Mонгол, Aмерикийн харилцаа

Mонгол, Америкийн харилцаа
1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Монголчууд 1945 оны 10-р сард тусгаар тогтнолоо бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан боловч, Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв. Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс өмнө Америкийн Нэгдсэн Улс Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй(Америкийн Нэгдсэн Улс санал өгөхөөс түдгэлзсэн) бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурж байсан ч, эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй байлаа гэж АНУ-ын Элчин сайдын яамныхан өгүүлдэг юм.
- 1944 АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллас Монгол Улсад айлчлав.
- 1988 VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1989 III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1990 VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлав.
- 1991 VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад хоёр дахь удаагийн айлчлал хийв.
- 1991 Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, VII сарын 3-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан Монгол Улсад ирэв.
- 1991 АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.
- 1991 XII сард анхны USAID хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэв.
- 1995 Тэргүүн хатагтай Хилари Клинтон Монгол Улсад айлчлав.
- 1998 V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлав.
- 2004 Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.
- 2005 XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлав.
- 2011 VIII сард Дэд ерөнхийлөгч Жоу Байден Монгол Улсад айлчлав.
- 2012 VII сард ТНБД Хилари Родхам Клинтон Монгол Улсад айлчлав.
- 2013 VIII сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан Монгол Улсад айлчлав.
- 2016 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ЛИЙД (Ардчиллыг Бэхжүүлэгч Залуу Манлайлагчид) хөтөлбөрт анхны оролцогчид хамрагдлаа.
- 2017 АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
- 2018 Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хотод айлчилж, Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзав.
- 2018 ТНБД Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам. долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурав.
- 2019 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Mонгол Улсын Ерөнхий сайд нарын хамтран тунхагласан АНУ-МУ-ын Залуучуудын Жилд хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр онцлон тэмдэглэв.
- 2019 VIII сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа Монгол Улсад хийв.
- 2024 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Mонгол Улсад айлчилж, Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав.
АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2014.12.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
АНУ-ын Элчин сайдтай уулзлаа
2016.09.27. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, Говийн чоно олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв. Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шадар сайд “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо
2017.04.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, засгийн газрыг төлөөлөн үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Манай улсын малын тоо толгой 2016 онд 61.5 саяд хүрсэн. Нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг билээ. Иймд төр засгийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, улмаар хөдөөгийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад байнгын анхаарал тавьсаар ирсэн. Одоогийн засгийн газар ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх, мал амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулахад цогц үйл ажиллагааг бүх талуудын оролцоо,хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тиймээс ч “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг “Мерси Кор” олон улсын байгууллагаас найман аймагт хэрэгжүүлэхээр болсонд талархаж буйгаа онцгойлон илэрхийлж байна гэж онцоллоо. Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр нь 2016-2019 оны хооронд Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх юм. Улмаар хөтөлбөрийн хүрээнд 3 аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг туслах төв болгохоор төлөвлөжээ. Зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж, сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд суралцах боломжийг олгох юм гэжээ.
АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.10.27. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа. Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв. Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов. Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа. Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран ажиллана гэлээ.
Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна
2017.12.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улсыг хоёр дахь Компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулснаас хойш хоёр тал Компакт боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэж хэрэгжүүлэх төслүүдээ үндсэндээ тохироод байгаад баяртай байна гэв. Компакт гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа, АНУ-ын Засгийн газар, ард түмний олон зуун сая долларын буцалтгүй тусламж манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд урт хугацаандаа томоохон дэмжлэг үзүүлэх салбарт чиглэгдэж байгаад талархлаа илэрхийллээ. Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл болон ус дахин ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны урьдчилсан дүнг дэмжсэн. Усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх маш чухал зангилаа асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэлчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Мянганы сорилтын корпорац шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн захиалагчийн үүрэг, шаардлага болон хуримтлагдсан лагтай холбоотой асуудлыг боловсруулж байгааг Үндэсний ажлын алба мэдээлсэн. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлэхэд корпорацийн мэргэжилтнүүд манай холбогдох яамдтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэв. Компакт боловсруулах ажлыг хариуцаж буй холбогдох багууд техникийн нарийн асуудлуудаа ирэх оны эхээр эцэслэн тохиролцвол гэрээг 2018 оны эхний хагаст багтаан байгуулах боломжтой. Монгол Улсын 350 сая ам.доллар хүртлэх санхүүжилтийг баталгаажуулахаар шуурхай ажиллаж байгаа гэж хатагтай Фатема Зумар хэлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ
2018.09.19. АНУ. Цагаан ордон. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв. Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцов. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ.Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов. М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Уулзалтад AНУ-ын талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ПОМПЕО БАРААЛХАВ
2018.09.20. АНУ. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бараалхаж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотлов. Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалав. Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүсэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулагдсаныг хоёр тал уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монголчуудын нийгмийн амьдралыг сайжруулахад нэн хэрэгцээтэйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон дурдлаа. Тэрээр хоёр орны ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхээ нотолж, Америкийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. МСК-ийн хүрээнд олгогдож буй энэхүү тусламж нь сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн арддаа хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын тууштай зорилтыг дэмжиж буйн илэрхийлэл хэмээн америкийн тал онцлов.
АНУ, МУ-ын Засгийн газар МУ-д тулгамдаад буй хэрэглээний усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын Усны компакт гэрээнд гарын үсэг зурав
2018.09.20. АНУ. Вашингтон хот. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав. Бид бүхэн өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын түүхэн түншлэл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна гэж Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман мэдэгдэв. Тэрээр, Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна гэж хэлэв. Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг. Энэхүү түүхэн хамтын ажиллагаа, түншлэл болон нээлттэй зах зээл, ардчиллын төлөөх хоёр орны нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн Монгол улсад хэрэгжүүлэх ээлжит шинэ Компакт Гэрээ нь зон олны туйлын чухал хэрэгцээ болох усны хүртээмжийн асуудлыг хөндөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 10 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ нь ойролцоогоор гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мянганы Сорилтын Корпорацийн статистик мэдээллээс үзвэл, 2019 он гэхэд нийслэл хотын усны хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байна. Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт авч байгаа нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол юм. Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхий дахинд нүүрлэж буй ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг АНУ-ын Засгийн Газрын хараат бус агентлаг юм. 2004 онд байгуулагдсан Мянганы Сорилтын Корпораци нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг асуудлуудыг хөндөх хүртэл сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан доогуур орлого бүхий улс орнуудад хугацаатай санхүүжилт олгодог ажээ.
ОЁМОЛ, СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР СЕНАТАД ТАНИЛЦУУЛАХАД ОРОЛЦОНО ГЭВ
2018.09.24. АНУ. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив. Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2018.09.23. АНУ. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэв. Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.
ЕРӨНХИЙ САЙД КОНГРЕССЫН НОМЫН САНД ЗОЧЛОВ
2018.09.22. АНУ. Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав.
Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломж байна
2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай уулзав.Дэд ерөнхийлөгч Майк Пэнс: Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна. Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео: Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал. Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Сенатын танхимын гишүүн Дан Салливан: Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.Ерөнхийлөгч Доналд Трамп: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким: Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаврууд гарч байгаа болон Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна. Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье гэжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ
2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.Вашингтонд хийсэн айлчлалын үеэрээ тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж буйгаа зарласан билээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Маик Пэнс “Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна. Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна” гэж онцлоод Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Мөн энэхүү айлчлалын хамгийн чухал зорилго болох Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргасан. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгон үүнийхээ зарцуулалтыг Улаанбаатарын усан хангамжийг цогцоор нь шийдэх шийдвэрт хүрээд байна. М.Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал” гэж уулзалтын үеэрээ онцлон тэмдэглэж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашигтонд АНУ-ын төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаад байна. Тухайлбал, ОУВС-ийн тэргүүн тэргүүн хатагтай К.Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон тухай бид мэдээлсэн. Ерөнхий сайд энэ өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм. Тиймээс хойшлогдсон уулзалтаа тэд ийнхүү Нью-Йорк хотод НҮБ-ын чуулганы үеэр хийсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
2018.09.26. AНУ. Нью-Йоркийн бирж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв. Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов.
EРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ, ЭЛЧИН САЙД ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019.06.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв гэжээ.
АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв
2020.08.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв. Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэжээ.
АНУ-ын иргэн Жак Уэтерфордод Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв
2022.11.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан AНУ-ын иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв. Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан, Монголын их хатдын нууц товчоо, Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфордыг шагнажээ. АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/. Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна. Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм.
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)
- Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.
- Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.
Монгол хатдын нууц товчоо (2010)
- “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.
- Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.
Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)
- Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
- Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.
Судалгааны ажил:
- 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
- Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
- “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа
2024.08.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Монгол Улс чухал гуравдагч хөрш, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Блинкен англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх АНУ-Монгол Улсын өргөжсөн хамтын ажиллагааг зарлав
2024.08.02. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол дахь англи хэлний хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зорилготой цогц хөтөлбөр буюу АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилгыг шинээр эхлүүлж буйг зарлалаа. Энэхүү санаачилга нь хоёр орны боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын оюутан сурагч, сурган хүмүүжүүлэгчдийг 21-р зуунд амжилтад хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен: Англи хэл бол бидний хамгийн хүчирхэг экспорт юм хэмээгээд Хоёр орны иргэд хоорондын харилцаа бол бидний хамтын ажиллагааны амин сүнс нь гэдгийг онцлов. АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилга нь Аксесс хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын их дээд сургуулиудад англи хэл заах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багшилж буй феллов, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Энэхүү санаачилгаар АНУ-ын Төрийн департаментаас Мэргэжлийн англи хэлний цахим сүлжээ (OPEN) зэрэг цахим багшийн хөтөлбөр болон бусад нөөц бололцоогоор хангах болно. Ингэснээр хөтөлбөрийн хамрах хүрээг Монгол орон даяар өргөжүүлж, нөлөөллийг нэмэгдүүлэх юм. АНУ-ын Элчин сайд Буанган: Энэхүү шинэ санаачилгыг хүчтэй дэмжиж буй нь манай хоёр үндэстэн боловсролын ач холбогдлыг хэр их үнэлдэг болохыг, мөн англи хэл нь монголчуудад тоо томшгүй олон боломжийг нээж өгөх түлхүүр юм гэдэг дээр бид санал нийлж байгааг харуулж байн гэж хэлэв. Эдгээр хөтөлбөрүүд бидний нөхөрлөл, стратегийн түншлэлийг цаашид хэрхэн бэхжүүлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Санаачилга нь:
- Англи хэлний Аксесс хөтөлбөрийг өргөжүүлэх: Төрийн департамент 2024-2026 онд 180 гаруй оюутныг хамруулах таван шинэ Аксесс хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Мөн хөтөлбөрөөр Монголын англи хэлний багш нарын холбоонд 22 багш бэлтгэх сургалтыг санхүүжүүлэх юм.
- Англи хэлний тэтгэлэгт феллов багш, мэргэжилтнүүд: Англи хэлний феллов хөтөлбөрт хамрагдаж буй туршлагатай Америк багш нар монгол багш нарт сургалтын тогтолцоогоо бэхжүүлэх, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн монгол багш нарыг чадавхжуулахад нь тусална. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ШУТИС, Дотоод Хэргийн Их Сургууль гэсэн гурван их сургуулийн англи хэлний сургалтын чадавхыг бэхжүүлэхэд англи хэлний феллов багш нар дэмжлэг үзүүлнэ. Англи хэлний мэргэжилтнүүд богино хугацааны туршлага солилцоогоор сургалтын хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгнө.
Мөн бид Монгол Улсад англи хэлний сургалтын стандарт, чанарыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн дэргэд Англи хэлний сургалтын шинэ төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Их Британи, Австрали, Канад болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран байгуулах тус төвийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно. Тус төв нь боловсролын системдээ англи хэлний заах арга барилыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих нөөц, шилдэг туршлага, мэдлэгээр хангах зорилготой юм. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Боловсролын яамтай хамтран олон нийтийн харилцаа, англи хэл, боловсролын яриа хэлэлцээрийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүгээр хоёр орны албаны хүмүүс болон салбарын мэргэжилтнүүд цугларч боловсрол, англи хэл, ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.