эзэддээ хүрсэн учраас ноолуурын үйлдвэрүүд 2012 онд түүхий эд бэлтгэх хангалттай хэмжээний хөрөнгө, мөнгөтэй болсон гэж холбогдох байгууллагууд үзэж байлаа. Тиймдээ ч ноолуурын үйлдвэрүүд өмнөх жилүүдээсээ илүү хэмжээний түүхий эд бэлтгэх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байсан нь саяхан. Тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Баянмөнх: Ноолуурын үйлдвэрүүд өмнө нь 1000 тонн түүхий эд бэлтгэдэг байсан бол, санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2000 тонн түүхий эд бэлтгэх боломжтой болсон хэмээн ярьж байсан билээ. Ийнхүү улсаас дэмжлэг авсаны үр дүнд үйлдвэрлэгчид түүхий эд нөөцлөх хөрөнгө мөнгөтэй болсон ч, үүний сургаар 2011 онд 50 мянган төгрөгөөр арилжаалагдаж байсан килограмм ноолуур 2012 онд 75 мянган төгрөг болж өссөн тал бий. Өөрөөр хэлбэл, эрэлт өссөнтэй холбоотойгоор зах зээлийн зарчмаараа үнэ өссөн юм. Зарим компаниуд үнийн өсөлтийг үл харгалзан түүхий эдээ бэлтгэж байсан ч, зарим нь ноолуурын үнэ эргэн буурахыг хүлээж суусан юм. Ноолуурын үнэ буурахаар түүхий эдээ бэлтгэхээр зэхэж суусан цөөнгүй компани байсан гэсэн үг. Тйимээс тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Батцэцэг: Санхүүжилтийг нь шийдвэрлэж өгсөн ч, үнэ нь буурахыг хүлээж байгаад өмнөх жилүүдийн адилаар түүхий эдээ хятадуудын гарт алдаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ноолуургүй хоцорч мэдэх нөхцөл байдал үүсэх вий гэж үйлдвэрлэгчдэд анхааруулж байсан билээ.
-Ноолуурын үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн дэмжив-
Манай улс 18 сая ямаатай. Нэг ямаа жилд 300 грамм ноолуур өгдөг гэвэл манай улс жилд 6000 тонн ноолуур бэлтгэдэг юм. Үүний 2000 тонныг боловсруулж, үлдсэнийг нь түүхийгээр нь экспортолдог гэх судалгаа бий. Тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын Хөнгөн үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Рэгзэдмаа: Техниийн хүчин чадал хүрэлцэхгүйдээ бус, хөрөнгө мөнгө дутагдаж байгаагаас үйлдвэрүүд малчдын бэлтгэн гаргаж байгаа ноолуурыг боловсруулж чаддагүй болохыг хэлдэг. Харин Гоёо компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж явсан С.Энх-Амгалан: Үйлдвэрүүд малчдын бэлтгэж байгаа ноолуурыг бүгдийг боловсруулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө нь үйлдвэрлэгчдэд байхгүй. Банкнаас зээл авахад зээлийн хүү өндөр байдаг. Нөгөөтэйгүүр экспортын татвар өндөр зэргээс авахуулаад ноолуурын үйлдвэрүүдээ төрөөс дэмжиж өгөхгүй байна хэмээн хуучилж байсныг энд дурдахад зүйтэй болов уу. Дээрх шалтгааны улмаас үйлдвэрүүд малчдын бэлтгэсэн ноолуурыг бүгдийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох боломж хомс байлаа. Тиймээс малчдын бэлтгэж буй ноолуурыг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн экспортлох замаар малчин, үйлдвэрчин, улсаа хэн хэнийгээ дэмжих үүднээс сүүлийн жилүүдэд энэ салбарт хангалттай төрийн дэмжлэг үзүүлж ирсэн гэж ойлгож болно. Тухайлбал, Засгийн газар 150 тэрбум төгрөгийг бонд гаргаж ноос, ноолуурын үйлдвэрүүдээ дэмжиж байсан талаар дээр жишээ татан дурдсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, ноолуурын үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажилласан юм. Хөгжлийн банкинд ноолуур хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцөлийг хөнгөрүүлэх, үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал үүнд багтсан байлаа. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад тухайн үед даалгаж байсан юм. Ноолуурын салбарынхан өнгөрсөн онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөж, ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн 3 хувийн хүүтэй байхаар тооцсон юм. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тонн ноолуур худалдан авч, 6400 тонныг гадаадын худалдан авагчдад борлуулах бололцоо бүрдсэн. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байлаа. Тэгвэл өнөөгийн засгийн газар ч энэ салбарыг үргэлжлүүлэн дэмжсээр байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтжээ. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм. Дашрамд дурдахад, малчид энэ жил 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарсан. Үүнийг үйлдвэрлэгчид худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн гэсэн үг юм.
-Ноолуураа түүхийгээр нь бус, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолно-
Нэг килограмм ноолуураар 4 ширхэг цамц оёдог гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Нэг килограмм ноолуурыг түүхийгээр нь экспортлоход хэд болох уу. Эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоход хэд болох уу. Мэдээж тэнгэр газар мэт үнийн зөрүү гарах нь ойлгомжтой. Эдийн засагчдын зүгээс урд хөрш рүү ноолуураа түүхийгээр нь экспортлох бус, дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолвол малчдын түүхий эдийн үнэ хүссэн хүсээгүй өсөхөөс гадна, үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс улсад авах татвар нэмэгдэнэ гэж зөвлөдөг. Манай улс 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар малчдын бэлтгэсэн ноолуурын 20 хүрэхгүй хувийг дотооддоо угааж, самнаж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байлаа. Тэгвэл 2020 оны судалгаагаар манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж угаасан байдлаар экспортолсон байна. Тухайлбал манай улсын ноолуурын экспортын хэмжээ өнгөрсөн оны эцэст 243,5 сая ам.долларт хүрч, үүний 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ. Тиймээс угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортыг нэмэгдүүлэхэд салбарын яам нь анхаарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа зарим дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох уулзалт хийсэн байдаг. Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Япон, Шведийн болон дэлхийн зах зээлд сурталчлах, экспортлох асуудлаар санал солилцох энэ уулзалтад Монгол Улсаас Канад Улс, АНУ, Япон Улс, Швед Улсад суугаа Элчин сайдын яамд, Говь, Кашмир Холдинг зэрэг компанийн төлөөлөл оролцсон юм. Монголын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэхэд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хөнгөлөлт, АНУ, Канад, Шведийн зах дээлд гарахад худалдааны хөнгөлөлтийн схем GSP, EU GSP+ –ийн хүрээнд тус тус тарифын хөнгөлөлт эдэлдэг. Зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохирчээ. Apparel Textile Sourcing үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч JPC Inc компанийн үзэсгэлэнгийн захирал Жон Ванкир, Гадаад харилцааны яам, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагуудтай цахим уулзалт мөн хийсэн байдаг. Уулзалтын үеэр Жон Ванкир Монгол ноолуурыг Хойд Америкт сурталчлах талаар болон үйлдвэрлэгч, борлуулагчийг холбох үзэсгэлэнгийн талаар танилцуулсан юм. Монголын ноос, ноолуурын холбоо Apparel Textile Sourcing үзэсгэлэнд 2021-2023 онд оролцох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон билээ.
-Монгол ноолуур Европ болон Америкийн зах зээлд-
Байгалиасаа нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бат бөх, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэндэд ээлтэй учраас ноолууран бүтээгдэхүүн тансаг хэрэглээнд зүй ёсоор ордог. Тиймээс уг бүтээгдэхүүн өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй байдаг юм. Манай улс дэлхийн түүхий ноолуурын 30-45 хувийг дангаараа хангадаг ч, монголд үйлдвэрлэв шошготой экспортын эцсийн бүтээгдэхүүний ердөө 10-хан хувийг нийлүүлж иржээ. Тухайлбал дэлхийн ноолуурын хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг урд хөрш манай улсаас угааж самнасан ноолуур импортлон авч үүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа юм. Харин манай улс дотоодод үлдсэн түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Америк, Герман, Солонгос, Япон, Бельги, Франц, Итали, Англи зэрэг 20 гаруй оронд экспортолж байна. Манай улс 2006 оноос Европын холбооны улсууд руу бараа бүтээгдэхүүн ямар ч экспортын татваргүй гаргаж эхэлсэн ч, уг хөнгөлөлт 2008 оны арвахоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон байдаг. Тиймээс уг хөнгөлөлтийг дахин гурван жилийн хугацаагаар сунгасан талаар Гадаад харилцааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрынхан тухайн үед мэдэгдэж байлаа. Ингэснээр 7200 нэрийн барааг импортын тэг татвартайгаар Европын холбооны 27 гишүүн оронд экспортлох хөнгөлөлт 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч, 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин дуусгавар болсон юм. Үүнийг дахин сэргээх хэлэлцээр үе үеийн Засгийн газрын үед хийгдэж, энэ боломжийг ашиглан аж ахуйн нэгжүүд ноолууран бүтээгдэхүүнээ Европын холбооны улсууд руу экспортолж ирсэн гэдэг. Харин сүүлийн үед АНУ-ын зах зээлд ноолууран бүтээгдэхүүнээ нийлүүлэх бодлого түлхүү баримталж байна. АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь эдийн засгаа төрөлжүүлэхэд нь Монгол Улсад туслах явдал бөгөөд ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь стратегийн чухал хэсэг. Энэ салбарыг цаашид хөгжүүлэх нь малчнаас экспортлогч хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчдыг учир утга бүхий, тогтвортой орлоготой болгох юм гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монгол Улсын ноолуурын салбарын иж бүрэн судалгааны талаарх хэлэлцээрийн үеэр хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа АНУ-д айлчлах үеэрээ энэ асуудлаар тодохой яриа хэлэлцээр хийгээд ирсэн байдаг. Тодруулбал, монголд үйлдвэрлэв шошготой ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийн талаар яриа хэлэлцээр өрнүүлээд ирсэн юм. АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресстоо өргөн барих талаар ч тэр үед дуулдаж байлаа. Энэ хүрээнд дээрх хэлэлцүүлэг болж гуравдагч хөрш АНУ манай ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь стратегийн чухал нэг хэсэг гэж хэлсэн хэрэг юм.
-Биржээр арилжсан ноос, ноолуур экспортолно-
2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1,1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримт олгожээ. 2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нь 23,7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн байна. Үндэсний үйлдвэрлэгчид 22,7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58,7 хувийг, 0,9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47,4 хувийг тус тус эзэлж байна. Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19,6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31,2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна. Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болсон. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан талаар салбарын яамнаас нь мэдэгдсэн.
Мөн мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг шинэчлэн баталсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолтыг шаарддаг болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм. Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийтээр дагаж мөрдөх бөгөөд энэхүү журам нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл тус бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргасан байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг баримтын бүрдүүлбэрийн шатанд явагдаж байгаа юм. 2021 оны сүүл гэхэд төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгох зорилт тавин ажиллаж байна гэж салбарын яамнаас нь мэдэгдлээ.
7.3 Арьс ширний зах зээл
Манай улс 2020 оны эхний найман сарын байдлаар 6,1 сая америк долларын өртөг бүхий түүхий болон боловсруулсан арьс шир экспортолжээ. Цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үнийн дүнг өсгөх бодлого төрөөс баримталж байна. Дархан арьс ширний цогцолбор, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл төслүүд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулахаар ажиллаж байгаа. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн паркийн ажилтай танилцсан юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 40 орчим арьс, ширний үйлдвэрийг энэ парктай нэгтгэх, цаашид ийм чиглэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Дархан арьс Ширний цогцолбор нь 2018 онд Дархан-Уул аймагт байгуулагдсан. Тус компани нь Хонгор сумын нэгдүгээр багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтыг 180 га газарт эхлүүлсэн байна. Тухайлбал, бог малын арьс боловсруулах 9 үйлдвэр, бод малын арьс боловсруулах 4 үйлдвэр тус бүр агуулахын хамт, ноос ноолуур угаах, самнах 2 үйлдвэр, эсгийний үйлдвэр, желатин уургийн үйлдвэр, судалгаа хөгжил, инновацийн төв, үйлдвэрийн зохицуулалттай цэвэрлэх байгууламж зэргийг барихаар төлөвлөн барилга угсралтын ажлаа эхлүүлээд байгаа юм. Төслийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд Испани, Энэтхэг, ХБНГУ-ын химийн бодисын технологийн зааврын дагуу лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрийн туршилтыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран гүйцэтгэжээ. 2020 оны наймдугаар сард төслийн талбайд хоёр хэлхээт цахилгаан түгээх, хангах дэд станц, дулаан хангамж, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, уурын станц, ноос боловсруулах үйлдвэрийн гурван блок барилга угсралтын ажил, ноос угаах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлууд хийгджээ.
Лидер капитал компани төслийн бүх оролцогч талуудыг нэгтгэн хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд дотоодын компаниудаас гадна Испанийн Консури Лидер компанитай хамтран бог малын арьс боловсруулах нэг үйлдвэрийг байгуулах юм. Консури лидер нь Манго, Зара зэрэг дэлхийн брэндүүдэд арьс, шир нийлүүлдэг европын томоохон компани. Энэ компанитай урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг амжилттай байгуулсан байна. Мөн бусад орны туршлага бүхий компаниудтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрлэл уналтад орж арьс шир үнэгүйдээд байгаа цаг мөчид малчид дундын зуучлагчгүйгээр түүхий эдээ эцсийн үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр арьс, ширний үнэ одоогийнхоос 6-8 дахин өсөх боломжтой болно. Арьс, ширний салбарт дэлхийд нэр хүнд бүхий гадаадын компаниудтай хамтран ажилласнаар дотоодын үйлдвэрүүдэд олон улсын менежмент нэг талаас нэвтэрч байна. Нөгөө талаас арьс шир боловсруулах олон улсын технологи буюу ноу-хау нэвтэрч байгаа юм. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн хугацаанд Монгол малын арьсанд тохирох, олон улсын стандартын шаардлага хангахуйц технологийг боловсруулж эхний туршилтын бүтээгдэхүүнийг гаргасан явдал. Урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний дагуу өнгөрсөн онд 600 мянган ширхэг богийн арьс Испани руу илгээхээр болсон юм. Улмар Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болж, Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн бүтээн байгуулалт тухайн үед 23 хувьтай байсан юм. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.
7.4 Атрын дөрөвдүгээр аян
Манай улс өмнө нь атрын I, II аяныг хэрэгжүүлж дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй, гадаадад гурил экспортолдог байв. Харин 1990 оноос хойш нийгэм, эдийн засгийн шилжилтийн явцад газар тариалан эрхлэлт буурч, гурилын үйлдвэрүүд дотоодын нийт хэрэгцээний дөнгөж 40 гаруй хувийг хангаж, үлдсэн хувийг гаднаас импортолж ирсэн. Харин 2008 онд газар тариалангийн салбарт сэргэлт гарсан жил болсон юм. Тэр үед атрын III аяныг эхлүүлж улаан буудай болон гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж эхэлсэн учраас тэр. Мэдээж олон жил шинэчлэлт хийгдээгүй энэ салбарт техник хэрэгсэл сайжруулахаас авахуулаад хийх ажил тун ч их байлаа. Тухайлбал, 1990 оноос хойш газар тариаланд ашиглаж байсан техник хэрэгслийн 70 хувийг шинэчлэх шаардлага тулгарсан юм. Техник, сэлбэг, материалыг засвар үйлчилгээний төвтэй нь оруулж ирснээр уринш, хаврын тариалалт, намрын ургац хураалтыг тус бүр 21 хоногт хийх бололцоотой болгох гэж тэр. Энэ дагуу техникийн шинэчлэлтээр 120 морины хүчин чадалтай 220 трактор, 35 морины хүчин чадалтай 80 тракторыг оруулж ирснээр 650 мянга га-д үр хөнгөхөн суулгах боломжтой болсон юм. Үүнээс гадна, атрын III аяныг эхлүүлж байхад 20-25 мянгад га-д усалгаатай газар тариалан явагдаж байсан бол, үүнийг 55 мянган га-д хүргэсэн билээ.
Ингэснээр төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тарианыхаа 30 хувийг усалгаатай болгож чадсан гэж үздэг. Мөн тухайн үед үрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байлаа. Тиймээс эрдэм шинжилгээний байгууллагууд хөрөнгийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд түшиглэж үр үржүүлгийн төвүүд байгуулах зорилт тавьж, 2008 онд 6000 тонн үрийг гаднаас авч ирж үржүүлэх ажил эхлүүлсэн юм. Гурван жилийн хугацаанд дотоодод үрээ үржүүлснээр 2011 оноос гаднаас үр авах шаардлагагүйд хүрнэ гэж холбогдох албаныхан тухайн үед хуучилж байсан нь саяхан. Өөрөөр хэлбэл, өндөр үнээр үр импортлохгүй, дотоодоосоо хангах зорилт тавьж ажилласан юм. Тиймдээ ч тариалан эрхлэлтийг дэмжих санд сүүлийн жилүүдэд үрийн буудай нөөцөлж ирснийг хэн хүнгүй мэднэ. Ийнхүү 2008 онд 230 мянган га газарт тариалалт хийж, 2009 онд 300 мянган га газарт, 2010 онд 350 мянган га газрыг эргэлтэд оруулж атрын III аяныг эхлүүлж байлаа. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн атрын гуравдугаар аянд 490 тэрбум төгрөг тухайн үед шаардагдаж байсан нь нууц биш. Үүнийг бүгдийг нь төрөөс гаргасан гэвэл өрөөсгөл. Санхүүжилтийн 70 хувийг тариаланчид гаргаж, 22 хувьд нь төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, 4 хувийг төрөөс цэвэр гаргаж, үлдсэн 4 хувийг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэсэн гэгддэг.
Тухайн үед тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хөтөлбөрийг ч давхар хэрэгжүүлсэн юм. Үүнд арилжааны банкнаас тариаланчдад олгох зээлийн хүү 11 хувиас хэтрэхгүй байхаар тусгаж, хүүгийн тодорхой хувийг засгийн газраас графикийн дагуу шийдвэрлэж өгсөн. Ингэснээр тариаланчид жилийн 7,5 хувийн хүүтэй зээл авах нөхцөл бүрдсэн билээ. Ийнхүү манай улс атрын III аянаар буудай болон гурилын хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьж ажиллаад 10 гаруй жилийг ардаа орхилоо. Тэгвэл атрын IV аянаар буудай болон гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаад зогсохгүй экспортлогч орон болох зорилт тавьжээ. Эрх баригч МАН хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар атрын IV аяныг явуулахаа мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ ажил эхлэх шатандаа яваа юм. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 394 мянган га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаанбуудай, 18 мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 61 мянган га-д тосны, 53 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 537 орчим мянган га-д тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 орчим мянган тонн тосны ургамал, 110 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөсөн юм.
Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ашигласнаас 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлынх юм. Төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж ашигласнаас гадна ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, 3 төмсний комбайныг яаралтай авч ирж ургац хураалтад ашиглана. Ингэснээр ургац хураалтыг технологийн 20-25 хоногт багтаах боломжтой. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад бэлэн болсон гэж тухайн үед салбарын яам нь мэдэгдэж байв. Тэгвэл тус салбарынхан зорьсондоо хүрч 2020 оны гүйцэтгэлээр нийт 428.9 мянган тонн үр тариа хураан авч, гурилын үйлдвэрүүдэд 238.6 мянган тонн буудай нийлүүлээд байна. Үүнийг өнгөрсөн оных нь ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлт боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцуулахдаа манай улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарахаа мэдэгдэж байв. Тухайлбал, улаан буудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангаж, ирээдүйд гадаадад 200 мянган тонн гурил экспортлох зорилт тавьж байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэр Монголоос Хятад руу гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай баримт бичиг байгуулж амжсан билээ.
7.5 Сүүний урамшуулал олгов
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг хүн жилд 124 литр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зааварчилсан байдаг. Тэгвэл энэ хэмжээний сүү сүүн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хүн ам хэрэглэж чадахгүй байгаа юм. Хотын нэг хүн жилд 66 литр сүү хэрэглэдэг бол, хөдөөний иргэд жилд 244 литр сүү хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Эндээс хотын хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийн иргэдээс 4 дахин бага байгаа нь харагдаж байна. Хотын иргэдийн сүүний хэрэглээ 1990 онтой харьцуулахад даруй 25 хувиар буурсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хотын хүн амын сүүний хэрэгцээг нэмэгдүүлэх, байгалийн гаралтай сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Сүү хөтөлбөрийг Засгийн газар 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд төв суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн үхэр үржүүлж, фермерийн аж ахуйтай болох зорилт тавьж байлаа. Сүү хөтөлбөрийн хүрээнд тухайн үед 450 сүүний чиглэлийн үнээг зургаан аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй өгсөн юм. Салбарын яам нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр сүүний чиглэлийн үнээ олгосон нь энэ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан сүүний чиглэлийн үнээг нэгийг нь 2 сая төгрөгөөр худалдан авчээ.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд олгосон сүүний чиглэлийн үнээг худалдан авахад 900 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн үг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд сүүний чиглэлийн үнээг өсгөж үр төлийг нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгөх ёстой. Өсгөж өгсөн үр төлийг салбарын яам нь дараагийн аж ахуйн нэгжүүдэд үнэгүй өгч, улмаар сүүний чиглэлийн үнээг нэмэгдүүлж, фермерийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж ажилласан юм. Ингэснээр сүү сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэнэ гэж үзэж Сүү хөтөлбөрийг 2006-2016 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Эхний шатанд хотын хүн амыг 100 хувь сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьсан бол, дараагийн шатанд улсынхаа хүн амыг сүү сүүн бүтээгдэхүүнээр 100 хувь хангах зорилт тавьсан билээ. Улмаар эх орны сүү сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар төлөвлөж байсан нь саяхан. Ийнхүү сүү хөтөлбөрийг сүр дуулиантай хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ч тэгэсхийгээд намжсан тал бий. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг дахин сэргээж, эхнээсээ үр дүнгээ өгч сүүний урамшуулал олгож эхлээд байна.
Үүний нэг тод жишээ бол, Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгоод байна. Сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766 сая 744 мянга 500 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна. Урамшуулалд хамрагдахын тулд нэг талаас нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байх. Нөгөө талаас сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авагч үйлдвэр, борлуулагч малчин болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байх ёстойг Засгийн газраас анхааруулж байгаа юм.
Ийнхүү сүүний урамшуулал олгож эхэлснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэж сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой хүртээмжтэй хангах нөхцөл боломж бий болно гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1680 хүн ажиллаж байна. Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч, 35 хувийг нь л ашигладаг байна. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэнэ. Өвлийн улиралд хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр шаардлагатай ч 16,8 сая литрийг нийлүүлж байгаа юм. 2008 онд манай улс хэрэгцээт сүүнийхээ 10 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 орчим хувийг Хятадаас, үлдэх хувийг ОХУ, Герман, Дани, Польш, Украин, БНСУ, Франц зэрэг улсуудаас импортлон авдаг байжээ.
8 БҮЛЭГ: Стратегийн ач холбогдол бүхий ордууд ба зах зээл
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ-
2022.12.25. Монгол Улс. Улаанбаатар хот. /Нийтлэлч А.Энхтуул/. УИХ-ын энэ өдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 13-нд явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангах, арилжаанд оролцогчид дэлхийн биржүүдэд болон олон улсын арилжаа эрхлэгчид Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний биржэд гарах боломжтой эсэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өмчлөл, засаглал, техник эдийн засгийн үндэслэлийн талаар лавлаж, авлигаас сэргийлсэн механизм хуулийн төсөлд оруулсан эсэх талаар асууж тайлбар авав. Мөн нүүрсний хилийн үнийн тухай, алт, зэс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний биржийн арилжааг хэзээ эхлүүлэх, бирж байгуулахад гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуулт тавилаа. Хуулийн төсөлд уул уурхайн бирж төрийн өмчийн оролцоотой, олон нийтийн, нээлттэй компани байна гэж тусгажээ. Ингэхдээ уул уурхайн бирж хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгч нартай хамтран ажиллах боломж нээлттэй байхаар зохицуулжээ. Биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүд байхаар төлөвлөжээ. Энэ үеэр салбарын сайд нь Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдах хүртэл цаг алдахгүйн үүднээс төрийн өмчийн компаниудын олборлож буй нүүрсийг биржээр арилжаалж байхаар түр журам баталж байгааг танилцуулжээ. Засгийн газрын 2022.12.14-ний өдрийн хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам баталсан бөгөөд энэ журамд цахимаар арилжаалах нүүрсний үнийг эхэндээ олборлон борлуулагч тал санал болгохоор заажээ. Цаашид хуулийн дагуу уул уурхайн бирж зарлах юм. Ингэхдээ хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар төсөлд тусгаад байгаа юм. Түүнчлэн зарим гишүүний зүгээс дериватив гэрээний арилжаа, шорт селлинг, бүтээгдэхүүний үнэ савлагаатай байх үед хийгддэг богино хугацаатай хэлцлүүдээр арилжаа хийх боломж бий эсэх, мөн зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргээс сэргийлэх талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэхийг асууж хариулт авсан юм. Ажлын хэсгийн мэргэжилтнүүд Уул уурхайн биржийн арилжаанд эхний ээлжинд спот, форвард гэрээний хэлбэрүүд буюу шууд арилжааны хэлцлүүд илүүтэй хэрэглэгдэнэ гэсэн тайлбар өгчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл анх 2014 онд боловсрогдож байхад 100 хувь төрийн өмчийн компани байхаар тусгагдсан байна. Харин одоогийн төсөлд төрийн өмчийн оролцоотой байхаар орж байгаа ажээ. Тиймээс хувийн хэвшил, иргэд олон нийт хувьцаа эзэмших хэлбэрээр биржийн үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих, хамтран ажиллах боломж нээлттэй гэж салбарын яамныхан танилцуулсан байна. Зарим гишүүдийн зүгээс төрийн өмчийн оролцоо 66 хувиас доошгүй байна гэсэн нэмэлт оруулахаар санал гаргасан боловч Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Санал нь дэмжигдээгүй учраас гишүүд Уул уурхайн биржийн 34 хүртэл хувь гэж өөрчлөх нөхцөлөөр саналаа татсан байна. Тэгвэл зарим гишүүдийн зүгээс биржийн хувьцааны 66 хувийг олон нийтэд санал болгох ёстой гэсэн бол, зарим нь 51 хувийг төрд үлдээж, 34 хувийг олон нийтэд арилжаалаад, 15 хувьд нь Лондоны үнэт металлын, Далианы таваарын бирж гэх мэт стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн биржийн арилжааг төгрөгөөр хийх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний валютын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэжээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тодорхой хувийг иргэд, хувийн хэвшлийнхэн, тэр бүү хэл Лондоны металын бирж хувьцаагаар эзэмшдэг, тэгээд арилжаа болгоноос ашиг хүртдэг байх боломжтой байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Зарим нэр томъёог жигдэлж тодорхой болгох, биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалахад спот, форвард, фьючерс, опцион гэсэн дөрвөн төрлийн гэрээ байгуулж, арилжааны гэрээний хариуцлагыг брокер хариуцах, төлбөр тооцоог үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгэх ба спот, форвард гэрээний хувьд дотоодын арилжааны банкаар гүйцэтгэж болох, спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүнийг биржийн итгэмжлэгдсэн терминалд байршуулах, бүртгэх, мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар шинэ заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй 40 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Чухам яагаад манай улсад уул уурхайн бирж шаардлагатай вэ. Энэ асуулт олон жилийн өмнөөс тавигдсаар ирсэн. Дэлхийн улс орнуудад 23 металлын бирж үйл ажиллагаа явуулж байна. Тэнд алт, мөнгө, зэс, цайр, никель, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга зэрэг үнэт болон өнгөт металл арилжаалдаг. Металлын биржүүд дээр үнэт болон өнгөт металлын үнэ тогтоож, бүтээгдэхүүний чанар стандартыг баталдаг юм. Энэ үнийг үндэслэн худалдагч болон худалдан авагчид гэрээний үнээ тохиролцдог. Тэгвэл манай улсын хувьд цайр, зэс, хөнгөн цагаан, молибден, хар болон цагаан тугалгын үнийг худалдан авагчтай тохиролцохдоо, Лондонгийн металлын биржийн сарын дундаж үнийг ихэвчлэн хэрэглэж ирсэн. Харин алт, мөнгөө төвбанкнаас зарласан ханшаар худалддаг юм. Төмөр, жонш, нүүрсний тухайд эдгээрийг арилжаалах бирж байхгүй учраас жишиг үнэ хэрэглэж иржээ. Ингэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 89 болон 220 дугаар тогтоолын дагуу төмөр, жонш, нүүрсний жишиг үнийг сар тутам зарлаж ирсэн байгаа юм. Өнөөдөр манай улсын экспортын 90 хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхай дангаар бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайн бирж үгүйлэгдэж байгаа юм. Тэр тусмаа нүүрс, төмрийн хүдэр, жоншны тухай бирж байхгүйгээс, жишиг үнэ хэрэглэж ирсэн болохыг дээр дурдсан. Тиймээс л уур уурхайн бирж үгүйлэгдэж, байгуулахаар олон жилийн өмнөөс яригдаж, хуулийн төсөл парламентийн босго даваад байгаа юм.
-Ашигт малтмалын тухай хуулиа баталж, стратегийн ордуудаа нэрлэв-
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг
2006.07.08-ны өдөр парламентаар батлан гаргаж байлаа. Энэ хуульд стратегийн орд хэмээх цоо шинэ нэр томьёог оруулж өгсөн юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг Стратегийн ач холбогдолтой орд хэмээдэг. Хуульд тусгасан энэ гурван шалгуурыг үндэслэж 2007.06.27-ны өдөр УИХ-аас тогтоол гаргаж 15 ордыг стратегийн ордод хамруулсан юм. Зарим тохиолдолд УИХ-ын 2007.02.06-ны 27-р тогтоол гаргаж 15 ордыг стратегийн ордод хамааруулсан гэх нь бий. Тодруулбал, Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргын зэсийн ордууд, Багануур, Нарийн сухайт, Шивээ-овоо, Тавантолгойн нүүрсний ордууд, Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны ордууд, Бороогийн алтны орд, Асгатын мөнгөний орд, Бүрэнхааны фосфоритын орд, Төмөртэйн төмрийн орд, Төмөртийн овооны цайрын орд гэсэн 15 ордыг стратегийн ордод хамааруулсан юм. Стратегийн ордуудын талаарх Засгийн газрын үйл ажиллагаанаас дурдахад, стратегийн дээрх ордуудын жагсаалтыг Засгийн газрын санал болгосноор УИХ баталсан байдаг. Энэ жагсаалтад дээр дурдсан 15 орд орсон ба үүний 14 ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоожээ. Манай улс Багануур, Нарийн сухайт, Шивээ овоо, Тавантолгойн нүүрсний ордууд, Эрдэнэт, Оюутолгойн зэсийн ордууд, Бороогийн алтны орд, Төмөртэйн цайрын ордуудад олборлолт явуулж ирсэн юм. Харин Цагаан суваргын зэсийн орд, Гурванбулаг, Мардай, Дорнодын ураны ордууд, Асгатын мөнгөний орд, Төмөртэйн хүдрийн орд, Бүрэнхаан фосфоритийн ордуудад олборлолт хийгдэлгүй өдийг хүрсэн билээ. Гэхдээ тус ордуудын нөөцийг тогтоосон байгаа юм. Монгол Улсын Засгийн газар олборлолт хийгдээгүй стратегийн ач холбогдол бүхий дээрх ордуудыг 2015 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан нь нууц биш. 2008 оны намрын чуулганаар дээрх ордуудад гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байлаа. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарвал эдгээр ордын 51-ээс дээш хувийг монголын тал эзэмшинэ гэдэг байр суурь баримталж байсан юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудаас 4-т нь хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ хийгдсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ оюутолгойн ордод хийгдсэн бол, Тогтвортой байдлын гэрээ бороогийн алтны орд, төмөртэйн овооны цайрын орд, нарийн сухайтын нүүрсний ордод хийгдсэн юм. 2013.12.27-ны өдрийн байдлаар нэмж 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар төлөвлөж байв. Тухайлбал, дээрх ордуудын жагсаалтад нүүрсний 19, алтны 2, төмрийн хүдрийн 2, цагаан тугалга, гянт болдын 4, мөнгөний 1, зэс, цайр, хар тугалгын 3, металл бус ашигт малтмалын 8 орд стратегийн ордод нэмж оруулахаар төлөвлөж байсан юм. Эдгээрээс шигжиш салбарын яам нь тооцоо судалгаа хийсний үндсэн дээр 7 ордыг стратегийн ордод нэмж оруулах санал гаргасан байдаг. Тухайлбал, Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг ордуудыг стратегийн ордод нэмж оруулах саналыг салбарын яам нь гаргасан байдаг. Үүний хоёрт нь гадаадынхан 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулдаг байна. Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг Мон Эн Ко компани Хөшөөтийн ордод хөрөнгө оруулсан бол, Канадын хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг Центерра голд компани Гацууртын ордод хөрөнгө оруулсан байдаг юм. Тэгвэл хожим Салхитын мөнгөний ордыг стратегийн ордод нэмж оруулсан гэх мэдээлэл бий. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэс Монгол компанийг 2007.02.22-ны өдөр байгуулагдсан билээ. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компани Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо, Мон-Атом, Эрдэнэс Шивээ Энержи, Эрдэнэс Метан, Эрдэнэс Ассет Менежмент компаниудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн Оюу толгой компанийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг Гашуун Сухайт Авто Зам компанийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
-Эрдэнэс монгол компанийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцав-
2020.10.05. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Эрдэнэс Монгол компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцтай танилцсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ удаагийн парламент анхны төсвийн хуулийг хэлэлцэх болж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр улам чанаржуулж, алдагдлыг бууруулж, үр ашигтай болгоход анхаарч бүтээлчээр хэлэлцэн батлах учиртай. Иймд байнгын хорооны гишүүд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцаж, төсөвт оруулж буй үр ашгийн талаар мэдээлэл авах, төсвийн хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж, санал солилцох уулзалтуудыг хийж байна. Саяхан мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилаллаа хэмээн ярьсан байдаг. Энэ үеэр хэд хэдэн анхаарал татахуйц асуудал гарчээ. Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд бүгд нийлээд ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч, төсөвт тушаах орлого 2020 онд 150 тэрбум төгрөг, 2021 онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байгаа юм. Үүнээс харвал 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажилладаг байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засгийг УИХ баталж, хянахгүй явж болохгүй. Иймд 2021 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан юм. Мөн Эрдэнэс Монгол компани Байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон байна. Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон Газпромын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй талаар дурджээ.Энэ үеэр тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй, үнэ цэнээ нэмэгдүүлж олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болохоор зорьж байна хэмээн ярьж байлаа. Эрдэнэс Монгол компанийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг байна. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд эдийн засгийн эргэлтэд ороод буй аж. Нөгөөтэйгүүр олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс сүүлийн хоёр жилд Асгат, Салхит, Мон Атом, Багануурын тусгай зөвшөөрөл болон тодорхой алтны ордуудыг Эрдэнэс Монгол компанийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон байна. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашиг орлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм хэмээн тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцуулж байсан юм. Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж байлаа. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгосон байна.
№ | Стратегийн орд | Эрдэсийн төрөл | Ордын байршил | Нөөц, тн | МУ-тай байгуулсан гэрээ |
1 | Эрдэнэт | Cu&Mo | Орхон, Баян-Өндөр | 3,2mil Cu 90thous. Mo | |
2 | Оюутолгой | Cu& Au | Өмнө-Говь, Ханбогд | 16.4 mil. Cu 623,3 Au | Хөрөнгө оруулалтын гэрээ |
3 | Цагаан суварга | Cu & Mo | Дорно-Говь, Мандах | 1,28 mil. Cu 44 thous. Mo | |
4 | Бороо | Алт | Сэлэнгэ, Баянгол | 22 | Тогтвортой байдлын гэрээ |
5 | Төмөртэйн овоо | Zn & Pb | Сүхбаатар, Сүхбаатар | 0,82 mil. Zn | Тогтвортой байдлын гэрээ |
6 | Асгат | Мөнгө | Баян-Өлгий, Ногооннуур | 2247 | |
7 | Салхит | Мөнгө | Дундговь | ||
8 | Төмөртэй | Төмрийн хүдэр | Сэлэнгэ, Хүдэр | 229,3 mil. | |
9 | Багануур | Хүрэн нүүрс | Улаанбаатар, Багануур | 512,8 mil. | |
10 | Шивээ- Овоо | Хүрэн нүүрс | Говь-Сүмбэр, Шивээ-Говь | 564 mil | |
11 | Нарийн сухайт | Нүүрс | Өмнөгвь, Гурвантэс | 90,8 mil | Тогтвортой байдлын гэрээ |
12 | Тавантолгой | коксжих нүүрс | Өмнөговь, Цогтцэций | 1,5-5 mil. | |
13 | Мардай | уран | Дорнод, Дашалбар | 1104 | |
14 | Гурванбулаг | уран | Дорнод, Дашбалбар | 16073 | |
15 | Дорнод | уран | Дорнод, Дашбалбар | 58933 | |
16 | Бүрэнхаан | Фосфор | Хөвсгөл, Алаг-эрдэнэ | 40,5 |
1.Эрдэнэтийн овооны зэсийн орд: Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр таван ээлжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус үйлдвэр жилд 25 сая тонн зэсийн хүдэр, хоногт 72 мянган тонн хүдэр олборлодог. Үүнээс жилд 512 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг.
2.Оюутолгойн зэсийн орд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Улаанбаатар хотоос урагш 570 километр, Хятадын хилээс хойш 80 километр зайд оршдог. Айвенхоу Майнз Монголиа Инк компани Оюутолгойн ордод хайгуулын ажил эрчимтэй явуулсны үр дүнд Баруун Өмнөд, Төв, Хьюго Өмнөд, Хюго Хойд гэсэн үндсэн хэсгүүдийг олж тогтоосон. Одоогийн байдлаар Баруун Өмнөд, Төв, Хюго Өмнөд хэсэгт нарийвчилсан хайгуулаар нөөцийг нь тогтоож Улсын ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг эхлээд хийжээ. Харин 2008 оны байдлаар Хюго Хойд хэсгийн нөөцийн хил хязгаар, хэмжээ бүрэн тогтоогдоогүй байсан тул хайгуулын ажлыг цааш нь үргэлжлүүлсэн байна.
3.Цагаан суваргын зэсийн орд: Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километр, Мандах сумын төвөөс урагш 75 километрт, дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог. Геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн, Сэрвэн Сухайтын хэсэгт 44 400 тонн зэс агуулсан 10 сая 639 200 тонн исэлдсэн хүдэр, 1 280 850 тонн зэс бүхий 240 сая 044 850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн болсон судалгаа одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан юм. Цагаан суваргын ордод Хөх тэнгэр тур 9626Х, 9264Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд, Монголын алт компани 9630А тоот ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл тус тус зэмшиж байсан гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан юм.
4.Бороогийн алтны орд: Уг алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Улаанбаатар хотоос 140 километрийн зайд оршдог. Бороо голд компани 1999-2000 онд хийсэн хайгуулын ажлын үр дүн болон Монгол-Германы хайгуулын экспедицийн үр дүнд тулгуурлан ордын геологийн нөөцийг геостатикийн аргаар 42,56 тонноор тогтоожээ. Бороо голд компани Бороогийн алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1997.07.14-ний өдөр бүртгэлийн 198 дугаарт шинэчлэн бүртгүүлсэнээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
5.Төмөртийн овооны цайрын орд: Төмөртэйн овооны цайрын орд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт аймгийн төв Баруун-Урт сумаас зүүн хойш 16 километрт оршдог. Тус ордын балансын нөөц нь тэр үеийн В+С1+С2 зэргээр цайрын 11,5 хувийн дундаж агуулгатайгаар 7689,4 мянган тонн хүдэр буюу 885,3 мянган тонн металл цайраар тогтоогдсон. Цайрт минерал компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол улсын Засгийн газрыг төлөөлсөн Сангийн яамтай Тогтвортой байдлын гэрээг 1998 оны тавдугаар сард байгуулан ашиглалт явуулж ирсэн байна. Энэ нь манай улстай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж болсон байна.
6.Асгатын мөнгөний орд: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог. Хайгуулаар С1-976.6 тонн, С2-1271.2 тонн мөнгөний нөөцтэй болох нь тогтоогдсон. Одоогоор тус ордод олборлолт хийгдээгүй. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэл эзэмшдэг гэх мэдээлэл 2008 онд гарч байсан юм.
7.Салхитын мөнгөний орд: Нэмж стратегийн ордын жагсаалтад орох магадлалтай 39 төсөл байдаг. Дээрх ордуудын жагсаалтад нүүрсний 19, алтны 2, төмрийн хүдрийн 2, цагаан тугалга, гянтболдын 4, мөнгөний 1, зэс, цайр хар тугалганы 3, металл бус ашигт малтмалын 8 орд багтдаг юм. Эдгээрээс Салхитын мөнгөний ордыг стратегийн ордод нэмж оруулсан гэх мэдээлэл бий.
8.Төмөртэйн төмрийн орд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог төмрийн хүдрийн орд. Төмөртэйн ордод 1995 онд нарийвчилсан хайгуулын ажил хийсэн байна. Хүдрийн нөөц В-57 сая тонн, С1-100.7 сая тонн, С2-71.6 сая тонн болох нь тогтоогдсон. Жилд 600000 тонн хүчин чадлаар ашиглах боломжтой гэж мэргэжлийнхэн үздэг. БЛТ компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ч, 2006 онд цуцалсан байна.
9.Багануурын нүүрсний орд: Улаанбаатар хотын Багануур дүүрэгт оршдог. 1989 онд нарийвчилсан хайгуулын ажлыг дуусгасан. Үүгээр нөөц А – 38.9 сая тонн, В – 178.5 сая тонн, С – 295.4 сая тонн болох нь тогтоогдсон. Зарим тохиолдолд 1.3 тэрбум тонн нүүрстэй нөөцтэй гэж ярих нь бий. Багануурын нүүрсний уурхай жилийн 3 сая тоннын хүчин чадалтайгаар олборлолт явуулж ирсэн. Ингэснээр 2008 онд нийт тогтоогдсон нөөцийн 35 хувийг ашигласан гэх мэдээлэл гарч байсан бол, 2021 оны байдлаар нийт нөөцийн 40 орчим хувийг ашигласан гэх судалгаа гарчээ.
10.Шивээ-овоогийн нүүрсний орд:Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд, Улаанбаатар хотоос зүүн урагш 250 километрийн зайд оршдог. Шивээ Овоогийн нүүрсний ордын нөөцийг 1989 онд эцэслэн тогтоосон бөгөөд А+В+С1-564.1 сая тонн юм. Шивээ овоо компани энэ ордоос жилд 1.6 сая тоннын хүчин чадлаар нүүрс олборлодог юм.
11.Нарийн сухайтын нүүрсний орд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Улаанбаатар хотоос 849 километрийн зайд оршдог. Аймаг, сумын төвүүдтэй ердийн шороон замаар хэдэн жилийн өмнө холбогдсон гэгдэж байлаа. Газрын гадарга нь яг ордын орчимдоо нам толгодорхог. Ордоос хойш 5-7 километрийн зайд Ноён, Тостын нуруу оршдог ажээ. Энэ нь 150-300 метрийн өндөртэй уул, нуруу, хадан хясаадаас бүрддэг. Нүүрс нь 7-19.8 хувийн үнсжилттэй, 30.9-37.5 хувийн дэгдэмхий бодистой, 6435-6935 ккал/кг илчлэгтэй, 1.03-2.8 хувийн чийгтэй, 6-13 мм уян үеийн зузаан бүхий ГЖ төрөлд хамаарах чулуун нүүрс юм. Мөн бага зэрэг буюу 1,8 сая тонн антрацит тогтоогджээ. Хайгуул хийгдсэн Хүрэн толгой, Зүүн хэсгүүд нь уул геологийн тааламжтай нөхцөлтэй ба ус нь Хүрэн толгойн хэсэгт 25.89 метр куб/цаг, зүүн хэсэгт 9.21 метр куб/цаг, 0.8-4.5 г/л эрдэсжилттэй аж. Нөөц нь 75-90 метрийн гүнд буюу 1450 метрийн үнэмлэхүй төвшин хүртэл 125,5 сая тонн. Үүнээс үйлдвэрлэлийн А+В+С1 зэргээр 35,8 сая тонн. Хайгуул хийгдсэн болох Хүрэн толгойд 7,2 сая тонн, Зүүн хэсэгт 21.8 сая тонн гэж тогтоожээ. Чинхуа-Мак-Нарийн сухайт болон Монголын алт компани Монгол улсын Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээний дагуу ашиглаж ирсэн байна.
12.Тавантолгойн коксжих нүүрсний орд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Тавантолгойн коксжих нүүрсний орд Өмнөговь аймгийн Даланзадгадаас зүүн тийш 100 километр, Оюутолгойн ордоос хойш 155 километр, Улаанбаатар хотоос урагш 550 клометрийн зайд оршдог. Тавантолгойн коксжих нүүрсний орд газар нь нийт 80 гаруй мянган га талбайг эзэлдэг. 2008 оны байдлаар тогтоогдсон нөөц нь 6,2 тэрбум тонн нүүрстэй гэгдэж байсан ч, хожим энэ тоо өссөн байдаг.
13.Мардайн ураны орд: Дорнод аймгийн Баяндун суманд оршдог.
Улаанбаатар хотоос зүүн хойш 960 километр, Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 километрт байрладаг. Хүдрийн нөөцийг С1+С2 зэргээр 924,6 мянган тонн, ураны нөөцийг С1+С2 зэргээр 1104 тонн, Р1 зэргээр 600 тонн гэж тооцжээ. Мардайн ордыг хамруулсан 6761 га талбайд 2002.10.08-ны өдөр Дорнод аймгийн Эмээлт майнз компани 4969Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч эзэмшиж иржээ.
14.Гурванбулагийн ураны орд: Дорнод аймгийнЧойбалсан хотоос баруун хойш 111 километр, Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 километрт оршдог. Хүдрийн нөөцийг С1+С2 зэргээр 10560,0 мянган тонн, ураны нөөц С1+С2 зэргээр 16073 тонн гэж тооцсон. Гурван булагийн ордыг хамруулсан 7254 га талбайд 2004.06.10-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Вестерн Проспектор компани 7685Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч эзэмшиж ирсэн. Австралийн Паладин компани Вестерн Проспектор компанитай ураны хайгуул, олборлолтын ажилд хамтран ажиллах, Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулах талаар хэдэн жилийн өмнө яриа хэлцэл хийж байгаа тухайгаа мэдэгдэж байжээ.
15.Дорнодын ураны орд: Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 110 километр, Дашбалбар сумын нутагт сумын төвөөс 50 километр, Дорнод тосгоноос 11 километрийн зайд байрладаг. Ураны дундаж агуулга 0.175 хувь, хүдрийн нөөц 16467,1 мянган тонн, ураны нөөц 28868 тонн болох нь тогтоогдсон. Дорнодын ураны ордод 1997.06.12-ны өдөр Төв азийн уран 237А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл 261 га талбайд авч эзэмшиж иржээ.
16.Бүрэнхааны фосфоритын орд: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд, Улаанбаатар хотоос баруун хойш 720 километр, Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 23 километрт оршдог. Бүрэнхааны фосфоритын ордод 2008 оны байдлаар нөөцийн үнэлгээний А, В, С1 зэргээр 162.56 сая тонн фосфоритын хүдрийн нөөц тогтоосон байв. Ордын хайгуул хийгдсэн талбайд додоодын таван компани үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайлбал, Хөх толбо бут, Космоминералс, Талст маргад, Сутайн дэвшил, Энэр зэрэг компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байжээ.
Зэсийн зах зээл ба стратегийн орд
-Chrysler дампуурлаа зарлаж, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унав-
2009.05.02. Хямралын үед зэсийн үнэ олон хүчин зүйлийн нөлөөгөөр унаж байв. Зэсийн үнэ буурах бас нэг шалтгааныг барууны шинжээчид автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ын Крайслер компани 2009.05.01-нд албан ёсоор дампуурлаа зарласантай холбон тайлбарлаж байлаа. Тус компанийн удирдлагууд Засгийн газартаа 6.9 тэрбум америк долларын өртэй байсан аж. Энэ өрөөс үүдээд компанийн улирдлагууд америк, канад дахь үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцсоны үндсэн дээр дампуурлаа албан ёсоор зарласан гэдэг. Тэд дампуурлаа зарлаж, Италийн Фиат үйлдвэртэй нэгдэхээр болж байгаа тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарч байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Крайслер компани дампуурлаа зарлахад, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унахад хүргэсэн ч, зэсийн үнэ 2009 оны тавдугаар сард дахин амилна гэж шинжээчид таамаглаж байсан юм. Америкийн Каприс Амакс Минералс компанийн Аризон мужид байрладаг зэс хайгуулах үйлдвэр 2009 оны 5-6 сард засварт орох байв. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд цэвэршүүлсэн зэсийн нөөц багассан юм. Тодруулбал, лондонгийн металлын захад зэсийн нөөц өнгөрсөн сараасаа 20 орчим хувиар буурсан байлаа. Үүнээс үүдэн зэсийн үнэ өсч байгаа гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байсан юм. Тодруулбал, Нью-Йоркийн металлын биржэд нэг тонн зэс 4995 америк доллар болж өссөн байв. Зэсийн үнэ 2009 оны эхэнтэй харьцуулахад 85 хувиар өсөөд байсан нь энэ юм. Үүнээс хойш зэсийн үнэ огцом өсөхгүй байх гэж шинжээчид таамаглаж суусан юм. Хятадад зэсийн үйлдвэрлэл 2009 онд зургаан хувиар өсч, дөрвөн сая тоннд хүрэх төлөвтэй байсан юм. Хятадад зэсийн үйлдвэрлэл ингэж нэмэгдвэл, тэр хэрээр дэлхийн зах зээлээс худалдан авах уг металлын хэмжээ багасах байв. Энэ нь үнэ өсөхгүй байх гол шалтгаан болно гэж шинжээчид үзэж байсан юм. Манай улс зэсийн баяжмалаа урд хөршид нийлүүлдэг. Хятадад зэсийн үйлдвэрлэл нэмэгдвэл, манай улсын зэсийн борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн тухайн үед болгоомжилж байсан билээ.
-Хятадад авто машин борлуулалт өссөн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөв-
2009.06.06.-ны хавьцаа америкийн зэс хайлуулах үйлдвэр засварт орсонтой холбоотойгоор цэвэр зэсийн нөөц багассан. Энэ нь үнэ өсөх гол шалтгаан болсон гэх мэдээлэл гарч байсан бол, зарим судлаачид дэлхийн томоохон орнуудад бэлэн мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, инфляци өсөх магадлал өндөр байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчид инфляциас өөрсдийгөө хамгаалах үүднээс зэс сонирхох хандлага ажиглагдаж байна гэж тайлбарлаж байсан юм. Харин Option sellers-ийн дилер Мишел Кросс: Хятадын Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд 585 тэрбум америк доллар зах зээл рүүгээ гаргасан. Энэ нь үйлдвэрлэл нэмэгдэхэд хүргэсэн. Үүний сацуу хятадад авто машин борлуулалт 10 хувиар өссөн. Тэр хэрээр хятадад зэсийн импорт нэмэгдэж байна. 2009 оны зургаадугаар сард хятадын зэсийн импорт 14 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн зэсийн эрэлт дэлхийн зах зээлд бий болоод байна. Нөгөөтэйгүүр, Японд сүүлийн үед үйлдвэрлэл өсч байгаа. Япон машин, тоног төхөөрөмжийн захиалга 2009 оны зургаадугаар сард 2 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлсөн байгаа. Эдгээрээс үүдэн дэлхийн зах зээлд зэсийн эрэлт бий болж, үнэ өссөн гэж үзэж байсан юм. Зэсийн эрэлт нэмэгдсэн тул Лондонгийн захын зэсийн нөөц багассан байлаа. 2009 оны хоёрдугаар сард Лондонгийн металлын биржэд 548 мянган тонн зэсийн нөөц байсан бол, зургаадугаар сард нь 400 мянган тонн болж буурсан байв. J.P. Morgan Securities-ийн мэргэжилтэн Майкл Жансен: 2009 энэ онд зэсийн дундаж үнэ 3338 америк доллар байна. Харин 2010 онд 3675 америк доллар байна гэсэн таамаг тухайн үед дэвшүүлж байсан билээ.
-Зэсийн үнэ өсч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьцааны ханш өсөв-
2009.08.22. Зэсийн үнэ бага зэрэг буусан ч, цаашдаа өсөх хандлагатай байгааг шинжээчид хэлж байлаа. 2009 он гарсаар хоёр дахин өссөн зэсийн олборлолт, нийт хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх магадлалтайг Тибериус Ассет Менежмент-ийн шинжээчид хийгээд байсан юм. Нэгэнт эрэлт их, нийлүүлэлт бага байсан тул зэсийн үнэ цаашид өснө гэж шинжээчид таамаглаж байсан юм. Зэсийн үнэ өсөхөд хятадын үүрэг оролцоо их. Нью-Йорк болон Лондонгийн металлын биржүүд дээр зэсийн үнэ 2009 оны эхнээс хоёр дахин өссөн нь зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын импорт өмнө байгаагүй түвшинд хүрсэнтэй холбоотой. Хятадын эдийн засаг хүчирхэг хэвээр, энэ улсад зэсийн эрэлт байсаар байвал, уг металлын үнэ цаашид өссөөр байх болно гэж судлаачид таамаглаж байсан юм.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор зэс олборлогч аж, ахуйн нэгжүүдийн хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн биржүүд дээр өссөөр байлаа. Тухайлбал, 2009.08.28-ны өдөр Канадын Тронтогийн хөрөнгийн биржэд Айвенхоу майнз компанийн хувьцаа 12 доллар 25 центийн ханштай байсан юм. Харин Нью-Йоркийн хөрөнгийн биржэд тус компанийн хувьцаа 11 доллар 32 центийн ханштай байлаа. Айвенхоу майнз компанийн хувьцаа 2008 оны өвөл 2,7 америк долларын ханштай байсантай харьцуулахад дөрөв дахин өссөн нь нэг талаас зэсийн үнэ өссөн. Нөгөө талаас оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж магадгүй гэсэн хүлээлт байсантай холбоотой юм.
-Японд авто машины үйлдвэрлэл 8 хувиар өссөн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөв-
2009.11.04. Энэ өдөр нэг тонн зэс 6570 америк долларын ханштай байсан юм. АНУ-ын шинээр баригдсан орон сууцны борлуулалт 2009 оны аравдугаар сард өмнөх сарынхаасаа буурсан дүнтэй гарсан. Энэ мэдээ барилгын салбарын гол түүхий эд болох зэсийн үнэд сөргөөр нөлөөлсөн болохыг шинжээчид хэлж байлаа. Мөн лондонгийн металлын биржийн зэсийн нөөц ихэссэн нь үнэ буурах бас нэг шалтгаан болжээ. Тухайн үед лондонгийн металлын захад 374 мянган тонн зэсийн нөөц байсан юм. Энэ нөөц эрэлтээс давсан үзүүлэлт байсан гэж ойлгож болно. Дээрх шалтгаанаас болж зэсийн үнэ бага зэрэг буурсан ч, цаашид өсөх хандлагатай гэж шинжээчид таамаглаж байв. Учир нь зэсийн эрэлт урд хөршид нэмэгдсээр байлаа. Тухайн үед хятадын зэсийн импорт 283 мянган тоннд хүрч, өмнөх сарынхаасаа 29 хувиар нэмэгдсэн байв. Үүнээс гадна, японд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсч байжээ. 2009 оны аравдугаар сард гэхэд тус улсад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1.4 хувийн өсөлттэй гарсан. Тэр дундаа автомашины үйлдвэрлэл 8 хувиар өссөн юм. Энэ нь зэсийн үнийг өсгөх нэг шалтгаан болж байсан бол, нөгөөх шалтгаан нь зэсийн нийлүүлэлт цаашид буурах явдал байв. Чилийн зэсийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаад байсан учраас тэр юм. Ажил хаялт удаан үргэлжилбэл, зэсийн нийлүүлэлт багасч, энэ металлын үнэ цаашид өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид дүгнэж байсан цаг үе юм. Гэтэл хятадын зэсийн импорт 2009 оны аравдугаар сард 263 мянган тонн болж, өмнөх сараасаа 34 хувиар буурсан гэх мэдээлэл гарсан нь уг металлын ханш дэлхийн зах зээлд буурахад нөлөөлжээ. Зэсийн эрэлт буурч ялимгүй буурсан тул Лондонгийн металлын захын нөөц 402 мянган тонн хүрсэн байв. Зэсийн нөөц 2009 оны дөрөвдүгээр сараас хойш ингэж өсөөгүй юм. Зэсийн үнэ ялимгүй буурсан ч, удаан үргэлжилсэнгүй. Зэсийн үнэ 2009.11.21-ний хавьцаа эргэн өсч 6915 ам.доллар хүрэв. Петерсон институтын шинжээч Фрэд: Дэлхийн хамгийн том зэс олборлогч Чили улсын Коделко уурхайн удирдлагууд 2010 онд азийн улсуудад нийлүүлэх зэсийн үнийг 15 гаруй хувиар нэмэхээр болсонтой холбоотой гэж тайлбарлаж байлаа. Зэсийн үнэ 2010 оны эхээр нэмэгдэх тул, уг металлын ханш хямд байгаа дээр худалдаж авах нь ихэснэ. Энэ нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа учраас уг металлын ханш өссөн ажээ.
-Чилийн зэсийн нийлүүлэлт нэмэгдэв-
2010.02.20. Энэ үед дэлхийн зах зээлд нэг тонн зэс 6939 ам.долларын ханштай байла. Чили улс дэлхийн хэрэгцээт зэсийн дийлэнх хувийг нийлүүлдэг. 2009 онд тус улс 5.38 сая тонн зэс дэлхийн зах зээлд нийлүүлсэн байна. Тус улсын зэсийн нийлүүлэлт 2009 оноосоо 1,2 хувиар өссөн нь энэ аж. Чилийн зэсийн нийлүүлэлт нэмэгдсэн мэдээлэл гарсантай зэрэгцэн Лондонгийн металлын захад зэсийн нөөц нэмэгдсэн мэдээлэл гарсан юм. Зургаан сарын өмнө тус металлын захад 350 гаруй мянган тонн зэсийн нөөц байсан бол, 555 мянган тонн болж нэмэгджээ. Чилийн зэсийн нийлүүлэлт ихэсч, Лондонгийн металлын захын нөөц нэмэгдсэн нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байлаа. Гэхдээ, зэсийн үнийн бууралт удаан үргэлжилсэнгүй. Удалгүй уг металлын ханш 7085 ам.доллар болж өссөн юм. Зэсийн үнэ ингэж өсөхөд Рав материал группээс гаргасан мэдээлэл нөлөөлсөн гэдэг. Рав материал групп зэсийн нийлүүлэлт нэмэгдэж, лондонгийн захын нөөц өссөн ч, хятадад уг түүхий эдийн эрэлт их байгаа. Эрэлтийг хангах хөрөнгийн эх үүсвэр ч хятадууд бий. 2008-2009 онд тохиосон эдийн засгийн хямралаас шалтгаалж түүхий эдийн эрэлт буурсан. Хятадын металлын импорт буурсан тул, бэлэн мөнгөний хэмжээ нь тэр хэрээр нэмэгдсэн. Хятадад бэлэн мөнгөний хэмжээ 2009 онтой харьцуулахад тав дахин өсөөд байгаа. Хятадад түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа, үүнийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэр хангалттай байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзэж байсан юм. 2010 онд зэсийн үнэ 7000 ам.доллараас буухгүй гэж үзэж байсан юм. Зэсийг барилгын салбарт ихээр ашигладаг. АНУ-д шинээр баригдсан орон сууцны борлуулалт тухайн үед нэмэгдэж, үнэ нь 3 орчим хувиар нэмэгдсэн байлаа. Тус улсын орон сууцны эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байсан учраас барилгын салбар нь удахгүй сэргэнэ. Энэ үед тус улсын барилгын салбарын зэсийн эрэлт нэмэгдэнэ. Энэ нь зэсийн үнэ тогтвортой байхад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байсан юм. Үүнээс гадна, ам.долларын ханшийн уналт зэсийн үнэ тогтвортой байхад нөлөөлнө гэж үзэж байсан юм. Дэлхийн улс орнуудад инфляци нэмэгдвэл тухайн улс орны валютын ханш унадаг. Улс орнуудад инфляци өсч, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унавал, хөрөнгө оруулагчид алт, зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг металл худалдаж авах нь ихэсч, ханш нь өснө гэж үзэж байсан юм.
-Хятадын зэсийн хэрэглээ уг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх нь бий-
2010.10.29. Энэ өдөр лондонгийн металлын захад нэг тонн зэс 8331 ам.долларын ханштай байлаа. Зэсийн өндөр байсан ч, цаашид буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байв. Зэсийн үнэ огцом өссөн тул, үйлдвэрлэгчид уг түүхий эдийг худалдаж авах нь багасна. Энэ нь зэсийн үнэ буурах нэг шалтгаан болно. Нөгөө талаас хятадад уг металлын хэрэглээ буурч байгаа нь зэсийн үнэ буурах бас нэг шалтгаан болно гэж зах ажиглагчид үзэж байсан юм. Үүнээс гадна, дэлхийн авто машины эрэлт 15 хувиар буурсан байв. Үүнтэй холбоотойгоор, авто машин үйлдвэрлэлд шаардлагатай зэсийн эрэлт буурна гэж шинжээчид үзэж байлаа. Тэгвэл зарим шинжээчид Лондонгийн металлын зах нөөц 80 гаруй мянган тонноор буурч, 368 мянган тонн болсон. Лондонгийн металлын захын нөөц буурч, зэсийн нийлүүлэлт бага байгаа нь уг түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзэж байсан юм. Үүнээс гадна, сайжруулсан зэсийн үйлдвэрлэл 1 сая тонн байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Аж үйлдвэрийн салбарт үүнээс ч их сайжруулсан зэс шаардагдлаж байгаа. Тиймээс цаашид зэсийн үнэ өснө гэж таамаглах хүмүүс ч мөн байсан юм. Тэгвэл 2010.11.06.-ны хавьцааХятадын эдийн засаг 2010 онд тооцоолж байснаас өндөр хувьтай гарах судалгааг дэлхийн банкнаас гаргасан юм. Дэлхий банкныхан хятадын эдийн засаг 2010 онд 9.5 хувиар өснө гэж тооцоолж байсан бол, тус улсын бодит өсөлт 10 хувьтай гарах нь тодорхой болсон юм. Дэлхийн нйитийн үйлдвэрлэж байгаа зэсийн багагүй хувийг хятадууд хэрэглэдэг. Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй гарах нь тодорхой болсон учир тухайн үед дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн гэж зах зээлд ажиглагчид үзэж байлаа. Үүнээс гадна, Лондонгийн металлын захын зэсийн нөөц бага байсан нь уг түүхий эдийн үнэ өсөх бас нэг шалтгаан болж байжээ. Тухайн үед лондонгийн металлын захад 367 мянган тонн зэсийн нөөц байсныг энд онцлох нь зүйтэй болов уу. Тэр үед Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Дэлгэрсайхан: Дэлхийн улс орнуудын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэнэ. Энэ нь зэсийн үнэ 8000 доллараас доош уруудахгүй байх баталгаа болно хэмээн хэлж байсан билээ. Тухайн үед дэлхийн зах зээлд нэг тонн зэс 8426-8521 ам.долларын ханштай байсан учраас ингэж таамагласан биз ээ. Эдгээрээс дүгнэж үзэхэд, зэс ихээр хэрэглэдэг үйлдвэрлэлийн салбарт эрэлт нэмэгдвэл үнэ өсч, Чилийн Коделко зэрэг үйлдвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдвэл үнэ унадаг байх магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн ордын зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд юунаас болж өсч, буурч ирснийг дээрх кейсээр жишээ татан харуулахыг зорьсон юм.
Эрдэнэтийн овооны зэсийн орд
Эрдэнэтийг овоог Чехтэй хамтран илрүүлсэн ч, Оростой хамтарч үйлдвэр байгуулав-
2021.11.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Эрдэнэтийн овоо гэхээр хүн бүрийн ой тойнд Эрдэнэтийн орд буух нь дамжиггүй. Үнэхээр ч тийм. 60 гаруй жилийн тэртээ Орхон, Сэлэнгийн сав газарт Монгол-Чехийн геологичид хайгуул хийж, Эрдэнэтийн овоонд зэс, молибдены хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Коминек, Фуриел, Сандуйжав, Мягмар зэрэг Монгол-Чехийн геологичид Эрдэнэтийн овооны ордыг 1964-1968 хооронд ийнхүү илрүүлсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоож өгсөн байна. Энэ даруй Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Монголын тал нэг бол Чехийн, үгүй бол Оросын талтай хамтран үйлдвэр байгуулах нь оновчтой гэж тухайн үед үзэж байлаа. Гэвч Чехийн тал Эрдэнэтийн овооны ордод зэс, молибдены үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай учир оролцох боломжгүй гэдгээ 1974 онд илэрхийлсэн гэдэг. Тиймээс манай улс ОХУ-тай хамтарч Эрдэнэтийн овоонд зэс, молибдены үйлдвэр байгуулж 1978 онд ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая тонн, 1981 онд 16 сая тонн, 1989 онд 20 сая тонн, 2000 онд 24 сая тонн, 2010 онд 31 сая тонн, 2011 онд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. 2013 оны тавдугаар сарын 10-20 хавьцаа найман жилийн өмнө тус үйлдвэрт томилолтоор ажиллахад Эрдэнэт үйлдвэрийнхэн хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байлаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр тэр жил 25 сая тонн хүдэр боловсруулж, үүнээс 500 мянган тонн зэсийн баяжмал, 4 мянган тонн молибдены баяжмал гарган авсан байгаа юм.
-Эрдэнэтийн овооны орд 25 километр урт, 3 километр өргөнтэй-
Эрдэнэтийн овооны зэс, молибдены хүдрийн биет нь далайн түвшнөөс дээш 1606 метрийн өндөрт, 25 километрийн урттай, 3 километрийн өргөнтэй зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон бүтэцтэй юм. Хүдрийн энэ биетийг дөрвөн үндсэн хэсэгт буюу төвийн, баруун хойд, зүүн өмнөд, цагаан чулуут гэсэн хэсэгт хуваадаг байх юм. Найман жилийн өмнө очиход тус ордын баруун хойд хэсэгт олборлолт явуулж байлаа. Ингэхдээ далайн түвшнөөс дээш 1280 метрийн өндөрт, 2,5 километрийн урттай, 1,5 километрийн өргөнтэй талбайгаас хүдэр олборлож байсан нь сонирхол татам. Энэ талбайд долоо хоног бүрийн баасан гаригт тэсэлгээ хийдэг байх юм. Харин бусад өдрүүдэд суларсан хүдрийг эксковатороор хутгаж, 130 тонны даацтай белаз машинд ачиж, том бутлуурт хүргэдэг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын инженер н.Энхбат хэлж байлаа. Тэнд нийт 9 эксковатороор хүдэр олборлож, 17 белаз машинд ачиж том бутлуурт буулгаж байхтай таарч явлаа. Нэг белаз машин 15 минутад нэг эргэлт хийж, том бутлуурт хүдэр буулгаад буцдаг аж. Том бутлуур нэг дор 4 белаз машин хүдэр хүлээн авах хүчин чадалтай. Том бутлуур хоногт 60-63 мянган тонн хүдэр хүлээн авч буталдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн бутлуурын нэгдүгээр хэсгийн бутлуурчин н.Дорж-дүгэр хэлж байв. Эрдэнэтийн овооноос олборлосон хүдрийг хүдрийн талбайгаас 100 метрийн зайд орших том бутлуурт эхлээд буталж, дараа нь туузан дамжуулгаар агуулахад буулгадаг байна. Ингэхдээ тус бүр нь цагт 500 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 800 метрийн урттай хоёр туузан дамжуулгаар буталсан хүдрийг агуулахад буулгадаг байна. Үйлдвэрт шаардлагатай хүдрийг агуулахаас туузан дамжуулгаар эхлээд дунд бутлуур руу, дараа нь жижиг бутлуур руу хүргэж дахин буталдаг. Үүний дараа шаардлага хангасан жижиг хэмжээтэй бутлагдсан хүдрийг баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсэг рүү туузан дамжуулгаар дахин оруулж, 9 том терм, 9 жижиг термэнд нунтагладаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн термийн машинист н.Самбуу хэлж байлаа. Нунтагласан хүдрийг шахуургаар баяжуулалтын хэсэг рүү шахаж хөвүүлэн баяжуулах үйл явц эхэлдэг байна. Ингэхдээ зэс болон молибденоо тус бүрт нь хөвүүлэн баяжуулдаг байх юм. Эхлээд молибденоо хөвүүлэн баяжуулдаг бол, дараа нь зэсээ хөвүүлэн баяжуулдаг тухай тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагч н.Хонгорзул хэлж байв. Хүдрийн биетийг туузан дамжуулгаар бутлах болон нунтаглах хэсэг рүү тээвэрлэдэг бол, зэс болон молибдены баяжмалаа өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цех рүү өөрөө урсах шугамаар тээвэрлэдэг байна. Тус цехээс эцсийн бүтээгдэхүүн гардаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн өтгөрүүлэх, шүүх, хатаах, савлах, ачих цехийн ээлжийн мастер н.Өлзий-Хутаг ярьж байсан нь тод санагдаж байна.
-68 хувийн татвартай болсон нь –
Дэлхийн эдийн засаг хурдацтай өсөж байсантай холбоотойгоор 2005 оноос зэсийн эрэлт огцом нэмэгдэж эхэлсэн юм. Эрэлт нэмэгдвэл үнэ өсдөг зах зээлийн зарчим бий. Энэ дагуу зэсийн үнэ эрэлтээ дагаад огцом өсөж байлаа. Тиймээс манай улс тэр үед дэлхийн зах зээлд экспортолдог зэсийн баяжмалд үнийн өсөлтийн албан татвар ногдуулж төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого явуулсан байдаг. Ингэхдээ 2006 онд Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг парламентаар баталж, Эрдэнэт үйлдвэрийн дэлхийн зах зээлд экспортолсон нэг тонн зэсийн үнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн байна. Тухайн үед тонн зэс 8500 ам.доллар хол давж байсан учир улсын төсөвт нэг тонн зэсээс дор хаяж 3700 ам.долларын цэвэр ашиг орж байжээ. Үүний ачаар хэдэн жил тасралтгүй хасах гарсан улсын төсөв 2006 оноос нэмэх тэмдэгтэй гарч эхэлсэн юм. 2009 оны наймдугаар сарын 22-ны хавьцаа гэнэтийн ашгийн 68 хувийн татваоаас манай улс эхний гурван жилийн дотор 968 тэрбум төгрөгийн орлого олсон. Монгол Улсыг хөгжүүлэх санд байршуулсан энэ мөнгөнөөс хүүхэд болон залуу гэр бүлд 300 гаруй тэрбумыг нь олгож, үлдсэнийг нь автозам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан гэгдэж байлаа. Монгол Улсыг хөгжүүлэх санд тухайн үед үлдсэн 65 тэрбум төгрөгийг Зоос болон Худалдаа хөгжлийн банкинд байршуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан гэгдэж байсан юм. Тэгвэл 2006-2010 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмалаас нийт 1,7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тоо баримт бий. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шиг зэсийн үнэ ямагт өндөр байсангүй. АНУ-ын Wall street-ээс эхлэлтэй санхүүгийн хямрал даамжирч 2008-2009 онд дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж хүрээгээ тэлсэн юм. Энэ үед Америк, Япон, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч үйлдвэрлэл нь саарч байлаа. Үүнээс болж гадаад зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч зэсийн үнэ огцом унасан нь дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг тойрохгүй, дайраад гарахыг шуудхан илтгэж байсан юм. Манай улс 2008 оны төсөвт нэг тонн зэсийн үнэ дунджаар 7100 ам.доллар байхаар тусгаж, Эрдэнэт үйлдвэрээс үнийн өсөлтийн албан татварт 600-700 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч, энэ нь талаар болж мэдэхээр байдалтай нүүр тулав. Энэ үед Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал: Зэсийн үнэ 6400 ам.доллараас уруудахгүй байхад төсөв алдагдалгүй балансаа барьж чадна. Хэрэв зэсийн үнэ 6000 ам.доллараас уруудвал төсөв алдагдалтай гарна. Харин 3500 ам.доллараас уруудвал Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрдөг гэнэтийн ашгийн албан татвар үгүй болж, сонгуулийн амлалтаас эхтэй хүүхдийн 10 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг олгох хөрөнгийн эх үүсвэргүй болох учраас үр ашиггүй зардлаа танаж төсвийн хэмнэлт хийх шаардлагатай байгааг эртнээс анхааруулж байлаа. Гэтэл 2009 оны эхээр байдал улам дордож Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс 2700 ам.доллар болтлоо уруудаж, үүнээс 2600 ам.доллар хассаны дараа үлдэх орлого гэвэл ердөө 100 ам.долларт үнийн өсөлтийн 68 хувийн татвар ногдуулахад хүрсэн юм. Өмнө нь тонн зэсээс улсын төсөвт дор хаяж 3700 ам.долларын татвар орж байсантай харьцуулахад энэ нь хэтэрхий чамлахаар үзүүлэлт. Уг нь 2009 оны төсөвт тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 5800 ам.доллар байхаар тусгаж, уг түүхий эдийн үнэ 3400 ам.доллараас уруудаагүй тохиолдолд төсөв ажрахгүй гэж тооцож байлаа. Гэвч энэ нь талаар болж зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 2009 оны сүүлээр өмнөх оноосоо 74 хувиар тасарч улсын төсөв их хэмжээний алдагдал хүлээх нь тэр. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Б.Бадамцэцэг: Төсвийн орлогыг бүрдүүлдэг хувийн жин өндөртэй татварын төрлүүд өмнөх оны түвшинд хүрэхгүй дутуу төвлөрснөөс төсвийн нийт тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлж байна. Энэ бууралтын талаас илүү хувь нь Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын бууралтаас шалтгаалж байгаа гэж бататган хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайн үед Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга н.Баяраа: Эдийн засаг санхүүгийн хямралтай холбоотойгоор дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан. Лондонгийн металлын биржэд нэг тонн зэс өмнө нь 8000-9000 ам.долларын ханштай байсан бол, 3000 ам.доллар болтлоо буурсан. Зэсийн үнэ 2600 ам.доллараас дээш гарсан нөхцөлд үнийн өсөлтийн 68 хувийн албан татвар ногдож байгаа. Тэгэхээр зэсийн үнэ 3000 ам.доллар байхад үнийн өсөлтийн татвар ногдоно гэсэн ойлголт бараг байхгүй. Харин тавдугаар сараас зэсийн үнэ 5000 ам.доллар болж ялимгүй өссөн нь улсын төсөвт төлөвлөснөөс 13.4 тэрбум төгрөг илүү ороход нөлөөлсөн. Зэсийн үнийн өсөлтийн албан татвараас 10.1 тэрбум төгрөг орох ёстой байсан ч, 23.5 тэрбум төгрөг орсон гэсэн үг. Өнгөрсөн онд зэсийн үнийн өсөлтийн албан татварт 191 тэрбум төгрөг орсонтой харьцуулахад зөвхөн энэ татварын хувь хэмжээ дангаараа 8 дахин буурсан үзүүлэлттэй байна гэсэн тайлбарыг хямралын үед өгч байсан юм.
-Зэсийн үнэ унаж 68 хувийн татвар буурав-
2008-2009 оны эдийн засгийн хямралын үед гадаад зах зээлд зэсийн үнэ гурав дахин унаж, Эрдэнэтийн зэс үнэгүйдсэн нь эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн нь мэдээж. Тухайлбал, 2007 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай гарсан улсын төсөв, 2008 онд 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, 2009 оны сүүлээр 332 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь тэр. Дайран дээр давс гэгчээр зэсийн үнийн өсөлтөөс орж ирэх татварын орлого буурч байхад төсвийн зарлага өндөр байсан нь байдлыг улам хүндрүүлсэн гэхэд болно. Зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг хадгалах бус, зарцуулж байсан нь төсвийн тогтворгүй байдлыг бий болгосон гэж Сангийн дэд сайд асан Т.Очирхүү тэр үед илэрхийлж байсан юм. Тухайлбал, төсвийн зарлага орлогоосоо 20 пунктээр өндөр үзүүлэлттэй гарч байлаа. Татварын орлого буурсан нь яах ч аргагүй байдал гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байсан бол, зарлага орлогоосоо өндөр байсныг төрийн түшээдийн бодлогогүй алхам гэдэгтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байсан юм. Тиймээс төсвийн орлого буурсан үед зарлагыг дагаад хумих хэрэгтэйг байсан ч, Засгийн газарт тэгэх бодол байсангүй. Ингэж хэлж байгаа нь 2010 оны төсвийн орлогыг 2 их наяд 306 тэрбум, зарлагыг 2 их наяд 664 гаруй тэрбум төгрөг байхаар Засгийн газар тооцож төсвийн төслийг боловсруулсан байдаг. Зарлага өндөр байгаагаас 2010 оны төсөв 359 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байлаа. Орлого бага, зарлага их байсны улмаас 2008 оны эцэст улсын төсөв 395 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6 шахам хувийг эзэлж, энэ алдагдлын гаднаас зээл тусламж авч дарсан болохыг Сангийн сайдын албыг хашиж явсан С.Баярцогт хэлж байсан удаатай. Гэвч үүнээс сургамж авсангүй. 2010 оны төсвийн зарлагыг орлогоос нь давахаар төлөвлөжээ. Зөрүүд нь гарах алдагдлыг Монгол улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө, гаднаас орж ирэх зээл тусламжаар нөхөхийн зэрэгцээ, Засгийн газрын бонд гаргаж нөхөхөөр төсвийн төсөл боловсруулагчид тооцоолсон байлаа. Ингэхдээ дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 5184 ам.доллар, нэг унци алтны үнэ 900 ам.доллар байхаар тооцож 2010 оны төсвийн төслийг боловсруулсан байлаа. Ингэснээр зэсийн үнийн өсөлтөөс 208 тэрбум төгрөг, алтны үнийн өсөлтөөс 34 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөв. Өөрөөр хэлбэл, 2010 онд алт зэсийн үнийн өсөлтөөс нийт 242 гаруй тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоолж, үүний 141 тэрбум төгрөгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөж байсан нь нууц биш. Харин үлдэх алдагдлыг хандивлагч орнуудаас орж ирэх 65 сая ам.доллараар нөхнө гэж тооцсон юм. Улсын төсвийн алдагдлын багагүй хувийг ингэж нөхлөө ч, цаана нь 82 тэрбум төгрөг дутах нь ойлгомжтой байлаа. Энэ мөнгийг Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар олно гэж тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл, 2008 онд төсвийн алдагдлаа яаж нөхсөн, тэр аргачлалаараа 2010 оны төсвийн алдагдлыг нөхөхөөр шулуурч байв. Төсвийн алдагдлыг тал хэсгийг Монгол улсын хөгжлүүлэх санд орж ирэх мөнгөөр нөхөх гэж байгаа нь нэг хэрэг ч, гаднаас орж ирэх зээл тусламжаар төсвийнхөө багагүй хувийг нөхнө гэдэг зохисгүй үйлдэл болохыг эдийн засагчид анхааруулсаар л байв. Гаднаас орж ирсэн зээл тусламжийг эргүүлэн төлөх учраас тэр юм. Нэг ёсондоо, өнөөдөр төсвийн алдагдлаа нөхлөө ч, ирээдүйд өртэй байх нь зохисгүй гэж эдийн засагчид тэр үед үзэж байсан юм. Тиймээс ийм ядарсан арга хэрэглэж байхаар, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөж байлаа. Гэвч ингэх бололцоогүй гэсэн тайлбарыг сангийн сайд өгч байсан юм. Улсын төсвийн орлого буурч явсаар цаашлаад гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлж, валютын нөөц хумигдаж долларын ханш огцом өсч байсныг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, валютын нөөц 1 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар болтлоо уруудаж, америк долларын албан ханш 1590 төгрөгт хүрсэн гашуун түүх бий. Байгаа валютын нөөцөөрөө урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч хөлтэй нь ийш тийш гүйлдэж, хэлтэй нь ийш тийш утас цохиж гарах гарц эрэлхийлсэн он жилүүд өнгөрсөн билээ. Арга ядахдаа хандивлагч орнуудаас зээл авч, Олон улсын валютын сангийн 18 сарын хугацаатай Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж байх вэ дээ. Азаар 2010 оноос анх удаа нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давж, төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх болсон юм. Тухайлбал, нийт экспортын 29.8 хувийг нүүрсний орлого, 27 хувийг зэсийн баяжмалын орлого бүрдүүлж эхлэв. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ жилд нэг удаа байгуулахдаа гол төлөв оны эхэнд үзэглэж үнээ тохирдог байжээ. Тиймээс дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ ялимгүй сэргэсэн ч, гэрээнд заасан үнээр бүтээгдэхүүнээ тухайн үед нийлүүлж байсан учраас үнийн өсөлтийн татвараас дорвитой зүйл орж ирэхгүй байсан гэдэг. Энэ үед нүүрсний экспортын орлого зэсийн экспортын орлогоос давахад нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн судалгааны газрын дарга н.Баасанжав учирлаж байсан удаатай. Тухайн үед Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэр ашиглалтад ороогүй байсан учраас зэсийн үнийн өсөлтийн албан татварыг Эрдэнэт үйлдвэр ганцаараа төлдөг байсныг хэн хүнгүй мэднэ. Хэдийгээр татвараа хугацаандаа төлж байсан ч, энэ нь ихээхэн дарамт болж байсныг тус үйлдвэрийнхэн хэлдэг билээ.
-68 хувийн татварыг хүчингүй болгов-
2009.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Нэг хэсэг 2800 америк доллараас доош уруудаад байсан зэсийн үнэ амилж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр уржигдар нэг тонн зэс 3125 америк долларын ханштай байсан юм. Зэсийн үнэ бага зэрэг өсч байгаа ч Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажилласан хэвээр байна. Тус үйлдвэрийн зах зээлд гаргаж байсан бүтээгдэхүүний тоо хэмжээ буураагүй ч, зэсийн үнэ огцом өсөхгүй байсан нь алдагдал оруулахад хүргэж байгаа юм. Тус үйлдвэрийг алдагдалд оруулахад хүргэж байсан бас нэг хүчин зүйл нь 68 хувийн татвар юм. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг: 2009 оны бизнес төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Олон хувилбартай байгаа. 68 хувийн татвар, бүх татвар, нийгэм соёлынхоо бүхий л зардал, бүх зүйлийг оролцуулаад аваад үзвэл, бүх зардал 4000 мянган америк доллар орчим байхаар байгаа. 2000 онтой харьцуулахад, нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 4 дахин нэмэгдсэн. Гол шалтгаан нь 2006 оноос мөрдөж эхэлсэн үнийн өсөлтийн албан татвар юм. 2000-2005 онуудад манай үйлдвэрийн нийт орлогын 13.6-22 хувь нь төсвийн төлбөр хураамж, ногдол ашигт явдаг байсан. Тэгвэл одоо энэ ачаалал 70 хувь болж байна. Нийт орлогынхоо 70 хувийг 68 хувийн татварт төлж байна. Татварын ачаалал 4 дахин нэмэгдсэн байх. Энэ татвар хураасан хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд 870 тэрбум гаруй төгрөгийн оруулсан. Хэрвээ энэ татварыг эс тооцвол, зэсийн үнэ 3200 байхад, манай үйлдвэр алдагдалгүй ажиллах боломжтой хэмээн хямралын үед хуучилж байсан юм. 68 хувийн татвар авдаггүй байсан бол, зэсийн үнэ дэлхийн зах зээлд 3200 америк доллар байхад Эрдэнэт үйлдвэр алдагдалгүй ажиллах байжээ. Товчхондоо, 68 хувийн татвар Эрдэнэт үйлдвэрийг сөхрүүлэхэд хүргэж байсан юм. Зэсийн үнийн өсөлтийн албан татвар авахгүйгээр Эрдэнэт үйлдвэрийг алдагдалгүй ажиллуулж болох талтай. Гэсэн ч, манай улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээс 68 хувийн албан татвар авахгүй байх бололцоогүй гэдгийг албаныхан хэлж ирсэн. Хэдийгээр зэсийн үнэ бага зэрэг өссөн ч, 6700 доллараас дээш давж өсөхгүй бол манай улсын төсөв тухайн үед хүссэн хүсээгүй алдагдалтай гарахаар байжээ. Товчхондоо, зэсийн үнэ 6700 америк доллараас дээш өгсөхгүй бол 2009 оны төсөв 179 тэрбум төгрөгөөр дутах байв. Тухайн үед зэсийн үнийн өсөлтөөс Монгол Улсыг хөгжүүлэх санд орж ирэх мөнгө байсангүй. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Монгол Улсыг хөгжүүлэх санд тухайн үед 455 тэрбум төгрөг байсан талаар хэлдэг. Үүний 230 тэрбум нь Монголын улсын эрсдэлийн сангийн хуримтлал байсан гэж ойлгож болно. Харин үлдсэн нь хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зарцуулагдах ёстой байлаа. Хүүхдийн мөнгийг улирал тутамд 25 мянга байсныг 20 мянган төгрөг болговол, хуримтал нийгмийн халамжинд 2009 онд хүрэлцэнэ гэж тооцоолж байсан юм. Гэхдээ энэ нь зэсийн үнэ унаж, Монгол Улсыг хөгжүүлэх санд зэсийн үнийн өсөлтөөс ямар ч мөнгө орж ирэхгүй тохиолдолд юм. Харин зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эргэн сэргэж 7600 доллараас дээш өсвөл айх аюулгүй болно гэж албаныхан ярьж байсан билээ. Манай улсад зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байлаа. Энэ бол хэн бүхний сайн мэдэх Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр жилд 530 мянган тонн зэсийн баяжмал, 3 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг. 2011 гуравдугаар сарын 19-ний байдлаар үүнийгээ Финляндын Оутокумпу, Австарлийн Бейтмэн Инженеринг, Песифик оур техноложи, Английн Брук хант, Америкийн Пелпс дож корпораци, Ки Ди энженеринг компани, Солонгосын Самсунг зэрэг компаниудад нийлүүлж байжээ. Ингэхдээ бүтээгдэхүүнээ лондонгийн металлын захын ханшаар худалдаалж ирсэн байна. Манай улсын дэлхийн зах зээлд гаргадаг зэсийн үнийг тодорхойлдог газар бол Лондонгийн металлын бирж юм. Уг биржэд зэсийн үнэ унаснаар Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж, төсвийн орлого тасалдаж байсан гэж ойлгож болох юм. Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хэвээрээ ч, үүнийгээ ямар үнэ ханшаар борлуулна, тэр хэмжээгээр орлого нь тодорхойлогдож байжээ. 2008 оны эцэст тус үйлдвэрийн орлого огцом буурч, дагаад үйлдвэрийн ашиг багассан байна. Тус үйлдвэр 2009 оны бизнес төлөвлөгөөндөө 68 хувийн болон бусад татвараа оролцуулж тооцоход зардал нь 4000 ам.доллараар хэмжигдэж байжээ. Үүнийг 2000 онтой харьцуулахад нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 2006 оноос мөрдөгдөж эхэлсэн үнийн өсөлтийн 68 хувийн татвартай холбоотойгоор зардал нь ингэж өссөн гэж ойлгож болно. 2000-2005 онд тус үйлдвэрийн нийт орлогын 13.6-22 хувь нь төсвийн төлбөр, хураамж, ногдол ашигт явдаг байсан бол, үнийн өсөлтийн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр 70 хувьд хүрчээ. Нийт орлогынхоо 70 орчим хувийг үнийн өсөлтийн албан татварт төлөөд болчихдог гэвэл үгүй. Өөр бусад татвараа нэмж тооцвол 82.2 хувийн татварын ачаалал тус үйлдвэрт очиж байжээ. Өөрөөр хэлбэл, татварын ачаалал өмнөхөөсөө дөрөв дахин өссөн гэсэн үг юм. Ингэхдээ зэсийн баяжмал ачсан өдрөөс орлогыг нь татварт суутгаж байсан гэлцдэг. Эрдэнэт үйлдвэр 2006-2010 оны хооронд экспортод гаргасан зэсийн баяжмалд нийт 1.7 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай дээр дурдсан. Тэгвэл үүний 870 тэрбум төгрөгийг эхний хоёр жилд нь төлж, Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн тухай татварын албаныхан хэлдэг. Хэрэв энэ татварыг эс тооцвол зэсийн үнэ 3200 ам.доллар байхад тус үйлдвэр алдагдалгүй ажиллах боломжтой байсан тухай тус үйлдвэрийнхэн ярьдаг. Тухайн үед тонн цэвэр зэсийн үнэ 500 ам.доллараар буухад Эрдэнэт үйлдвэрийн орлого 70 тэрбум төгрөгөөр, зардал 50 тэрбум төгрөгөөр, ашиг 20 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байдаг. Монгол Улсын төсвийн хямралд зэсийн үнэ нөлөөлснийг холбогдох албаныхан хэлдэг бол, Эрдэнэт үйлдвэрийнхэн зэсийн үнийн уналт 2008 оны дөрөвдүгээр улиралд гарсан. Харин хямрал үүнээс өмнө эхэлчихсэн байсан. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр энэ хямралыг аль болох хурдан давж, санхүүгийн байдлаа түргэн сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлж байлаа. Ингэхийн тулд Монгол Улсыг хөгжүүлэх санд зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас төвлөрсөн хөрөнгөөр Эрсдэлийн сан байгуулах, Үнийн даатгал бий болгох, 68 хувийн татвар болон нөөц ашиглалтын төлбөр авдаг аргачлалаа өөрчлөх шаардлагатай байгааг учирлаж байсан юм. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээ өндөр байсан нь Эрдэнэт үйлдвэрт ийнхүү дарамт болж байсан бол, дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан нь улсын төсөвт дарамт болж байлаа. Тиймээс зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн, гэнэтийн ашгийн, 68 хувийн гэж янз бүрээр нэрлэгддэг уг татварыг 2011 оноос хүчингүй болгосон юм.
-Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төрөв-
2006 онд УИХ-аар батлагдсан Зарим бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийн албан татвараас болж, алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан. Үүнээс гадна, Эрдэнэт үйлдвэр дийлэнх ашгаа татварт өгч байсан юм. Тиймээс 2011 оноос эхлэн алт болон зэсэнд гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар ногдуулахгүй байхаар болсон. Энэ үеэс уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гадаад зах зээлд экспортолсон зэсийн баяжмалдаа үнийн өсөлтийн албан татвар төлөхөө больсон. Гэхдээ оронд нь алт, зэс үйлдвэрлэгчдээс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авахаар болсон юм. Энэ талаар 2011.01.08-ны хавьцаа тэр үеийн Үндэсний татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Туул: Оронд нь цоо шинэ төрлийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авна. Нэг тонн зэсээс шатлалтайгаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах юм. Лондонгийн металлын захад нэг тонн зэс 9590 ам.долларын ханштай байхад, Эрдэнэт үйлдвэр нэг тонн зэсэнд 15 хувийн татварыг улсад тушаах ёстой гэж мэдэгдэж байсан нь тод санагдаж байна. Шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд дэлхийн зах зээлд Эрдэнэт үйлдвэрийн экспортод гаргасан зэсийн баяжмал тонн нь 9000 ам.долларын ханштай байвал 15 хувийн татвар, 8000 ам.долларын ханштай байвал 14 хувийн татвар, 7000 ам.долларын ханштай байвал 13 хувийн татвар авахаар тусгасан байлаа. Тодруулбал, уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд дээр 5 + 15 хувь, бусад ашигт малтмал дээр 5 + 5 хувиар тооцон авч байхаар тусгасан юм. Үнийн өсөлтийн албан татварыг халж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авснаар Эрдэнэт үйлдвэрээс авдаг татварын хувь хэмжээ өмнөхөөсөө хоёр дахин буурсан гэлцдэг. Татварын хувь хэмжээгээ ийнхүү бууруулж, 2011 онд дэлхийн зах зээлд нэг тонн зэс 8400 ам.долларын ханштай байхаар тооцож, Эрдэнэт үйлдвэрээс 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авахаар төсөвт тусгаж байсныг эдийн засгийн хүрээнийхэн тод санаж буй нь лавтай. Харамсалтай нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ Лондонгийн металлын захад 2011 оны наймдугаар сарын эхээр нэг тонн нь 9500 ам.доллар, есдүгээр сарын эхээр 9000 ам.доллар, аравдугаар сарын эхээр 6900 ам.доллар болж уруудсан юм. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал: Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтвортой байвал 169 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр Эрдэнэт үйлдвэрээс орж ирнэ. Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн үнэ тооцоолж байснаас уруудаж орлого тасалдвал, Тогтворжуулалтын санд хуримтлуулсан хөрөнгөө гаргаж төсвийн орлогын тасалдал болон алдагдлаа хаана. Тогтворжуулалтын санд 184 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.
-Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 25 хувийг дангаараа хийдэг-
Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас хойш манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байж ирсэн. Манай улсын нийт экспортын 25 хувийг дангаар хийдэг тус үйлдвэр зэс, молибдены баяжмалын экспортоороо дэлхийд эхний 10-т бичигддэг гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын 4/1 хийж төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийг зэс, молибденоор хангадаг гол нийлүүлэгчдийн нэг юм. Тус үйлдвэр жилд 29 сая тонн хүдэр олборлож, үүнийхээ 26 сая тонныг нь боловсруулж, 23 хувийн агуулгатай 500 мянган тонн зэсийн баяжмал, 47-49 хувийн агуулгатай 4 мянган тонн молибдены баяжмал гарган авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга н.Баттулга хэлж байлаа. Тус үйлдвэр бүтээгдэхүүн худалдаалах гэрээгээ урт хугацаанд, гол төлөв оны эхэнд байгуулдаг. Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч, үнэ ханшийг нь сар тутам шинэчилдэг гэсэн мэдээлэл олон жилийн өмнө гарч байсан билээ. Ингэхдээ Лондонгийн металлын захын зэсийн ханшийг суурь үнээ болгодог байгаа юм. Энэ үнээс хайлуулалтын болон цэвэршүүлэлтийн зардал хасагддаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал 23 хувийн агуулгатайг дээр дурдсан. Үүгээр тооцвол, тус үйлдвэрийн жилд үйлдвэрлэдэг 500 мянган тонн баяжмалыг хайлуулж цэвэршүүлэх явцад 23 хувь нь цэвэр зэс, үлдэх хэсэг нь хаягддаг гэсэн үг юм. Тиймээс худалдан авагчид баяжмал дахь зэсийн агуулгыг харгалзаж, баяжмалаас гарах цэвэр зэсэд мөнгө төлдөг байна. Баяжмалын гол худалдан авагч нь Америк, Европ, Япон, Солонгос, Хонконгийн 10 гаруй трейдер буюу худалдааны компани байдаг тухай 8 жилийн өмнө тэнд очиход тус үйлдвэрийнхэн хуучилж байлаа. Тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэхээс 5 хоногийн өмнө манай улс зэсийн баяжмалынхаа урьдчилгаагаа авдаг болохыг тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч н.Намхайнямбуу хэлж байсан юм. Урьдчилгаагаа авч, бүтээгдэхүүнээ нийлүүлсэний дараа дэлхийн олон орны дээрх трейдер компаниуд манай түүхий эдийг хятадын зах зээлд худалдаалж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүтээгдэхүүнээ худалдааны компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлд экспортолж ирсэн байх нь.
-Эрдэнэт үйлдвэрийн урьдчилгаа ба ногдол ашиг-
Эрдэнэтийн үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүний тоо хэмжээ жил бүр ижил байдаг ч, зэс болон молибдены баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс хамаарч тус үйлдвэрийн орлого харьцангуй өөр өөр байдаг. Үүний нэг тод жишээ бол, 2011 онд тус үйлдвэр 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол, 2012 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан явдал. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тэр мөчид тус үйлдвэр 2011 онд түүхэндээ анх удаа өндөр ашигтай ажилласан ч, зэсийн үнэ буурснаар тус үйлдвэрийн ашиг 2012 онд эргэн буурсан нь эндээс харагдаж байгаа юм. Ашигтай ажиллах бүртээ тус үйлдвэр Монгол-Оросын Засгийн газарт ногдол ашиг олгож ирсэн түүхтэй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл /Совет гэх нь бий/ 2013 оны дөрөвдүгээр сарын 18-нд хуралдаж, 2012 оны ашигт ажиллагаанаас Монгол-Оросын талд 96 сая ам.долларын ногдол ашиг олгох шийдвэр гаргаж байсныг энд дурдаж болно. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг манай улс, 49 хувийг хойд хөрш тэр үед эзэмшдэг байсан учраас Монголын тал 49 сая ам.долларын, Оросын тал 47 сая ам.долларын ногдол ашиг авахаар болов. Үүнийг 2013 оны тавдугаар сард багтаан хоёр орны Засгийн газарт олгохыг Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байдаг. Тэр үед гадаадын трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас урьдчилгаа авч хоёр талын ногдол ашгийг олгоно гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч н.Алтанхуяг хэлж байсан юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн зөвлөлийн хурлаас дээд тал нь 150 сая ам.доллар зээлэх хязгаар тогтоосон тул худалдааны компаниудаас энэ хэмжээний урьдчилгаа авахаар тохиролцсон байжээ. Ингэхдээ мөн оны тавдугаар сард 50 сая ам.доллар, наймдугаар сард 100 сая ам.доллар урьдчилж авахаар тохиролцсон байна. Үүн дээр өмнө нь аваагүй 30 сая ам.долларын зээлийн эрхээ нэмж хэрэгжүүлнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Үүгээр тооцвол, тул үйлдвэр 2013 онд 180 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг худалдааны түншлэгч компаниудаасаа авахаар байсан юм. Үүнээс 80 сая ам.долларыг тохиролцсон ёсоор мөн оны тавдугаар сард авч үүний 49 сая ам.долларыг ногдол ашигт зориулж Монгол Улсын Засгийн газарт өгнө. Үлдэх мөнгө оросын талд олгох ногдол ашигт хүрэлцэхгүй. Тиймээс 2013 оны наймдугаар сард дараагийн ээлжийн 100 сая ам.долларын урьдчилгаа орж ирмэгц оросын талын ногдол ашиг олгоно гэж тус үйлдвэрийнхэн хэлж байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл 2013 оны тавдугаар сард багтаан хоёр талд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн ч, манай улс хугацаандаа авч, хойд хөрш бага зэрэг хүлээхэд хүрсэн гэсэн үг. Хугацааг ялимгүй хойшлуулах хүсэлтээ Эрдэнэт үйлдвэрийнхэн Төрийн өмчийн хороогоор дамжуулан оросын талд уламжлуулсан гэлцэх нь бий. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн урьдчилгаагаа авч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж иржээ.
-Эрдэнэт үйлдвэрийн авлага ба өрийн харьцаа-
Тус үйлдвэрийнхэн өнгөрсөн хугацаанд техник, технологио сайжруулах, ногдол ашиг тараахад шаардагдах хөрөнгийг трейдер буюу худалдааны түншлэгч компаниудаас хүүтэй авч ирсэн. Тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн орлогч дарга Жалсафов Түмэн Жаргалович: Эрдэнэт үйлдвэрийн худалдааны компаниудаас авсан урьдчилгаа төлбөрийн өр 2013 оны эхэнд 405 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Үүнээс хойш ачилт хийж, борлуулалт хийсэн болохоор өрийн хэмжээ 2013 оны эхний гурван сарын байдлаар 22 тэрбум төгрөгөөр буурсан. Ингэснээр мөн оны дөрөвдүгээр сард өрийн хэмжээ 382 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид өр хэд болж буурах, өсөхийг хэлэхэд бэрх байна гэсэн тайлбар өгч байлаа. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд түнш