Монгол, Амeрикийн харилцаа
Монгол,Амeрикийн харилцаа
2024.09.01. Монгол Улс. Улаанбаатар хот. 1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Монголчууд 1945 оны 10-р сард тусгаар тогтнолоо бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан боловч, Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв. Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс өмнө Америкийн Нэгдсэн Улс Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй(Америкийн Нэгдсэн Улс санал өгөхөөс түдгэлзсэн) бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурж байсан ч, эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй байлаа гэж хоёр улсын харилцааны тухай АНУ-ынхан онцолжээ.
Монгол, Амeрикийн түүх
- 1944 АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллас Монголд айлчлав.
- 1988 VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1989 III сард Вашингтон хотноо МУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1990 VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д айлчлал хийв.
- 1991 VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д хоёр дахь удаагийн айлчлал хийв.
- 1991 Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, 1991.07.03-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан Монголд ирэв.
- 1991 АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.
- 1991 XII сард анхны USAID хөтөлбөр Монголд хэрэгжиж эхлэв.
- 1995 Тэргүүн хатагтай Хилари Клинтон Монголд айлчлав.
- 1998 V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монголд айлчлав.
- 2004 онд Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.
- 2005 XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монголд айлчлав.
- 2011 VIII сард Дэд ерөнхийлөгч Жоу Байден Монголд айлчлав.
- 2012 VII сард ТНБД Хилари Родхам Клинтон Монголд айлчлав.
- 2013 VIII сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан МУ-д айлчлал хийв
- 2016 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ЛИЙД (Ардчиллыг Бэхжүүлэгч Залуу Манлайлагчид) хөтөлбөрт анхны оролцогчид хамрагдлаа.
- 2017 АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
- 2018 Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хотод айлчилж, Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзав.
- 2018 ТНБД Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам. долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурав.
- 2019 АНУ-ын ТНБД, МУ-ын Ерөнхий сайд нарын хамтран тунхагласан АНУ-МУ-ын Залуучуудын Жилд хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр онцлон тэмдэглэв.
- 2019 VIII сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа Монголд aйлчлaв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Шадар сайд АНУ-ын Элчин сайдтай уулзлаа
2016.09.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, Говийн чоно олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв. Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэжээ.
АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа. Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв. Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов. Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа. Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран ажиллана гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ
2018.09.20. АНУ. Вашингтон хот. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв. Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохиролцов. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртсөн явдалд Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Уулзалтад амeрикийн талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.
АНУ, МУ-ын Засгийн газар МУ-д тулгамдаад буй хэрэглээний усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын Усны компакт гэрээнд гарын үсэг зурав
2018.09.20. АНУ. Вашингтон. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх нар өнөөдөр Монгол улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав. Бид бүхэн өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын түүхэн түншлэл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна гэж Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман мэдэгдэв. Тэрээр, “Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна гэж хэлэв. Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг. Энэхүү түүхэн хамтын ажиллагаа, түншлэл болон нээлттэй зах зээл, ардчиллын төлөөх хоёр орны нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн Монгол улсад хэрэгжүүлэх ээлжит шинэ Компакт Гэрээ нь зон олны туйлын чухал хэрэгцээ болох усны хүртээмжийн асуудлыг хөндөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 10 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ нь ойролцоогоор гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мянганы Сорилтын Корпорацийн статистик мэдээллээс үзвэл, 2019 он гэхэд нийслэл хотын усны хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байна. Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт авч байгаа нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав
2018.09.20. АНУ. Вашингтон хот. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв. Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч, монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв. Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, Монгол соёлын төв ТББ, Вашингтон хот дахь Монгол сургууль, Соёл төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.
Америк, Монгол хамтарсан мэдэгдэл гаргав
2018.09.21.АНУ. Вашингтон.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үкеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав.Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов. АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв. Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж, Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов. Нийтлэг үнэт зүйлс болон иргэд хоорондын солилцоо Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.
Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.Монгол, Америкийн ард түмний тусын тулд энэхүү Замын зураглалыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан тохиров. Олон улсын худалдаа Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байж, талууд ДХБ-ын хүрээнд зах зээлийг нээхэд үр дүн гаргах талаар хамтран ажиллах үүрэг хүлээснээ дахин нотлов. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа Талууд өөрсдийн оролцоог илүүтэй хангасан, хөгжин цэцэглэсэн, зах зээлд суурилсан, эдийн засгийн сөргөлдөөнөөс ангид бүс нутгийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо дахин нотлохын сацуу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанд зохих мэдээлэл солилцох, хамтарч ажиллах замаар харилцан дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлын хэлэлцээрээр хүлээсэн тус тусын үүргээ бүрэн хэрэгжүүлэх замаар хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлээ дахин нотлов.Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой авилгын асуудал нь эдийн засгийн эрүүл өсөлт хөгжил, дэвшилд саад тотгор болж буйг талууд хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хөхиүлэн дэмжиж, оюуны өмчийн эрхийг хамгаалан ажиллах хамтын эрмэлзлэлээ харилцан илэрхийлэв.ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хоёр талын механизм байгуулахыг дэмжих зорилтын хүрээнд хандивлагч орнуудын зүгээс үзүүлж буй чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцааны нөөц бололцоог ашиглах талаар хамтран ажиллахыг эрмэлзэнэ.Талуудын хооронд чөлөөтэй, шударга, харилцан ашигтай худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжилд АНУ-ын ЭКСИМ банк, Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци (ОПИК)-ийн оролцоог хөшүүрэг болгон ашиглах замаар хоёр талын худалдаанд шинэ орон зай, салбар бий болгохыг хөхиүлэн дэмжих шинэ боломжийг эрэлхийлнэ.Яриа хэлцээ болон механизмМонгол Улс болон АНУ нь хоёр талын эдийн засаг, худалдааны чиглэлээр явуулж буй дараах яриа хэлцээ, механизмыг улам бүр бэхжүүлэхээ нотлов. Үүнд:
- Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт;
- Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрээр тохирсон уулзалт;
- Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалт;
- Монгол руу чиглэсэн худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон бусад худалдааны төлөөлөгчид хоорондын бизнесийн уулзалт;
- АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хуулийн техникийн туслалцааны хөтөлбөр болон АНУ-ын Сангийн яамны Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд туслалцаа үзүүлэх зэрэг чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр;
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, АНУ-ын Худалдааны танхимын Монгол Улс дахь салбар болон бусад байгууллагуудын бизнес форум, дугуй ширээний уулзалт зэрэг бизнесийн арга хэмжээ.
Байгалийн нөөцБайгалийн нөөц ихтэй хоёр улсын хувьд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь эдгээр байгалийн нөөцийг хоёр орны ард түмний баялаг болгоход шаардлагатай бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө дараах салбарт ойр хамтран ажиллаж, хүчин зүтгэл гаргахыг зорино. Үүнд:Хөдөө аж ахуйХөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай чухал хүчин зүйл болохыг онцлохын сацуу талууд хоёр орны хэрэглээ болон экспортын хувьд эрүүл бөгөөд хангалттай хүнсний хангамжийг тогтвортой үйлдвэрлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн хамтарсан судалгаа хийх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх замаар хөгжлийг дэмжихийг эрмэлзэнэ;УсУсны хангамжийн тогтвортой эх үүсвэрийн дутагдал нь хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын чадавхийг хязгаарлаж болохыг анхааралдаа авч, талууд Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ, ялангуяа Улаанбаатар хотын усан хангамжийг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн бодлогын шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхийг зорино;Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчМонгол Улсын эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болох бололцоотойг харгалзан, Монгол Улсыг эрчим хүчээр тогтвортой хангах дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хоёр тал, бүс нутаг, олон талт өнөөгийн хамтын ажиллагааны бүтэц, тэр дундаа Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд үргэлжлүүлэхийг зорино; Уул уурхай Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулдгийг онцолж, Монгол Улс болон АНУ нь уг салбарт дэвшилтэт туршлага, дэд бүтэцтэй орнуудын хувьд хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг хөхиүлэн дэмжиж, туршлага, дэвшилтэт технологи, шилдэг арга барилыг харилцан солилцох замаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг зорино.Санхүүгийн үйлчилгээ Монгол Улс болон АНУ нь авилга, мөнгө угаахтай тэмцэх зорилгодоо нэгдмэл хэвээр байна. Талууд олон улсын санхүүгийн салбарыг чадавхтай байлгахыг дэмжиж ажиллана. Дэд бүтэц Талууд хоёр улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор чанартай дэд бүтэц, түүний дотор цахим дэд бүтцийг өргөжүүлэхийг дэмжиж ажиллахыг эрмэлзэнэ;Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тус тусын холбогдох тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорино.Хөгжлийн хамтын ажиллагаа Талууд Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээний усны хангамж, усыг дахин ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтыг үр дүнтэйгээр бэлтгэх, гүйцэтгэх, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.Түүнчлэн Мянганы сорилтын корпорацийн анхны компакт гэрээний үр дүн нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад үзүүлсэн урт хугацааны нөлөөг бүрэн үнэлэх зорилгын үүднээс хяналт, үнэлгээ, тайланг үргэлжлүүлнэ.Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг төрөл бүрийн хөтөлбөр, төслөөр дамжуулан дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлийг дэмжих ЖДҮ эрхлэгчид болон хувийн хэвшил нь хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болохыг харилцан тэмдэглэж, Монгол Улс болон АНУ нь тэдгээрийн өсөлтийг тэтгэсэн орчныг бий болгохыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэнэ. Хамтын ажиллагааны шинэ чиглэл Талууд хоёр улсын байгаль орчныг хамгаалахын сацуу эдийн засгийг бэхжүүлж, төрөлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц, бичил эрчим хүч зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, салбарыг үргэлжлүүлэн дэмжихийг зорино.
Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Амeрикийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх талаар сeнатад танилцуулахад оролцоно гэв
2018.09.24. АНУ. Вашингтон хот. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив. Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
2018.09.26. АНУ. Нью-Йорк. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв. Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов гэжээ.
Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломж байна
2018.09.28. АНУ. Вашингтон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай хийсэн уулзалтуудыг тоймлон хүргэж байна. Дэд ерөнхийлөгч Майк Пэнс: Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео: Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал. Сенатын танхимын гишүүн Дан Салливан: Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ. Ерөнхийлөгч Доналд Трамп: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким: Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаврууд гарч байгаа болон Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна. Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2019.03.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав. Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв.Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв. Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэжээ.
Eрөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Бол оныг хүлээн авч уулзав
2019.07.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв гэжээ.
Жое Байден баярын цахилгаан ирүүлэв
2021.06.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн баярын цахилгаанд: Монгол Улсын Ерөнхийлөгч.Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа. Хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна. Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна. Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна. АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно6 Хүндэтгэсэн, Ж.Р.Байден гэжээ.
Колумбын их сургуулийн жэффри сакстай уулзав
2021.09.20.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхжээ. Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Жеффри Сакс хэллээ. Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын Цэнхэр гарагийн шагналыг 2015 онд хүртэж байсан. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм. New York times сэтгүүл Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч, Time сэтгүүл Дэлхийн хамгийн алдартай эдийн засагчаар нэрлэсэн бол The Economist сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2022.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Р.Буанганыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. АНУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Элчин сайд Р.Буанганыг хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид бататган бэхжүүлэх, хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурь болон иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.
АНУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний хамтарсан мэдэгдэл
2024.07.26. АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөсний үр дүнд дараах хамтарсан мэдэгдлийг гаргав. АНУ, Монгол Улс ардчиллын нийтлэг үнэт зүйл, бүрэн эрхт байдал, хууль дээдлэх ёс, сайн засаглал, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүлэх, хоёр орны харилцааг хөгжүүлэх бодит алхмуудын талаар ярилцав. Хүчирхэг ардчилсан институци, хууль дээдлэх ёс, хүний эрхийг дээдлэх бидний хамтын итгэл бол АНУ, Монгол Улсын харилцааны үндэс юм. Мөн хоёр улс нь ардчилсан нийгэмд маань чухал үүрэг гүйцэтгэдэг иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхжүүлж, чадавхжуулахын төлөө тууштай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, бүрэн эрхт тэгш байдлын зарчим, улс орнуудын улс төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэх, заналхийлэхийг хориглох зэрэг олон улсын эрх зүйг дээдлэн сахихын чухлыг АНУ, Монгол Улс хоёр дахин илэрхийлэв. Түүнчлэн АНУ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд олон арван жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсыг сайшаалаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба тэсвэртэй байдал: АНУ, Монгол Улс нь цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмал, хүнсний аюулгүй байдал, цахим эдийн засаг зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Эдийн засгийн тэсвэртэй, аюулгүй байдлыг хөгжүүлэх нь АНУ, Монгол улсуудын хамтын тэргүүлэх чиглэл юм. 2023 онд “Нээлттэй тэнгэр” гэрээнд гарын үсэг зурсан зэрэг нисэхийн салбарын хамтын ажиллагааны сүүлийн үеийн ахиц дэвшил, ололт амжилтад тулгуурлан ойрын хугацаанд манай хоёр орны хооронд зорчигч тээврийн шууд нислэг үйлдэх хамтын хүчин чармайлт далайд гарцгүй Монгол Улсын хувьд нэн чухал юм. АНУ, Монгол Улсын хоорондын харилцаа холбоо нэмэгдэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулахад нэмэлт түлхэц өгөхөөс гадна иргэд хоорондын бодит харилцааг улам гүнзгийрүүлэх нь дамжиггүй. Иргэд хоорондын харилцаа: Иргэд хоорондын холбоо нь манай хоёр орны харилцааны чухал хэсэг юм. АНУ, Монгол улс хоорондын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хоёр тал сайшааж байгаа бөгөөд энэ нь хил дамнасан боловсролын боломжийг улам гүнзгийрүүлэх юм.Түүнчлэн АНУ, Монгол Улс нь хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, их дээд сургуулиудын хооронд стратегийн түншлэлийг бий болгох, ирээдүйн төрийн бодлого боловсруулагчдад зориулсан мэргэшүүлэх боловсролын санаачилгуудаар дамжуулан манлайллын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тууштай хэвээр байна. Англи хэлний монгол багш нарыг сургах боломжийг бүрдүүлэхэд хоёр тал хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсаас соёлын үнэт өвийг хууль бусаар зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, соёлын үнэт өвийг хамгаалах, хууль ёсны дагуу солилцох хамтын ажиллагааг сайжруулахад тус дөхөм болох Соёлын өмчийн тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа хоёр тал мөн илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа
2024.08.01. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Монгол Улс чухал гуравдагч хөрш, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Үргэлжлэл бий