12 сар 6, 2024

Mонгол, Хятадын харилцаа

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлжээ

2022.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна. Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

2023.04.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлэв. Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

-Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга захидал ирүүллээ-

2023.04.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авч уулзсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ хэмээн дурджээ. Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм гэжээ. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газарт зочлохыг урилаа.

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын дарга Ши ЖиньПин: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна. Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

23 улсын төрийн тэргүүн уулзав

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо болж буй Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт Бүс ба замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө ерөнхий сэдвийн дор явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Эртний торгоны замыг сэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготойг онцлов. Мөн тэрбээр ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын 20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст дэд бүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох зэрэг 8 шинэ саналыг дэвшүүлэв. Энэ удаагийн дээд түвшний чуулга уулзалтын үеэр:

  • Нээлттэй дэлхийн эдийн засагт дэд бүтцээр харилцан холбогдох,
  • Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах,
  • Өсөлтийн шинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээр дээд түвшний гурван хэлэлцүүлэг,

Мөн Саадгүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцоо,  Цэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаан болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс, ОХУ, Чех, Лаос, Серби, Шри Ланка зэрэг 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна гэжээ. 

У.Хүрэлсүх: Ногоон торгоны замыг хамтдаа бүтээе

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр Бүс ба зам санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурлан хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөө хүртэх үндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцан болж байгааг тэмдэглэв. Ногоон хөгжлийг удирдлага болгож, эко, цэвэр хөгжлийн үзэл санааны дагуу байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжил-2030-ын зорилгод бүрэн нийцдэг гэж үздэгээ илэрхийлэв.Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов. Монгол Улс Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилготой гэдгийг хэллээ. 2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар улс орон болон бүс нутгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийж байгаа ажил, тогтвортой ойн мененежментийг бэхжүүлж байгаа туршлагаа хуваалцаж, цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийг энэ оны есдүгээр сараас байгуулах ажил эхэлснийг тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлэв. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.10.19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ. Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

2024.09.07. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв. Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-Д АЙЛЧЛАХААР МОРДЛОО

2024.11.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж байна. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

2024.11.04. БНХАУ. Шанхай хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

2024.11.05. БНХАУ. Шанхай хот. БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх Хятадын олон улсын импортын VII экспод оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч Huawei компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд Huawei компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов. Huawei технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой. Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ахлуулж байгууллаа. Huawei компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд Apple, 2020 онд Samsung брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШАНХАЙН ЭКСПОГИЙН НЭЭЛТЭД ҮГ ХЭЛЛЭЭ

2024.11.05. БНХАУ. Шанхай хот. БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал Засгийн газрын зарим гишүүний хамт Шанхайн экспод өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ази, европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна. Монгол Улс Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын Бүс ба Зам болон Даян дэлхийн хөгжлийн санаачилгатай уялдуулж, Чайна Энержи, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн Шанхайн экспод дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулж буй нь цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд хүрэх зорилготой. Манай өвөг дээдсийн сургаалд Монголын За бол Андгай хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна гэлээ. Ерөнхий сайд дараа нь Шанхайн экспод оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочилж, амжилт хүслээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид тус экспод оролцсон бол энэ жил 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн Эрдэнэс Монгол нэгдэл, түүний гишүүн Эрдэнэс Тавантолгой компани болон Ньюком групп, Макс групп, Капитал Маркет Монгол зэрэг компани ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох Mining week-MinePro 2025 арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулах юм. 2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна. Зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШАНХАЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ

2024.11.05. БНХАУ. Шанхай хот. БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ. Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь Эхлэл танхим, Хүмүүнлэг хот, Инновац хот, Эко хот хэмээх дөрвөн танхимд Шанхай хотын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ололт амжилт, ирээдүйн төлөвлөлт, хөгжлийн зорилтыг дэлгэн харуулсан байна. Эхлэл танхим нь тус хотын 1931- 2017 он хүртэлх мастер төлөвлөлтийн зургаан удаагийн үйл явцыг харуулна. Хүмүүнлэг хот танхимд нийгмийн амьдрал, соёлыг бичлэгээр танилцуулна. Инновац хот танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал бүтээмжийг , харин Эко хот танхимд Шанхай хотын орон зайн өөрчлөлтийг танилцуулж, экологи, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг онцолж, хотын хөрсний давхарга болон Хөх мөрний соёл иргэншлийн хувьсал, өөрчлөлтийг үзүүлсэн байна.

Translate