9 сар 10, 2024

Mонгол, НҮБ-ын хaрилцaa

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммедтэй уулзав

2024.08.24. 2017.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов. Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо. А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.

НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2024.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа. Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов. Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв. Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate