12 сар 6, 2024

Дэлхийн банк группийн төлөөлөл бараалхлаа…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төр, засаг хүн амаа дархлаажуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн банк групп болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн баярын мэнд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт нийгэм, эдийн засгийн шилжилтээс эхлэн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирснийг онцлов. Зөвхөн цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн банк групп 120 гаруй сая ам.долларын санхүүжилт, үүний 50.7 сая ам.долларыг дархлаажуулалтад зориулж олгосонд талархал илэрхийллээ. Талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт түүн дотроо цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа  илэрхийлэв. Мөн төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо. Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байгааг онцоллоо.

Translate