11 сар 14, 2024

Сангийн яамнаас хоёр хуулийн төсөл өргөн барив…

2022.04.05. Сангийн яам. Монгол улс. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их Хурлын даргад өргөн барилаа. Энэхүү хуулийн төслүүд нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц болохуйц эрхзүйн орчин бүрдүүлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл-

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, түүн дотроо боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд  дан ганц төсвийн болон зээл тусламжийн эх үүсвэр хангалтгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, оролцоог нэмэгдүүлэхэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль эрхзүйн дэмжлэг болох юм. Хуулийн төслийн үндсэн зорилт бол төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэх явдал юм. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл, хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж, сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн, энэ хуулийн төслийг бид хэрэгжүүлснээр ТХХТ-ийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ОУ-ын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах тухай зохицуулалтыг нэмж тусгаснаар тус жагсаалтад багтсан хөгжлийн төслийг шуурхай зохион байгуулах, худалдан авах ажиллагааны бэлтгэл шатанд тендерт оролцохыг сонирхогч аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төслийн техникийн шийдлийг хамтран хэлэлцэх боломж бүрдэнэ. Энэ нь худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн шат дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ техник, технологи, инновацын ололт, шийдлийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн хуулийн этгээдүүдийн дунд хэлэлцүүлж, техникийн шийдлийг эцэслэн тодорхойлох боломж бий болно.

Түүнчлэн тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны хэмжээг 4 дахин бууруулж төсөвт өртгийн 0.5 хувь байхаар тусгасан. Гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн гэрээний үнийн дүнгийн 5 хувь байсныг тухайн онд санхүүжих дүнгийн 3 хувь байхаар тус тус бууруулан өөрчилсөн. Мөн гүйцэтгэлийн баталгааг тухайн онд санхүүжих дүнгээр жил бүр шинэчлэн гаргахаар хуулийн төсөлд тусгасан нь гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн хуулийн төсөлд гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор чанарын баталгаат болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагчид барьцаа болгон үлдээдэг. Хуулийн төсөлд уг барьцааны хувь хэмжээг 5 хувиар тогтоохоор тусгалаа.