12 сар 6, 2024

Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав…

2023.01.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Ухаалаг засаг-2 төсөлийн 29.5 сая долларын зээлжих тусгай эрхийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банкны төлөөлөгчид оролцлоо. Уг төслийг хэрэгжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй Төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах гэх мэт дижитал шийдлийг нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм. Төслийн нэгдүгээр үе шат болох Ухаалаг засаг-1 төсөлийг амжилттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 242,005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж олгосон байна.

Translate