9 сар 9, 2024

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотыг зорино-

2023.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна-

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ. Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав-

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг хэлэв. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм. Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх,  байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платцорм, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв. Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг харилцан илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав-

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе-г өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэж буйг тэмдэглэв. Тэрбээр 2024 онд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээж авлаа гэжээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв-

2023.09.21. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна. Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энхтайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.      

Эрхэм чуулганы дарга  аа,

Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан Бидний нийтлэг зорилго илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан Энх тайвны шинэ хөтөлбөрт олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна. Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенцыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.

​Эрхэм чуулганы дарга аа,

Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн. Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээ механизм онцгой чухал талбар болж байна хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлсэн бол, саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна. Тэрбээр Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн дэлхий нийтэд уриалсан.

Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон. Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна. Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна. Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан. Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.

​Эрхэм чуулганы дарга  аа,

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн 2023 оны илтгэлийн дүнгээр Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно гэдгийг онцлон сануулжээ. Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх  шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаномийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Манай улс Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичигийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно. Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.

​Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичигийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна. Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.

Эрхэм чуулганы дарга аа,

Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм. Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан. Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.  

Эрхэм чуулганы дарга  аа,

Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна. Ирэх 2024 оны есдүгээр сард Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил  цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав-

2023.09.21. АНУ. Нью-Йорк хот.АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв. Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн замын зураглал болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов. Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа. Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа-

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Ерөнхийлөгч НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснээ илэрхийлэв. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, улс төр, эдийн засгийн хөгжил нь тогтвортой Монгол Улс энхийг эрхэмлэгч орны хувьд бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Тухайлбал Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Мусартай уулзлаа. Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн баг бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтрах талаар ярилцав. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаарт эрэмбэлэгддэг.  Эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг Монгол Улс дэмжиж,  2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлэх юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг энэ жил хамтран тэмдэглэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав-

2023.09.22. АНУ. Нью-Йорк. АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсын НҮБ-ын хүрээний үйл ажиллагаа, тэр дундаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Амина Мохаммед дэмжиж байдгаа илэрхийлэв. Мөн боловсрол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, хоршооллын асуудлаарх тогтоолуудын ач холбогдлыг өндөр үнэлдгээ хэлэв. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай, Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай, Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-

2022.09.22. АНУ. Нью-Йорк.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа. Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов. Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна. Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа. Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа-

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа-

2023.09.22. АНУ. Нью-Йорк.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогын төвд тавьж, Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангахыг дэмжин ажилладгийг тэмдэглэв. Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний олон уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд зохион байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа хэлж, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate