10 сар 12, 2024

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга солигджээ

Шон Хинтоныг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

2024.09.20. Mонгол Улс. Улаанбаатар хот. Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм. Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно. Оюу толгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай. Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ гүн талархалтай байна хэмээн онцолсон юм. Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Г.Батсүх нь Оюу толгойд зөвхөн ТУЗ-ийн даргаар зогсохгүй илүү өргөн хүрээнд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Өнгөрсөн он жилүүдэд түүний манлайлал, мэргэн ухаан, алсын хараа Оюу толгойн хамт олны ихээхэн хүндлэл, гүн талархлыг хүлээсэн бөгөөд Оюу толгойн бүтээн байгуулалтын амжилтын түүхтэй салшгүй холбоотой билээ. ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтон томилогдож буйг дуулахад таатай байна. Тэрээр Монголд анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд Оюутолгойн ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ. Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон: Элчин Сайд Г.Батсүхийн халааг авч, Оюу толгойн ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, Оюутолгойн ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна. Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан Оюу толгой компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Миний хувьд, Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно. Тодруулбал, компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна.

Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон

2024.09.20. Mонгол Улс. Улаанбаатар хот. Шон Хинтон олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн арвин их туршлагатай. Тэрээр McKinsey and Company фирмэд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна. Тэрээр анх British Council хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. 1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн Raleigh International хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тэрээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох Номадс жуулчны компанийг үүсгэн байгуулсан. Шон Хинтон  Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм. Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Goldman Sachs хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн Төслийн эерэг нөлөөлөл хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна. Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын санг удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна. Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дурдвал Nature Finance, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн зэрэг байгууллагуудын ТУЗ багтаж байна гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн