11 сар 14, 2024

Монгол, Вaтикaны харилцаа

-Хүннү гүрэн /НТӨ209-НТ93 он/-

Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн хаанаа шанью хэмээн нэрийдэж ирсэн тухай түүхийн бүхий л эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Эцэг Түмэн шаньюг хүү Модун шанью буулгаж, Хүннү гүрний хаан ширээнд суусан нь дэлхийн нийтийн анхаарлыг татдаг түүхийн нэг хэсэг юм. Модун хаан хэдэн онд Хүннүгийн шаньюгийн суудалд суусан талаар янз бүрийн таамаг байдаг ч, монголын эрдэмтэд НТӨ209 он гэж үздэг. Модун шанью Хүннү гүрэнд түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлсэн түүхэн хүн юм. Чингис хаан түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлэхээс өмнө Модун шанью уг зохион байгуулалтыг төр, цэрэг, засаг захиргаандаа нэвтрүүлж, шинэтгэл хийж байсан гэсэн үг юм. Хүннү гүрний удирдагч миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн зарлигдсан талаар ном, сурах бичгээс олонтаа уншиж болно. Модун шанью улсын үндэс бол газар гэж сургасантай үүнийг холбон тайлбарлаж болох юм. Хүннү гүрний газар нутаг Байгаль нуураас Цагаан хэрэм, Солонгосын хойгоос Баруун хязгаар хүрч байсан гэдэг. Хэдийгээр ази, европын цээжинд өргөн уудам газар нутгийг эзлэн суусан ч, Модун Шаньюгийн байлдан дагуулж чадаагүй улсад Эртний Солонгос ордог нь нэн сонирхолтой. Хүннү гүрний нийслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон Луут хот гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болоод удаагүй байна. Уг туурь өнөөдөр түүхийг сэргээж, танин мэдэхэд чухал сурвалж болж байгаагаараа онцлог. Хүннү гүрний хөрш зэргэлдээ эртний Хан улс оршин тогтнож байв. Тиймээс ч НТӨ198 онд Хүннү гүрэн Хан улстай гэрээ байгуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хоёр улсын харилцан тогтоосон гэрээний дагуу Хан улс Хүннү гүрэнд алба барьж байсан байх юм. Мөн Хүннү гүрэн, Хан улсын хооронд байгуулсан анхны гэрээний гол агуулга нь хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрч, хилийг цагаан хэрэмээр тогтоосон явдал байжээ. Эртний Хань улс нь Хожуу Хан, Тан улс гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Хүннү гүрэн буурч доройтоход тус гүрний язгууртнуудын шаньюн төлөөх тэмцэл, Хан улстай хийсэн олон удаагийн дайн, Хүннү гүрний бүрэлдэхүүн дэх нүүдэлч аймгуудын тэмцэл нөлөөлсөн гэж үздэг байна. НТӨ I зууны дундуур Хүннү гүрнийг Чжичжи болон Хуханье нар хуваан захирсан байна. Тодруулбал, НТ53 онд Хүннү гүрэн Өмнөд болон Умард хэсэгт хуваагдсан гэж хэлж болох юм. НТ215 онд Өмнөд Хүннү улс тусгаар байдлаа алдсан бол, НТ93 онд умард Хүннү улс мөхсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Хан улстай хамтарч Монголын анхны төрт улс болох Хүннү гүрнийг мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүннү улсын хүн амын зонхилох хэсгийг монгол угсаатан бүрдүүлж байсан ч, хожим Умард Хүннү улс эзлэгдсэнээр 500.000 орчим хүн ард нь Сяньби улсын бүрэлдэхүүнд оржээ. Энд дурдагдсан НТӨ-ийг Нийтийн тооллын өмнөх, НТ-ыг Нийтийн тоолол гэж ойлгоно.

Тэнгэрийн хүү Шаньюгийн Луут хот-

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээжээ. Ингээд өнгөрсөн гурван жил тус газарт археологийн тандалт судалгааг явуулж Тэнгэрийн хүү Шанью гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг олж баримтжуулсан байна. Хэдхэн жилийн өмнө анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд, тэр дундаа түүхэн эх сурвалжид гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна. Энэ хотын туурь нь 550 харьцах 550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй юм. Хэрэмний төв хэсэгт 250 харьцах 210 метр хэмжээтэй саравчит хашаатай. Саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь байжээ. Мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай. Түүнчлэн хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний дөрөвний нэгт хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилдэг гэнэ. Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал юм. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч, бүрэн малтаж, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийж жуулчдад хотын туурийг дээрээс нь харж болох шилэн хорготой болгохоор Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхан зорьж байгаа юм. Архангай аймагт энэ мэт үзэж харах юм ихтэй учраас арын сайхан хангай гэж нэрлэсэн нь ийм учиртай биз. Мөн манай улсыг зорин ирэх жуулчдын 10 хувь нь Архангай аймагт саатдаг гэх судалгаа бий. Ингэхдээ гол төлөв Хятад, Орос, Солонгос, Япон, Америк, Герман, Франц, Казакстан, Австралийн жуулчид энэ аймгийг илүүтэй зорьдог нь сонирхол татам юм.

-Хүннүгийн үеийн шилдэг олдворууд-

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна. 2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтаж Ромын шилэн аяга илрүүлжээ. Энэ нь Хүннү гүрэн Ромын эзэнт гүрэнтэй харилцаатай байсныг илтгэх том баримт юм. Тэгвэл 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлагаа үргэлжлүүлжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор болжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа юм. Энэхүү гол мод – 2, Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн Археологи сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 олдворын нэг хэмээн зарлажээ.

-Хүннүгийн Атилла хаан Ромын эзэнт гүрэн рүү довтолсон нь- 

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол-Италийн түүхэн харилцаа өнө эртнийх билээ. Цаг тооллын тухайд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрний үеэс гэж ойлгож болох талтай. Тэр үед евро-азийн тавцанд Хүннү гүрэн, Ромын эзэнт гүрэн зэрэгцэн оршиж байсан учраас түүхэн харилцаатай байх нь ч аргагүй юм. Монголын газар нутагт хамгийн анхны төрт улсаа байгуулсан Хүннү Сүннүд эзлэгдэх үеэр тэдэнд захирагдахыг хүсээгүй хэсэг хүннүчүүд өөр газар нутаг олж суурьшихийг оролджээ. Тэд баруун тийш нүүдэлэн замдаа тааралдсан ази-европын улсуудыг эзлэн өөртөө нэгтгэж явсаар Ромын эзэнт гүрэн рүү цөмрөн оржээ. Хүннүчүүд 375 онд Төв Азиас нүүдлэн баруун зүгийн орнууд руу дайран довтолсон хэмээн түүхэнд тодорхой он заажээ. Ингэхдээ Дунай болон Днепр мөрний хоорон дахь нутагт Германы зүүн хэсгийг эзэлж, цааш баруун зүг рүү нүүдэлэн Ромын Эзэнт гүрний хязгаарт тулж, хүннүчүүдийн довтолгоон эхэлсэн байна. Ром дахь хүннүчүүд 430 онд гурван толгойлогчтой байсан бөгөөд Руас, Мундиук, Октар  гэсэн ах дүүс байжээ. Тэднийг хорвоог орхисны дараа Мундиукын хөвгүүд болох Атилла, Бледа нар авга ах Руасийн хаан ширээг 434 онд өвлөн авчээ. Гэтэл 445 онд Бледа хорвоог орхиж Атилла хэмжээгүй эрхт ноёрхлыг ганцаар эзэмших болжээ. Атилла хаан ширээнд заларсныхаа дараа улсаа төвхнүүлэхэд анхаарч, ордон бариулах, гэрээ хэлэлцээр хийх, алба гувчуур авах, албат нартаа анхаарах гээд ихээхэн завгүй байжээ. Атилла хаан 447 он гэхэд Унгарын газар нутгийн зүүн хэсгийг Константинополь болон Грекийн газар нутаг хүртэл тэлсэн байна. Үүнээс өмнө буюу 330 онд Ромын нийслэл Константинополь болсон гэдэг. Сайтар бэлтгэлээ базаасны дараа Атилла баруун Ромын эсрэг хийх аян дайнаа эхлүүлсэн байна. 3-р Цезарь Валентиниан дүүгээ Атиллад өгөөгүйгээс хорссондоо 451 онд Реймс, Труаг эзлэн авч, Галидуучийг дарсан гэдэг. Харин 452 онд Итали руу довтолсон ч, 1-р пап лам Леоноос алба гувчуур авсан учраас Ром руу довтлоогүй гэж ярих хүмүүс ч байх аж. 453 онд Атилла хаан сүүлийн эхнэр Hildchen гэх герман бүсгүйг богтолсны дараа, хуримынхаа шөнө нас баржээ. Цэргийн аугаа их жанжин тулалдааны талбарт бус, харин хуримынхаа шөнө, сүүлчийн гэргийн дэргэд нас нөгцсөн түүхчдийн анхаарлыг татдаг. Атиллагийн эзэнт улс түүнийг тэнгэрт хальснаас хойш 10 жилийн дараа бутарсан гэх нь бий. Европт гэнэт мандан бадарсан шигээ Ром дахь Атиллагийн байгуулсан Хүннүгийн эзэнт улс хаантайгаа хамт түүхийн тавцангаас арчигдсан гэж эрдэмтэд үздэг ч тийм биш юм. Түүний үлдээсэн түүхийн ул мөр өнөөг хүртэл Ромоос олдсоор буйг дараах зураг гэрчилнэ. Мөн түүний нэр алдар Унгар, Туркэд түгсэн гэж түүхчид үздэг юм. 

-Хүннүгийн хаан Атилла дуурь болон бүжгэн жүжигт мөнхөрсөн нь-

Атилла, Италиа гэх хоёр нэрийг сайтар ажиглаж, үгийн үндэс, ойролцоо дуудагдах байдлыг анзаарвал зарим талаараа төстэй мэт. Магадгүй Атилла гэх үгнээс Италиа гэх нэршил гарсан байж болзошгүй юм. Уйгар гэх үгнээс Унгар гэх үг гарсан юм уу даа гэж хувьдаа таамагладаг. Афганистаны нийслэл Кабул хотыг Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг монголын анхны хаан Хабулын нэрээр нэрлэсэн мэт. Арабын Нэгдсэн Эмират нийслэл Абу Даби хотын өөрсдөө хэрхэн тайлбарлаж орчуулахыг мэдэхгүй ч, монголчуудыг аавыг уйгаржин монгол бичгээр Абу хэмээн бичдэг билээ. Эндээс Абу Даби хотын нэрийг Аав Даби хэмээн монгол хэлнээ утгачилж болохоор байгаа юм. Нэгэн цагт монголчууд персийн булан хүрч, монголын эзэнт гүрнийг байгуулж явснаас эдгээр нэршил уламжлагдаж үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь монголчууд персийн булан хүрч, тэнд ил хаант улсыг байгуулж, ил хаадаар нь монголчууд өргөмжлөгдөж, хатдыг нь монголоос аваачиж байсныг нотлох нэг баримт бол Марко Поло мюзизл юм. Тус мюзизлд Марко Поло Хувилай хааны элчээр ажиллаж, Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатныг хүргэж өгөхөөр явахдаа Энэтхэгийн далай гаталж, Персийн булан хүрэхэд замчилсан тухай гардаг. Италийн аялагчийн монголд ирсэн болон буцсан газрын зураг нь үүнтэй зарим нэг талаараа таардаг билээ. Энэ мэт газарзүйл байршлийн нэршил хийгээд, дуудлагаас нь монгол хэлний аялгатай төстэй үг хэллэг дэлхий дахинаа байгааг анзаарч, түүх соёлын ямар нэг холбогдолтой эсэхийг гүнзгийрүүлэн судалах нь зүйн хэрэг биз. Үүн шиг Ромчуудыг донсолгож явсан Хүннүгийн эзэн хаан Атиллагийн нэрнээс Ром нийслэлтэй Итали Улсын нэршил гарсан юм болов уу даа гэж таамаглахад хүрэв. Энэ бол зөвхөн миний таамаг бөгөөд түүхчид өөрөөр тайлбарлахыг үгүйсгэх аргагүй юм. Мөн Атилла хэмээх операгаас тэрбээр дэлхийн түүхэнд нэр алдараа өнөөг хүртэл цуурайтуулсан, Ромчуудыг донсолгож явсан Хүннү гүрний эзэн хаан байсныг түвэггүйхэн ойлгож болно. Уншигч хэнбугай ч Атилла дуурийг интернетээс хайгаад үзэхэд илүүдэхгүй ээ. Монголынхоо түүх соёлыг гүнд нь ортол мэдрэх нь гарцаагүй биз. Гагцхүү дуурийн тухай уншиж ойлголттой болсны дараа үзвэл, уншсан тань амилж, тэр үеийн түүхээр аялах мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй юм. 2020 онд Монгол- Итали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр Италийн элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсад Ж.Вердигийн Аттила дуурийг Монголын сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгохоор ярилцаж байсан нь саяхан. Үүнээс гадна, Хүннүгийн удирдагч Атиллагийн тухай өгүүлэх тэнгэрийн ташуур хэмээх балет ч бий. Уг бүжгэн жүжгийн Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ойд зориулж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва, хөгжим болон бүжиг дэглэлтийг СТА А.Батдэлгэр нар 2011 онд анх найруулан тавьж байжээ. Тэнгэрийн ташуур балет хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй Монголын үндэсний балет, үндэсний хөгжим гэдгээрээ онцлог. Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг балетийн урлагаар үзүүлсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, Атилла хааны хэрхэн тулалдаж байсныг бүжгэн жүжгээр харуулсан юм. Мөн бүжгэн жүжигт Атилла хаанаас эцгийнхээ өсийг авах гэж буй Ильдико бүсгүйн дүр мөн гардаг байна.

-Плано Карпини ба Монголчуудын түүх -

Плано Карпини Монгол руу 1245 онд аялалд гарчээ. Түүний монгол руу хийсэн аяллыг газрын зурагаас харахад ямар нэг далай, тэнгис, нуур гатлаагүй, хуурай замаар аялсан байгаа юм. Ингэхдээ, Леон-Киев- Сарай-Хархорум гэх маршрутаар хуурай замаар аялсан нь түүний аяллын газрын зурагаас харагддаг. Ингэхдээ монголын нутгаарх хуурай замын аяллын зураг нь Виллиам де Рубрукийн аяллын зурагтай төстэй байгааг анзаарч болно. Ялгаатай нь тэдний аяллаа эхэлсэн газрууд л өөр байгаа юм. Плано Карпини Монголын Хаант улсад айлчилсан анхны европ гэгддэг. Түүнийг Монголд ирэхэд Гүюг албан ёсоор хаан ширээнд сууж байсан аж. Тодруулбал, 1246 онд Гүюгийг Шар ордонд Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөхөд гэрчээр оролцсон анхны гадаад аялагч байжээ. Плано Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллээ Монголчуудын түүх нэрээр хожим хэвлүүлсэн гэдэг. Уг ном 9 бүлэгтэй. Эхний 8 бүлэгт татаруудын аж байдал, ёс заншил, зан ааш, шашин шүтлэг, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харьцах талаар гардаг бол, эцсийн бүлэгт замдаа туулж өнгөрүүлсэн газар нутгийн тухай өгүүлдэг ажээ. Европ аялагч гэхээс тоймтой өөр мэдээлэл байдаггүй байсан ч, тэрбээр Италийн аялагч байсан байх магадлал нь судалгаа шинжилгээгээр илүү тодорхой болж буй юм. Тухайлбал, өнөөдөр Чингисийн музейд нээлтээ хийсэн Монгол-Итали ялтсан зоосноос үүнийг ойлгож болно.

Плано Карпинийн аяллын зураг…

-Италийн аялагч Марко Поло Монголын нутгаар аялсан нь-

Марко Пологийн хөшөө Централ Товерийн урд сүндэрлэсэн байдгийг монголчууд андахгүй. Италийн энэ аялагч монголын түүхэнд ямар нэг хувь нэмэр оруулсан болоод хөшөө нь сүндэрлэсэн биз ээ. Марко Поло Юань гүрний үед Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, 1272-1289 оны хооронд монголд байсан тухай өгүүлдэг. Түүний 1298 онд гаргасан Орчлонгийн элдэв сонин номонд монголчуудын түүхэн амьдралын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Өгөөдэй хааны үед Ата Малык Жувейны, Гүюг хааны үед Плано Карпини, Мөнх хааны үед Виллиам де Рубрук, Хубилай хааны үед Марко Поло манай улсад байсан бөгөөд монголчуудын аж амьдралын талаар үзсэн, харсан, мэдсэн зүйлээрээ тэмдэглэл бичиж үлдээсэн байгаа юм. Эдгээр нь монголчуудын талаарх хамгийн баттай мэдээлэлд тухайн цаг үедээ орж байжээ. Марко Пологийн аяллын газрын зурагаас тэрбээр монголд ирэхдээ Плано Карпини, Виллиам Рубрукийн ирсэн маршрутаар аялсан байж магадгүй харагддаг. Түүний аяллын маршрут өмнөх хоёроо бодвол хуурай газраар явж, бага зэрэг товчилсон байгаа юм. Гэхдээ Плано Карпини, Виллиам де Рубрук нарын аяллын маршруттай ойролцоо байгаа нь анзаарагддаг. Харин тэрбээр олон жилийн дараа буцахдаа усан замаар Энэтхэгийн далай гаталж Персийн буланд хүрсэн байдаг. Тэрбээр, Хубилай хааны зарлигаар Юань гүрнээс Ил хаант улсын хаанд хатан хүргэж өгөх ёстой болжээ. Марко Поло аяллын туршлагатай учраас Монголын эзэнт гүрний Юань улсаас Ил хаант улс руу хатныг замчилж явсан тухай түүхэнд гардаг. Энэ талаар ном зохиолд гарахаас гадна, сонгодог бүтээлүүд хүртэл туурвисан нь бий. Ер нь тэр үеийн торгоны замаар бүрэн аялсан хүн бол Марко Поло гэж үздэг. Тиймээс түүний тэмдэглэж үлдээсэн аяллын зургийг тэр үеийн Торгоны замын маршрут байсан гэж ойлгож болохоор байгаа юм. Сайтар ажиглахад, Торгоны замын маршрут Монгол руу аялсан жуулчдын маршрут зарим талаараа ойролцоо байгаа юм. Ази-Европ-Арабыг холбох асар урт энэ замаар худалдаа, наймаа, арилжаа хийгдэх учраас энэ замын төлөөх тэмцэл их байж иржээ. Өөрөөр хэлбэл, торгоны замыг хяналтандаа байлгаж чадсан нь худалдаа наймааг хяналтандаа байлгаж чаддаг байсан гэсэн үг. Тиймээс бусад улстай худалдаа наймаа хийж, хүчирхэг эдийн засагтай байхын тулд Торгоны замын төлөөх ширүүн тэмцэл олон зууны туршид өрнөсөн болов уу. Ийнхүү хэдэн зуун жилийн тэртээ Хүннүгийн Хаан Атилла ромыг донсолгож явсан бол, Монголын эзэнт гүрний үед Итали аялагч монголд саатаж байсан баримт байна. Хэдийгээр хоёр орон хэдэн мянган жилийн түүхэн харилцаатай ч, Бүгд Найрамдах Итали Улстай 1970.06.29 өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Харин Италийн нийслэл Ром хотод орших Ватикан улстай 1992.04.04-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Пап Францис айлчилна

2023.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон байдаг. Уг айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог аж. Гэгээн Ширээт Улс нь НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна. Харин Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлдэг байна. 1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болжээ.

Ромын Пап нарын Монголын Хаадад илгээсэн захидал

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хант улсын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Тиймээс 2018.07.04-ний өдөр Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержио Пагано-тай албан өрөөнд нь уулзав. Ватиканы Нууц Архивт ХШ зууны үеэс буюу Их Монгол Улс байгуулагдсан цагаас дэлхий дахинтай, ялангуяа Ромын Пап лам нартай харилцаж ирсэн түүхэн захидал, баримт материал цөөнгүй тоогоор хадгалагдаж байх ёстой хэмээн манай эрдэмтэн судлаачид үздэгийг дурдаад, өнөөгийн байдлаар Монголын Их хаан Гүегээс Ромын Пап IY Инносент-д 1246 онд илгээсэн захидлын хувийг л Ватиканы талаас манайд хүлээлгэн өгсөнийг тэмдэглэж, тус архивт хадгалагдаж буй түүхэн материалуудтай танилцах, хувийг авах боломж олгохыг Элчин сайд тухайн үед хүссэн юм. Уулзалтын үр дүнд Гадаад харилцааны яам Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлыг Гадаад харилцааны төв архивт хадгалуулахаар Ватиканы нууц архиваас 2019 онд албан ёсоор гэрээ байгуулан эх хуулбарыг худалдан авчээ. Тодруулбал, Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг Гадаад харилцааны яам албан хүлээн авсан юм. Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан Гадаад харилцааны яамны захиалгаар хуулбарлан авсан байдаг. Эзэнт гүрний хаан, Ил хан болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгосон юм. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд тухайн үед байрлуулсан ч, одоо Чингисийн музейд хадгалагдаж байна. Соёлын яамнаас дээрх түүхэн 8 захидлыг Чингис хаан музейн үзмэрт авах тухай хүсэлт гаргасны дагуу 2022.06.24-ний өдөр Чингис хаан музейд хүлээлгэн өгчээ. Эдгээр нь Монгол-Итали улс өнө эртний түүх, улс төр, эдийн засгийн харилцаатай байсныг гэрчилнэ. Өнөөг хүртэл хоёр орон уг найрсаг харилцаагаа үргэлжлүүлсээр байгаагийн нэг тод жишээ бол Ромын Пап Монгол Улсад айлчилж буй явдал юм.

-Италийн зохиолч Жованни Боккачогийн бүтээл-

2023.11.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Италийн нэрт зохиолч Жованни Боккаччо 1313-1375 онд амьдарсан бөгөөд дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолчдын тоонд багтдаг билээ. Түүнийг аав нь худалдаа наймаа, хууль эрхзүйн мэдлэг эзэмшүүлэхийг эрмэлздэг байсан ч, тэрбээр уран зохиол, худалдаа наймаа ихэд сонирхдог байжээ. Боккаччо анх яруу найраг бичиж, эцэстээ роман тууж бичиж эхлэв. Энэ үед дээгүүр алба хашиж, дипломат алба хашиж явжээ. Боккачагийн уран бүтээлийн оргил нь 1350-аад онд бичсэн Декамерон хэмээх роман юм. Декамерон бол европ дахин сэргэлтийн үеийн шилдэг зохиолын нэг ажээ. 1348 онд флоренци хотод тахал дэгдэж, 10 залуу зэлүүд газар руу хотоос зугатан гарчээ. Нэг хүн өдөрт 1 түүх ярьдаг байжээ. Декамерон нь 10 залуугийн 10 өдөр ярьсан 100 үлгэрээс бүтсэн зохиомжтой ажээ. Иймд зохиолын үлгэр Араб дахины үлгэрийн далай болсон 1001 шөнө хэмээх зохиол лугаа адил салангад явдлууд нь нэг ерөнхий жишмээр холбогджээ. Тууриуд нь сургаалийн, шоглосон, егөөдсөн, элэглэсэн гэх мэт олон талтай бөгөөд Бокаччо түүх, домог, хууч шог яриа тэргүүтнээс сэдэж бичжээ. Бокаччогийн зохиолын үйл явдал монголтой нягт холбоогүй ч, уг зохиолчийн бүтээл 1967 онд хэвлэгдсэн гадаадын уран зохиол унших, бичих түүвэрт хэвлэгдсэнээр монголчуудад хүрч эхэлсэн байгаа юм.  

-Декамерон хэмээх бичээс буюу эхний өдрийн гурав дахь туурь-

Нэгэн Мельхисидек хэмээх еврей султан Саладинд гурван билзэгний үлгэр ярьсан нь: Саладин Султаны суу заль хэтэрхий тул урьд бяцхан хүмүүн байснаа улам мандаж Вавильоны Султан болж, Сарацинуудыг олон удаа ялсан ба мөн адил христос ёсны олон вангуудыг дийлсэн боловч, өчнөөн олон дайн, цэрэг хөтөлж, их сүйтгэл гаргасны улмаас санхүүгээ хоосолжээ. Гэтэл нэгэн цаг дор чухал явдал тохиолдож, үлэмжхэн мөнгө хэрэгтэй болсонд хаанаас ийм их мөнгө даруй түргэнээ олох билээ хэмээн санаашран гайхаж суутал, Александр хотон дахь мөнгө хүүлэгч Мельхисидек хэмээх нэгэн баян еврей санаанд нь оржээ. Энэ хүн тусалж чадах хөрөнгөтэй боловч, гагцхүү гар татуу нэгэн ажээ. Еврейг дуудаж ирүүлээд, хүлээн авч уулзаад, зэрэгцэн суугаад өгүүлрүүн: 

Эрхэм эр ээ. Олон хүнээс сонсвоос таны биеийг тэнгэрийн номд цэцэн мэргэн бөгөөд гүн оюут хэмээх тул асуух нь: 

Чиний бие иуди, сарацин, христос энэ гурван шашны аль нь үнэн хэмээн санадаг вэ хэмээн асууваас еврей хүн сэцэн хүн тул, үгсээс өө сэв эрэлхийлж, Саладины далд санааг таниад, дотроо сэтгэх нь:

Үүнд хэрхэвч асуусан гурван шашины алины нь ч бусдаас дээр хэмээн өргөмжилж, Саладины арганд унаж болохгүй тул эрхбиш ая зүйг олж, өө сэв эрэхгүйгээр хариу тавих хэрэгтэй болжээ хэмээн бодоод өгүүлэх нь:

Аяа эзэн, миний бие юу санаж буйг танд мэдүүлэхийн тулд нэгэн бяцхан үлгэр хэлсүгэй. та сонсмуу. Миний сонссон нь:

Урьд нэгэн цагт нэр алдар өндөр бөгөөд баялаг нэгэн хүн суун ажээ. Санд нь нэгэн гайхамшигт эрдэнийн билзэг буй болой. Энэ билзэгний эрдэм ба сайхныг нь хүндэлж тахих ба өөрийн үр хүүхдүүдэд үүрд уламжлахыг бодож, хөвгүүдийн дотор хэнд нь эцгийн гараас энэ билзгийг өгвөөс мөн тэр хөвгүүн нь эцгийн өв хөрөнгийг уламжлан өвлөх бөгөөд бусад ах дүү нарын дотор ахмад, тэргүүн хэмээн хүндлэгдэхээр журам гаргаж, энэхүү билзгийг хувь хүртсэн хүн нь мөн энэ мэтээр цаашид уламжлах болжээ. Тийнхүү үе улиран шилжсээр суу зальт бөгөөд гурван сайхан адил хөвгүүдтэй хүнд хүрчээ. Эдгээр гурван хүү нь эцгийн үгээр бөгөөд шулуун шударга тул, эцэг нь гурвууланг нэг адил эрхлүүлсэн бөлгөө. Гурван залуус билзгийн тухай тогтсон заншлыг мэдэцгээх тул, тус бүр билзгийг авч, бусдаас илүү хүндлэгдэхийг хүсэн, өтөлж хөгширсөн юүгээ элдэвчлэн аргадаж, үхэхийн урьд билзгийг өөрийн биед уламжлан өгөхийг тус тус гуйх бөгөөд, өвгөн хэн хэнд нь адилхан хайртай ба бас ч, хэн хэнд нь билзгээ өгсүгэй хэмээн үгээ өгсөн ба гурван хөвгүүдийн алинд өгөхийг гайхан бүхий тул гурвуулын хүслийг хангасугай хэмээн сэтгэж, нэгэн сайн дархнаар сэмхэн хоёр ав адилхан билзэг хийлгээд үзвээс таньшгүйгээр бүтээсэн тул, үхэхийнхээ урьд гурван хөвгүүн тус бүрт нөгөө хоёроос нууж билзгийг өгөв. Хөвгүүд уламжлан авсан өв хөрөнгө ба ахлах хүндлэхийг эрж тэмцвээс, бүгд нэгэн ижил билзэг гаргаж үзүүлэх тул, ижил билзэгнүүдийн аль нь жинхэнэ, хуурамчийг таньж чадсангүй, хөвгүүдийн чухам хэн нь эцгийн өв хөрөнгийг өвлөх эрх бүхий нь тэр цагт шийдэж болсонгүй учир хэрэг хоцорсон бөлгөө. Эрхэм хаанаа таны асуусан асуулт болвоос, энэхүү үлгэр адил лүгээ адил бөгөөд дээд тэнгэрээс өөр өөр үндэсний ард түмэнд гурван ондоо ёс соёрхсон нь алины нь зөв, алины нь буруу хэмээн шилэх явдалгүй. Үндэс бүрийн ард нь өвийг өвөлж, үнэн ёсыг дагаж буй хэмээн санах боловч, чухамдаа аль нь үнэн ёсыг олж авсныг мэдэх хэмээсэн нь сайхан гурван билзэг лүгээ адил бус уу хэмээвээс Саладин түүний ихээхэн урхинаас еврей эвтэйхэн мултран гарч чадсаныг мэдэж, арга буюу өөрийн үнэн гачигдлыг хэлж хэрхэн туслах эсэхийг үзсүгэй хэмээн ямар санаатай асуусан ба хэрэв асуудалд хариу тавьж эс чадваас хэрхэн мушгих гэсэн юугээ шууд хэлбээс, еврей Саладинд хэрэгтэй мөнгийг нь туслан өгсөн билээ. Саладин хэргээ бүтээсэн хойно авсан мөнгөө тоо ёсоор бүрэн эргүүлэн өгснөөс гадна, еврейд их хүндэт бэлэг шагнаад, өөрийн шадар хүн болгон ихээхэн хүндтэй тушаалд тавьж, үргэлж нөхөрлөх боллоо гэжээ.

-Ромын Пап Францис Монголд айлчилна-

2023.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Италийн нийслэл Ром хот бол, Ромын төвд Ватикан хэмээх биe даасан маш жижиг улс бий. Энэ улс дэлхийн 1 тэрбум хүнийг итгэл үнэмшлээр нь өөртөө нэгтгэсэн христийн шашны eртөнц гэж ойлгож болох талтай. Ватикан буюу Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх юм. Монгол Улс, Ватикан Улстай 1992.04.04 өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Уг айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог аж. Гэгээн Ширээт Улс нь НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна. Харин Ватикан улс нь Гэгээн Ширээт Улсаар дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлдэг гэх мэдээлэл байна. 1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болжээ.

Пап Льва Атиллатай уулзсан нь.
Фреска Рафаэлийн 1514 онд Ватиканд зурсан зураг.
-Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк гарав-

2023.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан Пап Францисын Монгол Улс дахь айлчлал сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Ёслолд  албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн Монгол шуудан компанийн уран бүтээлчдэд талархал илэрхийлэв. Гэгээн Ширээт Улсын Эванжелийн номлолын газрын тэргүүн, кардинал Луис Антонио Тагле: Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлал зэрэг үйл явдлыг  тохиолдуулан Монгол шуудан компани тусгай марк гаргаж ирсэн уламжлалын дагуу уг маркийг гаргажээ. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал гэжээ.

-Монгол-Итали дурсгалын ялтсан зоос гарлаа-

2023.08.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Түүхэн айлчлалыг угтан Монголбанк, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран гаргасан Монгол-Итали дурсгалын ялтсан зоосны нээлт Чингис хаан музейд болов. Ромын Пап IV Инносент энх тайвныг хүсэн Монголын их хаан Гүюгт бичсэн захидлыг дипломат элч Плано де Карпини гардуулж байгааг зоосонд дүрсэлсэн байна. Их хаанд бараалхаж байгаа энэ мөчийг Италийн зураач Жерардо Доттори зурсан бөгөөд 1949 онд Плано де Карпинигийн төрөлх нутаг Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг. Таван грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөн ялтсан зоос 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 150х65 мм хэмжээтэй юм. Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүн оролцжээ. Дурсгалын зоос нь тэмдэглэлт ой, онцгой үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгаатай бөгөөд нэрлэсэн үнэ, банкны бэлгэ тэмдгийг агуулдаг. Техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан зоос юм гэжээ. 

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ-

2023.09.01. Монгол Улс. Улаанбаатар хот.Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм гэжээ.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ-

2023.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023.08.31-ний өдрөөс 2023.09.04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийв. Пап нь дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн бөгөөд 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Тэрбээр Гэгээн Ширээт Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2023 онд 62 улсад, үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад  анх удаа айлчилжээ.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тив болон Есүсийн нийгэмлэг буюу Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотноо төрсөн.

Боловсрол:

  • 1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг,
  • 1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг,
  • 1967-1970 онд Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг,
  • 1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг,
  • 1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан,
  • 1955-1958 онд Буэнос Айрес хотын Католик шашны Вилья-Девото сургууль,
  • Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон,
  • 2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын Кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд ажилласан,
  • 1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба,
  • 1992-1998 онд Буэнос Айресын хамба,
  • 1986- 1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан,
  • 1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор,
  • 1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн,
  • 1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэг,
  • 1969 онд Сахил хүртсэн,
  • 1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын Католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш,
  • 1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн,
  • Испани, итали, герман хэлтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв-

2023.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Монголын эзэнт гүрний хаадууд XIII зуунд тухайн үеийн Пап нартай элч шийтгэн захидлаар харилцаж, улс түмний асуудлаар хэрэг хэлэлцэж байснаас хойш хоёр улсын албан ёсны харилцаа эхлэлтэй гэж судлаачид үздэг. Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал болон түүний хариу болгож илгээсэн 1246 оны захидал бол хоёр улсын түүхэн харилцааг нотлох үнэт эх сурвалж юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв-
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:  

Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг. Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан Монголчуудын түүх хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна. Эртний түүхт манай хоёр орны харилцаа тэр цаг үеэс хойш үргэлжлэн 1274 онд Ил хаан Абага Пап X Грегорид, 1278 онд Пап III Николас Хубилай хаанд, 1285 онд Ил хаан Аргун Пап IV Хонориуст 1288, 1289 онд Пап IV Николас Ил хаан Аргунд, 1290 онд Ил хаан Аргун Пап IV Николаст, 1302 онд Ил хаан Хасан Пап VIII Бонифаст тус тус элч төлөөлөгчөө илгээж албан бичгээр харилцаж байсан нь манай хоёр орны харилцааны түүхийн чухал эх сурвалж болон хадгалагдан үлдсэн байна. Эдгээр эх сурвалж нь манай хоёр орны хооронд тухайн үед дипломат харилцаа, албан яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байсныг гэрчлээд зогсохгүй өрнө, дорнын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс суурь, өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл, батжин бэхжих баталгаа болж байсныг нотолж байгаа юм. Орчин цагт манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд соёл боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж ирлээ. Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө. Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, Монголын их амар амгаланг тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм. Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг. Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 гаруй мянган энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг хангах ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байна. Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Оюун санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хүндэтгэх энэхүү үзэл санааг өнөөгийн монголчууд залгамжлан хөгжүүлж Үндсэн хуульдаа тунхаглан дархалсан юм.

Нүүдлийн соёл иргэншилт монголчууд бид өнө эртнээс эх дэлхий,  байгаль орчноо хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэж ирсэн. Эрхэм хүндэт Пап Францис Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно. Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС:

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Эрхэм Улсын Их Хурлын дарга, Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид, Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд, Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид, Хатагтай, ноёд оо. Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, айлчлал гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож,  Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна. Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж,  Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан. Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай. Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.

Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна. Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм… Цаг уурын эрс тэрс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг. Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна.

Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж , улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, Монголын их амар амгалан цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын Үүл нүүж тэнгэр цэлмэнэ гэж хэлдэг шиг, дэлхийн хаана  ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.
Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужууу бодлогоор хандана гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ. Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм…  Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг. Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ  нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. 

Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм. Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна. Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг. Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ. Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан Хамтдаа итгэж найдацгаая гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм.

Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна…Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа.

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө-

2023.09.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг Чингис хаан олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлэв. Пап Францис Католик хамба, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, шашны хариуцлагатны ажилтнууд, Монгол дахь шашны тэргүүн нар, төлөөлөлтэй уулзаж, талархал магтаалын мөргөл үйлдэх ёслол, Энэрэл Нигүүлслийн өргөөний нээлтэд оролцлоо. Пап Францисын төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн айлчлал боллоо.