9 сар 10, 2024

ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, Иж бүрэн түншлэлийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч онцлов. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Ялангуяа тус улстай хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсныг онцлов. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайер Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хэдийгээр цар тахлын хүнд үе байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Ёорн Розенберг тэмдэглэв. Цаашид хоёр орон Иж бүрэн түншлэлийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, үүний төлөө хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Найрамдал медалиар шагналаа. Элчин сайд Ёорн Розенберг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын төр, засаг болон найрсаг, зочломтгой ард түмэнд талархал илэрхийллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate