Монгол, Перугийн харилцаа

Перугийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото Монголд лекц уншив
2022.07.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Перугийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото капиталын нууц зохиолоороо дэлхийн улс орнуудад хөгжлийн гарцыг зааж өгсөн гэдэг. Тиймээс ч энэ хүнийг дэлхий нийтээрээ андахгүй, зохиолыг нь уншаагүй хүн ховор билээ. Тухайлбал, Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Милтон Фридман: Албан ёсчлогдоогүй өмчийг албан ёсны болгох нь эдийн засгийн хөгжлийг тэтгэх нэн үр ашигтай арга зам байдгийг Эрнандо дэ Сото амьдрал дээр харууллаа. Тэрбээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг улс төрчдөд санал болгоод тэр нь тэдний өөрсдийнх нь байр суурийг бэхжүүлэх давхар бололцоо олгож буй юм гэж хэлсэн байдаг. Тэгвэл Их Британы ерөнхий сайд асан Маргарет Тэтчер: Капиталын нууц нь гуравдагч ертөнц болон экс-коммунист орнуудын гол алдаа буюу хувийн өмчийг тэтгэж, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хуулийг дээдлэх ёс хангалтгүй байгааг харуулсанд оршино. Улс үндэстнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн бүх хүн заавал уншвал зохино гэж уг зохиолын талаар онцолсон байдаг. Тэгвэл капиталын нууц номын зохиогч Эрнандо Де Сото хэдэн жилийн өмнө манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж капиталын нууцаасаа хуваалцсан юм. Карл Маркс, Энгельс, Ленин, Адам Смит бүгд хөдөлмөр бол баялгийг бүтээгч гэж сургамжилдаг. Хүн хөдөлмөрлөж байж хүрз бүтээнэ. Бүтээсэн хүрзээ бариад дахин хөдөлмөрлөж байж баялаг бүтээх юм. Энэ мэтээр хөдөлмөр бол баялгийг бүтээгч юм гэж 20 зууны эдийн засагчид үздэг байлаа. Гэтэл Перугийн эдийн засаг Эрнандо Де Сото тэднээс арай өөр онол дэвшүүлжээ. Түүнийхээр капиталын нууц юунд оршиж байна вэ. Энэ асуултад Эрнандо Де Сото: Хууль ёсны эрхзүйт эдийн засаг, эрхзүйт систем капиталыг гол амин сүнс. Баялгийг хууль ёсны эдийн засаг, эрхзүйт систем бий болгодог. Хууль эрхзүйгээ дагаж мөрддөг байж баялгийг бүтээнэ гэжээ. Эдийн засгийн харилцаа өмчийн эрхийг тодорхойлохоос эхэлдэг. Өмч хөрөнгөө бүртгүүлсэн хүн түүнийгээ барьцаалж зээл авч болдог. Бас зарж илүү эргэлттэй бизнес эрхэлж чаддаг. Тэр утгаараа бүртгүүлсэн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж капиталын үндсийг тавина гэж Эрнандо Де Сото үзжээ. Тэрбээр манай улсад ирээд байгалийн баялгаас гадна, иргэдийн хөрөнгөд судалгаа явуулаад амжсан байдаг. Үүгээр улс нь, иргэд нь ихээхэн хөрөнгөтэй ч, үүнийгээ бүртгүүлээгүй учраас капитал болж чадахгүй байгааг монголчуудад хандаж хэлсэн удаатай. Гол нь бүртгүүлэх явц цаг хугацаа хэмнэдэг байвал эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тэрбээр онцолсон. Капитал буюу баялгийг бий болгодог гол хүчин зүйл нь бүртгэлийн систем тул бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс юм гэдгийг таниулж, ойлгуулж, лекц уншаад тэрбээр нутаг буцсан байдаг. Мөн Эрнандо Де Сото: Монголд байх хугацаандаа баялаг хэрхэн бий болдог талаар жишээ татан ярьж өгөв. Тэрбээр нэг үзэг бүтээхэд 5000 гаруй эд анги ордог. Эдгээр эд ангиудыг бүтээгчидтэй харилцаа холбоо байхгүйсэн бол баялаг бүтэхгүй байх байсан. Түүхий эдгүйгээр хичнээн хөдөлмөрлөөд ч капиталыг бий болгож чаддаггүй хэмээн ярьж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзав
2022.08.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэв. Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдолоос үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын гаргасан санаачилга, ололт, амжилтыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль хамгааллын чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилж, иргэд, хувийн хэвшил, хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах зорилгоор энэ оны гуравдугаар сард Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулснаа дурдав. Хатагтай Ж.Моррис Канад, Кост Рика, Бразил, Бутан, Перу зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг Дэ Нэйче Консерванси, Дэлхийн байгаль хамгаалах сан, PEW Charity, ZomaLab нарын хамтарсан Enduring Earth Partnership-н хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв. Энэ хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрсэн үр дүнг олон улсад сурталчлан таниулах саналыг дэмжихээ илэрхийлэв гэжээ.

Перугийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2024.04.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхийг илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
