12 сар 6, 2024

Дүгрэгээс төгрөг хүртэл

Монголбанкны 100 жилийн ойн өдөр 2024.06.02-ны өдөр тохиож байна. Монголбанкны анхны дэд Ерөнхийлөгч Б.Аюуш аавдаа зориулж охин А.Энхтуул Монголбанкны 100 жилийн ойг тохиолдуулан Дүгрэгээс төгрөг хүртэлх нийтлэлээ бичив. Монголын эзэнт гүрэн, Богдын Засгийн газар, Ардын Засгийн газар, Монгол Улс гэсэн түүхийн 4 үeд монголчууд бартер, зоос, цаас, цахим гэсэн 4 төрлийн мөнгө хэрэглэж, монгол улсын төлбөрийн хэрэгсэл зоосон дүгрэгээс цахим төгрөг хүртэл хөгжиж ирснийг тоо баримт, судалгаанд үндэслэж дараах байдлаар эмхэтгэв.

Монголын эзэнт гүрэн байгуулагдаж, цаасан болон зоосон мөнгө гүйлгээнд нэвтрэв

Чулуун зэвсгийн үед хүн төрөлхтөн байгалийн бэлэн бүтээгдэхүүн, ан амьтнаар хооллодог байлаа. Он тоолол улиран өнгөрөхийн хэрээр тэд энэ сэтгэхүйгээсээ ангижирч хэрэгцээт зүйлээ өөрсдөө бүтээхийг эрмэлзэх болжээ. Хэдэн зууны дараа нэг хэсэг нь газар тариалан эрхэлж, нөгөө хэсэг нь мал маллаж, бие биеэсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болов. Энэ үеэс хүмүүс өөрсдийн бүтээсэн зүйлээ хэрэгцээт зүйлээрээ сольдог бартерийн харилцаанд шилжсэн байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюун: Энэ нь мөнгө үүсэх эхлэл болсон гэж үздэг. Гэвч барааг бараагаар солих бартерийн харилцаа тийм ч оновчтой хувилбар байсангүй. Буудайгаа малаар солиход цаг хугацаа их шаарддаг байжээ. Тиймээс хүн төрөлхтөн энэ болхи аргаас татгалзаж, зарим тодорхой нэр төрлийн бараагаар хэрэгцээт зүйлээ худалдан авдаг болсон байна. Зэс, төмөр, мал, малын арьс шир, буудай зэрэг тогтсон нэр төрлийн бараагааар хэрэгцээт зүйлээ худалдан авдаг тогтолцоо руу шилжжээ. Гэвч энэ нь бас л төгс хувилбар байсангүй. Тиймээс зоосон мөнгө цутгаж гүйлгээнд хэрэглэх болжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга асан Д.Болдбаатар: Мөнгө бол нэг төрлийн бараа. Энэ бараагаар төлбөр гүйцэтгэдэг. Тиймээс мөнгө нь үнэ цэнээ алдахгүй байх ёстой хэмээн тодотгодог. Мөнгө бий болсноор арилжаа наймаа цаг алдалгүй түргэн шуурхай хийгдэж, таваар мөнгөний харилцаа боловсронгуй болж эхлэв. Монголчууд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан гүрний үед зоосон мөнгөөр гүйлгээ хийж эхэлсэн гэдэг. Тухайлбал, Зүүн үзүүрт хутган мөнгө, Өлгий мөнгө, Их хааны нэвтрэх эрдэнэ зэргийг энд нэрлэж болох аж. Үүнээс гадна, 1206 онд Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж алт, мөнгө, зэс зоос гүйлгээнд гаргасан байна. Эдгээр нь Чингисийн музейд хадгалаатай байдаг бөгөөд араб хэл дээрх зоосны бичээсийг тэд дараах байдлаар тайлжээ.

  • Чингис хааны алтан динар: Зоосны нүүрэн талд хаадын хаан аугаа их Чингис хаан 1221 он, Газни, Афганистан. Ард талд нь Калима бичсэн байх ба мөн Багдадын Халиф Насирын нэрийг бичсэн бичжээ.
  • Чингис хааны алтан динар: Зоосны нүүрэн талд аугаа их эзэн Чингис хаан 1221-1227 он, Бухар, Үзбекистан. Ар талд нь Бухар, Калима хэмээн бичжээ. 
  • Чингис хааны мөнгөн дирхем: Зоосны нүүрэн талд аугаа их Чингис хаан, Газни, Афганистан. Ар талд Багдад дахь Халиф Насирын нэр, цолыг бичжээ.
  • Чингис хааны зэс зоос. Зоосны нүүрэн талд Чингис болон Өгөөдэй хааны тамгыг дүрсэлсэн бол, ар талд нь Калима бичжээ. 
  • Чингис хааны зэс зоос. Аугаа их Чингис хааны зарлигаар, Газни, Афканистан. Ард талд нь Калима бичсэн байдаг байна. 

Монголбанкны Эрдэнэсийн сангийн үнэт зүйлсээс эмхэтгэлд Чингис хааны алтан зоос 4,7 грамм, мөнгөн зоос 3,1 грамм, зэс зоос 4,1 грамм жинтэй байсан тухай өгүүлдэг билээ. Эртний зоосыг алт, мөнгө, зэсээр цутгадаг байсан нь ийнхүү түүхэн олдворуудаар нотлогддог. Монголбанкны Мөнгөн тэмтэгдийн хэлтсийн захирал асан н.Халтар: Зоосон мөнгийг дайн байлдаан, худалдаа наймаа хийхээр хол газар авч явахад хүнд учраас хөнгөн, авсаархан, хялбар байдлыг бодолцож Чингис хаан ардаа алт, мөнгөн баталгаатай цаасан мөнгө хэвлүүлж, 1227 онд гүйлгээнд гаргасан болохыг өгүүлдэг. Энэ нь монголын төдийгүй, дэлхийн мөнгөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал байлаа. Ийнхүү Чингис хаан алт,  мөнгө, зэс, цаасан мөнгө гүйлгээнд гаргаснаас хойш үүнийг нь өв залгамжлагчид нь уламжлал болгон хадгалсаар иржээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотын туурийг Монгол- Германы хамтарсан шинжилгээний анги 1999 оноос судалж эхэлсэн. Хархорин хотын туурийн малтлагын ажил 2000-2006 онд Өгэдэй хааны үндэслэн байгуулсан Их харшид төвлөрөн явагджээ. Малтлагаар 1237-1238 онд Өгэдэй хааны дэлдүүлсэн Хархорум хэмээх араб бичээстэй мөнгөн зоос, 1371 онд Хархорумд хаан ор суусан Билэгт буюу Аюушридар хааны Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэлийн тамга зэрэг сонирхолтой олдворууд илэрсэн нь түүхийг нэмж судлах бололцоо олгож буй юм. Өгөөдэй хаан 1236 онд төрөл бүрийн хэмжээ жинтэй зоосон мөнгийг нэгтгэж, ижил хэмжээ жинтэй зоосон мөнгө гаргаж, мөнгөний шинэтгэл явуулж байсан гэдэг. Өгөөдэй хааны мөнгөн зоос 2,5 грамм жинтэйг төвбанкныхан хэлдэг юм. Эндээс харахад Өгээдэй хааны гаргасан зоос бүгд 2,5 ижил жинтэй байжээ гэж ойлгогддог. Өгөөдэй хааны мөнгөн зоосны нүүрэн талд Тэнгэрийн хүчин дор 1241 он. Ар талд нь аугаа их эзэн хаан хэмээн бичсэн байдаг байна. Харин Өгөөдэй хааны Дөргөнэ хатны мөнгөн зоосны нүүрэн талд анч нохой дагуулсан морьтон дайчин харваж буйг дүрсэлж, 1241 он, Нахачиваны, Азарбейжан хэмээн бичжээ. Тэгвэл Гүюг хааны мөнгөн зоосны нүүрэн талд язгууртны хөрөг дүрсэлж, зоосны ар талд Мөнх тэнгэрийн хүчин дор Гүюг хаан хэмээн бичиж, 1247 онд Тбилис хотод дэлдүүлсэн нь түүхийн олдворуудаар нотлогдсон байна. Үүнээс гадна, Гүюг хааны дараагийн өөр нэгэн мөнгөн дирхемийн нүүрэн талд тамга дүрсэлж, түүний дор монгол бичгээр Хорум гэж бичжээ. Харин ар талд их орд гэж арабаар бичиж, түүний дор Хорум гэж сийлжээ. Энэ нь Хархорин хотыг илтгэж буй ажээ. Харин түүний дараа 1254 онд Мөнх хаан цаасан болон зоосон мөнгө их хэмжээгээр гаргаж, Мөнгөний хэрэг эрхлэх газар байгуулжээ. Чингисийн музейнхний тайлснаар Мөнх хааны алтан динарын нүүрэн талд аугаа их Мөнх ертөнцийн ариун эзний суу алдар бадартугай хэмээсэн байна. Харин Мөнх хааны мөнгөн дирхемд Мөнх хаан, Их хаан дэлдүүлэв. 1255 он, Азербайжан хэмээжээ. Тэгвэл Монголбанкны Эрдэнэсийн сангийнханы тайлснаар Мөнх хааны зэс зоос 3,75 грамм жинтэй байсан байна. Их Монгол Улсын 5 дахь хаан Аригбөхийн үед ч зоосон мөнгө гаргаж гүйлгээнд хэрэглэх уламжлал тасалдаагүй байна. Түүний мөнгөн дирхемийн нүүрэн талд аугаа их Аригбөх хаан, 1260, Булгар хот, Орос. Харин зоосны ар талд Аригбөх хааны тамгыг дүрсэлж, Булгарт дэлдүүлэв гэжээ. Үүнээс гадна, түүний гаргасан өөр мөнгөн дихрем байх ажээ. Үүний нүүрэн талд аригбөх хааны тамга, 1266 он гэж бичсэн байх ажээ. Ийнхүү Тэмүүжин, Өгөөдэй, Гүюг, Мөнх, Аригбөх гэсэн Их Монгол Улсын таван хааны үед гаргасан дээрх зооснууд дийлэнх нь араб бичигтэй гэдгээрээ онцлог. Хубилайн хаанчлалын үед зоосон болон цаасан мөнгө хэвлүүлж гүйлгээнд гаргаж байсан баримт бас бий. Үүнийг нотлох түүхийн олдвор бол Монгол Улсын Чингис хааны музейд хадгалагдаж буй 13-14 зууны үеийн 19,6 см өндөр, 13,7 см өргөн хүрлээр цутгасан Хубилай хааны үеийн цаасан дэвсгэртийн хэв юм. Үүнээс гадна, Хэнтийн аймгийн, Дэлгэрхаан сумын, Аваргын балгасаас 13-14 зууны үед хамаарах Хубилай хааны зоосон мөнгө олдсоныг Чинис хаан музейд дэлгэжээ. Хубилай хааны зоосны тухай өөр бас нэг баримт бол мөнгөн зоос нь 3 грамм жинтэй байсан байгаа юм. Хубилай хааны гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэртийг Хубилай хааны мөнгөн дэвсгэрт гэж нэрлэдэг байсан бөгөөд ардаа алт, мөнгөн баталгаатай байв. Хубилай хааны мөнгөн дэвсгэртийг хэлхээгээр хэмждэг байсан гэдэг. Ингэхдээ 1 хэлхээ нь 1 лан мөнгөтэй, 10 хэлхээ нь 1 лан шижир алттай тэнцдэг байжээ. Хубилай хааны мөнгөн тэмдэгт голоороо цоорхой, хэлхэхэд хялбар учраас ийн хэлхээгээр хэмждэг байсан байж болох талтай. Хубилай хаан 1260 онд аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархоринд Мөнгө тушаах банк байгуулж, улмаар 1280 онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1282 онд худалдааны төвүүдэд банкны салбарууд байгуулж, 1327 онд хуучирсан дэвсгэртийг устгах газар байгуулж, үүнд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоосон тухай төвбанкныхан мөн хуучилдаг юм. Хубилай хаанаас хойш 1294 онд Өлзийт хаан Иран дахь Монголын хаант улсдаа цаасан мөнгө гүйлгээнд гаргажээ. Энэ нь ойрхи дорнод болон европт цаасан мөнгө үүсэх үндэс болсон гэж судлаачид үздэг юм. Үүнээс хойш 1309 онд Хайсан хааны үед, 1330 онд Тогоон төмөр хааны үед цаасан мөнгө гүйлгээнд мөн нэвтрүүлжээ. Чингисийн үе залгамжлагчид Монголын эзэнт гүрнийг хаанчлах үед буюу 1227-1330 оны хооронд 100 гаруй төрлийн алт, мөнгө, зэс, цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж хэрэглэсэн гэдэг. Тэгвэл үүнээс ч их байж магадгүй баримт цөөнгүй байна. Тухайлбал, Чингисийн музейд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Юань гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын нийт 260 алт, мөнгө, зэс зоосон мөнгө тавигджээ. Үүнд:

  • Их Монгол Улс – 13
  • Монголын эзэнт гүрэн- 145
  • Юань гүрэн- 2
  • Ил хаант улс – 25
  • Цагаадайн улс – 25
  • Алтан ордны улс -50

Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Юань гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын цаасан дэвсгэрт үлдэж хоцорсон нь цөөн аж. Зөвхөн Хубилай хааны цаасан мөнгө үйлдвэрлэж байсан хэв хоцорсон байна. Тэгвэл зоосон мөнгөнүүд нь төдийгөөс өдийг хүртэл бүгд хадгалагдаж үлджээ. Бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой учраас мянга сонсохоор нэг үзэх нь зүйтэй болов уу. Эдгээрийг Монголбанкны Эрдэнэсийн сангаас гадна, Чингисийн музейгээс үзэх боломжтой. Хэдэн мянган жилийн настай түүхийн үнэт олдворуудыг тэд хадгалж, хамгаалж, үзүүлж буй нь Монголын түүхийг дэлхий нийтэд сурталчлаад зогсохгүй, Монгол Улсын банк, санхүү, мөнгөний хөгжлийг давхар таниулж буй ховор завшаан билээ.

Богдын засгийн газар байгуулагдаж бага болзоот гүйлгээнд нэвтрэв

Монголчуудын цаасан болон зоосон мөнгө гүйлгээнд хэрэглэж ирсэн эртний баялаг уламжлал монгол орон манжид эзлэгдсэн он жилүүдэд буюу 17-19 зууны үед тасалдаж, энэ үед мөнгөний үүргийг мал, малын гаралтай түүхий эд, арьс шир, хадаг, цай зэрэг гүйцэтгэж байжээ. Азаар 1911.12.29-ний өдөр Монголд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж, VIII Богд Жибзундамба хутагтыг шашин, төрийг хослон баригч Богд хаанаар өргөмжилж, Богдын засгийн газрыг байгуулав. Ингээд улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэхээр 1913.01.15-ны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, сангийн сайд Г.Чагдаржав нар оросын консул Коростовецтой гэрээ байгуулж, 3 сая рублийг 30 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцов. Оросын засгийн газар хүсэлтийг хүлээн авсан ч, оронд нь манай улсад санхүүгийн зөвлөхөө ажиллуулах болзол тавьжээ. Богдын засгийн газар үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, нийт аймгуудаас 700 мянган лан мөнгөний татвар хурааж, улсын төсвөө өөрсдөө бүрдүүлэхээр оролдцсон ч, ердөө 25 хувийг нь улсын сан хөмрөгт төвлөрүүлж чадсан юм. Тиймээс Богдын засгийн газар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Дайчин улсын банк /Дачин улсын банк буюу Манж улсын банк/-наас зээл авахыг оролдов. Манж дайчин улсын сангийн яам монгол иргэд болон худалдаачдад өндөр хүүтэй зээл олгож, дундаас нь ашиг олох зорилгоор 1906 онд Дайчин улсын банкны салбарыг Миймаа болон Улиастайд нээсэн байдаг юм. Сангийн яамнаас гаргасан судалгаанаас харахад, 1911 онд монгол улсын иргэд Дайчин улсын банкинд 800 мянган лан мөнгөний зээлтэй байжээ. Монголчуудын энэ өрийг барагдуулбал Богдын засгийн газарт зээл олгох боломжтой гэсэн болзлыг Дайчин улсын банк тавьсан байна. Үүнийг төлүүлэхийг Богд хаан Сангийн яаманд даалгаж, 1913 оны эцэст монголчуудын нийт өрийн 25 хувийг барагдуулжээ. Гэвч манжийн банк амлалтаасаа ухарч, Монголын засгийн газарт мөнгө зээлээгүй учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг Богдын Засгийн газраас гаргав. Ингээд Богдын Засгийн газар Оросын засгийн газрын болзолыг хүлээн авч 1913.12.25-ны өдөр санхүүгийн зөвлөх С.А.Козинтой гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Тэрбээр 1914.05.13-ны өдөр ажилдаа орж, монголчууд уул уурхайн баялагтай, малын тоо толгой ихтэй учраас зээлээ эргүүлэн төлөх бололцоотой юм. Тиймээс Монгол Улсад зээл олгоно уу гэсэн ноот бичгийг өөрийн улсад илгээсэн байна. Ингээд 1914.09.30-ны өдөр хойд хөрш манай улсад 3 сая рублийн зээлийг 30 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв. Үүний 1 сая рублийг тэр дор нь авсан бол, үлдсэнийг нь зургаан сарын зайтай хуваан авчээ. Үүнээс гадна, оросын харъяат Юферов 1912 онд Англи, Францын пүүстэй хөрөнгө нийлүүлсэн хувийн банк байгуулах саналыг Богдын засгийн газарт уламжилж зөвшөөрөл авчээ. Гэвч тэрбээр Монголын Засгийн газраас авсан банк байгуулах зөвшөөрлөө цааш нь дамлаж Оросын Засгийн газарт худалдсан байж. Удалгүй 1913 онд оросууд манай улсад хандаж, Юферовт олгосон банк байгуулах эрхийг бид худалдаж авахаар боллоо. Монгол улсад банк байгуулж болох эсэхийг даруй мэдэгдэнэ үү. Юферовын Богдын засгийн газартай байгуулсан банк байгуулах гэрээг Оросын засгийн газар зөрчихгүй хэмээн албан бичиг ирүүлжээ. Манжийн банк манай улсад дахин үйл ажиллагаагаа сэргээхийг эрмэлзэж байсан учир оросын болзолыг хүлээн авахаас өөр аргагүйд хүрсэн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бий. Ингээд 1915 онд Монгол-Оросын Засгийн газар тохиролцоонд хүрч, Монгол цаас, зоос үйлдэх Монгол улсын сангийн банкийг байгуулж, монголчуудын албан хэрэгцээнд зориулж 6 хувийн хүүтэй зээл олгох, банкны жил тутмын цэвэр ашгийн 14 хувийг Монголын Засгийн газарт шилжүүлж байхаар тохиролцсон байна. Гэвч уг банк гэрээгээ зөрчиж, зоосон болон цаасан мөнгө гүйлгээнд огт гаргасангүй. Тус банк зөвхөн хувь хүн, пүүс хоршоонд мөнгө зээлж, хүүгээс нь үлэмж хэмжээний ашиг олж байлаа. Цаашлаад 1917 он хүртэл банкныхаа орлого, зарлагын тайланг Сангийн яаманд ирүүлээгүй бөгөөд банкныхаа ашгийн 14 хувийг монголын талд өгөөгүй байна. Тэр ч байтугай Монголын Засгийн газрын хэрэгцээнд шаардлагатай зээлийг олгоогүй байгаа юм. Монгол Улсын засгийн газар 1915 онд 200 мянган рубль, 1917 онд 300 мянган рубль, 1918 онд 200 мянган рублийн зээлийг Сангийн банкнаас хүссэн ч авч чадаагүй аж. Сангийн банк Богдын засгийн газарт зээл олгох бус, монгол худалдаачин, пүүс, хоршоонд өндөр хүүтэй зээл олгож, ашиг олох зорилгоор байгуулагдсаныг холбогдох албан тушаалтнууд тухайн үед анзаарч, тус банкны эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Монгол Улсын сангийн банкны үйл ажиллагааг бүр мөсөн хориглох санал боловсруулж, 1918 онд улсын дээд болон доод хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн байна. Энэ даруй оросын талаас Монголын Засгийн газарт нэгэн захидал ирүүлжээ. Энэ захидалд европт дэгдсэн дайнаас болж, тус банкны хөрөнгө, мөнгө хямралд орж, анх тохиролцсон гэрээгээ зөрчсөн. Монгол Улсын Сангийн банк 1915-1918 оны хооронд 19,4 сая рублийн гүйлгээ хийсэн. Үүнийхээ цэвэр ашгаас Монголын талд 14 хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн санал тусгасан байна. Энэ саналыг хүлээн авалгүй Монгол Улсын Сангийн банкны үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон байна. Ингээд санхүүгийн бэрхшээлээ шийдэхийн тулд Манж Дайчин Улсын Банкны эрхийг сэргээхээр болж, 1918.10.14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм. Ингэхдээ, 14 зүйлийг гэрээгээр тохиролцож, банкны салбарыг Хиагт, Улиастай, Ховдод нээхээр болж, ДИУ-ын мөнгөн тэмдэгт, цаасыг гүйлгээнд чөлөөтэй хэрэглэхийг Засгийн газраас нийтэд ухуулан зарлаж байжээ. /Сангийн яамны 100 жилийн ойд зориулж гаргасан Хааны сангаас Хөгжлийн сан эмхэтгэлд ДИУ-ын талаарх тайлбар байхгүй байгаа бөгөөд үүнийг судлаачийн зүгээс Дундад иргэн улс гэж үзэж байгаа юм. Энэ нь тухайн үеийн Дайчин улс, Дачин Улс, Манж Улс гэж дөхүүлж болно/. Энэ гэрээнд монголчууд тус банкинд мөнгө хадгалуулах бол 3 хувийн хүү төлнө. Монголын засгийн газар 8 хувийн хүүтэй зээл авна. Монголчуудын өмнө аваад төлөөгүй өрийг гурван жилийн дотор барагдуулна гэж тусгажээ. Дайчин улсын банкныхан монгол улсад үйл ажиллагаа эргэн сэргээсэн нь нэг талаас ашиг олох, нөгөө талаас өмнөх өрөө барагдуулахад оршиж байсан гэж түүхчид үздэг. Ийнхүү Богдын засгийн газар байгуулагдаж,  төсөв санхүү бүрдүүлэх Сангийн яамтай болсон ч, өөрийн улсын банкгүй гадаадын банкны салбарууд энэ мэт ээлжлэн үйл ажиллагаа явуулж байлаа. Монголбанкнаас эрхлэн гаргасан Эрдэнэсийн сангийн үнэт зүйлсээс эмхэтгэлээс тэр үед Орос-хятадын банкны салбар, Дайчин улсын банк, Оросын хөрөнгөтний үүсгэн байгуулсан Монголын үндэсний банк, Хятадын банкны салбар зэрэг банкууд үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой харагддаг. Тэд монголчуудтай хэл амаа ололцож чадвал нээгдэх нь нээгдэж, хаагдах нь хаагдаж байсан цаг үе. Ийнхүү манай улсад гадаадын банкны салбар үйл ажиллагаа явуулж байсан 1911-1921 оны хооронд монголчууд оросын рубль, хятадын ембүү, жингийн мөнгө зэргийг дотоодын зах зээлд түлхүү хэрэглэж байжээ. Энд оросын 1 рублийн зоосон мөнгө, Хятадын Юань Ши Кайн хөрөгтэй мөнгөн зоос, Хятадын Луут хэмээх зоосон долларыг дурдаж болох юм. Мөн Хаант Орос Улсын банкны 1, 3, 5, 10, 25, 50, 100, 500 рублийн дэвсгэрт хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна, хутагт гэгээнтнүүд өөрийн хийд, харъяа нутагтаа хэрэглэхээр олон төрлийн цаасан баталгаат бичиг буюу тийз тэмдэгтүүд гаргаж гүйлгээнд хэрэглэж ирсэн байна. Ингэхдээ, Хүрээний их сангийн тийз-5000, Их сангийн тийз -300, Арван шар цай тийзийг гүйлгээнд хэрэглэдэг байжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байсан нь мэдээж. Аль ч улс өөрийн гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтгүйгээр эдийн засаг, санхүүгийн хувьд биеэ дааж чаддаггүй. Тиймээс Богдын засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтэй болох шийдвэр гаргаж, 1921.04.20-ны өдөр 250 мянган мексик доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ. Богд хаант засгийн газраас 5 хошуу малаар баталгаажуулж, модоор барлаж, богино хугацаанд гаргасан энэ дэвсгэртийг Бага болзоот гэж нэрийддэг. Модон барыг Монгол улсын эрдэнийн хаш тамгыг сийлсэн уран сийлбэрч Лувсангомбо хийсэн гэж түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ нь улс орны эдийн засаг сэргэхэд түлхэц үзүүлсэн түүхэн үйл явдал байлаа. Бага болзоотыг 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гаргасан юм. Бага болзоотыг 6 сарын хугацаанд, 6 хувийн хүүтэй гүйлгээнд хэрэглэхээр төлөвлөсөн ч, дараагийн мөнгөн тэмдэгт гарах хүртэл ашиглажээ.

Ардын засгийн газар байгуулагдаж, төгрөг гүйлгээнд нэвтрэв

Монгол Улсад 1921 онд ардын хувьсгал ялж, тусгаар тогтносон Монгол Улсыг зарлан тунхаглаж, Монгол ардын засаг үйл ажиллагаагаа эхлэв. Ардын засгийн газраас эдийн засгийн төрөл бүрийн арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсний нэг нь Монгол Улсад Үндэсний банк байгуулах явдал байсан юм. Ингээд Ардын засгийн газар Орос улстай хамтран Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулж, 1924.06.02-ны өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өнөөгийн Монголбанкийг тухайн үед оросуудтай хамтран байгуулсан ч, 1954 онд манай улсад 100 хувь хүлээлгэн өгсөн юм. Монголбанк үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Улмаар тус банк 1924 онд шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулах тухай санал Засгийн газарт оруулав. Энэ санал Засгийн газраар дэмжигдэж 1925.02.22-нд мөнгөний шинэчлэлт явуулах тогтоол гарчээ. Ингэхдээ үндэсний мөнгөний нэгжийг төгрөг хэмээгээд, үүнийг гаргах эрхийг Монголбанкинд олгосон байна. Зоосон мөнгө дүгрэг хэлбэртэй байдаг учраас үндэсний мөнгөн тэмдэгтийг төгрөг хэмээн нэрийджээ. Ингэхдээ Монголбанкны эрдэнэсийн нөөцийн өсөлттэй уялдуулан 1925.12.09-нд нэг нь 18 грамм цагаан мөнгөний баталгаатай үндэсний шинэ мөнгө тэмдэгт төгрөгийг гүйлгээнд нэвтрүүлсэн байна. Анх 200 мянган төгрөгтэй тэнцэх 1, 2, 5, 10, 20, 25, 50, 100-тын цаасан дэвсгэрт гаргахаас гадна, 10, 15, 50-тын болон 1 төгрөгийн зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлжээ. Монгол улсын зах зээлд 1925 оны байдлаар 20 гаруй сая янчан эргэлдэж байсан тоо баримт бий. Тухайн үед хятадын янчан монгол төгрөгөөс илүү ханштай байсан учир энэ дэвсгэртийг монголчууд хэрэглэхийг илүүд үздэг байсан гэлцдэг. Үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байх тэр үед төгрөг, янчан ийнхүү зах зээлд зэрэгцэн хэрэглэгдэж байв. Анх 1 төгрөг 0,88 янчантай тэнцэж байсан бол, 1926 оны сүүлчээр 1 янчантай тэнцэх болжээ. Ийнхүү төгрөг зах зээлд амжилттай нэвтэрч, ханш нь чангарч, хүн амын төгрөгт итгэх итгэж сэргэлээ. Тиймээс 1927.01.01-ний өдрөөс бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын төлбөр тооцоог төгрөгөөр тооцож, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээ авч эхэлсэн нь дотоодын зах зээлээс хятадын янчаныг бүр мөсөн шахахад нөлөөлсөн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний шинэчлэлтийн бодлого явуулж, хятадын янчан болон гадаадын бусад валютыг дотоодын зах зээлээс бүрэн шахаж, монгол улс санхүү эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнож, үндэсний мөнгөн тэмдэгт бэхжиж чадсан гэж ойлгож болох юм. Үүний дараа төвбанк төгрөгийг алтан баталгаанд оруулав. Чингисийн үеэс хэрэглэж ирсэн цаасан дэвсгэртүүд ардаа алтан баталгаатай байсан шиг дэлхийн улсууд хүртэл ийм мөнгөний бодлого баримталж иржээ. Гэхдээ цаасан мөнгөний цаадах баталгаа нь улс орнуудад харилцан адилгүй байсан тул дэлхий нийтээрээ алтан стандартад албан ёсоор шилжсэн байна. Ингэхдээ Парист 1867 онд улс орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн улсууд мөнгөн дэвсгэртээ алтан баталгаанд оруулах шийдвэрт хүрсэн байгаа юм. Парисын хэлэлцээрээр алтыг дэлхийн мөнгөний нэгдсэн хэлбэр гэж хүлээн зөвшөөрч, аливаа улсын валют ардаа алтан баталгаатай байх, валютуудын алтан баталгаатай уялдуулан тэдгээрийн алтан харьцааг тогтоох, валютууд алт руу чөлөөтэй хөрвөх зэрэг чухал асуудлыг хэлэлцэн тохирсон байдаг. Үүний дараа дэлхийн дийлэнх улс алтан стандартад шилжсэн гэдэг. Ингэхдээ өөрийн орны алтны нөөцөд тулгуурлан, түүнтэй тэнцэх хэмжээний цаасан дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэх болжээ. Энэ цагаас эхлэн алтны нөөц ихтэй орны мөнгөн тэмдэгтийн ханш чанга, нөөц багатай орнуудынх сул явж иржээ. Алтан стандартын гол онцлог энэ. Ийнхүү улс орнууд алтаар баталгаажсан цаасан мөнгийг нийтээр гүйлгээнд хэрэглэж, алтны нөөцөөсөө хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтоож байлаа. Монголбанк эрдэнэсийн нөөцийн өсөлттэйгөө уялдуулан төгрөгийг 1925.12.09-ний өдөр 1 нь 18 грамм цагаан мөнгөний баталгаатай гүйлгээнд нэвтрүүлсэн ч, 1928.08.01-ний өдөр дэлхийн нийтийн стандартад нийцүүлж алтан баталгаанд шилжүүлсэн юм. Тухайн үед дэлхийн зах зээлд цагаан мөнгөний нөөц эрэлтээс давж ханш нь унах болжээ. Энэ нь цагаан мөнгөнд суурилсан төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүй байсан учраас Монголбанкинд хуримтлагдсан алтны нөөцөд түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулах шийдвэрийг Улсын бага хурал 1927 онд гаргасан байна. Ингэхдээ төгрөгийг үе шаттайгаар алтан баталгаанд оруулсан байдаг. Тухайлбал, 1927.01 сард дотоодын зах зээлд эргэлдэж байсан төгрөгийн 17 хувийг, 1928.01 сард 40 хувийг, 1928.07 сард 64 хувийг алтаар баталгаажуулсан байна. Ингэж явсаар 1928.08.01-ний өдөр төгрөгийг албан ёсны алтан баталгаанд оруулж, нэг төгрөгийг 51.8 америк центийн албан ханшаар зарлажээ. Үүгээр 1925 онд эхлүүлсэн мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ дууссан юм. Монгол Улс 1925 онд төгрөгийг анх гүйлгээнд гаргасан бол, улсын банкны сан хөмрөгийг сэлбэж арвижуулах зорилгоор 1939, 1941, 1955 онуудад төгрөгийг дахин шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргасан байна. Улс орны эдийн засаг, аж ахуйн салбарын хөгжлийн дүнд, хүн амын мөнгөн орлого өсч, барааны эргэлт нэмэгдсэн учраас 1940 онд гүйлгээн дэх бэлэн мөнгөний хэмжээг 53.9 сая төгрөгт хүргэжээ. Тэгвэл 1925, 1927, 1935 оны дэвсгэртийг 1966 онд гүйлгээнээс татаж, оронд нь БНМАУ-ын сүлдтэй шинэээр хэвлүүлсэн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлсэн байна. Энэ ажлыг 1967.04.01-ний өдрөөр дуусгавар болгосон бол, 1968 онд багтаан 1925, 1927, 1935 онд үйлдвэрлэсэн бутархай мөнгөнүүдийг гүйлгээнээс татаж дуусчээ. 1966 онд гүйлгээнд оруулсан БНМАУ-ын сүлдтэй дэвсгэртийг манай улс 1993 он хүртэл хэрэглэсэн юм. 

Монгол Улс байгуулагдаж шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд нэвтрэв

АНУ-ын Бреттон Вудс хотноо 1973 онд зохиогдсон хөгжингүй орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар алтан стандартыг халж, долларын эрин үе эхлэв. Бреттон Вүүдсийн системээр засгийн газрууд алтаа АНУ-ын төрийн санд худалдах боломжийг олгосон байна. Энэ үеэс бүх улсын валют доллартай харьцаж эхэлсэн байна. Ингэхдээ аль ч орны валют долларын эсрэг хэдэн хувиар өсч, уруудаж болохыг тогтоож өгчээ. Ер нь нэг хувиар өсч, уруудаж болно гэж тогтоож өгсөн гэлцдэг. Хэрэв аливаа орны валют долларын эсрэг огцом өсч, буурвал тухайн орны төвбанк интервенци хийх замаар үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой барина гэж Бреттон Вудсийн хэлэлцээрээр тохиролцсон аж. Энэ маягаар алтан стандарт халагдаж, долларын эрин үе эхэлж, дэлхийн улс орнууд мөнгөн тэмдэгтийн ханшаа уг валютын ханштай ойролцоо түвшинд барихыг эрмэлзэж байлаа. Гэвч энэ тогтолцоог 1976 онд Ямайкийн Кингстон хотноо зохиосон олон улсын валютын системийн хурлаар өөрчилсөн гэдэг. Үүгээр ганц доллар гэлтгүй голлох валютын стандартад шилжих шийдвэр гарсан байгаа юм. Ингэснээр хэд хэдэн тэргүүлэх валютад суурилж, олон улсын төлбөр тооцоог чөлөөтэй хөвөгч валютаар хийдэг болжээ. Энэ цагаас дэлхийн дийлэнх улс орон зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч валютын ханшийг чөлөөтэй тогтоодог болсон байна. Энэ нь дэлхий дахинд өнөөг хүртэл мөрдөгдөж, манай улс ч 1990.07.01-ний өдрөөс төгрөгийн америк доллартай харьцах суурь ханшийг мөрдөж эхэлсэн байдаг. Монголбанкны Валют эдийн засгийн судалгааны газрын Хэлтсийн захирал асан С.Болд: Манай улс 1990 оноос хойш валютын ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтоож ирсэн. Нэг ёсондоо дэлхийн дийлэнх улсад мөрдөгдөж буй валютын ханшийн тогтолцоог баримталж ирсэн хэмээн тайлбарладаг. Энэ дагуу манай улс нэг америк долларын албан ханшийг 1992 онд 40 төгрөгөөр, 1993 онд 150 төгрөгөөр, өнөөдөр 3375 төгрөгөөр зарлаж байна. Ийнхүү дэлхийн валютын системд өөрчлөлт гарч дэлхийн дийлэнх улсуудын мөнгөн тэмдэгт голлох валютуудтай харьцаж эхлэв. Үүний хажуугаар манай улс 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж, БНМАУ гэсэн нэрээ өөрчилж, Монгол Улс болсонтой холбоотойгоор мөнгөн тэмдэгтээ өөрчлөх шаардлага тулгарав. Ингээд БНМАУ-ын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж, Монгол Улсын шинэ мөнгөн тэмдэгтийг Монголбанк 1993 онд гүйлгээнд оруулсан юм. Тухайн үед монгол улсын шинэ мөнгөн тэмдэгт 8 төрлийн дэвсгэртээс бүрдэж байлаа. Анх 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлүүлж гүйлгээнд гаргажээ. Шинэ мөнгөн тэмдэгтийн 1-тийн дэвсгэртийн нүүрэн талд арслангийн дүрс, ар талд төрийн соёмбыг дүрсэлэн өмөрмөц хийцтэй. Харин 5-100 хүртэлх дэвсгэртийн нүүрэн талд 1921 оны ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг байрлуулсан бол, ар талд нь адуу бэлчээрлэсэн хөдөө нутаг, дуниартсан хөндий, ногоон ой, мөнх цаст сарьдагуудтай байгалийн зураг хэвлэжээ. Тэгвэл 500, 1000-тын дэвсгэртийн нүүрэн талд эзэн Богд Чингис хааны хөрөг зургийг байрлуулж, ард талд нь эзэн хааны үеийн Их нүүдэл түүхэн зураг хэвлэжээ. Шинэ мөнгөн тэмдэгтийн 5000, 10000 дэвсгэртийн нүүрэн талд эзэн Богд Чингис хааны хөрөг зургийг байрлуулсан бол, ард талд нь Хархорин хотод сүндэрлэж байсан эртний мөнгөн модыг байршуулсан байдаг. Эндээс манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төлбөр тооцооны хэрэгслээс гадна, түүхийн болон урлагийн бүтээл мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм. Тухайлбал, 5000, 10000 шинэ дэвсгэрт дээрх эртний Хархорин хотын Мөнгөн модны тухай Виллиам де Рубрук өөрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг юм. Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ хэмээн Францын дархан Вильгельмийн урласан мөнгөн модыг Виллиам де Рубрук дүрслэн бичиж үлдээсэн байдаг юм. Эндээс санаа авч мөнгөн модыг дүрсэлснийг өнөөгийн 5000, 10000 шинэ мөнгөн дэвсгэрт дээрээс харж болох юм. Үүнийг үзсэн хэн ч монгол улсын мөнгөн дэвсгэрт төлбөр тооцооны хэрэгслээс гадна, урлагийн бүтээл мэт гэж дуу алдах нь дамжиггүй. Эдгээрээс гадна, бүх шинэ дэвсгэртийн нүүрэн талын баруун гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж, түүнтэй давхцуулан Монгол Улс гэсэн үгийг эвхэмэл үгээр бичиж, зүүн гар талд нь төрийн соёмбыг байрлуулж, Чингис хааны зарлигийг пайзын дэвсгэрт бүрийн ар, өвөр талд давхацуулан байрлуулсан байдаг. Дээрх шинэ мөнгөн тэмдэгтүүдийг Монголбанк болон Томас Де Ла Рүе компанийн хоорондын хамтын ажиллагааны үндсэн дээр бүтээсэн гэдэг. Тус компани нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас үйлдвэрлэх талаар дэлхийд дээгүүр байранд ордог бөгөөд Их Британи, Мальт, Хонг-Конг, Сингапур болон Шриланкад хэвлэх салбар үйлдвэртэй. Томас Де Ла Рүе компани мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх захиалгыг анх Маурит улсаас 1860 онд авч, үүнээс хойш 100 гаруй орны мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн туршлагатай гэдэг. 1993 онд шинээр хэвлүүлсэн дээрх мөнгөн дэвсгэртүүд нь хуурамчаар үйлдэхээс хамгаалсан 10 гаруй тусгай хийцтэй. 

  1. Дэвсгэрт бүрийг гэрлийн эсрэг харахад үргэлжилсэн шулуун шугам буюу металл утас үзэгдэнэ
  2. Дэвсгэрт бүрт Чингис хааны дүрстэй усан хээ харагдана
  3. Дэвсгэрт бүрт байгаа Чингис хааны зарлигийн пайзны оосорын нүхний ар, өвөр талын зураг яг давхцаж байна
  4. Дэвсгэрт бүр хоёр өөрийн дугаартай
  5. Дэвсгэртүүдийг гэрлийн дагуу хазайлгаж харахад тухайн дэвсгэртийн үнэ тодорч үзэгдэнэ
  6. Дэвсгэрт бүрийн зарим зураг, бичиг хийцийг товгор хэвлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул хуруугаар тэмтрэхэд мэдрэгддэг.

Манай улс 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлүүлж гүйлгээнд гаргасан бол, 1997 онд 5000, 10000-тын дэвсгэрт, 2006 онд 20000-тын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргасан юм. Өмнөх мөнгөн дэвсгэртүүд дээрх нууцлалтай бол, шинэ 20000 дэвсгэртийн нууцлалын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга асан Д.Болдбаатар: Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт дээр цонх гэсэн нууцлалын хэсэг нэмэгдсэн тухай өгүүлж байсан билээ. Эдгээр мөнгөн дэвсгэртийг монголчууд өнөөдрийг хүртэл гүйлгээнд хэрэглэж байна.

Цахим эринд шилжиж, цахим мөнгө нэвтрүүлэв

Бартерийн харилцаанаас эхлэлтэй мөнгө гэх бараа цаг үеийн шаардлагаасаа хамаарч түүхийн явцад зоосон, цаасан, цахим болж хувьсан өөрчлөгдсөөр ирэв. Орчин цагт технологийн шийдлийн тусламжтайгаар хүн төрөлхтөн цахим мөнгө хэрэглэж, төлбөрийн карт, интернет банк, мобайл банкаар төлбөр тооцоо гүйцэтгэж, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэхийг илүүд үзэж байна. Тиймээс Монголбанк 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд:

Нэг карт-Нэгдсэн сүлжээ: Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээг нэвтрүүлснээр төлбөр тооцоо гүйцэтгэх илүү хялбар болов. Одоогоос хэдэн жилийн өмнө аль ч байгууллагын ажилтан цалингаа төлбөрийн картаар дамжуулан авдаг ч, арилжааны банкуудын төлбөрийн карт өөр банкны АТМ-д уншигддаггүй байсан сул тал ажиглагдаж байлаа. Төвбанкны өмнөө тавьсан стратеги зорилтын хүрээнд энэ хоцрогдлыг арилгаж, 2010 онд бүх банкуудын төлбөрийн картыг аль ч банкны АТМ-д уншуулж, төлбөр тооцоо гүйцэтгэж болдог болов. 2010.06 сард уг сүлжээнд Хаан, Худалдаа хөгжлийн банк үндсэн гишүүнээр элссэн бол, дэд гишүүнээр Капитал, Улаанбаатар банк нэгдсэн юм. Харин Монгол Улсын төлбөрийн картын бэлэн бус гүйлгээний 50 орчим хувийг дангаараа эзэлдэг Голомт банк, сүлжээний дэд гишүүд Хас, Капитрон, Төрийн зэрэг банкууд Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээнд 2010.10.18-ны өдөр нэгдсэн юм. Энэхүү нэгдсэн сүлжээг байгуулахад ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Хас, Төрийн, Капитрон, Улаанбаатар банк ихээхэн санаачлагатай ажилласан гэдэг. Нэг карт-Нэгдсэн сүлжээ бий болсноор банк санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болж, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өссөн байна. Монголбанкны зүгээс цаашид Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах тал дээр илүүтэй анхаарч, Монгол Улсын үндэсний брэнд төлбөрийн картыг гаргах зорилт тавьж байгаагаа тухай үед мэдэгдэж байсан нь удалгүй биеллээ олсон билээ. Монголбанк 2012 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг билэгдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮ картыг банкуудтай хамтран гаргах ажлыг амжилттай зохион байгуулж зах зээлд нэвтрүүлсэн юм.

₮ картыг EMV чип технологид шилжүүлэв: Монголбанк, Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд хамтран ажилласнаар Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан чип технологид шилжүүлсэн байдаг. Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд гадаад, дотоодын банкуудтай хамтран соронзон туузтай ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид ийнхүү шилжүүлэв. М/Чип технологийг нэвтрүүлснээр соронзон туузтай картын мэдээллийг хуулбарлах, дуураймал картаар гүйлгээ хийх эрсдэл буурч, үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан эрсдэлийг бүрэн арилгажээ. Өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгаж, картыг зайнаас уншуулах боломжтой болохын зэрэгцээ, карт эзэмшигч төлбөр тооцоогоо чиптэй картаар гүйцэтгэхэд илүү хялбар, түргэн, шуурхай болов. Түүнчлэн чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдсан байна. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж, төлбөр тооцоогоо хийх боломж бүрдсэн юм. Тиймээс чип технологид суурилсан төлбөрийн ₮ карт нь өнөөдөр манай улсын банк санхүүгийн салбар, эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл болж, төлбөр тооцооны системд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр 2021 оны II улирлын байдлаар төлбөрийн картын нийт зах зээлийн 59.4 хувийг ₮ карт эзэлж байсан бол, 2022 оны II улиралд зах зээлийн 62 хувийг эзэлж, нийт 2.6 сая карт эзэмшигчтэй болсон нь томоохон ололт билээ. Мастеркарт байгууллагын Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер: Энэ нь Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлсэн томоохон ажлын нэг юм. Иймд, Мастеркарт нь Монголын үндэсний төлбөрийн системийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, чип технологийг нэвтрүүлж, Монгол Улсын төлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаадаа баяртай байна хэмээн дурдсан нь бий. Монголбанк нь Maстеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг байгуулсан нь Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал алхам болсон билээ. Монголбанк, Мастеркарт байгууллагын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапур зэрэг орнуудын хэрэгжүүлсэн ухаалаг хот, санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах гэх мэт шинэлэг технологийг Монгол Улсад нэвтрүүлэх суурь тавигдсан гэж үздэг юм.

₮ картыг EMV/NFC технологид шилжүүлэв: Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийг 2022 онд хэрэгжүүлж дууссан бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн танилцуулсан юм. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн байдаг. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Монголбанк 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан хэрэгжүүлж, 2022 онд ажлаа дүгнэж цаашдын буюу гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулсан байдаг. Үүгээр 2026 онд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна. Энэ дагуу дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох BC Card компанийн хооронд 2022.12.13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, дотоодын ₮ картаар БНСУ-д, ВС card компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин BC Card компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь судалгаагаар Nilson Report, 2020 Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна. 

-Хааны сангаас Эрдэнэсийн сан-

Улсын Эрдэнэсийн нөөцийг арвижуулахад онцгой анхаарал тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Монголбанкинд Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фондыг тусгаарлан байгуулсан билээ. 1991 онд Улсын Их Хурал Банкны тухай хуулийг баталж, түүний дагуу зохион байгуулагдсан хоёр шатлалтай банкны тогтолцооны цөм болсон Монголбанк Улсын Эрдэнэсийн Сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлж ирэв. 1992 онд Эрдэнэсийн сангийн дүрэм боловсруулан мөрдөж, үүнд тулгуурлан 1994 онд Эрдэнэсийн Сангийн тухай хууль УИХ-аар батлагдсан нь улсын эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулжээ. Чиг үүргийнхээ дагуу Эрдэнэсийн сангийн түүх, соёлын дурсгалт ховор нандин зүйл, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл зэргийг цуглуулах, түүний нөөцийг арвижуулах чиглэлээр Монголбанк идэвхитэй ажиллаж ирсэн. Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Эрдэнэсийн сангийн музейг нээж, үнэт зүйлсийнхээ зарим хэсгийг дэлгэн үзүүлж байсан юм. Энд Чингис хааны үеийн түүхэн зоосууд, үнэт металлаар хийсэн дурсгалын зоосууд, Монголын шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамгууд, манж, төвд хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд зэрэг түүхийн ховор нандин зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, ард иргэдээс цуглуулсан алт, мөнгөн ховор нандин эдлэл, хэрэглэлүүдийг байршуулж, ард түмэндээ дэлгэн үзүүлж байсныг дурдаж болох юм. Тэгвэл Монгол Улсын Эрдэнэсийн сангийн цуглуулга түүхийн эрт үеийн олдворуудаар баяжигдсаар ирсэн билээ. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны дурсгалт газар Гол мод 2-ыг 2001 онд археологичид илрүүлсэн байдаг. Гол мод-2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй, хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор болсон юм. Археологичдын малтлага судалгаагаар олж илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулж үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл эдгээрийг Чингисийн музей рүү шилжүүлжээ. Энэхүү гол мод – 2, Хүннүгийн язгууртны цогцолборын зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн Археологи сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 олдворын хэмээн зарласан байдаг. Ийм ховор олдворуудаар Монголбанк Эрдэнэсийн сангаа арвижуулж ирсэн юм. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиосон Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй 9496-1924-1991-2021 дугаар бүхий ₮-Карт дурсгалын зоос худалдаанд гаргасан байдаг. Мөн хэдхэн жилийн өмнө Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхим нээв. Мөнгөн тэмдэгтийн танхимд Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 килограмм хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм. Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олон нийтэд харуулах энэхүү танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж 6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент, интерактив самбар болон АR дэлгэцэнд суурилсан Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн зэргийг нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэсэн юм. Ийнхүү Монгол Улсын Эрдэнэсийн сангийн хийх ажил барагдахгүй, тэдний хийх ажил ундарсаар, Монгол Улсын Эрдэнэсийн сан арвижсаар байна.

Translate