НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцов…
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 2021 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: Итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлж, итгэл найдварыг өдөөхийн тулд хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, харилцан ойлголцыг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлоод вакцин үйлдвэрлэлийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлж, 2022 оны эхний хагаст дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах төлөвлөгөө хэрэгтэй байгааг тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид: Жил хагасын турш дэлхий нийтээрээ чимээгүй намжмал байдал, түгшүүрт шаналж, хүлээлтийн байдалд байсан тул дахин хүлээлгүй дэлхийн хүн амыг бүрэн вакцинжуулах, КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтэд анхаарахыг гишүүн орнуудад уриалав. Түүнчлэн хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, НҮБ-ыг бэхжүүлэхэд Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар ажиллах хугацаандаа чухалчлан анхаарахаа мэдэгдэв. Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцож байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулганд 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар биечлэн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байгаа юм. Ерөнхий санал шүүмжлэлийн өчигдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, БНХАУ, Катар, Турк, Швейцар зэрэг улсын төр, засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцанд тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн эхний өдрийн хуралдаанд оролцсон бол, чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт одоогоор мөн хийгээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой энэ сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлсэн билээ. Х.Фортой хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн. Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай 1965 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм.