БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.